Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 221/MA2017/0257

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 04 өдөр                   Дугаар 221/МА2017/0257                          Улаанбаатар хот

        

 Д.Чойжилсүрэнгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Д.Чойжилсүрэн нарыг оролцуулан хийж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Д.Чойжилсүрэнгийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.2.2, Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Чойжилсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/135 дугаар захирамжийг хүчингүй болгож, тус аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны олговор 3,396,549 төгрөгийг хариуцагч Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч Д.Чойжилсүрэнд олгож, дээрх олговроос түүний эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг холбогдох хуульд заасан журмын дагуу тооцож, зохих санд шилжүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийлгүүлэхийг хариуцагч Завхан аймгийн Засаг даргад даалгаж тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...хариуцагч Д.Чойжилсүрэнг төрийн жинхэнэ албанаас чөлөөлөхдөө зөвхөн Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан үндэслэлийг баримтлах ёстой” гэж дүгнэсэн нь буруу бөгөөд мөн шүүхийн шийдвэрт “...нэхэмжлэгчийг тогтоох ажиллагаа явуулаагүй байна” гэж бичсэн нь ойлгомжгүй байна.

Мөн сонгуультай холбоотойгоор аймгийн Сонгуулийн хороо болон аймгийн Засаг даргаас Сонгуулийн тухай хууль зөрчиж аливаа хэлбэрээр хуулиар хориглосон арга хэмжээнд оролцсон, албаны эд хөрөнгийг ашиглуулсан нь тогтоогдвол хуулийн хариуцлага хүлээлгэхийг албан байгууллагын дарга нарт сануулж, ажилчиддаа анхааруулахыг зөвлөж, хэрэв хууль зөрчсөн ажилтан, албан хаагч байвал ажлаас халах талаар, мөн ажилтнуудад хяналт тавьж ажиллахыг сануулсан гэдгийг нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүнийг харгалзан үзээгүй.

Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн байна.

Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/135 дугаар захирамжаар Биеийн тамир, спортын газрын дарга Д.Чойжилсүрэнг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.10, Биеийн тамир спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д заасныг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 30 дугаар зүйлийн 30.1-д “30.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 30.1.10-д “хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх”, Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга биеийн тамир, спортын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 10.1.3-т “аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нь аймаг, нийслэл, дүүрэгт биеийн тамир, спортын хороог байгуулан ажиллуулах ба биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөн тухайн биеийн тамир, спортын хорооны удирдлагыг томилж, чөлөөлөх” гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, аймгийн Засаг дарга нь биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөн аймгийн Биеийн тамир, спортын хорооны удирдлагыг томилж, чөлөөлөх бүрэн эрхтэй байх боловч энэхүү бүрэн эрх нь гагцхүү Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах, чөлөөлөх нөхцөл бүрдсэн тохиолдолд хэрэгжих юм. Учир нь Биеийн тамир, спортын газрын дарга нь төрийн захиргааны албан тушаал бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар төрийн захиргааны албан хаагч нь төрийн жинхэнэ албан хаагч юм.

Гэтэл маргаан бүхий Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/135 дугаар захирамжид нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх Төрийн албаны тухай хуульд заасан ямар нөхцөл бүрдсэн талаар дурдаагүй, ажлаас чөлөөлж буй хууль зүйн үндэслэлийг заагаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 /Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна/, 40.2.3 /захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах/-т заасныг тус тус зөрчжээ.

Хариуцагчаас нэхэмжлэгч Д.Чойжилсүрэнг “төрийн байгууллагын өмч хөрөнгийг зориулалт бусаар Сонгуулийн тухай хуулиар хориглосон арга хэмжээнд ашиглуулж, эд хөрөнгө болон байгууллагынхаа ажилтанд хяналт тавьж ажиллаагүй, хууль зөрчсөн төрийн албан хаагчид хуулийн дагуу арга хэмжээ аваагүй” гэж тушаалд заагаагүй, нотлох баримтаар тогтоогдоогүй шалтгаан, үндэслэлээр буруутган маргаж буй нь үндэслэлгүй юм.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим тул хариуцагч нь төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргахдаа зөвхөн хуульд заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд ажлаас халах, уг үндэслэл тус бүр тодорхой байх төдийгүй нотлох баримтаар тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд нэхэмжлэгч нь дээрх зөрчлүүдийг гаргасан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Дээрхээс үзэхэд, Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/135 дугаар захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана”, 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэж тус тус заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчсөн шийдвэр болсон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Харин шүүх нэхэмжлэгчид олгох ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв боловч олговрыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан гэм хорын улмаас учирсан хохиролтой адилтган дүгнэж, улмаар нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учруулсан хохирлыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасныг удирдлага болгосон нь буруу болохыг цаашид анхаарвал зохино.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт заасныг баримталсан нь уг маргааныг шийдвэрлэхэд хамааралгүй байх тул хуулийн зүйл, заалтыг зөвтгөсөн өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...27.2.2...” гэснийг “...27.2.1...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ШҮҮГЧ                                                          О.НОМУУЛИН

            ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

            ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН