Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 205/МА2019/00003

 

Шилүүстэй сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Б.Намхайдорж, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч: Э.Долгорсүрэн

Хариуцагч: С.Дэ-

Хариуцагч нарын өмгөөлөгч: В.*******

Нарийн бичгийн дарга: М.Пүрэвдорж нар оролцов.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзулын даргалж шийдвэрлэсэн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 61 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.*******ын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Шилүүстэй сумын Засаг даргын тамгын газар нэхэмжлэлийн шаардлагадаа:

Аймгийн санхүүгийн хяналт аудитын албанаас Засаг даргын тамгын газрын 2015-2016 оны санхүүгийн баримтанд шалгалт хийж илэрсэн зөрчилд төлбөрийн акт тавигдсан бөгөөд хариуцагч нар төлбөрийг заасан хугацаанд нь барагдуулаагүй учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэрээр манай байгууллага тухайн төлбөрийг барагдуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба тухайн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд байгууллагын дансыг хаах мэдэгдэл ирсэн учир оны эцэст Тамгын газар төлбөр барагдуулах арга хэмжээ авсан. Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас албан байгууллагад хохирол учирсан тул дээрх хариуцагч албан хаагч нараар ногдох актын төлбөрийг барагдуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.******* нь хөдөө багуудад шагнал гардуулах томилолттой ажиллаж байгаа учир шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож чадахгүй тул өмгөөлөгчөө оролцуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Шилүүстэй сумын иргэн Б.*******а шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Завхан аймгийн Шилүүстэй сумын Засаг даргын тамгын газрын болон түүний төлөөлөгч Г.*******ынгаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Аймгийн санхүүгийн хяналт аудитын албанаас 2015-2016 оны санхүүгийн баримтаар шалгалт хийж акт тавигдсан ба уг төлбөрийг сумын Засаг даргын Тамгын газар төлж барагдуулсан байна. Шалгалтаар уг төлбөрийг нь миний нэр дээр гаргаагүй учир хүлээн зөвшөөрөх боломжгүй. Би өөрийн биеэр 2019.01.30-ны өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй учир өөрийн өмгөөлөгч В.*******г шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Шилүүстэй сумын иргэн С.Дэ- шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Шилүүстэй сумын Засаг дарга Д.******* нь Аймгийн санхүүгийн дотоод хяналт аудитын албанд хүсэлт өгч тус сумын Засаг даргын тамгын газрын 2015-2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлгэн шалгалтаар илэрсэн төлбөрийг Засаг даргын тамгын газрын даргаар шинээр томилогдон ажиллаж байгаа Г.******* нь санхүүгийн албаны дарга С.Дэ- миний биеийг төлбөр хариуцагчаар танай шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа миний хувьд хамааралгүй гэж үзэж байна. Тухайн үед байгууллагын 1, 2-р гарын үсэг зурж төсөв хөрөнгөө зарцуулдаг дарга, ня-бо нар нь тус онуудад шалгалтаар илэрсэн тавигдсан төлбөрийг үйл ажиллагаандаа зарцуулсан. Миний хувьд тухайн байгууллагын зарлагын гүйлгээг Засгийн газрын 2015 оны 01 сарын 26-ны 4-р тогтоолын Төрийн сангийн үйл ажиллагааны журмын 8.1, 8.4 дэх заалтуудыг үндэслэн төсөв, төрийн сангийн мэргэжилтний анхан шатны баримттай тулгаж, системд шивэн гарын үсэг зурж, тэмдэгээ дарж баталгаажуулсан гүйлгээг батлах үүрэгтэй. Би энэ үүргийнхээ дагуу ажил үүргээ гүйцэтгэж ажилласан тул төлбөрийг миний бие хариуцахгүй тайлбараа гаргаж байгааг хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч Э.Долгорсүрэн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Шилүүстэй сумын Засаг даргын Тамгын газрын 2016, 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд Завхан аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанаас шалгалт хийгээд үүний дүнд 2017 оны 05-р сарын 31-ний өдрийн 54 тоот улсын ахлах байцаагчийн акт гаргасан байдаг. Тухайн актад нийтдээ 7.739.600 төгрөгийн үнийн дүнтэй акт тогтоогдсон. Улсын байцаагч акт тогтоохдоо холбогдох хууль тогтоомж зөрчигдсөн тохиолдол бүрийг тогтоож, хариуцах эзэн, үнийн дүнг нь тогтоож өгсөн. Дээрх 54 тоот акт нь Завхан аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1592 тоот захирамжаар баталгаажсан байдаг. Энэ захирамжийн дагуу холбогдох хүмүүс нь төлбөр мөнгөө барагдуулахаас өмнө Завхан аймгийн Санхүүгийн хяналт шалгалт дотоод аудитын албаны хүсэлтийн дагуу Завхан аймгийн ШШГА дээрх төлбөрийг албадан биелүүлсэн байдаг. Ингэхдээ 7.739.600 төгрөгийн нийт актын үнийн дүнгээс тухайн актад нэр заагдсан *******үү актын өөрт холбогдох үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн гомдлыг Сангийн яаманд гаргаснаар сангийн яам *******үүд холбогдох 1.983.500 төгрөгийн зөрчлийг хэрэгсэхгүй болгосон. Үлдсэн 5.700.000 орчим төгрөгийг Завхан аймгийн ШШГА-наас албадан биелүүлж Завхан аймгийн Шилүүстэй сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулсан байгаа. Шилүүстэй сумын Засаг даргын Тамгын газар нь холбогдох хүмүүсээс шүүхээр төлбөрүүдээ нэхэмжилсэн. Үүний нэг нь Шилүүстэй сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан С.Дэ-өөс хүн амын орлогын албан татвар суутгаагүй 10 хувь буюу 22.700 төгрөг, хуурамч баримт бүрдүүлсэн 1.485.000 төгрөг, хуурамч баримт бүрдүүлсэн 750.000 төгрөг, үнийн зөрүү илүү авсан 148.000 төгрөг, үндсэн баримтгүй зарлага гаргасан 66.000 төгрөг, үндсэн баримт зөрүүтэй зарлага гаргасан 586.900 төгрөг нийт 3.658.600 төгрөг, жолооч *******аас автомашины явсан километрийг илүү бичсэн буюу анхны баримтаа буруу үйлдсэн гэдгээр 550.000 төгрөг нэхэмжилсэн. Эдгээр нэхэмжилсэн мөнгөн дүнг нэхэмжлэгч байгууллага өөрөө тогтоогоогүй, улсын байцаагчийн актын дагуу нэхэмжилсэн байгаа.

Тухайн актын талаар хурал хийж холбогдох хүмүүст нь танилцуулснаас хойш хуульд заасан хугацаанд *******а, Дэ- нар тус актад гомдол гаргаагүй. Ийм учраас хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөнгүүт улсын байцаагч шүүгчийн захирамжаар тус актыг баталгаажуулсан. Баталгаажсан төлбөрийг нэхэмжлэгч байгууллага холбогдох хүмүүсээс нэхэмжилсэн. Нэхэмжлэгч байгууллага эдгээр хүмүүсийн төлбөрийг төлсөн учраас төсвөө хохиролгүй болгохын тулд 3.608.600 төгрөгийг Завхан аймгийн Шилүүстэй сумын Засаг даргын Тамгын газар эдгээр хүмүүсээс нэхэмжилсэн гэв.

Хариуцагч С.Дэ- анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Завхан аймгийн Шилүүстэй сумын Засаг даргын Тамгын газрын 2015-2016 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар тогтоогдсон актын төлбөрийг шинээр Засаг даргын тамгын газрын даргаар томилогдон ажилласан *******, өмнө нь тус тамгын газар санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан надаар хариуцуулахаар нэхэмжлэл гаргасан байсан. Тус тамгын газрын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлгэх хүсэлтийг шинээр томилогдсон Засаг дарга ******* гаргаж өмнөх дарга нарын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлгэсэн. Миний тухайд тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой зардал, төсөв хөрөнгийг тухайн жил, улирал, сарынхаа хувиарлалт руу багтааж эрх бүхий албан тушаалтнууд захирамж, тушаалаа гаргаж, анхан шатны баримтуудыг нярав, нягтлан бодогч, нэгдүгээр гарын үсэг зурдаг албан тушаалтнууд гүйлгээнүүдийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд, төсөв төрийн сангийн мэргэжилтэн санхүүгийн мэдээллийн системд оруулсан тохиолдолд тухайн гүйлгээг батлах үүрэгтэй. Энэ эрх үүргийнхээ хүрээнд би тухайн гүйлгээнүүдийг баталсан. 54 дүгээр актын Төлбөр хариуцагч эзэн гэдэгт Санхүүгийн хяналт шалгалт дотоод аудит акт тавихдаа өмнө нь 1,2-р гарын үсэг зурж байсан тамгын газрын дарга *******, нягтлан бодогч *******, ажил үүргийн хуваарийн дагуу санхүүгийн албаны дарга Дэ- нарт хариуцуулсан болохоос нэр заагдсан төлбөрүүдийг би хувьдаа авч ашигласан зүйл байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүн амын орлогын албан татвар суутгаагүй 10 хувь буюу 22.700 төгрөг нь Ухаа-Аргалант хоршоо нь улсын бүртгэлд бүртгэлтэй татан буугдаагүй хоршоо байсан учраас хүн амын орлогын албан татвар 10 хувь суутгаагүй. Тухайн үед намайг тайлан өгөх гээд явсан хойгуур Ухаа-Аргалант хоршооны худалдагч байгууллагуудад өртэй учраас байгууллагуудын данс руу мөнгө хийгээгүй юм байна лээ. Тухайн үед манай охин дэлгүүрт худалдагч хийдэг байсан. Ээжид чинь хэлсэн гээд манай охиноос зээлж авсан байж байгаад дараа нь нягтлан бодогч нь мөнгөө миний данс руу хийсэн байсан. Хуурамч баримт бүрдүүлсэн гээд байгаа 1.485.000 төгрөг нь Чинтамани Мандал хоршооны Усаннахиа гэдэг хүн Чинтамани Мандал хоршооны данс руу 3.105.000 төгрөг байгууллагын дарга *******, нягтлан бодогч *******, нярав Мягмаржав нараар бэлэн мөнгөний зарлагын баримтаа бичүүлээд шилжигдсэн байгаа. Энэ Чинтамани Мандал хоршоо баримтаа бүрдүүлж өгсөн. Энэ хоршооны данс руу орсон мөнгө байгаа юм. Түүнээс би хуурамч баримт бүрдүүлсэн зүйл байхгүй. Уурын зуухны хуурамч баримт бүрдүүлсэн гээд байгаа 750.000 төгрөгийн тухайд Ухаа-Аргалант хоршооноос уурын зуух халаалтаа авч байсан. Ухаа-Аргалант хоршоо нь өр төлбөр ихтэй байсан. Ухаа-Аргалант хоршооны эзэн нь бие нь муудаад Улаанбаатар хот явсан. Анхны үүсгэн байгуулагдаж байсан хоршоо байсан учраас өр төлбөр ихтэй хоршоо байсан. Манай дарга нар энэ мөнгийг өөрсдөө өгсөн. Би падаан бичиж өгсөн зүйл байхгүй. Надаас шалтгаалаагүй. Компьютерийн үнийн зөрүү 148.000 төгрөг гээд байгаа нь хурлын шийдвэрээр 2 компьютер авахаар тогтоол гарсан байхад нягтлан бодогч ******* баримт бүрдүүлэхдээ нэг комьпютерийг 899.799 төгрөгөөр, 2 компьютерийг нийтдээ 1.500.000 төгрөгөөр авсан гэж орлого бүрдүүлсэн байсан. Миний тухайд 899.000 төгрөгийн комьпютер 1 ширхэг, 799.000 төгрөгийн компьютер 1 ширхэг, өнгөт принтер 1 ширхэг, хар принтер 1 ширхэгийг худалдаж авсан. Тухайн үед РС маll дэлгүүр үнийн хямдрал зарласан байсан. Эдгээр тоног төхөөрөмжүүдийг авахад мөнгө нь хүрэхгүй байсан учраас төрийн ажлыг явуулахын тулд 899.000 төгрөгийн комьпютерийг би өөрөө лизингийн зээл авч төлж дуусгасан. Тухайн үед би өөрөө лизингээр авч мөнгийг нь төлж дуусгасан учраас нягтлан бодогч зөрүү 148.000 төгрөгийг сүүлд нь миний данс руу шилжүүлсэн байсан. Түүнээс би илүү авч хэрэглэсэн зүйл байхгүй. Үндсэн баримтгүй зарлага гаргасан 66.000 төгрөг гэдэг нь манай сумд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр иргэдийн хурлын шийдвэр гараад Дэвжээ тэмцээн зохион байгуулагдсан. Тухайн үед тэмцээний шагналд өгөх мөнгө байхгүй, цаг тулсан байсан. Тэгээд намайг мөнгө олж өг гэж шаардсан. Тийм учраас би тухайн үед өөрт байсан 66.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Сүүлд нь нягтлан бодогч миний хувийн данс руу шилжүүлсэн байсан. Үндсэн баримт зөрүүтэй зарлага гаргасан 586.900 төгрөг гэдэг нь Иргэдийн хурлын тогтоол шийдвэр, Засаг даргын захирамжаар уулын өврийн зам засах ажлаар 600.000 төгрөгийн захирамж гарсан байсан. Тухайн үед Засаг дарга Оюунхорол гишүүнийг ирэхэд надад байсан мөнгөн аягыг авч бэлэглэсэн. Ухаа-Аргалант хоршооноос 486.000 төгрөг, мөнгөн аяганы үнийг нийлүүлээд 586.900 төгрөгийг миний данс руу хийсэн байсан. Энэ бүгдийг надаас нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хувьдаа ашиглаж завшсан зүйл байхгүй. Хуулиндаа ч нэг хоёрдугаар гарын үсэг зурсан хүмүүс хариуцах ёстой. ******* дээрх төлбөрүүдийг ганц надад хариуцуулсанд би гомдолтой байна гэв.

Хариуцагч нарын өмгөөлөгч В.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.*******а байхгүй байгаа учраас тайлбар хэлье. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. *******атай холбогдуулж хэлэхэд санхүүгийн шалгалтаар илэрсэн төлбөрийн жагсаалтаар Дэ-д 3,1 сая төгрөгийн асуудал яригдсан. *******ад төлбөр тавигдаагүй. Гэтэл 550.000 төгрөгийг *******аас нэхэмжилсэн. Ямар үндэслэлээр *******аас 550.000 төгрөг нэхэмжлээд төлбөр тавиад байгаа нь ойлгомжгүй байна. Тэгэхээр *******аас энэ мөнгийг нэхэмжлэх эрх зүйн үндэс байхгүй байна. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар замын хуудас гаргаж өгсөн байна. Машины бензиныг *******а захиран зарцуулаад өөртөө ашигласан зүйл байхгүй. Машины явсан километрийг ******* гэдэг хүн баталгаажуулж гарын үсэг зурсан байгаа. Үүн дээр машиныг унаж ашиглаж байсан хүмүүс гарын үсэг зурж баталгаажуулалт хийсэн болохоос *******а бензин ашигласан, илүү мөнгө төлсөн зүйл байхгүй байгаа юм. Тийм учраас *******а 550.000 төгрөг төлөх үндэслэл байхгүй. Аль ч хэрэгт талууд болсон үйл явдлын талаар нотлох баримтуудыг хэрэгт гаргаж өгөх үүрэгтэй. Өнөөдрийн хувьд Дэ-ийн гэм буруугийн асуудлыг тогтоох нотлох баримт хавтаст хэргээс харагдахгүй байна гэж үзэж байна.

Нэхэмжлэгч тал аудитын дүгнэлтийн талаар яриад байна. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгч байгууллага Дэ-өөс аудитын тогтоосон мөнгө төгрөгийг төлүүлэх шаардлага гаргах эрх байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө үндэслэлгүй байна. Аудитын дүгнэлт нь тамгын газрыг асуудлаа шийдвэрлэ, өөрөө төлбөрөө гарга гэсэн баримт. Гэтэл тамгын газар өөрөө энэ төлбөрийг төлсөн гэж ярих ёстой. Тэгэхээр нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийг гаргахдаа арай өөр хэлбэрээр гаргах ёстой байсан. Аудитын актаар нэхэмжлэл гаргах үндэслэл байхгүй. Тухайлбал: Хүн амын орлогын албан татвар суутгаагүй 10 хувь буюу 22.700 төгрөг төлүүлэхээр акт гаргасан байна. Гэтэл Шилүүстэй сумын ЗДТГ үүнийг ганц Дэ-ийн буруутай үйл ажиллагаанаас болсон уу? үгүй юу гэдгийг нотлож тогтоох үүрэгтэй байсан боловч нотлож тогтоогоогүй. Суутгах үйл ажиллагааг хийдэг албан тушаалтан нь хийнэ. Хэн нь суутгах үүрэг хүлээдэг юм. Дэ- суутгах үүрэг хүлээдэг юм уу? эсвэл тамгын газрын нягтлан бодогч суутгах үүрэг хүлээдэг юм уу? энэ хоорондын ялгаа байна. Дараагийн асуудал нь төсвийн мөнгийг нүүрс авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлсэн Чинтамани Мандал хоршоо гэсэн байна. Тэгэхээр яахаараа Шилүүстэй сумын ЗДТГ-аас Чинтамани Мандал хоршоо руу мөнгө шилжчихээд байхад, шилжүүлсэн нотлох баримт нь хуурамч гэж тогтоогдоогүй байхад яагаад Дэ-өөс нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байгаа юм. 1, 2-р гарын үсгээ зураад шивэлтэнд орж ирснийг нь Дэ- үүргийнхээ дагуу баталгаажуулсан болохоос Дэ- хуурамчаар баримт бүрдүүлсэн зүйл огт байхгүй. Ер нь хуурамч баримт бүрдүүлсэн гээд байгаа боловч хуурамч баримт гэдгийг нь хэн нотлох юм. Хэрвээ хуурамч баримт бүрдүүлсэн юм бол хуулийн хариуцлага хүлээлгэж цагдаагаар явах ёстой байсан шүү дээ. РС маllдэлгүүрийн компьютерийн асуудал дээр хариуцагч тайлбараа хэлсэн. Дараа нь 66.000 төгрөгийг үндсэн баримтгүй зарлага олгосон гэж нэхэмжилсэн асуудал нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас харагдахгүй байна гэж үзэж байна. ******* гарын үсгээ зураад шилжүүлсэн байна шүү дээ. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна гэв.

Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон гэрч Л.******* мэдүүлэхдээ:

2017 оны 05-р сарын 01-ний өдөр улсын ахлах байцаагчийн актаар Шилүүстэй сумын ЗДТГ-т төлөвлөгөөт бус шалгалт хийсэн. Шалгалт хийсэн үндэслэл нь сумын иргэд болон Засаг даргаар ажиллаж байгаа *******аас аймгийн Засаг дарга, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын нэр дээр ирүүлсэн хүсэлт манай дээр цохолтоор орж ирж албаны даргын 20 тоот удирдамж гаргаж манайхаас 2017 оны 05-р сарын 26-наас 31-ний өдрүүдэд тус Тамгын газарт шалгалт хийсэн. Шалгалтаар Шилүүстэй сумын ЗДТГ-т 7.739.600 төгрөгийн нөхөн төлбөрийн акт тогтоосон. Акт хэргийн бүрдүүлбэрт байгаа байх. Тухайн үед хийгдсэн шалгалтаар Шилүүстэй сумын ЗДТГ-ийн 2015-2016 оны санхүүгийн үйл ажиллагаа бүхэлдээ хамрагдсан. Тухайн үед Шилүүстэй сумын Засаг даргаар ажиллаж байсан *******үү, Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан *******, нягтлан бодогч *******, санхүүгийн албаны дарга С.Дэ- болон бусад санхүүгийн холбогдолтой хүмүүст акт тогтоосон. Шалгалтаар илэрсэн зөрчлийн жагсаалтаар нийт 27 төрлийн зөрчилд акт тавигдсан. Нийт 13.392.400 төгрөгийн зөрчил гарсан. Үүнийг төлбөр арилгуулах албан шаардлага буюу 5,6 сая төгрөгийг нь үлдээгээд, 7.739.600 төгрөгийн акт тавигдсан. Тухайн үед 1,2-р гарын үсэг зурж байсан *******, ******* болон санхүүгийн албаны дарга С.Дэ- нарт хариуцуулахаар актыг тавьсан. Актыг албан тушаалд нь холбогдуулж тавьсан. Гэхдээ С.Дэ- жишээлбэл жагсаалтын 9-д төсвийн мөнгийг нүүрс авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлсэн гээд байна. Чинтамани Мандал хоршооны нэр дээр С.Дэ- гэдэг албан тушаалтны ахынх нь хоршоо бөгөөд ахынхаа хоршооны тамга тэмдгийг хуурамчаар ашиглаад өөрөө гарын үсэг зураад төсвөөс 1.485.000 төгрөгийг нүүрс авсан мэтээр гаргуулсан байгаа юм. Нотлох баримтууд нь байна. Төлбөр хариуцагч баганан дээр байгаа нь албан тушаалтных нь хувьд ямар зүйл заалт, ямар хуулийг зөрчсөн бэ гэдгийг нь утгачлан оруулсан байгаа. Тэгэхээр энэ тавигдсан актын төлбөрийг хэн төлөх нь вэ? гэсэн асуудал яригдаж байгаа бол төлбөр хариуцагч дээр байгаа албан тушаалтнуудад хамааралтай гэсэн үг. Өөрөөр хэлбэл С.Дэ-д Санхүүгийн албаны даргынх нь хувьд акт тавьсан гэсэн үг юм гэв.

