| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2021/02953/И |
| Дугаар | 101/ШШ2021/04225 |
| Огноо | 2021-12-15 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2021/04225
2021 12 15 101/ШШ2021/04225
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,
Нэхэмжлэгч: М.М-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.О,
Хариуцагч: Н.Г нараас 30,300,000 төгрөг гаргуулах,
Хариуцагч: Ц.А-с 7.692.000 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагч Ц.А, түүний өмгөөлөгч Б.Ж, хариуцагч, хариуцагч Н.Г-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х-аас шүүх хуралдаанд тайлбартаа: 2018 оны 7-р сард 8 хувийн зээлд хамрагдсан Баянзүрх дүүргийн тоот 2 өрөө орон сууцыг зээлтэй нь зарна гэсэн зарын дагуу Д.О, Н.Г нартай холбогдож, уулзахад өөрсдийгөө эхнэр, нөхөр гэж танилцуулан, байрны эзэд боловч өмчлөх эрхийн гэрчилгээг төрсөн дүүгийнхээ нэр дээр гаргуулсан. Солонгос улсруу түр хугацаагаар явсан, удахгүй ирнэ. Худалдан авах тохиолдолд 30,000,000 төгрөгийг урьдчилгаанд төлүүлэх, сар бүрийн банкны төлөлт 435,000 төгрөгийг мөн өөрсдийн дансаар авч банкны төлөлтөө өөрсдөө хийнэ. Дүүг ирэхээр гэрээг өөрчлүүлж гэрчилгээг гаргуулж өгнө гэж хэлэхээр Д.О, Н.Г хоёрт итгэж, 30,300,000 төгрөгийг Д.О, Н.Г нарт төлж, 2018 оны 8 сараас эхлэн банкны сар бүрийн төлбөр 435,000 төгрөгийг Д.Оюунбайгалийн дансаар тогтмол шилжүүлж байсан. Нийт 16 сар маргаан бүхий байрны төлбөрт 7,692,000 төгрөгийг төлсөн. Гэтэл гэнэт байрны эзэн Ц.А гэгч хүн гарч ирээд "...би Д.О, Н.Г, нарын дүү биш. Тэдний худалдан авсан байр ч биш надаас байр худалдан авах санал тавьж цөөхөн хэдэн төгрөг өгөөд өөр мөнгө өгөөгүй, бид гэрээ хэлцэл бичгээр хийж байгаагүй, сар бүрийн байрны зээл хүүгийн төлбөрийг би өөрөө төлдөг..."гэж маргаан үүсгэсэн.
Тэр үед нь Д.О, Н.Г нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргаснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2020-07-09-ний өдрийн 3737 тоот тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Энэхүү хэргийг шийдвэрлэх явцад Ц.А Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд М.М надад холбогдуулан Орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2020-04-16-ны өдрийн 101/ШШ2020/01311 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020-06-03-ны өдрийн 1209 дугаартай магадлал гарч М.М намайг маргаан бүхий орон сууцнаас албадан гаргаж, уг орон сууцыг амьдарсан хугацааны бүхий л хэрэглээний зардал байр, ус, хог, цахилгааны төлбөрийг бүрэн төлж, барагдуулж Ц.А-д байрыг хүлээлгэн өгсөн.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст нэхэмжлэгч М.М миний гомдлоор хэргийг шалгах явцад ...."Маргаан бүхий байрны ипотекийн зээлийн төлбөрийг 2018 оны 08 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл хохирогч М.М нь Г-ын эхнэр гэх Д.О-ийн тоот дансанд шилжүүлж байсан, Д.О нь хүлээн авмагц байрны ипотекийн зээлэнд төлүүлэхээр байрны эзэмшигч Ц.А руу тогтмол шилжүүлдэг байсан болох нь М.М, Ц.А, Д.О нарын дансны хуулгаар тогтоогдсон ... гэж Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 3737 тоот тогтоолд дурьдсан. Нэхэмжлэгч М.М миний бие 2018 оны 08 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл хариуцагч Д.О-ийн дансанд сар бүр ипотекийн зээлийн гэрээний төлбөрт 435,000 төгрөг, нийт 7,692,000 төгрөг шилжүүлсэн, уг мөнгийг хариуцагч Д.О нь Ц.А-д өгч байсан болох дансны хуулгаар нотлогдоно.
