Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2022/0882

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ж********” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ү.Ч*********

Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Ж*********

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Б*******

Маргааны төрөл: “Ж*********” ХХК-ийн харьяа Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Ус дулаан дамжуулах 56 дугаар төвийн дулааны ерөнхий шугаманд суурилуулан “А*********” ХХК-ийн 301 дүгээр орон сууцны барилгын дулааны эрчим хүчний төлбөр тооцоог гүйцэтгэж буй 68642891 дугаартай тоолуурыг дулааны эрчим хүчний төлбөр тооцоонд ашиглах боломжгүй гэж дүгнэсэн улсын байцаагчийн дүгнэлт хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ч********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.З******, хариуцагч Д.Ж********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б**********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А********* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ж*********” ХХК-иас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Ж******** нарт холбогдуулан “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/20 дугаар хяналт шалгалтын удирдамж, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01-07-099/110 дугаар дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШЗ2022/7515 дугаар захирамжаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Ж*******-д холбогдуулан гаргасан “Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01-07-099/110 дугаар дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэж, харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/20 дугаар хяналт шалгалтын удирдамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Иймд шүүх “Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01-07-099/110 дугаар дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

2. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Ус дулаан дамжуулах 56 дугаар төвийн дулааны ерөнхий шугаманд суурилуулан “А********” ХХК-ийн 301 дүгээр орон сууцны барилгын дулааны эрчим хүчний төлбөр тооцоог гүйцэтгэж буй 68642891 дугаартай тоолуурын 2016/023 дугаар техникийн нөхцөлийг 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “У**********” ТӨХК-иас олгож, тоолуурыг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр суурилуулж акт үйлджээ.

“У**********” ТӨХК-иас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд бүтцийн хяналтын газарт 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/52 дугаар албан бичгээр 68642891 дугаартай тоолуурын ажиллагаа хэвийн бус, зөрчилтэй байна гэж үзэж байгаа тул дүгнэлт гаргуулахаар хүргүүлжээ.

Уг албан бичгийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/20 дугаар удирдамжаар “Ж***********” ХХК-ийн харьяа Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Ус дамжуулах 56 дугаар төвийн дулааны ерөнхий шугаманд суурилуулан “А********” ХХК-ийн 301 дүгээр орон сууцны барилгын дулааны эрчим хүчний төлбөр тооцоог гүйцэтгэж буй 68642891 дугаартай тоолуурт төлөвлөгөөт бус шалгалтыг хийжээ.

Улмаар Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01-07-099/110 дугаар дүгнэлтээр “Ж**********” ХХК-ийн харьяа Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Ус дулаан дамжуулах 56 дугаар төвийн дулааны ерөнхий шугаманд суурилуулан “А*********” ХХК-ийн 301 дүгээр орон сууцны барилгын дулааны эрчим хүчний төлбөр тооцоог гүйцэтгэж буй 68642891 дугаартай, 150 м3/цаг хэмжих хязгаартай, Ultraheat UH-50 загварын тоолуурын суурилуулт, ашиглалтын байдал, загварын туршилт, баталгаажуулалт, холбогдох бичиг баримтын бүрдэл зэрэгт үзлэг шалгалт хийхэд тоолуурыг хэзээ, ямар компани суурилуулж хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй, суурилуулсан тухай акт, бичиг баримтгүй, тоолуурын баталгааны гэрчилгээгүй, тооцоологч дээр 2019 он гэсэн баталгааны лац нь лабораторид баталгаажуулалтад орсон оноос зөрүүтэй, хэвийн бус ажиллаж байсан зэрэг нөхцөл байдал илэрсэн тул уг тоолуурыг дулааны эрчим хүчний төлбөр тооцоонд ашиглах боломжгүй гэж дүгнэжээ.

3. Дээрх дүгнэлтийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02/2201-113 дугаар албан бичгээр гомдол гаргахад 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 06/1700 дугаар албан бичгээр “... 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “У*******” ТӨХК-ийн дулааны тоолуурын итгэмжлэгдсэн лабораторид хийсэн магадлан тогтоох шалгалтын дунд үндэслэн улсын ахлах байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01-07-099/110 дугаар дүгнэлтийг үйлдсэн, … шийдвэр гаргахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4, 5, 52, 10 дугаар зүйл, Хэмжил зүйн тухай хуулийн 13 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлан ажилласан тул хэвээр үлдээн шийдвэрлэсэн” гэх хариуг ирүүлжээ.

Дээрх хариуг нэхэмжлэгч эс зөвшөөрч тус шүүхэд 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч “Ж********” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 5².1, 5².3-д зааснаар иргэн, хуулийн этгээдээс ирсэн өргөдөл гомдлын дагуу хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор хийх, 52.5-д "Энэ хуулийн 5².1-д зааснаас бусад үндэслэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчиж эхлүүлсэн хяналт шалгалтыг хийсэн байна. Өөрөөр хэлбэл 2021 оны 01 дүгээр сард ирүүлсэн албан бичгийн дагуу 2022 оны 02 дугаар сард хяналт шалгалт хийж мөн оны 04 дүгээр сард дүгнэлт гаргасан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-д хяналт шалгалтын явцад тэмдэглэл 2 хувь үйлдэхээр заасан. Манай байгууллагад хийсэн хяналт шалгалтын явцад тэмдэглэл үйлдэж хянан шалгах ажиллагааны явцад ямар зөрчил илэрсэн талаар баталгаажуулаагүй, харин улсын байцаагчийн дүгнэлт гарах үед тэмдэглэлийг үйлдэж танилцуулах ажиллагаа хийсэн.

Тэмдэглэл үйлдэх гол ач холбогдол хяналт шалгалтын үйл ажиллагааг баримжуулах бөгөөд энэхүү ажиллагаа хийгдээгүй зөрчлийг илрүүлээгүй мөртлөө дүгнэлт гаргах үедээ нөхөн гүйцэтгэсэн нь дээрх хуулийг зөрчсөн.

Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01-07-099/110 тоот дүгнэлтэд заагдсан зүйлс бодит байдалтай нийцэхгүй байна.

1/ Тус тоолуурыг хэзээ, ямар компани суурилуулж, хүлээлгэж өгсөн эсэх нь тодорхойгүй, суурилуулсан тухай акт, бичиг баримтгүй гэх тухайд: Төлбөр тооцооны 68642891 дугаартай, 150 м.куб цаг хэмжих хязгаартай, Ultraheat UH-50 загварын тоолуурын анх “У******” ХХК суурилуулалтын ажлыг хийж ашиглалтыг “А*******” ХХК-д хүлээлгэж өгсөн байдаг. Дээрх тоолуурын суурилуулсан тухай акт, бичиг баримтын бүрдэл бүрэн гүйцэт байсаар байхад шалгах ажиллагаа хийгээгүй мөртлөө манай байгууллагыг бичиг баримтыг бүрдэлгүй гэж буруутгаж буйг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2/ Тухайн тоолуур тооцоонд 2018 онд орсон боловч лац нь 2019 он гэх тухайд:  Манай байгууллага ашиглалтыг хүлээж авснаас хойш тухайн тоолуур засвар, шинэчлэлийн ажил огт хийгдээгүй лац зөрөх боломжгүй хянан баталгаажуулалтын буюу 2018 оны лацтай байсан. Тухайн хяналт шалгалт хийгдсэн өдөр тухайн тоолуурын цаг зөрүүтэй явж байж болзошгүй гэж үзээд Стандарт, хэмжил зүйн улсын хянан шалгагч Г.З****** лацыг хөндөхийг зөвшөөрч лацыг хөндөхдөө 2019 оны лац байна гэх зөрчил илрүүлээгүй.

3/ Тоолуурын ажиллагаа хэвийн бус энерги 20 удаа, зарцуулалт 9 удаа, темпертур 17 удаа тус тус 0 утгатай болсон гэх гэтэл энэхүү UH-50 тоолуурын хувьд манай ашиглалт хүлээж авснаас хойш нэг ч удаа тоолуурын хэвийн бус ажиллагаа “У*********” ТӨХК-ийн байцаагчийн өдөр тутам, сар бүрийн шалгалтаар тогтоогдож байгаагүй гэнэт ажиллагаа муудсан гэдэгтэй санал хүлээн зөвшөөрөх боломжгүй.

