Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 00555

 

                                              “МЭИК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

                                               иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/00170 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “МЭИК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Т-д холбогдох

29 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МЭИК” ХХК нь эм, эмнэлэгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх, импортлох, худалдах чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Иргэн Ж.Т тус компаниас 70 447 766 төгрөгийн үнэ бүхий эм бэлдмэл, гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авсан боловч төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байна. Худалдан авагч 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд 20 904 200 төгрөгийг төлсөн тул Ж.Т-тай уулзаж төлбөр төлөх хугацааны талаар тооцоо нийлсэн. Тодруулбал, 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр уулзахад “70 447 769.5 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлнө” гэсэн боловч төлж дуусгаагүй. Ж.Т 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр болон 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хийсэн уулзалтаар Веnz R350 маркийн 69-78 УНК улсын дугаартай автомашиныг 18 500 000 төгрөгөөр тооцож төлбөрт шилжүүлэн өгч, үлдэгдэл 30 000 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 10 сая төгрөгөөр төлөхөөр тохиролцсон. Гэтэл худалдан авагч 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 1 сая төгрөг төлсөн байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу эм, гоо сайхны бүтээгдэхүүний үнэ 29 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Т 2014 оноос Новартис консьюмер хелс компаний Монгол улс дах менежерээр ажиллаж байсан бөгөөд тус компани нь “МЭИК- ХХК-тай хамтран ажиллаж байсан. Тухайн цаг хугацаанд буюу 2017 оны 3 дугаар арын 31-ний өдөр “Мэик” ХХК нь “Новартис консьюмер КХ-ны үйлдвэрлэсэн хугацаа дуусаж байсан терафлю эмийн урамшуулалт худалдаа зарлан явуулсан бөгөөд Ж.Т нь компаний менежерийн хувьд өөрийн компаний бүтээгдэхүүнийг алдагдалгүй худалдах зорилгоор уг бүтээгдэхүүнийг 3 ажилтны хамт очиж, жагсаалтаар хүлээн авч эмийн сангуудад борлуулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэхүү борлуулалтын ажиллагааны явцад тэдний дунд үл ойлголцол үүсч, их хэмжээний өр төлбөр нэхэж, удаа дараа дуудан үг хэлээр дарамталсан бөгөөд тухайн үед миний эрүүл мэндийн байдал муу, ар гэрийн гачигдалтай байдал зэрэг нөхцөл байдлын улмаас тэдний хүссэн бичгийг бичиж өгч, мөн өөрийн унаж байсан бенз маркийн 69-78 УНК улсын дугаартай машиныг \5 сарын өмнө 40 000 000 төгрөгөөр худалдаж авсан\ зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж өр төлбөртөө суутгаж авсан. Нэхэмжлэлд гар бичмэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд энэ нь тулган шаардалтын улмаас аргагүй эрхэнд бичиж өгсөн байдаг. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлд бичсэн өр төлбөрийг бүгдийг хүлээн зөвшөөрөхгүй байхаас гадна “Мэик” ХХК болон “Новартис консьюмер КХ” компани хоорондох төлбөр тооцоо нь “кредит нот”-оор бүрэн төлөгдөж дууссан байхад хувь хүнээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц овогт Ж.Т-гаас 29 000 000 /хорин есөн сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч МЭИК ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Т-гаас улсын тэмдэгтийн хураамжид 302 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч МЭИК ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Т давж заалдах гомдолдоо: Би 2012 оноос Новартис консьюмер хелс компаний Монгол дах менежерээр ажиллаж байгаад 2015 онд SCK-тай нэгдэж, түүний суурин төлөөлөгчөөр ажилласан бөгөөд тус компани нь “МЭИК” ХХК-тай хамтран ажиллаж байсан. “МЭИК" ХХК-д 2016 оны 11 дүгээр сард 2017 оны 02 дугаар сард хугацаа нь дуусах “терафлю” эм буусан даруйд нь хугацаа дөхсөн тул GSK 2017 оны 11 дүгээр сарын 15-наас 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 30 хувь, 12 дугаар сарын 15-наас 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 70 хувь хямдруулж хурдан борлуулах бодлого явуулсан. Тухайн үед “МЭИК” ХХК-иас манайд “борлуулж өг” гэсэн хүсэлтийг амаар гаргасны дагуу миний бие компаний менежерийн хувьд өөрийн компаний бүтээгдэхүүнийг хугацаа алдалгүй худалдах зорилгоор эмч төлөөлөгч нарыг борлуулах үйл ажиллагаанд оролцуулсан. Тухайн эмийг “МЭИК” ХХК-иас эмч мэргэжилтнүүд очиж авдаг байсан бөгөөд борлуулсан эмийн үнийг тэд надад өгсөн цаг хугацаанд “МЭИК" ХХК рүү тухай бүр нь өгч байсан. Гэтэл “МЭИК” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй байхад тус компани нь төлбөр тооцоо гарган нэхэж, удаа дараа үг хэлээр дарамталсан бөгөөд тухайн үед миний ар гэрт эрүүл мэндийн асуудлууд үүсч сэтгэл санаа хүнд байхад шахалт үзүүлж, дулган шаардалтын улмаас аргагүйн эрхэнд “төлбөр барагдуулах талаар” бичиг үйлдсэн байдаг. Энэ баримтыг хэлцэл хийсэн гэж дүгнэж, хуулийг буруу хэрэглэж шүүхийн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь тухайн баримт Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан “хүчин төгөлдөр бус байх хэлцэл” байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт энэ талаас нь дүгнээгүй, хэрэглээгүй нь миний эрхийг зөрчсөн гэж үзэж гомдолтой байна.

 Мөн нэхэмжпэгч нь 70 447 766 төгрөгийн үнэ бүхий эм бэлдмэл, гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авсны үлдэгдэл төлбөр 29 000 000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд ны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний болон үүргийн харилцааг тодорхойлж чадаагүй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүх талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон худалдах, худалдан авах гэрээг байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж хуулийн дээрх заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн гар бичмэлийг үндэслэсэн нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч “МЭИК” ХХК нь хариуцагч Ж.Т-д холбогдуулан 29 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Ж.Т нь Новартис консьюмер хэлф Си Эй компанийн “МЭИК” ХХК-д нийлүүлсэн “Терафлю” эмийг борлуулж, эмийн тооцоог нэхэмжлэгч “МЭИК” ХХК-тай хийж, нийт 70 447 769.50 төгрөгийн тооцоо гарсанаас бэлэн мөнгө болон бараагаар 40 404 200 төгрөгийг төлж, 1 043 569.5 төгрөгийг нэхэмжлэгч хасч, 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 29 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь хариуцагч Ж.Т-гийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр болон 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн нэхэмжлэгч талд гаргасан төлбөр барагдуулах хүсэлт, талуудын тайлбараар тогтоогдсон, энэ талаар маргаагүй /х.х-ийн 5, 6 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч нь 70 447 766 төгрөгийн эм бэлдмэл, гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авсан тул төлбөрийн үлдэгдэлээ гаргуулах”-аар тодорхойлсон ба хариуцагч “барааны төлбөрийн 2 компанийн урамшууллаар төлөгдөж дууссан, эмийг хүлээн авч байгаагүй, төлбөр барагдуулах хүсэлтийг сэтгэл санаа тогтоворгүй байсан тул дарамт шахалтанд орж бичиж өгсөн“ гэж маргасан.                

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотой үүргийн харилцаа үүссэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй.  Учир нь нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгөн хөрөнгө шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй, шилжүүлэн өгсөн эмийн үнийг гаргуулахаар нэхэмжлэгч шаардлага гаргасан болно.

Харин Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Т нь нэхэмжлэгч “МЭИК” ХХК-иас авсан эм бэлдмэлийн үнийг төлөх үүрэгтэй байна. Учир нь төлбөрийн үлдэгдэл 29 000 000 төгрөг болсон талаар  хариуцагч илэрхийлж 2017 оны 3 дугаар сарын 28, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрүүдэд баримт гаргаж байсан, талуудын уулзалтын тэмдэглэлээр төлбөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийн хэмжээг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. / х.х-ийн 5-6, 24-25 дугаар тал/

Хариуцагч Ж.Т нь “төлбөр барагдуулах хүсэлтийг сэтгэл санааны байдал нэхэмжлэгч тал дарамт шахалтанд орсны улмаас гарын үсэг зурсан, Мэйк ХХК болон Новартис консьюмер компани хоорондох төлбөр тооцоо “кредит нот”-оор төлөгдөж дууссан“ гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/00170 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт “492 дугаар зүйлийн 492.1.1” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                   ШҮҮГЧИД                                        А.МӨНХЗУЛ    

                                                                                                            Д.БАЙГАЛМАА