Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 13

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Д.*******гийн нэхэмжлэлтэй тус аймгийн *******д холбогдох 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/135 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд нь төвлөрүүлэн, дээрх даатгалын дэвтрүүдэд холбогдох нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.*******, хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие ******* овогтой ******* нь анх Завхан аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарны 15-ны Б/203 тоот захирамжаар аймгийн Биеийн тамир, Спортын газрын даргаар томилогдож, Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67-р тогтоолын 4-р зүйлийг өөрчлөн найруулсантай холбоотойгоор аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/29 тоот захирамжаар ажлаас чөлөөлөгдөж, мөн уг захирамжаар тухайн өдрөө аймгийн Биеийн тамир, Спортын газрыг өөрчлөн байгуулж, Соёл спорт, аялал жуулчлалын газар гэсэн нэртэй болгож, буцаад 2015 онд Биеийн тамир, спортын газар болгож байгууллагын нэр өөрчлөгдөж байсан. Би аймгийн Биеийн тамир, Спортын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа төрийн албан хаагчийн ёс зүйг чандлан сахиж, гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргээ хангалттай биелүүлж ирсэн. Гэтэл Завхан аймгийн ******* нь 2016 оны 11 сарын 15-ны өдрийн Б/135 тоот захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, Биеийн тамир спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн намайг ажлаас чөлөөлсөн.

Төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулинд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлдөг байтал дээрхи захирамжинд зааснаар намайг Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн ******* нь аймаг, нийслэл, дүүрэгт биеийн тамир, спортын хороог байгуулан ажиллуулах ба биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөн тухайн биеийн тамир, спортын хорооны удирдлагыг томилж, чөлөөлөх гэж заасан байна. Гэтэл энэ нь төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх хуулийн үндэслэл биш бөгөөд мөн намайг ажлаас чөлөөлөхдөө биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөөгүй болохыг би өөрөө яамнаас асууж тодруулсан болно. Би 1980 оноос хойш 36 жил төрийн байгууллагад ажиллаж, төрийн албанд өөрийн амьдралаа зориулсан бөгөөд ахмад настны тэтгэвэр тогтоолгоход 5 жил дутуу байхад намайг төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлсөнд гомдолтой байна.

Иймд Завхан аймгийн Засаг даргын 2016 оны Б/135 тоот захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр урьдчилан шийдвэрлүүлэхээр гомдол гаргахад, тус салбар зөвлөлөөр Салбар зөвлөлийн хуралдааны ирц хүрэхгүй байгаа учир таны асуудлыг хэлэлцэж, дүгнэлт гаргах боломжгүй тул дараагийн шатны байгууллагад хандахыг зөвлөж байна гэсэн хариуг өгсөн болно. Ийм учраас Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/135 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Завхан аймгийн Биеийн тамир, Спортын газрын даргын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэн, дээрх даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу нотлох баримтаа цуглуулдаг тул хариуцагч талаас ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй билээ. Харин нэмэлт тайлбарын тухайд гэвэл 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Захиргааны ерөнхий хуулийг мөрдөж шийдвэр гаргахдаа хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэн хувийн хэрэг үүсгэн хадгалж байна. Д.*******г ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хууль үндэслэлээгүй боловч бусад хуулиар буюу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, Биеийн тамир, Спортын тухай хуулийн10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ******* бүрэн эрхийнхээ хүрээнд чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Биеийн тамир, Спортын газрын дарга Д.******* нь төрийн байгууллагын өмч хөрөнгийг зориулалт бусаар Сонгуулийн хуулиар хориглосоор байтал сонгуулийн арга хэмжээнд эд хөрөнгө болон байгууллагынхаа ажилтанд хяналт тавьж ажиллаагүй мөн хууль зөрчсөн төрийн албан хаагчид хуулийн дагуу арга хэмжээ аваагүй байдаг. Тодруулбал: тус газрын УАЗ фургон авто ЗАН 43-45 улсын дугаартай автомашиныг орон нутгийн сонгуулийн үеэр Монгол ардын намын үйл ажиллагаанд номер солин ашигласан үүнийг Цагдаагийн байгууллагаас тогтоон жолооч Ч.*******т захиргааны эрх хасах арга хэмжээ авсан гэдэг үүнийг Цагдаагийн байгууллагаас тодруулж өгнө үү. Энэхүү хууль зөрчиж эрхээ хасуулсан ажилтан Ч.*******ийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар жижүүрээр томилсон нь ашиг сонирхлын зөрчилтэйг харуулж байна. Тушаалыг хавсаргав. Тус захирамжийн хувийн хэрэгт авагдсан дагалдах хуудсыг хүргүүлж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/135 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд нь төвлөрүүлэн, дээрх даатгалын дэвтрүүдэд холбогдох нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх хэрэгт хуульд заасны дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад тулгуурлан дараах дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1. Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/135 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Маргаан бүхий захиргааны акт болох Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/135 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.10, Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтуудыг үндэслэн Д.*******г аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч тал нь Завхан аймгийн ******* нь ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа хийгээгүй, Биеийн тамир спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт заасны дагуу биеийн тамир спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөөгүй, мөн Б/135 дугаар захирамжинд дурдаагүй мөртлөө ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн энэ хэрэгт хамааралгүй үндэслэлээр ажлаас чөлөөлсөн хэмээн тайлбарлаж байгаа нь хууль бус хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч тал Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.10, Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсгүүдэд заасны дагуу аймгийн *******д олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд, төрийн байгууллагын өмч хөрөнгийг зориулалт бусаар Сонгуулийн тухай хуулиар хориглосон арга хэмжээнд ашиглуулж, эд хөрөнгө болон байгууллагынхаа ажилтанд хяналт тавьж ажиллаагүй, мөн хууль зөрчсөн төрийн албан хаагчид хуулийн дагуу арга хэмжээ аваагүй тул Д.*******г ажлаас чөлөөлсөн нь үндэстэй хэмээн маргаж байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.10-д заасны дагуу хариуцагч Завхан аймгийн ******* нь хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг ... холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилж, чөлөөлөх асуудлаар захирамж гаргах эрхтэй байна.

Хариуцагч аймгийн ******* хууль тогтоомжоор олгогдсон уг бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дээрх хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-д болон Биеийн тамир спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д заасан журмын дагуу Д.*******г төрийн албанаас чөлөөлөх асуудлаар холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөхөөр байна.

Гэвч хариуцагч маргаан бүхий Б/135 дугаар захирамжийг гаргахдаа дээрх хуулиудад заасан зөвшилцөх урьдчилсан нөхцлийг хангаагүй байна. Энэ нь хэрэгт авагдсан

баримтуудаар нотлогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Д.*******гийн эрхэлж байсан Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10-д зааснаар төрийн захиргааны албан тушаалд хамаарч байх тул төрийн жинхэнэ албан хаагч болохын хувьд түүний эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдахаар байна.

Тодруулбал, хариуцагч Завхан аймгийн ******* нь Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д заасны дагуу Д.*******г төрийн жинхэнэ албанаас чөлөөлөхдөө зөвхөн Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан үндэслэлийг баримтлах ёстой.

Гэтэл Д.*******г уг албан тушаалаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан үндэслэлээр чөлөөлөөгүй бөгөөд уг зүйлд заасан төрийн албанаас чөлөөлөх нөхцөл байдал Д.*******гийн тухайд үүссэн эсэхийг шалгаж тогтоогоогүй, түүнийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэл бүрдээгүй байхад Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчиж, нэхэмжлэгчийг тогтоох ажиллагаа явуулаагүй байна.

Энэ талаар хариуцагч тайлбарлаж байгаа ба уг шийдвэрт холбогдох хувийн хэрэгт бүрдүүлсэн баримтаас харахад уг сонсох ажиллагаа хийгээгүй болох нь нотлогдож байна.

2. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрүүдэд холбогдох бичилт хийлгүүлэхийг даалгуулах шаардлагын тухайд:

Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/135 дугаар захирамж нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу сарын хуанлид заасан ажлын өдрүүдийг үндэслэн нэхэмжлэгч Д.*******гийн ажилгүй байсан хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх 65 хоногоор тооцож олговрыг олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 сарын 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлан Д.*******гийн нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилтийг үндэслэн түүний авч байсан сүүлийн 3 сарын буюу 2016 оны 8, 9, 10 дугаар саруудын дундаж цалин хөлс /1 123 474 төгрөг/-нөөс нэг хоногийн хөлс 52 254 / төгрөг/-ийг тооцон гаргасан болно.

Шүүх Д.*******гийн ажилгүй байсан 93 хоногийг дээрх 1 хоногийн хөлсөөр үржүүлэн тооцоходтүүнд 3 396 549 төгрөгийн олговор олгогдохоор байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчид олгох дээрх олговрыг хариуцагч Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах нь зүйтэй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-ийн 1-д зааснаар ажилтнууд нийгмийн даатгалд албан журмаар даатгуулж, 15 дугаар зүйлийн 1-д заасан хувь хэмжээгээр шимтгэл төлөхөөр байх ба хуулийн 16 дугаар зүйлийн 1-д зааснаар ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэхээр тус тус зохицуулсан байна.

Мөн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулахаар байх ба 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар даатгуулагчийн төлөх даатгалын шимтгэлийн 2 хувийг аж ахуйн нэгж, байгууллага эрүүл мэндийн даатгалын санд төлөхөөр байна.

Иймд Д.*******гийн дээрх олговроос ажилгүй байсан хугацаанд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу зохих дансанд шилжүүлүүлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нь холбогдох бичилт хийлгүүлэхийг Завхан аймгийн *******д даалгах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.2.2, Биеийн тамир спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/135 дугаар захирамжийг хүчингүй болгож, тус аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.*******д 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан 66 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3 396 549 /гурван сая гурван зуун ерэн зургаан мянга таван зуун дөчин ес/ төгрөгийг хариуцагч Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, дээрх олговроос түүний эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг холбогдох хуульд заасан журмын дагуу тооцож, зохих санд шилжүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийлгүүлэхийг хариуцагч Завхан аймгийн засаг даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Л.ТУНГАЛАГ