Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 129/ШШ2017/00456

 

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 129/ШШ2017/00456

       Эрдэнэбулган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1989 онд төрсөн, Мобиком компанид борлуулах үйлчилгээний ажилтан ажилтай, охин, дүүгийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг Арслан цохионы 06-12 тоотод оршин суух У овгийн О.Ц-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэгст багийн 1-1-21 тоотод оршин суух Б овгийн Ц.Э-д/ холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, 6935000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Ц миний бие нь 2010 онд Ц.Э-тэй танилцан 2014 онд гэрлэлтээ батлуулж, гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2011 онд охин Э.А төрсөн. Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. 2015 оноос тус тусын амьдралаар амьдарч байгаа. Цаашид хамт амьдрах ямар ч боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хамт амьдрах хугацаандаа 2013 оны 09 сард 10 сая төгрөгний зээл авсны 2015 оны 03 сарыг дуустал өөрийн төлсөн 6935000 төгрөгийг нэхэмжилнэ, гэр болон машинаа тэр хүнд үлдээнэ. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгож охин Э.А-г миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Э шүүхэд гаргасан тайлбартаа: О.Ц бид 2 хамтран амьдрах хугацаандаа бусдын л адил амьдарч ирсэн. Амьдралд маргалдах, үл ойлголцох зүйл зөндөө л гардаг. Түүнээс бус дарамт ирээгүй байх гэж бодож байна. Энэ талаар бүгд л мэдэж байгаа. 2015 онд Архангай аймаг явах шийдвэрийг гаргаж бид шилжин суурьшиж амьдрах болсон. Тэр үеэс эхнэр үл ойлголцох зүйл гарах болсон. Би гэр орондоо архи ууж, агсам согтуу тавьж, эхнэртээ гар хүрч байгаагүй. 2015 оны 07 дугаар сараас эхнэр гэртээ ирэхгүй би ганцаар хэсэг хугацааг өнгөрөөсөн. Би аргадаж гуйж ирсэн. Тэгж аргадаж гуйх болгонд намайг хөөж туусан л яриа болдог байсан. Би 2016 оны өвөл цагаан сараар очиж уулзах гэсэн боловч намайг гэртээ оруулаагүй. Би шөнө нь буцсан. Дүү нь ч гэсэн утсаар маш дарамттай зүйл ярьдаг. Хамгийн гол нь салах шалтгааныг нэхэмжлэлд дурдсан зүйл байна гэхэд би итгэхгүй байна. Би нэхэмжлэлд дурдсан байдлаар амьдраагүй байх гэж бодож байна. Би өөрөө гэрээсээ яваагүй гэдгийг энэ хүн ч сайн мэдэж байгаа байх. Надад салах ямар ч шалтгаан байхгүй. Би гэрээсээ явахдаа машинаа унаад явсан. Дараа нь гэрээ ав гэж байнга ярьж би гэрээ авсан. Хэрэв энэ хүн үнэхээр салах бодолтой  байгаа бол би хүүхдийн тэтгэлгээ төлнө. Харин зээл төлсөн мөнгө нэхэмжилсэн тухайд хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид нэгнийхээ цалингаар зээл төлөөд нөгөөгийнхөө цалингаар амьдарч байсан. Гэр бүлийн хэрэгцээнд л зарцуулж байсан. Би одоо цалингийн зээлтэй, Энэ мөнгийг төлөх боломжгүй. Үнэхээр мөнгө төлөх шаардлагатай бол гэрийг аваад мөнгө болгох эсхүл хугацаа тогтоож мөнгө төлөх боломжтой. Охин Э.А-н тухайд ээжийнхээ асрамжид үлдсэн нь дээр байх харин надтай уулзуулах боломжоор хангаж өгөөч гэж хүсмээр байна гэжээ.

Хариуцагч Ц.Э шүүхэд гаргасан нэмэлт тайлбар хүсэлтдээ: О.Ц-ын нэхэмжлэлийн шаардлага болох “Гэрлэлт цуцлуулах хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг миний бие хүлээн зөвшөөрч байна. Учир нь О.Ц бид 2 хамт амьдралгүй 1 жил гаруй болсон бөгөөд О.Ц-той хамт амьдрах талаар ярихад буцаад хамт амьдрах боломжгүй гэж тайлбарладаг. Иймд хүүхдийн асрамж болон тэтгэлэг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагын тухайд өөрийн охин болох Э.А-г миний бие тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлэх мөн хүүхдийн асрамжийн тухайд ээжид нь үлдээхэд татгалзах зүйлгүй болно. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайд: О.Цолмон-Од бид 2 хамт амьдарч байх хугацаанд буюу 2013 оны 09 дүгээр сард  ХААН банкнаас 10000000 төгрөгийн зээлийг хамтын амьдралдаа зарцуулахаар авсан. О.Ц нэхэмжлэлдээ 2013 оны 09 дүгээр сард 10 сая төгрөгний зээл авсаны 2015 оны 03 сарыг дуустал өөрийн төлсөн нийт 6935000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь уг зээлж авсан 10 сая төгрөгийг бид хамтын амьдралдаа хэрэглэсэн. Мөн уг зээлийг би өөрийн цалингийн данснаасаа төлж дуусгасан бөгөөд тодруулбал 2013 оны 07 сараас 2016 оны 07 сар хүртэл буюу зээлийг хааж дуусах хүртэл өөрийн ХААН банкны 5025856659 тоот данснаас Хаан банкны зээлийн 5315562311 тоот дансруу үндсэн зээл 10 сая төгрөг, зээлийн хүү 2665663 төгрөг, нийт 12665663 төгрөгийг шилжүүлж төлж барагдуулсан. Миний бие нэхэмжлэгчтэй хамтран авсан зээлийг өөрийн хувийн хэрэгцээнд хэрэглээгүй бөгөөд бид ХААН банкны өмнө зээлийн үүргийг хамтран хүлээсэн. Энэ нь хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр нотлогддог. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12 дахь хэсэгт зааснаар хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ногдох хэсгээр шаардах эрхтэй байхаар заасан байна. Нэхэмжлэгчийн хувьд Хаан банкны өмнө хүлээсэн зээлийн үүргийг гүйцэтгээгүй. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлээ нотлох зорилгоор ХААН банкны Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч О.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Э бид хоёр банкнаас 10 сая төгрөг зээлээд 7 сая төгрөгөөр Приус 10 маркийн машиныг ажлынхаа хүнээс худалдан авч үлдсэн 3 сая төгрөгийн 1 сая гаруй төгрөгөөр телевизор, стенк аваад, үлдсэн мөнгөөр нь гэртээ хэрэгтэй эд зүйлийг худалдаж авсан. Худалдаж авсан тавилга нь Ц.Э-ын авсан гэрт нь үлдчихсэн, мөн машинаа Ц.Э өөрөө унаад явчихсан. Банкнаас зээлсэн 10 сая төгрөгийн 7 сая төгрөгөөр нь машин худалдаж авсан бодит хөрөнгө гэж үзээд машины 7 сая төгрөгнөөс охин бид хоёрт оногдох хувийг авна гэж бодож байна. Ц.Э 7 сая төгрөгийн машин худалдаж авсан, машинаа өөрөө унаад явсантайгаа маргахгүй байгаа. Уг зээлийг Ц.Э-ын нэр дээр авч, би хамтран зээлдэгч нь байсан. Одоо зээл төлөгдөөд дууссан. Зээлд нийт 12 сая гаран төгрөг төлсөн байх. Үүнээс би нийт 19 сар сар бүр 365.000 төгрөг төлсөн. Зээлд нийт төлсөн 6.935.000 төгрөгөө нэхэмжилнэ. Миний дансны хуулгыг харах юм бол миний данснаас Ц.Э-ын дансруу мөнгө шилжүүлж байсан нь нотлогдоно. Зээлийн данс гэж тусдаа данс байдаг гэсэн. Би Ц.Э-ын дансруу мөнгөө шилжүүлдэг, цаашаагаа дахиад өөр зээлийн дансруу шилждэг байсан юм билээ. Зээл нь сар болгоны 2-ны өдөр татагдсан байсан. Тийм учраас би сар болгоны эхэнд юм уу, өмнөх сарынх нь сүүлээр дансруу нь зээлийн мөнгийг шилжүүлдэг байсан. Миний цалин сар болгоны 30-ны өдөр ордог байсан. Заримдаа би зээлийн мөнгийг Ц.Э-д бэлнээр ч өгөх тохиолдол байсан. Миний данснаас Ц.Э-ын дансруу зээлд нийт 4 сая гаруй төгрөг шилжүүлсэн байгаа. Миний нэхэмжилж байгаа мөнгөний 4 сая гаруй нь дансаар шилжүүлсэн, үлдсэн мөнгийг нь бэлнээр өгч байсан. Бид 3 Говь-Алтай аймагт амьдарч байхдаа Ц.Э-н аав, ээж, төрсөн дүү охинтой нь хамт нийлээд зургуулаа амьдарч байсан. Миний данснаас гарсан мөнгөн зарлагууд нь дандаа гэр бүлийн хэрэгцээнд идэж, уух, өмсөж зүүхэд зарцуулагддаг байсан. Ц.Э-т шүүхэд ажилладаг байсан. Цалин буулаа гээд гэртээ идэж, уух юм огт авч ирж байгаагүй. Би эхнэр хүн учраас гэрийнхээ бүхий л зүйлийг болгодог байсан. Бид хоёр эхлээд Говь-Алтай аймагт хадмуудтайгаа хамт амьдарч байсан. Бид хоёрын үл ойлголцох асуудал хадмуудаас болоод байна гэж бодоод Архангай аймаг руу шилжиж ирсэн. Гэтэл хадмуудаас биш Ц.Э-с өөрөөс нь болж бид хоёрын үл ойлголцол үүсэж байсан юм билээ. Энд шилжиж ирснээс хойш би Ц.Э-г шинэ хамт олонтой болсон учраас ойлгохыг нэг хэсэгтээ хичээсэн. Гэтэл Ц.Э-т энд ирээд 3 сар хүрэхгүй охин бид хоёрыг хаяад явсан. Үнэхээр охин бид хоёрт хайртай, хамт амьдрах бодолтой байсан бол бид хоёрыг хаяад явахгүй байсан байх. Би яг л ганцаараа амьдарч байгаа юм шиг л амьдардаг байсан. Өглөө эрт хүүхдээ хүргэж өгчихөөд, орой ажлаа тараад хүүхдээ аваад гэртээ харьдаг байсан. Хүүхдэд маань аав хэрэгтэй шүү дээ. Ц.Э ажилтай гээд өглөө гараад л орой ирдэг байсан. Гэр бүлийн хүмүүс ярилцаад, хамтдаа байж, хэрэгцээнийхээ зүйлийг хамт цуглуулж, ер нь л хамт байх ёстой гэж боддог. Би өмнө нь ганцаараа болгоод л байдаг байсан. Одоо ч гэсэн ганцаараа болоод л байна, ямар ч ялгаа байхгүй байгаа. Бид хоёр 2015 онд дахиад хүүхэдтэй болъё гэхэд Ц.Э огт дэмжихгүй байсан. Үүнээс бодоод үзэхээр Ц.Э-н зан нь ойлгомжтой л болчихсон байсан. Намайг юм ярих гэхээр огт хүлээж авахгүй, ярих ч үгүй, хоолоо идчихээд л, кино үзээд л суучихдаг байсан. Бид хоёр 2010 оноос эхлэн хамт амьдраад, 2015 оны 07 сараас хойш тусдаа амьдарч байгаа. Ц.Э үр хүүхдэдээ тавих ямар ч анхаарал халамж байдаггүй. Манай охин одоо 6 нас хүрч сургуульд сурч байгаа. Бид тусдаа амьдарснаас нь хойш охинтойгоо огт ирж уулзаагүй. Нэг удаа Ц.Э ирнэ гэдгээ хэлэхгүй, бид нарыг шөнө унтаж байхад айлын хашааны хаалга эвдээд юу ч болоогүй юм шиг орж ирсэн. Тэгэхээр нь би энэ байдлыг нь хүлээн зөвшөөрөхгүй, хүүхэдтэйгээ уулзуулахгүй гээд буцаагаад явуулсан. Би Ц.Э-г охинтойгоо уулзахыг хориглодоггүй. Өдрийн цагаар ирж уулзаж болно шүү. Гэтэл шөнийн цагаар ирээд айлын хаалганы цоож эвдээд орж ирэхээр хэн ч айна шүү дээ. Тэгээд уулзуулаагүй юм. Би охиноо аавтай нь утсаар яриулах гээд зөндөө залгадаг, гэтэл утсаа огт авдаггүй. Нэг өдөр би Улаанбаатар хот руу ажил гараад явахдаа охиноо аавтай нь уулзуулах гээд аваад явсан. Тэгэхдээ Ц.Эрдэнэбатад хэлсэн. Гэтэл Ц.Э өөрөө ирээгүй. Гэтэл манай охин аавтайгаа уулзана гээд бөөн баяр болчихсон байсан. Ц.Э надад худлаа яриад зогсохгүй охиндоо хүртэл худлаа ярьж, хүүхдэд хий хүлээлт үүсгэсэн. Түүнээс хойш би охиноо Ц.Э-тай уулзуулах шаардлагагүй гэж бодож байгаа. Охиноо аавтай нь яриулах гээд утас руу залгахаар утсаа авахгүй байсаар байгаад манай охин одоо залгаад өг гэхээ больчихсон байна лээ. Миний гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийнхөө асрамжинд авч, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ байгаа. Ц.Э-тай эвлэрэх боломжгүй. Би анх хуульд зааснаар эвлэрүүлэн зуучлагчид хандсан. Гэтэл Ц.Э эвлэрүүлэх ажиллагаанд ирээгүй. Надад Ц.Э-тай эвлэрэх хүсэлт байхгүй гэв.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч О.Ц нь Ц.Э-д холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг болон банкны зээлийн төлбөрт төлсөн 6.935.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

          Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлгын тухайд:

          Нэхэмжлэгч О.Ц, хариуцагч Ц.Э нар 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж тэдний дундаас охин Э.Амарбаясгалан 2011 оны 09 дүгээр сарын 23-нд төрсөн болох нь зохигчийн тайлбар, 8201000088 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, охин Э.А-н ... дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна. 

Хариуцагч Ц.Э нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх бөгөөд тэдний гэрлэлтийг цуцлахад Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, гэрлэгчид 2015 оноос хойш тусдаа амьдарсан, гэрлэгчид эвлэрэх боломжгүй гэсэн тайлбар гаргаж байх тул Ц.Э, О.Ц нарын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй.

Э.А-гийн асрамжийн талаар талууд маргаагүй, хүүхдийн одоо амьдарч, өсөж торниж буй орчин нөхцөл байдал хүүхэд өсөхөд сөргөөр нөлөөлж байгаа болон нөлөөлж болзошгүй талаар хариуцагч тайлбар гаргаагүй, хариуцагч нь хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг, хүүхдийн нас, түүнд тавих анхаарал халамжийг харгалзан 2011 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Э.А-г  эх О.Ц-н асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Э.А-г эцэг Ц.Э тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Ц.Э  “охин Э.А-г надтай уулзуулах боломжоор хангаж өгөөч” гэсэн тайлбарыг шүүхэд гаргажээ.

Хүүхдийн асрамжийг хариуцаж буй нэхэмжлэгч О.Ц хариуцагч Ц.Э-г хүүхэдтэйгээ уулзах, хүмүүжил, өсөн бойжиход нь хувь нэмэр оруулах боломж олгох ёстой. Ц.Э нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахаар нөхцөл байдал гаргаж байсан талаар нэхэмжлэгч тайлбар, нотлох баримт гаргаагүй, талууд энэ талаар харилцан тохиролцоогүй тул Ц.Э-г охин Э.А-тай нь уулзуулахад хугацаа, хэмжээ хязгаар тогтоох шаардлагагүй гэж үзсэн ба О.Ц нь  Ц.Э-г охин Э.А-тай уулзах, эцгийн хувьд үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хориглох эрхгүйг дурдах нь нь зүйтэй.  

          Нэхэмжлэгч О.Ц нь зээлийн төлбөрт төлсөн 6.935.000 төгрөгийг хариуцагч Ц.Э-с нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:   

          О.Ц, Ц.Э нар нь Хаан банкнаас 10.000.000 төгрөгийг гэр бүлийн хэрэгцээнд зориулж зээлж авсан нь 2013 оны 7 сарын 23-ны өдрийн 13/1208 тоот барьцаат зээлийн гэрээ, тэдний тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч Ц.Э  “нэхэмжлэгчийн хувьд ХААН банкны өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй, нэхэмжлэлийн энэ шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.

          Нэхэмжлэгч О.Ц-н “Ц.Э бид хоёр банкнаас 10 сая төгрөг зээлээд 7 сая төгрөгөөр Приус 10 маркийн машиныг худалдан авч үлдсэн 3 сая төгрөгийн 1 сая гаруй төгрөгөөр телевизор, стенк аваад, үлдсэн мөнгөөр нь гэртээ хэрэгтэй эд зүйлийг худалдаж авсан. Худалдаж авсан зүйл Ц.Э-ын авсан гэрт үлдчихсэн, машинаа Ц.Э өөрөө унаад явчихсан” гэсэн, хариуцагч Ц.Э-н Би гэрээсээ явахдаа машинаа унаад явсан. Дараа нь гэрээ ав гэж байнга ярьж би гэрээ авсан. Бид нэгнийхээ цалингаар зээл төлөөд нөгөөгийнхөө цалингаар амьдарч байсан. Гэр бүлийн хэрэгцээнд л зарцуулж байсан” гэсэн тайлбараас үзэхэд гэр бүлийн хэрэгцээнд зориулан банкнаас авсан зээлийн үр дүнд бий болсон хөрөнгө болох тээврийн хэрэгсэл тавилга бусад зүйлсийг Ц.Э эзэмшдэг гэдэгтэй хариуцагч маргаагүй, нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг үгүйсгээгүй байна.

Гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа банкнаас зээл авч бий болгосон машин тавилга зэрэг хөрөнгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1-д заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзэж болох боловч нэхэмжлэгч нь хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийн талаар нэхэмжлээгүй, харин уг хөрөнгийг бий болгоход өөрийн оруулсан хөрөнгийг /банкны зээлд төлсөн мөнгө/ хариуцагчаас нэхэмжилсэн.

          Зохигч гэр бүлийн хэрэгцээндээ зориулан авсан банкны зээлийг төлж зээлийн гэрээ дуусгавар болсон нь тэдний тайлбараар тогтоогддог. Ц.Э О.Ц нарын 5315562311 тоот дансанд Ц.Э-н 5025856659 тоот данснаас зээл төлөгдөж байсан нь ХААН банкны депозит дансны хуулгаар /хх-106-107х/, нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Э-н Хаан банкны 5025856659 тоот данс руу мөнгө шилжүүлдэг байсан нь О.Ц 5003426100 тоот депозит дансны хуулгаар, О.Ц зээл төлөх хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлийн бусад хэрэгцээгээ хангаж байсан нь түүний тайлбараар тус тус нотлогддог тул талууд банкнаас авсан зээлээ өөрсдийн хөдөлмөрөөр олсон орлогоор төлсөн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь: гэрлэгчдийн хэн нэг нь банкны өмнө хүлээсэн зээлийн үүргээ олсон орлогоороо төлж байсан хэдий ч зээл төлөөгүй нэг нь гэр бүлийн бусад хэрэгцээг өөрийн орлогоор хангаж байгаа нь гэрлэгчид гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх үүргээ биелүүлж буй явдал юм. Иймд О.Ц, Ц.Э нарын хэн нь зээлийн үүргийг хэдий хэмжээгээр гүйцэтгэснээр биш гэрлэгчид гэр бүлийн хэрэгцээнд зориулан банкнаас авсан зээлийн үүргийг хамт хариуцаж зээлийн үр дүнд бий болсон хөрөнгийг ч мөн хамтран эзэмшиж, ашиглах ёстой байсан гэж үзлээ.

Зээлийн үр дүнд бий болсон тээврийн хэрэгсэл болон гэр бүлийн хэрэгцээнд зориулан авсан тавилга зэрэг эд хөрөнгө Ц.Э-д шилжсэн, О.Ц тухайн хөрөнгийг эзэмшээгүй тул О.Ц нь ХААН банкинд төлөгдсөн зээл 10.000.000 төгрөг, түүний хүү 2.648.483 төгрөг,  нийт 12.648.483 төгрөгийн /хх-82х/ 50 хувь буюу 6.324.241 төгрөгийг Ц.Э-с нэхэмжлэх эрхтэй байна.  

Иймд Ц.Э-с 6.324.241 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 610.758 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 266.310 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагчаас 256.538 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хариуцагчаас хүүхдийн тэтгэлгийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 29534 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Хариуцагч Ц.Э-д шүүх хуралдааны товыг 2017 оны 08 сарын 30-ний өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б овгийн Ц.Э, Уургач овгийн О.Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 9 дүгээр сарын 23-нд төрсөн охин Э.А-г эх О.Ц-н асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Э.А-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ц.Э-р тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар хариуцагч Ц.Э-с 6.324.241 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 610.758 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6-д зааснаар гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэхасран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэйгнэхэмжлэгч О.Ц нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол хариуцагч Ц.Э-г эцгийн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд мөн охин Э.А-тай уулзахад нь саад учруулахыг хориглох эрхгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266.310 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Ц.Э-с 256.538 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Ц-д олгож, 29.534 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүл бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /М.Бямбаахүү/-д даалгасугай.

 

8. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БАЙГАЛМАА