Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 00596

 

М.С-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/00214 дугаар шийдвэртэй,            

Нэхэмжлэгч М.С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Ү, Б.А, Я.Т нарт холбогдох

М.С, Я.Т болон Я.Т, Б.А нарын хооронд тус тус байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хариуцагч Б.Ү-д газрын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч Б.Ү-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.                

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмөөлөгч Д.Д, П.Б, хариуцагч Б.Ү-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.М, хариуцагч Б.А-ын өмгөөлөгч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж, 0 тоотод байрлах 678.99 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээнд зориулан 2004 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хууль ёсоор өмчилж авсан. Улмаар танил Д.Эрдэнэчулуунаар дамжуулан 2006 оны 5 дугаар сарын дундуур БНСУ-ын иргэн Ли Санг Намд тухайн газрыг худалдахаар тохирсон. Удалгүй Д.Эрдэнэчулуун, Ли Санг Нам нар Я.Т-ийг дагуулж ирээд надтай газар өмчлөх эрх шилжүүлэх бэлэглэлийн гэрээ хийж, Солонгос улсын иргэн Ли Санг Нам газрын үнэ 21 000 000 төгрөгийг бэлнээр өгч надаар мөнгө хүлээн авсан гэж гарын үсэг зуруулж авсан. Гэтэл 2014 оны хавар намайг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс дуудаж газар шилжүүлсэн асуудлын талаар байцаалт авсан. Тухайн үед Б.Ү Солонгос улсын иргэн Ли Санг Намын надаас худалдаж авсан газрыг өөрийн нэр дээр болгосны дараа буцааж өгөлгүй залилан мэхэлсэн талаар асуухад би үйл явдлыг үнэнээр нь мэдүүлсэн. Улмаар 2015 оны 11 дүгээр сарын эхээр Баянзүрх дүүргийн шүүхээс намайг дуудахад Солонгос улсын иргэн Ли Санг Нам хариуцагч Б.Ү-гаас газраа авахын тулд газартай холбоотой бүх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэл гаргасныг миний бие дэмжиж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр шүүхийн ажиллагаанд оролцсон. Анхны шүүх хурал 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр болж Ли Санг Намын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцаасан бөгөөд магадлалыг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улсын дээд шүүхийн тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Ингээд анхан шатны шүүх хэргийг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр дахин хэлэлцэж Ли Санг Намын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.

Шүүх гадаад улсын иргэн газар өмчлөх эрхгүй, газар өмчлөх эрх шилжүүлсэн болон М.С, Я.Т нар бие даасан шаардлага гаргаагүй учир нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэдэг дүгнэлтийг өгсөн. Миний бие 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Солонгос улсын иргэн Ли Санг Намд газраа худалдсан бөгөөд тухайн үед гадаад улсын иргэнд газар өмчлөх эрх шилжүүлэх боломжгүй учир Монгол улсын иргэн Я.Ттэй газар өмчлөх эрх шилжүүлэх гэрээг дүр үзүүлэн байгуулсан. Надтай газар өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулж байсан Я.Т тухайн газрыг асуудалгүй Ли Санг Намын нэрлэсэн дараагийн хүнд шилжүүлэх итгэмжлэлийг хийж өгч байсан. Гэтэл Б.Ү миний газрын өмчлөгч болсныг шүүхийн ажиллагааны явцад мэдсэн. Ингээд би 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Үд холбогдуулан нэхэмжлэл гаргасны дагуу 3 шатны шүүх миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ гэрээний нэг тал Я.Т-т холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй, шүүх гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй гэдэг үндэслэлийг заажээ. Дээрх маргаанд БНСУ-ын иргэн Ли Санг Нам нь надаас 21 000 000 төгрөгөө нэхэмжилж бие даасан шаардлага гаргаж маргалдсан бөгөөд миний бие газар ч үгүй мөнгө ч үгүй болох нөхцөл байдал үүсээд байна.

Иймд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж 0 тоотод байрлах 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн М.С  Я.Т нарын хооронд 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хэлцлийн үндсэн дээр 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Я.Т, Б.А нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдсон 2 гэрээний үндсэн дээр Б.Ү нь Б.А-аас 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлэн авсан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж, 0 тоотод байрлах 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.2, 494 дүгээр зүйлд зааснаар М.С-т буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.А шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Я.Т-тэй, 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б.Ү-тай байгуулсан бэлэглэлийн гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн, хууль ёсны дагуу хийгдсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч М.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. Мөн өмнө нь энэхүү асуудлаар үүссэн 2 иргэний хэрэгт хоёр ч удаа гуравдагч этгээдээр оролцож тайлбар өгсөн бөгөөд нэгэнт шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн гэж ойлгож байна. Дээрх гэрээнүүд нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж, 0 тоот, 678.99 м.кв газрыг Б.Ү-гийн өмчлөлд шилжүүлэх зорилгоор хийсэн хүчин төгөлдөр хэлцэл болохыг үүгээр тайлбарлаж буйг хүлээн авна уу гэжээ.

Хариуцагч Я.Т шүүхэд гаргасан тайлбартаа: 2006 оны 5 дугаар сарын 17-нд иргэн М.С ын эзэмшилд байсан 678.99 м.кв газрыг Солонгос улсын иргэн Ли Санг Нам нь худалдан авахаар тохиролцож Солонгос улсын иргэн газар эзэмших эрх байхгүй гэсэн хуулийн заалтаар тус газрыг миний нэр дээр авахаар болж, Ли Санг Нам худалдан авсан бөгөөд энэ асуудал ямар нэг ашиг сонирхлын асуудалгүй таньдаг хүний хувьд би зүгээр л тусалсан юм. Өөрийн нэр дээр гарсан газрын гэрчилгээг би хараагүй. Ли Санг Намд бүх бичиг баримт хадгалагдаж байсан. Харин миний энэ асуудал гарахаас өмнө солонгос улсад очиж ажиллах визийн мэдүүлгийн хариу гарч солонгос улс явах болсон тул Ли Санг Намд хэлсэн. Намайг Солонгос улсад байхад нөгөө газар дээрээ удахгүй барилга барьж өөр компанид гэрээний дагуу шилжүүлж магадгүй боллоо. Манай менежер Б.Ү-д итгэмжлэл хийж өгөөч гэхээр нь БНСУ-ын Сөүл хотын МУ-ын Элчин Сайдын Консулд хандаж 2008 оны 11 дүгээр сарын 17-нд итгэмжлэл хийж шилжүүлж өгсөн. Тухайн үед итгэмжлэл хийхэд Ли Санг Нам ганцаараа Солонгос улсад ирсэн байгаа гэж миний иргэний үнэмлэхний хуулбарыг барьж ирсэн ангийн хүүхдээс сонссон. Миний энэ итгэмжлэл хийж өгсөн нь Б.Үд үнэн санаанаасаа өгч байгаа биш, Ли Санг Намын хүсэлтийн дагуу газар өмчлөгч нь Монголд байх шаардлагатай болоод Б.Ү-д итгэмжлэл хийж өгсөн. Миний хувьд өөрийн санаачилгаар М.С аас газар авахаар гэрээ, хэлцэл байгуулсан асуудал байхгүй. Урьд нь энэ талаар цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч, шүүхэд тайлбар бичиж байсан. Цагдаа шүүхэд дуудагдаад байх нь гэр бүлийн маргаан үл ойлголцолд хүргээд байна. Мөн ажилтай учир байнга дуудагдаад байх нь ажлын хамт олны дотор миний нэр хүндэд ч хортой, дуудах тоолонд нь очих боломжгүй. Намайг Солонгос улсад байхад дүү Б.А-д тус газрыг шилжүүлсэн бичигт миний гарын үсгийг зурсан явдал нь ойлгомжгүй. Би 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Б.А-тай уулзаагүй, танихгүй, бэлэглэлийн гэрээ байгуулаагүй, би тэр үед Солонгос улсад байсан. Миний бие М.С-аас газар шилжүүлж авсан нь гэрээний дагуу үүрэг үүсээгүй, чин санаа байгаагүй тул хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Б.Ү-гийн төлөөлөгч У.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.С  нь “М.С , Я.Т нарын хооронд 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж, 0 тоотод байрлах 678.99 мкв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, мөн Я.Т, Б.А нарын хооронд 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, Б.Ү, Б.А нарын хооронд 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. М.С-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг урьд нь БНСУ-ын иргэн Ли Санг Нам хариуцагч Б.Үд холбогдуулан гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд М.С нэхэмжлэгч Ли Санг Намын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон болно. Нэхэмжлэгч М.С хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар дурдан нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Тодруулбал, нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/01043 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1157 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ХТ2017/01062 дугаар тогтоолоор хэвээр үлдээн шийдвэрлэснээр хуулийн хүчин төгөлдөр болсон. Мөн М.С-ын 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Б.Үд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 101/ШШ2018/00530 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 917 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 001/ХТ2018/01386 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Иймд М.С хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж 0 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2204000412 дугаарт бүртгэгдсэн 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч М.С хариуцагч Я.Т нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч Я.Т, Б.А нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч Б.Ү-д Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж 0 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2204000412 дугаарт бүртгэгдсэн 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгч М.С-т шилжүүлэхийг даалгаж,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Т, Б.А, Б.Ү нараас 788 850 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.С-т 140 400 төгрөг олгож, үлдэх 648 450 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Ү-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.М давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шударгаар шийдвэрлээгүй, нэхэмжлэгч талыг илт хамгаалсан байр сууринаас хандаж, хуульд нийцээгүй дүгнэлтүүд хийсэнд гомдолтой байгаа бөгөөд хэргийг бүхэлд нь хянан үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Тухайн нэхэмжлэлийн шаардлагатай буюу Б.Ү-д холбогдох хэргийг анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр тус тус хоёр ч удаа шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр үйл баримт, нотлох баримтуудыг өмнө нь дүгнэсэн байтал тэдгээрт дахин дүгнэлт хийж, холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн. Энэ иргэний хэрэг үүсгэсэн асуудлаар буюу ижил шаардлага бүхий нэхэмжлэлийг М.С нь Б.Ү-д холбогдуулан гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Я.Т, Б.А нарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр, Ли Санг Намыг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулсан юм. Нэхэмжлэлийг М.С 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан бөгөөд энэ нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 101/ШШ2018/00530 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 917 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 001/ХТ2018/01386 дугаар тогтоолоос харагдана. Эдгээр хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолоор М.С, Б.Ү, Я.Т, Б.А нарт холбоотой газар өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг шийдвэрлэсэн юм. Дээрхээс үзвэл шүүх өмнө нь шийдэгдсэн асуудлаар 2 дах удаагаа шийдвэр гаргаад байна.