4/ Цагийн бичлэг тасралтгүй хадгалагдаагүй, дундаа 281 цаг тасарсан, зарцуулалт үсэрсэн гэх тухайд: Цагийн зарцуулалт тасарсан бус зарим тохиодолд шугам сүлжээний гэмтэл, дулааны түр хязгаарлалт зэргээс шалтгаалан дулааны тоолуур ашиглагдахгүй үед дээрх тоолуур заалт эргэхгүй, хэрэглээг тоолохгүй тохиолдол гардаг. Энэ мэтчилэн тохиолдлоор хэрэглээг тоолж хадгалаагүй бус харин хэрэглээ гараагүй байх магадлалтай байхад тоолуур хэвийн ажиллагаатай холбож дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Манай байгууллагын хувьд дээрх нөхцөл байдлуудаар Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01-07-099/110 тоот дүгнэлтийг эс зөвшөөрч байсан боловч дулааны тоолуурыг солихоос өөр сонголтгүй болгож эс бөгөөс дулаан хэрэглээг задгайгаар тооцож, байгууллага их хэмжээний алдагдал үүсэх байсан тул тусгай зөвшөөрөл бүхий эрх бүхий байгууллагаар шинэ тоолуураар солиулсан. 

Иймд дээрх байдлаар хуульд заасан журмыг баримтлалгүй хууль зөрчиж дулааны тоолуурыг буруутгах зорилготой хийгдсэн хяналт шалгалт болсон тул Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01-07-099/110 тоот дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү”.гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид Төрийн хяналт шалгалтын хуулиар эрх, үүрэг олгосон байдаг. Шалгалтаа хийж эхлэх, дуусах хугацааг хуульчилж өгсөн байдаг. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад компанийн захирлыг ирдэггүй, гарын үсэг зурдаггүй гэдэг нөхцөл байдлаар буруутгаж яриад байгаа нь хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл байдал харагдаж байна. 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн удирдамжид заагдсан шалгалтын дууссан хугацаа 04 дүгээр сарын 15-ны өдөр гэж байна. Гэтэл удирдамжид 3 хоногийн дотор хяналт шалгалтыг хийнэ гэж заасан байдаг. Нэг бол улсын байцаагч эрх хэмжээгээ хэтрүүлээд ажлаа явуулаад байсан юм болов уу, эсхүл өөрөөс шалтгаалахгүй нөхцөл байдлаас болж энэ хугацаа явсан юм болов уу. Нэхэмжлэгч компанийн удирдлагаас шалтгаалсан бол улсын байцаагчид тодорхой эрхүүд байдаг. Гэтэл энэ талаар арга хэмжээ явуулаагүй байж буруутгаж болохгүй. Тоолуурыг анхнаасаа ийм байсан юм уу хэзээнээс ийм болсон эсэхийг тодруулаагүй. Яаж эвдрэл хүрсэн шалтгаан нөхцөлийг тодруулахгүйгээр дүгнэлтийг гаргасан. Удирдамжийн хүрээнд энэ чиглэлийн эрх нь олгогдсон. Шинэ тоолуур тавьсныг яагаад одоо буруутгаж яриад байгааг ойлгохгүй байна. Улсын байцаагч дүгнэлт гаргаснаар тоолуурыг ашиглах, мөнгөн дүнг тооцох боломжгүй болно. Ийм учраас төлбөрийг задгай мөнгөөр бодох учир зайлшгүй шалтгааны улмаас шинээр солихоос өөр сонголт байгаагүй. Тоолуурыг сольсноороо улсын байцаагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгч хуульд заасан эрхийнхээ хүрээнд эрхээ эдэлж улсын байцаагчийн дүгнэлтийг хянуулж байна.” гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн тоолуурын анхны суурилуулалтыг “У********” ХХК хийж гүйцэтгэсэн.  Дулааныг хэмжих тоолуур анхны баталгаажилтад орсноос хойш 4 жилийн баталгаат хугацаа байдаг. 2018 оны 12 дугаар сард ашиглалтад хүлээж авсан “У*******” ХХК-ийн дулааны эрчим хүчний тоолуурын баталгаажуулалтын хугацаа 2022 оны 12 сард дуусаж байгаа. Тэгэхлээр тус тоолуурын баталгааны хугацаа дуусаагүй, хэвийн ашиглах боломжтой байгаа юм. 

Нэхэмжлэгч компани анх дулааны тоолуурын захиалгыг өгсөн компани биш. “А**********” ХХК буюу тухайн орон сууцыг ашиглалтад оруулсан компанийн захиалгаар тавигдсан. Энэхүү тоолуурын асуудал бол бичиг баримтын бүрдлийг “А********” ХХК-иас нэхэмжлэгчид хүлээлгэж өгөөгүй байдаг. Гэвч энэ бичиг баримтууд тухайн ажлын хэсэгт оролцсон “У**********” ТӨХК-д хадгалагддаг. Тухайн шалгалт хийх хугацаанд энэ бичиг баримтуудыг мэргэжлийн хяналтын хэмжил зүйн байцаагчийн зүгээс шаардаж аваагүй учир тухайн үед гаргаж өгөх боломжгүй байсан.

Дулааны тоолуурын 0 утга заасан гэдэгт анх У******** ТӨХК-иас ирсэн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн албан бичгээр сүүлийн 3 сарын хугацаанд 11,12 сарыг өмнөх онтой нь харьцуулахад хэт бага тоолуур гүйсэн байна гэсэн хүсэлт ирүүлсэн байдаг. Энэ хүсэлттэй холбоотойгоор хяналт шалгалт хийгдсэн. Хяналт шалгалттай холбоотой үзэхэд бага заасан гэдэг зүйл тогтоогдоогүй. Тухайн тоолуурын хэвийн бус үйл ажиллагаа байсан эсэх нь ч мөн тогтоогдоогүй. Хэрэглэгчийн хэрэглээ багасаж, зарцуулалт багассан байх магадлалтай. 2021 оны тоолуурын гүйлгээ 2022 оны тоолуурын заалт өөр гарсан гэж үзэж байгаа. Гэнэт л “У***********” ТӨХК-иас Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт албан бичиг ирүүлсэн, түүний дагуу хяналт шалгалт хийсэн байдаг. 04 дүгээр сард тоолууруудыг хэмжил зүйн лабораторид шинжлэн судлахад яг ямар зөрчил илэрсэн гэдэг нь ч тогтоогдоогүй.

Хяналт шалгалтыг хийсэн хугацаа нь өөрөө Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн. “У*********” ТӨХК-иас ирсэн албан бичиг  2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гээд хугацааны хувьд зөрүүтэй байдаг. Хариуцагчийн тайлбар шиг буруу огноолоод ирүүлсэн гэж үзэхийн бол хяналт шалгалт 02 дугаар сарын 13-ны өдөр эхлээд байгаа. Тэгэхээр хуульд зааснаар 5 хоногийн хугацаа хэтэрсэн байна. 

Улсын байцаагчийн баталсан удирдамжид тусгай бланкын дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэнэ гэж заасан. Гэтэл бичиг баримтуудын дунд хяналтын хуудас нь авагдаагүй байдаг. Хяналтын хуудас авагдаагүй байна гэхээр удирдамжид заасан ажиллагаа, арга хэрэгслийн дагуу хийгдээгүй байна гэж үзэхээр байна. Мөн тухайн өдрийн болсон процессыг албажуулсан тэмдэглэлийг үйлдээгүй байдаг. Сүүлд тэмдэглэлийг гарын үсэг зуруулаагүй байдлаар шүүхэд гаргаж өгсөн байдаг. Уг тэмдэглэлийн огноо 02 дугаар сарын 10-ны өдөр гэсэн засвартай гарын үсэггүй тэмдэглэгээ шүүхэд гаргаж өгсөн байдаг. Төлөвлөгөөт бус хяналт шалгалт анхнаасаа хийх болсон үндэслэл нь өөрөө Төрийн хяналт шалгалтын тухай хуулиа зөрчсөн байна. Мөн актаар тогтоогоод байна гэдэг зөрчлүүд нь тухайн нөхцөл байдал дээрээ тогтоогдохгүй байна гэж үзэж байна.

Хамгийн гол зүйл бол төрийн нэрийн өмнөөс хяналт шалгалтыг хариуцаж байгаа мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн үйл ажиллагаа. Энэ үйл ажиллагаа хуульд захирагдах ёстой. Өргөдөл гомдол үндэслэлийн дагуу удирдамжид заасан ажиллагааны дагуу хийгдэнэ гэж заасан. Удирдамжид 05961 гэсэн хяналтын хуудасны дагуу хийнэ гэж заасан. Гэтэл хариуцаагч 02 дугаар сарын 09-ний өдөр эхэлсэн ажиллагааг 02 дугаар сарын 15-ны өдөр дуусгаад тэгсэн хэрнээ тэмдэглэлийн огноо 02 дугаар сарын 09-ний өдөр гэж тэмдэглэгдсэн. Тухайн өдөр нь хийгээгүй байсан тэмдэглэлийг мартагдах шахуу болсон 25 сарын дараа ийм ажиллагаанууд хийсэн гарын үсгээ зур гэж болохгүй. Хяналт шалгалт зөрчлийг нь илрүүлээд баримтад баталгаажуулаад явж байгаа болохоос зөрчил илэрсний дараа баталгаажуулдаггүй. Улаанбаатар дулааны сүлжээнээс ирж байгаа албан бичигт 4 тоолуур дулааны хэмжих хэрэгсэлтэй өмнөх улиралтай тооцоход зөрүүтэй байна шалгах ёстой гэсэн боловч яаж зөрүүтэй байгаа нь ойлгомжгүй. Хавсаргасан 35 хуудас баримт нь архивын бичлэгүүд л байгаа. Тэр дундаас харахад 4-5 хоногт 1 удаа 0 зааж байгаа. Тэр цаг хугацаа тоолуур алдаад 0 хугацаа заагаад зөрүү гаргаад байна уу гэдэг асуудал ч байхгүй. Үүнийг шалгаж, баталгаажуулах зүйл чинь өөрөө хяналт шалгалт байсан.” гэв. 

7. Хариуцагчаас татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“1/ “У*********" ТӨХК-иас 2021 оны 01 дүгээр сард албан бичиг ирүүлээгүй, харин тус компаниас ирүүлсэн “Дулааны тоолуурын зөрчлийг шалгуулах тухай" 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/52 тоот албан бичиг, 34 хуудас хавсралт материалыг судалж, Эрчим хүч, хэмжил зүйн хяналтын хэлтсийн дарга, Дэд бүтцийн хяналтын газрын дарга, Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга, дэд дарга нарт танилцуулан, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, мөн 5² дугаар заалт болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалаар баталсан "Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага" байгууллагын стандартын Б нормативын дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийг боловсруулж хэлтсийн болон хяналтын газрын дарга нараар хянуулаад батлуулсан. Харин төлөвлөгөөт бус шалгалтын удирдамжийг бичихдээ тооны товчлуурыг алдаж дараад тус албан бичгийн огноог 2021 гэж бичсэн байсан. Энэ тухай "Ж********” ХХК-ийн захирал С.А*********-т тухайн үед тайлбарлаж ойлгуулсан. 

Дулааны эрчим хүчээр хангагч байгууллага болох “У*********” ТӨХК, хэрэглэгч байгууллага болох дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй “Ж********” ХХК-ийн хооронд дулааны эрчим хүчний төлбөр тооцоог гүйцэтгэж байгаа тоолууртай холбоотой маргаан гарсан тул Эрчим хүчний сайдын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/146 дугаар тушаалаар баталсан “Дулааны эрчим хүчийг хэмжих, тооцох дүрэм"-ийн 10.1 дэх заалтын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/20 дугаартай "Төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай" удирдамжийн хүрээнд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа-2 хороололд байрлах “Ж*********” ХХК-д очиж шалгалт эхлэхийн өмнө Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын баталсан 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/20 дугаартай “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай" удирдамжийг танилцуулахад тус компанийн захирал С.А******* Засгийн Газраас Төрийн хяналт шалгалтыг 3 жилээр зогсоосон байхад шалгалт хийх гэлээ, шалгуулахгүй гэж эсэргүүцсэн. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийдэг төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 3 жил зогсоох тухай саналыг Засгийн Газрын хуралдаанд танилцуулсан, энэ талаар холбогдох шийдвэр албан ёсоор эцэслэж гараагүй. Харин аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол, санал хүсэлтийн дагуу хийдэг телевлөгөөт бус хяналт шалгалтыг зогсоогоогүй тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын баталсан удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус шалгалт хийх гэж байгааг тайлбарлахад зевхен хяналт шалгалтын удирдамжид тусгагдсан 4 дулааны тоолуурыг шалгуулахыг зөвшөөрсний дагуу хяналт шалгалтыг эхлүүлсэн. 

2/ Шалгалтын үйл ажиллагааг баримтжуулаагүй, зөрчил илрүүлээгүй байж дүгнэлт гаргах үедээ тэмдэглэлийг нөхөн бичээгүй.

Терийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.9 дэх заалтын дагуу шалгалтын тэмдэглэлийг шалгалт эхэлсэн өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр бичиж эхэлсэн бөгөөд, тоолуурын гадаад байдалд газар дээр нь хийсэн шалгалтаар тогтоогдсон бодит нөхцөл байдлыг баримтжуулан зураг авч, гар ноорогтоо тэмдэглэж байсан. Мөн шалгалтын бүрэлдэхүүнд ажилласан Эрчим хүчний зохицуулах хороо болон “У*********” ТӨХК-ийн инженер техникийн ажилтнууд тэмдэглэл бичиж, зураг авч баримтжуулсан байгаа. Шалгалтын үйл ажиллагаанд тус компанийн сантехникийн инженер Б.Э******* болон холбогдох ажилтнуудыг байлцуулсан бөгөөд шалгалт хийх үед тогтоогдсон бодит нөхцөл байдал, гарч буй зөрчлийг газар дээр нь танилцуулахад зөвшөөрч ямар нэг маргаан гаргаагүй, шалгалтын дүн гаргахад шаардлагатай баримт материалыг тус компани нь гаргаж үзүүлээгүй, тоолуурыг магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтад хамруулах ажил хийгдээгүй хойшилсон зэргээс шалтгаалж шалгалтын тэмдэглэлийг бичиж дуусган шалгуулагч байгууллагад тэр өдөртөө танилцуулах боломжгүй байсан.

Тоолуурын загварын туршилт, баталгаажуулалт, суурилуулалт, архивын бичлэгт газар дээр нь хийсэн шалгалтаар тоолуур хэвийн ажиллахгүй байгаа нь тогтоогдсон тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.1 дэх  заалт, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний едрийн A/136 дугаар тушаалаар баталсан "Хэмжих хэрэгсэлд шалгалт баталгаажуулалт хийх журам"-ын 4.3.1 дэх заалтын дагуу шалгалтын ажлын хэсгээс тоолуурыг дулааны тоолуурын итгэмжлэгдсэн лабораторид магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтад хамруулах шийдвэр гаргасан. 

Гэвч тоолуурыг магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтад хамруулах ажил дараах шалтгааны улмаас удирдамжийн хугацаанд хийгдээгүй хойшлогдсон. Үүнд:

"У***********" ТӨХК-иас тоолууруудыг дулааны шугам сүлжээнээс салган авч шалгах, буцааж суурилуулах бэлтгэл ажил хангагдаагүй,

Шалгалтын бүрэлдэхүүнд ажилласан тус компанийн борлуулалтын инженер Б.Э******** Эрчим хүчний сайдын 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар баталсан “Халаалтын улирал эхлэх, дуусах огноог тогтоох тухай" тушаалын 3.а дахь заалтын дагуу зөрчил бүхий эдгээр тоолуурыг 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сүлжээнээс салган авахгүй байх санал гаргасан тул тус тоолууруудыг удирдамжид заасан шалгалтын хугацаанд лабораторид шалгуулах боломж бүрдээгүй 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулсан болно.

Харин 2022 оны 03 дугаар сарын 01-нээс хойш “Ж*********” ХХК-иас шалтгаалж тоолуурыг магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтад хамруулах ажил хүлээгдсэн. Шалгалтын ажлын хэсгийн гишүүн “У***********” ТӨХК-ийн Баруун түгээх төвийн хэмжил зүйн хяналтын инженер Ч.О******** тус компанийн тоолуурыг сүлжээнээс салгаж лабораторид шалгуулах талаар тус компаниас удаа дараа шаардахад “Ж*********" ХХК нь халаалтын улирал дуусахаар шалгуулъя, “У*********”ТӨХК-иар тоолуураа салгуулахгүй, Ч.О********** инженер тоолуур салгах талаар огт яриагүй, “У**********” ТӨХК өөрсдөө тоолуураа салгаж авахгүй байна, Орон сууцны конторуудын тэмцээн болж байгаа тул амжихгүй, тэмцээн дуусахаар тоолуураа салгуулъя, халаалтын улирал дуусахаар бүх тоолуураа өөрийн байгууллагын зардлаар шалгуулъя зэрэг янз бүрийн шалтаг шалтгаан хэлж, тоолуураа магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтад хамруулахгүй зайлсхийсээр сар гаруй болсон.

"Ж********” ХХК-ийн захирал С.А*********-тэй 99115812 дугаарын утсаар удаа дараа холбогдож шаардахад тоолуур шалгуулсан зардлыг хэн хариуцах вэ, баримт болгож танайх тоолуур шалгуулах тухай албан бичиг ирүүлбэл шалгуулъя гэсний дагуу 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 07/678 тоот “Дулааны тоолуурыг магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтад хамруулах тухай" албан бичгийг “Ж********" ХХК-д хүргүүлсэн.

Үүний дагуу 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тус тоолуурт “У*********” ТӨХК-ийн дулааны тоолуурын итгэмжлэгдсэн лабораторид магадлан тогтоох шалгалт хийж шалгалтын дүн эцэслэн гарсны дараа шалгалтын тэмдэглэлийг үргэлжлүүлэн бичиж дуусгасан бөгөөд захирал С.А*********-ийг ирж танилцаад дүгнэлт зөвлөмжөө авахыг удаа дараа утсаар мэдэгдсэн боловч ирээгүй, өөрөө очиж чадахгүй, өвчтэй эмнэлэгт хэвтэж байгаа гээд 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр инженерээ /Б.Э******/ явуулсан. Шалгалтын дүнгээр гаргасан улсын ахлах байцаагчийн 4 дүгнэлт тус бүр 4 хувь, улсын ахлах байцаагчийн зөвлөмж 3 хувь бичиг баримтыг захиралдаа танилцуулаад гарын үсэг зуруулаад, гарын үсэг зурахаас татгалзвал шалгалтын тэмдэглэл дээр тайлбараа бичээд буцаагаад ирүүлээрэй гэсэн боловч эдгээр бичиг баримтыг авчирч өгөхгүй 12 хоног хүлээлгэж утсаар дахин дахин шаардуулж байж 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ажилтнаараа өгч явуулсан.

Хяналт шалгалтын үеэр тогтоогдсон бодит нөхцөл байдал, илэрч буй зөрчлийн талаар зураг авсан бөгөөд шалгалтад байлцсан “Ж********” ХХК-ийн ажилтнуудад газар дээр нь танилцуулж байсан. Мөн шалгалтын бүрэлдэхүүнд ажилласан Эрчим хүчний зохицуулах хороо болон “У*********” ТӨХК-ийн ажилтнууд зураг авч, тэмдэглэл хөтөлсөн.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.4 дэх заалтын дагуу тус дулааны тоолуурт дулааны эрчим хүчээр хангагч байгууллагаас олгосон техникийн нөхцел, анх суурилуулж хүлээлгэн өгсөн тухай акт, төлбөр тооцооны хэрэгсэл болгохыг зөвшеерч хүлээн авсан акт, тоолуурын баталгаажуулалтын гэрчилгээ зэрэг хяналт шалгалтад шаардлагатай бичиг баримт, материалуудыг гаргаж үзүүлэхийг шаардахад “Ж********” ХХК-ийн инженер Б.Э******** нь “А*********” ХХК-иас манайх тоолууртай холбоотой ямар ч бичиг баримт хүлээж аваагүй, байхгүй гээд гаргаж үзүүлээгүй, эрж хайгаад олбол үзүүлье гэсэн тайлбар өгсөн боловч шалгалт дуусаад, улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарах хүртэлх хугацаанд эдгээр бичиг баримтыг гаргаж үзүүлээгүй.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалаар баталсан “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага" байгууллагын стандартын 13.2 дахь заалтын дагуу компанидаа байгаа тоолууртай холбоотой бичиг баримтуудаа ирүүлэхийг удаа дараа шаардсаны дагуу тус компаниас 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02/2201-19 дугаартай албан бичгээр ирүүлсэн хавсралт 28 хуудас бүхий материалд эдгээр бичиг баримт байгаагүй. Шалгалтын явцад дулааны эрчим хүчээр хангагч байгууллага болох “У*********” ТӨХК-иас тус тоолуурын баталгаажуулалтын гэрчилгээг шаардсан боловч мөн тус компанид байгаагүй. Харин 2016/023 дугаартай дулааны эрчим хүчийг хэмжих, тооцох хэрэгслийг суурилуулах техникийн нөхцөл, БТТ/2018/177 дугаартай дулааны эрчим хүчийг хэмжих тооцох хэрэгслийг ашиглалтад хүлээн авах акт 15/2016 дугаартай дулааны техникийн нөхцөл зэрэг бичиг баримтын хуулбарыг “У*********” ТӨХК-иас гаргуулж хяналт шалгалтын баримт материалд авсан.

3/ “Ж*********" ХХК болон “А*********” ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан 2019/01 дугаартай “Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээ”-ний дагуу “Ж*******" ХХК нь “А**********" ХХК-иас Сүхбаатар дүүрэг,  11 дүгээр хороонд байрлах 301 тоот орон сууцны 1, 2, 3 дугаар орцны узелийн ашиглалт, засвар үйлчилгээг хүлээн авсан бөгөөд тус гэрээний 4.3 дахь “Байрнуудын узелийн өрөө, халаалт болон хэрэглээний халуун, хүйтэн усны өгөх, буцах шугам хоолой, ялтаст дулаан солилцуур, эргэлтийн болон өргөтгөлийн насос, цэвэр усны нөөцийн сав, дулааны тоолуур, ... зэргийг актаар хүлээлцэн захиалагч байгууллагаас балансаас балансад шилжүүлэн, хүлээн авах, хангагч өөрчлөгдөх тохиолдолд шинээр үйлчилгээ үзүүлэх хангагчийн балансад шилжүүлэх”, 4.5 дахь “Ашиглалтын үйл ажиллагаанд шаардагдах барилгын зураг, ажлын зураг, улсын комиссын акт, техникийн паспорт, тоног төхөөрөмжийг угсарсан, сорилтоор шалгасан акт, заагийн зураг зэрэг шаардлагатай материалуудыг захиалагч байгууллагаас гаргуулан авах” заалтуудыг “Ж*********” ХХК нь хэрэгжүүлж ажиллаагүй буюу шаардлагатай бичиг баримтуудаа бүрдүүлээгүй байсан.

Тоолуурыг суурилуулж, хүлээлгэн өгсөн тухай нотлох бичиг баримтгүй тул тоолуурыг "У*********" ХХК угсарч суурилуулсан гэж үзэх, ямар компани хэзээ суурилуулж ямар байгууллагад хүлээлгэн өгснийг тогтоож дүгнэх боломжгүй юм.

Мөн Хэмжил зүйн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.3, “Дулааны эрчим хүчийг хэмжих, тооцох дүрэм”-ийн 7.1 дэх “Дулааны хэмжих тооцох хэрэгслийг байнгын ашиглалтад хүлээн авахдаа хангагч, хэрэглэгч энэхүү журмын 6.1-д заасан аж ахуйн нэгж байгууллагын мэргэжилтнийг газар дээр нь байлцуулан 2 дугаар хавсралтад заасан акт үйлдэж хүлээн авна. Ашиглалтад хүлээн авахдаа доорх бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

7.1.1 Дулаан хангамжийн зангилааны бүрэн схем

7.1.2 Баталгаажуулалтын гэрчилгээний хуулбар

7.1.3 Суурилуулалтын ажлыг хийсэн тухай акт

7.1.4 Хэмжих хэрэгслийн ашиглалтын заавар

7.1.5 Техникийн баримт бичиг

7.1.6 Угсралтын ажлын техникийн зураг, төсөл

7.1.7 Шинээр дулаан хангамжийн системд холбох техникийн нөхцөл болон дулааны эрчим хүчийг хэмжих, тооцох хэрэгслийг суурилуулахад олгох техникийн нөхцөлийн хуулбар” гэж заасны дагуу тус тоолуурыг хэрэглэгч байгууллага болох "Ж**********” ХХК хяналт тавьж, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн авах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байсан.

4/ “Ж**********” ХХК-ийн харъяа Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах ус дулаан дамжуулах 56 дугаар төвийн дулааны ерөнхий шугаманд суурилуулан “А*********" ХХК-ийн 301 дүгээр орон сууцны барилгын дулааны эрчим хүчний төлбөр тооцоог гүйцэтгэж буй 68642891 дугаартай, 150м³/цаг хэмжих хязгаартай, Ultraheat UH-50 загварын дулааны тоолуурын суурилуулалт, ашиглалтын байдал, загварын туршилт, баталгаажуулалт, баталгааны лацны бүрэн бүтэн байдал, тоолууртай холбоотой бичиг баримтын бүрдэл зэрэгт 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр газар дээр нь үзлэг шалгалт хийж, тус тоолуурын цагаар 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагаас 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 17 цаг хүртэлх тоолуурын архивын бичлэгийг хуулбарласан.

Үзлэг шалгалтаар тус тоолуурт тавьсан 2019 он гэсэн улсын шалгагчийн лацны дардас бүдгэрсэн байсныг тогтоосон. “Ж***********” ХХК-иас тус тоолуурын баталгаажилтын гэрчилгээг үзүүлэхийг шаардсан боловч үзүүлээгүй тул тоолуур дээрх болон баталгаажилтын гэрчилгээн дээрх баталгаажуулалтад хамрагдсан он, улсын шалгагчийн лацны дардас байгаа эсэхийг тодорхойлох боломжгүй байсан.

2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр "У***********" ТӨХК-ийн дулааны тоолуурын итгэмжлэгдсэн лабораториос мэдээлэл авч тус тоолуур нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ээлжит шалгалт баталгаажуулалтад хамрагдаж программд бүртгэгдсэн болохыг тодруулсан.

Тоолуур нь баталгаажуулалтын гэрчилгээгүй, лабораторид ээлжит шалгалт баталгаажилтад орсон он нь /2018/ тоолуур дээрх баталгааны лацан дээрх оноос /2019/ зөрүүтэй байсан. Энэ тухай шалгалтын ажлын хэсгийн гишүүдийн шалгалтын тайланд тусгагдсан байгаа. Лабораторид ээлжит баталгаажилтад орсон он нь тоолуур дээрх баталгааны лацан дээрх оноос зөрүүтэй буюу 2018 онд ээлжит шалгалт баталгаажуулалтад орсон тоолуур нь 2018 оны баталгааны лацтай, мөн баталгаажуулалтын гэрчилгээтэй байх ёстой боловч тус тоолуур нь 2019 оны лацтай мөн баталгаажилтын гэрчилгээгүй байсан нь тоолуурын лацыг хөндөж дараа нь өөр лац тавьсан гэж үзэх үндэслэлтэй юм. 

"Ж**********” ХХК нь Хэмжил зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5, 10.7, 22 дугаар зүйлийн 22.2.3 дахь заалтуудын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй байсан.

Тоолуурыг шалгасан өдөр тус тоолуурын цаг зөрүүтэй явж байж болзошгүй биш, харин 4 өдрөөр хоцорч явж байсан нь шалгалт хийсэн өдөр хуулбарлан авсан тоолуурын архивын бичлэгээр тогтоогдсон.

Энэ тухай “Ж********” ХХК-иас Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ирүүлсэн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02/2201-19 дугаартай албан бичигт /… 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 2022 оны 02 дугаар сарын 09-ний хоорондох хугацааны архивын бичилтийг хийсэн болно. Гэтэл тус төхөөрөмжид уншигдан гарч ирсэн архивын бичилтийг хэвлэхэд 02 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагаар тасалбар болон гарч ирсэн/ гэж бичсэн байгаа нь тоолуурын цаг зөрүүтэй буюу хоцорч явж байсныг өөрсдөө баталсан байна.

Лабораторид тоолуурыг ээлжит шалгалт баталгаажуулалтад хамруулах үед эрх бүхий улсын шалгагч батарейг шалгаж тоолуурын цагийг тааруулж тохируулдаг боловч тус тоолуурын цаг 4 өдрөөр буюу 96 цагаар хоцорч, шалгалт хийсэн өдөр 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байхад 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэсэн тохиргоотой байсан, тоолуурын архивын бичлэг тасралтгүй хадгалагдаагүй, дундаа 281 цаг тасарсан зэрэг зөрчилтэй байсан тул тоолуурын батарей муудсанаас архивын бичлэг тасалдсан байж болзошгүй гэж үзэн шалгалтын бүрэлдэхүүнд ажиллаж байсан Стандарт, хэмжил зүйн газрын эрх бухий улсын шалгагч тоолуурын хандаж батарейны хугацааг шалгахад 2015 оны батарейтай /батарейны хугацаа дуусах болоогүй хэвийн/ байсан тул Стандарт хэмжил зүйн газрын улсын шалгагч тус тоолуурыг 2022 оны лацаар лацадсан. Шалгалтад байлцсан "Ж********" ХХК-ийн ажилтнууд шалгалтын энэ бүх үйл ажиллагааг харж, сонсож, тайлбарлуулж, зураг авч бичлэг хийж захиралдаа утсаар мэдээлэл өгч байсан. Мөн тус тоолуурыг “У**********" ТӨХК-ийн дулааны тоолуурын итгэмжлэгдсэн лабораторид магадлан тогтоох шалгалтад хамруулсан өдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тус тоолуурын цаг нь 04 дүгээр сарын 11 гэсэн тохиргоотой буюу мөн 4 өдрөөр хоцорч байсан.

5/ Шалгалт эхлэх едрийн /2022.02.09/ 09ºº цагт "У**********” ТӨХК-ийн хурлын танхимд хийсэн шалгалтын ажлын хэсгийн хуралд тус компанийн дэд захирал Б.Б******** оролцож “У**********” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний едрийн А/04 тоот тушаалаар хангагч хэрэглэгчийн хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээний дагуу дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч "Ж*********” ХХК-ийн хэрэглэгчдийн дулааны баланс, 2021 оны хэрэглээтэй харьцуулсан тооцоог үндэслэн тус компанийн дулааны эрчим хүчний төлбөр тооцоонд ашиглаж буй тоолуурын ажиллагаа, дулааны тоног төхөөрөмжийн ашиглалт, үйлчилгээнд ээлжит бус үзлэг шалгалт хийх, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. “У********” ТӨХК-ийн дэд захирал Б.Б********-ны баталсан тус ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу “Ж**********” ХХК-ийн эзэмшлийн дулааны эрчим хүчний төлбөр тооцоог гүйцэтгэж байгаа нийт 20 дулааны тоолуурт үзлэг хийхэд “А*********” ХХК-ийн 301 дүгээр орон сууцны байрны, Буянт-Ухаа-2 хорооллын орон сууцны байр, иргэн Л********-ын 250, 251-р байр, иргэн Б********-ны орон сууцны байрны дулааны эрчим хүчний төлбөр тооцоог гүйцэтгэж байгаа тоолууруудын ажиллагаа хэвийн бус болох нь тус тоолууруудын архивын бичилтээс тогтоогдсон бөгөөд энэ асуудлыг “Ж********” ХХК-тай зөвшилцөөд шийдэж чадахгүй удаж байгаа, сүүлийн 2 жил тус компанийн 8 тоолуур дээр зерчил гарч, шүүх цагдаагаар явж байгаа тул шалгуулахаар Мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан тухай танилцуулсан.

2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр тус тоолуурт газар дээр нь хийсэн шалгалтын үеэр “У**********” ТӨХК-ийн Үйлдвэрлэл, хөгжлийн хэлтсийн хэмжүүрийн бодлогын инженер Г.Б******** 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хоорондох /тус тоолуурын цагаар/ архивын бичлэгийг хуулбарлан авсан ба Ж********* ХХК-д танилцуулж хэвлэж өгсөн.

Тус архивын бичлэгээр зарцуулалт, температур 0 заасан, зарцуулалт үсэрсэн, архивын цагийн бичлэг тасралтгүй хадгалагдаагүй дундаа тасарсан зэргээр тоолуур хэвийн бус ажиллаж байгааг тогтоож, тоолуурыг магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтад хамруулах буюу итгэмжлэгдсэн тоолуурын лабораторид эталон төхөөрөмжөөр холбогдох стандартын дагуу тоолуурын хэмжил зүйн үзүүлэлтүүдийг шалгаж тогтоох шийдвэрийг шалгалтын ажлын хэсгээс гаргасан. 2022 оны 04 дүгээр сарын 15-ны едер тоолуурыг лабораторид магадлан тогтоох шалгалтад хамруулах үед 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 13:00 цагаас 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 17:00 цаг хүртэлх /тус тоолуурын цагаар/ архивын бичлэгийг хуулбарласан. Архивын бичлэгийг тухай бүр “Ж*********” ХХК-ийн төлөөлөлд танилцуулж хэвлэж өгч байсан.

Шалгалтын өмнө болон шалгалтын үеэр хийсэн 3 удаагийн архивын бичилтээс энерги зарцуулалт, температур 0 утгыг заасан, цагийн бичилт тасралтгүй хадгалагдаагүй дундаа тасарсан зарцуулалт үсэрсэн, хоногийн хэрэглээ эрс өөрчлөлттэй зэрэг нь тус тус тогтоогдсон.

6/ 2021 оны 10 дугаар сарын 28-наас 2021 оны 04 дүгээр сарын 11-ний едрийг хүртэлх архивын бичлэгийг хянасан. Энэ хугацаа нь халаалтын улирал тул халаалтыг зогсоосон, дулааныг түр хязгаарласан, шугам сүлжээний гэмтэл гарсанаас хэрэглээ гараагүй зэрэг асуудлууд үүсээгүй бөгөөд дулаан хангамж хэвийн явагдаж байсан үе болохыг “У*********” ТӨХК-ийн холбогдох инженерүүд тодорхойлсон.

2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр тус тоолуурт газар дээр нь хийсэн шалгалтын үеэр “У**********” ТӨХК-ийн Үйлдвэрлэл, хөгжлийн хэлтсийн хэмжүүрийн бодлогын инженер Г.Б********* 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хоорондох архивын бичлэгийг хуулбарлан авсан. Тус архивын бичлэгээр тоолуурын хэвийн бус ажиллагааг тогтоож, Стандарт хэмжил зүйн газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/136 дугаар тушаалаар баталсан “Хэмжих хэрэгсэлд шалгалт баталгаажуулалт хийж журам"-ын 4.3.1, 4.3.3 дахь заалтуудын дагуу тоолуурыг магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтад хамруулах шийдвэрийг шалгалтын ажлын хэсгээс гаргасан.

Хэмжил зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх заалтын дагуу Стандарт хэмжил зүйн газрын улсын шалгагч Г.З***** 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тус тоолуурт ”У**********” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн дулааны тоолуурын лабораторид улсын баталгаатай эталон тоног төхөөрөмж дээр холбогдох стандартын дагуу магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтыг хийж гүйцэтгэсэн. Стандарт хэмжил зүйн газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/136 дугаар тушаалаар баталсан “Хэмжих хэрэгсэлд шалгалт баталгаажуулалт хийх журам"-ын 4.3.3 дахь заалтын дагуу шалгалтын үйл ажиллагаанд “Ж********”ХХК-ийн сантехникийн инженер Б.Э*********, дулаан хангамжийн инженер Б.Б********, менежер А.Б******** нарыг оролцуулсан бөгөөд тэд шалгалтын үйл ажиллагааны зургийг авч бичлэг хийж, утсаар захиралдаа мэдээлэл өгч байсан. Магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтаар тус тоолуурын зарцуулалт үсэрч, "Дулааны тоолуур. 1-р хэсэг Ерөнхий шаардлага" MNS OIML R75-1:2007 стандартын шаардлага хангахгүй байгаа нь тогтоогдсон туп тоолуурт шалгалт хийсэн эрх бүхий улсын шалгагч Стандарт хэмжил зүйн газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний едрийн A/136 дугаар тушаалаар баталсан "Хэмжих баталгаажуулалт хийх журам"-ын 3.7 дахь “Шалгалт баталгаажуулалтаар стандартын шаардлага хангаагүй, засварлах, ашиглах боломжгүй хэмжих хэрэгсэлд мэдэгдэл олгоно” заалтын дагуу тус тоолуурыг хэмжил зүйн төрийн хяналт шалгалтад хамаарах үйл ажиллагаанд ашиглах боломжгүй тухай Стандарт, хэмжил зүйн газрын 000017161 дугаартай мэдэгдлийг бичиж “Ж*********”ХХК-ийн инженер Б.Э*******-т өгсөн.

Шалгалт баталгаажуулалтад тэнцээгүй хэмжих хэрэгсэлд баталгааны гэрчилгээ олгодоггүй бөгөөд Хэмжил зүйн тухай хуулийн 10.8 дахь заалтаар баталгаагүй хэмжих хэрэгслийг ашиглахыг хориглодог тул дулааны эрчим хүчээр хангагч байгууллага болох “У********” ТӨХК нь тус тоолуурыг дулааны эрчим хүчний төлбөр тооцоонд хүлээж авах боломжгүй болсон.

Терийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасны дагуу Стандарт, хэмжил зүйн газрын улсын шалгагчийн хийсэн магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтын дүнг үндэслэн улсын ахлах байцаагчийн дүгнэлт гаргасан.

“Ж**********" ХХК-нь магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтын үр дүнг хүлээн зөвшеерч, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр буюу улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарахаас 6 хоногийн өмнө тус тоолуурын оронд шинэ тоолуур авч "И*****" ХХК-иар суурилуулах ажлыг гүйцэтгүүлсэн байна. 

Шалгалтаар дулааны тоолуурыг буруутгах зорилготой бус, харин “У**********” ТӨХК-ийн тоолуур шалгуулах тухай хүсэлтэд дурдсан тоолуурын хэмжил зүйн үзүүлэлтүүдийг магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтыг хийж гүйцэтгэсэн.” гэжээ.

8. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: "Энэ тухай "Манай байгууллагад хийсэн хяналт шалгалтын явцад тэмдэглэл үйлдэж хянан шалгах ажиллагааны явцад ямар зөрчил илэрсэн талаар баталгаажуулаагүй харин улсын байцаагчийн дүгнэлт гарах үед тэмдэглэлийг үйлдэж танилцуулах ажиллагаа хийсэн. Удирдамжид 5-28-1 гэсэн хяналтын хуудас орчихсон байгаа. “У*********” ТӨХК-иас нэхэмжлэгчийн 12 тоолуурыг шалгуулах хүсэлт ирүүлсэн. Удирдамжид хамгийн эхэнд шалгуулах ёстой 4 тоолуурыг оруулсан. Нэхэмжлэгчийн захирал удирдамжид заасан тоолуурыг шалгуулна бусдыг нь шалгуулахгүй гэсэн учир 4 тоолуурыг л зөвхөн шалгасан. 

Удирдамжид бичилтийн алдаа гарч бичсэн байсан. Дулааны тоолуур гэдэг нь тухайн орон сууцны хэрэглэгчдийн авч байгаа дулааны халаалтын хэмжээг хэмжиж тооцож мөнгөөр илэрхийлж гаргаж байдаг. Уг тоолуурын заалтаар дулааны сүлжээнд төлбөрөө төлдөг төлбөр тооцооны хэмжих хэрэгсэл. Үнэн зөв зааж байгаа эсэх, хэдэн хувийн алдаатай тоолж байна вэ гэдгийг улсын лабораторид угсарч шалгадаг. Тоолуурыг шалгахдаа тоолуурын үйл ажиллагаанд нөлөөлж байгаа зүйлсийг шалгадаг. Тухайн компанийн очоод хурал хийгээд суурилуулсан актаас эхлээд шаардлагатай бүх материалаа гаргаж үзүүлэх талаар шаардсан. Гэтэл сантехникийн инженер манайх “А*********” ХХК-иас тоолуурыг хүлээж авсан, ашиглалтыг хүлээж аваад удаагүй байгаа учраас бичиг баримтыг ч хүлээж аваагүй байгаа гэж хэлсэн.

Баталгааны лац гэдэг тухайн тоолуурыг түрүүн дурдсан хэвийн ажиллаж алдаагүй байна гэвэл ашиглахыг зөвшөөрдөг. Тоолуурын хоёр талд нь тухайн тоолуурыг задлаад ямар нэгэн хэмжил зүйн үзүүлэлтэд нөлөөлөхөөс сэргийлээд битүүмжилж тавьдаг улсын шалгагчийн лац юм. Улсын шалгагч болгон өөр өөрийн хувийн дугаартай байдаг. 2018 оны тоолуурт 2018 оны лацыг л хэрэглэдэг. Гэтэл энэ тоолуур дээр байсан хоёр талын лац нь 2019 оны лац байсан.

Үүнээс гадна тус тоолуурын цаг зөрүүтэй явж байсан. Бид нар 02 дугаар сарын 09-ний өдөр шалгалт хийхэд тус тоолуурын цаг нь 02 дугаар сарын 05-ны өдөр буюу 4 өдрөөр хоцорч явж байсан. Суурилуулалтыг батлах бичиг баримтыг бид нарт гаргаж өгөөгүй. Ийм учраас улсын байцаагч “У*******” ХХК анх суурилуулсан байна гэдэг дүгнэлт гаргах боломжгүй байна. Тоолуурт нөлөөлдөг маш олон нөлөөллүүд байдаг учраас тэр бүрийг бид газар дээр нь шалгасан. Энэ тоолуур хэдэн онд баталгаажуулалтад орсон талаар лавлагааг бид лабораториос авсан. 2018 онд ээлжит баталгаажуулалтад хамрагдсан байна гэж ирүүлсэн боловч 2019 оны лацтай тоолуур байсан. Тоолуур бол 4 жил тутам баталгаажилтад өгдөг. Гэхдээ 4 жил хэвийн ажиллана гэсэн баталгаа байдаггүй. Гадны нөлөө, хэрэглэгчдийн буруу үйлдлээс болж тоолуур гэмтэж эхэлдэг. Энэ тохиолдолд бид дахин баталгаажилтад хамруулдаг. Өмнө тоолуур зүгээр ажиллаж байгаад сая гэнэт л эвдрэл гэмтэл гарсан мэтээр ярьдаг. Энэ талаар У********* ТӨХК-ийг гэрчээр оролцуулаад тайлбар авах шаардлагатай гэж бодож байна. Хэрэглэгчийнхээ тоолуурт тус газраас жил бүр хяналт тавьж, архивын бичилт хийдэг. Тухайн тоолуурын өдөр, цаг, жилийн хэрэглээг тасралтгүй бичиж байдаг. Энэ архивын бичилт тоолуур хэвийн явж байгаад эвдрэл гэмтэл гарахын бол алдаа заадаг. Шалгалтын үеэр тоолуурын гаднах хэлбэрийг шалгахаар гадна архивын бичлэгийг дахин хуулж авсан. Ажлын хэсгээс лабораторид магадлан баталгаажуулах шалгалтад хамруулах нь зүйтэй гэсэн саналыг гаргаж, нэхэмжлэгчид танилцуулсан. Гэтэл дулааны тоолуурыг шугамаас халаалт өгөөд эхэлчихсэн байхад хэрэглэгчийн халаалтыг зогсоогоод, тоолуурыг салгаж аваад, лаборатори өгч, шалгаад буцаагаад суурилуулахад тодорхой хэмжээний хугацаа шаардагдана. Эрчим хүчний сайдын тушаалд халаалтын нөхцөл эхэлсэн үед тасалдуулахгүй гэсэн тушаал байдаг. Үүний дагуу бид 03 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл хойшлуулсан. 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш шалгуулъя гэхэд нэхэмжлэгч компаниас маш олон шалтгаан хэлж өөрсдөө хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ шалгалтыг сар гаруй хугацаагаар хойшлуулсан. Үүний дагуу манайхаас албан бичиг өгсөн. Уг бичиг өгөхөөс өмнө захирал руу нь маш олон удаа ярьсан боловч хүлээж авдаггүй байсан. Ингээд 04 дүгээр сард лабораторид очиж тоолуурыг шалгуулсан. Шалгахад зарцуулалт маш ихээр үсэрсэн. 

Ингээд холбогдох стандартыг хангахгүй байх учир цаашид энэ тоолуурыг төрийн хяналт шалгалтад хамрагдах үйл ажиллагаанд ашиглах боломжгүй гэдэг мэдэгдлийг тус компанийн инженер н.Э*********-т бичиж өгсөн. Энэ мэдэгдлийг олгосны дагуу хүлээн зөвшөөрөөд тэр өдрөө захиралтайгаа холбогдоод өөр тоолуур авч суурилуулсан. Өнөөдрийг хүртэл тэр шинэ тоолуураа хэрэглэж байгаа.

02 дугаар сарын 09-ний өдөр зөвхөн “А**********” ХХК дээр очиж шалгалт хийсэн. Тэмдэглэлийг бичээд суух боломж байдаггүй. Шалгалтын өдөр хэзээ дуусна тэр өдөр шалгалтын тэмдэглэлийг гүйцээж дуусгаад танилцах талаар хэлсэн боловч 7 хоног хүлээсэн ирээгүй. Тус компанийн захирал зөвхөн 4 тоолуурт шалгалт хийлгэнэ гэж хязгаарлалт тавьсан учраас удирдлагуудтайгаа ярьж байгаад 47 тоолуурыг шалгаж, хяналтын хуудсыг бөглөөгүй. Заавал хяналт шалгалтын хуудсыг бөглөнө гэсэн журам байдаггүй. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулъя гэвэл стандарт хэмжилзүйн газрын мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлагатай. Яагаад гэвэл тухайн тоолуурыг ашиглалтаас хассан, эрхийг хязгаарласан акт байгаа.

Манай байгууллагын мэргэжлийн хяналтын стандарт шаардлагад заавал хяналтын хуудасны дагуу хийнэ гэсэн шаардлага байдаггүй. Эвдрэлийн шалтгааныг хэмжил зүйн хяналтын байцаагч юм уу, лаборатори заавал тогтооно гэсэн хууль ч байхгүй. Хэмжил зүйн тухай хуульд хэмжил зүйн байцаагч хэмжил зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавина, хэмжлийн нэгж зөвшөөрлийн нэгжтэй тохирч байгаа эсэх, хэмжих хэрэгслийг импортлох, суурилуулахад хяналт тавьдаг. Төлбөр тооцоонд ашиглаж байгаа хэмжих хэрэгслүүдийн загварын туршилт, шалгалт баталгаажуулалтад хамруулсан эсэх, түүний ашиглалт, хэвийн ажиллагаанд хяналт тавина гэж заасан. Хэмжил зүйн байцаагч эвдрэл гэмтэлтэй хэмжих хэрэгслийн шалтгааныг олж тогтооно гэсэн үг өгүүлбэр байхгүй. 

Тоолуур хэвийн байвал жигд л тоо явдаг. Огт их, бага, тасраад явна гэсэн ойлголт байдаггүй. Дулааны тоолуур баттерэйгаар тэжээгдэж тасралтгүй архиваа хадгалаад бичээд явж байдаг. Архивын бичлэгийг үндэслэж дүгнэлт гаргаагүй. Энэ бичлэг тоолуур хэвийн бус ажиллагаатай байгааг хэлж өгдөг. Хамгийн үнэн зөв баталгаажуулалтын арга бол лабораторийн шалгалт. Лабораторийн шалгалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол шалгагчийн тайлбарыг авах хэрэгтэй. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд ч төрийн эрх бүхий байгууллагын хийсэн хэмжилт, дүгнэлт, шалгалтын үр дүнг хүлээн зөвшөөрнө гэсэн заалт байгаа. Улсын байцаагч хяналт шалгалтыг бүрэн хийх үүрэгтэй учраас лабораторийн шалгалт хийж байж эцсийн дүгнэлт гарах ёстой. Энэ дүн гараагүй байхад би дүгнэлт гаргах боломжгүй байсан. Улсын шалгагчийн төхөөрөмжөөр шалгасан шалгалтын дүнг үндэслэж дүгнэлт гаргасан. Нэхэмжлэгч компани өөрсдөө энэ тоолуур дээрээ өөрсдөө байнга хяналт тавих ёстой. Дулааны тоолуурын ажиллагаанд тогтмол ачаалал өгөхгүй, ачааллыг өөрчлөөд байхаар дулааны тоолуурт мэдээж гэмтэл гардаг. Дулааны тоолуурт хог шүүлтүүр суулгаагүй бол тоолуур буруу заадаг. Үүн дээр тухайн тоолуур эзэмшиж байгаа компанийн хяналт тавьж байх ёстой. Шалгасан дүгнэлт ингэж гарчихсан байхад би ашиглаж болно гэж дүгнэлт гаргаж болохгүй. Тоолуур шалгасан дээр эргэлзээд байвал дахиж хандаад шалгуулж болно.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Хэмжил зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.”Энэ хуулийн 13.1-д заасан байгууллага Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д зааснаас гадна дараах хяналтыг хэрэгжүүлнэ:”, 13.2.4.”энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг загварын туршилт, шалгалт баталгаажуулалтад хамруулсан эсэх, түүний ашиглалт, хэвийн ажиллагаанд хяналт тавих;” гэж заажээ.

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан “У**********” ТӨХК-иас 68642891 дугаартай тоолуурын ажиллагаа хэвийн бус, зөрчилтэй байна гэж үзэж байгаа тул дүгнэлт гаргуулахаар хандсаны дагуу хэмжих хэрэгслийг загварын туршилт, шалгалт баталгаажуулалтад хамруулсан эсэх, түүний ашиглалт, хэвийн ажиллагаанд хяналт тавих эрхийнхээ дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/20 дугаар удирдамжаар “Ж**********” ХХК-ийн 68642891 дугаартай тоолуурт төлөвлөгөөт бус шалгалтыг хийж тус тоолуурыг дулааны эрчим хүчний төлбөр тооцоонд ашиглах боломжгүй талаар Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Ж*********** 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01-07-099/110 дугаар дүгнэлт гаргасан нь хуульд нийцсэн байна.

  1. Хэмжил зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.”Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг үйлдвэрлэсэн, импортолсон, суурилуулсан, засварласны дараа, ашиглахын өмнө шалгалт баталгаажуулалтад хамруулна.”, 10.7.”Шалгалт баталгаажуулалтын лац, тэмдэг нь хөндөгдсөн, арилсан, гэрчилгээг үрэгдүүлсэн, хуурамчаар үйлдсэн, баталгааны хугацаа дууссан, эвдэрсэн буюу буруу заалттай хэмжих хэрэгслийг баталгаагүйд тооцно.”, 10.8.”Энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд баталгаажуулаагүй хэмжих хэрэгслийг худалдах, ашиглахыг хориглоно.”, гэж заажээ.

Хариуцагч маргаан бүхий дүгнэлтээр бичсэнээр тус тоолуурыг хэзээ, ямар компани суурилуулж, хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй, суурилуулсан тухай акт, бичиг баримтгүй, 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “У**********” ТӨХК-ийн дулааны тоолуурын итгэмжлэгдсэн лабораторид ээлжит баталгаажуулалтад хамрагдаж программд бүртгэгдсэн боловч тоолуурын баталгааны гэрчилгээгүй, тооцоологч дээр 2019 он гэсэн баталгааны лацтай байсан лабораторид шалгалт баталгаажуулалтад орсон оноос зөрүүтэй гэснийг буруутгах боломжгүй байна. 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дулааны тоолуурын иж бүрдлийг шинээр суурилуулсан актаар 68642891 дугаартай тоолуурыг баталгаажуулсан болох нь тогтоогдож байх боловч 2018 оны баталгааны актыг шалгалтын үед шалгуулаагүйд хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд хариуцагчийн дээрх дүгнэлт хуулийн шалгалт баталгаажуулалтын лац, тэмдэг нь хөндөгдсөн, арилсан, гэрчилгээг үрэгдүүлсэн, хуурамчаар үйлдсэн, баталгааны хугацаа дууссан, эвдэрсэн буюу буруу заалттай хэмжих хэрэгслийг баталгаагүйд тооцох болон үйл ажиллагаанд баталгаажуулаагүй хэмжих хэрэгслийг ашиглахыг хориглох зохицуулалтад нийцжээ.

  1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.”Төрийн хяналт шалгалт (цаашид "хяналт шалгалт" гэх) хийхэд дараахь зарчмыг баримтална:”, 4.1.7.”хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх.”,  Хэмжил зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.”Хэмжих хэрэгсэлд шалгалт баталгаажуулалт хийх журмыг хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.”,Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2020 оны А/136 дугаар тушаалаар батлагдсан “Хэмжих хэрэгсэлд шалгалт, баталгаажуулалт хийх журам”-ын 4.3.1.”Магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтыг хууль, хяналтын байгууллагын хүсэлт, иргэд, аж ахуйн нэгжийн санал, гомдлын дагуу хэмжүүрийн улсын шалгагч, улсын байцаагч нар хамтран гүйцэтгэж болно.” гэж заажээ.

Нэхэмжлэгчийн эзэмшлийн гэх 68642891 дугаар бүхий тоолуурын зарцуулалтын хувиргагчийн хэвийн ажиллагаа, хэмжил зүйн үзүүлэлтүүдийг магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтыг Стандарт хэмжил зүйн газрын эрх бүхий шалгагч хийж 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн мэдэгдлээр зарцуулалт үсэрсэн үндэслэлээр үйл ажиллагаанд ашиглах боломжгүйг тогтоож мэдэгдэл олгожээ.

Тус мэдэгдлийг үндэслэн хариуцагч тоолуурын цагийн бичлэг тасралтгүй хадгалагдаагүй, дундаа 281 цаг тасарсан, зарцуулалт үсэрсэн зэрэг тоолуур хэвийн бус ажиллаж байсан нь тогтоогдсон гэсэн нь дээрх хуульд заасан эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх зарчим, “Хэмжих хэрэгсэлд шалгалт, баталгаажуулалт хийх журам”-ын хууль, хяналтын байгууллагын хүсэлт, иргэд, аж ахуйн нэгжийн санал, гомдлын дагуу хэмжүүрийн улсын шалгагч, улсын байцаагч нар хамтран гүйцэтгэх зохицуулалтад нийцсэн гэж үзлээ. 

  1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4.”Хуульд өөрөөр заагаагүй бол тухайн объект дээр хийх төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа ажлын 10 өдрөөс илүүгүй байх бөгөөд үүнд шалгалтын дүнг гаргах хугацаа хамаарахгүй.” гэж заасан бөгөөд хариуцагч нь удирдамжид заасан хугацаанд хяналт шалгалтыг явуулсан болох нь хэрэгт авагдсан шалгалт хийсэн тухай тэмдэглэл, тайлан зэрэг баримтаар тогтоогдож байна. 

Харин шалгалтын дүнг буюу маргаан бүхий дүгнэлтийг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан нь хуулийн тус заалтад заасныг зөрчөөгүй байна. 

  1. Хариуцагч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа “У***********” ТӨХК-ийг гэрчээр болон Стандарт, хэмжил зүйн газрыг хамтран хариуцагчаар оролцуулах талаар дурдсан бөгөөд “У*********” ТӨХК-ийг гэрчээр болон Стандарт, хэмжил зүйн газрыг хамтран хариуцагчаар оролцуулах үндэслэлгүй. 

Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон этгээдийг хариуцагч гэх бөгөөд Стандарт, хэмжил зүйн газарт холбогдуулан шаардлага гаргаагүй байна. Мөн дүгнэлт гаргуулахаар хандсан “У**********” ТӨХК-ийг гэрчээр оролцуулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгийн 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 52 дугаар зүйлийн 52.4, Хэмжил зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8, 10.12, 13 дугаар зүйлийн 13.2.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Ж********"  ХХК-иас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Ж***********-д холбогдуулан гаргасан “Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01-07-099/110 дугаар дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Н.ДАМДИНСҮРЭН