Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2020/00741

 

ХБ ХХК-ийн Орхон салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/00195 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 87 дугаар магадлалтай,

ХБ ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй,

Т.Бя-, Ц.Э-, Т.Бж- нарт холбогдох

2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №ЗГ 14/94 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэгт 96.244.222 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Э-ын ХБ ХХК-ийн Орхон салбарт холбогдуулсан гаргасан зээлийн эргэн төлөлтөд төлсөн 10.078.421 төгрөгийг зээлийн хүүгээс хасуулах сөрөг нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд Т.Бб-ын барьцааны гэрээнүүдийн холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох бие даасан шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.О, нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХБ ХХК-ийн Орхон салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Зээлдэгч Т.Бя-, Ц.Э-, Т.Бж- нар нь тус банкны Оюут тооцооны төвөөс 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ЗГ14/94 тоот зээлийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ЗГ14/94-1 тоот дахин санхүүжилтийн гэрээ байгуулан 93.935.347.79 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 176 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд, Зээлдэгч Т.Бя-, Ц.Э- нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101004465 тоот бүртгэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3-р баг, Уурхайчин 6 байр, 84 тоот 51 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, Зээлдэгч Т.Бя-, Т.Бж-, Т.Бб-а нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2101005563 тоот бүртгэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3-р баг, Уурхайчин 22 байр, 40 тоот 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалуулан зээлийг авсан юм. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 9.938.403.32 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 22.645.985.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1.597.75 төгрөг, нийт 32.585.987 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /565 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 1-д заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №ЗГ 14/94 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрийг гаргуулах, үндсэн зээлийн үлдэгдэл 85.061.596.68 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 10.923.699.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 215.323.62 төгрөг, нийт 96.199.022 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 12.500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 638.945.11 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөс хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Бя-гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Миний бие нь ХБны Орхон салбар тооцооны төвөөс 2014 оны 06 сарын 24-нд орон сууцны зээл авсан нь үнэн. Хуваарийн дагуу төлөлт хийж байсан боловч 2016 оны 04 сард нөхөр Ц.Э- орон тооны цомхотголд орсон мөн ажиллаж байсан компани татан буудсанаар 2017 оны 02 сарын төлөлтөөс хойш одоог хүртэл төлөлт хийгдээгүй. Төлөгдөөгүй хугацааны төлбөрийг бүрэн барагдуулж, цаашид графикийн дагуу төлөлт хийгдэж явахыг зөвшөөрч зохицуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Э-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Миний бие ХБны Орхон салбар Оюут тооцооны төвөөс 2014 оны 06 сарын 24-нд орон сууцны зээл авсан нь үнэн. Хуваарийн дагуу төлөлт хийж байсан боловч 2016 оны 04 сард ажлаас орон тооны цомхтголоор халагдсан. Мөн эхнэрийн ажил татан буугдсан тул хоёулаа ажилгүй болсон. 2017 оны 02 сард төлөлт хийгдсэнээс хойш төлөлт хийгээгүй. Энэ хугацаанд төлөгдөөгүй мөнгийг төлж барагдуулна гэжээ.

Хариуцагч Т.Бж-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Миний бие төрсөн эгчийгээ байр авахад нь тус болж хамтран зээлдэгчээр орсон нь үнэн цаашид намайг хамтран зээлдэгчээс хасаж өгнө үү. Би төлбөр мөнгийг нь төлж чадахгүй гэжээ.

Хариуцагч Ц.Э-ын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...ХБны Орхон салбар, Оюут тооцооны төвийн нэхэмжлэлтэй, Ц.Э-, Т.Бя-, Т.Бж- нарт холбогдох иргэний хэргийн хариуцагч Ц.Э- миний бие ХБанд үндсэн зээлийн төлөлтөнд 3 жилийн хугацаанд 10.078.421 төгрөг төлсөн байгаа. Иймд миний бие нь байрны зээлийн үндсэн зээлийн төлөлтөнд төлсөн 10.078.421 төгрөгийг ХБны Орхон салбар Оюут Тооцооны төвөөс нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, уг 10.078.421 төгрөгийг зээлийн хүүгээс хасч өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ХБны Орхон салбар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Хамтран зээлдэгч Ц.Э-ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг ХБны зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Бб-ын шүүхэд гаргасан шаардлагад: ...Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-22-40 тоот 29 м.кв 2 өрөө байр улсын бүртгэлийн дугаар Ү-2101005563 гэрчилгээтэй орон сууц нь Т.Бж-, Т.Бя-, Т.Бб-а нарын хамтран эзэмшигчтэй. ХБны нэхэмжилж буйг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэдийгээр эгчдээ зээл авахад нь итгэмжлэл хийж өгсөн ч гэсэн шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Ийм байдалд хүрэхийг мэдээгүй, ХБ нь шүүхэд ийм асуудал үүсэж буйг мэдэгдээгүйд гомдолтой байна. Миний өмчлөх эрх хөндөгдөж байгааг харгалзан үзэж шийдэж өгнө үү. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2014 оны 06 сарын 24-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээний салшгүй хэсэг гэх 2014 оны 06 сарын 24-ний өдрийн барьцааны гэрээнд ХБны Орхон аймгийн салбар болон Т.Бя-, Ц.Э- нар гарын үсэг зурж, миний өмчлөлийн хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-22-40 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалж өмчлөгч миний зөвшөөрөлгүй барьцааны гэрээ хийсэн байсан. Ингээд 2014 оны 10 сарын 28-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд өөрчлөлт оруулахдаа ХБ Т.Бя-, Ц.Э-, Т.Бж- нар нь мөн миний зөвшөөрөлгүй өмчийг маань барьцаалж хууль зөрчиж миний эрх ашгийг хохироосон. Мөн 2015 оны 03 сарын 10-ний өдрийн Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай БГ/14/94-2А гэрээнд Т.Бж-, Т.Бя- нар гарын үсэг зурж миний эрх ашгийг хохироосон байх тул нь 2014 оны 06 сарын 24-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээтэй, 2014 оны 10 сарын 28-ны өдрийн гэрээний өөрчлөлт оруулсан гэх гэрээний салшгүй хэсэг гэх барьцааны гэрээнүүд болох 2014 оны 06 сарын 24-ний өдрийн БГ/94 тоот гэрээ, 2014 оны 10 сарын 28-ны өдрийн БГ/14/94-2 орон сууцны барьцааны гэрээ, 2015 оны 03 сарын 10-ны барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай БГ/14/94-2А барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх тул уг гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож, миний өмчлөх эрх хохироосныг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/00195 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №ЗГ14/94 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Т.Бя-, Ц.Э- нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлд 96.244.222 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХБны Орхон салбар Оюут тооцооны төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Т.Бж-д холбогдох хэсгийг, хариуцагч Ц.Э-ын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасныг баримтлан 2014 оны 06 сарын 24-ний өдрийн БГ 14/94 дугаартай барьцааны гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ14/94-2 дугаартай барьцааны гэрээ, 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай БГ14/94-2А гэрээний Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3-р баг, Уурхайчин 22 байр, 40 тоот 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Хариуцагч Т.Бя-, Ц.Э- нар нь нэхэмжлэгчид төлөх зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 96.244.222 төгрөгийг сайн дураараа эс төлбөл Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны зүйл болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3-р баг, Уурхайчин 6 байр, 84 тоот 51 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3-р баг, Уурхайчин 22 байр, 40 тоот 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний Хуулийн 175 дугаар зүйлийн 175.6, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэлийн Тухай Хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг эрхлэн явуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 638.945 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т.Бя-, Ц.Э- нараас 638.945 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээд Т.Бб-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, түүнээс нэмж 350.250 төгрөг гаргуулан төрийн санд оруулж, нэхэмжлэгч ХБ, хариуцагч Т.Бя-, Ц.Э- нараас тус бүрээс нь 140.150 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээд Т.Бб-ад олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 87 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/00195 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хатанбаатарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хатанбаатарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 639.180 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хатанбаатарын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан шатны шүүх нь 2019 оны 01 сарын 25-ны өдөр шүүх хуралдааныг товлосон боловч тус шүүх хуралдаанд Т.Бб-а нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцон нэхэмжлэл гаргаж уг хүсэлтийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 16 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан. Нэхэмжлэгч ХБны Орхон салбарын хувьд гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгсөн боловч анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т зааснаар “...хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно” гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэн нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийн шаардлагатай холбоотой гол нотлох баримтыг “...хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдааны үед гаргаж өгсөн, урьд нь гаргаж өгөх боломжтой байсан бөгөөд шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн гэж үзэж нотлох баримтыг хүлээж авахгүй татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүх хуралдаан даргалагч буюу шүүгч хэргийн талаар танилцуулснаар эхэлнэ” гэж заасныг зөрчиж шүүх хуралдааны явцад нотлох баримтыг гаргаж өгсөн байдлаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Энэ нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д “...Нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө гэсэн хуулийн заалтыг зөрчсөн бөгөөд уг зүйл заалт нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргаж өгсөн нотлох баримтыг мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т зааснаар тайлбарлаж нотлох баримтыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байгаа нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Бб-ын нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2, 64.3-т зааснаар итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна гэж дүгнэсэн. Гэтэл уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д “...итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна. Өөрөөр хэлбэл, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг, 3 дугаар хороолол, 22 дугаар байрны 40 тоот 2 өрөө орон сууц нь Т.Бж-, Т.Бб-а, Т.Бя- нарын хамтран өмчлөх дундын өмч бөгөөд итгэмжлэлд дурьдсан агуулга буюу төлөөлөгчид олгож байгаа эрх нь нэг агуулгатай, нэг хүсэл зоригийг илэрхийлсэн байх бөгөөд төлөөлүүлэгч этгээдийн доод талд Т.Бж-, Т.Бб-а нар гарын үсгээ зурж нотариатаар гэрчлүүлсэн болох нь хэрэгт авагдсан итгэмжлэлээр нотлогдож байгаа болно. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх “...2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн итгэмжлэлийн доод талд Т.Бб-а гэсэн хэсэгт гарын үсэг зурсан нь Т.Бб-а төлөөлөгч, төлөөлүүлэгч аль нь болох нь тодорхойгүй итгэмжлэлийн гол хэсэгт нэр нь байхгүй байгаа зэрэг нь Иргэний хуудийн 64 дүгээр зүйлд нийцээгүй байна” гэж дүгнэсэн хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Учир нь шүүхийн шийдвэр магадлалд дурдсанаар Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан итгэмжлэлийн шаардлагад “итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх” гэж заасан бөгөөд “Итгэмжлэлийн доод талд Т.Бб-а гэсэн хэсэгт гарын үсэг зурсан нь Т.Бб-а төлөөлөгч, төлөөлүүлэгч аль нь болох нь тодорхойгүй итгэмжлэлийн гол хэсэгт нэр нь байхгүй байгаа” гэж дүгнэсэн дүгнэлт нь Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Т.Бж-, Т.Бб-а нараас Т.Бя-д олгосон итгэмжлэлийг үндэслэж хийсэн бөгөөд уг итгэмжлэлийг 318 дугаар тойргийн нотариатч үйлдсэн байдаг. Энэхүү итгэмжлэл хүчин төгөлдөр байхад барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, улмаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг 3 дугаар хороолол, 22 дугаар байрны 40 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, дээрх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, улсын бүртгэлийн Ү-2101005563 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг, 3 дугаар хороолол, 22 дугаар байрны 40 тоот 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

ХБ ХХК-ийн Орхон салбар нь Т.Бя-, Ц.Э-, Т.Бж- нарт холбогдуулан 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №ЗГ 14/94 тоот зээлийн гэрээг цуцалж, 96.244.222 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,

Ц.Э-, ХБ ХХК-ийн Орхон салбарт холбогдуулан зээлд төлсөн 10.078.421 төгрөгийг зээлийн хүүд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг,

Гуравдагч этгээд Т.Бб-а барьцааны гэрээний 2 өрөө орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсэг, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд заасан зарим дүгнэлт хуульд нийцээгүй талаархи нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

1. Хоёр шатны шүүх, зохигчийн хооронд байгуулагдсан 2014 оны 6 дугаар сарын 24-ний болон мөн оны 10 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ, БГ14/94 тоот барьцааны гэрээний Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин 6 байр, 84 тоот, 4 өрөө орон сууцыг барьцаалсан хэсгийн хүчин төгөлдөр байдалд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1-д заасантай нийцсэн дүгнэлт хийжээ. Харин үүргийн гүйцэтгэлийг барьцааны үл хөдлөх хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг 3 дугаар хороолол, 22 дугаар байрны 40 тоот 2 өрөө орон сууцаар хангуулах нэхэмжлэлийн талаар алдаатай дүгнэлт хийснийг зөвтгөх шаардлагатай байна.

Хамтран үүрэг гүйцэтгэгчид буюу зээлдэгч Т.Бя-, Ц.Э- нар ХБ ХХК-ийн Орхон салбарын тооцооны төвөөс анх 95.000.000 төгрөгийг 180 сарын хугацаатай зээлж, хожим 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр зээлийг 8 хувийн ипотекийн зээлд шилжүүлж, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Т.Бж-ыг оролцуулж гэрээ байгуулжээ.

Нэхэмжлэгч ХБ ХХК-ийн Орхон салбар эдгээр гэрээг үндэслэж, Т.Бя-, Ц.Э-, Т.Бж- нараас зээлийн үүрэг шаардсан боловч анх зээлийн гэрээ байгуулагдаж мөнгийг Т.Бя-, Ц.Э- нарт шилжүүлэх үед Т.Бж- хүсэл зоригоо илэрхийлж гэрээний оролцогч болоогүй тул ХБ ХХК-ийн Орхон салбар болон Т.Бж-ын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэх нь Иргэний  хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасантай нийцэхгүй юм. Иймээс нэхэмжлэгч нь хариуцагч Т.Бж-аас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй гэж үзэн түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1-д заасныг зөрчөөгүй байна.

Т.Бя-, Ц.Э- нар  зээл төлөх хуваарийг 565 хоногоор хэтрүүлснээс нийт 11.139.023 төгрөгийн өр хуримтлагдсан тул гэрээг ноцтой зөрсөн гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүх, банк санаачилж гэрээг цуцлан, шүүхэд хандсан 2018 оны 9 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч тооцоолсны дагуу үндсэн зээлд 85.061.596.68 төгрөг, зээлийн хүү 10.923.699.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 215.323.62 төгрөг, нийт 96.199.022 төгрөгийг Т.Бя-, Ц.Э- нараас гаргуулж, төлбөрөө сайн дураар биелүүлээгүй бол тэдний өмчлөлийн 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцсэн байна.

2. Хариуцагч Т.Бя-, Ц.Э- нарын төлсөн төлбөр нь зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу хүү, үндсэн зээлээс төлсөн байх тул 10.078.421 төгрөгийг зээлийн хүүд тооцуулах Ц.Э-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

3. 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн барьцааны гэрээгээр Т.Бя-, Ц.Э- нарын өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар баг, Уурхайчин  6 байр, 84 тоот, 4 өрөө орон сууцаас гадна Т.Бж-, Т.Бя-, Т.Бб-а нарын өмчлөлийн мөн багийн Уурхайчин 22 дугаар байр 40 тоот 2 өрөө орон сууцыг  барьцаалж, Т.Бж-, Т.Бб-а нарын итгэмжлэлийг үндэслэн тэдний өмнөөс Т.Бя- барьцааны гэрээнд гарын үсэг зурсан нь хэргийн баримтад авагджээ. Дараа нь барьцааны гэрээнд 2014.10.28 болон 2015.03.01-ний өдөр тус тус нэмэлт өөрчлөлт оруулж тухайн гэрээнүүдийг улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Дээрх 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах ХБ ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Т.Бб-ын бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг харьцуулан үзэж үнэлэх журмыг зөрчсөн, тухайн маргааныг зохицуулсан Иргэний хуулийн 64 дүгээр зүйл, 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хоёр шатны шүүх, Т.Бж-, Т.Бб-а нарын Т.Бя-д олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус, улмаар уг итгэмжлэлд үндэслэн байгуулагдсан барьцааны гэрээний 40 тоот 2 өрөө орон сууцтай холбоотой хэсэг хүчин төгөлдөр бус гэсэн дүгнэлтийг хийжээ.

Гуравдагч этгээд Т.Бб-а “...өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр барьцааны гэрээ байгуулагдсан...” гэх агуулгаар шаардлагын үндэслэлээ тайлбарласан боловч тэрээр нотариатч дээр очиж итгэмжлэлд гарын үсэг зурснаа үгүйсгээгүй байна.

Т.Бя-д олгосон 2014.06.12-ны өдрийн итгэмжлэлд хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Баян-Өндөр сум, Уурхайчин баг, 3-22-40 тоот 2 өрөө орон сууцыг банкнаас зээл авах барьцаанд бариулах, зээлийн болон барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, бүртгүүлэх, үүргийн гүйцэтгэл хангуулах гэж заасан байна. Уг итгэмжлэлд Т.Бж-аас гадна хамтран өмчлөгч Т.Бб-а гарын үсэг зурсан нь тогтоогдсон, 2014.06.24-ний барьцааны гэрээ болон 2014.10.28-ны, 2015.03.21-ний өдөр барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа итгэмжлэлийг үндэслэн бусад өмчлөгчийг төлөөлж өмчлөгч Т.Бя- нар гарын үсэг зурсан байна. Эдгээр барьцааны гэрээ байгуулахад итгэмжлэлийн 3 жилийн хугацаа дуусаагүй байжээ.

Итгэмжлэл үйлдсэн, уг итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийн талаар  маргаан гараагүй атал анхан шатны шүүх “...итгэмжлэлд Т.Бб-а гарын үсэг зурсан боловч тэрээр төлөөлөгч, төлөөлүүлэгч аль нь болох нь тодорхой бус” гэсэн нь үндэслэл муутай байна.

Эдгээр нөхцөл байдлыг хоёр шатны шүүх анхаараагүй байна. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, 40 тоот 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 87 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/00195 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул ХБ ХХК-ийн Орхон салбар, Т.Бя-, Т.Бж- нарт холбогдуулан 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн БГ14/94 тоот, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн БГ14/94-1,2 тоот, 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн БГ14/94-2А тоот барьцааны гэрээнүүдийн Баян-Өндөр сум, Уурхайчин баг, 3-22-40 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн гуравдагч этгээд Т.Бб-ын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Т.Бя-, Ц.Э- нар төлбөрөө сайн дураараа төлөөгүй бол барьцааны зүйл болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3-р баг, Уурхайчин 6 байр, 84 тоот 51 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, 3-22-40 тоот 2 өрөө орон сууцыг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.” гэж, 5 дах заалтад “төрийн санд оруулж” гэснийг “төрийн санд оруулсугай.” гэж тус тус өөрчлөн, 5 дахь заалтын “нэхэмжлэгч ХБ, хариуцагч Т.Бя-, Ц.Э- нараас тус бүрээс нь 140.150 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээд Т.Бб-ад олгосугай” гэснийг хүчингүй болгож, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч ХБ ХХК-ийн Орхон салбар нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.   

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