Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2022/00050

 

“Ш З Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/00276 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 768 дугаар магадлалтай,

 

“Ш З Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Г Г С К” ХХК, “М П Д” ХХК нарт холбогдох

 

2 ширхэг цахилгаан үүсгүүр /генератор/-ийг хариуцагч “Г Г С К” ХХК-иас, ус зайлуулах насос 10 ширхэг, хамгаалалтын төмөр труба 696 метр, хомучик, Б цахилгааны хайрцаг 13 ширхэг зэргийг хоёр хариуцагчаас, 11 ширхэг ус зайлуулах насосны үнэ 6,516,928 төгрөг, 21 ширхэг насосны дагалдах хэрэгсэл материалын үнэ 398,378.44 төгрөг, аюулгүйн торны үнэ 978,852 төгрөг, Б цахилгааны хайрцаг 1 ширхэг, цахилгааны тоолуурын хамт үнэ 79,674 төгрөг, DN300*7 ган хоолой 230 метрийн үнэ 10,219,728 төгрөг нийт 18,193,560 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч “М П Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөр, хариуцагч “Г Г С К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амгалан нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхжаргал, О.Мөнхболд, хариуцагч “М П Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөр, хариуцагч “Г Г С К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/00276 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч М П Д ХХК-ийн хууль бус эзэмшлээс 2 ширхэг цахилгаан үүсгүүр /генератор/, 10 ширхэг ус зайлуулах насос, 696 метр хамгаалалтын төмөр труба, хомучик, 13 ширхэг Б цахилгааны хайрцагыг гаргуулж, нэхэмжлэгч Ш З Б ХХК-д олгож, хариуцагч Г Г С К ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага болон 11 ширхэг ус зайлуулах насос, 21 ширхэг насосын дагалдах хэрэгсэл, аюулгүйн тор, 1 ширхэг Б цахилгааны хайрцаг, 230 метр DN300*7 ган хоолойны үнэ 18,193,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 871,835 төгрөгөөс 319,118 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 552,717 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч М П Д ХХК-иас 70,200 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгч Ш З Б ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 768 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/00276 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч “М П Д” ХХК-ийн хууль бус эзэмшлээс 10 ширхэг ус зайлуулах насос, 696 метр хамгаалалтын төмөр труба, хомучик, 13 ширхэг Б цахилгааны хайрцагыг гаргуулж нэхэмжлэгч “Ш З Б” ХХК-д олгож, хариуцагч “Г Г С К” ХХК-ийн хууль бус эзэмшлээс 2 ширхэг цахилгаан үүсгүүр /генератор/ гаргуулж нэхэмжлэгч “Ш З Б” ХХК-д олгож, нэхэмжлэгч нараас 11 ширхэг ус зайлуулах насос, 21 ширхэг насосын дагалдах хэрэгсэл, аюулгүйн тор, 1 ширхэг Б цахилгааны хайрцаг, 230 метр DN300*7 ган хоолойны үнэ 18 193 560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн, найруулж, 2 дахь заалтын мөн хариуцагч “М П Д” ХХК-иас 70 200 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгч “Ш З Б” ХХК-д олгосугай гэснийг ... мөн хариуцагч “М П Д” ХХК-иас 70 200 төгрөг, “Г Г С К” ХХК-аас 70 200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ш З Б” ХХК-д олгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 772 108 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Хариуцагч “М П Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөр хяналтын гомдолдоо: ...Шийдвэр болон магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэхээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Гомдлын үндэслэл: А. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хүулийг хэрэглээгүй бөгөөд хүулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн: Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...Мөн Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “арбитрын хэлэлцээртэй боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд аль нэг тал тайлбар гаргахаасаа өмнө уг маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бол аль нэг талын хүсэлтээр арбитрын хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус эсхүл биелүүлэх боломжгүй гэж үзсэнээс бусад тохиолдолд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох”-оор заасан. Нэхэмжлэгч Ш З Б ХХК нь Монгол улсын шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагч М П Д ХХК, Г Г С К ХХК нь нэхэмжлэлийг гардаж авч хэргийн талаар тайлбар гаргаж мэтгэлцсэн байх тул хариуцагч нарын арбитраар шийдвэрлүүлнэ гэх тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болно” хэмээн илтэд үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Хамтран хариуцагч нь анх нэхэмжлэлийг гардаж аваад арбитрын харьяаллын талаар үндэслэлээ тайлбарлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтээ гаргаж байсан бөгөөд нэхэмжлэлийн үндсэн үйл баримтын талаар тайлбар гаргаж байгаагүй болно. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн, арбитрын хэлэлцээр байгааг хүлээн зөвшөөрч үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч ИХШХШТХ-ийн 13 дугаар зүйлийн 13.2, 65 дугаар зүйлийн 65.1.1 болон 117 дугаар зүйлд заасан нэхэмжлэгч хэргийн харьяалал зөрчсөн нь иргэний хэрэг үүсгэснээс хойш, шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалтыг огт анхаарч үзсэнгүй. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...Энэ үеэс эхлэн нэхэмжлэгчээр хариуцагч нь дээрх барилгын ажлыг гүйцэтгүүлээгүй тул талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу цуцалсан гэж үзнэ...”, “...гэрээг цуцалсан үеэс маргааны зүйл болох барилгын тоног төхөөрөмжүүдийг хариуцагч нар эзэмших эрхгүй...хариуцагчийн эзэмшил хууль бус болно” хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Хэрэгт авагдсан талбай хүлээлцсэн баримт (хх13 дахь нүүр) болон хүлээлгэн өгсөн акт (хх123 дахь нүүр) зэрэг нотлох баримтыг харахад нэхэмжлэгч нь барилгын шон суурь, газар шорооны ажлыг хийж гүйцэтгэн хамтран хариуцагч М П Д ХХК-ийн даалгасны дагуу дараагийн шатны ажил гүйцэтгэгч болох Г Г С К ХХК-д барилгын талбайг хүлээлгэн өгсөн болох нь тодорхой байдаг бөгөөд гэрээг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу цуцалсан гэж дүгнэх нь үндэслэлгүй юм. Б. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох Шон суурийн ажлын гэрээ болон Газар шорооны ажлын гэрээ, тэдгээрийн хавсралтуудыг хэрэгт хамааралтай, үнэн зөв талаас нь үнэлээгүй. Анхан шатны шүүх хэдийгээр талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн, арбитрын хэлэлцээр байгааг хүлээн зөвшөөрсөн боловч тоног төхөөрөмж, эд зүйл гаргуулах маргаан нь арбитрын хэлэлцээрт хамааралгүй гэсэн алдаатай дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа талуудын хооронд гэрээ байгуулагдсан талаар, нэхэмжилж буй тоног төхөөрөмжийг Шон суурийн болон Газар шорооны ажлын гэрээгээр харилцан тохиролцсон ажлыг гүйцэтгэх зорилгоор барилгын талбайд авчирсан талаар, ажлыг бүрэн гүйцэтгэж дууссан тул дараагийн шатны ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгч болох хариуцагч талд дээрх тоног төхөөрөмжийг барилгын талбайтай хамт хүлээлгэн өгсөн талаар тодорхой дурдсан. Барилгын талбайд хэрэглэгдэх тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч тал нийлүүлэх талаар (Тендерийн асуулга-2, D(ii) заалт, хх 164 дэх нүүр), тухайн тоног төхөөрөмжийн үнэ нь гэрээний нийт үнэнд орсон талаар газар шорооны ажлын гэрээний (хх166 дахь нүүр) зохицуулалтад анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. Шон суурийн ажлын гэрээ болон газар шорооны ажлын гэрээний дагуу нэхэмжлэгчээс нийлүүлсэн эд зүйлс нь тухайн гэрээний үнэд багтсан эсэх, өмчлөл нь гэрээний дагуу шилжсэн эсэх, нэхэмжлэгчид буцаан шаардах эрхтэй эсэх талаар аливаа маргааныг шийдвэрлэхийн тул талуудын хооронд байгуулсан гэрээний тохиролцоо, зохицуулалтыг зайлшгүй харах шаардлагатай ба энэхүү маргаанаа талууд арбитраар харьяалуулан шийдвэрлүүлэхээр арбитрын хэлэлцээр хийсэн бөгөөд Арбитрын хэлэлцээрийн хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй. Гомдлын шаардлага: Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзсэний үндсэн дээр шийдвэр болон магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгуй болгохоор хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч “Г Г С К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амгалан хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй гэх үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: 1. 2016.01.16-ны өдөр Ш З Б ХХК нь М П Д ХХК-тай байгуулсан гэрээний ажлыг дуусгаж барилгын ажлын талбайг дараагийн гүйцэтгэгч болох манай компанид хүлээлгэн өгөхдөө талбай, барилга дээр суурилагдсан барилгын үндсэн ажилд хэрэглэгдэх, салшгүй хэсэг болох ажил дуустал ашиглагдах тоног төхөөрөмжүүдийг жагсаалтаар хүлээлгэж өгсөн бөгөөд эдгээр тоног төхөөрмж нь /ус зайлуулах насос/ цахилгаан утас, электрон төхөөрөмж, суурь, буцах хавхагын хамт, цахилгаан үүсгүүр, цахилгаан шит 1-р зэрэг /иж бүрдэл/, 2-р зэргийн цахилгаан шит хамгаалалтын төмөр, Ди Эн 300x7 ган хоолой, цахилгаан тоолуурын заалт/ хариуцагч М П Д ХХК-ийн өмчлөлд байх ёстой эд зүйлс болох нь нэхэмжлэгч болон хариуцагч М П Д ХХК нарын хооронд байгуулсан гэрээгээр нотлогдсоор байхад шүүх буруу дүгнэсэн. 2. Арбитрын тухай хуулийн дагуу хамтран хариуцагч хэргийн харьяалал биш гэж маргасан тул шүүх нэхэмжлэлийг Арбитрын харьяалаар нь шийдвэрлүүлэхээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байсан. Учир нь Газар шорооны ажлын гэрээний үндсэн нөхцөлийг тусгасан сонгон шалгаруулалтын баримт бичигт нэхэмжлэгч болон хамтран хариуцагч нарын хооронд аливаа маргаан гарсан тохиолдолд талууд маргаанаа Монгол Улсын хуулийг баримтлан БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс болох Хонг Конг дахь арбитраар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцож арбитрын хэлцэл хийсэн байна. Нэгэнт талууд, аливаа маргаанаа арбитраар харьяалуулан шийдвэрлүүлэхээр хэлэлцэн тохиролцож арбитрын хэлцэл хийсэн тул нэхэмжлэгч нь Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.3 дахь заалтууд буюу хэргийн харьяаллыг зөрчин нэхэмжлэл гаргасан байсан. Үүнийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байсан. 3. Мөн хариуцагч, нэхэмжлэгчийн хоорондын актанд дурдсан аливаа эд хөрөнгө нь газар шорооны ажлын гэрээний дагуу үнэ нь төлөгдсөн гэрээний зүйл, хамтран хариуцагчийн шударга эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө болох нь хамтран хариуцагчийн тайлбар, гэрээний нөхцөлөөр нотлогдсон бөгөөд хамтран хариуцагчийн даалгасны дагуу нэхэмжлэгч манай компанид хүлээлгэн өгсөн. Иймээс, төслийн талбай дээр одоо байгаа тэдгээр эд хөрөнгө нь хамтран хариуцагчийн өмчлөлийн хөрөнгө болох нь тодорхой байхад нэхэмжлэлийг хангасанд гомдолтой байна. 4. Манай компани хамтран хариуцагчийн эд хөрөнгийг Ш З Б ХХК-с талбайг хүлээлцэх ажлын хүрээнд шилжүүлэн авсан бөгөөд, энэ нь уг маргаж буй эд хөрөнгө “нэхэмжлэгчийн эд хөрөнгө” гэх нотолгоо биш юм. Иймд манай компани энэ хэргийн хариуцагч биш бөгөөд маргагч талууд маргаан гарвал Хонгконгийн Арбитраар шийдвэрлүүлэхээр тохиролцсон, хуульд заасан энэ нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэж шийдвэрээ гаргах ёстой байсан. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэхээр хяналтын гомдол гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхив.

