Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2019/00141

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2019/00141

*******

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******, Баянцагаан баг, Эрдэнэт хивс ХХК-ний байранд байрлах, Орхон Инженеринг Менежмент ХХК /регистрийн дугаар 4397754/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******, Натурал текстайл групп ХХК-ийн байранд байрлах,*******,*******-д холбогдох

Натурал Текстайл Групп" ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,*******,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Орхон Инженеринг Менежмент ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь төмөр эдлэлийн үйлдвэрлэл, цахилгаан болон сантехникийн засвар үйлчилгээ, барилгын заслын чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг. 2018 оны 11 дүгээр сарын эхээр Натурал текстайл групп ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Цэцгээ гэх хүн Орхон Инженеринг Менежмент ХХК-ийн ажилчдыг хууль бус ажил хаялтанд уриалж, ажил хаялтын талаар ажилчидтай ажпын байранд, хувцас солих өрөөнд хурал цуглаан хийж байна. Энэхүү үйл ажиллагаагаа зохион байгуулахдаа ажлын цагаар ажилчдыг олон тоогоор нь цуглуулан өөрийгөө манай компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга хэмээн итгүүлэх замаар манай компанийн ажилчдыг хууль бус ажил хаялтанд уриалж байна. Мөн ажилчдыг хууран мэхэлж ажил хаях тухай зөвшөөрлийн бичигт гарын үсэг цуглуулж байгаа нь өөр компанийн үйлдвэрчний эвлэлийн даргын эрх хэмжээнээс хальсан үйлдэл юм. Б.Цэцгээгийн зохион байгуулж байгаа уулзалтуудын үеэр түүний дуудсанаар ажлын байраа орхиж явж байгаа нь тухайн ажилтны ажлын бүтээмжийг бууруулахаас гадна компанид болон ажилчдад хохиролтой байна. Хариуцагчийн явуулж байгаа ажиллагаа нь

Нэгдүгээрт: Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан ажил олгогч, 3.1.2-т ажилтан, 3.1.4-т заасан хамтын гэрээ, 3.1.6-д заасан ажил олгогчийн төлөөлөгчид, 3.1.7-д заасан ажил олгогчийн төлөөлөлчид гэх ойлголтонд эрх зүйн харилцаанд оролцогчид биш бөгөөд манай компани болон Натурал Текстайл Групп ХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны хооронд одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ямар нэг баримт бичиг, хэлцэл, хэлэлцээр байхгүй байтал ийнхүү удаа дараа ажил хаялт зохион байгуулах, хэвлэлийн хурал хийж компанийн нэр хүндэд халдах зэрэг сүрдүүлэх утга бүхий албан бичгийг/2018 оны 11 сарын 12-ны өдөр № 87 дугаартай, 11 сарын 19-ний өдөр № 93 дугаартай/ ирүүлсэн,

Хоёрдугаарт: Натурал текстайл групп ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороо болон манай компанийн хооронд ямар нэг гэрээ хэлцэл байхгүй бөгөөд манай компанитай Хөдөлмөрийн тухай хуулийн 115-118 дугаар зүйлд заасан хамтын маргааныг эхлүүлээгүй, зуучлагч урьж оролцоогүй, арбитраар хэлэлцээгүй, шүүхээр уг асуудлыг хянуулаагүй байж мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1.4-д зааснаар ажил хаялт зохион байгуулахаар ажилтны ажлыг гүйцэтгүүлэхгүй байх, хууль бус ажил хаялтанд уриалах зэргээр хууль зөрчсөн ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй,

Гуравдугаарт: Өөр компанийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо гэх улсын бүртгэлийн гэрчилгээтэй атлаа шүүхэд хандаж манай компанитай хамтын гэрээ байгуулах эсэхээ шийдвэрлүүлэх боломжтой байхад уг эрхээ хэрэгжүүлээгүй манай компанийн дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож ажиллагсдын сэтгэл санааг үймүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдаж, үйлдвэрлэлийн осол гарах нөхцөл байдлыг бүрдүүлээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймээс Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-д тус тус заасны дагуу манай компани нь Натурал текстайл групп ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Орхон Инженеринг Менежмент ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, танилцаад эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.

1.Орхон Инженеринг Менежмент ХХК Натурал текстайл групп ХХК-иуд нь Эрдэнэт хивс' гэсэн ХК буюу хувьцаат компани байгаад улмаар Эрдэнэт хивс ХХК болсны дараа Эрдэнэт хивс ХХК-ийг өөрчлөх, тусгаарлах замаар үүсгэн байгуулагдсан толгой болон охин компанийн статустайгаар дүрмэндээ зааж улсын бүртгэлд бүртгүүлсэн компаниуд юм. Шүүх нэхэмжлэгч болон түүний толгой компани Натурал текстайл групп-ын дүрэм, гэрчилгээ, компаний зохион байгуулалтыг өөрчилсөн толгой компанийн ерөнхий захирлын 2015 оны 06 дугаар сарын 30-ны 15/02 тоот тушаалын хуулбар улсын бүртгэлээс ирсний дараа /Манайх шүүхэд хүсэлт гаргасан/ энэ байдалд тодорхой болно гэж ойлгож байна. Энэ маргаанд Үйлдвэрчний эвлэл болон ажил олгогч хуулийн этгээдийн эрх зүйн байдал маргааны үндэслэл болж байгаа тул дээрх баримтууд гол хариулт болж өгнө.

2.Нэг корпус барилга дотор үйл ажиллагаагаа явуулдаг нэг чиглэлийн үйлдвэрлэл эрхэлдэг компани нь үйл ажиллагааныхаа чиглэлээр зохион байгуулалтаа өөөрчилсөнтэй холбогдуулан үйл ажиллагааны зохицол, нийлэмжийг харгалдан Эрдэнэт хивс ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо нь 2015 оны 08 дугаар сарын 26-нд Тэргүүлэгчдийн хурлаа хийж нэршлээ өөрчлөн Натурал текстайл групп ХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо болж улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээгээ шинээр авсан. Ингэснээр Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, гишүүнчлэлд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, хуучин Эрдэнэт хивс ХХК-ийн үндсэн ба туслах цехүүдэд ажиллаж байсан гишүүд шинээр байгуулагдсан компаинууддаа харъяалагдан гишүүнчлэл хэвээрээ байгаа.

3.Үүний дараа Хөдөлмөрийн тухай хуулийн хоёрдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу дээр дурдсан толгой ба охин таван компанийн удирдлага ажил олгогчийг төлөөлж, манай Үйлдвэрчний эвлэлийн хороо ажилтныг төлөөлж хамтын гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 25-нд байгуулсан. Энэ гэрээний хугацаа дуусаж дараагийн хамтын гэрээг байгуулах санал яригдах үеэс саналын зөрүү гарч улмаар манай Үйлдвэрчний эвлэлийн хороог ганцхан толгой компани буюу Натурал текстайл групп ХХК-тай Хамтын гэрээ байгуулах эрхтэй гэж үгүйсгэсэн байдлыг хуульч М.Ганзоригийн ятгалга дор хамтын гэрээний оролцогч бусад компани тавих болсон. Энэ талаар удаа дараа тайлбарласан бичиг өгч, ерөнхий захирал Ш.Энхбаярт хандсан боловч амжилт олоогүй, ажил олгогч компаниуд ойлгохыг хүсээгүй.

4.Ийм нөхцөл үүссэн учраас Ажилтныг төлөөлөх Үйлдвэрчний эвлэлийн зүгээс хамтын маргаан үүсгэсэн. Хамтын маргааны асуудлаар шаардлага, мэдэгдэл хүргүүлж үр дүнд хүрээгүй учир хуульд заасан журмаар Баян-өндөр сумын Засаг даргын захирамжаар Хөдөлмөрийн хамтын маргааны зуучлагч -омилуулан ажилласан. Зуучлагч нэг Хамтын гэрээ байгуулах үндэслэлтэй гэсэн тэмдэглэл гаргасан боловч ажил олгогч хүлээн аваагүй. Ийм учраас дахин*******ын Засаг даргын захирамжаар Хөдөлмөрийн арбитр томилуулсан. Арбитраас мөн л нэг Хамтын гэрээ байгуулах үндэслэлтэй гэсэн зөвлөмж гарсан боловч түүнийг ажил олгогч хүлээн аваагүй тул ажил хаялт зохион байгуулах эрх Үйлдвэрчний эвлэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 119 дүгээр зүйлд зааснаар үүссэн. Үйлдвэрчний эвлэлийн хороо энэ тухай ажил олгогчид мэдэгдсэн бөгөөд ажил хаялтыг шууд зохион байгуулах хүч бололцоо Үйлдвэрчний эвлэлд дутагдалтай, үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татварын суутгал шилжүүлэлтийг 2018 оны 05 сараас ажил олгогч зогсоож ҮЭ-ийн хүчийг сулруулах бодлого зориуд явуулж байгаа тул Үйлдвэрчний хорооны зүгээс энэ байдлыг ажиллагсдад тайлбарлах, тэдний санаа бодлыг сонсох, тандах зарим үйлдэл хийсэн нь хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй.

5.Үйлдвэрчний эвлэлийн хороо компанийн зохион байгуулалтыг дагаж зөвхөн нэршлээ өөрчилсөн, манай гишүүд нэхэмжлэгч компани ажиллаж байгаа, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны Хамтын гэрээнд нэхэмжпэгч Орхон Инженеринг Менежмент ХХК нь ажил олгогчийн талд оролцож байсан, Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татварыг 2018 оны 05 дугаар сар хүртэл суутган өгч байсан зэргээс дүгнэлт хийхэд нэхэмжпэгч нь манай Үйлдвэрчний эвлэлийн хороотой Хамтын гэрээ байгуулах субъект мөн болно.

Харин нэхэмжлэгч нь Үйлдвэрчний эвлэлийг үгүйсгэн, гишүүн биш ажиллагсдыг үйлдвэрчний эвлэлийн эсрэг ашиглахаар зориуд зохион байгуулж Үйлдвэрчний эвлэлийн хороог ганцхан толгой компани буюу Натурал текстайл групп ХХК-тай гэрээ байгуулах эрхтэй гэж үгүйсгэсэн маргалдаж яваа нь Монгол улсын олон улсын гэрээ болох Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 87, 98, 135 дугаар коснвенцуудыг илт зөрчиж байгаа болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Орхон Инженеринг Менежмент ХХК нь хариуцагч*******нд холбогдуулан Натурал Текстайл Групп" ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа.

*******т үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэт Хивс ХХК нь хувь нийлүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит хурлын № 3 дугаартай тогтоолоор Эрдэнэт хивс ХХК-ийн ашигт ажиллагааг дээшлүүлж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор түүнийг Натурал текстайл групп ХХК оноосон нэртэй болгож, шинээр Эрдэнэт хивс ХХК, Эрдэнэт текс ХХК, Эрдэнэт кашмер ХХК, Орхон инженеринг ХХК гэсэн охин компаниуд бий болон үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.

2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нэг талаас ажил олгогч толгой компани Натурал текстайл групп ХХК болон түүний охин компани Эрдэнэт хивс ХХК, Эрдэнэт текс ХХК, Эрдэнэт кашмер ХХК, Орхон инженеринг Менежмент ХХК-уудыг төлөөлж Натурал текстайл групп ХХК-ийн ерөнхий захирал Ш.Энхбаяр, нөгөө талаас нийт ажилтнуудыг төлөөлж, Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Г.Уранхишиг нар нь хамтын гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан байх ба, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болжээ.

Ийнхүү хамтын гэрээ дуусгавар болсоноор******* нь өөр компаны ажиллагсадыг төлөөлөх эрхгүй зөвхөн тухайн компаныхаа ажиллагсадыг төлөөлөх эрхтэй болсон байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д Ажилтны төлөөлөгчид гэж ажилтаны эрх, хууль ёсны ашиг сонирхолыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэл, хэрэв ийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгчдийг хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг, мөн хуулийн 3.1.2-т ажилтан гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх,түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхолыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог ойлгоно гэж зохицуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтуудаар хамтын гэрээ нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан талууд буюу тухайн аж ахуйн нэгж, байгууллагын ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулагдах ёстой байна. Тодруулбал компаны нийт ажилчид хуралдаж дундаасаа төлөөлөгчөө сонгон хамтын гэрээ байгуулах хэлэлцээр эхлүүлэх саналыг гаргаж компанийн захиргаа, ажилтны төлөөлөгчтэй хамтын гэрээ байгуулах ажлыг эхлэх ёстой.

Хариуцагч нь хамтын маргаан үүсэж зуучлагч болон арбитрт хандсан гэж байгаа боловч ажилтны төлөөлөгчид ямар бүрэлдэхүүнтэйгээр хэзээ, хэрхэн яаж сонгогдсон нь тодорхойгүй байна.

Мөн******* нь улсын бүртгэлд Натурал текстайл групп ХХК-ийн ажиллагсадын Үйлдэрчний эвлэлийн хороо гэж бүртгэгдсэн, харин нэхэмжлэгч 4397754 регистрийн дугаартай Орхон Инженеринг Менежмент ХХК-ийн дэргэд ажиллагсадын Үйлдвэрчний эвлэлийн хороо-Үйлдвэрчний байгууллага бүртгэгдээгүй байгаа болох нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн 2019 оны 01 сарын 17-ны өдрийн № 78 дугаатай лавлагаа болон талуудын тайлбараар нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл үйлдвэрчний эвлэлийн хорооны эрх нь улсын бүртгэлд бүртгүүлсэнээр үүсэх бөгөөд Натурал текстайл групп ХХК-ны ажиллагсадын Үйлдвэрчний эвлэлийн хороо нь зөвхөн тус компаны ажиллагсадын Үйлдвэрчний эвлэлийн хороо гэж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Бие даасан тус тусдаа компаниудыг төлөөлөн улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй, нэгэнт улсын бүртгэлд бүртгүүлээгүй учир төлөөлөх эрх үүсээгүй байна.

Орхон аймгийн*******ын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/211 дугаартай захирамжаар Хөдөлмөрийн маргаан зохицуулах зуучлагч, мөн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/242 дугаартай захирамжаар хөдөлмөрийн маргааныг хэлэлцэх хөдөлмөрийн арбитрчдыг томилсон байна. Гэвч дээрх зуучлагч болон хөдөлмөрийн арбитрчид нь Натурал текстайл групп ХХК-ийн захиргаа,түүний ажиллагсдын үйлдвэрчний хорооны хооронд үүссэн маргааны асуудлыг зохицуулахаар томилогдсон байх бөгөөд Орхон Инженеринг Менежмент ХХК-ны захиргаа, түүний ажиллагсадын үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд үүссэн маргааныг зохицуулахаар томилогдсон гэж дүгнэх боломжгүй байна. Иймд тэдгээрийн зүгээс гаргасан тэмдэглэл, зөвлөмж нь Орхон Инженеринг Менежмент ХХК-нд хамааралгүй, тус компаны дэргэд үйлдвэрчний эвлэлийн хороо байдаггүй болох нь улсын бүртгэлийн лавлагаагаар батлагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Орхон Инженеринг Менежмент ХХК нь хариуцагч Натурал текстайл групп ХХК-ийн ажиллагсадын Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч*******ноос 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Орхон Инженеринг Менежмент ХХК-д олгосугай.

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШЗ2018/05208 дугаартай шүүгчийн захирамжийг энэ хэрэгт давж заалдах заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

4.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА