| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 183/2018/03015/и |
| Дугаар | 00556 |
| Огноо | 2019-03-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 00556
Р.Б-ын нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/00035 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Р.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Б.Э-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт нийт 106 419 066 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Б 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 35 740 ам.долларыг Б.Э-т зээлдүүлэн, зээлийн гэрээ байгуулсан. 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Б.Э нь зээлээ 2015 ны 7 дугаар сарын 25-ны өдөр барагдуулна гэж, зээлийн гэрээг 1 жил 15 хоногоор сунгасан. Гэтэл зээлдэгч Б.Э одоог хүртэл зээлийн төлбөр төлөөгүй. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасны дагуу бичгээр зээлийн гэрээний хугацааг сунгасныг үндэслэн 2015 ны 7 дугаар сарын 25-ны өдрийн Монголбанкны зарласан ханш 1985.06 төгрөгөөр тооцоход зээлийн үндсэн төлбөрт 70 946 044 төгрөг байна. Түүнчлэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэг болон зээлийн гэрээний 3 дах хэсэгт заасны дагуу зээлдэгч Б.Э-аас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 35 473 022 төгрөгийн алданги нэхэмжилж байна.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Л.Дариймаагийн нэр дээрх 18681310157342 дугаар бүхий, 000473839 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Г.Болортунгалагийн нэр дээрх нэгж талбарын 18631310133332 дугаар бүхий, 000473855 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Ц.Ганболдын нэр дээрх нэгж талбарын 18631310102306 дугаар бүхий, 000473858 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Л.Бадамгаравын нэр дээрх нэгж талбарын 18631310095343 дугаар бүхий, 000473857 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Э.Нандин-Эрдэнийн нэр дээрх нэгж талбарын 18631310096328 дугаар бүхий, 000473856 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газруудыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан. Гэтэл газар эзэмшигчид газрын гэрчилгээгээ үрэгдүүлсэн гэх шалтгаанаар шинээр гэрчилгээ авсан байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр сарын 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн төлбөрт 70 946 044 төгрөг, алданги 35 473 022 төгрөг, нийт 106 419 066 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдөр өөрийн садангийн ах Ч.Цогтбаяраас мөнгө өгөх боломж байна уу гэхэд тэрээр өөрөөсөө мөнгө гаргаж өгнө гэхдээ чи Р.Бтой гэрээ байгуулчих гэж дээрх гэрээг Р.Б-той байгуулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Б.Э зээлээ 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр барагдуулна гэж бичиг хийж өгч, гэрээг сунгасан гэжээ. Анх мөнгө зээлсэн гэрээний асуудлаар бид дахин уулзаагүй бөгөөд би Р.Б-д зээлээ төлж барагдуулах талаар ямар нэг бичиг хийж өгөөгүй, гэрээг сунгаагүй болно. Хадам аавын төрсөн дүү Ч.Цогтбаярт 2005 онд “Элгэн” XXК байгуулахад нь эхлэлтийн хөрөнгө болгож 8 000 000 төгрөг мөн 2011 онд БНСУ-д геологи хайгуулийн өрөм захиалаад Монгол руу ачуулах гэж байтал Ч.Цогтбаяр ах надтай Сүхбаатарын талбай дээр уулзаж ах нь “энэ өрмийг чинь мөнгийг нь төлөөд авъя Энержи Ресурстэй гэрээ байгуулчихсан чинь өрөм байдаггүй алдагдалд орох гээд байна, ах нь өрөмдлөгийн ажлын ашгийн 30 хувийг cap болгон тооцож өгч байя” гэсэн. Тэгээд би гэрээ хийе гэтэл ахдаа итгэхгүй байгаа юм уу гэхээр нь гэрээ хийгээгүй аман гэрээ болоод өнгөрсөн. Тэрээр амалсан өрөмдлөгийн ажлын 30 хувийг өгөөгүй бөгөөд өрөм 160 сая воннын үнэтэй байсан. Би өрөмөө тухайн үед 220 мянган ам.долларааар зарахаар тохирчихсон байснаа хамаатан садны холбоогоо бодоод ахын гуйлтыг биелүүлсэн.
Иймд би Ч.Цогтбаяр ахад мөнгө төгрөг, техник тоног төхөөрөмжөөр тусалж байсан болохоор түүнээс мөнгөний авлагатай гэж бодож мөнгө өгөөч гэж гуйсан. Гэтэл намайг Р.Бтой зээлийн гэрээ байгуулчих чи бид хоёр дараа нь учраа олно гэсэн болохоор гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч Р.Б нь Ч.Цогтбаяр ахын “Элгэн” ХХК-д түүний туслахаар ажилладаг тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Э-аас 80 812 607 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Б-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 25 606 459 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 690,050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эаас 562 013 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Бод олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Б.Э давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх “Хариуцагч бичгээр байгуулсан гэрээнд илэрхийлсэн хүсэл зоригийг үгүйсгэхдээ мөнгийг өөр этгээдээс хүлээн авсан” гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан бичгийн баримтаар энэ үйл баримт тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн хирнээ Б.Э миний өөрийн хүсэлт болно гэж гараар бичсэн "...Цогтбаяр ахаас авсан зээлээ 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гэхэд 70 000 000 төгрөг төлж барагдуулна. Барагдуулаагүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэсэн баримтыг гэрээний хугацаа сунгасан баримт гэж үзэж Иргэний хуулийн 201 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасан журмын дагуу үүрэг гүйцэтгэх хугацааг 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гэж үзнэ” гэж миний Ч.Цогтбаяр ахад хийж өгсөн баримтыг үндэслэн хариуцагч Б.Э надаас 80 812 607 төгрөгийг гаргуулан Р.Бод олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Шүүх зээлийг Ч.Цогтбаяраас аваагүй гэж үзсэн тохиолдолд Р.Б-той байгуулсан зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Р.Б нь хариуцагч Б.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 106 419 066 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч нэхэмжлэгч Р.Б-оос мөнгө буюу зээл аваагүй” гэж маргажээ.
Талуудын хооронд 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 35 740 ам.долларыг, 2 сарын хугацаатай, зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулагдсан, хариуцагч нь мөнгөн хөрөнгийг иргэн Ч.Цогтбаяраар дамжуулан хүлээн авсан үйл баримтын талаар талууд маргаагүй. /х.х-ийн 36 дугаар тал/
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
Хэргийн 32 дугаар талд авагдсан хариуцагч Б.Э нь 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 35 000 ам.доллар зээлж авсан Цогтбаяр ахаас авсан зээлээ 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гэхэд өглөг болох 70 000 000 төгрөгийг төлж барагдуулна. Барагдуулаагүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэх баримтыг талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, Б.Э нь Ч.Цогтбаяртай зээлийн гэрээ байгуулаагүй тул Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу үүрэг гүйцэтгэх хугацааг шүүх 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөр тогтоосон нь үндэслэлтэй.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжилж, хаягийг нь тогтоож байсан үйл баримтаас үзэхэд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. /х.х-ийн 5 дугаар тал/
Шүүх зээлийн гэрээний үүрэг үүсэх үеийн ханшийг талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Монголбанкны зарласан ам.долларын ханшаар тооцон 35 740 ам.доллар* 1808.9 төгрөгөөр тодорхойлон 64 650 086 төгрөг, алдангид 16 162 521 төгрөг, нийт 80 812 607 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасантай нийцсэн байна.
Анхан шатны шүүх үүрэг үүсэх үеийн ханшийг 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөр тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг үндэслэн шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч нь “мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч Р.Б-оос аваагүй, Ч.Цогтбаярт мөнгө болон тоног төхөөрөмжөөр тусалж байсан тул түүнээс авах авлагадаа тооцсон” гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/00035 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 562 013 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Д.БАЙГАЛМАА