Шүүгч хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээс гадна Улсын дээд шүүхийн тогтоолын дүгнэлтийг эрс үгүйсгэсэнд гомдолтой байна. Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 001/ХТ2018/01386 дугаар тогтоолд “М.С  нь...2006 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээний талаар шүүхэд нэхэмжлэл гаргах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна", мөн "...Ли Санг Намын шаардлагыг хэрэгсэхгүй болгосноор нэхэмжлэгч М.С худалдсан эд зүйлийн үнийг буцааж төлөх үүрэггүй,...нэхэмжлэгч М.С-ын эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэл байхгүй" гэж дүгнэсэн байтал анхан шатны шүүгч "...21 сая төгрөгийг Улсын дээд шүүхийн тогтоол гарсны дараа төлсөн...” гэх тайлбар хийж, хөөн хэлэлцэх хугацаа энэ үеэс эхэлж байгаа гэсэн нь хууль зүйн дүгнэлт биш, шүүгчийн хууль бус үзэмжээрээ хийсэн дүгнэлт гэж үзэж байна. Шүүгч эрх зүйн харилцаа хэрхэн үүсч, дуусгавар болдог талаар зөв дүгнэлт хийгээгүй.

Шүүгч нэхэмжлэгч М.С, Ли Санг Нам, хариуцагч Я.Т нарын ашиг сонирхол нэг гэдгийг анхаарсангүй, улсын тэмдэгтийн хураамжийг хууль бусаар тооцож, хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн, урьдчилан төлөөгүй байтал түүний дутуу төлөлтийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна. Маргаан бүхий хэлцэл, мөн тэдгээрт оролцсон этгээдүүдийн хүсэл зоригийн талаар өмнө нь шүүх хууль зүйн дүгнэлт хийсэн хүчин төгөлдөр шийдвэртэй бөгөөд энэ талаар шүүгч өөрийнхөөрөө дахин дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч М.С нь хариуцагч Б.Ү, Б.А, Я.Т нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж 0 тоотод байрлах 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн М.С , Я.Т нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, хариуцагч Я.Т, Б.А нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Б.Ү-д газрын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Я.Т хүлээн зөвшөөрч, хариуцагч Б.Ү, Б.А нар эс зөвшөөрч маргажээ.

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж, 0 тоотод байрлах 678.99 м.кв газрын өмчлөгч М.С, С.Эрдэнэцэцэг, С.Баярмаа, С.Соёлмаа, С.Баярмагнай, С.Янжмаа, Б.Чимэдлхам нар газрын өмчлөх эрхээ 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр Я.Т-т шилжүүлсэн, дараа нь Я.Т-ийн 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр олгосон итгэмжлэлээр Б.Ү нь 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, өмчлөх эрхээ Б.А-д, Б.А нь 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр газар өмчлөх эрхийг Б.Ү-д тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /1 х.х-ийн 9-20 дугаар тал/

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 101/ШШ2018/00530 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Ү-д холбогдох Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж 0 тоотод байрлах 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдөр М.С , Я.Т нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Я.Т, Б.А нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, Б.Ү, Б.А нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийг гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч М.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 917 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 001/ХТ2018/01386 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /1 х.х-ийн 101-122 дугаар тал/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин нотлохгүй.

Харин нэхэмжлэгч М.С нь дээрх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаа гэрээний нэг тал биш Б.Ү-д холбогдуулан гаргасан бөгөөд Б.А, Я.Т нар уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон байх тул тухайн үед энэ хэргийн хариуцагч болох Б.А, Я.Т нарт холбогдуулан шаардлага гаргаагүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.Ү-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч Я.Т, Б.А нарт холбогдуулсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэхгүй. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дах хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэх эрх шүүхэд байхгүй болно.

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж, 0 тоотод байрлах 678.99 м.кв газраа БНСУ-ын иргэн болох Ли Санг Намд зарахын тулд 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хариуцагч Я.Т-тэй байгуулсан бөгөөд дээрх шүүхийн шийдвэрүүдээр маргааны үйл баримт тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагч Я.Т-тэй байгуулсан бэлэглэлийн гэрээгээр үл хөдлөх хөрөнгө болох газрыг шилжүүлэх зорилгогүй, өөр хэлцлийг халхавчлах зорилготой байсан болох нь тогтоогдсон учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн газар, газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгч М.С нь буцаан шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэгч М.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв.

2006 оны 5 дугаар сарын 17-ны өдөр М.С, Я.Т нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээний дагуу газрын өмчлөх эрхийг шилжүүлж, төлбөрт 21 000 000 төгрөгийг БНСУ-ын иргэн Ли Санг Нам нь нэхэмжлэгч М.С-т төлсөн бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч М.С  нь БНСУ-ын иргэн Ли Санг Намд 21 000 000 төгрөгийг төлсөн болох нь талуудын тайлбар, мөнгө хүлээлгэж өгсөн баримтаар тогтоогдож байна. /1 х.х-ийн 197-198 дугаар тал/

Тиймээс хариуцагч Б.Ү-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан бэлэглэлийн гэрээний нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбарын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Учир нь М.С-ын хувьд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 101/ШШ2018/00530 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 917 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 001/ХТ2018/01386 дугаар тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл уг нэхэмжлэлийг гаргах буюу өөрийнх нь эрх ашиг зөрчигдсөнийг мэдэх боломжгүй байжээ.

Иймд маргаан бүхий  678.99 м.кв газар өмчлөх эрхийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авсан хариуцагч Б.Ү-г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

Нэхэмжлэгч М.С  өмнө нь хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа гэрээний нэг тал биш Б.Ү-д холбогдуулан гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, гэрээний нэг тал болох Б.А, Я.Т нарт холбогдуулан шаардлага гаргаагүй байх тул энэ талаар гаргасан хариуцагч Б.Ү-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Ү-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/00214 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Ү-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ү-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 788 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                 ШҮҮГЧИД                                           Н.БАТЗОРИГ  

                                                                                                              Д.БАЙГАЛМАА