Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 03

 

                  Ц.От  холбогдох 
    эрүүгийн хэргийн тухай

         Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

прокурор Д.Д,
шүүгдэгч Ц.О,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.У,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

           Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Л.Батжаргал, А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлсэн, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ц.От холбогдох, эрүүгийн 201610010110 дугаартай, 1 хавтас, 222 хуудас бүхий эрүүгийн хэргийн шүүгдэгч Ц.О, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.У нарын давж заалдсан гомдлыг үндэслэн  давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

        Шүүгдэгч: О-т холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.  

        Шүүгдэгч Ц.О нь 2016 оны 5 сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар  багийн нутаг дэвсгэрт гудамж талбайд олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин иргэн Л.Сын гуян тус газар нь хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. 

          Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Оыг зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

        Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар шүүгдэгч Ц.Оыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялар шийтгэж,

          Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-т зааснаар шүүгдэгч Ц.От оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

        Монгол Улсын Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ц.Оын цагдан хоригдсон 93 хоногийг түүний ял  эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

         Шүүгдэгч Ц.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, 

        Хохирогч Л.Са нь нотлох баримтаа бүрдүүлэн хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, 

       Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.От урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

       Шүүгдэгч Ц.О давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Сыг хутгалаагүй тул оногдуулсан шийтгэлийг цагаатгаж өгнө үү гэжээ. 

      Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.У давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхээс шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт заасан зэвсгийн чанартай бусад эд зүйл ашиглан танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл болно. Учир нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт заасан зүйл ангиар ял оногдуулахдаа тус зүйл ангийн ердийн бүрэлдэхүүн болох 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдсан байхыг шалгах ёстой. 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.О нь бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн нь нотлогдон тогтоогдож, улмаар ийнхүү танхайрах үйлдлээ хэрэгжүүлэхдээ зэвсгийн чанартай эд зүйл ашиглаж үйлдсэн тохиолдолд 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой бөгөөд хохирогчид ямар нэгэн хохирол учирсан байхыг шаардахгүй. Гэтэл анхан шатны шүүхээс Ц.Оыг нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдлыг зөвхөн хохирогч Л.Сын биед гэмтэл учирсан үйл баримтын хүрээнд дүгнэж шийдвэрлэсэн үндэслэлгүй болжээ. 

Тодруулбал шүүгдэгчийн үйлдэлд танхайрах гэмт хэргийн обьектив тал, субьектив талын шинж тогтоогдохгүй байхад хохирогчид гэмтэл учирсан нь бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг зөрчсөн гэх үндэслэл болохгүй юм.

Шүүхээс хохирогч Л.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч О.Одхүүгийн мэдүүлэг, болон хохирогчид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн хуудас, өвчний түүх, шинжээчийн 236 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтыг үндэслэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Дээрхи нотлох баримтаар Ц.О гартаа хутга барьсан байсан, Л.Сын биед хөнгөн гэмтэл учирсан үйл баримт тогтоогдож байгаагаас биш Ц.О нь нийгмийн хэв журам зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн, санаатайгаар танхайрах гэмт хэргийг үйлдсэн талаар нотлож чадахгүй бөгөөд, шүүх хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэг нь Ц.О, гэрч Л.Б нарын хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн гарсан маргаанаас эхлэлтэй болох нь хэргийн материалд авагдсан гэрч Л.Б, Н, О.Одхүү, хохирогч Л.Са нарын мэдүүлгээр тогтоогддог бөгөөд тодорхой сэдэлтээр маргалдаж, зодолдсон зэрэг нь олон нийтийг илтэд хүндэтгэн үзээгүй, нийгмийн хэв журам зөрчөөгүй бол танхайн гэмт хэргийн шинжид хамааруулж үзэхгүй юм. Өөрөөр хэлбэл хохирогчийг идэвхитэй үйлдлээр хутгалж байхыг харсан гэрч байхгүй буюу хэрэг гарах үед хажууд байсан гэх гэрч Л.Б, Одхүү, мөн хохирогч өөрийг нь Ц.О хутгалж байхыг хараагүй, Ц.О хутгалснаа мэдээгүй байдаг. Мөн Ц.О нь хохирогч хутгалагдсаныг мэдсэн даруйдаа айж сандарсан, эмнэлэгт хүргэж өгсөн зэрэг үйл баримтаас харахад шүүгдэгч Ц.О хохирогчийг санаатайгаар хутгалсан гэх нөхцөл үгүйсгэгдэж байгаа юм. Гагцхүү Ц.О хутга барьж байсан гэдэг үндэслэлээр нь танхайн сэдэлтээр хохирогч Л.Сыг хутгалсан гэж үзэх боломжгүй.

Харин шүүгдэгч Ц.О нь хор уршиг учрах боломжтойг мэдсэн буюу мэдэх боломжтой нөхцөл байдалд бусдын бие махбодид санамсар болгоомжгүйгээс гэмтэл учруулав уу, эсхүл хохирогч өөрөө Ц.Оын барьж байсан хутганд хатгагдан шарх гэмтэл учирсан байж болох нөхцөл байдал тогтоогддог. Иймд Ц.Оын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн тус хуулийн 323 дугаар зүйлийн 323.1.1, 323.1.2 дах хэсэгт зааснаар Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 12 сарын 07-ны өдрийн 135 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.От холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

         Прокурор Н.А давж заалдсан гомдолд гаргасан тайлбартаа: Хохирогч Л.Са /хх-14, 83-85/, гэрч Л.Тулга /хх-86, 87/, Н /хх-93/, О.Одхүү нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.О нь согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг зөрчиж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон, түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж, ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Согтуугаар, хутга барин танхайрч бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулсан байхад хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх өмгөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй тул 135 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэжээ. 

        Прокурор Д.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: О Сатай ямар нэгэн байдлаар муудалцаагүй, маргалдаагүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа. Тийм учраас ямар ч шалтгаангүйгээр Сыг хутгалсан болох нь хохирогч Са, гэрч Б, Н, Одхүү нарын мэдүүлэг болон анхан шатны шүүхэд өгсөн өөрийнх нь өгсөн “тухайн үед миний гарт хутга байсан. Бд ямар нэгэн байдлаар хутга байгаагүй” гэсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар уг гэмт хэргийг О үйлдсэн гэдэг нь тогтоогдож байна. Сэдэлтийн хувьд ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.


ТОДОРХОЙЛОХ нь:

    Хэргийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл Ц.О, Л.Б нар нь Нгийн хамт Б.Нийн гэрт архи уусан ба архи ууж байхдаа Б, О нар нь маргалдаж, улмаар гадаа гарч уулзъя гээд Нийнхээс гарч гэрийн нь гадаа муудалцаад зогсож байхад хажуугаар нь явж байсан хохирогч Л.Са  маргааныг таслан зогсоох зорилгоор энэ 2 хүний дундуур орох явцдаа гуян тус газраа хутгалуулж хөнгөн гэмтэл авсан болох нь гэрч Б.Нгийн “ ... Нандиагийн гэрт очих үед Баяраа, Б, О нар архи уучихсан, Нандиа архи уугаагүй байж байсан. ... архи ууж байхдаа Б, О нар хоорондоо маргалдаж байгаад, хоёулаа гараад уулзъя гэж ярилцаад Нандиагийн гэрээс гарч явсан. Тэр үед нь Нандиа бид 2 байшинд үлдсэн, түүнээс хойш юу болсон гэдгийг мэдэхгүй “ гэсэн мэдүүлэг, гэрч О.Одхүүгийн “ ... Нандиагийн байшингийн гадаа шар Тулга, О нар хоорондоо муудаад байж байсан, тэр үед Са Ц.О, шар Тулга нарыг салгах гээд дундуур нь орсон бөгөөд гэнэт л би хутгалуулчихлаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, хохирогч Л.Са, шүүгдэгч Ц.Оын мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

        Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад шүүгдэгч нь гэрч Л.Бтай маргалдсан шалтгааныг бүрэн тогтоогоогүй байх ба  улмаар Л.Б, Ц.Отгонбааатар нарын муудалцах болсон сэдэлт, шалтгааныг тогтоолгүйгээр Сын биед танхайн сэдэлтээр гэмтэл учруулсан гэж үзэж, ял шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй юм. 

           Танхайн гэмт хэргийн субъектив тал нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байх бөгөөд сэдэлт нь бусдыг илтэд үл хүндэтгэсэн танхайн сэдэлттэй байх юм. Гэтэл Ц.Оын зүгээс Сын эсрэг чиглэсэн ийм шинжтэй үйлдлийг гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байхад хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлтийг анхан шатны шүүх хийсэн байна гэж үзлээ.

          Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх шүүгдэгч Ц.Оыг гудамж талбайд олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин иргэн Л.Сын бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж танхайрсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож, Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 551-р зүйлийн 551.1-ийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-т заасан шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.От холбогдох гэмт хэргийн талаар нотолбол зохих асуудлууд болох гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг бүрэн тогтоож чадаагүй байна.

            Иймд шүүгдэгч Ц.О нь хохирогч Сыг ямар санаа зорилгоор хутгалсныг тогтоох нь зүйтэй байна.

Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр мөрдөн байцаалтанд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч нарын зүгээс танхайн гэмт хэргийг үйлдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж,  харин шүүхийн тогтоол нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна гэсэн давж заалдах гомдол үндэслэлтэй байна гэж үзлээ.
    
      Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313 дугаар зүйлийн 313.1, 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 317.1.2, 318 дугаар зүйлийн 318.2.1, 319 дүгээр зүйлийн 319.1.1, 325 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

    1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газарт буцаасугай.

    2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар хэргийг прокурорт очтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    3. Энэхүү магадлалд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхгүйг тус тус дурьдсугай.

 

        ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.БАТЧИМЭГ 

                                   ШҮҮГЧИД                                            Г.ТЭГШСУУРЬ

                                                                                              А.САЙНТӨГС