Анхан шатны шүүх: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3, 135.4 дэх хэсгүүдэд зааснаар Завхан аймгийн Шилүүстэй сумын ЗДТГ-ын нэхэмжлэлтэй хариуцагч С.Дэ-, хариуцагч Б.*******а нараас Завхан аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 05-р сарын 31-ний өдрийн 54 тоот актаар тогтоогдсон зөрчил төлбөрд холбогдуулан хариуцагч С.Дэ-өөс 3.058.600 төгрөг, хариуцагч Б.*******аас 550.000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Завхан аймгийн Шилүүстэй сумын Засаг даргын тамгын газрын төлөөлөгч Г.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Шилүүстэй сумын ЗДТГ-ын нэхэмжлэлтэй, С.Дэ-, Б.*******а нарт холбогдох иргэний хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.31-ний өдрийн 61 тоот шийдвэрийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.******* би гардан аваад эс зөвшөөрч, давж заалдах гомдлыг гаргаж байна.

Гомдол гаргаж буй үндэслэл:

1. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 135-р зүйлийн 135.3, 135.4-т зааснаах нэхэмжлэгч байгууллага буюу ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах ёстой... гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь хариуцагч С.Дэ- нь төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байхдаа байгууллагад хохирол учруулсан байх бөгөөд төрийн захиргааны буюу төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулдаг.

Өөрөөр хэлбэл, анхан шатны ямар үндэслэлээр төрийн захиргааны албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн үйлчлэлд хамруулж хууль хэрэглэсэн болох, ямар үндэслэлээр нэхэмжлэгч байгууллагыг С.Дэ-тэй нэхэмжлэгч байгууллага Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах ёстой гэж дүгнэсэн болох нь тодорхойгүй байна.

Мөн шүүхийн шийдвэрт эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлага байгуулаагүй гэж дүгнэсэн боловч хэдэн оны хаанаас баталсан ямар жагсаалт байдаг нь тодорхойгүй байна.

1. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр нь зөвхөн нөхөн төлбөрийн актыг тогтоосон Санхүүгийн хяналт аудитын албаны дарга Л.*******ын мэдүүлгээс шалтгаалан өөрчлөгдөж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь гэрч Л.******* нь 2019.01.31-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ өмнөх мэдүүлгээсээ буцаж, зөрчил төлбөрийн жагсаалтыг төлбөрийн үүргийг хариуцагч баганан дээр байгаа бүх албан тушаалтнууд хариуцах ёстой гэж мэдүүлснээр шүүхийн шийдвэр С.Дэ-, Б.*******а нар төлбөр хариуцагч биш гэж дүгнэсэн.

Гэтэл энэхүү гэрчийн мэдүүлэг нь анхны мэдүүлгээсээ ноцтой зөрүүтэй байгаа бөгөөд гэрч мэдүүлгийн зөрүүг гаргалгүйгээр шууд сүүлийн мэдүүлгийг нь илүү үнэлэн хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Ийнхүү шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьж гарсанаар төрийн албанд ажиллаж байхдаа буруутай үйл ажиллагааныхаа улмаас төрд хохирол учруулсан албан тушаалтнуудаас төлбөр гаргуулж, төрийг хохиролгүй болгох тухай Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Иргэний хуулийн зохицуулалтууд хэрэгжихгүйд хүрч, хуулийн заалт үнэгүйдэж байна.

Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 61 тоот шийдвэрийг дээрхи үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч Э.Долгорсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасантайлбартаа:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.******* нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр давж заалдах шатны шүүхэд Завхан аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 61 тоот шийдвэрийг эс зөвшөөрөөд давж заалдах гомдол гаргасан байна. Давж заалдах гомдлоо хоёр үндэслэлээр тайлбарласан байна. Нэгдүгээрт анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3, 135.4-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч С.Дэ-, Б.*******а нартай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах ёстой. Энэ гэрээгээ байгуулаагүй учраас эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл сая дурьдсан С.Дэ- нь төрийн захиргааны буюу төрийн жинхэнэ албан хаагч, төрийн жинхэнэ албан хаагч Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдаж үр дүнгийн гэрээ байгуулагддаг. Анхан шатны шүүхийн энэ хэсэгт эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах ёстой гэсэн. Энэ жагсаалтыг нь судлаад үзэхээр 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн сайд жагсаалт батлах тухай гээд 216 дугаар тушаал гаргаж байсан байна. Энүүгээр эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтыг баталж байсан байна. Гэтэл энэ тушаалыг одоо Нийгмийн хамгаалын сайд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/249 гэсэн эрх зүйн зөрчилтэй захиргааны хэм хэмжээний заалтыг хүчингүй болгох тухай нэгдүгээр заалтад ороод хүчингүй болчихсон. Өөрөөр хэлбэл 2016 онд Нийгмийн хамгаалын сайд ******* нь 1991 оны Хөдөлмөрийн сайдын эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх албан тушаалтны жагсаалт гэсэн энэ жагсаалтыг эрх зүйн зөрчилтэй байна гээд өөрийнхөө тушаалаар хүчингүй болгож байна. Энэ 2 тушаал хоёулаа www.legalinfo.com дээр байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг ямар албан тушаалтантай байгуулсан талаар жагсаалт дахин батлаагүй байна. Тэгэхээр анхан шатны шүүх эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах ёстой гээд дүгнээд байгаа нь жагсаалтыг баримталсан буруу шийдвэр байна.

Хоёрдугаарт Энэ хэргийн аудитын акт нэхэмжлэлийн гол үндэслэл болсон. Санхүүгийн хяналт аудитын албаны дарга Л.******* гэж хүний улсын байцаагчийн акт байгаа. Энэ актыг үндэслэж актаар тавигдсан төлбөрийг төрийн байгууллага өөрөө төлж барагдуулаад тухайн Шилүүстэй сумын Засаг даргын Тамгын газарт хохирол учирсан учраас холбогдох тэр хүмүүсээр нь эргээд тэр байгууллагаа хохиролгүй болгохоор энэ актыг үндэслэж нэхэмжлэл гаргасан байгаа. Гэтэл энэ акт гаргасан албан тушаалтан буюу энэ Л.******* гэх гэрч нь энэний өмнөх анхны шатны шүүх хурал дээр зөрчил төлбөрийн жагсаалтан дээр байгаа төлбөрийн утга гэдэг дээр байгаа хүмүүс нь буюу өөрсдөө С.Дэ-, Б.*******а нар нь тухайн төлбөрөө хариуцах ёстой гээд мэдүүлээд явж байснаа саяны шүүх хурал дээр С.Дэ-, Б.*******а нар нь дангаараа бишээ өмнөх тэр зөрчил төлбөрийн жагсаалт дээр байгаа 2, 3 албан тушаалтан хамтаараа хариуцах ёстой гээд мэдүүлгээ өөрчлөөд байсан. Тэгээд энэ мэдүүлгээ өөрчлөөд байхад анхан шатны шүүх сүүлийн мэдүүлгийг нь үнэлээд шууд шийдвэрээ гаргасан. Өөрөөр хэлбэл мэдүүлгийн зөрүүг нь арилгаагүй. Л.******* гээд байгаа албан тушаалтан бол энэ хүний гэрчийн мэдүүлгээр зөрчил, төлбөрийн баганад байгаа хүмүүс хариуцах ёстой гэж байгаа боловч зөрчил төлбөрийн баганад С.Дэ-, Б.*******а нарын нэр бас байгаа. Тэгэхээр зөрчил төлбөрийн багана дээрх хүмүүс хариуцах ёстой байсан ч энэ хүмүүс хариуцлагаас мултрах боломж байхгүй. Ядаж тэр баганад нь 3 хүний нэр байгаа бол хойдох зөрчлийн дүнгийнхээ 3 хуваасны нэгийг хариуцах ёстой гэж үзэж байна. Эндээс анхнаасаа миний барьж байгаа заалт бол С.Дэ-, Б.*******а гэсэн хүмүүсээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд зааснаар улсын байцаагчийн актыг үндэслээд өөрсөдөд нь холбогдох тухайн төлбөрүүдийг нь энэ хүмүүсээс гаргуулах ёстой. Одоо Хөдөлмөрийн тухай хуулиас эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй бол гээд тэр дундаа төрийн жинхэнэ албан хаагч бол Захиргааны ерөнхий хуулиараа хариуцлагаа хүлээж байх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйл бол албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас төрд хохирол учирсан бол өөрөөр нь төлүүлэхээр байгаа. Энэ дээр ерөөсөө эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан байх ёстойг шаардсан ийм зохицуулалт байхгүй. Иргэний хуулийн 498, Захиргааны ерөнхий хуулийн 103-г яах гэж тусд нь ингэж хуульчилсан юм бэ? Энэ холбогдох албан тушаалтнуудад ийм тохиолдолд үйлчилнэ гээд заагаад өгсөн байхад яагаад заавал төрийн жинхэнэ албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаад эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ гээд байхгүй жагсаалтыг үндэслээд хариуцлагаас мултлаад байгаа юм бэ? гэсэн ийм байр суурьтай байгаа. Ийм үндэслэлүүдээр дээрх 61 тоот анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаарлагыг хангаж өгнө үү гэж хүссэн байна гэв.

Хариуцагч С.Дэ- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Би бол тэр анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж бодож байна гэв.

Хариуцагч нарын өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Завхан аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 31-ний өдрийн 61 тоот шийдвэрийг хууль зүйн үндэстэй гарсан гэж үзэж байгаа. Үүнтэй холбогдуулаад хариуцагч байгууллагын төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй байна гээд гомдол гаргасан. Уг гомдлыг хүлээн зөвшөөрөх боломж байхгүй. 2 үндэслэлээр гомдлыг гаргаж байгаа гэж байгаа. Энэ дээр эд хөрөнгийн хариуцлагын жагсаалт байхгүй байна гээд байгаа. Үүн дээр тайлбар хэлэхэд төрийн албан хаагч болон үйлчилгээний албан хаагчид тус тусын гэрээгээр ажил үүргээ гүйцэтгэдэг. Төрийн жинхэнэ албан хаагчийн ажил үүрэг Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдаагүй асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулах боломж байгаа. Иймд төрийн албан хаагчийн өөрийнх нь ажил үүрэгтэй холбоотой асуудалд С.Дэ- гэдэг хүний буруутай үйл ажиллагаанаас болоод хохирол учирсан гэсэн энэ асуудлыг тавиад байгаа. Нэхэмжлэгч байгууллагын энэ нэхэмжлэл үндэслэл муутай нэхэмжлэл байна гэж үзэж байна. Тухайн шүүхэд нэхэмжлэл гаргасанаас авахуулаад С.Дэ-, Б.*******а гэсэн 2 хүн ямар буруутай үйлдэл хийсэн юм. Энэ 2 хүний буруутай ямар үйлдлээс төр өөрөө хохирсон юм үүнийг тогтоох ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацааны С.Дэ-, Б.*******а нарын буруутай үйлдлийг тогтоогоогүй байна гэж үзэж байна.

Хоёрдугаарт Хөдөлмөрийн тухай хуулийн асуудал орж байгаа. Өнөөдрийг хүртэл бидний дагаж мөрдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд эд хөрөнгийн хариуцлага байдаг. Энэ хариуцлагыг мэдээж эд хөрөнгийн хариуцлага хүлээх албан тушаалтны жагсаалт байх шаарлагатай юу? Үгүй юу? Гэдгээс гадна тухайн ажил албан үүргийг гүйцэтгэж байгаа эрхийн хэм хэмжээгээр зохицуулагдаж, байгууллага ажилтны хооронд зохицуулагдаж байгаа гэрээнүүд байгаа. Тухайн энэ эд хөрөнгийн ямар нэгэн хариуцлага хүлээлгэх боломж нөхцөлийн тусгайлан заасан байх ийм боломжит нөхцөлүүд байгаа. Гэтэл С.Дэ-тэй байгуулсан гэрээнд ямарваа нэгэн хөрөнгө тухайн ажилтны буруугаас хохирол учруулсан бол хариуцлага хүлээлгэнэ гэсэн нэг өгүүлбэр ч байхгүй ийм асуудал байна. Гэрээнүүд дээр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын зохицуулалт С.Дэ-тэй хийсэн гэрээнд харагдахгүй байна. С.Дэ-тэй хийсэн гэрээгээ хөдөлмөрийн гэрээ төрийн албаны тухай хуулиар зохицуулагдаагүйг хөдөлмөрийн гэрээгээр зохицуулах боломж байсан. Энэ дээр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах нөхцөл боломж байсан. Ийм нөхцөл байдлыг тухайн нэхэмжлэгч байгууллага бүрдүүлээгүй. Энэ талаар хавтас хэрэгт өгөгдсөн нотлох баримт байхгүй.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар бол эд хөрөнгийн хариуцлагын тухай асуудлыг ямар нэгэн эрхийн хэм хэмжээгээр зохицуулах буюу хөдөлмөрийн гэрээ, бусад ямар нэгэн хэм хэмжээгээр эрх зүйн харьцаа үүсэж төр, иргэн хоёрын хооронд ажил албан үүрэг гүйцэтгэж байгаагынхаа хувьд зохицуулагдсан хэм хэмжээгээр хариуцлагадаа тусгагдаж, энэ тусгагдсан үндэслэлээр энэ хүмүүс хариуцлага хүлээх үндэстэй байна. Тийм учраас энэ нөхцөл байдлыг тусгаж энэ хүмүүстэй гэрээ хийгээгүй байна.

2 дахь асуудал нь төрийн байгууллагыг хохироосон гээд асуудал яригддаг. С.Дэ-ийн хувьд бол тухайн хохирол гаргасан тэр мөнгө төгрөгийг Дэ- өөрөө тэнд заасан 3 хүн хариуцаж төлөх ёстой юм уу? Эсвэл тэр 3 хүн хариуцаж тухайн гэм буруутай хүмүүсээр нь төлүүлэх үүрэгтэй юм уу? тийм учраас энийг С.Дэ-ийн ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байхгүй байгаа учраас энэ төлбөрийг хариуцаж төлөх, эд хөрөнгийн хариуцлага хүлээх боломжгүй.

Б.*******ын хувьд тухайн машин техникийг тухайн үеийх нь албаны машиныг дарга нар унаад тэгээд та бид нарын авсан бензиныг аваад ийм километр яваад ингээд энэ асуудлыг шийднэ гэсэн асуудлын дараа бензиний зөрүү гэж гарсан. Энэ машиныг унаж явсан Шилүүстэй сумын Засаг даргын Тамгын газрын дарга, орлогч, засаг дарга нарын өөрсдийнх нь гарын үсгээр энэ бензинийг ингэж яваад зарцуулсан юмаа гэдгийг нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт байгаа. Гэтэл Б.*******ад үүнийг хамааруулж, оруулж өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өнөөдрийн давж заалдах шатны шүүх хурал дээр тэр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг тайлбарлаж байна. Хэрвээ өнөөдрийн тайлбарлаж байгаагаар бол тухайн баганад заасан бүх хүнийг хариуцан төлчих боломжтой юм гэсэн тайлбар тавигдаж байна. Гэтэл нэхэмжлэгч нь болохоор тэр 3 хүн дотроос ганцхан хүнийг сугалаад С.Дэ- хариуцуулаад байна. Тэгэхээр энэ өөрөө ямарваа нэгэн санаа, ямар нэгэн хувийн ашиг сонирхлын нөхцөл байдал байгаад байна. Хувийн ашиг сонирхол байдаг юмуу? Намын ашиг сонирхол байдаг юм уу? Тийм учир үүнд анхаарах нь зүйтэй гэж үзэж байгаа. Ийм учраас эд хөрөнгийн бүрэн хариуцлагын талаар ямар нэгэн зохицуулалт байхгүй байгаа энэ талаараа тухайн хүмүүсдээ эд хөрөнгийн хариуцлага тооцох эрх зүйн үндэс бий болгоогүй.

Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу тухайн нөхцөл байдлын хэм хэмжээндээ зохицуулагдаж, хариуцлага тооцохоор асуудал зохицуулагдаагүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг эрх зүйн үндэслэлтэй гарсан байгаа учир хэвээр нь үлдээж гаргасан гомдлыг хүчингүй болгож өгөөч гэсэн хүсэлтэй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 Нэхэмжлэгч Шилүүстэй сумын засаг даргын тамгын газар нь Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 05 сарын 31-ны өдрийн 54 тоот акттай холбогдуулан байгууллагад учирсан хохирол 3.608.600 төгрөгийг С.Дэ-өөс, 550.000 төгрөгийг Б.*******аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож Завхан аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн акт, шалгалтаар илэрсэн төлбөрийн жагсаалт, албан шаардлага болон бусад баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаас харахад Завхан аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанаас Завхан аймгийн Шилүүстэй сумын ЗДТГ-ын 2015, 2016 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд шалгалт хийсэн байна.

 Тус шалгалтаар Завхан аймгийн Шилүүстэй сумын ЗДТГ-ын санхүүгийн үйл ажиллагаанд 7.739.600 төгрөгний зөрчил илэрч, уг илэрсэн зөрчилд улсын байцаагчийн акт тавигдсан байна.

 Нэхэмжлэгч байгууллага нь дээрх төлбөрөөс С.Дэ-ийг 3.608.600 төгрөгийг, Б.*******ыг 550.000 төгрөгийг дутагдуулж байгууллагад хохирол учруулсан гэм буруутай гэж үзэж Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон байна.

 Хэрэгт авагдсан Завхан аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн акт, шалгалтаар илэрсэн төлбөрийн жагсаалтаас харахад хариуцагч С.Дэ- нь Шилүүстэй сумын ЗДТГ-ын санхүүгийн албаны даргаар ажиллаж байхдаа хариуцагч Б.*******а нь тус газрын жолоочоор ажиллаж байхдаа хууль бусаар санаатай буюу болгоомжгүй ямар үйлдлээр байгууллагад гэм хор учруулсан болох нь хангалттай тогтоогдоогүй байна.

 Өөрөөр хэлбэл: Хэрэгт авагдсан дээрх баримтуудад хариуцагч С.Дэ-төй хамт төлбөр хариуцагч Д.*******, П.Даваанням, Я.*******үү гэх нэр бүхий хүмүүс хамтран хариуцахаар заагдсан боловч хариуцагч С.Дэ- нь өөрийн хариуцах ажлын чиг үүргийн дагуу холбогдох ямар эрхийн актыг зөрчсөний улмаас байгууллагад хэрхэн хохирол учруулсан буруутай болох нь тогтоогдоогүй учир Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар хариуцлага хүлээх боломжгүй байна.

 Түүнчлэн хариуцагч С.Дэ-, Б.*******а нар нь хөдөлмөрийн гэрээ буюу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан аудитын улсын байцаагчийн актанд тодорхой бус байх бөгөөд хэрэгт авагдсан гэрч Л.*******ын мэдүүлэг болон бусад баримтаар хариуцагч нарт эд хөрөнгийн бүрэн болон хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу биш байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч байгууллагын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 61 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Завхан аймгийн Шилүүстэй сумын Засаг даргын тамгын газрын төлөөлөгч Г.*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Б.АРИУНБАЯР