Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2019/00195

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2019/00195

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хаан банкны Орхон салбарын Оюут тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1973 онд төрсөн,*******,*******,*******,*******,*******,

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,

Хариуцагч: 1975 онд төрсөн,,*******,*******,*******, нарт холбогдох

2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №ЗГ 14/94 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэгт 96 244 222 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

-хариуцагч зээлийн эргэн төлөлтөд төлсөн 10 078 421 төгрөгийг зээлийн хүүгээс хасуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй,

-Бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээд Т.Баасанбямбын Орхон аймгийн*******ын барьцаалсан барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хатанбаатар, С.Гантогтох, хариуцагч Т.Бямбасүрэн, Ц.Энхбат, Т.Баасанжаргал, өмгөөлөгч Р.Цэрэнханд, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Баасанбямба, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Түгж овогтой Бямбасүрэн, Цэнд-Аюуш овогтой Энхбат, Түгж овогтой Баасанжаргал нар нь тус банкны Оюут тооцооны төвөөс 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ЗГ14/94 тоот зээлийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ЗГ14/94-1 тоот дахин санхүүжилтийн гэрээ байгуулан 93,935,347.79 /Ерэн гурван сая есөн зуун гучин таван мянга гурван зуун дөчин долоо зууны далан есөн/төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 176 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд, 1) Зээлдэгч Т.Бямбасүрэн, Ц.Энхбат нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101004465 тоот бүртгэлтэй, Орхон аймгийн*******ын 3-р баг, Уурхайчин 6 байр, 84 тоот 51 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, 2) Зээлдэгч Т.Бямбасүрэн, Т.Баасанжаргал, Т.Баасанбямба нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2101005563 тоот бүртгэлтэй, Орхон аймгийн*******ын 3-р баг, Уурхайчин 22 байр, 40 тоот 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалуулан зээлийг авсан юм. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 4.1-дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 9,938,403.32 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 22,645,985.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,597.75 төгрөг, нийт 32,585,987 төгрөгийг төлж барагдуулсан болно.

Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /565 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 1-д заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй.

Иймд банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна: Үүнд:

I. 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №ЗГ 14/94 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,

II.2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах,

1. Үндсэн зээлийн үлдэгдэл 85,061,596.68 төгрөг

2. Зээлийн хүүгийн төлбөр 10,923,699.45 төгрөг

3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 215,323.62 төгрөг Нийт 96,199,022 төгрөг

III. Нотариатын үйлчилгээний төлбөр 12,500 төгрөг

IV.Улсын тэмдэгтийн хураамжийн 638,945.11 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна.

Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох 1) Зээлдэгч Т.Бямбасүрэн, Ц.Энхбат нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101004465 тоот бүртгэлтэй, Орхон аймгийн*******ын 3-р баг, Уурхайчин 6 байр, 84 тоот 51 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц,

2) Зээлдэгч Т.Бямбасүрэн, Т.Баасанжаргал, Т.Баасанбямба нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2101005563 тоот бүртгэлтэй, Орхон аймгийн*******ын 3-р баг, Уурхайчин 22 байр, 40 тоот 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц болох хөрөнгөөр тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэжээ.

Хариуцагч Т.Бямбасүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ..Хариуцагч Түгж овогтой Бямбасүрэн миний бие нь Хаан банкны Орхон салбар тооцооны төвөөс 2014 оны 06 сарын 24-нд орон сууцны зээл авсан нь үнэн. Хуваарийн дагуу төлөлт хийж байсан боловч 2016 оны 04 сард нөхөр Ц.Энхбат орон тооны цомхотголд орсон мөн ажиллаж байсан компани татан буугдсанаар 2017 оны 02 сарын төлөлтөөс хойш одоог хүртэл төлөлт хийгдээгүй. Төлөгдөөгүй хугацааны төлбөрийг бүрэн барагдуулж, цаашид графикийн дагуу төлөлт хийгдэж явахыг зөвшөөрч зохицуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Энхбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Хариуцагч Цэнд овогтой Энхбат миний бие Хаан банкны Орхон салбар Оюут тооцооны төвөөс 2014 оны 06 сарын 24-нд орон сууцны зээл авсан нь үнэн. Хуваарийн дагуу төлөлт хийж байсан боловч 2016 оны 04 сард ажлаас орон тооны цотхотголоор халагдсан. Мөн эхнэрийн ажил татан буугдсан тул хоёулаа ажилгүй болсон. 2017 оны 02 сард төлөлт хийгдсэнээс хойш төлөлт хийгээгүй. Энэ хугацаанд төлөгдөөгүй мөнгийг төлж барагдуулна. Цаашид графикийн дагуу төлөлт хийхээр зохицуулж өгч тусална уу гэжээ.

