Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2019/00084

 

Д.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/02129 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1844 дугаар магадлалтай,

Д.М-ын нэхэмжлэлтэй

ХХААХҮЯ-ны харъяа ЖДҮХС-д холбогдох, 

ХХААХҮЯ-ны харъяа ЖДҮХС-гийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б/36 дугаар тушаалыг хүчингүй болгож, зээлийн төслийн ахлах мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Д.М-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ХХААХҮЯ-ны харъяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/23 тоот тушаалаар тус сангийн Мэдээ, мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд 2 сарын туршилтын хугацаагаар томилогдсон бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/66 тоот тушаалаар Зээлийн төслийн ахлах мэргэжилтэн гэх албан тушаалд томилсон. Сангийн захирал солигдож, шинээр томилогдсон захирлын 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б/36 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. ХХААХҮСайдын 2018 оны А-31 тоот тушаалаар тус сангийн бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчилсөн байдаг. ХХААХҮЯ-ны харъяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал нь сайдын тушаалыг хэрэгжүүлж, сангийн бүтэц өөрчлөгдөж, Зээл төслийн ахлах мэргэжилтний орон тоо хасагдсантай холбогдуулан 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/36 тоот тушаалаар тус сангийн Зээлийн төслийн ахлах мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн. Тэрээр уг шийдвэрийг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэж, Үндсэн хуулиар олгогдсон миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн. Иймд ХХААХҮЯ-ны харъяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2018 оны Б/36 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгөхийг хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Должинсүрэнгийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Тус сан нь Засгийн газрын гишүүний эрхлэх ажлын хэсэгт хамаардаг. Улмаар сайд нь сангийн дүрэм, бүтцийг баталдаг. 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар сангийн бүтэц орон тоог шинэчлэн баталсан байдаг. Өмнөх бүтцэд ахлах мэргэжилтэн гэж байгаагүй ба сүүлд нь сайдын тушаалд нэмэлт орж ахлах мэргэжилтэн гэж нэмж өөрчилж, 3 орон тоо хасаж, 2 орон тоо нэмсэн. Сайдын тушаалаар шинэчлэн батлахдаа мэргэжилтнүүдийг нэмж, ахлах мэргэжилтнийг хассан байдаг. Энэ нь ажлын шаардлагатай уялдсан. Сайдын тушаалаар ахлах мэргэжилтэн хасагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан заалтыг баримталж тушаал гаргасан. Улсын Дээд шүүхийн 2017 оны тогтоолын 15.1-д орон тоо хасагдсан талаар, мөн 2012 оны зөвлөмжийн 2.1-д орон тоо хасагдах гэдгийг тус тус тайлбарласан. Эдгээр үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Д.М-д сайдын тушаал гарсаныг мэдэгдэж, 30 хоногийн дараа ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгчийн ажлын байр нь эдийн засагчийн үүрэг гүйцэтгэдэг. Учир нь сан нь шууд зээл олгодог бөгөөд төслөөр зээл гаргадаг тул төслийг судлаж, зээл олгох эсэхийг шийдвэрлэдэг. Ажлын байрны тодорхойлолтод ажлын байранд тавигдах шаардлага тусгагдсан байдаг. Гэтэл Д.М-ын ажилд орохдоо өгсөн өргөдөл болон төрийн албан хаагчийн анкетад бичсэнээр өөр мэргэжилтэй байсан. Нэхэмжлэгч нь зээлийн эдийн засагчид нийцэхгүй мэргэжилтэй. Өөр ажилд санал болгох гэхээр манай санд шаардлага хангах албан тушаал байгаагүй. Төрийн алба бол мэргэшсэн байх ёстой. Бид хөдөлмөрийн гэрээний харилцаагаар ажиллуулдаг. Хуулийг буруу тайлбарлаж тушаал гаргаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/02129 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч ХХААХҮЯ-ны харъяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/36 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.М-ыг ХХААХҮЯ-ны харъяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл төслийн ахлах мэргэжилтэний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 3.662.026.51 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтэсийн 2609006167 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгч Д.М-д буцаан олгож, хариуцагчаас 143.742 төгрөг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1844 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/02129 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Жижиг, дунд, үйлдвэрийг хөгжүүлэх сан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Должинсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.2.2 дахь хэсэгт тус тус заасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлтэй бүрэн танилцах, татгалзах, үндэслэлээ нотлох баримт гаргах, шүүх хуралдаанд тэгш оролцож, мэтгэлцэх эрхийг зөрчсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь ажилтанг ажлаас буруу халсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай буюу Хүнс, хедөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын Б/36 тоот тушаалыг хүчингүй болгож өгөх тухай байсан. Нэхэмжлэлтэй танилцахад нэхэмжлэлийн утга гэх буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь “Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэж, Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн” гэсэн байдаг. ХХААХҮЯ-ны харъяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын Б/36 тоот тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” буюу ХХААХҮСайдын А-31 тоот тушаалаар нэхэмжлэгч Д.М-ын ажиллаж байсан Зээл, төслийн ахлах мэргэжилтэн орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зүгээс энэхүү Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлийг няцааж, орон тоо хасагдсан тушаалыг нотлох баримтаар гаргаж, хуулийн 40.1.1 дэх заалтыг Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн тогтоол болон 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Улсын дээд шүүхийн зөвлөмжийг тус тус үндэслэн тайлбараа өгсөн. Хариуцагч миний зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд маргасан үндэслэлийн хүрээнд нотлох баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Б/36 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримталсан нь хуульд нийцэж байна. Улмаар сайдын А-31 дүгээр тушаалын дагуу 40.1.1-г үндэслэн хуулийг зөв хэрэглэсэн байна” гэж дүгнэсэн байдаг. Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдагдаагүй асуудлаар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар “адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах” үүргээ зөрчсөн, ижил, төсөөтэй ажил санал болгоогүй гэсэн үндэслэлээр маргасан. Хариуцагч миний зүгээс дээрх үндэслэл болгож буй асуудал нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарахгүй байсан тул шүүх хуралдаанаас өмнө маргаагүй, хамааралгүй, маргаж буй асуудлаас хальсан асуудлаар нотлох баримт гаргаж өгөөгүй. Гэтэл шүүх нотолж чадаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан үүргээ ажил олгогчийн зүгээс биелүүлээгүй” гэсэн үндэслэлийг нэхэмжлэлийг хангах нэг нөхцөл болгосон. Энэ нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.2.2 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн шүүх хуралдаанаас өмнө маргаж буй асуудалтай холбогдуулан нотлох баримт гаргах, өөрийгөө өмгөөлөх, шүүх хуралдаанд тэгш оролцох эрхийг зөрчсөн. Шүүхийн шийдвэрт “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан 1 сарын өмнө ажилтан буюу нэхэмжлэгчид мэдэгдсэн гэдэг нь нотлогдохгүй байна” гэж дүгнэсэн. Гэтэл хуулийн 40 дүгээр зүйлмийн 40.5 дахь хэсэгт заасан үүргийг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчдын хэн нь ч маргаагүй бөгөөд шүүгч өөрийн санаачлагаар тодруулан асууж, мэдэгдсэн тухай нотлох баримт байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч буюу ажилтанд ажил олгогчийн зүгээс сайдын А-31 тушаалыг танилцуулсан нотлох баримтыг үйлдсэн бөгөөд энэ талаар нэхэмжлэгч маргаагүй тул бид нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Шүүхийн шийдвэрийн энэхүү үндэслэлийг шүүгч өөрийн санаачлагаар талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт гаргаж, тухайн асуудалтай холбогдуулан нотлох баримт хариуцагчаас шаардсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасныг ноцтой зөрчжээ. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх ХХААХҮЯ-ны харъяа ЖДҮХС-д холбогдуулан тус сангийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/36 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай Д.М-ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр зээл төслийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Д.М-ын ажлын байрны орон тоо хасагдсан үндэслэлээр ажил олгогч 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Б/36 тоот тушаал гаргаж, ажлаас халжээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дүгээр сарын 23-ны өдрийн А-31 дугаар тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн бүтэц, орон тоог шинэчлэн баталсан ба уг тушаалаар зээл төслийн ахлах мэргэжилтний орон тоог хассан нь тогтоогдсон байна. Харин ажил олгогч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан дээрх А/31 дугаар тушаалыг хэрэгжүүлж ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтанд энэ талаар 1 сарын өмнө мэдэгдэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.

Иймд Б.Мөнхзулыг ажлаас халсан ажил олгогчийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б/36 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-д заасантай нийцээгүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Аливаа этгээд шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд Б.Мөнхзулын хувьд түүний урьд эрхэлж байсан ажлын байрны орон тоо хасагдсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар ажил олгогч ажилтантай тохиролцсны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэйг дурдах нь зүйтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, “шүүхэд нотлох баримт гаргах, шүүх хуралдаанд тэгш оролцож, мэтгэлцэх эрхийг зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Д.М- түүнийг ажлаас халсан ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч ажилтанг ажлаас халах хуульд заасан үндэслэл тогтоогдсон болохыг буюу татгалзлаа нотлох үүргийг хүлээнэ. Ажилтанд түүнийг ажлаас халах болсныг 1 сарын өмнө мэдэгдсэн эсэх үйл баримт нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай холбоотой, шүүхээс маргааны талаар эрх зүйн дүгнэлт хийхэд ач холбогдол бүхий нөхцөл тул энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдаагүй, тайлбар гаргаагүйгээс нотлох баримтыг шүүхэд өгөөгүй гэх хариуцагчийн гомдол нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байна.

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/02129 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1844 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                                                 Г.АЛТАНЧИМЭГ