Иймээс хариуцагч Ц.А, Д.О, Н.Г нарыг Иргэний хуулийн 492.1.1-т заасан Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж үзэж, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээд этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Ц.А-аас 7,692,000 төгрөг, хариуцагч Д.О, Н.Г нараас 30,000,000 төгрөгийг гаргуулах. Орон сууцанд орохдоо авсан гэх шкафны үнэ 300,000 төгрөгийг хасч байна гэв.
Хариуцагч Ц.А, өмгөөлөгч Б.Ж нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.А нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн тоот хаягт байршилтай 49.53 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2018 оны 7-р сард Н.Г-д зээлээр худалдахаар тохиролцож, байрыг хүлээлгэн өгсөн. Гэтэл Н.Г нь Ц.А-д мэдэгдэлгүйгээр М.М-д худалдсаныг олж мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргаж өөрийн орон сууцнаас нэхэмжлэгч М.М-аас албадан чөлөөлүүлсэн. Ц.А нь нэхэмжлэгч М.М-ыг танихгүй ба түүнээс ямар ч мөнгө, төгрөг хүлээн авч байгаагүй тул үндэслэлгүй хөрөнгөжсөн 7.692.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч М.М хариуцагч Ц.А-д холбогдуулан гаргасан 7,692,000 төгрөгийг шаардсан шаардлагын үндэслэл нь Ц.А сар бүр М.М миний шилжүүлдэг байсан 435,000 төгрөгийг дансаар хүлээн авдаг байсан боловч маргаан бүхий орон сууцнаас намайг албадан гаргуулсан гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан байдаг. Хэрэгт авагдсан дансны хуулга, Прокуророос ирүүлсэн баримтуудаар Д.О-ийн данс руу М.М мөнгө шилжүүлдэг нь тогтоогддог. Д.О нь Ц.А-ийн ипотекийн зээлийг төлдөг. Ц.А Д.О-ийг төлж байна гэж ойлгодог. М.М үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч байгаа бол эд хөрөнгийн биет байдлын доголдол, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших эрхийн гэрчилгээ зэргийг худалдагч талаас шаардах эрхтэй, үүнийг хэрэгжүүлээгүй. Үндэслэлгүй хөрөнгөжсөний төлбөр гээд суусан хугацааны мөнгийг Ц.А-аас нэхээд байдаг. 30,300,000 төгрөгийг Д.О, Н.Г нараас нэхэмжилж байна, үүн дээр нэмээд сууж байх хугацаандаа төлсөн 435,000 төгрөгөө 16 сараар тооцоод, үүнээс 2 удаа 365,000 төгрөг төлсөн бусад хугацаанд 435,000 төгрөг төлсөн гэдгээр тооцож 7,692,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.2 дахь хэсэгт хамааралгүй. 30,300,000 төгрөгөө Н.Г, Д.О нараас авчихна, ингээд бүх мөнгөө буцаан авахаар Иргэний хуульд заасан шудрага ёсны зарчимд нийцэхгүй. Д.О, Н.Г нартай тооцоо хийгээд, зээлээр байр худалдаж авахаар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээг талууд амаар байгуулсан. Мөн Н.Г, Д.О нар Ц.А-аас тухайн үед орон сууцыг өөрийн эзэмшилд авсан байсан. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дах хэсэгт зааснаар эзэмшил Гантулга Д.О нарт шилжсэн байх үед М.М-д худалдсан асуудал байгаа. 50 м.кв байрны зах зээлийн ханш тухайн үеийн Улаанбаатар хотын банкны үнэлгээгээр 1 м.кв-ийг 1,750,000 төгрөгөөр тооцоход нийт 85,000,000 төгрөг. Хариуцагч Д.О 28,000,000 төгрөгөөр тохирсон гэдэг.
Ц.А нь Н.Г-д Баянзүрх дүүргийн тоот орон сууцыг зээлээр худалдахаар тохиролцсон. 7,692,000 төгрөгийг авсан гэдэг дээр маргахгүй. 2019 оны 9-р сараас сар бүрийн зээлийн төлбөр төлөгдөх болсон учир маргаан үүссэн. Ц.А 7,692,000 төгрөгийг М.М-д төлөх хууль эрх зүйн үндэслэл, үүрэг байхгүй. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх зүйл заалт тохирохгүй байна, тиймээс энэ хэргийн хариуцагч нь Ц.А биш юм, Ц.А-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нөхөр Н.Г, Ц.А бид гурав аман гэрээ хийгээд, байрыг 28,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. 03 сарын 31-ний өдөр өөрийн Төрийн банкны данснаас 435,000 төгрөг шилжүүлж, байрандаа бүрэн засвар хийж нүүн орсон. Сар бүр төлөх орон сууцны зээл 435,000 төгрөгийг төлж байхаар тохиролцож худалдан авсан. Тухайн Ц.А-ийн ах, болон ээжийнх нь дансруу мөнгийг шилжүүлсэн байсан. Мөнгөний хэрэгцээ гараад орон сууцыг зарах зар тавьсан. Тэгээд зарын дагуу М.М ирж уулзаж түрээсийн байранд амьдарч байхаар 8 хувийн зээлтэй нь авахад боломжийн байр байна гээд ирсэн. Тэгэхэд нь бид үнэн учраа хэлсэн, Ц.А гэх хүний байр, 8 хувийн зээлтэй, та манай нөхөртэй хамт яваад нотариат ор гээд дагуулж явсан. Тэгэхэд өөр хүний нэр дээр байдаг учир гэрээ хийж болохгүй байна, та нар өөрсдөө итгэлцлээр явж болно гэж хэлсэн. М.М-д байрны төлөлтөө зогсоож болохгүй шүү гэдгийг маш сайн хэлсэн. Тэгэхэд 2018 оноос хойш төлж байгаад 2019 оны 10, 11, 12 саруудын төлөлтийг төлөхгүй байсан. Би удаа дараа чатаар нь хэлж байсан, та төлөлт хийхгүй байж болохгүй, энэ зээлтэй байр гэхэд өөрөө төлөх боломжгүй болоод наймаа буцаая гэсэн санал гаргасан. Ингээд төлөхгүй болчихоор нь байранд Ц.А очсон байсан. Тэгээд энэ талаар Ц.А-д хэлэхгүй бол болохгүй юм байна гэж шийдээд 2020 оны 02 сард нөхөр бид хоёр Ц.А-тай уулзахад Ц.А мэдсэн байсан, бид хоёр мөнгөний хэрэг болоод байрнаас гарсан гэж хэлсэн тэр үед бид гурав ойлголцоогүй салсан. Тэгээд энэ цагаас хойш Ц.А-тай нэг удаа ч холбогдоогүй. Утсаа салгасан, фэйсбүүкээр блок хийсэн. М.М ийм хэмжээнд хүрсэн учир Ц.А-гаас мөнгөө аваад М.Мөнхжаргалд өгнө гэсэн шийдэлтэй байгаа. Тэгээд Ц.А-тай холбогдож чадахгүй байж байтал 2021 оны 10 сарын 21-ний өдөр өөрөө над руу ярьсан. Би их үнийн дүнгээр гүйлгээ хийвэл банкан дээр очоод мөнгөнөөс нь хасалт хийгээд Ц.А гэх хүнтэй уулзуулна гэдгийг М.М-д хэлж байсан. 30,000,000 төгрөгийг манай нөхрийн дансаар авсан, энэ мөнгийг Ц.А-гаас буцааж аваад М.М-д өгнө гэж бодож байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаас 30,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа. 300,000 төгрөгт нь манайх унтлагын өрөөнд нь жижиг шкаф хийсэн байсан, үүнийг манайх авч явах боломжгүй тул үлдээгээд худалдсан. М.М-аас авсан 7,692,000 төгрөгийг А-д шилжүүлж өгсөн нь баримтаар нотлогдоно гэв.
Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.М нь хариуцагч Ц.А, Д.О, Н.Г нарт холбогдуулан Ц.А-гаас 7.692.000 төгрөг, Н.Г, Д.О нараас 30.300.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Н.Г, Д.О нар нь 30,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч маргаагүй.
Хариуцагч Ц.А нэхэмжлэлийн шаардлагыг 7,692,000 төгрөгийг Д.О нараас авсан дээр маргахгүй, М.М-аас аваагүй учир бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч М.М хариуцагч Н.Г, Д.О нараас 30,300,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 300,000 төгрөгөөр багасгаж 30,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.
Нэхэмжлэлийн шаардлага орон сууц худалдан авахаар өгсөн 30,000,000 төгрөгийг хариуцагч Н.Г, Д.О нараас гаргуулах, хариуцагч Ц.А-аас 7,692,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
1. Хариуцагч Ц.А, Н.Г, Д.О нар нь Баянзүрх дүүргийн тоот 2 өрөө орон сууцыг урьдчилгаанд төлсөн 28,000,000 төгрөгийг төлж, үлдэх зээлийг орон сууц худалдан авсан 8 хувийн зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгээр тохиролцож, орон сууцыг Н.Г, Д.О нарын эзэмшилд шилжүүлсэн.
Хариуцагч Н.Г, Д.О нар нь 2018 оны 7-р сард нэхэмжлэгч М.М-аас урьдчилгаа 30,300,000 төгрөг, орон сууцны 8 хувийн зээл сар бүр банкинд төлөх 435,000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр тохиролцож орон сууцыг худалдсан гэх үйл баримтууд дээр зохигч маргаагүй.
Нэхэмжлэгч М.М амаар тохиролцсоны дагуу 2018-07-05-ны өдөр хариуцагч Н.Г-н ХААН банкны дансанд 15,000,000 төгрөг, 2018-07-08-ны өдөр 15,300,000 төгрөг шилжүүлсэн, 2018-08-01-ний өдрөөс 2019-12-01-ний өдрийг 16 удаа 435,000 төгрөг, 2019-01-01-ний өдөр 367,000 төгрөг, 2019-03-01-ний өдөр 365,000 төгрөгөөр нийт 7,692,000 төгрөгийг Д.О-ийн ХААН банкны дансанд шилжүүлсэн энэ мөнгийг хариуцагч Д.О хүлээн авч, Ц.А-д шилжүүлсэн. Хариуцагч Ц.А нь хүлээн авч Улаанбаатар хотын банкнаас 2016-03-01-ний өдөр авсан дугаартай нөхцөлт орон сууцны зээлийн гэрээний үүрэгт 7,692,000 төгрөгийн төлөлт хийгдсэн гэдэг дээр маргаагүй.
Энэ нөхцөл байдал нэхэмжлэгч М.М-ын ХААН банкны тоот дансны хуулга, хариуцагч Д.О сар бүрийн төлбөрийг хүлээн авч хариуцагч Ц.А-гийн ХААН банкинд эзэмшдэг тоот дансанд 435,300 төгрөгийн шилжүүлэг хийсэн дансны хуулгаар нотлогдож байна. /хх-ийн 29-47, 148-195 тал/
Хариуцагч Д.О нэхэмжлэгч М.М-ыг 2019 оны 10-р сараас сар бүр төлөх төлбөрийг хийгээгүй гэсэн тайлбарыг гаргасан хэдий ч түүний болон М.М нарын дансны хуулгаар мөнгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 492.1.1-т заасан Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж үзэж, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээд этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж зааснаар хариуцагч Ц.А-гаас 7,692,000 төгрөг, хариуцагч Д.О, Н.Г нараас 30,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Иймд дээрхи үндэслэлүүдээр хариуцагч Ц.А-гаас 7,692,000 төгрөг, хариуцагч Н.Г, Д.О нараас 30,000,000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М.М-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч М.М-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэлийн шаардлага 37,992,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 347,910 төгрөгийг улсын орлого болгох.
Хариуцагч Ц.А-аас 7,692,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 138,022 төгрөгийг, хариуцагч Н.Г, Д.О нараас 307,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжийн зөрүү 98,062 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, хуульд зааснаар хувиарлан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.А-аас 7,692,000 төгрөг, Н.Г, Д.О нараас 30,000,000 төгрөгийг тус тус гаргуулж М.М-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347,910 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ц.А-гаас 138,022 төгрөгийг, Н.Г, Д.О нараас 307,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.М-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 98,062 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
4 .Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА