Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2019/00215

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2019/00215

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 14 193 260 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Ундрахжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь Орхон аймгийн Строй Инвест" ХХК-ийн барилгын үйлдвэрлэлд зориулж 2007-2008 онд өөрийн Барилгын чулуу бутлан ангилах үйлдвэрийн бүтээгдэхүүн буталсан хайрга нийлүүлсэн юм. Энэ хайрганы тооцооноос 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Строй Инвест ХХК нь Чингэл Бөөнцагаан ХХК-д 29.905.820=00 (хорин есөн сая, есөн зуун таван мянга, найман зуун хорин төгрөг) төгрөгийн өртэй гарсныг харилцан зөвшилцөж хоёр тапын гарын үсэг, тэмдэг бүхий тооцооны үлдэгдпийн баталгааг хийсэн болно. Энэ тооцооны хүрээнд Строй Инвест ХХК нь тус компанид 2009 онд 712.610=00 (долоон зуун арван хоёр мянга зургаан зуун арван төгрөг) төгрөгийн материал нийлүүлж, 2011 онд 15.000.000=00 (арван таван сая төгрөг) төгрөгийг шилжүүлсэн бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар үлдэгдэл тооцоо 14.193.260=00 (арван дөрвөн сая, нэг зуун ерэн гурван мянга, хоёр зуун жаран төгрөг) төгрөг болохыг Строй Инвест ХХК-ний ерөнхий захирал *******, ерөнхий нягтлан бодогч Б.Аптанпүрэв нар болон Чингэл Бөөнцагаан ХХК-ийн захирал Ж.Ундрахжав миний бие тус тус байлцаж 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдөр харилцан баталгаажуулсан болно. Ингээд уг батапгааг хийсэн 2012 оны 02 дугаар сарын 02-оос хойш Строй Инвест ХХК нь тооцооны үлдэгдэл өрөө барагдуулахгүй өдийг хүрлээ. Ерөнхий захирал *******гийн 99011385 дугаарын утасруу залгаж авлагын үлдэгдлээ нэхдэг боловч өгнө гэсээр өгөлгүй өдий хүрсэн тул манай компанийн авлагын үлдэгдэл 14.193.260=00 (арван дөрвөн сая, нэг зуун ерэн гурван мянга, хоёр зуун жаран төгрөг) төгрөгийг ******* захиралтай Строй Инвест ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Строй Инвест шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тухайн асуудлыг нарийвчлан судлаж үүссэн өглөгийн дүн, манай авсан материалын орлого болон төлбөрийн баримтыг судлах шаардлагатай байна. Түүнчлэн тухайн асуудлаар хууль, эрх зүйн өмгөөлөл оролцуулж нэхэмжлэлийн материалтай танилцуулах шаардлагатай гэж үзсэн болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Чингэл Бөөнцагаан ХХК хариуцагч Строй Инвест ХХК-нд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 14 193 260 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Строй Инвест ХХК нь барилгын үйлдвэрлэлд зориулж Чингэл Бөөнцагаан ХХК-иас 2007-2008 онд буталсан хайрга худалдан авсан, 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Строй Инвест ХХК нь Чингэл Бөөнцагаан ХХК-д 29 905 820 төгрөгийн өртэй гарсныг талууд харилцан тохиролцож тооцооны үлдэгдпийн баталгааг хийсэн, үүнээс Строй Инвест ХХК нь 2009 онд 712 610 төгрөгийн материал нийлүүлж, 2011 онд 15 000 000 төгрөгийг шилжүүлсэн, үлдэгдэл 14 193 260 төгрөг болохыг Строй Инвест ХХК-ийн ерөнхий захирал *******, ерөнхий нягтлан бодогч Б.Аптанпүрэв, Чингэл Бөөнцагаан ХХК-ийн захирал Ж.Ундрахжав нар харилцан тохиролцож 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталгаажуулсан үйл баримт болсон нь нэхэмжлэгчийн тайлбар, бэлэн мөнгөний орлогын баримтууд, дотоод зарлагын баримтууд, 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудаар нотлогдож байна.

Шүүх нэхэмжлэгч Чингэл Бөөнцагаан ХХК-ийн хариуцагч Строй Инвест ХХК-нд холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 14 193 260 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Үндэслэл нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил;гэж заасан.

Чингэл Бөөнцагаан ХХК хариуцагч Строй Инвест ХХК-тай 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тооцоо нийлж 14 193 260 төгрөгийн авлагатай талаархи актыг үйлдэж баталгаажуулсанаас хойш гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссан байна.

Өөрөөр хэлбэл Чингэл Бөөнцагаан ХХК-нд тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш худалдах худалдан авах гэрээний үүрэг 14 193 260 төгрөгийг хариуцагчаас шаардах эрх үүсч байгаа бөгөөд 2012 оны 02 дугаар сарын 02-ноос шүүхэд нэхэмжлэл гаргах 2018 оны 12 дугаар сарын 27 хүртэл хугацаанд нэхэмжлэгч нь дээрхи гэрээний үүрэгтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, хариуцагч Строй Инвест ХХК-ийн зүгээс Чингэл Бөөнцагаан ХХК-нд урьдчилгаа олгох, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн буюу хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, мөн хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох нөхцөл байдал үүсээгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тооцооны үлдэгдлийг баталгаажуулж 2012 онд акт үйлдсэнээс хойш нэхэмжлэл гаргах хугацаанд шүүхэд хандаагүй гэдгээ тайлбарлаж байгаа.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй, 82.4-д шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно гэж заасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...Строй Инвест ХХК эдийн засгийн хүндхэн нөхцөл байдалд байсан учраас энэ байдлыг нь харгалзан үзэж шүүхэд хандалгүй хүлээж байсан гэсэн тайлбар гаргаж байгаа боловч дээрхи нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх, хөөн хэлэлцэх хугацаа сэргээх үндэслэл болохгүй гэж үзлээ.

Иймд дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 920 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Чингэл Бөөнцагаан ХХК-ийн хариуцагч Строй Инвест ХХК-д холбогдуулан гаргасан 14 193 260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Чингэл Бөөнцагаан ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 920 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Р.ҮҮРИЙНТУЯА