Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 09

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   О.Цолмон-Одын нэхэмжлэлтэй иргэний

                                                          хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 129/ШШ2017/00214 дүгээр шийдвэртэй

О.Цолмон-Одын нэхэмжлэлтэй

Ц.Эрдэнэбатад холбогдох

гэрлэлт цуцлуулах, охин Э.Амарбаясгаланг өөрийн асрамжид үлдээлгэх, тэтгэлэг болон 6 935 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагч Ц.Эрдэнэбатын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт:

“О.Цолмон-Од миний бие нь 2010 онд Ц.Эрдэнэбаттай танилцаж, 2011 онд охин Э.Амарбаясгалан төрсөн. 2014 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2015 оноос тусдаа амьдарч би Архангайд ирсэн. Ц.Эрдэнэбат Говь-Алтай аймагт амьдарч байгаад 2015.05 сард надтай хамт амьдрахаар ирсэн боловч 07 сарын сүүлээр буцаж явсан. Хамт амьдрах боломжгүй, байнга уурладаг байсан. Өөрт нь энд амьдрах хэцүү байсан байж магадгүй. Би Говь-Алтай аймагт амьдарч байхдаа гэр бүлийнхэнтэй нь дасан зохицоод, хоёулаа ажил төрөл хийгээд болдог л байсан. Архангайд ирээд Ц.Эрдэнэбат ажилд орсон. Би ч гэсэн ажил хийдэг байсан. Хамт амьдрах хүсэлгүй болчихоод олон янзын ааш гаргадаг байсан байх гэж би одоо боддог. Цаашид хамт амьдрах ямар ч боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хамт амьдарч байхдаа 2013.09 сард 10 000 000 төгрөгийн зээл авч, 7 000 000 төгрөгөөр нь машин авсан. Тухайн үед Ц.Эрдэнэбатын цалин бага байсан учир би хамтран зээлсэн. Нотлох баримт болгож дансны хуулгыг нь гаргуулсан боловч данснаас нь тодорхой гарч ирээгүй. Гэхдээ Ц.Эрдэнэбат 7 000 000 төгрөгөөр машин авсан гэдгээ үгүйсгэхгүй байх. Машиныг Ц.Эрдэнэбат авсан учир би тухайн зээлд өөрийнхөө төлсөн 6 935 000 төгрөгийг нэхэмжилнэ. Би 2015.03 сарыг хүртэл зээлийн эргэн төлөлтөнд сард 365 000 төгрөг төлдөг байсан. Гэрийг Ц.Эрдэнэбатад өгсөн. Мөн охин Э.Амарбаясгаланг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Хүүхдийн тэтгэлгийг 2015.08 сараас эхлэн нөхөн гаргуулах хүсэлттэй байна. Учир нь бид 2015.03 сараас эхлэн тусдаа амьдарсан учир хүүхэддээ зориулж байгаа мөнгийг нөхөн гаргуулах хүсэлттэй байна. Ц.Эрдэнэбат 2015.03 сараас хойш үр хүүхэддээ огт анхаарал халамж тавиагүй учир миний энэ шаардлагыг татгалзахгүй байх гэж бодож байна. Ц.Эрдэнэбат охинтойгоо уулзахыг хүссэн үед нь уулзуулж байна. Миний зүгээс хориглох зүйл байхгүй. Гэхдээ олон удаа уулзуулж чадахгүй.” гэжээ.

 

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт:

“О.Цолмон-Од бид хоёр хамтран амьдрах хугацаандаа бусдын л адил амьдарч ирсэн. Амьдралд маргалдах, үл ойлголцох зүйл зөндөө л гардаг. Түүнээс бус дарамт ирээгүй байх гэж бодож байна. Энэ талаар бүгд л мэдэж байгаа. 2015 онд Архангай аймаг явах шийдвэрийг гаргаж бид шилжин суурьшиж амьдрах болсон. Тэр үеэс бидний хооронд үл ойлголцох зүйл гарах болсон. Би архи ууж, гэр орондоо агсам согтуу тавьж, эхнэртээ гар хүрч байгаагүй. 2015.07 сараас эхнэр маань гэртээ ирэхээ больж, би ганцаараа хэсэг хугацааг өнгөрөөсөн. Тэгээд би аргадаж гуйж авчирсан. Тэгж аргадаж гуйх болгонд намайг хөөж туусан яриа л болдог байсан. Би 2016 оны өвөл цагаан сараар очсон. Уулзах гэсэн боловч намайг гэртээ оруулаагүй болохоор би шөнө нь буцсан. Дүү нь ч гэсэн утсаар маш дарамттай зүйл ярьдаг. Бидний салах шалтгаан бол нэхэмжлэлд дурдсан зүйл гэхэд би итгэхгүй байна. Бид нэхэмжлэлд бичсэн шиг амьдраагүй байх гэж бодож байна. Би өөрөө гэрээсээ яваагүйг О.Цолмон-Од сайн мэдэж байгаа байх. Надад салах ямар ч шалтгаан байхгүй. Би гэрээсээ явахдаа машинаа унаад явсан. Дараа нь гэрээ ав гэж байнга яриад байхаар нь авсан. Хэрэв О.Цолмон-Од үнэхээр салах бодолтой байгаа бол би хүүхдийн тэтгэлэг төлнө. Харин зээлд төлсөн мөнгө нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид нэгнийхээ цалингаар зээлээ төлөөд, нөгөөгийнхөө цалингаар амьдарч байсан. Мөнгөө гэр бүлийн хэрэгцээнд л зарцуулж байсан. Би одоо цалингийн зээлтэй. Иймд энэ мөнгийг төлөх боломжгүй. Үнэхэээр мөнгө төлөх шаардлагатай бол гэрийг аваад мөнгө болгох, эсхүл хугацаа тогтоож мөнгө төлөх боломжтой. Охин Э.Амарбаясгалангийн тухайд ээжийнхээ асрамжид үлдсэн нь дээр байх. Харин надтай уулзуулах боломжоор хангаж өгөөч гэж хүсмээр байна.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 129/ШШ2017/00214 дүгээр шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Баян буурал овогт Цолмонгийн Эрдэнэбат, Уургач овогт Очирхүүгийн Цолмон-Од нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2014 оны 09 сарын 23-ны өдөр төрсөн охин Эрдэнэбатын Амарбаясгаланг эх О.Цолмон-Одын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан охин Э.Амарбаясгаланг сард 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Эрдэнэбатаар тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг баримтлан зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.6-д заасныг баримтлан хариуцагч Ц.Эрдэнэбат нь эцгийн эрх, үүргээ хэрэгжүүлэхээр охин Э.Амарбаясгалантай 18 нас хүртэл нь улиралд нэг удаа уулзахад нь Э.Амарбаясгалангийн эх О.Цолмон-Од саад учруулах, хориглох эрхгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан хариуцагч Ц.Эрдэнэбатаас 4 666 660 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Цолмон-Одод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 268 444 төгрөг гаргуулах гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 110 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Эрдэнэбатаас улсын тэмдэгтийн хураамжид 159 817 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Цолмон-Одод олгож, мөн хариуцагчаас 1 хүүхдийн тэтгэлгийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 29 534 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод тус тус оруулж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ц.Эрдэнэбатын давж заалдах журмаар гаргасан гомдолд:

“Миний бие Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 129/ШШ2017/00214 дүгээр шийдвэртэй О.Цолмон-Одын нэхэмжлэлтэй гэрлэлт цуцлуулж, охин Э.Амарбаясгаланг өөрийн асрамжид үлдээлгэж, тэтгэлэг болон 6 935 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа билээ. Уг хэргийг шийдвэрлэсэн дээрх шийдвэрийн надаас 4 666 660 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Цолмон-Одод олгохоор шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч О.Цолмон-Од шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагаа “гэрлэлт цуцлуулах, охин Э.Амарбаясгаланг өөрийн асрамжид үлдээлгэх, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хамтран амьдрах хугацаанд буюу 2013.09 сард авсан 10 000 000 төгрөгийн зээлээс 2015.03 сарыг дуустал өөрийнхөө төлсөн 6 935 000 төгрөгийг гаргуулах” хэмээн тодорхойлсон. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч О.Цолмон-Одын шүүхэд 2016 оны 12 сарын 06-нд гаргасан тайлбар, 2017 оны 01 сарын 27-нд гаргасан хүсэлт, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбар зэргээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрт ногдох эд хөрөнгийг “нэхэмжлэгч хариуцагч нар хамтран амьдрах хугацаанд банкнаас 10 сая төгрөгийн зээл авч гэр бүлийн хамтын хэрэгцээнд зарцуулахдаа шинээр бий болгосон хөрөнгө болох машин Ц.Эрдэнэбатад байгаа учир зээлийг төлөхөд өөрийн зүгээс оруулсан мөнгийг гаргуулна” гэж тодорхойлон нэхэмжилж байна гэж дүгнэлээ” гэсэн нь ойлгомжгүй байна. Тодруулбал нэхэмжлэгч 6 935 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2015.03 сарыг дуустал өөрийнхөө төлсөн /банкинд/ 6 935 000 төгрөг гэж тодорхойлсон. Гэтэл шүүх хэрэгт байгаа нотлох баримтыг үнэлэхдээ О.Цолмон-Од 2015.03 сарыг дуустал банкинд зээлийн эргэн төлөлт хийсэн эсэх талаарх баримтыг үндэслэж шийдвэрлэх бус өөрийн санаачилгаараа хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй автомашиныг шийдвэрийн үндэслэх хэсэгтээ заасан байна. Нэхэмжлэгч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд 6 935 000 төгрөгөөс өөрт болон охин Э.Амарбаясгаланд оногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэх бус, харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч мэт байр суурьнаас хандаж хэт нэг талыг барьж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн шийдвэр гаргасан байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд дотор хариуцагч миний шүүхэд гаргаж өгсөн зээлийн дансны хуулга байгаа бөгөөд уг зээлийн дансны хуулга нь 2013.09 сард банкнаас авсан зээлийг миний бие төлсөнийг хангалттай нотлох баримт юм. Гэтэл энэхүү баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй бөгөөд энэ талаар шийдвэрт тайлбарлаагүй. Мөн хавтаст хэрэгт автомашины улсын бүртгэлийн гэрчилгээ болон автомашинтай холбоотой ямар нэгэн нотлох баримт байхгүй атал шүүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт буюу шийдвэрийн 5 дугаар хуудасны дээрээсээ 9-11 дэх мөрөнд “...зээлийн үр дүнд шинээр бий болгосон хөрөнгө болох машин бодитойгоор одоо байгаа учир уг машиныг авахад зарцуулсан 7 000 000 төгрөгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг хувааж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ” гэсэн нь буруу байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасан “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах” хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй талаархи шүүхээс баримтлах ёстой хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 129/ШШ2017/00214 дугаартай шийдвэрийн Ц.Эрдэнэбатаас 4 666 660 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Цолмон-Одод олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

