Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2021/04203

 

 

 

 

 

 

 

 

 

   2021        12         14                                     101/ШШ2021/04203         

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.У-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.З-д холбогдох,

 

30,525,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2020 оны 1 сард иргэн Г.З-с 0000 УНЕ улсын дугаартай Ланд Крузер 200 маркийн автомашиныг 150,000,000 (нэг зуун тавин сая) төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож тус авто машиныг иргэн Б.О-т шилжүүлэн өгсөн.

Авто машиныг шилжүүлэн авах үед Г.З нь дээрх автомашиныг Хаан банкны зээлийн гэрээний барьцаанд барьцаалсан байсан ба банкны зээлийн төлбөр болох 65,402,000 (жаран таван сая дөрвөн зуун хоёр мянган) төгрөгийг Г.З-ын өмнөөс Б.О төлж барагдуулсан.

Б.О нь Г.З-ын өр төлбөрийг барагдуулсан төлбөрөөс 40,052,000 төгрөгийг Б.У-ын компанийн өр төлбөрт тооцон хасч үлдэх төлбөр болох 25,350,000 (хорин таван сая гурван зуун тавин мянга) төгрөгийг Г.З-аас шаардах эрхийг Б.У-д шилжүүлсэн.

Иймд У болон З нар нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “Төлбөр барагдуулах тухай хэлцэл”-ийг байгуулан, тус хэлцлээр 25,350,000 (хорин таван сая гурван зуун тавин мянга) төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дотор бүрэн төлөх, төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутам алданги тооцон төлөхөөр талууд тохиролцон хэлцлийг бичгээр байгуулан нотариатаар баталгаажуулсан болно.

Гэтэл хэлцэл хийснээс хойш Г.З нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дээрх төлбөрөөс 5,000,000 (таван сая) төгрөгийг төлж үүнээс хойш Г.З-тай олон удаа холбогдож үлдэгдэл төлбөрөө төлөх шаардлага тавьж байсан боловч Г.З “...төлнө, хугацаа өгөөч, ажил болохгүй байна, машины чиргүүл зараад өгнө, эсвэл чиргүүл авах уу...” гэх мэт хариу өгч өдөр хоног өнгөрөөж улмаар холбогдохгүй болсон.

Иймд Г.З-аас хэлцлээр тохиролцсон төлбөрийн үлдэгдэл болох 20,350,000 (хорин сая гурван зуун тавин мянга) төгрөг, хэлцлээр тохиролцсон хугацаа болох 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 20,350,000 төгрөгийн хоног тутам 0,5 хувь тооцоход хоногийн 101,750 төгрөг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 121 хоногоор тооцож 12,006,500 төгрөг болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу 50 хувиар тооцож алдангид 10,175,000 төгрөг, нийт 30,525,000 (гучин сая таван зуун хорин таван мянга) төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.З нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

М.У-ын нэхэмжлэлтэй, Г.З-д холбогдох 30,525,000 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч тал хариу тайлбар гаргаж байна.

М.У нь нэхэмжлэлдээ “2020 оны 01 сард иргэн Г.З-аас 0000 УНЕ улсын дугаартай Ланд Крузер 200 маркийн автомашиныг 150,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож тус автомашиныг иргэн Б.О-т шилжүүлэн өгсөн” гэж бичсэн.

Г.З миний бие 2017 оны 10 сарын үед өөрийн эзэмшлийн 0000 УНЕ улсын дугаартай Land 200 маркийн тээврийн хэрэгслээ П гэх хүнд зарсан. Өөрөөр хэлбэл М.У болон Б.О нарт ямар ч хамааралгүй учир нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 30,525,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

/хх-ийн 36 тал/

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.У нь хариуцагч Г.З-д холбогдуулан төлбөрийн үлдэгдэл 20,350,000 төгрөг, алданги 10,175,000 төгрөг, нийт 30,525,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна гэж үзэв.

 

2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр М.У болон Б.О нарын хооронд “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”, Г.З болон Б.О нарын хооронд “Төлбөр барагдуулах хэлцэл”, М.У болон Г.З нарын хооронд “Төлбөр барагдуулах тухай хэлцэл” тус тус байгуулагджээ.

 

Дээр дурдсан 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Г.З болон Б.О нарын хооронд байгуулагдсан “Төлбөр барагдуулах хэлцэл”, ХААН банкны мөнгөн шилжүүлэг зэрэг баримтаар тэдний хооронд 0000 УНЕ улсын, 0 арлын дугаартай, TOYOTA Land Criuser 200 маркын, бор өнгөтэй суудлын автомашиныг 150,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний үүрэгт Б.О нь урьдчилгаа 110,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 40,000,000 төгрөгийг мөн өдөр төлж дуусгасан байх ба  ийнхүү төлбөр төлөхдөө  65,402,000 төгрөгийг Г.З-ын ХААН банк дах түүний эзэмшлийн гэх 0 тоот дансанд “Ланд круйзер 200 VX ABAB” гэсэн утгаар шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

/хх-ийн 9-10 тал/

 

Мөн өдөр М.У болон Б.О нарын хооронд “Шаардах эрх шилжүүлэх гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр эрх шилжүүлэгч Б.О нь үүрэг гүйцэтгэгч Г.З-ын ХААН банк дах зээлийн гэрээний үүрэгт 65,402,000 төгрөгийг түүний тус банкны 0 тоот дансанд шилжүүлж үүргийг гүйцэтгэсэн, Г.З-аас 25,350,000 төгрөгийг шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгч болох М.У-д шилжүүлэх, талууд гэрээнд гарын үсэг зурснаар М.У болон Г.З нарын хооронд байгуулагдсан “Төлбөр барагдуулах тухай хэлцэл”, түүнтэй холбоотой бусад үүргийн хувьд үүрэг гүйцэтгэгч Г.З-ыг эрх шилжүүлэгч Б.О-ын өмнө хүлээсэн үүргээс чөлөөлж, шинэ үүрэг гүйцэтгүүлэгч М.У-ын өмнө үүрэг гүйцэтгэгч болохоор тохиролцжээ.

/хх-ийн 6-7 тал/

 

Үүний үндсэн дээр нэхэмжлэгч М.У, хариуцагч Г.З нарын хооронд мөн өдөр “Төлбөр барагдуулах тухай хэлцэл” байгуулагдаж, уг хэлцлээр ”Төлбөр төлөгч Г.З-ын төлөх ёстой 25,350,000 төгрөгийг Б.О нь ХААН банкинд төлсөн бөгөөд уг мөнгийг Г.З нь М.У-д 2020 оны 03 сарын 26-ны дотор бүрэн төлнө. Тохирсон хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутам алданги тооцох” талаар тохиролцжээ.

 

/хх-ийн 5 тал/

 

2020.01.14-ний өдрийн М.У болон Г.З нарын “Төлбөр барагдуулах тухай хэлцэл”, М.У болон Б.О нарын “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”, Г.З болон Б.О нарын “Төлбөр барагдуулах хэлцэл” зэрэг баримтаас үзэхэд Б.О нь 25,350,000 төгрөгийг Г.З-аас шаардан авах эрхийг М.У-д шилжүүлсэн, ийнхүү шилжүүлсэн талаар Г.З-д мэдэгдсэн үйл баримт тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т: “Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ”, 123.6-т: “Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ” гэж зааснаас үзэхэд хариуцагч Г.З-аас 25,350,000 төгрөг шаардах эрхийг Б.О нь нэхэмжлэгч М.У-д шилжүүлсэн гэж үзнэ. 

 

Нэхэмжлэгч нь дээрх хэлцлийн үүрэгт Г.З нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөгийг төлсөн, үүнээс хойш төлбөр төлөөгүй тул хэлцлээр тохирсны дагуу үлдэгдэл төлбөр 20,350,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацаагаар тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцэхгүй байх тул хуульд нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож, алдангид 10,175,000 төгрөг, нийт 30,525,000 төгрөг нэхэмжилсэн гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч М.У нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шаардах эрхийг шилжүүлэн авах үед хариуцагч Г.З нь 25,350,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан, талууд төлбөр төлөх хугацааг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байх, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх талаар бичгээр тохиролцсон байна.

 

Талууд ийнхүү тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т: “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасантай нийцжээ.

 

Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч М.У-д Иргэний хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шаардах эрх үүссэн гэж үзнэ.

 

Хариуцагч нь 2017 оны 10 сард өөрийн 0000УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг н.П-д худалдсан, М.У болон Б.О-т хамааралгүй  гэж тайлбарласан боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй.

 

Өөрөөр хэлбэл Г.З нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

Зохигч талуудын 2020 оны 01 сарын 14-ний өдөр гэрээний нөхцөл болгосон үүргийг тохирсон хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-т заасантай тус тус нийцжээ.   

 

Иймд нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөгийг хариуцагч төлсөн гэж тайлбарласан тул хариуцагч Г.З-аас төлбөрийн үлдэгдэл 20,350,000 төгрөг, алданги 10,175,000 төгрөг, нийт 30,525,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.У-д олгох  үндэслэлтэй гэж үзэв.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/03428 дугаар шийдвэрээр хүсэлт гаргагч М.У-ын, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.З-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийн дагуу Цагдаагийн байгууллагаас түүнийг эрэн сурвалжилж, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 хотхон 0 дугаар байрны 0 тоот хаягт оршин суудаг болохыг тогтоосон болох нь Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021 оны 03 сарын 30-ны өдрийн №52 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

/хх-ийн 11-13 тал/

 

Хариуцагч Г.З-д 2021 оны 10 сарын 08-ны өдөр нэхэмжлэлийг гардуулан өгч, мөн өдөр түүнд зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, нөлөөлөлийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудтай танилцуулсан,

мөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-д 2021 оны 11 сарын 18-ны өдөр зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, нөлөөлөлийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудтай тус тус танилцуулсан байна.

 

/хх-ийн 32-35, 41-42 тал/

 

Хариуцагч Г.З нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийг гардан авахдаа Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, 0 гудамж, 0 тоот хаягийг шүүхэд мэдэгдсэн боловч зохигч шүүхийн харьяаллын асуудлаар маргаагүй тул тус шүүх хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

/хх-ийн 32 тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т: “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагч Г.З-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-д шүүх хуралдааны товыг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байдлаа нотолсон баримтыг ирүүлээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

/хх-ийн 45-47 тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хариуцагч Г.З-аас төлбөрийн үлдэгдэл 20,350,000 төгрөг, алданги 10,175,000 төгрөг, нийт 30,525,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.У-д олгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Г.З-аас улсын тэмдэгтийн хураамжид 310,575 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.У-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 310,575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