Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2020/00130

 

 М.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/00214 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 596 дугаар магадлалтай,

М.Сын нэхэмжлэлтэй,

Б.Ү, Б.А, Я.Т нарт холбогдох,

2006 оны 05 дугаар сарын 17, 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, дээрх гэрээний үндсэн дээр 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан газар өмчлөх эрхийг М.Ст шилжүүлэхийг Б.Үд даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Үгийн өмгөөлөгч У.Мөнхбат, хариуцагч Б.Аын өмгөөлөгч Ц.Одончимэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Баярмагнай, хариуцагч Б.Үгийн өмгөөлөгч У.Мөнхбат, хариуцагч Б.Аын өмгөөлөгч Ц.Одончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.С нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж, 0 тоотод байрлах 678.99 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээнд зориулан 2004 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хууль ёсоор өмчилж авсан. Улмаар танил Д.Эрдэнэчулуунаар дамжуулан 2006 оны 5 дугаар сарын дундуур БНСУ-ын иргэн Ли Санг Намд тухайн газрыг худалдахаар тохирсон. Удалгүй Д.Эрдэнэчулуун, Ли Санг Нам нар Я.Тийг дагуулж ирээд газар өмчлөх эрх шилжүүлэх бэлэглэлийн гэрээ хийж, Солонгос улсын иргэн Ли Санг Нам газрын үнэ 21 000 000 төгрөгийг бэлнээр өгч мөнгө хүлээн авсан гэж гарын үсэг зуруулж авсан. Гэтэл 2014 оны хавар Сайнбаярыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс дуудаж газар шилжүүлсэн асуудлын талаар байцаалт авсан. Тухайн үед Б.Ү нь Солонгос улсын иргэн Ли Санг Намын худалдаж авсан газрыг өөрийн нэр дээр болгосны дараа буцааж өгөлгүй залилан мэхэлсэн талаар асуухад Сайнбаяр үйл явдлыг үнэнээр нь мэдүүлсэн. Улмаар 2015 оны 11 дүгээр сарын эхээр Баянзүрх дүүргийн шүүхээс дуудахад Солонгос улсын иргэн Ли Санг Нам хариуцагч Б.Үгаас газраа авахын тулд газартай холбоотой бүх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэл гаргасныг дэмжиж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр шүүхийн ажиллагаанд оролцсон. Анхны шүүх хурал 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр болж Ли Санг Намын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцаасан бөгөөд магадлалыг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улсын дээд шүүхийн тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Ингээд анхан шатны шүүх хэргийг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр дахин хэлэлцэж Ли Санг Намын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.

Шүүх гадаад улсын иргэн газар өмчлөх эрхгүй, газар өмчлөх эрх шилжүүлсэн болон М.С, Я.Т нар бие даасан шаардлага гаргаагүй учир нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэдэг дүгнэлтийг өгсөн. Миний бие 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Солонгос улсын иргэн Ли Санг Намд газраа худалдсан бөгөөд тухайн үед гадаад улсын иргэнд газар өмчлөх эрх шилжүүлэх боломжгүй учир Монгол улсын иргэн Я.Ттэй газар өмчлөх эрх шилжүүлэх гэрээг дүр үзүүлэн байгуулсан. Надтай газар өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулж байсан Я.Т тухайн газрыг асуудалгүй Ли Санг Намын нэрлэсэн дараагийн хүнд шилжүүлэх итгэмжлэлийг хийж өгч байсан. Гэтэл Б.Ү миний газрын өмчлөгч болсныг шүүхийн ажиллагааны явцад мэдсэн. Ингээд би 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Үд холбогдуулан нэхэмжлэл гаргасны дагуу 3 шатны шүүх миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ гэрээний нэг тал Я.Тт холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй, шүүх гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй гэдэг үндэслэлийг заажээ. Дээрх маргаанд БНСУ-ын иргэн Ли Санг Нам нь надаас 21 000 000 төгрөгөө нэхэмжилж бие даасан шаардлага гаргаж маргалдсан бөгөөд миний бие газар ч үгүй мөнгө ч үгүй болох нөхцөл байдал үүсээд байна.

Иймд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж 0 тоотод байрлах 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн М.С Я.Т нарын хооронд 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хэлцлийн үндсэн дээр 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Я.Т, Б.А нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдсон 2 гэрээний үндсэн дээр Б.Ү нь Б.Ааас 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлэн авсан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж, 0 тоотод байрлах 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.2, 494 дүгээр зүйлд зааснаар М.Ст буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Я.Ттэй, 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б.Үтай байгуулсан бэлэглэлийн гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн, хууль ёсны дагуу хийгдсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч М.Сын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. Мөн өмнө нь энэхүү асуудлаар үүссэн 2 иргэний хэрэгт хоёр ч удаа гуравдагч этгээдээр оролцож тайлбар өгсөн бөгөөд нэгэнт шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн гэж ойлгож байна. Дээрх гэрээнүүд нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж, 0 тоот, 678.99 м.кв газрыг Б.Үгийн өмчлөлд шилжүүлэх зорилгоор хийсэн хүчин төгөлдөр хэлцэл болохыг үүгээр тайлбарлаж буйг хүлээн авна уу гэжээ.

Хариуцагч Я.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2006 оны 5 дугаар сарын 17-нд иргэн М.Сын эзэмшилд байсан 678.99 м.кв газрыг Солонгос улсын иргэн Ли Санг Нам нь худалдан авахаар тохиролцож Солонгос улсын иргэн газар эзэмших эрх байхгүй гэсэн хуулийн заалтаар тус газрыг миний нэр дээр авахаар болж, Ли Санг Нам худалдан авсан бөгөөд энэ асуудал ямар нэг ашиг сонирхлын асуудалгүй таньдаг хүний хувьд би зүгээр л тусалсан юм. Өөрийн нэр дээр гарсан газрын гэрчилгээг би хараагүй. Ли Санг Намд бүх бичиг баримт хадгалагдаж байсан. Харин энэ асуудал гарахаас өмнө миний Солонгос улсад очиж ажиллах визийн мэдүүлгийн хариу гарч Солонгос улс явах болсон тул Ли Санг Намд хэлсэн. Намайг Солонгос улсад байхад нөгөө газар дээрээ удахгүй барилга барьж өөр компанид гэрээний дагуу шилжүүлж магадгүй боллоо. Манай менежер Б.Үд итгэмжлэл хийж өгөөч гэхээр нь БНСУ-ын Сөүл хотын МУ-ын Элчин Сайдын Консулд хандаж 2008 оны 11 дүгээр сарын 17-нд итгэмжлэл хийж шилжүүлж өгсөн. Тухайн үед итгэмжлэл хийхэд Ли Санг Нам ганцаараа Солонгос улсад ирсэн байгаа гэж миний иргэний үнэмлэхний хуулбарыг барьж ирсэн ангийн хүүхдээс сонссон. Миний энэ итгэмжлэл хийж өгсөн нь Б.Үд үнэн санаанаасаа өгч байгаа биш, Ли Санг Намын хүсэлтийн дагуу газар өмчлөгч нь Монголд байх шаардлагатай болоод Б.Үд итгэмжлэл хийж өгсөн. Миний хувьд өөрийн санаачилгаар М.Саас газар авахаар гэрээ, хэлцэл байгуулсан асуудал байхгүй. Урьд нь энэ талаар цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч, шүүхэд тайлбар бичиж байсан. Цагдаа шүүхэд дуудагдаад байх нь гэр бүлийн маргаан үл ойлголцолд хүргээд байна. Мөн ажилтай учир байнга дуудагдаад байх нь ажлын хамт олны дотор миний нэр хүндэд ч хортой, дуудах тоолонд нь очих боломжгүй. Намайг Солонгос улсад байхад Үүрийнтуяагийн дүү Б.Аад тус газрыг шилжүүлсэн бичигт миний гарын үсгийг зурсан явдал нь ойлгомжгүй. Би 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Б.Атай уулзаагүй, танихгүй, бэлэглэлийн гэрээ байгуулаагүй, би тэр үед Солонгос улсад байсан. Миний бие М.Саас газар шилжүүлж авсан нь гэрээний дагуу үүрэг үүсээгүй, чин санаа байгаагүй тул хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Б.Үгийн өмгөөлөгч У.Мөнхбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: М.Сын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг урьд нь БНСУ-ын иргэн Ли Санг Нам хариуцагч Б.Үд холбогдуулан гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд М.С нэхэмжлэгч Ли Санг Намын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон болно. Нэхэмжлэгч М.С хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар дурдан нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Тодруулбал, нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/01043 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1157 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ХТ2017/01062 дугаар тогтоолоор хэвээр үлдээн шийдвэрлэснээр хуулийн хүчин төгөлдөр болсон. Мөн М.Сын 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Б.Үд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 101/ШШ2018/00530 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 917 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 001/ХТ2018/01386 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Иймд М.С хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/00214 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж 0 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2204000412 дугаарт бүртгэгдсэн 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч М.С хариуцагч Я.Т нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч Я.Т, Б.А нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч Б.Үд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж 0 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2204000412 дугаарт бүртгэгдсэн 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгч М.Ст шилжүүлэхийг даалгаж, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Т, Б.А, Б.Ү нараас 788 850 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Ст 140 400 төгрөг олгож, үлдэх 648 450 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 596 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/00214 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Үгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Үгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 788 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Үгийн өмгөөлөгч У.Мөнхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын шатны журмаар гомдол гаргаж байна.

Нэг: Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх заалтыг зөрчиж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотолж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Үүнд:

Тухайн нэхэмжлэлийн шаардлагатай буюу Б.Үд холбогдох хэргийг анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр тус тус 2 ч удаа шийдвэрлэсэн байдаг бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр үйл баримт, нотлох баримтуудыг өмнө нь дүгнэсэн байтал тэдгээрт дахин дүгнэлт хийж, холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн.

Энэхүү иргэний хэрэг үүсгэсэн асуудлаар буюу яг ижил шаардлага бүхий нэхэмжлэлийг өмнө нь иргэн М.С нь Б.Үд холбогдуулан гаргаж, тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Я.Т, Б.А нарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр, Ли Сан Намыг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулсан юм. Өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг одоогийн нэхэмжлэлийн шаардлагатай харьцуулан харуулбал:

- Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан М.Сын нэхэмжлэлээс: Иймд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж, 0 тоотод байрлах 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн М.С,  Я.Т нарын хооронд 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Дээрх хэлцлийн үндсэн дээр 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Я.Т, Б.А нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, Б.Ү, Б.А нарын хооронд 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.

- Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 10 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан М.Сын нэхэмжлэлээс: Иймд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж, 0 тоотод байрлах 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн М.С, Я.Т нарын хооронд 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Дээрх хэлцлийн үндсэн дээр 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Я.Т, Б.А нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн       гэрээ, Б.Ү, Б.А нарын хооронд 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар сарын 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай.

Ийнхүү М.Сын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй хэргийг 3 шатны шүүх шийдвэрлэж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00530 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 917 дугаар магадлал,  Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 001/ХТ2018/01386 дугаар тогтоол гаргасан.

Үүнээс гадна БНСУ-ын иргэн Ли Сан Намын нэхэмжлэлтэй Б.Үд холбогдох хэргийг шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/01043 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1157 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ХТ2017/01062 дугаар тогтоолоор М.С, Б.Ү, Я.Т, Б.Апдарбат нартай холбоотой газар өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагыг шийдвэрлэсэн бөгөөд тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.Сын нэхэмжлэлтэй энэхүү хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримтуудыг үнэлж дүгнэсэн.

Хэдийгээр зарим үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын байдал, нэршил нь өөрчлөгдөж байгаа боловч маргааны агуулга, хэлэлцэгдсэн үйл баримт, нотлох баримт нь өөрчлөгддөггүй. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх дээр дурдсан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор тогтоогдож, дүгнэгдсэн үйл баримтын талаар дахин үнэлж дүгнэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайлбал: Бэлэглэлийн гэрээнүүдийн хэзээ, хэн хэн байгуулсныг, хэрхэн, ямар зорилгоор байгуулсныг, мөн тэдгээрт оролцсон этгээдүүд (М.С, Я.Т, Б.Апдарбат, Б.Ү, Ли Сан Нам)-ийн хүсэл зоригийн талаар, хэлцлийн үр дагаврыг анхнаасаа мэдэж байсан тухай, Я.Тээс Б.Үд олгосон итгэмжлэлийн талаар, Б.Ү, Б.А нар ах дүүс болох тухай,  Б.Ү болон Ли Сан Нам нар өмнө нь хамтран амьдарч байсан, хамтын бизнестэй байсан. Б.Үд холбогдох эрүүгийн хэргийн шийдвэрлэгдсэн байдлын талаар, дээрхээс үзвэл шүүх өмнө нь шийдэгдсэн асуудлаар 2 дахь удаагаа шийдвэр гаргаад байна.

Хоёр: Анхан болон давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа болон бие даасан шаардлагатай холбоотой асуудлаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Улсын Дээд шүүх хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 001/ХТ2018/01386 дугаар тогтоолоороо  “М.С нь ... 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээний талаар шүүхэд нэхэмжлэл гаргах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна”, мөн “...Ли Сан Намын шаардлагыг хэрэгсэхгүй болгосноор нэхэмжлэгч М.С худалдсан эд зүйлийн үнийг буцааж төлөх үүрэггүй, ...нэхэмжлэгч М.Сын эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэл байхгүй байна” гэж дүгнэсэн байтал анхан шатны шүүх “...21 сая төгрөгийг Улсын дээд шүүхийн тогтоол гарсны дараа  төлсөн...” гэх дүгнэлтийг хийж, мөн давж заалдах шатны шүүх “...хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл уг нэхэмжлэлийг гаргах буюу өөрийнх нь эрх ашиг зөрчигдсөнийг мэдэх боломжгүй байжээ” хэмээн тайлбарлаж “хөөн хэлэлцэх хугацаа энэ үеэс эхэлж байгаа” гэх агуулгатай дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Дээрхээс энэхүү маргаантай холбоотой 2 зүйл тодорхой харагдаж байгаа.

Нэгдүгээрт: М.Сын 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн бэлэглэлийн гэрээний талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Хоёрдугаарт: Ли Сан Намын бие даасан шаардлага болох 21 сая төгрөгийг М.Саас гаргуулах асуудлыг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 21 сая төгрөгийг М.С буцаан төлөх үүрэггүй, энэ талаар Ли Сан Нам дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн байдаг ба мөн М.Сын эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй хэмээх дүгнэлтийг хийн, шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэснээр тухайн маргаан бүхий харилцаа дуусгавар болсныг харуулж байна.

Харин 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр М.Саас Ли Сан Намд мөнгө шилжүүлсэн гэх үйлдэл, харилцаа нь дээрхээс өөр тусдаа харилцаа тул хөөн хэлэлцэх хугацааны талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүх тухайн эрх зүйн харилцаанууд хэрхэн үүсч, дуусгавар болсон талаар дүгнэлт хийгээгүйгээс гадна Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэглээгүйд гомдолтой байна.

Гуравт: Шүүх Улсын тэмдэгтийн хураамжийг хууль бусаар тооцож. хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн, урьдчилан төлөөгүй байтал түүний дутуу төлөлтийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус, асуудалд хэт ашиг сонирхлын зөрчилтэй хандсан гэж үзэж байна. 

Ийнхүү дээр дурдсан үндэслэлүүдээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 101/ШШ2019/00214 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 596 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Аын өмгөөлөгч Ц.Одончимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, анхан, давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэг. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

Шүүх 1 этгээдийн гаргасан, ижил шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийг дахин буюу 2 удаа шийдвэрлэсэн нь ИХШХШХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийн “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэх заалтыг илтэд зөрчсөн шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгч М.С нь БНСУ-ын иргэн Ли Сан Намын хууль бус “түлхээс”-ээр яг адил шаардлага бүхий нэхэмжлэлийг өмнө нь Б.Үд холбогдуулан гаргасныг 3 шатны шүүх шийдвэрлэнгүүт дахин тус шаардлага бүхий нэхэмжлэлээ Б.Ү өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон Я.Т, Б.А нарт холбогдуулан гаргасан байхад иргэний хэрэг үүсгэж, шийдвэрлэсэн нь ИХШХШХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсгийн заалтаар тогтоосон “нэхэмжлэлд дурдсан үйл баримт ...-ын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэх, мөн ИХШХШХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийн заалтаар тогтоосон “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэх журмыг ноцтой зөрчсөн.

Анхан, давж заалдах шатны шүүх Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 001/ХТ2018/01386 дугаар тогтоолын:

- 8 дугаар хуудасны 4 дэх догол мөрт “М.С нь ... 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээний талаар шүүхэд нэхэмжлэл гаргах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна” гэх;

- 8 дугаар хуудасны 6 дахь догол мөрт “... Ли Сан Намын шаардлагыг хэрэгсэхгүй болгосноор нэхэмжлэгч М.С худалдсан эд зүйлийн үнийг буцааж төлөх үүрэггүй, ... нэхэмжлэгч М.Сын эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэл байхгүй байна” гэх үйл баримтыг тус тус “тов тодорхой” тогтоосон.

Гэтэл М.С дээр дурдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн”, “М.Сын эрх зөрчигдөөгүй” хэмээн тогтоогдсон үйл баримтыг мэдсээр атлаа, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэгдсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, шийдвэр гаргасан нь ИХШХШХ-иар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн, илт ашиг сонирхлын зөрчилтэй гэх хардлага төрүүлэхүйц шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч М.С нь БНСУ-ын Ли Сан Нам гэх этгээдийн “хууль бус явуулга, түлхээс” /БНСУ-ын иргэн Ли Сан Нам гэх этгээд шүүхэд өөрөө М.Стай адил шаардлага бүхий нэхэмжлэл гаргаад тус нэхэмжлэлийн шаардлага нь хангагдахгүй болмогц М.Саар удаа дараа өөрийн гаргасан шаардлагын адил шаардлага бүхий нэхэмжлэл гаргуулж, Монгол Улсын хууль тогтоомж болоод Монгол Улсын иргэний өмчлөх эрхийг зөрчиж байна/-ээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр өөрийнх нь эрх зөрчигдөөгүй болох нь тогтоогдсоор атал “Ли Сан Нам-д мөнгө хүлээлгэн өгсөн баримт”, “эрхгүй этгээд болох Ли Сан Нам”-аас “эрх шилжүүлэх хэлцэл” гэх баримтуудыг үйлдэн тэдгээрийг үндэслэж, нэхэмжлэл гаргасан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг хууль бусаар үгүйсгэхээр зүй бусаар бүрдүүлсэн нотлох баримт атал шүүх ИХШХШХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн заалтаар тогтоосон зарчмыг илтэд зөрчин үнэлж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

Хариуцагч Я.Т Ли Сан Нам, М.С нарын нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж байсан тайлбараасаа зөрүүтэй тайлбар гаргасан байдалд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, тайлбарыг ИХШХШХ-ийн 40 дүгээр зүйлд заасан журмаар үнэлээгүй.

Шүүх нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэсэн нь хэргийг хэт нэг талыг баримтлан, ашиг сонирхол бүхий байдлаар шийдвэрлэсэн гэх үндэслэлийг бий болгож байна.

Шүүх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр /Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/01043 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1157 дугаар магадлал, УДШ-ийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ХТ2017/01062 дугаар тогтоол/-ээр Б.Ү, Ли Сан Нам нар гэр бүлийн болоод бизнесийн хамтын харилцаанд байсан болохыг тогтоосон үйл баримтыг огт үнэлэлгүйгээр, БНСУ-ын иргэн Ли Сан Намын “илт тодорхой явуулга”-аар М.С нэхэмжлэл гаргаж буй үйл баримтыг шударгаар үнэлж, дүгнэлгүйгээр Б.Үг “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” хэмээн дүгнэж, шийдвэр гаргасан нь ИХШХШ-ийн 40 дүгээр зүйлийн заалтаар тогтоосон нотлох баримт үнэлэх журмыг ноцтой зөрчсөн.

Хоёр. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

Шүүх дээр дурдсанчлан хэрэг хянан шийдвэрлэх болон нотлох баримт үнэлэх журмыг ноцтой зөрчин хэргийг шийдвэрлэхдээ хуулийг дараах байдлаар буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Шүүх “УДШ-ийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 001/ХТ2018/01386 дугаар тогтоолоор хийсэн ... дүгнэлтээс хойш маргаж буй газрыг худалдах-худалдан авах хэлцлээс татгалзсан гэж гэрээний төлбөр болох 21 000 000 төгрөгийг буцаан өгсөн байна...” гэх дүгнэлт /Шийдвэрийн 11 дахь тал 2 дугаар догол мөр/-ийг хийхдээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсгийн заалтаар хуульчилсан “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна” гэх, мөн хуулийн 204 дүгээр зүйлийн заалтаар тогтоосон гэрээнээс татгалзах журам хэрэгжсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй ба энэ нь хэрэглэвэл зохих хуулийн дээрх заалтыг хэрэглэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн хэрэг болсон.

Шүүх “хөөн хэлэлцэх хугацаа тоолох” Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсгийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Шүүх нотлох баримтыг буруу үнэлснээс улбаатайгаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн заалтыг илт буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасан.

Иймд гомдлыг хянаж, түүнд дурдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/00214 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 596 дугаар магадлалыг хүчингүй болгож, М.Сын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагч Б.Үгийн өмгөөлөгч У.Мөнхбат, Б.Аын өмгөөлөгч Ц.Одончимэг нарын гомдлыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М.С нь анх шүүхэд М.С, Я.Т нарын хооронд 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тооцуулж, дээрх гэрээний үндсэн дээр газар өмчлөх эрхийг шилжүүлсэн Я.Т, Б.А нарын хооронд байгуулсан 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Бэлэглэлийн гэрээ”, Б.Ү, Б.Албарбат нарын хооронд байгуулсан 2008 оны 12 сарын 15-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хэрэг шүүхэд хянагдах явцад Б.Ү, Б.А, Я.Т нарт холбогдуулан 2006 оны 05 дугаар сарын 17, 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, дээрх гэрээний үндсэн дээр 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан газар өмчлөх эрхийг М.Ст шилжүүлэхийг Б.Үд даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг хариуцагч Я.Т зөвшөөрч, хариуцагч Б.А, Б.Ү нар эс зөвшөөрч маргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна .

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмыг  зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулалгүй, шийдвэрийг хэвээр үлдээсэн байх тул шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.  

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч М.С нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж, 0 тоотод байрлах 679.99 м.кв талбай бүхий газар өмчлөх эрхийг  2006 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-ээр Я.Тт шилжүүлсэн, Я.Тээс 2008 оны 12 дугаар сарын 11-нд Б.Аад, Б.Ааас 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-ээр Б.Үд тус тус шилжиж, Б.Ү тус газрын өмчлөгч болсон байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа: “...өөрийн өмчлөлийн газрыг Солонгос улсын иргэн Ли Сан Намд 21 000 000 төгрөгөөр худалдсан бөгөөд гадаадын иргэн Монгол улсын газрыг өмчлөх эрхгүй тул газрыг Я.Тийн өмчлөлд “Бэлэглэлийн гэрээ”-ээр шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасан дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл, дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн Я.Тээс Б.Аад, Б.Ааас Б.Үд газар өмчлөх эрхийг шилжүүлсэн бусад хэлцлүүд 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болох бөгөөд Солонгос улсын иргэн Ли Сан Намын худалдаж авсан газрыг Б.Ү хууль  бусаар өмчилж, үндэслэлгүй хөрөнгөжсөн.

Ли Сан Нам нь худалдаж авсан газраа эзэмшиж чадахгүй болсонтой холбогдуулан мөнгөө нэхэмжилж, газраа буцаан өгөхийг хүссэн, би мөнгийг нь буцаан өгсөн тул газрыг өөрийн өмчлөлд буцаан авахаар нэхэмжлэл гаргасан...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч Я.Т “...гэрээг өөрийн нэр дээр хийсэн боловч би газрыг худалдаж аваагүй, Солонгос улсын иргэн Ли Сан Намын газар байсан...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн.

Хариуцагч Б.А, Б.Ү нар “...нэхэмжлэлд дурдсан асуудлыг өмнө шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул дахин нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй...” гэж нэхэмжлэлийг татгалзсан үндэслэлээ тус тус тайлбарласан байна.

  1. Хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын тухайд:

М.С нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамжны 0 тоотод байрлах 678.99 м.кв талбай бүхий газрыг Я.Тийн өмчлөлд 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-ээр шилжүүлжээ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2.-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна гэж зохицуулсан, нэхэмжлэгч М.С өөрийн өмчлөлийн газрыг Я.Тийн өмчлөлд 2006 онд шилжүүлснээс хойш 12 жил өнгөрсөн байх тул тус хэлцэлтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Я.Т нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн байр суурьтай байгаа боловч М.С, Я.Т нарын хооронд анхнаасаа эрх зүйн маргаан үүсээгүй, уг хэлцлээс хойш хэд хэдэн хэлцэл хийгдсэнийг аль аль нь мэдэж байгаа, бодит байдалд Солонгос улсын иргэн уг газрыг худалдан авсан талаар маргаагүй, Я.Тийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөөгүй нөхцөлд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хуулийн үндэслэлгүй юм.

Дээрх хэлцлийг хянан шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул Я.Тээс газар өмчлөх эрхийг Б.Аад шилжүүлсэн 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-тэй холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2.-т зааснаар 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн, 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн М.Сын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч М.С дээрх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар энэхүү маргаанаас өмнө 2017 оны 09 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч уг нэхэмжлэлд Я.Т, Б.А нарыг хариуцагчаар татаагүй, тэдэнд холбогдох хэргийг шүүх шийдвэрлээгүй тул Б.Аад холбогдох нэхэмжлэлийг урьд шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэх хариуцагч Б.Аын өмгөөлөгчийн гомдлын энэ хэсэг үндэслэлгүй болно.

2017 оны 09 дүгээр сард М.С нь нэхэмжлэлд заасан хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар зөвхөн Б.Үд холбогдуулан нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00530  дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1., 120.1.3.-т зааснаар Б.Үд холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр юм. 

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа үндэслэл хэргийг хэлэлцэх үед тогтоогдвол холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зохицуулсан.

Б.Үг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх шаардлагын хүрээнд:

  1. М.С нь хариуцагч Б.Үд холбогдуулан: “...Б.Ааас 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлэн авсан газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгуулах...”-аар шаардлага гаргасан тул шүүх дээрх шаардлагыг шийдвэрлэхийн тулд газар өмчлөх эрх Б.Үгийн өмчлөлд шилжсэн 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 00530 дугаартай шийдвэрээр Б.Үд газар өмчлөх эрх шилжсэн 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах М.Сын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул тус хэлцлийн үндсэн дээр Б.Ү нь газар өмчлөх эрх олж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн  этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д заасан үндэслэлээр буцаан шаардах эрхтэй.

М.С нь Ли Сан Намд газар худалдаж авсан үнэ 21 000 000 төгрөгийг буцааж өгсөн гэх үндэслэлээр газраа өөрийн өмчлөлд буцаан авахаар Б.Үд холбогдуулан шаардлага гаргажээ.

М.Сын нэхэмжлэлтэй Б.Үд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад БНСУ-ын иргэн Ли Сан Нам нь хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож, М.С нь газраа буцаан авахаар нэхэмжлэл гаргасан тул  худалдаж авсан газрын үнэ 21 000 000 төгрөгийг М.Саас буцаан гаргуулахаар шаардлага гаргасныг М.С нь өмчлөлийн газраа Солонгос улсын иргэн Ли сан Намын заасан этгээд болох Я.Тт шилжүүлж, газрын үнэд 21 000 000 төгрөгийг авснаар гэрээ дуусгавар болсон тул  Ли Сан Нам 21 000 000 төгрөгийг М.Саас шаардах эрхгүй гэж дүгнэсэн Баянзүрх дүүргийн шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 00530 дугаартай шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Шүүх БНСУ-ын Ли Сан Намын нэхэмжлэлийг ийнхүү хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэгч М.С нь БНСУ-ын иргэн Ли Сан Намд хөрөнгө шилжүүлэх үүрэг хүлээгүй атлаа өөрөө сайн дураар Ли Сан Намд 21 000 000 төгрөгийг 2018 онд буцаан шилжүүлсэн нь Б.Үгаас газар өмчлөх эрхийг шаардах үндэслэл болохгүй бөгөөд Б.Үг М.Сын хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй юм.

Иймд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж, 0 тоотод байрлах 678.99 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийг М.Ст буцаан шилжүүлэхийг Б.Үд даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, Я.Т, Б.А нарт холбогдох хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл, газар өмчлөх эрхийг шилжүүлэхийг Б.Үд даалгуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Б.Үд холбогдох хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ талаар гаргасан хариуцагч нарын гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/00214 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 596 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2., 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан Я.Т, Б.А нарт холбогдох хэлцлийг хүчингүйд тооцуулах, газар өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг Б.Үд даалгах М.Сын нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр Б.Ү нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хариуцагч Б.Үгийн 788 850 төгрөгийг, хариуцагч Б.Аын 262 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД