Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2021/04270

 

 

 

 

2021 12 17

101/ШШ2021/04270

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 0 тоот хаягт оршин суух Ж овогт Д.Г гийн гаргасан,

 

Хариуцагч: Н.Э ХХК //-нд холбогдох,

 

3,447,210.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нарийн бичгийн дарга З.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч Н.Э ХХК-тай Санто смарт апартментэд орон сууцны барилгаас орон сууц авахаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад 16,000,000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн.

 

Гэвч тус байгууллагын захирал солигдсонтой холбоотойгоор уг гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шинэчлэн байгуулаад нэмж 945,000 төгрөгийг хэсэгчлэн төлсөөр нийт 16,945,000 төгрөгийг хариуцагчид төлсөн. Талууд анх гэрээ байгуулахдаа 1 м.кв талбайг 2,550,000.00 төгрөгөөр тохирсон ба миний таньдаг эгч н.У нөхөр тухайн үед гүйцэтгэх захирал Ц.Ө.Огэж хүн байсан бөгөөд одоо гүйцэтгэх захирал нь Ц.О гэдэг хүн болсон байна. Би, танил эгч маань байсан болохоор тусална гэж найдаад гэрээг уншилгүй зурсан. Гэтэл барилгын ажил хойшлогдож, барилга бүрэн ашиглалтад орох хугацаа сунжирсаар хугацаандаа ашиглалтад ороогүй.

 

Үүнээс хойш надтай 2021 оны хавар хариуцагч Н.Э ХХК-ийг төлөөлж  н.М, мөн.Б.Э нар холбоо барьж, удахгүй барилга ашиглалтад орох тул төлбөрийн 30 хувийг гүйцээж төлөх талаар сануулж ярьж байсан боловч намайг хариуцагчийг олох гэж хайж явах хооронд миний захиалсан байрыг надад мэдэгдэлгүйгээр бусдад зарсан байсан.

 

Уг гэрээ үйлчлүүлэгчид хохиролгүй гэрээ байж чадаагүй, хариуцагч нь өөрсдөө эхэлж гэрээгээ цуцалсан, мөн гэрээ цуцлах тухай албан ёсны бичиг баримт үйлдээгүй, надад энэ талаар мэдэгдээгүй ба ямар учиртай мөнгө суутгаж авсан тухай албан ёсоор тайлбарлаагүй, надад мэдэгдэлгүй миний захиалсан байрыг шууд зарсан. Ингэж худалдахдаа 1 м.кв талбайг 2,850,000.00 төгрөгөөр үнэлж худалдсан байсан. Өөрөөр хэлбэл, надад 1 м.кв талбайг 2,550,000.00 төгрөгөөр худалдсан байрыг өөр хүнд худалдахдаа 2,850,000.00 төгрөгөөр зарснаар тус компани ямар нэг алдагдал хүлээгээгүй.

 

Хариуцагч нь 2018 оноос 2021 оныг дуустал хугацаанд миний мөнгийг эргэлдүүлж, мөн 1 м.кв талбайн үнийг нэмж зарчихаад буцааж өгөхдөө 3,447,210.00 төгрөгийг үндэслэлгүйгээр суутгаж, 13,497,790 төгрөгийг буцааж өгсөн нь надад хохиролтой байна. Хариуцагч Н.Э ХХК-иас орон сууцыг хугацаандаа ашиглалтанд оруулаагүй шалтгааныг Ковид-19 цар тахалтай холбож тайлбарласан.

 

Гэтэл миний бие мөн адил уг цар тахлын улмаас үлдэгдэл төлбөрийг төлж чадахгүй нөхцөл байдалтай байсан тухай учир шалтгаанаа хариуцагчид бичиж өгсөн байхад надад 3,447,210.00 төгрөгийг буцааж өгөхгүй байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд, хариуцагчаас дээрх мөнгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Тус шүүхэд гаргасан Д.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь, талууд 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх тухай гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр манай компани орон сууцыг өөрийн материалаар гүйцэтгэх, нэхэмжлэгч Д.Г нь уг орон сууцын төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон.

 

Талуудын байгуулсан гэрээний нийт үнэ 133,055,000.00 төгрөг бөгөөд гэрээний 2.1, хавсралт 1 дүгээрт заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөх үүргийг нэхэмжлэгч тал хүлээсэн. Нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар урьдчилгаа төлбөрт 16,495,000.00 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш ажлын 3 хоногт төлж, үүний дараа 25,971,500.00 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлж, үлдэгдэл төлбөрийг ашиглалтад орох үед төлөхөөр тохирсон. Гэтэл нэхэмжлэгч Д.Г уг 25,971,500.00 төгрөгийг тогтоосон хугацаанд төлж барагдуулахгүйгээр гэрээнд заасан үүргээ зөрчиж эхэлсэн.

 

Өөрөөр хэлбэл, урьдчилгаа төлбөрт 16,945,000.00 төгрөгийг төлснөөс хойш дахиж төлбөр төлөөгүй. Манай компани түүний захиалсан орон сууцыг өөр хүнд худалдаагүй, харин гэрээнд заасан төлбөр төлөх үүргийн зөрчил удаан хугацаанд үргэлжилсэн тул гэрээний 6.2-т зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан. Тодруулбал, хариуцагч Н.Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/35 тоот тушаалаар талуудын байгуулсан гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан. Мөн захиалагчийн зүгээс 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр орон сууц захиалах гэрээгээр захиалсан орон сууцандаа орох боломжгүй болсон тул урьдчилгаанд төлсөн төлбөрийг буцаан авах хүсэлтэй байна гэсэн.

 

Уг албан хүсэлтдээ миний захиалсан орон сууцыг өнөөдрийг хүртэл хадгалж байсанд баярлалаа гэсэн өргөдөл гаргаж байсныг хэргийн материалд хавсаргасан. Бид, нэхэмжлэгчийг үүргийн зөрчлийг удаан хугацаанд гаргасан тул гэрээг цуцалж, орон сууцыг өөр этгээдэд худалдан борлуулсан. Гэрээний 4-т зааснаар гэрээг цуцалсан тохиолдолд ямар арга хэмжээ авах нарийвчлан зохицуулсан. Хэрэв захиалагч нь гэрээний 4.5-т зааснаар төлбөрийг тохирсон хугацаанд төлөхгүй бол гэрээ цуцалсан тохиолдолд тухайн орон сууцыг өөр этгээдэд худалдан борлуулсны дараа гэрээний нийт үнийн дүнгийн 15 хувийг торгуульд суутган авч үлдэгдэл төлбөрийг захиалагчид шилжүүлэн гэж тусгасан.

 

Хэрэв бид гэрээнд зааснаар захиалагч Б.Г гээс хугацаа хэтэрсний алдангийг 15 хувийн торгуулийн хамт суутган авсан бол захиалагчийн урьдчилгаанд төлсөн мөнгө нь хүрэлцэхгүй байх байсан. Үүнийг харгалзан үзээд 15 хувийн торгууль болон хугацаа хэтэрсэн алдангийг аваагүй, харин тус орон сууцыг худалдан борлуулахад зарцуулсан маркетингийн компанид борлуулалтын урамшууллыг өгөхөөр 3,447,210.00 төгрөгийг суутгаж, үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгчид буцааж өгсөн.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болсон 3,447,210.00 төгрөгийг яагаад суутгаж авсан бэ гэдэг нь гэрээнд заасны дагуу манай компани суутгаж авсан төлбөр учраас буцаан төлөх үндэслэлгүй. Түүнчлэн талуудын байгуулсан гэрээний нөхцлөөр захиалагчид торгууль ногдуулсан тохиолдолд захиалагчийн төлсөн төлбөрөөс буцааж өгөхгүй байх нөхцөл байдал үүсэх байсан. Тийм учраас гэрээгээр тохирсон нөхцлөөр торгууль ногдуулахгүйгээр маркетингийн зардалд гарсан төлбөрийг суутгасан.

 

Нэхэмжлэгч Д.Г уг гэрээг өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр байгуулсан тул хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд тэрбээр төлбөр төлөхгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд үүсэх эрх зүйн үр дагаврыг мэдэж байсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Д.Ггээс хариуцагч Н.Э ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт төлсөн 3,447,210.00 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

1.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Д.Г 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч Н.Э ХХК-тай орон сууцны барилгын ажлыг захиалгаар бариулах тухай гэрээ байгуулж Улаанбаатар хот, 0 тоот хаягт 56.1 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар тохиролцжээ /х.х-ийн 4-6 хуудас/.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.Г нь тухайн гэрээг байгуулахаас урьп өмнө 2 дугаар ээлжийн барилгаас 55.8 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар тохиролцсон байсан боловч тэрбээр хариуцагч Н.Э ХХК-нд хүсэлт гаргасны дагуу 3 дугаар ээлжийн барилгаас энэхүү 56.1 м.кв талбайтай орон сууцыг авахаар тохиролцсон байна /х.х-ийн 8 хуудас/.

 

Тодруулбал, зохигчид тус 56.1 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн 1 м.кв талбайн үнийг 2,550,000.00 төгрөгөөр тооцож, нийт 143,055,000.00 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээнд заасан хуваарийн дагуу төлсөн тохиолдолд түүнд өмчлөх эрхийг шилжүүлэхээр болжээ.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тухайн гэрээ, хэлэлцээрийг байгуулж байх цаг хугацаанд гэрээний зүйл болох 56.1 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө нь нэхэмжлэгчийг зориулалтын дагуу ашиглахад бэлэн буюу бодитоор бий болоогүй, харин хариуцагч нь уг 56.1 м.кв талбайтай орон сууцыг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар шинээр барьж, 2020 оны 2 дугаар улиралд буюу 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор ашиглалтанд оруулах үүргийг хүлээсэн байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж, түүнчлэн 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, хариуцагч Н.Э ХХК нь зохигчдын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 56.1 м.кв талбайтай орон сууцыг барьж гүйцэтгэх, ийнхүү барьж гүйцэтгэсэн тохиолдолд үүнийг өмчлөх эрхийн хамт нэхэмжлэгч Д.Гд хүлээлгэн өгөх үүргийг хүлээнэ.

 

2.            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн ажил гүйцэтгэх гэрээний хавсралтад зааснаар нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 16,945,000.00 төгрөг, мөн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 25,971,500.00 төгрөг, орон сууц ашиглалтанд ороход үлдэх 100,138,500.00 төгрөг, нийт 143,055,000.00 төгрөгийг хариуцагчид төлөх үүргийг хүлээсэн байна /х.х-ийн 7 хуудас/.

 

Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын гаргасан тайлбараар хариуцагч Н.Э ХХК нь орон сууцыг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор ашиглалтанд оруулж чадаагүй бөгөөд үүний шалтгааныг дэлхийн нийтийг хамарсан COVID-19 цар тахлын улмаас хойшилсон гэж тайлбарласан ба нэхэмжлэгч Д.Гд 2020 оны 11 дүгээр сард ашиглалтанд оруулан гэж мэдэгдэж байжээ /х.х-ийн 10 хуудас/.

 

Гэвч хариуцагч Н.Э ХХК нь нэхэмжлэгч Д.Гг гэрээнд заасан төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй учраас түүнтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр цуцлахаар шийдвэрлэж, улмаар нэхэмжлэгчийн төлсөн 16,945,000.00 төгрөгөөс 3,447,210.00 төгрөгийг суутган авч, үлдэх 13,497,790.00 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн байна /х.х-ийн 22 хуудас/.

 

Талуудын байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д Захиалагч төлбөрийн хуваарийн дагуу /хавсралт 2/ төлбөрөө төлөлгүй 14 хоногийн хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгэгч тал гэрээг цуцлах болсноо албан ёсоор мэдэгдэж 30 хоногийн дараа гэрээг дангаар цуцална. Гэрээ цуцалсан тохиолдолд тухайн орон сууцыг өөр этгээдэд борлуулсны дараа төлөх үнийн дүнгийн хугацаа хэтэрсэн алданги дээр гэрээний нийт үнийн дүнгийн 15 хувийн торгуулийг суутган авч, үлдэгдэл мөнгийг захиалагчид шилжүүлнэ өгнө гэж заажээ.

 

Тодруулбал, зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж зааснаар анзыг хэрэглэхээр тохиролцсон ба анз нь алданги болон торгууль гэсэн 2 төрөлтэй, үүнээс алдангийг үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр гэрээгээр тохирдог бол, харин торгуулийг үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоодог журамтай.

 

Гэхдээ гэрээг талууд харилцан тохиролцож, эсхүл зөрчлийн улмаас цуцалсан тохиолдолд алдангийн талаарх тохиролцоо мөн адил цуцлагдах ба торгууль нь хохирол нотлох шаардлагагүйгээр гэрээнд заасан хэмжээгээр үүргээ биелүүлээгүй тал нь төлөх үүрэг хүлээдэг. Гэтэл хариуцагч Н.Э ХХК нь нэхэмжлэгч Д.Гтэй байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол алданги болон торгуулийг хамт авахаар тохиролцсон нь хуульд нийцээгүй байна.

 

Нөгөө талаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж мөн 225.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн зүгээс түүнд үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох, тийнхүү тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол гэрээг цуцалж болно. Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчид төлбөр төлөх үүргийг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон болон гэрээг цуцлах талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн эсэх талаар баримтаар нотлохгүй байна.

 

 

3.            COVID-19 цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 тоот тогтоолоор 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл, 2020 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн 181 тоот тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлүүлэн, мөн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 тоот тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 23-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 тоот тогтоолоор 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл үргэлжлүүлэн, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 тоот тогтоолоор 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл, 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл, мөн 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд тус тус хөл хорио тогтоосон.

 

Иймээс үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т ................ нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар нотлох шаардлагагүй юм.

 

Хариуцагч Н.Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа орон сууцыг 2020 оны 2 дугаар улиралд ашиглалтанд оруулах ёстой байсан хэдий ч COVID-19 цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сард хүлээлгэн өгсөн гэсэн.

 

Гэтэл нэхэмжлэгч Д.Ггээс 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Н.Э ХХК-нд цар тахлын нөхцөл байдлын улмаас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг төлж чадахгүй болсон тул гэрээг цуцлах болсон тухайгаа мэдэгдсэн байна. Энэ тохиолдолд талуудын тэгш байдлын зарчмын хүрээнд нэхэмжлэгч талд ч мөн адил COVID-19 цар тахалтай холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзэх учиртай.

 

Тодруулбал, зохигчид COVID-19 цар тахалтай холбоотойгоор Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй гэж зааснаар өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэн гэрээг өөрчлөх талаар нөгөө талдаа санал гаргах эрхтэй бөгөөд хэрэв тохиролцоогүй бол 220.4-т Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар гэрээнээс татгалзаж болно.

 

4.            Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заажээ. Тайлбарлавал, гэрээнээс татгалзсанаар гэрээг байгуулахын өмнөх нөхцөл байдал сэргээгдэх зарчимтай бөгөөд талууд харилцан өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг.

 

Энэ талаар Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэж, мөн 221.5-д Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцална. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж тус тус заажээ.

 

Тийм учраас хариуцагч Н.Э ХХК нь нэхэмжлэгч Д.Ггээс авсан 16,945,000.00 төгрөгийг буцааж өгөх үүргийг хүлээнэ. Хэдийгээр шүүх хуралдаанд үзлэг хийсэн баримтаар хариуцагч нь 13,497,790.00 төгрөгийг буцаан өгнө гэснийг нэхэмжлэгч нь хүлээн авсан байх боловч тэрбээр 3,447,210.00 төгрөгийг суутгахыг зөвшөөрсөн агуулгатай хариу өгөөгүй байна. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Н.Э ХХК-иас 3,447,210.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Гд олгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 95 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс, хариуцагчаас 70,105.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР