Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 94

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа

Улсын яллагч Э.Болор

Иргэдийн төлөөлөгч Н.Нарантунгалаг

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхзул

Шүүгдэгч Ц.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Номгон овогт Цэрэнпилийн Отгонбаатарт холбогдох эрүүгийн 201610010110 тоот хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь  аймгийн Сайншанд суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сайншанд сумын 4-р баг Точикийн байрны 5-4 тоотод оршин суух, Их Номгон овогт Цэрэнпилийн Отгонбаатар /РД: ЕС81082113/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Отгонбаатар нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт гудамж талбайд олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин иргэн Л.Сугарлхагвын гуян тус газар нь хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ц.Отгонбаатар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: “2016 оны 05 сарын 12-ны өдөр 13-14 цагийн үед өөрийн найз Нямдаваатай хамт Оточ угаалгын газрын ойролцоо байдаг найзых нь гэр лүү Түмний хишиг нэртэй 1 л архи аваад орсон юм. Бид хоёрыг орох үед Нямдаваагийн найз гэх үл таних эмэгтэй

ганцаараа байж байсан. Бид 3 нийлж архийг хувааж уусан. Архи уугаад сууж байхад гаднаас Шар Тулга орж ирсэн, орж ирэхдээ гартаа труба төмөр барьчихсан байсан анх орж ирэхэд нь анзаараагүй юм. Тэгээд үгийн зөрөөгүй Нямдаваа бид хоёрын нуруун тус газарт трубагаар нэг нэг цохиж унагачихаад гэрээс гарчихсан. Түүнд цохиулсаны дараа бие арай гайгүй болохоор би Шар Тулга гэх залуугийн араас гарсан бөгөөд гэрээс гарахдаа ширээн дээр нь байсан хутгийг авч гарсан юм. Намайг гарч очиход Шар Тулга байшингийн гадаа труба төмрөө барьчихсан зогсож байхаар нь би түүн рүү очиж муудаж хэрэлдсэн. Тэр үед Шар Тулга надаас зугтаагаад байсан бөгөөд тухайн үед миний танил Сугарлхагва үл таних 2 залуугийн хамт ирсэн. Хаанаас гарч ирсэн гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд л Шар Тулга бид хоёрыг хоорондоо муудалцаад зогсож байхад Сугарлхагва бид хоёрын дундуур ороод яагаад хоорондоо муудалцаад байгаа юм одоо муудаж сайдахаа боль гэж хэлсэн. Тэр үед нь би Шар Тулгыг баруун гараараа заамдаад зүүн гартаа хутга барьчихсан зогсож байсан юм. Тэгээд л Шар Тулга бид хоёрыг Сугарлхагва салгах гэж голоор орж байснаа чи намайг хутгалчихлаа ш дээ гэж хэлсэн. Тэр үед нь юу яриад байгаа юм, би чамайг яасан гэж хутгалдаг юм гэж хэлээд түүн рүү харахад баруун хөлнөөс нь цус гарч байсан. Л.Сугарлхагва бид хоёрын хооронд ямар нэгэн маргаан болоогүй. Баттулга намайг нуруу луу турбагаар цохиод бид хоёр маргалдаж байхад Л.Сугарлхагва дундуур ороод хутгалуулсан. Миний буруу хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би болгоомжгүй хутгалсан. Эмнэлэгт хүргэж өгсөн эмч нь цагдаа руу ярихаар нь айсандаа явсан...” гэжээ /хх-ийн 115-116/

- Хохирогч Л.Сугарлхагва мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2016 оны 05 сарын 12-ны өдөр 16 цагийн үед Оточ автозасварын гадаа явж байхад Тулга, Оогий хоёр нилээн согтуу хоорондоо маргасан зогсож байсан ба тухайн үед Оогий савхин куртикнийхээ баруун талын ханцуйнаас цайвар өнгийн бариултай, хурц иртэй хутга гаргаж ирэхээр нь би Тулгийг түлхэж Оогийгоос барьж байсан хутгийг нь авах гээд хойшоо хартал Оогий миний зүүн талын өвдөгний дээд тал буюу гуяанд хутгалсан. Тухайн үед би өмдөндөө шээсэн юм шиг болсон. Цус их алдсан байсан тул ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн байсан. Тухайн үед миний ухаан санаа балартсан байсан намайг оёо хийлгээд дуусахад байцаалт авсан би тэгэхэд Тулга гэж хэлсэн байсан. Баттулга намайг хутгалаагүй. Ц.Отгонбаатар, Баттулга хоёр тэр айлаас хөөгдсөн бололтой цуваад гарч ирсэн тэгээд гадаа маргалдаад Ц.Отгонбаатар хутга барьчихсан байхаар нь би ямар нэгэн юм болж магадгүй гээд очоод боль гээд Ц.Отгонбаатартай урд нь цуг ажиллаж байсан болохоор надад хутгаа өгчих болов уу гэж бодоод Баттулгын цааш нь түлхээд эргээд Ц.Отгонбаатар луу хартал гуянаас цус гарсан тэгээд би цаашаа очоод суусан тэгээд сайн мэдэхгүй байна нэг мэдсэн эмнэлэгт ирчихсэн байсан. Ц.Отгонбаатар бид хоёрын хооронд муудсан маргалдсан зүйл болоогүй. Надад гомдол санал байхгүй, 398,000 төгрөгний эмчилгээ хийлгэсэн тэр мөнгөө гаргуулж авна...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/

-Хохирогч Л.Сугарлхагвын шүүхэд гаргасан өгсөн хүсэлтэндээ: Санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж  өгнө үү гэжээ.

- Гэрч Л.Баттулгын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: “2016 оны 05 сарын 12-ны өдөр Дорноговь аймаг Эрдэнэ сумын ногоо тарьдаг 18-н худаг гэх газраас Дорноговь аймаг Замын-Үүд сум руу замын унаагаар ирсэн. Замын-Үүд суманд ирээд дөрвөн замын уулзварын 8-н нэрийн дэлгүүрээс Түмний хишиг гэх нэртэй 0,75 л архи 2 шилийг авч Хууц Оогий буюу Ц.Отгонбаатар бас танихгүй 2 хүнтэй Шилэн кафены ертөнцийн зүгээр хойд талд нь уг дэлгүүрээс авсан архиа хувааж уусан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байсан учир Хууц Оогий буюу Ц.Отгонбаатартай яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Маргааш өглөө нь буюу 2016 оны 05 сарын 13-ны өдөр Ц.Отгонбаатартай өндөр худгын орчимд тааралдахад би Сайншанд явлаа өчигдөр архи хэрэглэсэн үедээ Л.Сугарлхагвыг хутгалсан байна гэж хэлж байсан. Тэр өдрөөс хойш би Л.Сугарлхагва болон Ц.Отгонбаатартай уулзаагүй. ...Тухайн үед би архи их хэмжээгээр хэрэглэсэн байсан ба тухайн үед Ц.Отгонбаатартай маргалдаж байснаа санаж байсан. Дараа нь юу болсон талаар санахгүй байна. Хамгийн сүүлд Ц.Отгонбаатараас өөрөөс нь Л.Сугарлхагвыг хутгалсан талаар сонссон...” гэжээ /хх-ийн 86/

- Гэрч Б.Нямдаваагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: “Тухайн өдөр 08 цагт ажлаасаа буугаад гэртээ байж байхад 10 цагийн орчимд миний танил Баяраа утсаар залгаж хаана байгаа юм, Оточ засварын хажууд байх Нандиагийн гэрт хүрээд ир ганц нэг шил архи хувааж ууя гэж хэлсэн. Утсаар ярьж дууссаны дараа 11 цагийн орчимд Нандиагийн гэрт очсон. Намайг очих үед Баяраа, Баттулга /Шар Тулга/, Отгонбаатар нар архи уучихсан Нандиа архи уугаагүй байж байсан. Намайг очсноос хойш Отгонбаатар, Баттулга, Баяраа бид дөрөв нийлж 2-3 шил архи хуваан уусан. Архи ууж байгаад 14 цагийн орчимд Баяраа гэр лүүгээ харьлаа гэж хэлээд Нандиагийн гэрээс гарсан юм. Түүнийг гарснаас хойш Отгонбаатар, Баттулга бид гурав 1 шил улаан бөглөөт архийг хуваан уусан ба архи ууж байхдаа Баттулга, Отгонбаатар нар хоорондоо маргалдаж байгаад, хоёулаа гараад уулзъя гэж ярилцаад Нандиагийн гэрээс гарч явсан. Тэр үед нь Нандиа бид 2 байшинд үлдсэн юм. Түүнээс хойш юу болсон гэдгийг мэдэхгүй байна...“ гэжээ /хх-ийн 90-92/

- Гэрч Б.Нандинчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: “Тухайн өдөр намайг гэртээ байж байхад миний танил Баттулга, Баяраа нар дүү нар нь хөдөө яваад ирлээ гэж хэлээд манай гэрт ирсэн. Тухайн үед хөдөөнөөс ирэхдээ Баттулга мөнгөтэй ирсэн болохоор архи авч хуваан ууцгаасан, архи ууж байхдаа маргааш нөгөөдрөөс эргээд ажилдаа явна гэж ярьж байсан. Түүний дараа архи ууж байхад үл таних Отгонбаатар, Нямдаваа нар ирсэн. Толгой өвдөөд байхаар нь хэвтэж амарлаа гэж хэлээд амарчихсан юм. Түүнээс хойш юу болсон гэдгийг сайн санахгүй байна. Манай гэрт ямар нэгэн зодоон болоогүй хэрэв хоорондоо зодолдсон бол би сэрээд гэрээсээ хөөж гаргах байсан юм. Хэрэв хоорондоо зодолдсон бол би мэдэх байсан юм...” гэжээ. /хх-ийн 93/

- Гэрч О.Одхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: “... Л.Сугарлхагва бид хоёрыг Нандиагийн гэрийн гадаа очиж түүний байшингийн цонхийг нь тогшоод нэг шил архи гуйж аваад буцаад явах гэтэл Нандиагийн байшингийн гадаа Шар Тулга, Отгонбаатар нар хоорондоо муудаад байж байсан тэр үед нь Л.Сугарлхагва Ц.Отгонбаатар, Шар Тулга нарыг салгах гээд дундуур нь орсон бөгөөд гэнэт л би хутгалуулчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би өмсөж явсан фудболкоо ураад Сугарлхагвын гуяийг нь ороогоод такси бариад Отгонбаатар гэх залуутай хамт эмнэлэг рүү хүргэж өгсөн. Би эмнэлгийн хүлээн авах руу Сугарлхагвыг  оруулчихаад эмнэлгээс гарч ирэхэд Отгонбаатар хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болчихсон байсан...” гэжээ /хх-ийн 95-96/    

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 236 тоот шинжээчийн:

1.Л.Сугарлхагвийн биед зүүн гуяны гадна дунд хэсэгт гуяны хажуугийн шулуун булчинг тасалсан хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 22/

  • Шүүгдэгчийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24/
  • Шүүхийн шийтгэх тогтоол болон шүүгчийн захирамжууд /хх-ийн 26-52/
  • Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 106/

- Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 136-137/

-Гэрч О.Одхүү, Б.Нямдаваа, Б.Нандинчимэг, Х.Шоовдор, Я.Байгалмаа нарыг дахин байцаасан тэмдэглэл /2-р хх-ийн 19-25/

- Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /2-р хх-ийн 26-27/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

 Шүүгдэгч Ц.Отгонбаатар нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт гудамж талбайд олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин иргэн Л.Сугарлхагвын гуян тус газар нь хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар зүйлчилжээ. Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь хэрэгт цугласан хохирогч Л.Сугарлхагвын “...Ц.Отгонбаатар, Баттулга хоёр тэр айлаас хөөгдсөн бололтой цуваад гарч ирсэн тэгээд гадаа маргалдаад Ц.Отгонбаатар хутга барьчихсан байхаар нь би ямар нэгэн юм болж магадгүй гээд очоод боль гээд Ц.Отгонбаатартай урд нь цуг ажиллаж байсан болохоор надад хутгаа өгчих болов уу гэж бодоод Баттулгыг цааш нь түлхээд эргээд Ц.Отгонбаатар луу хартал гуянаас цус гарсан тэгээд би цаашаа очоод суусан ...” гэх мэдүүлэг, гэрч О.Одхүүгийн “...Л.Сугарлхагва бид хоёрыг Нандиагийн гэрийн гадаа очиж түүний байшингийн цонхийг нь тогшоод нэг шил архи гуйж аваад буцаад явах гэтэл Нандиагийн байшингийн гадаа Шар Тулга, Отгонбаатар нар хоорондоо муудаад байж байсан тэр үед нь Л.Сугарлхагва Ц.Отгонбаатар, Шар Тулга нарыг салгах гээд дундуур нь орсон бөгөөд гэнэт л би хутгалуулчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх, шинжээчийн 236 дугаар дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.Отгонбаатарын үйлдсэн гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар зүйлчилж ирүүлсэн зүйл анги нь 2015 оны Эрүүгийн хуулиар үйлдэл, эс үйлдэхүй нь хэрэгт тооцогдохгүй болсон тул 2015 оны Эрүүийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-ийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Отгонбаатарын үйлдсэн хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэгдэх бөгөөд уг хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Их Номгон овогт Цэрэнпилийн Отгонбаатарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Их Номгон овогт Цэрэнпилийн Отгонбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Ц.Отгонбаатарыг мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

4. Шүүгдэгч Ц.Отгонбаатар нь энэ хэрэгт нийт 157 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Отгонбаатарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Энэ шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                                    Э.БОЛОРМАА

ШҮҮГЧИД                                         Б.НАРМАНДАХ

                                                          А.ЦЭРЭНХАНД