Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 26

 

 

Ц.О, Н.Э нарт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

      Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Прокурор: Э.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.С,         

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Бмаа даргалж, шүүгч Б.Нармандах, А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар шүүхийн тогтоолтой, шүүгдэгч Ц.О, Н.Э нарт холбогдох, эрүүгийн 201610010228 дугаартай, 1 хавтас, 229 хуудас эрүүгийн хэргийг прокурор Э.Бын гаргасан эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: О -нд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар,

 

Шүүгдэгч: Э -т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ. 

 

Яллагдагч Ц.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг ***тоотод Б.Бтай “би шоронд сууж байсан, чи надтай яаж харьцаад байгаа юм бэ” гэх ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар зэвсгийн чанартай зүйл болох заазуураар Б.Б, Д.М нарыг зүсэж бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан танхайрсан,

Яллагдагч Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, ***тоотод Ц.Оыг “гэрт агсам тавилаа” гэж маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.О, Н.Э нарт холбогдох эрүүгийн 201610010228 тоот хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ц.О, Н.Эрдэнбаяр нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хэрэгт хураагдан ирсэн бор өнгийн 25 см урттай, бариул дээрэ 2 ширхэг тавтай 1 ширхэг заазуурыг хэргийн хамт Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газарт хүргүүлж, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн мөрдөн байцаагчийн шүүгдэгч Н.Эын ниссан маркын 76-00 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Прокурор Э.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ц.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг ***тоотод Б.Бтай “би шоронд сууж байсан, чи надтай яаж харьцаад байгаа юм бэ” гэх ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар зэвсгийн чанартай зүйл болох заазуураар Б.Б, Д.М нарыг зүсэж бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Хохирогч Д.Мын “...Ганчимэгийн хажууд хэсэг сууж байгаад гараад явсан. Тэгээд О гадаа 30-40 минут болж байгаад гэрт орж ирээд гэрийн зүүн урд талд шүүгээн дээр байсан бор өнгийн модон иштэй заазуурыг барихаар нь би заазуурыг нь авах санаатай очиход О заазуураа бариад миний өөдөөс далайгаад байхаар нь Оыг тэвэрч байхад гэнэт миний хүзүүнд байсан эрх тасарч миний толгой эргээд газар унасан. Тухайн үед О бид хоёрын хооронд хэрүүл маргаан зодоон гэх зүйл болоогүй. О ямар шалтгаанаар миний бие махбодид гэмтэл учруулсныг мэдэхгүй байна. О заазуураар миний хүзүүг зүсэж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

Хохирогч Б.Бын “...Хэсэг хугацааны дараа О орж ирээд гэрийн зүүн талд тавиур дээр байсан бор өнгийн модон иштэй заазуурыг авахаар нь М О руу чиглэн очиход О барьж байсан заазуураа далайх шиг болсон чинь М гэрийн зүүн хойд хэсэгт уначихаар нь би О руу очиход О барьж байсан заазуураа дахин далайгаад миний нүүрийг зүсчих шиг болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

Гэрч Б.Сарангоогийн “...О гэнэт гэрийн зүүн талын шүүгээ дээр ил байсан модон иштэй заазуурыг баруун гартаа барихаар нь М тухайн үед гэрийн зүүн талд сууж байсан ба О ахаа ийшээ суу гээд сандлаа тавьж өгөхөд О Мын хүзүүн тус газар цохих шиг болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-р хуудас/,

Яллагдагч Н.Эын гэрчээр өгсөн мэдүүлэгт “...Тэгээд гаднаас Уртнасан түрүүлж орж ирсэн, дараа нь О орж ирээд та нар намайг муулаад байна гэхээр нь би Оад хандаж тийм юм байхгүй, таныг муулсан хүн байхгүй, та наашаа суу гэхэд О ертөнцийн зүгээр хаалганы зүүн урд талын шүүгээн дээр ил байсан бор өнгийн модон иштэй заазуурыг авч баруун гартаа барихаар нь М Оыг ах ийшээ суу гэхэд О Мын хүзүүн тус газар нь цохих шиг болох үед Б салгах гээд очиход О заазуураа эргүүлэн барьж иргүй хэсэг буюу заазуурын урд хэсгээр Бын нуруун тус газар нь 2 удаа цохисон. Мөн дараа нь харахад Б баруун гарын шуун хэсэгт нь зүссэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-х хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Баярмагнай, шүүгдэгч Н.Э нар нь "... Д.М, Б.О 2-н хооронд ямар нэг маргаан зодоон болоогүй, харин О нь Бтай маргалдсан” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Танхайрах гэмт хэргийн обьектив талын үндсэн шинж нь орчин тойрны хүмүүсийн тайван байдлыг алдагдуулдаг бол субьектив тал нь гэм буруугийн шууд санаатай байх бөгөөд сэдэлт нь бусдыг илтэд үл хүндэтгэсэн танхайн сэдэлттэй байдаг. Монгол Улсын Дээд Шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дугаартай тогтоолд “танхайн гэмт хэрэг нь догшин зан авир, ямар ч шалтаг шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл марган өдөх ... хүч хэрэглэх буюу хэрэглэхээр заналхийлэх үйлдлээр илэрдэг. Мөн танхайрах үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй байдаг” гэж тайлбарласан байдаг.

 

Мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч, хохирогч нарын мэдүүлэгт Ц.О нь ямар нэг шалтгаангүйгээр нийгмийн хэв журам зөрчиж зэвсгийн чанартай зүйлийг хэрэглэж Д.Мыг өөдөөс нь очих үед гартаа барьж байсан заазуураа далайж улмаар хүзүүн тус газар нь зүсэж бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, мөн дээрх танхайн үйлдлээ үргэлжлүүлэн хохирогч Б.Бын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь танхайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх нь гэрч Д.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... гэрийн зүүн хойд талд эхнэр Ганчимэгийнхээ хажууд суухад Б Оад хандаж эхнэрээ зодож болохгүй гэсэн чинь О нь эхнэрээ Бтай хардсан бололтой” гэх, гэрч С.Баярмагнайгийн шүүх хуралдаанд “... нөхөр О нь намайг ер нь их харддаг. ... тухайн үед намайг явъя гэхээр нь би жаахан сууя гэсэн чинь хэндээ хорогдоод байгаа юм гээд намайг өшиглөсөн” гэх мэдүүлгээс үзэхэд танхайн гэмт хэргийн сэдэлт байсан эсэх талаар эргэлзээтэй гэж дүгнэсэн байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т “Шүүх сонсгосон ялыг хөнгөрүүлэх эрхтэй” гэсний дагуу хэргийг шийдвэрлэх боломжтой байсан.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх энэ хэргийг тал бүрээс нь нотлохын тулд тухайн сэдэлт нь юунаас болсон юм бэ гэдгийг тогтоох шаардлагатай гэж үзсэн. Тэгэхээр мөрдөн байцаалтын шатанд үнэхээрийн хувийн хардалтаас болсон юм уу, эсхүл танхайрах явцдаа О хутга хэрэглэсэн юм уу гэдгийг тогтоогоогүй. Хэргийн материалтай танилцахад О, Түмэнбаяр, Б, Сарангуа эдгээр хүмүүс өдөржингөө, оройжингоо архи уусан байдаг. Энэ явцад ямар нэгэн байдлаар танхайн асуудал гаргаагүй. Тэд нартай хэрэлдсэн зүйл байхгүй, зодолсон асуудал байхгүй. Ямар нэгэн байдлаар хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэсэн зүйл байхгүй. Гэтэл өөрийн эхнэр Баярмагнайгаа удаа дараа явъя гээд байхаар нь эхнэр нь явахгүй байсан. 10-20 минутын дараа гэрээс гарахдаа чи ер нь хэндээ хорогдоод байгаа юм гээд авгайгаа хардсан. Эхнэрээ нэг өшиглөсөн чинь тухайн үед гадаа гарсан гэрч Сарангуа гэрт оруулж ирсэн. Энэ явцад заазуурыг хэрэглэсэн. Шүүхийн хэлээд байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-т заасан сэдэлт тогтоогдохгүй байна. Тэгэхээр хардалтаас болж хутгыг хэрэглэсэн юм уу, танхайн явцдаа энэ хутгыг хэрэглэсэн юм уу, үгүй юм уу гэдгийг тогтоох шаардлагатай байна. Нөгөө талаар хэргийн бодит үнэнийг тогтооход эрх зүйн байдлыг дээрдүүлэхэд уг сэдэлтийг тогтоох шаардлагатай байна. Тийм учраас улсын яллагчийн гаргасан эсэргүүцлийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хэргийг хянан хэлэлцвэл 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Н.Эын гэрт Д.М, Б.Б, А.Уртнасан, С.Баярмагнай, Ц.О, С.Отгонцэцэг нар нь Б.Бын төрсөн өдрийг тэмдэглэсэн ба шүүгдэгч Ц.О нь согтсон үедээ Б.Бт “би шоронд сууж байсан, чи надтай яаж харьцаад байгаа юм бэ” гэх мэтээр ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар заазуураар Б.Б, Д.Мыг хүзүү, нүүрэн тус газар нь зүсэж, биемахбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан танхайрсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар,  шүүгдэгч Н.Э нь Ц.Оыг гэрт агсам тавилаа гэж маргалдсаны улмаас нүүрэн тус газар нь цохиж биемахбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар тус тус яллуулахаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлжээ.

 

Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ц.Оын үйлдсэн гэмт хэргийн сэдэлтийг бүрэн тогтоогоогүй, энэ ажиллагаа нь шүүх хуралдааны шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан нь үндэслэлгүй болсон байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Оын үйлдэлд танхайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж бүрэн тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэх эрх хэмжээ  байхад хэргийг буцаасан  нь буруу болжээ.

 

Хавтаст хэрэгт гэрч болон хохирогч нарыг хангалттай байцаасан, шүүгдэгч болон хохирогч Д.М нарыг нүүрэлдүүлэн байцаах зэрэг ажиллагаанууд хийгдсэн байна.

 

Иймд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шийдвэрлэх, эсхүл гэрч, хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах замаар гэмт хэргийн сэдэлтийг тогтоох, улмаар Эрүүгийн хуулийн 181-р зүйлийн 181.3-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн  13.2, 246-р зүйлийн 246.1-т нийцүүлэн шийдвэрлэх боломжтой гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүхийн шүүгдэгч Ц.Оын үйлдэлд хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.1-д зааснаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байх ба энэ тухай бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 06 тоот шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.О, Н.Э нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд буцаасугай.

2. Энэхүү магадлалд гомдол гаргах болон прокурор эсэргүүцэл бичих эрхгүйг тус тус дурьдсугай.

 

       

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                     ШҮҮГЧИД                                  О.ОДНЯМАА

 

                                                                                        А.САЙНТӨГС