Хариуцагч Т.Баасанжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Хариуцагч Түгж овогтой Баасанжаргал миний бие төрсөн эгчийгээ байр авахад нь тус болж хамтран зээлдэгчээр орсон нь үнэн цаашид намайг хамтран зээлдэгчээс хасаж өгнө үү. Би төлбөр мөнгийг нь төлж чадахгүй гэжээ.

Хариуцагч Ц.Энхбат шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ХААН банкны Орхон салбар, Оюут тооцооны төвийн нэхэмжлэлтэй, Ц.Энхбат, Т.Бямбасүрэн, Т.Баасанжаргал нарт хариуцагдах иргэний хэргийн хариуцагч Ц.Энхбат миний бие нь дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. ХААН Банканд миний бие үндсэн зээлийн төлөлтөнд 3 жилийн хугацаанд 10 078 421 төгрөг төлсөн байгаа. Иймд миний бие нь байрны зээлийн үндсэн зээлийн төлөлтөнд төлсөн 10 078 421 төгрөг /арван сая далан найман мянга дөрвөн зуун хорин нэг/-ийг ХААН Банкны Орхон салбар Оюут Тооцооны төвөөс нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч өмгөөлөгч Р.Цэрэнханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Ц.Энхбат нь орон сууцны зээлийн төлөлтөнд 3 жилийн хугацаанд 10 078 421 төгрөг төлсөн байгаа. Энэ 10 078 421 төгрөгийг Хаан банкнаас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныгаа зээлийн хүүгээс хасч өгнө үү гэж өөрчилж, шаардлагаа тодруулж байна гэв.

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хаан банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй Т.Бямбасүрэн, Ц.Энхбат, Т.Баасанжаргал нарт холбогдох нэхэмжлэлд хамтран зээлдэгч гаргасан сөрөг нэхэмжлэлийг Хаан банкны зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Хаан банкны Орхон салбарын Оюут тооцооны төв нь хариуцагч Т.Бямбасүрэн, Ц.Энхбат, Т.Баасанжаргал нараас зээлийн гэрээний үүрэгт 96 199 022 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд нотариатын зардалд 45 200 төгрөгиийг нэмж нэхэмжилж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Баасанбямба шүүхэд гаргасан шаардлагадаа: Түгж овогтой Баасанбямба би Хаан банкны хэрэгт холбогдолтой хариуцагч Ц.Энхбат, Т.Бямбасүрэн нарын иргэний хэрэгт дараах шаардлагаг гаргаж байна.************** Уурхайчин баг 3-22-40 тоот 29м2 өрөө байр улсын бүртгэлийн дугаар Ү-2101005563 гэрчилгээтэй орон сууц нь Т.Баасанжаргал ФМ77070211, Т.Бямбасүрэн ФМ73011303, Т.Баасанбямба ФМ77070203 хамтран эзэмшигчтэй Хаан банкны нэхэмжилж буйг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэдийгээр эгчдээ зээл авахад нь итгэмжлэл хийж өгсөн ч гэсэн шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Ийм байдалд хүрэхийг мэдээгүй, Хаан банк нь шүүхэд ийм асуудал үүсэж буйг мэдэгдээгүйд гомдолтой байна. Би 3 хүүхэд болон ирэхр Т.Баасанжаргалын хамт амьдардаг. Иймд миний өмчлөх эрх хөндөгдөж байх тул гуравдагч этгээдээр оролцох хүсэлтэй байна. Мөн хэргийн материалтай танилцмаар байна. Цаашлаад эгч дүү нарын тангараг тасрах дээрээ тулаад үнэхээр хэцүү байна. Мөн Т.Баасанжаргал нь энэ тухай огт мэдэгүй байгаа ба улсын тэмдэгтийн хураамжаа хүртэл 70 200 төгрөг олох гэж хүнээс зээлж байж төлсөн мөн хүүхдүүдээ дагуулаад хаана очих вэ. Иймд миний өмчлөх эрх хөндөгдөж байгааг харгалзан үзэж шийдэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Баасанбямба шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахдаа: ...өөрийн гаргасан нэхмжлэлийн шаардлагыг дараахи байдлаар тодруулж байна. Тухайн хэргийг судлан үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2014 оны 06 сарын 24-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээний салшгүй хэсэг гэх 2014 оны 06 сарын 24-ний өдрийн барьцааны гэрээнд Хаан банкны Орхон аймгийн салбар болон Т.Бямбасүрэн, Ц.Энхбат нар гарын үсэг зурж, миний өмчлөлийн хөрөнгө болох Орхон аймгийн******* Уурхайчин багийн 3-22-40 тоот 2 орөө срон сууцыг барьцаалж өмчлөгч миний зөвшөөрөлгүй барьцааны гэрээ хийсэн байсан. Ингээд 2014 оны 10 сарын 28-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд өөрчлөлт оруулахдаа Хаан банк Т.Бямбасүрэн, Ц.Энхбат, Т.Баасанжаргал нар нь мөн миний зөвшөөрөлгүй өмчийг маань барьцаалж хууль зөрчиж миний эрх ашгийг хохироосон. Мөн 2015 оны 03 сарын 10-ний өдрийн Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай БГ/14/94-гэрээнд Т.Баасанжаргал, Т.Бямбасүрэн нар гарын үсэг зурж миний эрх ашгийг хохироосон байх тул нь 2014 оны 06 сарын 24-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээтэй , 2014 оны 10 сарын 28-ны өдрийн гэрээний өөрчлөлт оруупсан гэх гэрээний сапшгүй хэсэг гэх барьцааны гэрээнүүд болох 2014 оны 06 сарын 24-ний өдрийн БГ/94 тоот гэрээ, 2014 оны 10 сарын 28-ны өдрийн БГ/14/94-2 орон сууцны барьцааны гэрээ, 2015 оны 03 сарын 10-ны барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай БГ/14/94-2А барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх тул уг гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож, миний өмчлөх эрх хохиросныг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар хариуцагч Т.Бямбасүрэн, Ц.Энхбат, Т.Баасанжаргал нарт холбогдуулан 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №ЗГ 14/94 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 85 061 596 төгрөг, зээлийн хүүд 10 923 699 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 215 323 төгрөг, нотариатын зардал 45 200 төгрөг, нийт 96 244 222 гаргуулах, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлийн,

-хариуцагч Ц.Энхбат зээлийн эргэн төлөлтөд төлсөн 10 078 421 төгрөгийг зээлийн хүүгээс хасуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн,

-бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээд Т.Баасанбямба Орхон аймгийн*******ын барьцаалсан барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн бие даасан шаардлага тус тус гаргасан.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд: Зээлдэгч Т.Бямбасүрэн, Ц.Энхбат нар нь Хаан Банкны Орхон салбарын Оюут тооцооны төвөөс анх 2014 оны 06-р сарын 24-ний өдөр ЗГ/14/94 тоот зээлийн гэрээ байгуулан 95 000 000 төгрөгийн орон сууцны зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 176 сарын хугацаатайгаар зээлж авсан, зээлийн барьцаанд Т.Бямбасүрэн, Ц.Энхбат нарын өмчлөлийн Орхон аймгийн*******ын 3-р баг, Уурхайчин 6 байр, 84 тоот 51 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц,

Т.Бямбасүрэн, Т.Баасанжаргал, Т.Баасанбямба нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2101005563 тоот бүртгэлтэй, Орхон аймгийн*******ын 3-р баг, Уурхайчин 22 байр, 40 тоот 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалж БГ14/94 дугаартай барьцааны гэрээг Хаан банк Т.Бямбасүрэн, Ц.Энхбат нартай байгуулсан,

2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ЗГ14/94-1 дугаартай дахин санхүүжилтийн гэрээ буюу нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан хамтран үүрэг гүйцэтгэгчээр Т.Баасанжаргалыг оролцуулсан, / гэрээний үнийн дүн 93 935 347 төгрөг /

Мөн өдөр Хаан банк Т.Бямбасүрэн, Ц.Энхбат нартай БГ14/94-1 дугаартай барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулж Орхон аймгийн*******ын 3-р баг, Уурхайчин 6 байр, 84 тоот 51 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг барьцаалах гэрээнд / 1975 оны / Т.Баасанжаргалыг төлөөлж Т.Бямбасүрэн, мөн Т.Бямбасүрэн, Ц.Энхбат нар гарын үсэг зурсан,

Мөн өдөр Хаан банк Т.Бямбасүрэн, Ц.Энхбат нартай БГ14/94-2 дугаартай барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулж Орхон аймгийн*******ын 3-р баг, Уурхайчин 22 байр, 40 тоот 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалах гэрээнд / 1975 оны / Т.Баасанжаргалыг төлөөлж Т.Бямбасүрэн, мөн Т.Бямбасүрэн, Ц.Энхбат нар гарын үсэг зурсан,

2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр БГ14/94-2А барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн БГ14/94 дугаартай барьцааны гэрээнд барьцаалуулагч хэсэгт Орхон аймгийн*******ын 3-р баг, Уурхайчин 22 байр, 40 тоот 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч Т.Баасанжаргал / 1977 оны /, Т.Баасанбямба, Т.Бямбасүрэн нарыг төлөөлж Т.Бямбасүрэн Хаан банктай гэрээ байгуулсан үйл баримт болсон нь зохигчдын тайлбар, 2014 оны 06-р сарын 24-ний өдөр ЗГ/14/94 тоот зээлийн гэрээ, БГ14/94 дугаартай барьцааны гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ14/94-1 дугаартай дахин санхүүжилтийн гэрээ буюу нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн БГ14/94-1 дугаартай барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, мөн өдрийн БГ14/94-2 дугаартай барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээл буцаан төлөх хуваарь зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээл болон Орхон аймгийн*******ын 3-р баг, Уурхайчин 6 байр, 84 тоот 51 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Нэхэмжлэгч Хаан банк зээлийн гэрээг Т.Бямбасүрэн, Ц.Энхбат нартай байгуулж тэдэнд зээлийг шилжүүлсэн учраас гэрээний дагуу зээлдэгч Т.Бямбасүрэн, Ц.Энхбат нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй, хариуцагч нар зээлийг буцаан төлөх үүрэгтэй.

Зээлдэгч Т.Бямбасүрэн, Ц.Энхбат нар зээлийн гэрээний 6.1.1-д зааснаар зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, Хаан банкнаас 2016 оны 11 дүгээр сарын 30-нд анхааруулах захидал, 2018 оны 07 дугаар сарын 23-нд зээлийг буцаан дуудах мэдэгдэл өгч гэрээг цуцлах санал гаргасан, нэхэмжлэгчээс үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч зээлдэгч нар зээлээ төлөөгүй тул нэхэмжлэгч Хаан банк 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №ЗГ 14/94 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлийг шаардах эрхтэй.

