Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 00559

 

 А.А-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатн шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 184/ШШ2019/00088 дугаар шийдвэртэй,                

Нэхэмжлэгч А.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Ү, Ё.О нарт холбогдох

 34 098 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т, хариуцагч Б.Ү, хариуцагч Ё.О-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 11 дүгээр сард А.А, Б.Ү хоёр махны бизнес эрхлэх болод А.А 2016 оны 11 дүгээр сард их хэмжээний мөнгө бусдаас зээлсэн. Б.Ү-д мах бэлтгэх саналыг тавихад Б.Ү ажлын хөлсөнд 10 000 000 төгрөг авахаар тохирч, 2016 оны 11 дүгээр сард 2 000 000 төгрөг, дараа нь 8 000 000 төгрөгийг бэлнээр авсан. Нэхэмжлэгч нь хариуцагч нарт нийт 467 000 000 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу 455 000 000 төгрөгийг дансаар, 12 000 000 төгрөгийг бэлнээр Б.Ү, Ё.О нарт өгсөн. Энэ мөнгөнөөс Ё.О-гийн данс руу 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 10 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 13-ний өдөр 40 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 50 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 50 000 000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр 50 000 000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 40 000 000 төгрөгийг тус тус шилжүүлж, бэлнээр 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 12 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 100 000 000 төгрөгийг өгсөн. Б.Ү хэлсний дагуу махны ченж Ю.Азаматын дансанд 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 10 000 000 төгрөгөөр 5 удаа 50 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 12-нд 30 000 000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ченж н.Бактуторид 15 000 000 төгрөг шилжүүлсэн. Б.Ү нөхөр Баян-Өлгийд мах цуглуулж байгаа гэж хэлээд шилжүүлж байдаг. Үүнээс 361 905 081 төгрөгийн мах хөдөө орон нутгаас ирснийг хүлээн авч, 58 132 000 төгрөгийг бэлнээр болон эд материалаар хүлээн авсан. Мөн 17 206 320 төгрөгийг Ё.О-д бензин, тосны мөнгө, ажлын хөлс зэрэгт өгсөн. Манай талаас нэхэмжлэлийн шаардлагаа 4 852 000 төгрөгөөр багасгаж тооцсон. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29 456 599 төгрөгийг хэн буруутай этгээдээс нь гаргуулж өгнө үү гэжээ.            

Хариуцагч Б.Ү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгчтэй мах худалдах, нийлүүлэх, борлуулах зэрэг ямар нэгэн хэлцэл хийгээгүй. 2016 оны 11 дүгээр сарын эхээр нэхэмжлэгч нь надад мах дарах их ашигтай байдаг юм байна. Чи надад тусал, хавар махны ашгийн 10 хувийг өгөх санал тавьсан.  Нэхэмжлэгч нь машины гараашийн зориулалттай сэндвичэн барилгыг хөлдөөгч, зоорь болгож ашиглая гээд сэндвичэн барилгыг зоорь болгохоос эхлээд бүх ажилд нь би тусалсан. Манай нөхөр Ё.О вакум цонхны үйлдвэр ажиллуулдаг байсан бөгөөд өвлийн улиралд ажил нь ерөнхийдөө зогсдог. Ингээд ажилчид олох шаардлагатай болоход Амараа эгч “танай нөхрийн ажилчдыг цалинжуулаад ажиллуулмаар байна, зараар таних танихгүй хүмүүс авч ажиллуулмааргүй байна итгэл даах хүмүүс хэрэгтэй. Бэлтгэсэн махнаас гулуузаар нь үүрээд явчихвал хэн ч хянаж чадахгүй” гээд 7 хүнийг өдрийн 30 000 төгрөгөөр цалинжуулж өдөрт 2 хоолтой, мах дарах хугацаа нь богино учраас байрлуулж ажиллуулахаар болсон.

2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн энэ ажил эхэлсэн. Сэндвичэн барилгыг мах дарах зоорь болгон өөрчлөхөөр болж 3*6 хэмжээтэй, 40 тонны багтаамжтай, 10 тасалгаатай дотор нь байрлуулж, сэнс суурилуулан, шалыг нь бүхэлд нь цасаар хучихаас эхлүүлээд ажлыг нөгөө 7 залуу хийж, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн эхний зоорь бэлэн болсон. Ингээд Амараа эгч бид хоёр ачааны 2 машинтай явж Хүчит шонхор захаас мах дарж эхлээд нэхэмжлэгч өөрөө бүх мөнгө төгрөгөө өгч аваад махаа худалдаж авдаг байсан. Харин би туслах, зөвлөх маягаар хамт явдаг байсан. Тэгсэн хүчит шонхор захаас махны олдоц муутай, өдөрт 4-5 тонн мах олж байсан. Бидний зоорь 300 гаран тонн байсан учраас хөдөө орон нутгаас их хэмжээгээр мах авахаар судалж, хэд хэдэн хүмүүстэй тохиролцсон. Тухайн үед Шонхор захад байсан ханшаар цаашид энэ үнийг өсөхгүй байхаар тохиролцож их хэмжээний мөнгийг нэхэмжлэгч өөрөө мах бэлтгэсэн хүмүүст шилжүүлсэн байдаг. Баруун аймгуудаас мах оруулж ирэх хүмүүстэй хэлцэл хийгээгүй  боловч үнийн дүнг нь тохиролцчихсон байсан. Тэдгээр хүмүүс рүү их хэмжээний мөнгийг шилжүүлсэн байсан боловч тэдгээр хүмүүс хэлсэн хугацаандаа махаа нийлүүлээгүй хирнээ дараагийн мөнгөө нэхсэн. Тиймээс манай нөхрийг баруун аймаг руу мах бэлдсэн эсэх, махны чанар шалгуулахаар Амараа эгчийн нөхрийн машинаар явсан. Газар дээр нь очоод үзэхэд Ю.Азамат гэх махны ченж 100 орчим сая төгрөг авсан байж 1-2 тонн мах бэлдсэн байсан. Тиймээс Амараа эгч манай нөхрийг Ховдод байрлуулаад манай нөхрийн данс руу мөнгө шилжүүлж, мах ирсэний дараа намайг тэдэн төгрөг өг гэхээр миний заасан хүмүүс рүү мөнгө шилжүүлээрэй гэж хэлсэн. Ингээд нийт манай нөхрийн данс руу 340 000 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Улаанбаатар хотоос цуглуулсан махны тооцоог нэхэмжлэгч өөрөө хийдэг байсан. Ингээд нэр бүхий хүмүүсээс 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд Ховд, Увс, Хөвсгөл, Баян-Өлгий аймгуудаас нийт 64 408.4 кг хонины махыг 3 200 төгрөгөөр тооцоход 206 106 880 төгрөг, 78 164 кг ямааны махыг 2 200 төгрөгөөр тооцоход 171 960 800 төгрөг, 3 220.9 кг үхрийн махыг 4 000 төгрөгөөр тооцоход 12 883 600 төгрөгийн мах нийлүүлсэн. Хөдөө орон нутгаас мах авч байгаа ч хотод махны үнэ нэмэгдсэн ч үнэ нэмэгдэхгүй, энэ үнийг барина гэж тохирсон байдаг. Амараа эгч бид хоёр Улаанбаатар хотод мах дарсан. Ингээд хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотоос нийт 625 665 880 төгрөгийн махыг дарж, нэр бүхий 3 хүн рүү 455 000 000 төгрөгийг шилжүүлсэн, үүнээс 390 951 280 төгрөгийн махыг хүлээгээд авчихсан, 48 000 000 төгрөгийг дансаар Ё.О-гаас Амараа эгч рүү буцаагаад шилжүүлсэн. 136 кг ноолуурыг Ю.Азамат махны мөнгөндөө тооцоод Амараа эгч рүү явуулсныг манай нөхөр авчирч өгсөн. 8 432 000 төгрөгийн ноолуур байсан, нийт 56 432 000 төгрөгийг өгсөн байдаг. 7 617 720 төгрөгийн зөрүү нь Баруун аймгууд руу явахад гарсан бензин тос, замын зардал, тэнд хоёр сар байрлах хугацааны зардалд орсныг А.А надаас нэхэмжлэх эрхгүй.

Гэтэл А.А анхнаасаа 20 000 000 төгрөгийг зардалд багтаа, үүнээс хэтрүүлж болохгүй гэж ярьсан, илүү гарсан 7 617 720 төгрөгийн зардлыг чи өөрөө зохицуул гэсэн. Ингээд надад өгөх ашгийн 10 хувиас хасуулах санал тавьсан боловч ажил хийлгэж байсан хүүхдүүдийг маш сайн ажилласан, итгэл даах хүүхдүүд байна гээд Амараа эгчийн барьж байсан зочид буудлын барилга дээр ажиллуулаад түүнээсээ хасуулчих, чи хавар бөөн мөнгө авбал чамд юм болно гэсэн. Ингээд Амараа эгчийн барилга дээр 7 хүүхдийнхээ эхний үед 6 хүүхдийг, сүүлд нь 5 хүүхдийг ажиллуусан. 200 гаран ор угсралтын ажил 2 000 000 төгрөгт, хөшиг тогтоогч байрлуулаад 330 000 төгрөгт, фитнессийн толь наах ажлыг 500 000 төгрөгт, би хүнээс авлагатай байсандаа цемент аваад 1 700 000 төгрөгт тооцоод Амараа эгчид өгсөн, тек, модон баганы ажил хийж байсан н.Гантулга урьдчилгаа авна гэхэд нь тухайн үед А.А боломжгүй байсан учир би 1 700 000 төгрөгийг өгсөн. Мөн үйлчилгээний тамбарын ажил зэргийг хийж гүйцэтгээд 7 617 720 төгрөгийн илүү гарсан зардлыг дуусгасан. Удалгүй дарсан ямааны махыг 3 030-3 500 төгрөгөөр, хонины махыг 4 000-4 500 төгрөгөөр, ямааны цул махыг 4 800 төгрөгөөр, үхрийн махыг 5 000 төгрөгөөр зарж эхэлсэн бөгөөд 200 гаран сая төгрөгийн цэвэр ашиг олсон. Ингээд надад олсон орлогоос өгөх болоход тухайн үед А.А нь зочид буудлын барилгаа хүлээж авах гээд нэлээд завгүй байсан учраас эгч нь амжихгүй байна дараа нь өгнө гэсэн боловч өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ё.О шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ё.О нь А.А-тай махны наймаа хийх гэрээ байгуулаагүй. Эхнэр Б.Ү надад хэлэхдээ А.А эгч мах дарах ашигтай ажил юм байна. Хэрэв намайг туславал ашгийнхаа 10 хувийг өгнө гэж байна гэж хэлсэн. Би вакум цонхны үйлдвэртэй, өвөл ажил багатай учраас манай ажилтнуудыг ажиллуулах санал тавьж байна гэж хэлсэн. Манай эхнэр хөдөөнөөс мах авах гээд байна, их хэмжээний мөнгө шилжүүлсэн чинь мах нь ирэхгүй, ямар чанартай мах ирэх нь тодорхойгүй байна, чи очоод махыг нь үзэж хараад өгөөч гэж хэлсэн. Ингээд би баруун аймагт очиход 100 000 000 гаран төгрөгийн мах бэлдээгүй байсан учраас би тэнд байрлах болсон. Тэнд очсоны дараа А.А би чиний данс руу мөнгө хийе. Намайг тэрэнд мөнгө өг гэхээр миний хэлсэн мөнгийг өгөөд байгаарай л гэсэн. Ё.О-гийн хаан банкны дансаар 340 000 000 төгрөг шилжүүлсэн. Ю.Азаматын 5845195015 тоот дансаар 250 730 000 төгрөг, н.Буян-Өлзийгийн 5023061959 тоот дансаар 49 000 000 төгрөг, н.Бактурорын 5099094919 тоот дансаар 24 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Нийт бэлтгэсэн махны үнэ, жингийн тооцоог би огт мэдэхгүй.

А.А миний дансанд хийсэн мөнгийг А.А-ын хэлсэн хүмүүст шилжүүлсэн. Тэр мах нийлүүлсэн хүмүүс нь мөнгө аваад авсан мөнгөний хэмжээндээ махаа бэлтгээгүй бол махны тооцоог нь хийж зөрүү мөнгийг над руу буцаасан. Ё.О-гийн данс руу төлбөрийг шилжүүлнэ гэж хэлээд 48 000 000 төгрөгийг 136 кг ноолуурын хамт надад өгснийг нь би буцаагаад А.А-д дамжуулсан. Би энэ мөнгийг өөр ямар нэгэн байдлаар захиран зарцуулсан зүйлгүй. Мөн А.А-ын хар дэвтэрт тооцоо нийлсэн гэх баримт дээр шүүхийн журмаар шинжилгээ хийхэд Ё.О-гийн гарын үсэг мөн гэсэн дүгнэлт гарсан. Гэхдээ би зөвхөн 2 000 000 төгрөг хүлээлгэн өгсний ар талд нь гарын үсэг зурсан. Түүнээс өөр бичвэрүүд дээр гарын үсэг зурж тооцоо нийлсэн зүйл байхгүй.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ дэвтрийн хуудас дээрх бичвэрийг нэг цаг хугацаанд бичиж тооцоо нийлсэн гэдэг боловч шинжээчийн дүгнэлтээр нэг цаг хугацаанд бичигдсэн эсэхийг тогтоох боломжгүй гэж дүгнэлт гарсан. Тэр дэвтрийн хуудсыг харсан ч 2017 оны 1 дүгээр сарын 6, 2017 оны 5 дугаар сарын 31 гэсэн 2 өөр он сар тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр нэг цаг хугацаанд тооцоо нийлсэн гэж үзэх боломжгүй. Тийм учраас Ё.О хариуцагч байх боломжгүй гэж үзэж байна. Хэрвээ А.А нь ажлын хөлс гэж шаардаж байгаа бол Ё.О-д ажлын хөлс төлөх ёстой, мөн ажил хийх ямар нэгэн хэлцэл хийгдээгүй. Мөн 3 342 820 төгрөг, 12 000 000 төгрөгийг ажлын хөлсөнд өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй, энэ мөнгө нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ү, Ё.О нараас 411 600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.А-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 29 044 999 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д зааснаар хариуцагч Б.Ү 16 730 489 төгрөг гаргуулах тухай А.А-д холбогдох сөрөг нэхэмжлэлээ татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.А-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 328 443 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ү, Ё.О нараас 25 871 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Ад олгож, хариуцагч Б.Ү-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241 602 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас буцаан гаргуулж Б.Ү-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т давж заалдах гомдолдоо: А.А, Б.Ү нарын хоорондох үүссэн эрхзүйн харилцааг даалгаврын гэрээний харилцаа гэж буруу дүгнэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч их хэмжээний махыг Монгол орны баруун, зүүн хязгаараас худалдан авч байсан нь тодорхой бөгөөд хариуцагч нарт 467 000 000 төгрөгийн мах бэлтгэхтэй холбоотой тооцоонд ашиг авах, ажилчид хөлсөлсөн гэх зэрэг өөр бусад асуудлыг хутгаж байгаа нь санаатай будлиулах гэсэн мэт.  Мөн Ховд, Баян-Өлгий аймагт мах бэлтгэхэд ажилласан Ю.Азаматаар махны үнийг худал гэрчлүүлсэн тодорхойлолтыг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар үнэлсэнд гомдолтой байна. Учир нь зохигчид бэлтгэх махны үнийг тохирсон бөгөөд хариуцагч нар сайн мэдэж байсан. Өөрөөр хэлбэл, мах бэлтгэлийн үнийг хонины мах 3000 төгрөг, ямааны махыг 2000 төгрөгөөр, үхрийн махыг 3800-3850 төгрөгөөр бэлтгэн нийлүүлсэн атал Ю.Азаматаас хууль сануулан гэрчийн мэдүүлэг гаргуулаагүй бичмэл баримтыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан гэж шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч А.А хариуцагч Б.Ү, Ё.О нарт холбогдуулан 34 098 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч Б.Ү-тай бичгээр гэрээ байгуулаагүй боловч мах бэлтгүүлэхээр тохиролцож ажлын хөлсөнд 10 000 000 төгрөгийг Б.Ү-д өгсөн. Хариуцагч нарт 467 000 000 төгрөгийг мах бэлтгүүлэхээр шилжүүлснээс 361 905 081 төгрөгийн мах авч, 17 206 320 төгрөгийг Ё.О-д бензин, тосны мөнгө, ажлын хөлсөнд, 58 132 000 төгрөгийг бэлэн мөнгө болон эд материалаар авч, нэхэмжлэлийн шаардлагаа 4 852 000 төгрөгөөр багасгасан” гэж тодорхойлсон. 

Хэргийн 13 дугаар талд авагдсан “Тооцоо нийлсэн акт” гэх баримтыг үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагч Ё.О-тай тооцоо нийлж 39 678 600 төгрөгийн үлдэгдэл төлбөр гаргуулахаар шаардсан боловч уг баримт нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг эргэлзээгүй нотлоогүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журамд нийцжээ.

Талууд бэлтгэсэн махны нэг бүрийн үнийг зөрүүтэй тайлбарласан бөгөөд хэргийн 14 дүгээр талд авагдсан нэхэмжлэгчийн мах хүлээн авсан тооцооны хүснэгт гэх баримт тооцооллын зөрүүтэй байх тул хариуцагч Б.Ү-ын тайлбар /х.х-ийн 20-21 дүгээр тал/-аар махны жин, үнийг тооцож тодорхойлон нийт 390 950 080 төгрөгийн мах бэлтгэсэн гэж үзсэн нь үндэслэлтэй.

Харин талуудын тайлбар болон нэхэмжлэгч болон хариуцагч Ё.О-гийн Хаан банкны дансны хуулгаар нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагч Ё.О нь бусдад  шилжүүлж байсан үйл баримт тогтоогдсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч нарт шилжүүлсэн 467 000 000 төгрөгөөс бэлтгэсэн махны үнийг 390 950 080 төгрөгөөр тогтоон нэхэмжлэгчийн хариуцагч Ё.О-д бензин, тосны мөнгө, ажлын хөлсөнд 17 206 320 төгрөг, бэлэн мөнгөөр болон эд материалаар буцаан авсан 58 132 000 төгрөг, махны жингийн зөрүү 300 000 төгрөг, нийт 466 588 400 төгрөгийг нэхэмжлэгч А.А-д хүлээлгэн өгсөн гэж үзэн хасч үлдэгпэл 411 600 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв.

Нэхэмжлэгч нь махны нэг бүрийн үнийн тодорхойлохдоо хонины мах 3 000 төгрөг, ямааны мах 2 000 төгрөг, үхрийн мах 3 800-3 850 төгрөгөөр бэлтгэсэн гэх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад хариуцагч Б.Ү нь сөрөг нэхэмжлэлээ татан авсныг шүүх батлах ажиллагаа байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дах хэсэгт заасан сөрөг нэхэмжлэлээ татан авах ажиллагааг мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсанд тооцох учиртай. Энэ нь шийдвэрт нөлөөлөхгүй учраас анхан шатын шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзэв. Өөрөөр хэлбэл, шийдвэрийн 2 дах заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг баримтлаагүй нь татгалзлыг баталсан шийдвэрт нөлөөлөхгүй гэж үзсэн болно. 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 184/ШШ2019/00088 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305 233 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.                

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                  ШҮҮГЧИД                                        А.МӨНХЗУЛ

                                                                                                          Д.БАЙГАЛМАА