1. О.Цолмон-Од нь анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлуулах, охин Э.Амарбаясгаланг өөрийн асрамжид үлдээлгэх, тэтгэлэг болон 6 935 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т “...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө.”, 63 дугаар зүйлийн 63.1.3-д “бие даасан хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол бүх шаардлагын үнийн нийлбэрээр” нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг”-ийн тэмдэгтийн хураамж хураахаар тус тус тодорхой заажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа гэрлэлт цуцлуулах шаардлагад 70 200 төгрөгийн, 6 935 000 төгрөг гаргуулах шаардлагад 125 910 төгрөгийн тэмдэгтийн хураамж тус тус төлсөн байх бөгөөд хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад тэмдэгтийн хураамж төлөөгүй байгаа нь хуулийн дээрх заалтуудыг зөрчжээ.

 

2. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар иргэний хэрэг үүсгэх шүүгчийн захирамж гаргахдаа нэхэмжлэлд заасан 6 935 000 төгрөг гаргуулах шаардлагад иргэний хэрэг үүсгээгүй байна. /хх-13/

 

3. Ц.Эрдэнэбат нь 2016.12.05-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа “Охин Э.Амарбаясгаланг ... надтай уулзуулах боломжоор хангаж өгөөч гэж хүсмээр байна” гэсэн ба энэ талаар талууд харилцан тохиролцсон эсэх нь тодорхойгүй,  шүүх хариуцагч Ц.Эрдэнэбатыг охин Э.Амарбаясгалантай 18 нас хүртэл нь улиралд нэг удаа уулзуулахаар шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан ямар баримтыг үнэлсэн нь ойлгомжгүй. 

 

4. О.Цолмон-Од нь 2016.12.06-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа “Мөн хүүхдийн тэтгэлгийг 2015.07 сараас гаргуулмаар байна” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байхад шүүх хариуцагчид нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулаагүй, хариу тайлбар аваагүйгээс гадна уг шаардлагыг шийдвэрлээгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийг зөрчжээ.

5. Шүүх 2016.12.12-ны өдөр шүүх хуралдаан хийж даалгавар гүйцэтгүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж гаргасан атлаа шүүх хуралдааны тэмдэглэл хавтаст хэрэгт авагдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг зөрчсөн гэж үзнэ. Мөн захирамжийн удиртгал хэсэгт хариуцагч Ц.Эрдэнэбатыг шүүх хуралдаанд оролцсон гэж, үндэслэх хэсэгт оролцоогүй гэж бичсэн нь ойлгомжгүй байна. Энэ шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Цолмон-Одын гаргасан ХААН банкны Говь-Алтай салбараас нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан зохицуулалтыг хэрэглэж ХААН банкны Говь-Алтай салбараас нотлох баримт шаардан авах боломжтой байхад уг ажиллагаа гүйцэтгэхийг Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд даалгасан нь буруу байна. Шүүх өөрөө хийх боломжтой ажиллагааг өөр шүүхэд даалган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үндэслэл муутай түдгэлзүүлж, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх даалгаврыг биелүүлэх боломжгүй байгаагаа мэдэгдсний дараа нэхэмжлэгч хүсэлтээ өөрчилж, шүүхэд дахин гаргах зэргээр нэхэмжлэгчийн 2016.12.07-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу нотлох баримт 2017.03.29-нд шүүхэд ирж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг алдагдуулахад хүргэсэн гэж үзэхээр байна.    

 

6. Шүүх 2016.12.12-ны өдөр шүүх хуралдаанаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, шүүхийн даалгавар ирэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан атлаа 2017.01.27-ны өдөр шүүх хуралдаан хийлгүйгээр дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

 

7. 2017.04.12-ны өдрийн шүүх хуралдааныг хаалттай явуулахаар товлон зарласан атлаа нээлттэй явуулсан.

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 000 төгрөгийг Ц.Эрдэнэбатад захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 129/ШШ2017/00214 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 90 000 /ерэн мянга/ төгрөгийг Ц.Эрдэнэбатад захирамжаар буцааж олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Т.ДАВААСҮРЭН

ШҮҮГЧИД                                           Л.НЯМДОРЖ

                                                             Д.БЯМБАСҮРЭН