Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2019/00088

 

 

 

 

 

 

 

 

 2019 оны 01 сарын 03 өдөр

       Дугаар 184/ШШ2019/00088

               Улаанбаатар хот

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар          

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ....... тоот хаягт оршин суух, Б- овогт А-ийн А- /РД:.../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ... тоот хаягт оршин суух, Б- овогт Б-гийн Ү- /РД:.../, 

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... тоот хаягт оршин суух, У- овогт Ё-ын О- /РД:.../ нарт холбогдох, 

 

34.098.600 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 16.730.489 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т-, хариуцагч Б.Ү-, хариуцагч Ё.О-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 11 сард А.А-, Б.Ү- хоёр махны бизнес эрхлэх болсон. Ингээд А.А- 2016 оны 11 сард их хэмжээний мөнгө бусдаас зээлсэн. Б.Ү-ад мах бэлтгэх саналыг тавихад Б.Ү- ажлын хөлсөндөө 10.000.000 төгрөг авахаар тохирч 2016 оны 11 сард 2.000.000 төгрөг, дараа нь 8.000.000 төгрөгийг ажлын хөлсөндөө бэлнээр авсан. Нэхэмжлэгч нь хариуцагч нарт нийт 467.000.000 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээнд өгсөн ба үүнээс 455.000.000 төгрөгийг дансаар, 12.000.000 төгрөгийг бэлнээр Б.Ү-, Ё.О- нарт өгсөн байдаг. Энэ мөнгөнөөс Ё.О-гийн данс руу 2016.12.12-нд 10.000.000 төгрөг, 2016.12.13-нд 40.000.000 төгрөг, 2016.12.15-нд 50.000.000 төгрөг, 2016.12.28-нд 50.000.000 төгрөг, 2017.01.02-нд 50.000.000 төгрөг, 2017.01.09-нд 40.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Харин бэлнээр 2016.12.16-нд 12.000.000 төгрөг, 2016.12.20-нд 100.000.000 төгрөгийг өгсөн. Б.Ү-ын шилжүүл гэж хэлсний дагуу махны ченж н.А-ын данс руу 2016.12.11-нд 10.000.000 төгрөгөөр 5 удаа 50.000.000 төгрөг, 2016.12.12-нд 30.000.000 төгрөгийг шилжүүлсэн. 2016.12.13-нд н.Бактутор ченжид 15.000.000 төгрөг шилжүүлсэн. Б.Ү- манай нөхөр Баян-Өлгийд мах цуглуулж байна. Энэ хүмүүсийн дансанд энэ мөнгийг шилжүүл гэж хэлээд шилжүүлсэн байдаг. Үүнээс 361.905.081 төгрөгийн мах хөдөө орон нутгаас ирснийг хүлээн авсан. 58.132.000 төгрөгийг бэлэн мөнгөөр болон эд материалаар хүлээн авсан. Мөн 17.206.320 төгрөгийг Ё.О-д бензин, тосны мөнгө, ажлын хөлс зэрэгт өгсөн. Манай талаас нэхэмжлэлийн шаардлагаа гаргаснаас хойш хариуцагчийн хариу тайлбартай танилцаж тооцоо хийгээд 4.852.000 төгрөгөөр шаардлагаа багасгаж тооцсон. Үүнд 2 тонн цементийн үнэ 1.700.000 төгрөг, махны жингийн хорогдол 300.000 төгрөг, ноолуурын зөрүү үнэ 2.852.000 төгрөг байгаа. Ингээд одоо нийт 29.456.599 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ 467.000.000 төгрөгт анх ажлын хөлсөнд Б.Ү-ад өгсөн 10.000.000 төгрөг огт ороогүй. Энэ бол тусдаа. Анх энэ махны бизнесийг Б.Ү-тай хийсэн. Ё.О- нь Б.Ү-ын гэр бүлийн хүн байгаа. Тиймээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29.456.599 төгрөгийг хариуцагч нарын хэн буруутай этгээдээс нь гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Б.Ү- шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би нэхэмжлэгчтэй мах худалдах, нийлүүлэх, борлуулах зэрэг ямар нэгэн хэлцэл хийгээгүй. 2016 оны 11 сарын эхээр нэхэмжлэгч нь надад мах дарах их ашигтай байдаг юм байна. Чи надад тусал, хавар махны ашгийн 10 хувийг чамд өгнө гэдэг санал тавьсан. Өнгөрсөн жил нь нэхэмжлэгчийн Оогий гэх эгч мах дарсан. Тэгээд 50 хувийн ашиг олдог юм байна надад туслаач гэж гуйсан. Ингээд судалгаа хийхэд 500.000.000 төгрөгийн мах дарахад ойролцоогоор 20.000.000 орчим төгрөгийн зардал гардаг гэсэн. Ингэж нэхэмжлэгч нь ярихдаа машины гражийн зориулалттай сэндвичэн барилгыг хөлдөөгч зоорь болгож ашиглая гэсэн. Тэр сэндвичэн барилгыг зоорь болгохоос эхлээд бүх ажилд нь би тусалсан. Манай нөхөр Ё.О- вакум цонхны үйлдвэр ажиллуулдаг байсан бөгөөд өвлийн улиралд ажил нь ерөнхийдөө зогсдог. Ингээд ажилчид олох шаардлагатай болсон. Тэгсэн А- эгч танай нөхрийн ажилчдыг цалинжуулаад ажиллуулмаар байна. Гаднаас зараар таних танихгүй хүмүүс авч ажиллуулмааргүй байна итгэл даах хүмүүс хэрэгтэй. Бэлтгэсэн махнаас гулуузаар нь үүрээд явчихвал хэн ч хянаж чадахгүй гэсэн. Ингээд нийт 7 хүнийг өдрийн 30.000 төгрөгөөр цалинжуулж өдөрт 2 хоолтой, мах дарах хугацаа нь богино учраас байрлуулж ажиллуулахаар болсон. 2016 оны 11 сарын 15-ны өдрөөс эхлэн энэ ажил эхэлсэн. Сэндвичэн барилгыг мах дарах зоорь болгон өөрчлөхөөр болж 3*6 хэмжээтэй, 40 тонны багтаамжтай, 10 тасалгаатай дотор нь байрлуулж, сэнс суурилуулан, шалыг нь бүхэлд нь цасаар хучихаас эхлүүлээд ажлыг нөгөө 7 залуу хийж эхэлсэн. Ингээд 2016 оны 12 сарын 01-ний өдрөөс эхлэн эхний зоорь бэлэн болж эхэлсэн. Ингээд А- эгч бид хоёр ачааны 2 машинтай явж Хүчит Шонхор захаас мах дарж эхэлсэн. Ингэхэд нэхэмжлэгч нь өөрөө бүх мөнгө төгрөгөө өгч аваад махаа худалдаж авдаг байсан. Харин би туслах, зөвлөх маягаар хамт явдаг байсан. Тэгсэн хүчит шонхор захаас махны олдоц муутай байсан. Өдөрт 4-5 тонн мах л олж байсан. Бидний зоорь маш том 300 гаран тонн байсан учраас хөдөө орон нутгаас их хэмжээгээр мах авахаар судалж хэд хэдэн хүмүүстэй тохиролцсон. Тухайн үед Шонхор зах дээр байсан ханшаар цаашид энэ үнийг өсөхгүй байхаар тохиролцож их хэмжээний мөнгийг нэхэмжлэгч нь өөрөө мах бэлтгэсэн хүмүүсрүү шилжүүлсэн байдаг. Баруун аймгуудаас мах оруулж ирэх хүмүүстэй хэлцэл хийгээгүй байсан боловч үнийн дүнг нь тохиролцчихсон байсан. Ингээд тэдгээр хүмүүс рүү их хэмжээний мөнгийг шилжүүлсэн байсан боловч тэдгээр хүмүүс бид нарт хэлсэн хугацаандаа махаа нийлүүлээгүй хирнээ дараагийн мөнгөө нэхээд эхэлсэн. Тийм учраас манай нөхрийг баруун аймаг руу яваад мах бэлдсэн эсэх, махны чанарыг нь шалгуулахаар явуулсан. Ингээд А- эгчийн гуйсанаар манай нөхөр А- эгчийн нөхрийн машинаар явсан. Газар дээр нь очоод үзэхэд н.А- гэх махны ченж 100 орчим сая төгрөг авсан байж 1-2 тонн мах л бэлдсэн байсан.  Тийм учраас А- эгч манай нөхрийг Ховдод байж бай гэж байрлуулаад манай нөхрийн данс руу мөнгө шилжүүлж махыг ирсэний дараа намайг тэдэн төгрөг өг гэхээр миний заасан хүмүүс рүү мөнгө шилжүүлээрэй гэж хэлсэн. Ингээд нийтдээ манай нөхрийн данс руу 340.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Улаанбаатар хотоос цуглуулсан махны тооцоог нэхэмжлэгч нь өөрөө хийдэг байсан. Ингээд нэр бүхий хүмүүсээс 2016 оны 12 сарын 25-ны өдрөөс 2017 оны 02 сары 19-ны өдрийг хүртэлх хугацаанд Ховд, Увс, Хөвсгөл, Баян-Өлгий аймгуудаас нийт 64.408,4 кг 206.106.880 төгрөгийн хонины мах, 78.164 кг 171.960.800 төгрөгийн ямааны мах, 3.220,9 кг 12.883.600 төгрөгийн үхрийн мах нийт 390.951.280 төгрөгийн мах нийлүүлсэн байдаг. Хонины махыг 3200 төгрөгөөр, ямааны махыг 2200 төгрөгөөр, үхрийн махыг 4000 төгрөгөөр бэлдсэн. Гол нь хөдөө орон нутгаас мах аваад байгаа нь хотод махны үнэ нэмэгдсэн ч энэ үнээс нэмэгдэхгүй, энэ үнийг барина гэж тохирсон байдаг. А- эгч бид хоёр Улаанбаатар хотоос мах дарсан байдаг. Ингээд нийтдээ хөдөө орон нутгаас болон Улаанбаатар хотоос нийтдээ 625.665.880 төгрөгийн махыг дарсан байдаг. Ингээд нэр бүхий гурван хүн рүү 455.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Үүнээсээ 390.951.280 төгрөгийн махыг хүлээгээд авчихсан. 48.000.000 төгрөгийг дансаар н.О-гаас А- эгчрүү буцаагаад шилжүүлсэн. 136 кг ноолуурыг н.А- махны мөнгөндөө тооцоод А- эгчрүү явуулсныг манай нөхөр авчирж өгсөн. 8.432.000 төгрөгийн ноолуур байсан. Ингээд нийтдээ 56.432.000 төгрөгийг өгсөн байдаг. 7.617.720 төгрөгийн зөрүү гардаг. Энэ нь Баруун аймгууд руу явахад гарсан бензин тос, замын зардал, тэнд хоёр сар байрлах хугацааны зардал зэрэгт орсон байдаг. Үүнийг бол А.А- нь надаас нэхэмжлэх эрх байхгүй. Гэтэл А.А- нь анхнаасаа 20.000.000 төгрөгийн зардалд багтаа, үүнээс хэтрүүлж болохгүй гэж ярьсан энэ илүү гарсан 7.617.720 төгрөгийн зардлыг чи өөрөө зохицуул гэсэн. Ингээд би хавар надад өгөх ашгийн 10 хувиасаа хасуулах санал тавьсан боловч ажил хийлгэж байсан хүүхдүүдийг маш сайн ажилласан, итгэл даах хүүхдүүд байна гээд А- эгчийн барьж байсан зочид буудлын барилга дээр ажиллуулаад түүнээсээ хасуулчих, чи хавар бөөн мөнгө авбал чамд юм болно гэсэн. Ингээд А- эгчийн барилга дээр 7 хүүхдийнхээ эхний үед 6 хүүхдийг, сүүлд нь 5 хүүхдийг ажиллуусан. 200 гаран ор угсралтын ажил 2.000.000 төгрөгт, хөшиг тогтоогч байрлуулаад 330.000 төгрөгт, фитнессийн толь наах ажлыг 500.000 төгрөгт, би хүнээс авлагатай байсандаа цемент аваад 1.700.000 төгрөгт тооцоод А- эгчид өгсөн, тек, модон баганы ажил хийж байсан н.Г- гэдэг хүн урьдчилгаа авах гэхэд нь тухайн үед А.А- нь боломжгүй байсан учраас би 1.700.000 төгрөгийг өгсөн. Мөн үйлчилгээний тамбарын ажил зэргийг хийж гүйцэтгээд 7.617.720 төгрөгийн илүү гарсан зардлыг дуусгасан. Ингээд удалгүй дарсан махаа зарж эхэлсэн. Ямааны махыг 3.030-3.500 төгрөгөөр, хонины махыг 4.000-4.500 төгрөгөөр, ямааны цул махыг 4.800 төгрөгөөр, үхрийн махыг 5.000 төгрөгөөр зарж эхэлсэн. Ингээд 200.000.000 гаран сая төгрөгийн цэвэр ашиг олсон. Ингээд надад олсон орлогоос өгөх болоход тухайн үед А.А- нь зочид буудлын барилгаа хүлээж авах гээд нэлээд завгүй байсан учраас эгч нь амжихгүй байна дараа нь өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй. Үүнээс болж би нөхөртэйгээ хэд хэдэн удаа маргалдсан. Өчнөөн сар үүр цүүрээр босож ажиллачихаад авсан хөлсгүй ажиллаа гээд маргалдсан. Би А- эгчтэй гэр бүлийн дотно юмаа ярьдаг, хуурай эгч дүүсийн харилцаатай хүмүүс болсон байсан учраас А- эгчид туслаад явсан. Тиймээс ямар нэг гэрээ хэлцэл байгуулсан зүйл байхгүй. Цэвэр итгээд л тусалсан. Хавар болохоор ашгаасаа 10 хувиа өгөх юм байна гэсэн өгөөгүй. Сөрөг нэхэмжлэл гаргасан байсныгаа татаж авч байна. Би жирэмсний 37 ниделтэй төрөх дөхсөн. Төрөхөөсөө өмнө үндсэн нэхэмжлэлтэй маргаанаа шийдүүлье. Сөрөг нэхэмжлэлээ татан аваад нотлох баримтаа бүрдүүлж байгаад дахин гаргана. Одоо төрөх дөхсөн учраас дахин нотлох баримт бүрдүүлэх боломж алга байна. Тиймээс үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Ё.О- шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ё.О- нь А.А- гэдэг хүнтэй махны наймаа хийх гэрээ огт байгуулаагүй. Манай эхнэр Б.Ү- надад хэлэхдээ А.А- гэдэг эгч мах дарах их ашигтай ажил юм байна. Хэрэв намайг туславал ашгийнхаа 10 хувийг өгнө гэж байна гэж хэлсэн. Би вакум цонхны үйлдвэртэй, өвөл ажил багатай байдаг учраас манай ажилтнуудыг ажиллуулах санал тавьж байна гэж хэлсэн. Манай эхнэр хөдөөнөөс мах авах гээд байна. Их хэмжээний мөнгө шилжүүлсэн чинь мах нь ирэхгүй, ямар чанартай мах ирэх нь тодорхойгүй байгаад байна, чи очоод махыг нь үзэж хараад өгөөч гэж хэлсэн. Ингээд би баруун аймаг руу явсан. Би тэнд очиход 100.000.000 гаран төгрөгийн мах бэлдээгүй байсан учраас би тэнд байрлах болсон. Тэнд очсоны дараа А- би чиний данс руу мөнгөө хийе. Намайг тэрэнд мөнгө өг гэхээр миний хэлсэн мөнгийг өгөөд байгаарай л гэсэн. Ё.О-гийн хаан банкны дансаар 340.000.000 төгрөг шилжүүлсэн. н.А-ын 5845195015 тоот дансаар 250.730.000 төгрөг, Буян-Өлзийгийн 5023061959 тоот дансаар 49.000.000 төгрөг, н.Бактурорын 5099094919 тоот дансаар 24.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Нийт бэлтгэсэн махны үнэ, жингийн тооцоог би огт мэдэхгүй. А.А- миний дансанд хийсэн мөнгийг А.А-ын хэлсэн хүмүүст шилжүүлсэн. Тэр мах нийлүүлсэн хүмүүс нь мөнгө аваад авсан мөнгөний хэмжээндээ махаа бэлтгээгүй бол махны тооцоог нь хийж зөрүү мөнгийг над руу буцаасан. Ё.О-гийн данс руу төлбөрийг шилжүүлнэ гэж хэлээд 48.000.000 төгрөгийг 136 кг ноолуурын хамт надад өгснийг нь би буцаагаад А.А-д дамжуулсан. Би энэ мөнгийг өөр ямар нэгэн байдлаар захиран зарцуулсан зүйл байхгүй. Мөн Ё.О- нь хариу тайлбартаа А.А-тай тооцоо нийлэх үндэс байхгүй. Энэ нь хуурамч нотлох баримт болно гэж бичсэн байдаг. А.А-ын хар дэвтэр дээр тооцоо нийлсэн гэх баримт дээр шүүхийн журмаар шинжээч томилж шинжилгээ хийсэн. Гарын үсэг нь Ё.О-гийн гарын үсэг мөн гэсэн дүгнэлт гарсан. Гэхдээ би зөвхөн 2.000.000 төгрөг хүлээлгэн өгснийхөө ар талд нь гарын үсэг зурсан. Түүнээс өөр бичвэрүүд дээр гарын үсэг зурж тооцоо нийлсэн зүйл байхгүй. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ дэвтрийн хуудас дээрх бичвэрийг нэг цаг хугацаанд бичиж тооцоо нийлсэн гэдэг боловч шинжээчийн дүгнэлтээр нэг цаг хугацаанд бичигдсэн эсэхийг тогтоох боломжгүй гэдэг дүгнэлт гарсан. Тэр дэвтрийн хуудсыг харсан ч гэсэн 2017 оны 1 сарын 6, 2017 оны 5 сарын 31 гэсэн 2 өөр он сар тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр нэг цаг хугацаанд тооцоо нийлсэн гэж үзэх боломжгүй. Тийм учраас Ё.О- нь хариуцагч байх боломжгүй юм гэж үзэж байна. Хэрвээ А.А- нь ажлын хөлс гэж шаардаж байгаа бол Ё.О-д ажлын хөлс төлөх ёстой, мөн ажил хийх ямар нэгэн хэлцэл хийгдээгүй байдаг. Мөн 3.342.820 төгрөг, 12.000.000 төгрөгийг ажлын хөлсөнд өгсөн гэх ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй. Энэ мөнгө нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзэж байна. Тиймээс хариуцагч Ё.О-гийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                      

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч А.А- нь хариуцагч Б.Ү-ад холбогдуулан 34.098.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ё.О-г хамтран хариуцагчаар татаж, нэхэмжлэлийн шаардлагаа 4.852.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.Ү- нь А.А-д холбогдуулан 16.730.489 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

А.А- нь “...хариуцагч Б.Ү-тай бичгээр гэрээ байгуулаагүй хэдий боловч мах бэлтгүүлэхээр харилцан тохиролцож ажлын хөлсөнд 10.000.000 төгрөгийг Б.Ү-ад өгсөн. Хариуцагч нарт нийт 467.000.000 төгрөгийг мах бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Үүнээс 361.905.081 төгрөгийн мах ирсэн, 17.206.320 төгрөгийг Ё.О-д бензин, тосны мөнгө, ажлын хөлсөнд,  58.132.000 төгрөгийг бэлэн мөнгөөр болон эд материалаар буцаан авч, 4.852.000 төгрөгөөр шаардлагаа багасгаж, багасгасан 4.852.000 төгрөгт 2 тн цементийн үнэ 1.700.000 төгрөг, ноолуурын зөрүү 2.852.000 төгрөг, махны жингийн зөрүүд 300.000 төгрөг хасаж тооцсон. Одоо нийт 29.456.599 төгрөгийг буцаан өгөөгүй тул ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэж нэхэмжилнэ” хэмээн шаардав. 

 

Хариуцагч Б.Ү- “...би нэхэмжлэгчтэй мах худалдах, нийлүүлэх, борлуулах зэрэг ямар нэгэн хэлцэл хийгээгүй. Нэхэмжлэгч нь чи надад тусал, хавар махны ашгийн 10 хувийг өгнө гэсэн. Би болон манай нөхөр нэхэмжлэгчид тусалсан. Махны үнийн зөрүү гарч байна. Манай нөхрийн данс руу 340.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Баруун аймгуудаас нийт 64.408,4 кг 206.106.880 төгрөгийн хонины мах, 78.164 кг 171.960.800 төгрөгийн ямааны мах, 3.220,9 кг 12.883.600 төгрөгийн үхрийн мах, нийт 390.951.280 төгрөгийн мах нийлүүлсэн байдаг. Хонины махыг 3200 төгрөгөөр, ямааны махыг 2200 төгрөгөөр, үхрийн махыг 4000 төгрөгөөр худалдан авсан. Ё.О-гийн дансаар орсон мөнгийг А.А-д буцаагаад өөрт нь өгсөн. Надад 10.000.000 төгрөгийн ажлын хөлс өгсөн гэдэг нь худал, тэр мөнгийг ажилчдын цалин, хоол унданд зарцуулсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргав.

 

Хариуцагч Ё.О- “...А.А- гэдэг хүнтэй махны наймаа хийх гэрээ огт байгуулаагүй. Их хэмжээний мөнгө шилжүүлсэн чинь мах нь ирэхгүй, ямар чанартай мах ирэх нь тодорхойгүй байгаад байна, чи очоод махыг нь үзэж хараад өгөөч гэж хэлсэн. Баруун аймаг руу явсан. А.А- би чиний данс руу мөнгөө хийе. Намайг тэрэнд мөнгө өг гэхээр миний хэлсэн мөнгийг өгөөд байгаарай гэсэн. Хэлсэн хүмүүст нь мөнгийг нь өгөөд үлдсэн мөнгийг нь, н.А-ын явуулсан ноолуурын хамт А.А-д буцаагаад өгсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн тайлбарлав.

 

А.А- нь хариуцагч Ё.О-гийн эзэмшдэг Хаан банк дахь 5059368651 дугаарын данс руу 340.000.000 төгрөг, бэлнээр 12.000.000 төгрөгийг, нэр бүхий /н.А-, Бактурор, 5845195015/ хүмүүст 115.000.000 төгрөгийг, нийт 467.000.000 төгрөгийг мах бэлтгүүлэхээр шилжүүлжээ. Нэхэмжлэгчийн мах бэлтгүүлэхээр шилжүүлсэн нийт мөнгөн дүнд, мөн А.А-аас мөнгө хүлээн авсан үйл баримтын талаар хариуцагч нар маргаагүй тул А.А- шаардлага гаргах эрхтэй гэж үзнэ. 

 

Нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэж үүрэг шаардаж байгаа боловч Иргэний хуулийн 343 дугаар зүйлд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг хүлээхээр заасан ба талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ажил гүйцэтгэх гэрээний гол зүйл болох гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар хэрхэн тохиролцсон, ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг хэдий хугацаанд захиалагчид хүлээлгэн өгөх, хэдэн төгрөгөөр, хэдий хэмжээний, нэг бүрийн үнэ нь хэдэн төгрөгийн үнэтэй мах бэлтгүүлэхээр тохиролцсон эсэх нь тодорхойгүй, энэ талаар нэхэмжлэгчийн тайлбар баримтаар нотлогдоогүй болно. 

 

Хэдийгээр нэхэмжлэгчээс “...хариуцагч Ё.О-тай тооцоо нийлээд 39.678.600 төгрөгийн  үлдэгдэлтэй гэсэн баримт үйлдэж гарын үсэг зурсан” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж “Даваагийн махны тооцоо” гэх гар бичмэл баримтыг ирүүлж, Ё.О- гарын үсэг зурсан гэх боловч уг баримт нь “...2017.1.06, 2017.5.31...” гэсэн 2 өөр он сар өдөр тэмдэглэгдсэн, нэг цаг хугацаанд үйлдэгдсэн эсэх нь тодорхойгүй, хэдийнээс хэдий хугацаан дахь, хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй болох, Ё.О- нь хэнтэй тооцоо нийлээд байгаа нь тодорхойгүй, тооцоо нийлсэн бол үлдэгдлийг 2 тал гарын үсгээр харилцан баталгаажуулах шаардлагатай тул уг баримтыг тооцоо нийлсэн акт гэж үзэх үндэслэлгүй. /хх-13х/

 

Нэхэмжлэгч “...467.000.000 төгрөгийн дүнд хариуцагч Б.Ү-ад ажлын хөлсөнд өгөхөөр тохиролцож шилжүүлсэн 10.000.000 төгрөг багтаагүй...” гэж, хариуцагч Б.Ү- нь “...10.000.000 төгрөгийг ажлын хөлсөнд аваагүй, харин мах бэлтгэхэд ажилласан 7 ажилтны ажлын хөлсөнд өгсөн” хэмээн маргаж Л.Н-, О.З-, Б.Т-, Д.Э-, Ө.Н-, Б.М-, С.А- нарт ажлын хөлс олгосон талаарх баримтыг Б.Ү-аас гаргаж, гэрчээр Л.Н-, О.З- нарыг шүүх хуралдаанд асуулгав. Хууль сануулан мэдүүлэг авсан гэрч нарын мэдүүлгээр “...өдрийн 30.000 төгрөгийн ажлын хөлстэйгээр, 3 сарын хугацаанд 7 хүн мах бэлтгэхэд ажилласан” талаар нотолсон бөгөөд нэхэмжлэгчээс 2016 оны 12 сараас эхлэн 3 сар орчмын хугацаанд бэлтгэсэн махыг ямар ажиллах хүчээр, хэдий хэмжээний зардлаар бэлтгэсэн болох, дээрх  бичгийн баримт болон гэрчийн мэдүүлгийг үгүйсгэж, няцаах баримтыг шүүхэд гаргаагүй байна. /хх-85-87, 127-138х/

 

Дээр дүгнэсэн үйл баримт, хариуцагч Б.Ү-, Ё.О- нарын хариу тайлбар, нэхэмжлэгч А.А-ын Хаан банкинд эзэмшдэг дансны хуулгаар Ё.О-гаас өөр бусад этгээдэд “...махны үнэ” гэсэн утгатайгаар А.А- мөнгө шилжүүлж хүлээн авч байсан, хариуцагч Ё.О-гийн дансны хуулгаар нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгийг Ё.О- нь бусдад “...махны урьдчилгаа” гэсэн гүйлгээний утгатайгаар тухайн өдөрт нь шилжүүлж байсан, мах нийлүүлсэн гэх Ю.А-ын тодорхойлолт, гэрч нарын мэдүүлэг зэргээс үзэхэд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, харилцаа үүсээгүй болох нь тогтоогдов. Тиймээс А.А-, Б.Ү-, Ё.О- нарын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлд заасан Даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. /хх-30-73, 112-114, /

 

А.А- нь 29.456.599 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардаж, 467.000.000 төгрөгөөр мах бэлтгүүлэхээр шилжүүлснээс 361.905.081 төгрөгийн мах ирсэн, 17.206.320 төгрөгийг Ё.О-д бензин, тосны мөнгө, ажлын хөлсөнд,  58.132.000 төгрөгийг бэлэн мөнгөөр болон эд материалаар буцаан авч, махны жингийн зөрүүд 300.000 төгрөг хасаж тооцсон хэмээн тодорхойлсон. /хх-104-105/  

 

Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-т “даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 400 дугаар зүйлийн 400.3-т “даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн шаардлагаар гүйцэтгэж байгаа ажлын явцын талаар мэдээлэх, даалгавар гүйцэтгэхтэй холбогдуулан хүлээж авсан бүх зүйлийг даалгавар өгөгчид нэн даруй шилжүүлэх үүрэгтэй” хэмээн заасан.

 Хуулийн дээрх заалтаар даалгавар гүйцэтгэгч Б.Ү-, Ё.О- нар нь даалгавар гүйцэтгэхтэй холбогдуулан хүлээн авсан бүх зүйлийг А.А-д буцаан шилжүүлэх үүрэгтэй байна. Хариуцагч тал бэлтгэсэн махны нэг бүрийн үнэ нэхэмжлэгчийн тодорхойлсноос зөрүүтэй талаар тайлбарлаж, хонины махны нэгж үнэ 3200 төгрөг, ямааны мах 2200 төгрөг, үхрийн мах 4000 төгрөгөөр бэлтгэсэн гэж, нэхэмжлэгч хонины махыг 3000 төгрөгөөр, ямааны махыг 2000 төгрөгөөр, үхрийн махыг 3800-3850 төгрөгөөр бэлтгүүлсэн гэж маргасан ба энэ тохиолдолд ийм үнээр бэлтгүүлсэн гэдгээ нотлох чиг үүрэг нь нэхэмжлэгчид үүсэх бөгөөд хавтаст хэргийн 14 дүгээр хуудсанд авагдсан “...бог, бодын мах хүлээн авсан тооцооны хүснэгт” гэх баримтыг А.А-аас ирүүлсэн бөгөөд уг баримтаар хонины мах 434.681кг /125185кг+53765+191015+4834+8947+41449+8745+741/х3000=1.304.043.000 төгрөг, ямааны мах 191.816кг /13070+13385+112895+3631+2317+22257+20488+3773/х2000=383.632.000 төгрөг, үхрийн мах 999,6кг х3800=3.798.480 төгрөг, 2221кг х3850=8.550.850 төгрөг, нийт махны үнэ 1.700.024.330 төгрөг болох тооцоо гарч байна. Энэ нь нэхэмжлэгчийн нийт 361.905.081 төгрөгийн мах хүлээн авсан гэх тооцооллоос илт зөрүүтэй байна. /хх-14/

 

Харин хариуцагч Б.Ү-ын тайлбараар хонины мах 64.408,4 кг х3200=206.106.880 төг, ямааны мах 78.164 кг х 2200=171.960.800 төг, үхрийн мах 3220,9кг х 4000=12.883.600 төгрөг, нийт 390.951.280 төгрөгийн мах хүлээн авсан гэх тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна. Тиймээс хариуцагчийн тайлбараар махны жин үнийг тооцов. Үхрийн махны жинг нэхэмжлэгч 3220,6 кг гэж, Б.Ү- 3220,9 кг хэмээн тодорхойлж 0,3 кг-ийн зөрүү гарч байх тул нэхэмжлэгчийн тодорхойлсон жин болох 3220,6 кг-аар тооцов. Тиймээс хариуцагч нар хонины мах 206.106.880 төгрөгөөр /64.408,4кг х3200/, ямааны мах 171.960.800 төгрөгөөр /78.164кг х 2200/, үхрийн мах 12.882.4000 төгрөгөөр /3220,6 кг х4000/, нийт 390.950.080 төгрөгийн мах бэлтгэсэн гэж үзэв. Хариуцагч Б.Ү-ын тодорхойлсон махны нэгж үнийг орон нутагт мах бэлтгэсэн гэх Ю.А- гэрчлэн бичгээр тодорхойлолт ирүүлсэн бөгөөд уг баримт нь хуульд заасан бичмэл баримтын шаардлага хангасан тул нотлох баримтаар шүүх үнэлсэн болно.  /хх-20-21, 172/

 

Дээрх тооцооллоос дүгнэхэд нэхэмжлэгч хариуцагч нарт шилжүүлсэн 467.000.000 төгрөгөөс бэлтгэсэн махны үнийг 390.950.080 төгрөгөөр тооцож, нэхэмжлэгчийн өөрийн тодорхойлсноор Ё.О-д бензин, тосны мөнгө, ажлын хөлсөнд 17.206.320 төгрөг, бэлэн мөнгөөр болон эд материалаар буцаан авсан 58.132.000 төгрөг, махны жингийн зөрүү 300.000 төгрөг, нийт 466.588.400 төгрөгийг даалгавар өгөгч буюу А.А-д хүлээлгэн өгсөн гэж үзвэл 411.600 төгрөгийн үлдэгдлийг А.А-д хүлээлгэн өгөх үүргийг хариуцагч нар Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.3 дахь хэсэгт зааснаар хүлээнэ.

 

Иймд нэхэмжлэгчийн шаардсан 29.456.599 төгрөгийн шаардлагаас  411.600 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29.044.999 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч Б.Ү- нь А.А-д холбогдуулан гаргасан 16.730.489 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээ жирэмсний 37 нидельтэй төрөх хугацаа болсон тул нотлох баримтаа дахин бүрдүүлж гаргах үндэслэлээр татан авах тухай хүсэлтийг гаргасан тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д зааснаар хариуцагч Б.Ү- сөрөг нэхэмжлэлээ татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов. 

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хувь хэмжээгээр зохигчдод хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон        

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ү-, Ё.О- нараас 411.600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.А-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 29.044.999 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д зааснаар хариуцагч Б.Ү- 16.730.489 төгрөг гаргуулах тухай А.А-д холбогдох сөрөг нэхэмжлэлээ татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.А-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 328.443 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ү-, Ё.О- нараас 25.871 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.А-д олгож, хариуцагч Б.Ү-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241.602 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас буцаан гаргуулж Б.Ү-ад олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.УРАНЗУЛ