Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00378

 

Д.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2021/04270 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Г-гийн хариуцагч Н- ХХК-д холбогдуулан гаргасан 3,447,210 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: 3,447,210 төгрөг гаргуулах тухай.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч Н- ХХК-тай Санто смарт апартмент-д орон сууцны барилгаас орон сууц авахаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад 16,000,000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн. Гэвч тус байгууллагын захирал солигдсонтой холбоотойгоор уг гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шинэчлэн байгуулаад нэмж 945,000 төгрөгийг хэсэгчлэн төлсөөр нийт 16,945,000 төгрөгийг хариуцагчид төлсөн. Талууд анх гэрээ байгуулахдаа 1 м.кв талбайг 2,550,000 төгрөгөөр тохирсон ба миний таньдаг эгч н.Уянгын нөхөр Ц.Өлзий-Орших тухайн үед тус компанийн гүйцэтгэх захирал байсан бөгөөд одоо гүйцэтгэх захирал нь Ц.Оюунтуяа гэдэг хүн болсон байна. Танил эгч маань байсан болохоор тусална гэж найдаад гэрээг уншилгүй зурсан. Гэтэл барилгын ажил хойшлогдож, барилга бүрэн ашиглалтад орох хугацаа хойшилсоор хугацаандаа ашиглалтад ороогүй. Үүнээс хойш надтай 2021 оны хавар хариуцагч Н- ХХК-ийг төлөөлж 89241818 тоот дугаараас н.Мядагбадам, мөн 88088881 тоот дугаараас н.Бат-Эрдэнэ нар холбоо барьж, удахгүй барилга ашиглалтад орох тул төлбөрийн 30 хувийг гүйцээж төлөх талаар сануулж ярьж байсан боловч намайг хариуцагчийг олох гэж хайж явах хооронд миний захиалсан байрыг надад мэдэгдэлгүйгээр бусдад зарсан байсан. Уг гэрээ үйлчлүүлэгчид хохиролгүй гэрээ байж чадаагүй, хариуцагч нь өөрсдөө эхэлж гэрээгээ цуцалсан, мөн гэрээ цуцлах тухай албан ёсны бичиг баримт үйлдээгүй, надад энэ талаар мэдэгдээгүй ба ямар учиртай мөнгө суутгаж авсан тухай албан ёсоор тайлбарлаагүй, надад мэдэгдэлгүй миний захиалсан байрыг шууд зарсан. Ингэж худалдахдаа 1 м.кв талбайг 2,850,000 төгрөгөөр үнэлж худалдсан байсан. Өөрөөр хэлбэл, надад 1 м.кв талбайг 2,550,000 төгрөгөөр худалдсан байрыг өөр хүнд худалдахдаа 2,850,000 төгрөгөөр зарснаар тус компани ямар нэг алдагдал хүлээгээгүй. Хариуцагч нь 2018 оноос 2021 оныг дуустал хугацаанд миний мөнгийг эргэлдүүлж, мөн 1 м.кв талбайн үнийг нэмж зарчихаад буцааж өгөхдөө 3,447,210 төгрөгийг үндэслэлгүйгээр суутгаж, 13,497,790 төгрөгийг буцааж өгсөн нь надад хохиролтой байна. Хариуцагч Н- ХХК-аас орон сууцыг хугацаандаа ашиглалтанд оруулаагүй шалтгааныг ковид-19 цар тахалтай холбож тайлбарласан. Гэтэл миний бие мөн адил уг цар тахлын улмаас үлдэгдэл төлбөрийг төлж чадахгүй нөхцөл байдалтай байсан тухай учир шалтгаанаа хариуцагчид бичиж өгсөн байхад надад 3,447,210 төгрөгийг буцааж өгөхгүй байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд, хариуцагчаас дээрх мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх тухай гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр манай компани Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороонд Санто смарт апартмент хотхоны С1 блок 4 давхрын 56.1 м.кв талбайтай 404 тоот орон сууцыг өөрийн материалаар гүйцэтгэх, нэхэмжлэгч Д.Г- нь уг орон сууцын төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Талуудын байгуулсан гэрээний нийт үнэ 133,055,000 төгрөг бөгөөд гэрээний 2.1, хавсралт 1-т заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөх үүргийг нэхэмжлэгч тал хүлээсэн. Нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар урьдчилгаа төлбөрт 16,495,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш ажлын 3 хоногт төлж, үүний дараа 25,971,500 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлж, үлдэгдэл төлбөрийг ашиглалтад орох үед төлөхөөр тохирсон. Гэтэл нэхэмжлэгч Д.Г- уг 25,971,500 төгрөгийг тогтоосон хугацаанд төлж барагдуулахгүйгээр гэрээнд заасан үүргээ зөрчиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, урьдчилгаа төлбөрт 16,945,000 төгрөгийг төлснөөс хойш дахиж төлбөр төлөөгүй. Манай компани түүний захиалсан орон сууцыг өөр хүнд худалдаагүй, харин гэрээнд заасан төлбөр төлөх үүргийн зөрчил удаан хугацаанд үргэлжилсэн тул гэрээний 6.2-т зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан. Тодруулбал, хариуцагч Н- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/35 тоот тушаалаар талуудын байгуулсан гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан. Мөн захиалагчийн зүгээс 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр орон сууц захиалах гэрээгээр захиалсан орон сууцандаа орох боломжгүй болсон тул урьдчилгаанд төлсөн төлбөрийг буцаан авах хүсэлтэй байна гэсэн. Уг албан хүсэлтдээ миний захиалсан орон сууцыг өнөөдрийг хүртэл хадгалж байсанд баярлалаа гэсэн өргөдөл гаргаж байсныг хэргийн материалд хавсаргасан. Бид, нэхэмжлэгчийг үүргийн зөрчлийг удаан хугацаанд гаргасан тул гэрээг цуцалж, орон сууцыг өөр этгээдэд худалдан борлуулсан. Хэрэв захиалагч нь гэрээний 4.5-т зааснаар төлбөрийг тохирсон хугацаанд төлөхгүй бол гэрээ цуцалсан тохиолдолд тухайн орон сууцыг өөр этгээдэд худалдан борлуулсны дараа гэрээний нийт үнийн дүнгийн 15 хувийг торгуульд суутган авч үлдэгдэл төлбөрийг захиалагчид шилжүүлнэ гэж тусгасан. Хэрэв бид гэрээнд зааснаар захиалагч Б.Гомбосүрэнгээс хугацаа хэтэрсний алдангийг 15 хувийн торгуулийн хамт суутган авсан бол захиалагчийн урьдчилгаанд төлсөн мөнгө нь хүрэлцэхгүй байх байсан. Үүнийг харгалзан үзээд 15 хувийн торгууль болон хугацаа хэтэрсэн алдангийг аваагүй, харин тус орон сууцыг худалдан борлуулахад зарцуулсан маркетингийн компанид борлуулалтын урамшууллыг өгөхөөр 3,447,210 төгрөгийг суутгаж, үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгчид буцааж өгсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болсон 3,447,210 төгрөгийг яагаад суутгаж авсан бэ гэдэг нь гэрээнд заасны дагуу манай компани суутгаж авсан төлбөр учраас буцаан төлөх үндэслэлгүй. Түүнчлэн талуудын байгуулсан гэрээний нөхцөлөөр захиалагчид торгууль ногдуулсан тохиолдолд захиалагчийн төлсөн төлбөрөөс буцааж өгөхгүй байх нөхцөл байдал үүсэх байсан. Тийм учраас гэрээгээр тохирсон нөхцөлөөр торгууль ногдуулахгүйгээр маркетингийн зардалд гарсан төлбөрийг суутгасан. Нэхэмжлэгч Д.Г- уг гэрээг өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр байгуулсан тул хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд тэрбээр төлбөр төлөхгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд үүсэх эрх зүйн үр дагаврыг мэдэж байсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Нандин-Эрхэм ХХК-аас 3,447,210 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Г-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 95 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс, хариуцагчаас 70,105 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

4.1.Шүүх талуудын маргаагүй асуудал дээр дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч Д.Г- нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Н- ХХК-тай орон сууцны ажлыг захиалгаар бариулах тухай гэрээг байгуулж, гэрээгээр 56.1 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар тохиролцсон байдаг. Гэрээний нийт үнийн дүн 143,055,000 төгрөг бөгөөд урьдчилгаа 16,945,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, дараагийн төлбөр 25,971,500 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр, орон сууц ашиглалтад ороход үлдэх 100,138,500 төгрөгийг төлөхөөр талууд гэрээгээр тохирсон. Гэтэл захиалагч нь урьдчилгаа төлбөр төлснөөс хойш төлбөр төлөхгүй гэрээний үүргээ зөрчсөн тул бид 2021 оны 06 дугаар сард гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан. Улмаар гэрээ цуцлах үндэслэл шалтгаан нь захиалагчийн үүргийн зөрчлөөс болсон тул гэрээний 4.5-д заасны дагуу хугацаа хэтэрсэн алданги болон гэрээний нийт үнийн дүнгийн 15 хувийн торгуулийг суутган авч, үлдэгдэл мөнгийг буцаан өгөх үр дагавар үүссэн. Гэвч бид захиалагчийн байдлыг харгалзан үзэж дээрх алданги, торгуулийг авахгүйгээр зөвхөн борлуулалтын компанидаа өөр гуравдагч этгээдэд орон сууцыг худалдан борлуулсны борлуулалтын урамшуулалд 3,447,210 төгрөгийг өгч, үлдэгдлийг захиалагчид буцаан шилжүүлсэн. Гэрээний дагуу алданги, торгуулийг суутган авсан бол захиалагчийн урьдчилгаанд төлсөн төлбөр хаана нь ч хүрэхгүй байх байсан. Ийм үйл баримтыг анхан шатны шүүх дүгнэхдээ хариуцагч компани өөрөө гэрээний үүргээ яаж биелүүлсэн талаар буюу талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн. Тодруулбал, барилгаа хугацаандаа ашиглалтад оруулсан эсэх, яагаад хугацаандаа ашиглалтад ороогүй талаар үнэлэлт өгч, ковидын улмаас барилгын ашиглалтын хугацаа хойшилсон байгаа учир энэ цар тахлын нөхцөл байдал нэхэмжлэгчид мөн ижил үйлчлэх ёстой гэж нэхэмжлэгчийн үүргийн зөрчлийг зөвтгөсөнд гомдолтой байна. 2020 оны 05 сараас хойш бүтэн 1 жил гаруй хугацааны турш захиалагчид төлбөрөө төлөх боломжийг олгосон, эцэст нь гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан байхад шүүх танайх үүргээ зөрчсөн бол нөгөө тал ч гэсэн зөрчих эрхтэй мэтээр тайлбарлаж явцуу дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.2.Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дугаар зүйлийг дурдаж, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон болон гэрээг цуцлах талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн эсэх талаар баримтаар нотлохгүй байна гэжээ. Дээр дурдсанчлан бидний зүгээс захиалагчид төлбөр төлөх ёстой хуваарьт өдрөөс бүтэн жилийн хугацаа олгосны дараа гэрээг цуцалсан. Бүтэн нэг жилийн хугацаанд үр дүн гараагүй өөрөөр хэлбэл энэ тохиолдолд Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасан ямар нэгэн үр дүн гарахгүй нь илт бол нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй нөхцөл байдал үүссэн. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс өөрөө 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр захиалсан байрандаа орж чадахгүй болсон тул урьдчилгаанд төлсөн мөнгөө буцаан авах, энэ хүртэл хугацаанд байрыг маань өөр нэгэнд зарахгүй хүлээсэнд баярлалаа гэх утга бүхий тухай өргөдлийг гаргасан байдаг. Н- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/35 тоот тушаалаар гэрээг цуцалсан бөгөөд энэ талаар захиалагч талд утсаар мэдэгдсэн байдаг. Гэрээг цуцалсан тушаалыг хариуцагчийн зүгээс нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гарган өгсөн, нөгөө талаасаа хариуцагч гэрээ цуцалсан эсэх асуудал дээр маргаагүй байхад шүүх ийнхүү дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр нь хууль ёсны хийгээд үндэслэл бүхий биш байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Гэрээ цуцалж надад мэдэгдсэн зүйл байхгүй. Орон сууц худалдсан хойно мэдэж уулзсан. Тэгээд надад дараагийн төслөөс санал болгоход нь би дахиж хүлээхгүй, мөнгөө буцааж авъя гэхэд намайг өргөдөл бичиж өгөөрэй гэсний дагуу өргөдөл бичсэн боловч миний мөнгийг дутуу шилжүүлсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан хэлэлцээд түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Нэхэмжлэгч Д.Г- нь хариуцагч Н- ХХК-д холбогдуулан орон сууцны урьдчилгаа төлбөрөөс үндэслэлгүйгээр суутгасан 3,447,210 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Н- ХХК нь Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороонд баригдаж буй Санто смарт апартмент хотхон, С1 блок, 4 давхрын 56.1 м.кв талбайтай, 404 тоот орон сууцыг 2020 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулж өмчлөх эрхийг шилжүүлэх, нэхэмжлэгч Д.Г- нь орон сууцны үнэ 143,055,000 төгрөгийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрт 16,945,000 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон байна. /хх-ийн 4-6-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

Талуудын байгуулсан гэрээний хавсралтад орон сууцны нийт төлбөр 143,055,000 төгрөгийг 3 хуваан, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 16,945,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 25,971,500 төгрөг, ашиглалтад ороход 100,138,500 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон боловч захиалагч сүүлийн хоёр төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр хариуцагч тал гэрээнээс татгалзах мэдэгдлийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Д.Г-д хүргүүлснээр дээрх гэрээнээс татгалзсан байна. /хх-ийн 4-7, 22, 26-р тал/

 

Гэрээнээс татгалзсантай холбоотойгоор хариуцагч Н- ХХК нь нэхэмжлэгч Д.Г-гийн орон сууцны урьдчилгаанд төлсөн нийт 16,945,000 төгрөгөөс 3,447,210 төгрөгийг суутгаж, 13,497,790 төгрөгийг нэхэмжлэгч Д.Г-д буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхийн ... гэрээний 4.5-д төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол алданги, торгуулийг хамт авахаар тохиролцсон нь хуульд нийцээгүй гэсэн дүгнэлт нь талуудын маргааны зүйлд хамаарахгүй байгааг анхаараагүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Н- ХХК нь гэрээний 4.5-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Г-гийн төлсөн төлбөрөөс алданги, торгууль суутгаагүй, харин гэрээнээс татгалзсантай холбоотойгоор учирсан хохиролд 3,447,210 төгрөгийг суутгасан гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заажээ. Хариуцагч Н- ХХК-ийн хувьд гэрээнээс татгалзсантай холбоотойгоор учирсан хохирлоо шаардах эрхтэй ба уг хохирлоо тухайн орон сууцыг худалдахтай холбоотойгоор борлуулалтын компанитай байгуулсан гэрээний дагуу төлсөн урамшуулал болох 3,447,210 төгрөгөөр хохирсон гэж тодорхойлсныг буруутгахгүй боловч нотолсон байх учиртай. Хариуцагч байгууллага өөрийн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Энэ тохиолдолд нэхэмжлэгч Д.Г-гийн төлсөн орон сууцны урьдчилгаа төлбөрөөс хохирол тооцох үндэслэл бодитоор бий болоогүй гэж дүгнэх юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Анхан шатны шүүхийн дүгнэлтийг дээрх агуулгаар өөрчилсөн нь шийдэлд нөлөөлөхгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Н- ХХК-аас 3,447,210 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Г-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2021/04270 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,110 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Г.ДАВААДОРЖ