Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 170

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо нарны зам63, өөрийн байр Монгол эм импекс концерн ХХК /РД: 2116847/

Хариуцагч: Баянгол дүүрэг 3 дугаар хороо нарны хороолол 5 дугаар байр 48 тоотод оршин суух Цахиач овогт Жанагийн Туяа /РД: ОЭ71092066, утасны дугаар: 99105244/

29,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Цолмонбат

хариуцагч Ж.Туяа

хариуцагчийн өмгөөлөгч Д.Тунгалаг

нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Монгол эм импекс концерн ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол эм импекс Концерн ХХК нь эм, эмнэлэгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх, импортлох, худалдах чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Иргэн Ж.Туяа нь Монгол Эм Импекс Концерн ХХК-иас 70447766 төгрөгийн үнэ бүхий эм бэлдмэл, гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авсан боловч төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байна. Худалдан авагч нь 2017.03.31-2017.07.21-ний өдрийг хүртэлх 4 сарын хугацаанд 20904200 төгрөгийг төлсөн байсан тул Ж.Туяатай биечлэн уулзаж төлбөр төлөх бололцоо, хугацааны талаар Ж.Туяатай удаа дараа уулзаж, тооцоо нийлсэн. Тодруулбал, 2017.03.28-ны өдөр уулзахад: 70447769.50 төгрөгийг 2017.05.01-ний өдрийн дотор төлнө. гэсэн боловч бүрэн төлж дуусгаагүй. Ж.Туяа 2017.09.07-ны болон 2017.09.18-ны өдөр хийсэн уулзалтаар Веnz R350 маркийн 69-78 УНК улсын дугаартай автомашиныг 18500000 төгрөгөөр тооцож төлбөрт шилжүүлэн өгч, үлдэгдэл 30 сая төгрөгийг 2017.12.20-ны өдрийг хүртэл сар бүр 10 сая төгрөгөөр төлж дуусгавар болгохоор тохиролцсон. Гэтэл худалдан авагч нь 2018.03.31-ний өдөр ердөө 1 сая төгрөгийн төлбөрийг төлсөн, тохиролцсон хугацаагаа баримталдаггүй, төлбөрийн хугацааг хойшлуулах, хугацаа хожих л арга саам болгон ашиглаж төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул уг асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхэ ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ." гэж заасны дагуу эм, гоо сайхны бүтээгдэхүүний үнэ 29000000 төгрөгийг шаардаж байна. Иймээс дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 29000000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Цолмонбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жиэ Эс Кэй ХХК-д барааны захиалгын баримт хүргүүлж, Жиэ Эс Кэй ХХК-ийн зүгээс шууд харилцагч буюу Монгол улсад байгаа аж ахуй нэгж болох Монгол эм импекс концерн ХХК-тай харилцаж, Монгол эм импекс концерн ХХК-руу бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа. Эмийг гаалиар Монгол эм импекс концерн ХХК-д хаяглаж, эмийг Гаалийн газраас Монгол эм импекс концерн ХХК хүлээж авч байгаа. Энэ ажиллагаануудад ямар нэгэн байдлаар төлөөлөгчийн газар, төлөөлөгчийн газрын ажилтанууд оролцох эрхгүй. Ингээд хүлээж авсан барааны дуусах хугацаа дөхсөн байсан учраас хямдралтай үнээр худалдан авагч нарт худалдсан. Худалдан авагч нар нь эмийн сан болон Ж.Туяа нар байсан. Ж.Туяад 2016 оны 12 дугаар сард Монгол эм импекс концерн ХХК-ийн бөөний төвөөс 2 удаа 50000000 төгрөг, 25000000 төгрөг, нийт 75000000 төгрөгийн үнэ бүхий терафлю эмийг хөнгөлөлттэй үнэ буюу нэг бүрийг нь 5000 төгрөгөөр худалдсан. Бүтээгдэхүүний үнийг 100 хувь гэж авч үзвэл хямдралтай үнээр худалдаж байгаа 70 хувийг нь Жиэ Эс Кэй ХХК-иас хариуцаж байгаа. 30 хувийг нь бид нар 5000 төгрөгөөр тооцож, худалдсан учраас худалсан хүмүүсээсээ нэхэмжлэх эрхтэй. Ж.Туяагийн хувьд төлөөлөгчийн газрын өөрсдийн удирдлага дор ажиллаж байсан эмч, төлөөлөгч нараа ажиллуулсан. Үүнийг өмнөх шүүх хуралдаан дээр борлуулалтын ажилтанууд гэж байсан. Төлөөлөгчийн газарт борлуулалтын ажилтан гэж байхгүй. Төлөөлөгчийн газрын ажилтанууд борлуулалт хийх, борлуулалтад оролцох эрх байхгүй. Зөвхөн маркетинг, сурталчилгаа, шинээр харилцагч олох үүрэгтэй. 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гурвалсан уулзалтаар Ж.Туяатай тооцоо нийлсэн. Үүнээс хойш хэд хэдэн удаагийн уулзалт хийгдэж, төлөлт хийгдсэн. Ингээд нийтдээ 29000000 төгрөгийн үлдэлдэлтэй байгаа. Энэ 29000000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа.

Хариуцагч Ж.Туяа шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ж.Туяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тунгалаг би нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн аваад дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч Ж.Туяа нь 2014 оноос Новартис Консьюмер Хелс компаний Монгол улс дахь менежерээр ажиллаж байсан бөгөөд тус компани нь Монгол Эм Импекс концернтэй хамтран ажиллаж байсан. Тухайн цаг хугацаанд буюу 2017 оны 03 сарын 31-ний өдөр МЭИК ХХК нь Новартис Консьюмер КХ-ны үйлдвэрлэсэн хугацаа дуусаж байсан Терафлю эмийн урамшуулалт худалдаа зарлан явуулсан бөгөөд Ж.Туяа нь компаний менежерийн хувьд өөрийн компаний бүтээгдэхүүнийг алдагдалгүй худалдах зорилгоор уг бүтээгдэхүүнийг 3 ажилтаныхаа хамт очиж жагсаалтаар хүлээн авч эмийн сангуудад борлуулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Энэхүү борлуулалтын ажиллагааны явцад тэдний дунд үл ойлголцол үүсч, их хэмжээний өр төлбөр нэхэж, удаа дараа дуудан үг хэлээр дарамтлаж эхэлсэн бөгөөд тухайн цаг хугацаанд Ж.Туяагийн эрүүл мэндийн байдал муу, ар гэрийн гачигдалтай байдал зэрэг нөхцөл байдлын улмаас тэдний хүссэн бичгийг бичиж өгч, мөн өөрийн унаж байсан Бенз маркийн 69-78 УНК улсын дугаартай машиныг \5 сарын өмнө 40 сая төгрөгөөр худалдаж авсан\ зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж өр төлбөртөө суутгаж авсан. Нэхэмжлэлийн хамтаар Ж.Туяагийн гар бичмэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд энэ нь тулган шаардалтын улмаас аргагүй эрхэнд энэхүү бичгийг бичиж өгсөн байдаг. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлд бичсэн өр төлбөрийг бүгдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байхаас гадна МЭИК ХХК болон Новартис Консьюмер КХ компани хоорондох төлбөр тооцоо нь кредит нот-оор бүрэн төлөгдөж дууссан байхад хувь хүн Ж.Туяагаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлд дурдсан төлбөр үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч Ж.Туяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2012 оноос Новартис Консьюмер хелф компанийн Монгол дахь төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2015 онд хоёр компани нэгдэх үйл ажиллагаа явагдаж, үүний дагуу Монгол дахь суурин төлөөлөгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад орж тэнцэж үлдсэн. Энэ хугацаанд тухайн компанид нийт 8 ажилтан ажиллаж байснаас сонгон шалгаруулалтад 4 хүн тэнцэж ажиллах болсон. Монгол дахь үйл ажиллагааг хариуцаж ажилладаг хүний хувьд бүх дистрибьютерийн борлуулалтын төлөвлөгөө, жилийн төлөвлөгөөний дагуу ажиллаж маркетингийн үйл ажиллагаа, борлуулалт, телевизийн реклам, жижиглэнгийн худалдаа болон урамшуулалт худалдааг хариуцан ажилладаг байсан. Толгой компаниас ирүүлсэн чиглэлийг хэрэгжүүлж ажилладаг байсан. Монгол эм импекс концерн ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой терафлю эмийн хувьд компанийн зүгээс анх 2016 оны 5 дугаар сард хийсэн захиалга машин байхгүй, бараа байхгүй гэх зэрэг шалтгааны улмаас хойшилсоор уг бараа бүтээгдэхүүн нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд Монголд буусан. Ингэхдээ хугацаа ойрхон буюу 2017 оны 2 дугаар сард хугацаа нь дуусах терафлю буусан. Уг эмийг зөвхөн Монгол эм импекс концерн ХХК аваагүй, бусад дистрибьютер болох Монос фарм, Азифармийн ачаа бас ирсэн. Их хэмжээгээр захиалсан компани нь Монгол эм импекс концерн ХХК байсан. Ингээд тухайн компаниудын зүгээс борлуулалтанд арга хэмжээ авч хугацаа нь дуусахаас өмнө борлуулахад туслалцаж өгнө үү гэж надад хүсэлт гаргасан. Ингээд манай борлуулалтын ажилтнууд уг эмийг борлуулах үйл ажиллагаанд оролцож эхэлсэн. Ингээд толгой компанийн зүгээс сарын хугацаанд 30 хувийн дискаунт хямдралтайгаар борлуулах, цаашлаад 70 хувь хүртэл дискаунт хямдралтайгаар борлуулах арга хэмжээ авах санал тавьсан. Ингээд бидний зүгээс уг ажиллагааг дэвшүүлж хийж эхэлсэн. Тэгээд бусад дистрибьютерийн авсан терафлю бол 2017 оны 1 сар гэхэд дууссан. Хамгийн гол нь Монгол эм импекс концерн ХХК-нд буусан терафлю нь бусад 2 компанийн эм бэлдмэл терафлюг хямдруулан худалдсантай холбогдуулан үлдэгдэл болж үлдсэн. Бид жилийн эцэст борлуулалтын хэмжээгээр бонус авдаг, мөн жилийн эцсийн төлөвлөгөө, борлуулалтын төлөвлөгөөг биелүүлэхийн тулд уг эмийг борлуулж дуусвал аль аль талдаа ашигтай гэж үзээд уг эмийг борлуулахад оролцож эхэлсэн. Монгол эм импекс концерн ХХК-ийн хувьд бидэнд санал тавьж бид хамтарч ажиллаж эхэлсэн. Ингэхдээ Монгол эм импекс концерн ХХК-ийн сүлжээ төвүүд болон бусад эм ханган нийлүүлэх төвүүдээр худалдан борлуулж эхэлсэн. Бидний хувьд 1 хүн 12 эмийн сантай хамтарч ажилладаг байсан бөгөөд 4 хүн 48 эмийн сан хариуцан борлуулж байсан. Зарим шалтгааны улмаас ажил удааширч байсан тул бид шууд харилцагч нартаа санал болгож зарж борлуулж байсан. Ингээд 2017 оны 1 дүгээр сард терафлю борлуулах ажил хийгдэж байхад Увс аймагт байсан миний том ах тархины хагалгаанд 2 удаа орж, гэмтлийн эмнэлгээс эмч явуулж байсан бөгөөд тухайн үед сэтгэл санааны хүндрэлтэй байсан. Энд байсан ах маань эрүүл мэндийн байдал муудаж зүрхэндээ систем тавиулж хагалгаанд орсон тул би уг борлуулалтын ажилд бүрэн анхаарал хандуулж оролцож чадаагүй. Ингээд манай борлуулагч нар тухайн эмийг боломжоороо борлуулж надад төлбөрийг нь өгч, би төлбөрийг тухай бүрт нь Монгол эм импекс концерн ХХК-д шилжүүлж орлогыг нь хийгээд явж байсан. Цаад компаниас 2017 оны 3 дугаар сард аудитын шалгалт ирснийг би мэдээгүй байсан бөгөөд намайг гэнэт ажил дээр дуудаж аудитын шалгалт ирсэн гэж дуудаж уулзаж байсан. Ингэхдээ надад тоймтой хариу өгөөгүй бөгөөд манай төлөөлөгч нарын гадуур борлуулалт хийсэн ажлын талаар шалгаж, аудитын дүгнэлтээ эргэж мэдэгдэхээр Америкаас ирсэн аудитын шалгагч нь буцаад явсан. Үүний дараа бид 2017 оны 4 дүгээр сард жилдээ 2 удаа компанийн шугамаар гадаадад болдог шинэ бүтээгдэхүүн борлуулалт, маркетингийн төлөвлөгөө гэх үйл ажиллагааны жилийн тайланг танилцуулдаг уулзалтад оролцдог бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын эхээр явах байсан. Гэтэл 2017 оны 3 дугаар сарын 20-нд бүс хариуцсан менежер нь Монголд ирсэн. Тэгээд борлуулалтын ажил буюу монгол дахь төлөөлөгчийн ажлаа өөрөө хүлээлгэж өг гэх шаардлагыг надад тавьсан. Тухайн үед борлуулалтын өр төлбөрийг бүрэн шилжүүлж, ажил өгсөн нэрээр бүх өр төлбөрийг над дээр үлдээсэн. Ер нь бол толгой компани руу манай компанийн үйлчилгээ үзүүлдэг компанийн нэгнээс мэдэгдэж, борлуулалтын менежерээ сольж өг гэсэн хүсэлт хүргүүлсэн байсан. 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гадуур явж байхад Сергей Кудря ирж уулз гэж дуудсан. Би боломжоороо хурдан очсон бөгөөд тус уулзалтад нэхэмжлэгч талаас 10 гаран хүн байсан. Тэгээд шууд терафлюгийн тооцоог танилцуулж шууд гарын үсэг зуруулж байсан. Тухайн үед сэтгэл санааны байдлаас шалтгаалж юу болж байгаа, хаашаа хандах эсэхээ ч мэдэхгүй байсан. Түүнээс хойш өдийг хүртэл Монгол эм импекс концерн ХХК-ийн хүний нөөц, санхүүгийн албанаас байс хийгээд л өр төлбөрийн асуудал ярьж байнга дарамталдаг байсан. Би өрх толгойлсон эмэгтэй бөгөөд өр зээлээ төлж барагдуулах, байрны зээл төлөх, 2 оюутан хүүхдийн сургалт, ахынхаа эмчилгээ зэрэг санхүүгийн хүндрэлтэй байсан тул Ази фарм ХХК-ийн борлуулалтын албаны даргаар ажиллаж борлуулалтыг ахиулсан. Өдрийн 20 гаран утастаж, Ази фарм ХХК-ийн захирал руу хүртэл ярьж дарамталж, өр төлбөрийг барагдуул гэж мэдэгдэж албан бичиг хүртэл явуулсан байсан. Гаднаас ирсэн эрдэмтэн хүний сургалтанд хамрагдаж уулзалт ярилцлагатай байхад хүртэл дуудаж уулзаж, бенз машиныг шилжүүлж өг гэж шаардаж байсан. Надад ямар нэгэн байдлаар тооцоо нийлэх, төлбөр тооцоог шалгах боломж олгохгүйгээр тухайн 30,000,000 төгрөгийн үлдэгдэл гэх баримтад гарын үсэг зуруулж байсан. Түүнчлэн 30,000,000 төгрөгийн ханштай машиныг одоо 18,500,000 төгрөгөөр хүн авах гэж байна гээд дуудаж, шууд өөрийн компанийн хашаанд тавиулж авч байсан. Тэгээд би найзынхаа машиныг гуйж машиныг нь авч өгч байсан. Тэгээд ер нь хугацаа дууссан бүтээгдэхүүнийг богино хугацаанд тулгамдаж худалдан борлуулдаггүй бөгөөд борлуулалтын ажлыг тухайн компаниуд өөрсдөө зохицуулдаг байсан. Би иргэн Ж.Туяа гэх хүний нэрээр эм бүтээгдэхүүнийг борлуулах эрхгүй, тусгай зөвшөөрөлгүй байж тухайн эм бүтээгдэхүүнийг агуулахаас очиж аваад борлуулсан мэтээр надруу хандаж нэхэмжлээд байгаад гомдолтой байна. Гэтэл цаад компанийн хоорондын гэрээгээр дуусах хугацаа ойрхон бүтээгдэхүүн нийлүүлдэггүй бөгөөд нийлүүлсэн тохиолдолд хохирлыг барагдуулах арга хэмжээ авч асуудлыг шийдвэрлэдэг байсан. Тухайн үед цаад компанийн монгол дахь төлөөлөгч нь н.Алтаншагай, миний ажлыг авсан н.Мөнхцэцэг гэх хүмүүс байсан. Би эдгээр хүмүүст хандаж, уг асуудлыг надаас болоод хүндэрч төлбөр үүссэн үү, эцсийн байдлаар тооцоог нь танилцуулаач, цаад компаниас хохирол төлбөр барагдуулсан эсэхийг мэдээллээч гэж ажилтан, компаниудад хандахад уг асуудлаар хариуг одоо хүртэл надад мэдэгдээгүй байгаа. Тухайн үед уг асуудлаар Сергей Кудряд хүртэл мэдэгдэж байсан. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээс харахад би бол өөрийн биеэр очиж гарын үсэг зурж эм бэлдмэл авч байгаагүй, гарын үсэг зурж хүлээж авч байгаагүй. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Тунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Туяа нь Фармаци Гарант ХХК-тай GSK ХХК-ийн бүтээгдэхүүнийг борлуулах, маркетинг идэвхжүүлэлт үйл ажиллагааг явуулах хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Ж.Туяагийн ажлын байрны тодорхойлолтод тодорхой заагдсан байна. Учир нь GSK ХХК-ийн үйлдвэрлэдэг эмийн бүтээгдэхүүнийг Монгол улсад худалдаалах, тэдгээрийн худалдааг идэвхжүүлэх, шаардлагатай тохиолдолд худалдан авах үйл ажиллагаанд худалдан авагч талын санал хүсэлтээр оролцох гэсэн эдгээр үүргүүдийг хүлээн ажиллаж байсан байна. Тухайн үед терафлю эмийн бүтээгдэхүүн нь GSK ХХК-ийн эмийн бүтээгдэхүүн учраас эмийг Монгол эм импекс концерн ХХК захиалж авч, эмийн хугацаа дуусах гэж байсан учир Ж.Туяа болон түүний удирдлага дор ажиллаж байсан 4 эмч-төлөөлөгч нарыг терафлю эмийн борлуулалтын үйл ажиллагаанд татан оролцуулсан. Хэрвээ Ж.Туяа GSK ХХК-ийн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг хариуцаж ажиллаагүй байсан бол Монгол эм импекс концерн ХХК Ж.Туяад санал тавихгүй байх байсан. Нэгэнт Ж.Туяа өөрийнхөө ажлын хүрээнд мөн өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан үйл ажиллагааг явуулсантай холбоотойгоор Монгол эм импекс концерн ХХК-иас нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хавтаст хэргийн 129, 131, 135 дугаар талуудад авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр Монгол эм импекс концерн ХХК-иас бараа, бүтээгдэхүүнийг хүлээж авсан хүмүүс нь тодорхой байна. Ж.Туяа нэг ширхэг ч эм хүлээж аваагүй. Ж.Туяа терафлю эмийг нэгэнт агуулахаас хүлээж аваагүй байсан боловч төлбөр тооцоог хариуцна гэсэн өөрийн гараар бичиг хийж өгсөн нь Ж.Туяагийн хувьд дарамт шахалт ихтэй байсан. Уг баримтад гарын үсэг зурахад нь сэтгэлзүйн дарамт нөлөөлсөн. Ж.Туяа өөрийн гараар бичиж өгсөн хоёр бичгээр Монгол эм импекс концерн ХХК-д өр төлбөртэй гэж тодорхойлох боломжгүй. Мөн хурлын тэмдэглэл дээр тодорхой асуудлууд хэлэлцэгдсэн. Терафлю эмийн борлуулалт дээр Ж.Туяа ажилчидаа удирдан зохион байгуулж, чин сэтгэлээсээ хандаж байсан хандлага нь өөрийг нь ийм хүнд байдалд оруулна гэдгийг мэдээгүй. Нэгэнт Ж.Туяа болон GSK ХХК нарын хоорондох, мөн Фармаци Гарант ХХК нарын хоорондох төлбөрийн харилцааны асуудлууд тодорхой болсон учир өнөөдөр нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон байна. Нэгэнт агуулахаас хэдэн ширхэг терафлю, ямар үнээр гарсан, хэн эмийг хүлээж авсан талаар санхүүгийн анхан шатны баримт байхгүй. Мөн Ж.Туяагаас авсан машин болон бусад мөнгөнүүд нь Монгол эм импекс концерн ХХК-д санхүүгийн орлого болж орсон эсэх талаарх баримтууд байхгүй байгаа. Тиймээс санхүүгийн анхан шатны баримтгүйгээр нэхэмжлэл гаргаж, бусдаас мөнгө нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:

1. Нэхэмжлэгч Монгол эм импекс концерн ХХК нь хариуцагч Ж.Туяад холбогдуулан 29,000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Дээрх шаардлагын үндэслэлээ худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авсан бараа /терафлю эм/-ны төлбөр буюу үнэ гэж тайлбарлаж байх ба харин хариуцагч худалдах, худалдан авах гэрээбайгуулаагүй, Новартис консьюмер компаниас өгсөн үүрэг даалгавар болон Монгол эм импекс концерн ХХК-иас тавьсан саналын дагуу бараа /терафлю эм/ борлуулах ажиллагаанд оролцсон, уг барааны төлбөр нь хоёр компанийн урамшууллаар төлөгдөж дууссан, төлбөр төлөх баримтад сэтгэл санааны байдлаас дарамт, шахалтад орж гарын үсэг зурсан, эмийг хүлээж аваагүй би хариуцах ёсгүй гэж маргаж байна.

Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ бичгээр хийгдээгүй байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт болох Ж.Туяагийн бичсэн хүсэлтүүд болон уулзалтын тэмдэглэл, төлбөрийн баримтуудыг үндэслэн дээрх гэрээг байгуулагдсан гэж нэхэмжлэгч тайлбарлав. /ХХ-ийн 5-6, 24-26, 28-35 дугаар тал/

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж заасан ба харин гэрээ бол хоёр ба түүнээс дээш этгээдийн хүсэл зоригийн харилцаннийцсэн тохиролцоо юм. Өөрөөр хэлбэл, гэрээ гэдгийг хоёр ба түүнээс дээш этгээдийн агуулгын хувьд хууль зөрчөөгүй, харилцан илэрхийлсэн хүсэл зориг, түүний илэрхийллээс бүрдэх хэлцэл гэж ойлгоно. Иймд Ж.Туяагийн төлбөр төлөхөө илэрхийлсэн хүсэлт болон төлбөр төлж байсан баримтуудаар зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч Ж.Туяагийн Новартис консьюмер компаниас өгсөн үүрэг даалгавар болон Монгол эм импекс концерн ХХК-иас тавьсан саналын дагуу бараа /терафлю эм/ борлуулах ажиллагаанд оролцсон гэсэн тайлбар ч хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Ж.Туяагийн ажлын байрны тодорхойлолт болон өөрийнх нь тайлбараар төлөөлөн ажиллаж байгаа компани болох Новартис консьюмер хелф Си Эй компанийн зөвшөөрөлгүй тохиолдолд дистрибьютер компанид нийлүүлсэн эм, бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах ажиллагаанд оролцох эрхгүй болох нь тогтоогдсон болно. Мөн Гэрч Н.Солонго хугацаа дуусах дөхсөн терафлю эмийг борлуулах шаардлагатай гэдэг үүрэг даалгаврыг цаад компаниасаа өгсөн учраас бүгдээрээ нийлж зарж дуусгая гэдэг байдлаар оролцож байсан гэж мэдүүлсэн боловч нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан Новартис консьюмер хелф Си Эй / Глаксо смит клайн консьюмер хелфкэйр/ компанийн Монгол дахь үйл ажиллагааг хариуцсан захирал Сергей Кудрятай цахим шуудангаар харилцсан зурваст бид Туяад эмийг дистрибьютерийн агуулахаас аваад зар гэсэн ямар ч зөвшөөрөл өгөөгүй, энэ бол зөвхөн МЭИК болон Туяа нарын хоорондын харилцаа гэсэн мэдээлэл авагдсан байх тул зөвхөн гэрч Н.Солонгын мэдүүлгээр Новартис консьюмер хелф Си Эй компанийн хүсэл зориг /эм борлуулах үүрэг даалгавар/ бүрэн эргэлзээгүйгээр нотлогдохгүй байна. Иймд хариуцагч Ж.Туяагийн терафлю эмийг борлуулсан ажиллагааг Монгол эм импекс концерн ХХК болон Новартис консьюмер хелф Си Эй компанийн тохиролцооны хүрээнд хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй тул терафлю эмийн төлбөр хоёр компанийн урамшууллаар төлөгдөж дууссан гэсэн хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.

Харин Ж.Туяа нь Новартис консьюмер хэлф Си Эй компанийн Монгол эм импекс концерн ХХК-д нийлүүлэгдсэн терафлю эмийг борлуулах үйл ажиллагаанд оролцож, эмийн тооцоог Монгол эм импекс концерн ХХК-тай хийж байсан, уг тооцооны дагуу 2017 оны 1 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл бэлэн мөнгө болон бараагаар 40,404,200 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, үлдэгдэл төлбөр 30,043,569.5 төгрөгөөс 1,043,569.5 төгрөгийг нэхэмжлэгч хасаж, 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэл 29,000,000 төгрөг болсон үйл баримт тогтоогдов. Дээрх төлбөрийг төлөх болохоо хариуцагч илэрхийлж 2017 оны 3 дугаар сарын 28, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрүүдэд баримт бичиж өгсөн /ХХ-ийн 5-6 дугаар тал/, хоёр талын уулзалтаар төлбөрөө хүлээн зөвшөөрч баримтад /ХХ-ийн 24-25 дугаар тал/ гарын үсэг зурсан байх бөгөөд тухайн үед сэтгэл санааны байдлаас шалтгаалж шахалтанд орж гарын үсэг зурсан гэж байгаа боловч уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийн хэмжээг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Зохигчдын хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн ямар харилцаа үүссэн болох нь тогтоогдоогүй боловч хариуцагч тайлбараараа өөрийн удирдлагад байсан эмч-төлөөлөгч нараар терафлю эмийг борлуулуулж, тооцоог нэхэмжлэгчтэй хийж байсан, эмч-төлөөлөгч нартайгаа тооцоо хийгээгүй, тодорхой хэмжээний үлдэгдэл байгаа болохоо хүлээн зөвшөөрчээ. Иймд хариуцагчийн терафлюг өөрийн биеэр хүлээж аваагүй нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 29,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Цахиач овогт Жанагийн Туяагаас 29,000,000 /хорин есөн сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Монгол эм импекс концерн ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Туяагаас улсын тэмдэгтийн хураамжид 302,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Монгол эм импекс концерн ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА