Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2023/0143

 

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2023/0143

Улаанбаатар хот

 

“ЖЭБӨТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа    

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.З

Нэхэмжлэгч: “ЖЭБӨТ” ХХК

Хариуцагч: МХЕГ-ын ХЗХ-ын УАБ Д.Ж

 

Нэхэмжлэлийн шаардлага: “МХУАБ-ийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01-07-099/110 дугаар дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай;

 

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 882 дугаартай

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хариуцагч Д.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/0791/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ЖЭБӨТ” ХХК-аас МХЕГ-ын ХЗХ-ын УАБ Д.Ж-д холбогдуулан “МХУАБ-ийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01-07-099/110 дугаар дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 882 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгийн 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 52 дугаар зүйлийн 52.4, Хэмжил зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8, 10.12, 13 дугаар зүйлийн 13.2.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “ЖЭБӨТ” ХХК-аас МХЕГ-ын ХЗХ-ын УАБ Д.Ж-д холбогдуулан гаргасан МХУАБ-ийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01-07-099/110 дугаар дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Золбоо давж заалдах гомдолдоо:

3.1. ...Төрийн хяналт шалгалт нь тусгайлан заасан хуулийн дагуу журмыг баримталж хийгдэх байтал МХЕГ-ын Хэмжил зүйн улсын ахлах байцаагч хяналт шалгалтыг эхлүүлэх хугацааг хэтрүүлсэн, төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг удирдамжид заагдсаны дагуу хийгээгүй, хяналт шалгалтын явцад тэмдэглэл үйлдээгүй, зөрчлийг хөдөлбөргүйгээр нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн талаас маргасан асуудлууд, ач холбогдол бүхий нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй тул шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй.

3.2. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг нэхэмжлэгч “ЖЭБӨТ” ХХК-ийн ашиглалтад байдаг Сүхбаатар дүүргийн 11-р хороо “АИ” ХХК-ийн 301 байр дулааны эрчим хүчний төлбөр тооцоог гүйцэтгэж буй 68642891 дугаар тоолуурт МХЕГ-ын дэд даргын 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/20 дугаар удирдамжийн дагуу хийсэн. Гэтэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 5.2-д тус тус зааснаар “иргэн, хуулийн этгээдээс ирсэн өргөдөл гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл хяналт шалгалтыг ажлын 5 хоногийн дотор эхлүүлнэ” гэж заасан ба “Улаанбаатар дулаан түгээх сүлжээ” ТӨХК-аас 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/52 дугаар албан бичгээр 68642891 дүгээр тоолуур хяналт шалгалт хийлгүүлэх хүсэлт ирүүлсэн байдаг. Хариуцагчийн хувьд 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн мэдээллийн дагуу 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөр хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Дээрхээс үзэхэд хяналт шалгалтыг ажлын 5 хоногт багтаан хийгээгүй нь хууль зөрчсөн.

3.3. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д “Хяналт шалгалтыг удирдамж, хяналтын хуудасны хүрээнд хийж гүйцэтгэнэ” гэж заасан байна. МХЕГ-ын дэд даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/20 дугаартай хяналт шалгалтын удирдамжийн Зургаа дугаар хэсэгт “Шалгалтыг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 3 хоногт багтаан хийж гүйцэтгэх”, Долоо дугаар байгууллагын хэмжил зүйн үйл ажиллагаа 5.28.1 кодтой хэмжүүр, хэмжих хэсэгт “Шалгалтад хамрагдсан хэрэгслийн хэмжлийн нэгдмэл байдлыг шалгах хяналтын хуудасны дагуу үнэлж эрсдэлийг тодорхойлно” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

3.4. Хэмжил зүйн улсын ахлах байцаагч Д.Ж нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа 5.28.1 дугаартай хяналтын хуудасны дагуу хяналт шалгалтын хийгээгүй тухайгаа хүлээн зөвшөөрдөг, мөн хяналт шалгалтыг 2022 оны 02 сарын 10-ны өдөр эхлүүлсэн зэрэг нь удирдамжийг зөрчиж хийсэн хяналт шалгалт болсон. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-д “Хяналт шалгалтын явцад тэмдэглэлийг 2 хувь үйлдэх”-ээр заасан. Хариуцагчийн хувьд тэмдэглэлийг хяналт шалгалт хийгдсэн газар дээр үйлдээгүй шалгуулагч этгээдэд танилцуулаагүй нь хэргийн газар дээр хяналт шалгалт бодитой хийгдсэн зөрчил дутагдал нь тогтоогдсон эсэхийг эргэлзээтэй болгож байна. Учир нь тэмдэглэлийг газар дээр нь үйлдэж буй зорилго нь хяналт шалгалтын үе шат бүрийг баримтжуулах зорилготой байхад тухайн цаг хугацаанд үйлдээгүй 2022 оны 04 сард үйлдэж байгаа нь хяналт шалгалтын үгүйсгэх нөхцөл байдлыг бий болгосон.

3.5. Нэхэмжлэгч “ЖЭБӨТ” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 11-р хороо “Анд интернэшнл”ХХК-ийн 301 байр дулааны эрчим хүчний төлбөр тооцоог гүйцэтгэж буй 68642891 дугаар тоолуурын талаарх мэдээллийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Улаанбаатар дулаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн мэдээллээр 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр газар дээр хяналт шалгалт хийхдээ тэмдэглэл үйлдэж, хяналт шалгалтын хуудсаар зөрчлийг бүртгээгүй учир тухайн өдөр зөрчил байгаа эсэхийг тогтоосон эсэх нь эргэлзээтэй, 2022 оны 04 сарын 15-ны өдөр тусгай эталон төхөөрөмж бүхий лабораторид шалгасан гэх боловч ямар зөрчил хэрхэн тогтоосон тухай баримтжуулсан зүйл, лабораторийн байцаагчийн дүгнэлт гэх зөрчлийг тогтоосон баримт байдаггүй. Өөрөөр хэлбэл дулааны тоолуурын хэмжил зүйн стандартын шаардлагыг хангахгүй гэх дүгнэлтэд заагдсан зөрчлүүд нь баримтаар нотлогдоогүй байхад нь МХУАБ маргаан бүхий дүгнэлтийг гаргасан байна.

3.6. Иймд МХЕГ-ын ХЗУАБ-ийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01-07-099/110 дугаартай дүгнэлт хуульд нийцээгүй, зөрчлийг хөдөлбөргүй байдлаар шалгаж тогтоогоогүй учир хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.
  2. Нэхэмжлэгчээс “МХУАБ-ийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01-07-099/110 дугаар дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч МХЕГ-ын ХЗХ-ын УАБ Д.Ж эс зөвшөөрч маргажээ. 
  3. Нэхэмжлэгч “ЖЭБӨТ” ХХК-ийн эрхлэх аж ахуйн төрөл нь дулаанаар зохицуулалттай хангах болон тус компанийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хавсралтад заасан хэрэглэгчид үйлчлэх хүрээтэй, Эрчим хүчний зохицуулах хорооны 69/2017, 70/2017 тусгай зөвшөөрөлтэй компани болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Талууд энэ талаар маргаагүй.
  4. Маргаан бүхий акт болох МХУАБ-ийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Дулааны тоолуурын тухай” 01-07-099/110 дугаар дүгнэлтээр “ЖЭБӨТ” ХХК-ийн харьяа Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Ус дулаан дамжуулах 56 дугаар төвийн дулааны ерөнхий шугамд суурилуулсан “АИ” ХХК-ийн 301 дүгээр орон сууцны барилгын дулааны эрчим хүчний төлбөр тооцоог гүйцэтгэж буй 68642891 дугаартай дулааны тоолуурыг цаашид дулааны эрчим хүчний төлбөр тооцоонд ашиглах боломжгүй гэж дүгнэсэн байна.
  5. Ингэхдээ МХЕГ т “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/52 дугаар албан бичиг болон МХЕГ-ын даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай” 01/20 удирдамжийг тус тус үндэслэжээ.
  6. Тодруулбал, МХЕГ т “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Дулааны тоолуурын зөрчлийн тухай” 01/52 дугаар албан бичгээр “...68642891 дугаар тоолуур ...сүлжээний усны температур 0 утгыг заах, зарцуулалт эрс өөрчлөгдөж савлах, дулааны энергийн бодол хийгдээгүй ... ажиллагаа хэвийн бус, зөрчилтэй байна  ...энэхүү зөрчлийн асуудлыг хянан шийдвэрлэхэд хамтран ажиллаж дүгнэлт гаргаж өгнө үү” гэсний дагуу МХЕГ , Эрчим хүчний зохицуулах хороо, Стандарт хэмжил зүйн газар, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн холбогдох ажилтнуудын бүрэлдэхүүн төлөвлөгөөт бус шалгалтыг хийсэн байна.
  7. Уг хяналт шалгалтаар 68642891, 78517244, 78241416, 78526633 сериал дугаартай тоолууруудад хэмжлийн нэгдмэл байдал болон бичиг баримтыг шалгасны дотор 68642891 дугаартай дулааны тоолуурыг буюу “АИ” ХХК-ийн 301 дүгээр орон сууцны барилгын дулааны тоолуурыг шалгаж, үзлэгээр дараах зөрчлийг тогтоосон байна. Үүнд

-тоолуурын тооцоологч дээрх улсын баталгааны лацны он нь 2019 гэж байсан нь тус тоолуурын баталгаажуулалтад хамрагдсан гэх огноотой зөрж байна.

-стандарт хэмжил зүйн газраас олгосон улсын баталгаажуулалтын гэрчилгээгүй

-газар дээр нь тоолуурын программын өгөгдлийг тулгахад, тоолуур дээрх огноо нь тухайн өдрөөс 4 хоногоор хоцорч байсан, 

-архивын сангийн бичилтийг хуулбарлан авч үзэхэд: Зарцуулалт үсэрсэн Зарцуулалт 00 болсон Температур 00 болсон цагийн бичилт нь цаг тутамд тасралтгүй хадгалагдаагүй. Дундаа тасарсан. Гэр үеүдэд зарцуулалт, температур 0 заасан байсан./ Мөн тоолуурын огноо нь тухайн өдөртэй тохирохгүй байгаа/, 

-тухайн тоолуурын өдрийн хэрэглээ 11 ба 12 дугаар саруудын өдрийн хэрэглээнээс эрс ихэссэн гэсэн зэрэг зөрчлүүд илэрсэн болох нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ажлын тайлангууд, 02 дугаар сарын 14-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “ЖЭБӨТ” ХХК-ийн төлбөр, тооцоонд ашиглагдаж буй тоолуурын ажиллагаа, дулааны тоног төхөөрөмжийн ашиглалт үйлчилгээнд хийсэн ээлжит бус үзлэгийн тайлан болон “ЖЭБӨТ” ХХК-ийн архивын сангийн бичилтийн товчоо, Стандарт хэмжил зүйн газрын 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 000017161 дугаартай “...тоолуурын ... зарцуулалт үсэрсэн” гэх мэдэгдэл зэрэг баримтуудаар 68642891 дугаартай дулааны тоолуур зөрчилтэй болох нь нотлогдож байх бөгөөд уг тоолуурыг “...дулааны эрчим хүчний төлбөр тооцоонд ашиглах боломжгүй” гэх улсын байцаагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

8. Хэмжил зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг үйлдвэрлэсэн, импортолсон, суурилуулсан, засварласны дараа, ашиглахын өмнө шалгалт баталгаажуулалтад хамруулна.,”, 10.7-д “Шалгалт баталгаажуулалтын лац, тэмдэг нь хөндөгдсөн, арилсан, ... баталгааны хугацаа дууссан, эвдэрсэн буюу буруу заалттай хэмжих хэрэгслийг баталгаагүйд тооцно.,” 10.8-д “Энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд баталгаажуулаагүй хэмжих хэрэгслийг ... ашиглахыг хориглоно.” гэж,

Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2020 оны А/136 дугаар тушаалаар батлагдсан “Хэмжих хэрэгсэлд шалгалт, баталгаажуулалт хийх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.3.1-д “Магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтыг хууль, хяналтын байгууллагын хүсэлт, иргэд, аж ахуйн нэгжийн санал, гомдлын дагуу хэмжүүрийн улсын шалгагч, улсын байцаагч нар хамтран гүйцэтгэж болно” гэж,

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-т “Хуульд өөрөөр заагаагүй бол тухайн объект дээр хийх төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа ажлын 10 өдрөөс илүүгүй байх бөгөөд үүнд шалгалтын дүнг гаргах хугацаа хамаарахгүй.” гэж тус тус заажээ.

9. Дээрх хууль болон журмын зохицуулалтаас үзэхэд, хариуцагч нь “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн хүсэлтийн дагуу МХЕГ, Эрчим хүчний зохицуулах хороо, Стандарт хэмжил зүйн газар, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн улсын шалгагч, улсын байцаагч нарын бүрэлдэхүүн хамтран төлөвлөгөөт бус шалгалтыг хийж гүйцэтгэсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Хэмжих хэрэгсэлд шалгалт, баталгаажуулалт хийх журамд нийцсэн байна.

10. Хэдийгээр МХЕГ-ын даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай” 01/20 дугаар хяналт шалгалтын удирдамжийн Зургаад хяналт шалгалт эхлэх болон дуусах хугацааг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн ажлын 3 өдөр багтаан хийж гүйцэтгэхээр байх боловч уг заасан хугацаанд хяналт шалгалтыг дуусгаагүй нь маргаан бүхий актыг хуульд нийцээгүй гэж үзэж хүчингүй болгох үндэслэл болохгүй.

11. Иймд нэхэмжлэгчийн “Хариуцагчийн хувьд тэмдэглэлийг хяналт шалгалт хийгдсэн газар дээр үйлдээгүй шалгуулагч этгээдэд танилцуулаагүй ... хяналт шалгалтыг ажлын 5 хоногт багтаан хийгээгүй нь хууль зөрчсөн ... МХЕГ-ын ХЗУАБ-ийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01-07-099/110 дугаартай дүгнэлт хуульд нийцээгүй, зөрчлийг хөдөлбөргүй байдлаар шалгаж тогтоогоогүй учир хүчингүй болгож ... өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2022/0882 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.З-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН                                        

               ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

              ШҮҮГЧ                                                                     А.САРАНГЭРЭЛ

              ШҮҮГЧ                                                                     Т.ЭНХМАА