Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 129/ШШ2018/00854

 

129/ШШ2018/00854

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бортолгой 51-07 тоотод байршилтай А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Ж сумын Бүрэн дунд сургуульд холбогдох

3.600.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ганзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК гаргасан нэхэмжлэлдээ: А ХХК нь Архангай аймгийн Ж сумын бүрэн дунд сургуульд хяналтын камерын ажлыг 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн. Тус ажлыг хийж гүйцэтгэх 3.600.000 төгрөг болсон. Тус сургууль нь төлбөрийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2 хувааж төлнө гэсэн боловч тус төлбөр төлөгдөөгүй байна. Иймд 3.600.000 төгрөгийг Архангай аймгийн Ж сумын бүрэн дунд сургуулиас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч А ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Манай байгууллага тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Жаргалант сумын бүрэн дунд сургуулийн захирлын ажлыг хүлээж авсан ба намайг хүлээж авахад сургуулийн орчин тойронд камер байсан хэдий ч ажилладаггүй байсан. Би ямар компани болон хувь хүн, ямар гэрээгээр тус камерийг суурилуулсан болохыг мэдээгүй. Манай сургуульд энэ талаарх нотлох баримт ч байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цэцгээ захиралтай утсаар холбогдоод сургуульд камер тавих талаар санал тавьж түүний зөвшөөрсний дагуу Ж сумын сургуульд очиж сургуулийн гадна 2 камер, дотор 5 камер тавихаар болсон. Камер тавихад кабель 400м, бичигч, хард диск, радиатор тэжээл 7 ширхэг, туслах материал, свич, салаалагч, ажлын хөлс ороод нийт 3635000 төгрөг болсон. Бид нар 2017 оны 5 сарын 13-ны өдрөөс 20-ны хооронд ажлаа хийсэн. Бид нарыг очиход Цэцгээ захирал өөрөө байсан. Бид нарыг сургуулийн дотуур байранд байрлуулсан. Тус сургуулийн нягтлан бодогч, нярав бид нарыг сургуульд камер тавьж байгааг мэдэж байсан. Үүнийг өмнөх шүүх хурлууд дээр өөрсдөө нотолсон гэж үзэж байна. Иргэнийхээ хувьд жилийн өмнө хийсэн ажлынхаа мөнгийг авч чадахгүй хохирч байна. Би итгэлцлийн үндсэн дээр энэ ажлыг хийсэн. Тийм учраас 3600000 төгрөгөө шүүхээр гаргуулж авмаар байна. Бид зах зээлийн дундаж үнээр камерын үнэлгээ гаргуулсан. Уг үнэлгээ нь 2750000 төгрөг болсон. Үнэлгээний байгууллагын үнэлсэн тоног төхөөрөмжинд бидний сургуульд камер тавихад зориулсан радиоторын үнэ 105000 төгрөг ороогүй. Тоног төхөөрөмжийн үнэ дээр ашиг, ажлын хөлс нэмэгдэнэ. Бид өөрсдөө бизнесийн байгууллага. Бид нар хүмүүсийг хөлсөлж ажилладаг, 20%-ийн ашиг хардаг. Жаргалант сумын сургуульд тавьсан камертай адилхан камерыг аймгийн Гандан хийдэд тавьсан. Одоо хэвийн ажиллаж байгаа. Бид муу ажил хийдэг байсан бол Архангай аймагт 177 байгууллагад камер тавих ажлыг хийх боломжгүй. Жилийн өмнө хийсэн ажлынхаа төлбөрийг аваагүй хохирч байна. Би өөрөө зээл авч бизнес хийдэг. Одоо хохироод явж байна. Бидний хийсэн ажлыг Цэцгээ захирал өөрөө мэдэж байгаа. Утсаар Цэцгээ захирал ярихдаа уулзаж чадалгүй явууллаа, уучлаарай, сайхан ажил хийж өгсөн байна, мөнгийг чинь дансаар шилжүүлье гэж хэлсэн. Тиймээс би хийсэн ажлынхаа төлбөрийг гаргуулж авах чин хүсэлттэй байна гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А ХХК нь Архангай аймгийн Ж сумын Бүрэн дунд сургуулиас камер суурилуулсан 3.600.000 төгрөг нэхэмжилснийг шүүх доорхи үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

Архангай аймгийн Ж сумын Бүрэн дунд сургууль нь нэхэмжлэгчийн 2017 оны 05 сард тус сургуульд камер суурилуулсан үйл баримт болон суурилуулсан камер, бусад тоног төхөөрөмжийн тоо хэмжээтэй маргаагүй.

А ХХК-ий сургуульд нь камер суурилуулж өгөх тухай саналыг хариуцагч Жаргалант сумын Бүрэн дунд сургуулийн захирал хүлээн авч улмаар сургуульдаа камер болон түүнийг ажиллуулах тоног төхөөрөмжийг нэхэмжлэгчээр суурилуулсан, хариуцагч уг эд хөрөнгийн үнийг төлөхөөр тохиролцож зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагджээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тус сургуулийн захирал Цэцгээтэй утсаар холбогдоод сургуульд камер тавих талаар санал тавьж түүний зөвшөөрсний дагуу камер тавьсан. Захирал нь Болд няравт хүлээлгэж өг гэсний дагуу ажлаа дуусгаад хүлээлгэж өгсөн гэсэн тайлбар, гэрч Г.Болдбаатарын Цэцгээ захирал камераа тавиад дуусгасан байна, хүлээж аваарай гэсэн. Тэгээд Дэндэв багшид чи хүлээж авсан юм чинь заалгачих гэсэн гэсэн мэдүүлгээр нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн /Жаргалант сумын сургуулийн захирлын/ зөвшөөрснөөр тус сургуулийн нярав Г.Болдбаатарт үүргийн гүйцэтгэлийг /камерыг/ хүлээлгэн өгсөн тул хариуцагчийг хяналтын камер түүнтэй холбоотой бусад тоног төхөөрөмжийг хүлээн авсан гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А хяналтын камер, түүнийг ажиллуулах бусад тоног төхөөрөмжийн үнэ, үүн дээр суурилуулсан ажлын хөлсийг нэмээд нийт 3.600.000 төгрөгөөр Жаргалант сумын бүрэн дунд сургуулийн захирал Цэцгээтэй тохирсон гэж тайлбарладаг. Мөн үнийн талаар гэрч Г.Болдбаатар тухайн үед 3 сая хэдэн зуун мянган төгрөг болно гэж хэлсэн /хх-46х/, гэрч Ц.Пүрэвжав би ямар үнэтэй юм бэ гэхэд 3 сая гаруй болох байх гэсэн /хх-44х/, гэрч Э.Мөнгөншагай 3.500.000 төгрөгөөр камер суурилуулахаар сургуулийн захиралтай тохиролцсон гэж мэдүүлжээ.

2017 оны 04 сарын байдлаар 7 хяналтын камер болон бусад тоног төхөөрөмж 2.750.000 төгрөгийн үнэтэй байна гэж үнэлсэн үнэлгээчиний 215 дугаар үнэлгээний тодорхойлолттой хариуцагч тал маргаагүй. Хариуцагч нь эд хөрөнгийн доголдлын улмаас үнийг төлөхгүй гэсэн тайлбар гаргаагүй, мөн суурилуулсан камерийн нийт үнийн дүнтэй маргаагүй, харин камер суурилуулсан талаар гэрээ, санхүүгийн баримт байхгүй учраас эд хөрөнгийн үнийг төлөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулсан худалдах худалдан авах гэрээ нь төлбөрийн шинжээрээ хариу төлбөртэй хэлцэл бөгөөд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан Бид зах зээлийн дундаж үнээр камерын үнэлгээ гаргуулсан. Уг үнэлгээ нь 2.750.000 төгрөг болсон. Үнэлгээний байгууллагын үнэлсэн тоног төхөөрөмжинд бидний сургуульд камер тавихад зориулсан радиоторын үнэ 105.000 төгрөг ороогүй. Тоног төхөөрөмжийн үнэ дээр ашиг, ажлын хөлс нэмэгдэнэ. Бид нар хүмүүсийг хөлсөлж ажилладаг, 20%-ийн ашиг хардаг гэсэн тайлбар, 2018 оны 9 сарын 24-ний 215 дугаар үнэлгээний тодорхойлолт зэргээс үзэхэд хяналтын камер, түүнийг ажиллуулах бусад тоног төхөөрөмжийн хамт худалдсан болон суурилуулсаны үнэ 3.600.000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа нэхэмжлэгчийн үнийг үндэслэлтэй гэж үзлээ.

Талуудын хооронд худалдах худалдан авах хэлцэл бодит үйлдлээр хийгдсэн, хариуцагч хяналтын камерыг хүлээж авсан тул үнийг төлөх үүрэгтэй.

Иймд хариуцагч Архангай аймгийн Ж сумын Бүрэн дунд сургуулиас 3.600.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Архангай аймгийн Ж сумын Бүрэн дунд сургуулиас 3.600.000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган суманд байршилтай А ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 72.550 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Архангай аймгийн Ж сумын Бүрэн дунд сургуулиас 72.550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-нд олгосугай.

 

3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА