Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00306

 

 

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00306

 

М.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2021/04203 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.У-ын хариуцагч Г.З-д холбогдуулан гаргасан 30,525,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: 2020 оны 1 сард Г.З-аас 80-88 УНЕ улсын дугаартай Ланд Крузер 200 маркийн автомашиныг 150,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож тус автомашиныг иргэн Б.О-т шилжүүлэн өгсөн. Автомашиныг шилжүүлэн авах үед Г.З нь дээрх автомашиныг Хаан банкны зээлийн гэрээний барьцаанд барьцаалсан байсан ба банкны зээлийн төлбөр болох 65,402,000 төгрөгийг Г.Зын өмнөөс Б.О төлж барагдуулсан. Б.О нь Г.Зын өр төлбөрийг барагдуулсан төлбөрөөс 40,052,000 төгрөгийг Б.У-ын компанийн өр төлбөрт тооцон хасч үлдэх төлбөр болох 25,350,000 төгрөгийг Г.З-аас шаардах эрхийг Б.У-д шилжүүлсэн. Иймд М.У болон Г.З нар нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төлбөр барагдуулах тухай хэлцлийг байгуулан, тус хэлцлээр 25,350,000 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дотор бүрэн төлөх, төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутам алданги тооцон төлөхөөр талууд тохиролцон хэлцлийг бичгээр байгуулан нотариатаар баталгаажуулсан болно. Гэтэл хэлцэл хийснээс хойш Г.З нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дээрх төлбөрөөс 5,000,000 төгрөгийг төлж үүнээс хойш Г.Зтай олон удаа холбогдож үлдэгдэл төлбөрөө төлөх шаардлага тавьж байсан боловч Г.З ...төлнө, хугацаа өгөөч, ажил болохгүй байна, машины чиргүүл зараад өгнө, эсвэл чиргүүл авах уу... гэх мэт хариу өгч өдөр хоног өнгөрөөж улмаар холбогдохгүй болсон. Иймд Г.З-аас хэлцлээр тохиролцсон төлбөрийн үлдэгдэл болох 20,350,000 төгрөг, хэлцлээр тохиролцсон хугацаа болох 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 20,350,000 төгрөгийн хоног тутам 0,5 хувь тооцоход хоногийн 101,750 төгрөг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 121 хоногоор тооцож 12,006,500 төгрөг болсон. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 50 хувиар тооцож алдангид 10,175,000 төгрөг, нийт 30,525,000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: М.У нь нэхэмжлэлдээ 2020 оны 01 сард иргэн Г.З-аас 80-88 УНЕ улсын дугаартай Ланд Крузер 200 маркийн автомашиныг 150,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож тус автомашиныг иргэн Б.О-т шилжүүлэн өгсөн. Г.З миний бие 2017 оны 10 сарын үед өөрийн эзэмшлийн 80-88 УНЕ улсын дугаартай Ланд 200 маркийн тээврийн хэрэгслээ П гэх хүнд худалдсан. Өөрөөр хэлбэл, М.У , Б.О нарт ямар ч хамааралгүй учир нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 30,525,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хариуцагч Г.З-аас төлбөрийн үлдэгдэл 20,350,000 төгрөг, алданги 10,175,000 төгрөг, нийт 30,525,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.У д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Г.З-аас улсын тэмдэгтийн хураамжид 310,575 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.У д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 310,575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 16 цаг 00 минутанд эхэлсэн М.У-ын нэхэмжлэлтэй, Г.З-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд хариуцагчийг хүндэтгэн үзэх шалтгаантай байдлаа нотолсон баримтыг ирүүлээгүй гэж үнэлж дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б миний бие Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 13 цаг 30 минутанд товлогдож, 17 цаг 10 минут хүртэл үргэлжилсэн Р.Э-ын нэхэмжлэлтэй, М-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөр оролцсон болно. Энэ талаараа Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 3 дугаар байранд байрлах шүүх хуралдааны танхимаас шүүгчийн туслах руу залгаж, өөрийн B b гэсэн фэйсбүүк хаягаас K H гэх хаяг руу өмнөх шүүх хурал тараагүй талаар, мөн шүүх хуралдаан тасралтгүй явуулах зарчмын дагуу хуралдааны танхимыг орхиж явах боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар хүсэлт явуулсан боловч харгалзаж үзээгүй. Өөрөөр хэлбэл тухайн цаг хугацаанд шүүх хуралдаанд оролцох боломжгүй, мөн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөөр байхад уг нөхцөл байдлыг тодруулж, шалгалгүй хариуцагч талыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулалгүйгээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд 6.1, 6.2, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан хэргийн оролцогчид хуулиар олгосон эрх, үүргээ биелүүлэх боломжгүй болгосон гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр буюу шүүх хуралдаан болох хүртэлх хугацаанд хариуцагчийн зүгээс хуульд заасны дагуу нотлох баримтуудаа гаргаж өгөх үүрэгтэй. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдааны товыг зохигчид мэдэгдэж, хэрэгт баримтыг хавсаргасан. Шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б ойлголоо гэж хариулсан байдаг. Г.Б нь өмгөөлөгч учраас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар урьдчилж энэ талаар мэдэгдэж, хувийн зохион байгуулалтаа хийх ёстой. Түүнчлэн, нэхэмжлэгчийг өөрийг нь оролцуулж, шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар баримтаа ирүүлэх боломжтой байсан. 2021 оны 10 дугаар сард нэхэмжлэлийг гардаж авснаасаа хойш нотлох баримт гаргаж өгөөгүй. Мөн мэтгэлцэх зарчмаар хангаагүй гэж байгаа нь үндэслэлгүй юм. Тухайн өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас ямар нэгэн баримт ирүүлээгүй. Хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нь тодорхой бус байсан тул нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах тухай хүсэлт гаргаж, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн. Тиймээс хариуцагчийг мэтгэлцэх эрхээр хангаагүй гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Уг үүргийнхээ дагуу нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй тул хэргийн үйл явдлыг анхан шатны шүүх үнэн, зөв дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянасан болно.

 

2. Нэхэмжлэгч М.У нь хариуцагч Г.З-д холбогдуулан төлбөрийн үлдэгдэл 20,350,000 төгрөг, алданги 10,175,000 төгрөг, нийт 30,525,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн боловч анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан давхцсан гэх байдлаа баримтаар нотлоогүй гэсэн үндэслэлээр түүний хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. /хх-55-56 дахь тал/

 

2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдаанд оролцогчдын ирцийг танилцуулахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн талаар мэдэгдсэн болох нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. /хх-50-54 дэх тал/ Иймд анхан шатны шүүхээс хуралдаан хойшуулах тухай хүсэлтийг шийдвэрлэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан давхцсан талаар тодруулах ажиллагааг хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцэхгүй байна.

 

Шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэх боломжгүйгээс гадна шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн тул хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй болно. /4/

 

4. Түүнчлэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг дээрх байдлаар зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүйн улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг шүүх хэрэгжүүлсэн гэж үзэхэд эргэлзээтэй болжээ. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна. /4/

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2021/04203 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310,575 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