Иймд хариуцагч Т.Бямбасүрэн, Ц.Энхбат нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 85 061 596 төгрөг, зээлийн хүүд 10 923 699 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 215 323 төгрөг, нотариатын зардал 45 200 төгрөг, нийт 96 244 222 гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар Оюут тооцооны төвд олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны гэрээнд нэрлэн заасан Орхон аймгийн*******ын 3-р баг, Уурхайчин 6 байр, 84 тоот 51 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг хуульд нийцүүлэн дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч Ц.Энхбат зээлийн эргэн төлөлтөд төлсөн 10 078 421 төгрөгийг Хаан банкнаас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныгаа зээлийн хүүгээс хасуулах болгож өөрчилсөн.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Зээлээ хугацаандаа төлсөн байхад хугацаа хэтрүүлсэн гэж үзэж нэмэгдүүлсэн хүү авсан.Энэ нь банкны өөрийнх нь гаргаж ирсэн зээлийн бүртгэлийн картаар нотлогдож байгаа.Иймээс банкны гаргаж ирсэн тооцоог үндэслэн 10 078 421 төгрөгийг Хаан банкнаас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныгаа өөрчилж 10 078 421 төгрөгийг зээлийн хүүгээс хасч тооцуулъя гэж өөрчилж байгаа гэж тайлбарлаж байгаа.

Хариуцагч Т.Бямбасүрэн, Ц.Энхбат нар 2014 оны 06-р сарын 24-ний өдөр ЗГ/14/94 тоот зээлийн гэрээ байгуулан 95 000 000 төгрөгийн зээлийг авахдаа жилийн 8 хувийн хүүтэй, 176 сарын хугацаатайгаар зээлж авсан, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дахин санхүүжилтийн гэрээ буюу нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулахдаа зээлийн үлдэгдэл 93 935 347 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 176 сарын хугацаатайгаар, гэрээний 2.1.5-д заасны дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирч гэрээг бичгээр хийсэн байна.

Хариуцагч нь гэрээгээр тохирсоны дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд 32 586 987 төгрөг төлсөн гэдгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч маргаагүй.

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргийнхий дагуу нийт 32 586 987 төгрөг төлсөн байх бөгөөд, тэрээр ямар үндэслэлээр 10 078 421 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн дүнгээс хасуулах гэж байгаа нь буюу хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, шаардах эрх тогтоогдохгүй байх тул хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Хамтран хариуцагч Т.Баасанжаргалын тухайд: Нэхэмжлэгч Хаан банк Т.Баасанжаргалыг зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэж түүнээс гэрээний үүргийг гаргуулахаар шаардаж байгаа.

Хаан банк анх 2014 оны 06-р сарын 24-ний өдөр ЗГ/14/94 тоот зээлийн гэрээ байгуулан 95 000 000 төгрөгийн Т.Бямбасүрэн, Ц.Энхбат нарт зээлдүүлсэн бөгөөд Монголын ипотекийн корпорацаас шаардсаны дагуу Т.Баасанжаргалын Т.Бямбасүрэнд 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр олгосон итгэмжлэлийг үндэслэн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дахин санхүүжилтийн гэрээ буюу нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан хамтран үүрэг гүйцэтгэгчээр түүнийг оролцуулсан байна.

Гэхдээ Хаан банк 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дахин санхүүжилтийн гэрээ буюу нэмэлт өөрчлөлт оруулах ЗГ14/94-1 дугаартай гэрээний дагуу Т.Баасанжаргалд мөнгө шилжүүлээгүй учраас нэхэмжлэгчид хариуцагч Т.Баасанжаргалаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрх үүсэхгүй, түүнийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагаас Т.Баасанжаргалд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээдийн шаардлагын хувьд: Бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээд 2014 оны 06 сарын 24-ний өдрийн БГ14/94 тоот барьцааны гэрээ гэрээ, 2014 оны 10 сарын 28-ны өдрийн БГ/14/94-2 дугаартай барьцааны гэрээ, 2015 оны 03 сарын 01-ний барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай БГ/14/94-2А барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно гэж, мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-д Бичгээр олгосон итгэмжлэл нь дараахь шаардлагыг хангасан байвал зохино:64.2.1.итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх;...64.2.3. олгосон он, сар, өдрийг заах; 64.2.4.хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх; 64.2.5. итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах, 64.3-д Энэ хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн итгэмжлэлд Орхон аймгийн*******ын 3-р баг, Уурхайчин 22 байр, 40 тоот 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг банкнаас авах зээлийн барьцаанд бариулах, зээлийн болон барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах, бүртгүүлэх, үүргийн гүйцэтгэл хангуулах эрхийг төлөөлүүлэгч Т.Баасанжаргал төлөөлөгч Т.Бямбасүрэнд олгосон байна.

Харин итгэмжлэлийн доод талд Т.Баасанбямба гэсэн хэсэгт гарын үсэг зурсан байна.

Дээрхи итгэмжлэлд ямар хэлцэлд төлөөлүүлж байгаа, Т.Баасанбямба нь итгэмжлэгдсэн төлөөлөгч, төлөөлүүлэгчийн аль нь болох нь тодорхойгүй, итгэмжлэлийн дээр төлөөлүүлэгч, төлөөлөгч гэдэг хэсэгт Т.Баасанбямбын нэр байхгүй, энэ итгэмжлэлийг үндэслэн байгуулсан 2014 оны 06 сарын 24-ний өдрийн БГ 14/94 дугаартай барьцааны гэрээнд Т.Баасанбямбын нэр байхгүй, зөвхөн Т.Бямбасүрэн, Ц.Энхбат нартай барьцааны гэрээ байгуулсан байна.

Мөн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай БГ14/94-2А гэрээ байгуулахдаа мөн 2014 оны 06 сарын 12-ны өдрийн итгэмжлэлийг үндэслэн гэрээг байгуулсан байна.

Иймд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-д заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл нь хүчин төгөлдөр бус байх ба дээрхи хүчин төгөлдөр бус итгэмжлэлд үндэслэн байгуулсан барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна.Иймд бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 2014 оны 06 сарын 24-ний өдрийн БГ 14/94 дугаартай барьцааны гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ14/94-2, 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай БГ14/94-2А гэрээний Орхон аймгийн*******ын 3-р баг, Уурхайчин 22 байр, 40 тоот 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, дээрхи хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 638 945 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т.Бямбасүрэн, Ц.Энхбат нараас 638 945 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид,

-бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээд Т.Баасанбямба гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлд уг гэрээний үнийн дүнгээс буюу 52 500 000 төгрөгт тохирох 420 450 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөх ёстой. Тиймээс түүний төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэмж 350 250 төгрөг гаргуулан төрийн санд оруулж, нэхэмжлэгч Хаан банк, хариуцагч Т.Бямбасүрэн, Ц.Энхбат нараас тус бүрээс нь 140 150 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээд Т.Баасанбямбад олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №ЗГ14/94 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, хариуцагч Т.Бямбасүрэн, Ц.Энхбат нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлд 96 244 222 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар Оюут тооцооны төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Т.Баасанжаргалд холбогдох хэсгийг, хариуцагч сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасныг баримтлан 2014 оны 06 сарын 24-ний өдрийн БГ 14/94 дугаартай барьцааны гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ14/94-2 дугаартай барьцааны гэрээ, 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай БГ14/94-2А гэрээний Орхон аймгийн*******ын 3-р баг, Уурхайчин 22 байр, 40 тоот 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.

3.Хариуцагч Т.Бямбасүрэн, Ц.Энхбат нар нь нэхэмжлэгчид төлөх зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 96 244 222 төгрөгийг сайн дураараа эс төлбөл Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны зүйл болох Орхон аймгийн*******ын 3-р баг, Уурхайчин 6 байр, 84 тоот 51 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Орхон аймгийн*******ын 3-р баг, Уурхайчин 22 байр, 40 тоот 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4.Иргэний Хуулийн 175 дугаар зүйлийн 175.6, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэлийн Тухай Хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг эрхлэн явуулахыг******* дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албанд даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 638 945 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т.Бямбасүрэн, Ц.Энхбат нараас 638 945 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид,

-бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээд Т.Баасанбямбын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, түүнээс нэмж 350 250 төгрөг гаргуулан төрийн санд оруулж, нэхэмжлэгч Хаан банк, хариуцагч Т.Бямбасүрэн, Ц.Энхбат нараас тус бүрээс нь 140 150 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээд Т.Баасанбямбад олгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА