Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 91

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа,  

Улсын яллагч Э.Болор,

Иргэдийн төлөөлөгч Э.Сайнзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат,

Шүүгдэгч Ц.Отгонбат, Н.Эрдэнэбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оорцог овогт Цэндийн Отгонбат, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Няндавын Эрдэнэбаяр нарт холбогдох эрүүгийн 201610010228 тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1981 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар баг Нарны гудамж 4-3 тоотод оршин суух, Оорцог овогт Цэндийн Отгонбат /РД: MK81012015/,

Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, Замын 4 дүгээр ангийн 14 дүгээр хэсэгт замчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар баг Соёмбын 7-6 тоотод оршин суух, Харчин овогт Няндавын Эрдэнэбаяр /РД:ЕО83071091/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Ц.Отгонбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Соёмбын 7-6 тоотод Б.Батбаатартай би шоронд сууж байсан, чи надтай яаж харьцаад байгаа юм бэ гэх ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж улмаар зэвсгийн чанартай зүйл болох заазуураар Б.Батбаатар, Д.Мөнхжаргал нарыг зүсэж бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан танхайрсан,

Шүүгдэгч Н.Эрдэнэбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Соёмбын 7-6 тоотод Ц.Отгонбатыг гэрт агсам тавьлаа гэж маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Д.Мөнхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2 дахь шилтэй архийг задлаад тойруулж байхад Отгонбат нь Б.Батбаатарт хандаж би шоронд сууж байсан, чи надтай яаж харьцаад байгаа юм бэ гэх мэтээр үг хэлж агсам тавиад байхаар нь Эрдэнэбаяр ах Отгонбат, Батбаатар хоёрыг гадаа гарч учраа олчихоод орж ир гээд гэрээс гаргасан. 5-10 минутын дараа Батбаатар, Отгонбат 2 учраа олсон гээд орж ирээд Отгонбат гэрийн зүүн талд Батбаатар гэрийн баруун хойд талд орж ирээд суусан. Отгонбат гэр лүүгээ явлаа гээд эхнэр Ганчимэгийгээ дагуулж гараад явсан. Ганчимэг, Отгонбат нарын араас Уртнасан, Отгонцэцэг нар гарсан. Тэгээд гадаа Отгонбат Ганчимэгийг зодож байна гээд Уртнасан Отгонцэцэг Ганчимэгийг дагуулж орж ирсэн. Араас нь Отгонбат орж ирээд гэрийн зүүн хойд талд эхнэр Ганчимэгийнхээ хажууд суухад Батбаатар Отгонбатад хандаж эхнэрээ зодож болохгүй гээд хэлсэн чинь Отгонбат нь эхнэрээ Батбаатартай хардсан бололтой Отгонбат Батбаатарт чамд миний амьдрал хамаагүй гээд маргалдсан. Ганчимэгийн хажууд хэсэг сууж байгаад гараад явсан Тэгээд Отгонбат гадаа 30, 40 минут болж байгаад гэрт орж ирээд гэрийн зүүн урд талд шүүгээн дээр байсан бор өнгийн модон иштэй заазуурыг барихаар нь би заазуурыг нь авах санаатай очиход Отгонбат заазуураа бариад миний өөдөөс далайгаад байхаар нь Отгонбатыг тэвэрч байхад гэнэт миний хүзүүнд байсан эрх тасарч миний толгой эргээд газар унасан Tyxaйн үед Отгонбат бид хоёрын хооронд хэрүүл маргаан, зодоон гэх зүйл болоогүй. Отгонбат ямар шалтгаанаар миний бие махбодид гэмтэл учруулсныг мэдэхгүй байна. Отгонбат заазуураар миний хүзүүг зүсэж гэмтэл учруулсан. Тухайн үед би нэгдсэн эмнэлэг дээр оёдол тавихгүй ба дотроосоо эм уу гэж эм бичиж өгсөн. Уг эмийг эмийн сангаас авахад 50,000 төгрөг болсон тул Отгонбатаас 50,000 төгрөгөө гаргуулмаар байна. Би Отгонбатыг танихгүй. Отгонбат бид хоёрын дунд найз нөхдийн болон садан төрлийн харилцаа холбоо байхгүй...” гэсэн мэдүүлэг /хx-ийн 17-18/,

- Хохирогч Ц.Отгонбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Ганчимэгт архинд хорогдоод байх юм явъя гээд Ганчимэгийг бөгс рүү нь нэг удаа өшиглөсэн чинь Отгонцэцэг, Уртнасан 2 Ганчимэгийг аваад гэр лүү орсон. Гэрт ороод Батбаатар гэрийн хойд талын матраасны баруун булан дээр нь очиж суугаад гурав дахь шил архийг задлаад ууж байгаад Батбаатар намайг зугтах гээд өөдгүй зан гаргаад байгаарай гээд байхаар нь ах нь өнөөдөр ачаа ачсан ядраад байна гэж хэлэхэд Батбаатар бид нар ч бас ачаа ачдаг гээд миний үгийг сөрж хэлээд бид 2 дахин маргалдсан. Тэгээд Намайг босоход Батбаатар, Мөнхжаргал хоёр над руу дайраад байхаар нь би гэрийн зүүн талын шүүгээн дээр байсан шар иштэй заазуур барьж аваад Батбаатар, Мөнхжаргал хоёрыг над руу ойртвол зүснэ шүү гээд хэлэхэд Мөнхжаргал, Батбаатар над руу дайраад бид 3 барилцаж авсан. Тухайн үед Эрдэнэбаяр миний хойноос хүзүүг уяагаар боосон тэгээд би ухаан алдаж унаад юу болсныг сайн санахгүй байна. Нэг сэрэхэд гэрийн баруун урд талд газар хэвтэж байсан ба миний гар болон хөлийг уячихсан байсан. Гэмт хэргийн улмаас миний уруул зүсэгдэж оёдол тавиулсан, эмчилгээ хийлгэсэн баримт байгаа...” гэсэн мэдүүлэг /хx-ийн 20-21/,

- Хохирогч Б.Батбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “... Хэсэг хугацааны дараа Отгонбат орж ирээд гэрийн зүүн талд тавиур дээр байсан бор өнгийн модон иштэй заазуурыг авахаар нь Мөнхжаргал Отгонбат руу чиглэн очиход Отгонбат барьж байсан заазуураа далайх шиг болсон чинь Мөнхжаргал гэрийн зүүн хойд хэсэгт уначихаар нь би Отгонбат руу очиход Отгонбат барьж байсан заазуураа дахин далайгаад миний нүүрийг зүсчих шиг болсон. Тэгээд би нүүрээ дараад гэрийн баруун хойд талд суугаад хартал Эрдэнэбаяр ах Отгонбатын гар болон хөлийг уяагаар уяж заазуурыг нь авсан байсан... гэх мэдүүлэг /хx-ийн 23–24/,

- Гэрч Б.Сарангоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Отгонбат Ганчимэг нарын араас Уртнасан, Цэцгээ нар гарч 5-10 минутын дараа Уртнасан Отгонбатыг Ганчимэгийг зодож байна гээд Ганчимэгийг дагуулж орж ирсэн. Араас нь Отгонбат орж ирэхэд Уртнасан эгч Отгонбатыг хоёулаа гарч уулзъя гээд дагуулж гарсан. Отгонбат гэнэт гэрийн зүүн талын шүүгээ дээр ил байсан модон иштэй заазуурыг баруун гартаа барихаар нь Мөнхжаргал тухайн үед гэрийн зүүн талд сууж байсан ба Отгонбат ахаа ийшээ суу гээд сандлаа тавьж өгөхөд “Отгонбат Мөнхжаргалын хүзүүн тус газар цохих шиг болсон. Батбаатар Отгонбатыг салгах гээд очиход миний ой 7 сартай хүүхэд гэрийн хойморийн орон дээр уйлж байхаар нь би хүүгээ дуугүй болгох гээд байж байхад Отгонбат Батбаатарын нүүрэн тус газар нь цохиж цус гаргасан байсан. Эрдэнэбаяр ах Отгонбатыг тэврээд газар унасан. Отгонболдыг заазуураа тавь гэхэд тавихгүй байхаар нь Ганчимэг, Цэцгээ эгч 2 Отгонбатын хоолойг тогооны залгуураар боож гарыг нь сулруулж заазуурыг тавилсан. Нэг харахад Эрдэнэбаяр ах Отгонбатын дээр суучихсан униар нүүрэн тус газар нь цохиж байсан. Тэгээд Отгонбатын хөл болон гарыг нь кабелийн утсаар холбож уясан. Сүүлд Отгонбатыг заазуур барих үед Мөнхжаргал, Батжаргал, Эрдэнэбат нар заазуурыг тавиулах гээд цохиулсан. Отгонбатын биед Эрдэнэбаяр ах униар цохиж гэмтэл учруулсан. Xapин Батбаатар, Meнxжаргал нарын биед Отгонбат заазуураар гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-27/,

- Яллагдагч Н.Эрдэнэбаярын гэрчээр өгсөн мэдүүлэгт: “... Удалгүй Цэцгээ Уртнасан, Ганчимэг гурав цуг орж ирсэн. Ганчимэгийг яагаад буцаад орж ирснийг асуухад Уртнасан хэлэхдээ гадаа Отгонбат, Ганчимэгийг зодоод байж байна. Би нөхөртөө зодуулаагүй байхад миний дүүг зодож байна гэж хэлж байсан. Удалгүй гаднаас Отгонбат орж ирсэн чинь Уртнасан, Отгонбатыг хоёулаа уулзъя гээд дагуулж гадаа гарсан. Тэгээд гаднаас Уртнасан түрүүлж орж ирсэн, дараа нь Отгонбат орж ирээд та нар намайг муулаад байна гэхээр нь би Отгонбатад хандаж тийм юм байхгүй, таныг муулсан хүн байхгүй та наашаа суу гэхэд Отгонбат хаалганы ертөнцийн зүгээр зүүн урд талын шүүгээн дээр ил байсан бор өнгийн модон иштэй заазуурыг авч баруун гартаа барихаар нь Мөнхжаргал Отгонбатыг ах ийшээ суу гэхэд Отгонбат Мөнхжаргалын хүзүүн тус газар нь цохих шиг болох үед Батбаатар салгах гээд очиход Отгонбат заазуураа эргүүлэн барьж иргүй хэсэг буюу заазуурын урд хэсгээр Батбаатарын нуруун тус газар нь 2 удаа цохисон. Мөн дараа нь харахад Батбаатар баруун гарын шуун хэсэгт нь зүссэн байсан. Намайг салгах гээд очиход Отгонбат намайг дарж унагаасан. Тэгээд би Отгонбатыг босгохгүй гээд тэврээд газар хэвтэж байхдаа Уртнасанг Отгонбатаас заазуурыг нь аваадах гэхэд Уртнасан нийлэхгүй байна гэхэд Ганчимэг, Отгонцэцэг хоёр халуун тогооны залгуур бариад Отгонбатын хоолойг нь бооход, Отгонбат гартаа барьж байсан заазуураа тавьсан. Тэгээд би босч Отгонбатыг алгадаж сэрээсэн. Отгонбатыг алгадаж сэрээхэд та нар ямар зэвүүн пизда нар бэ гээд над руу дайрахаар нь би тонгорч унагаагаад газар хэвтүүлээд Отгонбаярын дээр нь суухад миний хажуу талд унь байхаар нь би уг унийг авч униараа Отгонбатын нүүрэн тус газар 2 удаа цохиж уруул болон хамарнаас нь цус гаргасан. Гэрийн баруун урд талд кабелийн утас байхаар нь авч Отгонбатын гар болон хөлийг нь холбож уясан. Тэгээд би Сарангоод хандаж цагдаа болон түргэн тусламж дууд гээд дуудлага өгүүлсэн. Бид нар нийлж Отгонбатыг цохисон удаа байхгүй. Отгонбатыг би униар нүүрэн тус газар нь цохиж гэмтэл учруулсан. Отгонбатыг боож унагаасан гэх кабелийн утас болон унь одоо Замын-Үүд сумын 3 дугаар баг Соёмбын гудамжны 7-6 тоот буюу манай гэрт байгаа...” гэсэн мэдүүлэг /хx-ийн 28-29/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 438 дугаартай шинжээч П.Гаваасүрэнгийн “...Д.Мөнхжаргалын биед хүзүүний ар талд шарх, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ, дээрх гэмтлүүд нь дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1” дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт хx-ийн 44/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 441 дугаартай шинжээч П.Гаваасүрэнгийн “Ц.Отгонбатын биед хамрын баруун талд шарх доод уруулын баруун талд язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1” дэх хэсэгт зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хx-ийн 48/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 437 дугаартай шинжээч П.Гаваасүрэнгийн "...Б.Батбаатарын биед зүүн нүдний дээд талд, зулгаралт хамрын нурууны зүүн талд ташуу зүсэгдсэн шарх, баруун шууны дотор дээд талд зүсэгдсэн шарх, хүзүүний ар талд зулгаралт, хүзүүний баруун талд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтлүүдийн хамрын нурууны зүүн талд ташуу зүсэгдсэн шарх гэмтлүүд нь дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтсох журмын 2.4.1” дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт зүүн нүдний дээд талд зулгаралт, хүзүүний ар талд зулгаралт, хүзүүний баруун талд цус хуралт гэмтлүүд нь дангаараа болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно, гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хx-ийн 52/,

- 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Т.Цагааннохойн “...Ц.Отгонбатыг согтууруулах ундаа уусан эсэхийг тогтоох зорилгоор DA-800 гэсэн драйгер багажаар үлээлгэн шалгахад согтуурлын зэрэг 1.69 хувьтай гарсан...” гэсэн согтуурал шалгасан тэмдэглэл /хx-ийн 07/,

- 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Т.Цагааннохойн “...Н.Эрдэнэбаярын согтууруулах ундаа уусан эсэхийг тогтоох зорилгоор DA-800 гэсэн драйгер багажаар үлээлгэн шалгахад согтуурлын зэрэг 1.10 хувьтай гарсан...” гэсэн согтуурал шалгасан тэмдэглэл /хx-ийн 08/,

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/,

- Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80, 110/ болон бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай баримтууд байх тул шүүх тогтоолдоо үндэслэв.

2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Соёмбын 7-6 тоот Н.Эрдэнэбаярын гэрт Ц.Отгонбат, Н.Эрдэнэбаяр, Б.Батбаатар, Д.Мөнхжаргал, Уртнасан, Ганчимэг нар нь архи ууцгааж улмаар Ц.Отгонбат нь зэвсэг хэрэглэн танхайрч Б.Батбаатар, Д.Мөнхжаргал нарыг заазуурдан тэдний бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл, Н.Эрдэнэбаяр нь Ц.Отгонбатыг гэрт агсам тавьлаа гэж тухайн үйлдлийг таслан зогсоох үйлдэл хийхдээ Ц.Отгонбатыг газар унагааж, униар нүүрэн тус газарт нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч  Ц.Отгонбатыг  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Соёмбын 7-6 тоотод Б.Батбаатартай ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж улмаар зэвсгийн чанартай зүйл болох заазуураар Б.Батбаатар, Д.Мөнхжаргал нарыг зүсэж бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан танхайрсан,

Шүүгдэгч Н.Эрдэнэбаярыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Соёмбын 7-6 тоотод Ц.Отгонбатыг гэрт агсам тавьлаа гэж маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. 

Шүүгдэгч Ц.Отгонбат нь хохирогч Б.Батбаатар, Д.Мөнхжаргал нартай маргалдаагүй, тэдний хооронд ямар нэгэн хувийн таарамжгүй харьцаа бий болоогүй байхад Б.Батбаатар, Д.Мөнхжаргал нарыг үл хүндэтгэн эрх чөлөөнд нь халдаж танхайрсан байх ба танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив тал нь нийгмийн хэв журмыг зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүний эрх чөлөө, эрүүл мэндэд халдсан үйлдэл байх бөгөөд уг хэргийн субьектив тал нь санаатай, ямар ч шалтаг шалтгаангүй, урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн сэдэлттэй байдаг. Шүүгдэгч Ц.Отгонбатын дээрх үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул түүнийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Отгонбат нь бусдыг үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, ямар ч шалтгаангүйгээр иргэн Б.Батбаатар, Д.Мөнхжаргал нарыг заазуурдан хөнгөн гэмтэл учруулан танхайрсан, шүүгдэгч Н.Эрдэнэбаяр нь Ц.Отгонбатыг гэрт агсам тавьлаа гэх шалтгаанаар түүнийг униар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогч Б.Батбаатарын “...Мөнхжаргал гэрийн зүүн хойд хэсэгт уначихаар нь би Отгонбат руу очиход Отгонбат барьж байсан заазуураа дахин далайгаад миний нүүрийг зүсчих шиг болсон...” гэсэн, хохирогч Д.Мөнхжаргалын “...гэрт орж ирээд гэрийн зүүн урд талд шүүгээн дээр байсан бор өнгийн модон иштэй заазуурыг барихаар нь би заазуурыг нь авах санаатай очиход Отгонбат заазуураа бариад миний өөдөөс далайгаад байхаар нь Отгонбатыг тэвэрч байхад гэнэт миний хүзүүнд байсан эрх тасарч миний толгой эргээд газар унасан...” гэсэн, гэрч Б.Сарангоогийн “...Нэг харахад Эрдэнэбаяр ах Отгонбатын дээр суучихсан униар нүүрэн тус газар нь цохиж байсан...” гэсэн мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтүүд, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ц.Отгонбатыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг зөрчиж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн танхайрсан, шүүгдэгч Н.Эрдэнэбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Эрдэнэбаярын үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасны дагуу 2015 оны Эрүүгийн хуулиар өөрчилж зүйлчлэх үндэслэлгүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Ц.Отгонбатын үйлдсэн гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар зүйлчилж ирүүлсэн зүйл анги нь 2015 оны Эрүүгийн хуулиар үйлдэл, эс үйлдэхүй нь хэрэгт тооцогдохгүй болсон тул 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул хөнгөрүүлэн өөрчилж, тухайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Эрдэнэбаяр, Ц.Отгонбат нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  анх удаа гэмт хэрэг үйлдснийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Ц.Отгонбат, Н.Эрдэнэбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн 25 см урттай, бариул дээрээ 2 ширхэг тавтай 1 ширхэг заазуурыг тогтоол хүчинтөгөлдөр болмогц утсгаж, шүүгдэгч Н.Эрдэнэбаярын Ниссан маркийн 76-00 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Н.Эрдэнэбаярт буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Оорцог овогт Цэндийн Отгонбатыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Харчин овогт Няндавын Эрдэнэбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Оорцог овогт Цэндийн Отгонбатыг хоёр       хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Харчин овогт Няндавын Эрдэнэбаярыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Оорцог овогт Цэндийн Отгонбатыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Ц.Отгонбатад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт  4 /дөрөв/-өөс дээшгүй цагаар тогтоосугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Отгонбат нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг  1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч Ц.Отгонбат, Н.Эрдэнэбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэхь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн 25 см урттай, бариул дээрээ 2 ширхэг тавтай 1 ширхэг заазуурыг тогтоол хүчинтөгөлдөр болмогц утсгахыг эд мөрийн баримт утсгах комисст даалгасугай.

9. Мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Ниссан маркийн 76-00 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг Н.Эрдэнэбаярт буцаан олгосугай.

10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эрдэнэбаярт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Отгонбатад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.БОЛОРМАА                    

ШҮҮГЧИД                               А.ЦЭРЭНХАНД

                                                Б.НАРМАНДАХ