 

6. Нэхэмжлэгч “Ш З Б ХХК нь 2 ширхэг цахилгаан үүсгүүр /генератор/-ийг хариуцагч “Г Г С К” ХХК-иас, хоёр хариуцагч буюу “М П Д” ХХК, “Г Г С К” ХХК-иас ус зайлуулах насос 10 ширхэг, хамгаалалтын төмөр труба 696 метр, хомучик, Б цахилгааны хайрцаг 13 ширхэг гэх эд хөрөнгийг болон 11 ширхэг ус зайлуулах насосны үнэ 6,516,928 төгрөг, 21 ширхэг насосны дагалдах хэрэгсэл материалын үнэ 398,378.44 төгрөг, аюулгүйн торны үнэ 978,852 төгрөг, Б цахилгааны хайрцаг 1 ширхэг, цахилгааны тоолуурын үнэ 79,674 төгрөг, DN300*7 ган хоолой 230м үнэ 10,219,728 төгрөг нийт 18,193,560 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар хэргийн харьяалал, эд хөрөнгийн өмчлөх эрхийг маргаж, мэтгэлцсэн байна.

 

7.Анхан шатны шүүх хариуцагч “М П Д” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагч “Г Г С К” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагч “Г Г С К” ХХК-иас 2 ширхэг цахилгаан үүсгүүр /генератор/-ийг, хариуцагч “М П Д” ХХК-ийн хууль бус эзэмшлээс ус зайлуулах насос 10 ширхэг, хамгаалалтын төмөр труба 696 метр, хомучик, 13 ширхэг Б цахилгааны хайрцагийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгон, үлдэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 

8. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

 

9. “Ш З Б” ХХК нь 2013.05.13-ны өдөр “М П Д” ХХК-тай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Олон Улсын санхүүгийн төвийн барилгын ажлын газар шорооны болон хамгаалах шон суурь, хавтан, хөрсний ус зайлуулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээний дагуу ажлаа гүйцэтгэж байгаад 2016.01.16-ны өдөр талбай хүлээлцэх бичгээр талбай дээрх усны насос иж бүрдлийн хамт 21 ширхэг, барилгын шат, цахилгаан үүсгүүр 2 ширхэг, 1 дүгээр зэргийн цахилгаан шит иж бүрдлийн хамт, 2 дугаар зэргийн цахилгаан шит иж бүрдлийн хамт 14 ширхэг, DN300*7 залгаасгүй төмөр хоолой, цахилгаан тоолуур зэрэг тоног төхөөрөмжийг “М П Д” ХХК-ийн даалгаснаар “Г Г С К” ХХК-д акт үйлдэж, хүлээлгэн өгсөн, цаашид ажиллахгүй болсон тул эдгээр хөрөнгөө гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ. /128-133/

10. Дээрх ажил гүйцэтгэх гэрээ, уг гэрээний хавсралт болох Тендерийн асуулга 17R-ын J хэсэгт талуудын хооронд маргаан гарсан тохиолдолд Монгол улсын хуулийг баримтлан БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс болох Хонг Конг дах арбитраар маргааныг шийдвэрлүүлэхээр тохирсон боловч энэ маргаан нь гэрээний харилцаанд хамаараагүй, гэрээ дуусгавар болсон тул хариуцагч нарын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардсан агуулгатай тул хэргийн харьяаллын талаарх хариуцагч нарын гомдол үндэслэл муутай байна. Улмаар ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой гэж үзсэн ч Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт арбитрын хэлэлцээртэй боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд аль нэг тал тайлбар гаргахаасаа өмнө уг маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бол аль нэг талын хүсэлтээр арбитрын хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус эсхүл биелүүлэх боломжгүй гэж үзсэнээс бусад тохиолдолд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгохоор заасан байдаг тул гэрээний нэг тал буюу хариуцагч “М П Д” ХХК нэхэмжлэлд тайлбар гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, хэргийг шүүхийн харьяаллынх гэж үзсэн шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

 

11. Нэхэмжлэгч “Ш З Б” ХХК ӨМӨЗО-ын Олон улсын Эдийн засаг, технологийн хамтарсан компанийн Эрээн хот дах салбараас 2013.06.02-ны өдөр DONG FENG KANG MING SI төрлийн TFW2-20, 200KW маркийн 2 ширхэг цахилгаан үүсгүүрийг, 2 ширхэг усны насос, 14 ширхэг ус зайлуулах насос худалдаж авсан нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, бараа материал захиалах гэрээ, захиалсан бараа материалын жагсаал, компанийн санхүүгийн тайлан зэрэг баримтаар тогтоогдсон, гэрээ дуусгавар болсон тул эдгээр хөрөнгийг мэдэлдээ байлгаж буй хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны гэж үзэх боломжгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

 

Хуульд зааснаар өмчлөгч өөрийн эд хөрөнгийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. /хх-93-96, 66-68, 155-168/

 

Түүнчлэн 2016.01.16-ны өдрийн “барилгын талбай хүлээлцэх акт” гэх бичгийн баримтад “...барилгын талбайд байгаа эд зүйлийг тоолон өгч, ...хариуцсан эд хогшлыг үрэгдүүлж гээхгүй байх, хэрэв гэмтээсэн, үрэгдүүлсэн, гээсэн бол зах зээлийн үнээр үнийг нь төлөх” үүргийг “М П Д” ХХК-ийн төлөөлөгч “Г Г С К” ХХК хүлээснээс үзэхэд хариуцагчийн өмч гэж үзэх үндэслэлгүй болохоос гадна хариуцагч нар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авсан буюу  эзэмшлээ хууль болон гэрээний үндсэн дээр үүссэн болохыг нотлоогүй талаарх шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурлажээ. /хх-12,13/

 

12. Хариуцагч “М П Д” ХХК маргааны зүйл болох барилгын тоног төхөөрөмж гэрээний үнэд орсон нь гэрээний хавсралт Тендерийн асуулга 17R-ийн C хэсгийн 2-т “...үйлдвэр, тоног төхөөрөмж...” гэж тусгаснаар, тендерийн асуулга 30-ийн B хэсэгт ажилд ашиглагдах генераторыг барилгын талбайд авчирснаар гэрээний үнийн дүнгийн 12.5 хувь буюу 606,250 ам.доллар төлнө гэж зааснаар тогтоогдсон гэж нэхэмжлэлийн зүйлийг өөрийн өмчлөлийн эд хөрөнгө гэж маргасан боловч гэрээний эдгээр заалт нь түүний өмчлөх эрхийг нотолсон агуулгагүй, шүүхийн дүгнэлт гэрээг тайлбарлах хуульд заасан журмыг зөрчөөгүй, энэ талаарх хариуцагчийн татгалзал, хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 768 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “М П Д” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 772,108 төгрөг, хариуцагч “Г Г С К” ХХК-иас төлсөн 772,108 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ

                 ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД