Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 00514

 

“ШЗБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 181/ШШ2019/00075 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “ШЗБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ГГСК” ХХК, “МПД” ХХК-иудад холбогдох

2 ширхэг цахилгаан үүсгүүр /генератор/-ийг хариуцагч ГГСК” ХХК-иас гаргуулах, ус зайлуулах насос /10 ширхэг/, хамгаалалтын төмөр труба /696 метр/, хомучик, Б цахилгааны хайрцаг /13 ширхэг/ зэрэг эд хөрөнгө болон бусад эд хөрөнгийн үнэ нийт 18 193 560 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай иргэний хэргийг “МПД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, хариуцагч “МПД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”ШЗБ” ХХК нь “МПД” ХХК-ийн захиалгаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-12 хаягт байрлах Олон Улсын Санхүүгийн төвийн барилгын ажлыг 2012 оноос гүйцэтгэж эхэлсэн. Энэ хугацаанд гүйцэтгэгч “ШЗБ” ХХК нь нэгдүгээр шатны ажил буюу газрын гүнд бэхэлгээ хийх зориулалттай бетон шон суурийн ажил болон 2 дугаар шатны ажил болох хавтан суурийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүний дараа “ШЗБ” ХХК дараагийн шатны ажлыг хийж эхэлсэн бөгөөд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан 2015 оны өвөл барилгын ажлаа зогсоосон. Ажил зогсох үед гүйцэтгэсэн ажлыг хөлдөлтөөс хамгаалах болон бусад шаардлагатай бэлтгэл ажлыг бүрэн хийж захиалагч талд мэдэгдэж, барилгын талбайг түр хугацаанд хүлээлгэж өгсөн. Улмаар 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр захиалагч “МПД” ХХК-иас манай компани болон “ГГСТ” ХХК-ийн төлөөлөгч нарыг байлцуулан Олон Улсын Санхүүгийн төвийн барилгын талбайд байсан манай компанийн өмчлөлийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжүүдийг “ГГСК” ХХК болон “МПД” ХХК-д түр хугацаагаар хүлээлгэн өгч, эд хөрөнгийг гэмтээж, үрэгдүүлсэн тохиолдолд учирсан хохирлыг зах зээлийн үнээр тооцон төлөхөөр тохиролцож, барилгын талбайд байгаа тоног төхөөрөмж болон эд зүйл хүлээлцсэн актыг “ГГСТ” ХХК-тай, барилгын талбай хүлээлцэх бичгийг “МПД” ХХК-тай үйлдсэн. Эдгээр актаар усны насос 21 ширхэг, насосэны дагалдах хэрэгсэл материал, хамгаалалтын төмөр труба 696 метр, хомучик 310 ширхэг, аюулгүйн тор 258 м.кв, генератор 2 ширхэг, А цахилгааны хайрцаг 1 ком, цахилгааны тоолуурын хамт, Б цахилгааны хайрцаг тоолуурын хамт 14 ком, DN300*7 ган хоолой 230 метр нийт 384 516 юань буюу 142 776 962.92 төгрөгийн тоног төхөөрөмж, эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн. Дээрх тоног төхөөрөмж, эд хөрөнгийг манай компани БНХАУ-аас худалдан авсан бөгөөд эдгээрийн нийт үнэлгээг нэхэмжлэл гаргасан өдөр зарласан Монголбанкны ханшаар тооцож гаргасан. Манай компани захиалагчтай тохиролцсоноор 2016 оны 4 дүгээр сараас барилгын ажлаа үргэлжлүүлэн хийж эхлэх байсан боловч “МПД” ХХК нь өнөөдрийг хүртэл биднийг ажиллуулахгүй байгаа бөгөөд хариуцагч “МПД” ХХК болон “ГГСТ” ХХК-иуд манай өмчлөлийн дээрх эд хөрөнгийг буцааж өгөхгүй, барилгын талбайд байлгаж, барилгын ажилдаа ашиглаж, өөрсдөө ашиг шимийг нь хүртэж, бидэнд хохирол учруулсаар байна.

Иймд “ШЗБ” ХХК-ийн өмчлөлийн 2 ширхэг цахилгаан үүсгүүр буюу генераторыг хариуцагч “ГГСТ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс, Олон улсын санхүүгийн төвийн барилгын талбайд байгаа ус зайлуулах насос 10 ширхэг, хамгаалалтын төмөр труба 696 метр, хомучик, Б цахилгааны хайрцаг 13 ширхэг эд хөрөнгийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс, эвдэрч гэмтсэн, дутсан эд хөрөнгүүд болох 11 ком ус зайлуулах насосны үнэ 6 516 928 төгрөг /1 ширхэг 592 448 төгрөг/, 21 ширхэг насосны дагалдах хэрэгсэл, материалын үнэ 398 378.44 төгрөг, аюулгүйн торны үнэ 978 852 төгрөг /1 ширхэг 3 702.8 төгрөг/, Б цахилгааны хайрцаг 1 ширхэг цахилгааны тоолуурын хамт үнэ 79 674 төгрөг /1 ширхэгийн үнэ/, DN300*7 ган хоолой 230 метрийн үнэ 10 219 728 төгрөг /1 метр 44 433.6 төгрөг/ нийт 18 193 560 төгрөгийг хариуцагч “МПД” ХХК болон “ГГСТ” ХХК-иудаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ГГСТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ маргаан “ШЗБ” ХХК болон “МПД” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Газар шорооны ажлын гэрээ”-ний үндсэн дээр үүссэн бөгөөд тус гэрээний сонгон шалгаруулалтын баримт бичгийн L хэсэгт зааснаар БНХАУ-ын Хонг Конг дах олон улсын арбитрын харьяаллын маргаан байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзэж байна. Эдгээр тоног төхөөрөмж нь талбайд маш их зай газар эзэлж байгаа бөгөөд барилгын ажилд саад болж байна. Мөн тухайн тоног төхөөрөмжүүдийг хадгалах, хамгаалахын тулд ихээхэн зардал гаргаж хамгаалалтын ажлын хүмүүс нэмж ажиллуулсан. Тиймээс манай компани эдгээр тоног төхөөрөмжүүдийн өмчлөгчөөс хамгаалалтын албаны зардал болон талбай ашигласны зардлыг шаардах болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэхүү нэхэмжлэл манай компанитай холбоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “МПД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамтран хариуцагчийн хэрэгжүүлж буй Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороолол, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-12 хаягт барихаар төлөвлөгдсөн Олон Улсын Санхүүгийн Төв барилгын төслийн газар шорооны болон хамгаалах шон суурь, хавтан, хөрсний ус зайлуулах ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч тал оролцон шалгарсан. Нэхэмжлэгч болон хамтран хариуцагч нар гүйцэтгэх ажил, хугацаа, ажлын хөлс зэрэг үндсэн нөхцөлийг харилцан тохиролцож тодорхойлон 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Барилгын төслийн газар шорооны болон хамгаалах шон суурь, хавтан, хөрсний ус зайлуулах ажлын гэрээг байгуулсан. Хариуцагч, нэхэмжлэгч нарын хоорондох актанд дурдсан аливаа эд хөрөнгө нь газар шорооны ажлын гэрээний дагуу үнэ нь төлөгдөж хамтран хариуцагчийн өмчлөлд шилжсэн гэрээний зүйл, хамтран хариуцагчийн шударга эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө бөгөөд хамтран хариуцагч даалгасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн.

Төслийн талбай дээр тэдгээр эд хөрөнгө нь хамтран хариуцагчийн өмчлөлийн хөрөнгө юм. Газар шорооны ажлын гэрээний нарийвчилсан зохицуулалт бүхий салшгүй хэсэг болох хавсралтын L хэсэгт нэхэмжлэгч болон хамтран хариуцагч нарын хооронд аливаа маргаан гарсан тохиолдолд талууд маргаанаа Монгол Улсын хуулийг баримтлан БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс болох Хонг Конг дах арбитраар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцож арбитрын хэлцэл хийсэн байна. Арбитрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9 дэх хэсэгт заасны дагуу талууд арбитрын хүчин төгөлдөр хэлцэлтэй. Талууд аливаа маргаанаа арбитраар харьяалуулан шийдвэрлүүлэхээр хэлэлцэн тохиролцож арбитрын хэлцэл хийсэн тул нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.3 дах хэсэгт заасан хэргийн харьяалал зөрчин нэхэмжлэл гаргасан.

Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу хамтран хариуцагч тал энэхүү нэхэмжлэлд холбогдох маргааныг арбитраар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяаллыг зөрчиж нэхэмжлэл гаргасан тул хэргийг хэрэгсэхгүй болгох эсхүл нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар 2 ширхэг цахилгаан үүсгүүр /генератор/-ийг хариуцагч ГГСК” ХХК-иас, ус зайлуулах насос 10 ширхэг, хамгаалалтын төмөр труба 696 метр, хомучик, Б цахилгааны хайрцаг 13 ширхэг зэргийг хариуцагч “МПД” ХХК болон “ГГСТ” ХХК-уудаас тус тус гаргуулан нэхэмжлэгч “ШЗБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 11 ширхэг ус зайлуулах насосны үнэ 6 516 928 төгрөг, 21 ширхэг насосны дагалдах хэрэгсэл материалын үнэ 398 378.44 төгрөг, аюулгүйн торны үнэ 978 852 төгрөг, Б цахилгааны хайрцаг 1 ширхэг, цахилгааны тоолуурын хамт үнэ 79 674 төгрөг, DN300*7 ган хоолой 230 метрийн үнэ 10 219 728 төгрөг, нийт 18 193 560 төгрөгийг хариуцагч “МПД” ХХК болон “ГГСТ” ХХК-иудаас гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 871 835 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, “МПД” ХХК болон “ГГСТ” ХХК-иудаас улсын тэмдэгтийн хураамжид 772 108 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ШЗБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “МПД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох шон суурийн ажлын гэрээ болон газар шорооны ажлын гэрээ, тэдгээрийн хавсралтуудыг хэрэгт хамааралтай, үнэн зөв талаас нь үнэлсэнгүй. Шүүх хэдийгээр талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн, арбитрын хэлэлцээр байгааг хүлээн зөвшөөрсөн боловч тоног төхөөрөмж, эд зүйл гаргуулах маргаан нь арбитрын хэлэлцээрт хамааралгүй гэсэн алдаатай дүгнэлт хийжээ. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа талуудын хооронд гэрээ байгуулагдсан талаар, нэхэмжилж буй тоног төхөөрөмжийг Шон суурийн болон Газар шорооны ажлын гэрээгээр харилцан тохиролцсон ажлыг гүйцэтгэх зорилгоор барилгын талбайд авчирсан талаар, ажлыг бүрэн гүйцэтгэж дууссан тул дараагийн шатны ажлыг гүйцэтгэх хариуцагч талд дээрх тоног төхөөрөмжийг барилгын талбайтай хамт хүлээлгэн өгсөн талаар тодорхой дурдсан. Барилгын талбайд хэрэглэгдэх тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч нийлүүлэх, тухайн тоног төхөөрөмжийн үнэ нь гэрээний нийт үнэнд орсон талаар газар шорооны ажлын гэрээний зохицуулалтад анхан шатны шүүх дүгнэсэнгүй. Түүнчлэн нэхэмжлэлд дурдагдсан ус зайлуулах насос, хамгаалалтын труба, хамгаалалтын тор зэрэг нь ажлын гүйцэтгэлтэй шууд холбоотой, барилгын талбайд үлдэх шаардлагатай, барилгын ажил бүрэн дуусах хүртэл хугацаанд аюулгүй байдлыг хангах үүднээс салгаж үл болох, дараагийн ажил гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж тул гэрээний зүйл мөн гэсэн хариуцагч нарын тайлбарт анхан шатны шүүх дүгнэлт хийсэнгүй.

Шон суурийн ажлын гэрээ болон газар шорооны ажлын гэрээний дагуу нэхэмжлэгчээс нийлүүлсэн эд зүйлс нь тухайн гэрээний үнэд багтсан эсэх, өмчлөл нь гэрээний дагуу шилжсэн эсэх, нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй эсэх талаар маргааныг шийдвэрлэхийн тулд талуудын хооронд байгуулагдсан гэрээний тохиролцоо, зохицуулалтыг зайлшгүй харах шаардлагатай ба талууд арбитраар харьяалуулан шийдвэрлүүлэхээр арбитрын хэлэлцээр хийсэн, хэлэлцээрийн хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хариуцагч болон нэхэмжлэгчийн хоорондын хүлээлгэн өгсөн акт нь /хэргийн 13, 123 дах тал/ хэлцэл мөн хэмээн анхан шатны шүүх дүгнэлт хийсэн боловч тухайн хүлээлгэн өгсөн актад заасан тоног төхөөрөмж нь хэний эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө болох талаар тогтоож, тодорхойлоогүй бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчид ямар нэгэн эд хөрөнгө буцаан шилжүүлэх үүрэг ногдуулаагүйг анхан шатны шүүх анхаарсангүй. Хариуцагч нь хамтран хариуцагчийн итгэмжлэлээр буюу даалгавраар тухайн баримтын хавсралтад заасан эд зүйлийг нэхэмжлэгчээс хүлээн авсан болохыг хүлээлгэн өгсөн актад тодорхой дурдсан байна. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дах хэсэгт заасны дагуу өөр этгээдээс эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхолын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй бөгөөд бүрэн эрх олгосон этгээд нь эзэмшигч байна гэж заасны дагуу хариуцагч нь эд хөрөнгийн эзэмшигч биш тул энэ хэргийн хариуцагч тал болох учиргүй талаар хамтран хариуцагчийн тайлбарт анхан шатны шүүх огт дүгнэлт хийлгүйгээр эзэмшигч бус этгээдээс эд хөрөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн анхан шатны шүүх хүлээлгэн өгсөн актад "хариуцсан эд хогшлыг үрэгдүүлж гээхгүй байх, хэрэв гэмтээсэн, үрэгдүүлсэн бол зах зээлийн үнээр төлнө...” гэж тохиролцсон тул шаардах эрхтэй байна гэх дүгнэлт хийсэн боловч гол тогтоох ёстой асуудал болох хариуцагч тоног төхөөрөмжийн үнийг төлж барагдуулах үүргийг хэний өмнө хүлээсэн болохыг тогтоож, тодруулалгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр 2 ширхэг цахилгаан үүсгүүр /генератор/-ийг хариуцагчаас, ус зайлуулах насос 10 ширхэг, хамгаалалтын төмөр труба 696 метр, хомучик, Б цахилгаан хайрцаг 13 ширхэг зэргийг хариуцагч нараас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь агуулгын алдаатай буюу ”зэргийг” гэх байдлаар тодорхойгүй шийдвэр гаргаж, хамтран хариуцагч болон хариуцагч талаас тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн нь хариуцагч тус бүрээс давхардуулан гаргуулах агуулгатай. Өөрөөр хэлбэл, тодорхойгүй, агуулгын алдаатай байдлаар хэргийг шийдвэрлэсэн ба энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн явцад ноцтой үр дагавар үүсгэхээр байна.

Хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдааны үед нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага тодруулахыг хүсч аль хариуцагчид ямар шаардлагыг холбогдуулан гаргаж байгаа, ямар төрлийн болон нэг бүрийн шинж чанараар тодорхойлогдох эд хөрөнгө гаргуулахыг шаардаж байгаа талаар асуухад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй, нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байхад шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно. Иймд шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож гнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “ШЗБ” ХХК нь хариуцагч ГГСК” ХХК-д  холбогдуулан 2 ширхэг цахилгаан үүсгүүр /генератор/ гаргуулах, хариуцагч ГГСК” ХХК, “МПД” ХХК-ийн хууль бус эзэмшлээс ус зайлуулах насос /10 ширхэг/, хамгаалалтын төмөр труба /696 метр/, хомучик, Б цахилгааны хайрцаг /13 ширхэг/ зэрэг эд хөрөнгө гаргуулах, бусад эд хөрөнгийн үнэ нийт 18 193 560 төгрөгийг гаргуулахаар тус тус шаардсныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч “ШЗБ” ХХК нь хариуцагч “МПД” ХХК-ийн захиалгаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Олон Улсын санхүүгийн төвийн барилгын ажлыг гүйцэтгэхээр 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Шон суурийн ажлын гэрээ”, мөн “Тендерийн асуулгын хариу” гэх баримт бичгийг үйлдэж, талууд харилцан тохиролцсны дагуу гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн, тус барилгын талбайг 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр “МПД ХХК-ийн итгэмжлэлээр хариуцагч “ГГСТ” ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбар, талбай хүлээлцсэн баримт, хүлээлгэн өгсөн акт, Олон улсын худалдааны төв барилгын талбайд байгаа тоног төхөөрөмж хүлээлцэх акт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон /1 х.х-ийн 13, 128-129 дүгээр тал/, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

Харин 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1154/F20120531R дугаартай “Тендерийн асуулгын хариу” нэртэй баримт бичгийн “J” хэсэгт “арбитрын ажиллагаа явуулах газар нь Хонг Конг байхыг үүгээр баталгаажуулах шаардлагатай” гэж заан уг баримт бичгийг Шон суурийн ажлын гэрээний хавсралт А-д тусгаж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул талууд маргаанаа арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцсон буюу Арбитрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй боловч арбитрын харьяаллын маргаан, энэ талаар хэлэлцээртэй, уг хэргийг шүүх шийдвэрлэх ёсгүй гэж дүгнэхэд учир дутагдалтай. Учир нь талуудын хоорондох маргааны зүйл болох нэхэмжлэлд заасан тоног төхөөрөмжүүд нь талуудын хооронд байгуулагдсан шон суурийн ажил гүйцэтгэх гэрээ, уг гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотой талуудын эрх ашигт хамааралтай эд хөрөнгө байх боломжтой.

Талуудын хооронд байгуулагдсан шон суурийн ажил гүйцэтгэх гэрээ, уг гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар арбитрын маргаантай байгаа гэх тайлбарыг талууд гаргасан, уг асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тохиолдолд ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилгын талбай дах буюу уг талбайд суурилуулсан  тоног төхөөрөмжүүдийг хэний өмчлөлийн зүйл болохыг эцэслэн шийдвэрлэгдээгүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “тоног төхөөрөмжүүдийг худалдаж авсан” гэх тайлбар гаргаж байгааг өмчлөгч гэж үзэх, нөгөө талаар хариуцагч байгууллагуудын эзэмшлийг хууль бус гэж үзэхгүй юм.

Харин өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардаж байгаа нөхцөлд тухайн эд хөрөнгийг нэг бүрийн шинжээр нь боломжтой байдлаар тодорхойлох шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хууль болон гэрээний дагуу эзэмшилдээ байлгах эрхгүй нь нотлогдсон тохиолдолд хууль бус эзэмшил үүссэн гэж үзнэ.

Уг хэргийн талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзэхэд ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээний үр дүнд дээрх тоног төхөөрөмжүүд орсон, эсвэл ажил гүйцэтгэх гэрээний үр дүнд ороогүй гэх байдал тодорхойгүй байна.

Дээрх нөхцөл байдал эцэслэн шийдвэрлэгдээгүй тохиолдолд эдгээр тоног төхөөрөмж, эд зүйлсийг хариуцагч тал шууд болон гэрээний үндэслэлгүйгээр өөрийн эзэмшилд байлгаж байгааг эцэслэн дүгнэх боломжгүй. Уг нөхцөл байдлыг нотлох үүрэг нэхэмжлэл гаргаж, шаардаж байгаа талд хамаарна.

Иймд талуудын тайлбар, ажил гүйцэтгэх гэрээний маргаан шийдвэрлэгдээгүй зэрэг нөхцөл байдлаас хариуцагч нарын хууль бус эзэмшил нотлогдоогүй,  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “МПД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцааг дуусгавар болгох талаарх  маргаанаа шийдвэрлүүлж,  дээрх тоног төхөөрөмжийн өмчлөгч нь хэн болох, тухайн зүйлийг эзэмшилдээ байлгах эрхтэй эсэх нөхцөл байдал тогтоогдсоны дараа шаардлагатай гэж үзэж нэхэмжлэл гаргах эрхийг энэ шийдвэр хаагаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 181/ШШ2019/00075 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч ГГСК” ХХК-иас  2 ширхэг цахилгаан үүсгүүр /генератор/-ийг гаргуулах, хариуцагч ГГСК” ХХК, “МПД” ХХК-ийн хууль бус эзэмшлээс ус зайлуулах насос /10 ширхэг/, хамгаалалтын төмөр труба /696 метр/, хомучик, Б цахилгааны хайрцаг /13 ширхэг/ зэрэг эд хөрөнгө гаргуулах, бусад эд хөрөнгийн үнэ болох нийт 18 193 560 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “ШЗБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч “МПД” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 772 108 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                 ШҮҮГЧИД                                           Э.ЗОЛЗАЯА

                                                                                                            Д.БАЙГАЛМАА