Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 23

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               “А ө т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум Дын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 129/ШШ2018/00418 дугаар шийдвэртэй

“А ө т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Архангай аймгийн Ж сумын ерөнхий боловсролын Сд холбогдох

худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3 600 000 төгрөг гаргуулах тухай

нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Агэрэлийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Агэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Насанжаргал, хариуцагчийн төлөөлөгч Г.М, нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний төлөөлөгчийн тайлбарт: “Анх Ж сумын С дээр очиж Болд гэдэг хүнтэй уулзаж “Танайд хэдэн төгрөгний боломж байна. Манай тооцоогоор нэг ширхэг нь 90 долларын үнэтэй камер байна. Гадна талын камер монгол мөнгөөр 320 000 төгрөг” гэсэн. Бид нар гэрээгээ хийе гэхэд Цэцгээ захирал нь сонгуулийн ажил болж байгаа учир уулзах боломжгүй байна гэсэн. Болд ах “3 635 000 төгрөг болж байна уу?” гэхэд Цэцгээ захирал “Болж байна. Бид нар нэг дор мөнгийг нь өгөх боломжгүй. 2-3 хувааж өгч болох уу?” гэхэд нь зөвшөөрсөн. Ингээд тус Сд 400 м кабел, 5 ширхэг дотор камер, гадна талд 2 ширхэг камер тавих ажлыг 2017.05.13-2017.05.20-ны хооронд хийж гүйцэтгэсэн. Уг ажлыг хийж гүйцэтгэхэд 3 600 000 төгрөгийн зардал гарсан. Би тухайн үед бичсэн паданаа өгч байсан. Гэхдээ хэнд өгснөө одоо санахгүй байна. Тус С нь төлбөрийг 2017.05.13-2017.05.20-ны хооронд хоёр хувааж төлнө гэсэн боловч уг хугацаандаа төлөөгүй. Би 07.20-д гэхэд хоёр удаа очиход төсөв ороогүй байна гэсэн. 09 дүгээр сараас янз бүрийн шалтаг тоочиж эхэлсэн. Хэрвээ эвдэрсэн гэвэл бид нар очоод янзалж өгнө. Утсаар ярих гэхэд утсаа авдаггүй. Мөнгөө авбал бид эвдрэлийг нь янзалж өгье гэсэн. Бид нар хийсэн ажилдаа баталгаа өгч чадна. Үүнээс өмнө хийсэн ажил асуудалгүй байгаа. Одоо болохоор  захирал солигдсон гэж байна. Иймд 3 600 000 төгрөгийг Архангай аймгийн Ж сумын ерөнхий боловсролын сургуулиас гаргуулж өгнө үү.” гэжээ.

          Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Нэхэмжлэгч “А ө т” ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Намайг 2017.10.06-ны өдөр Архангай аймгийн Ж сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлыг хүлээж авахад сургуулийн орчин тойронд камер байсан хэдий ч ажилладаггүй байсан. Би ямар компани буюу хувь хүн ямар гэрээгээр тус камерийг суурилуулсан болохыг мэдэхгүй. Манай Сд энэ талаар нотлох баримт ч байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч тал өмнөх шүүх хуралдаан дээр “Бид нар анх очихдоо сургуулийн захиралтай уулзаж байсан. Сургуулийн захирал бид нарыг дотуур байранд байрлуулж дотуур байрнаас хоол идэж байсан.” гэсэн тайлбар өгч байсан. Одоо болохоор Болд гэдэг хүнтэй уулзсан гэж өөр юм ярьж байна. Тухайн үед манай сургуулийн нягтлан, нярав “бид нарт ямар ч төсөв байхгүй, хаанаас гаргаж өгөх юм бэ?” гэж хэлж байсан. Харин сургуулийн захирал “ямар ч байсан камерыг суурилуулчих, тэгээд боломжоороо өгнө” гэж ярьсан юм билээ. Бидний хувьд төсөв мөнгө байхгүй учир төлөх боломж байхгүй. Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас Улаанбаатар хотод байсан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учир хариу тайлбараа хугацаандаа өгч чадаагүй болно.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум Дын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 129/ШШ2018/00418 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Архангай аймгийн Ж сумын Б Д сургуулиас 3 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “А ө т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А ө т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Агэрэлийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 129/ШШ2018/00418 тоот шийдвэр ямар ч үндэслэлгүй гарсан. Ж сумын ерөнхий боловсролын сургуулийг Б камержуулж дууссан, үнэ хөлсийг нь тохирсон болохыг гэрч Болдбаатар, Пүрэвжав нар нотолсон. Бид 2018 оноос өдийг хүртэл 154 ажил хийхэд ямар ч гомдол санал ирж байгаагүй. Ж сумын сургуулийн камержуулалтын ажлын хөлс болох 3 635 000 /гурван сая зургаан зуун гучин таван мянга/ төгрөгийг Б.Агэрэл миний бие гаргуулж авах хүсэлтэй байна. 2017.05.13-наас хойш өдийг хүртэл нэг жилийн хугацаа өнгөрсөн тул ажлын хөлсийг Ж сумын ерөнхий боловсролын сургуулиас яаралтай гаргуулан өгч миний гомдлыг барагдуулж өгнө үү. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

“А ө т” ХХК 2018.02.12-ны өдөр нэхэмжлэл гаргаж, Архангай аймгийн Ж сумын ерөнхий боловсролын сургуулиас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3 600 000 төгрөг шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргасан байна. /хх-18/

Шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон худалдах-худалдан авах гэрээний үнийн талаар нэхэмжлэгч “Уг ажлыг хийж гүйцэтгэхэд 3 600 000 төгрөгийн зардал гарсан” гэж, харин хариуцагч “... сургуулийн захирал “ямар ч байсан камерыг суурилуулчих, тэгээд боломжоороо өгнө” гэж ярьсан юм билээ” гэж тус тус тайлбарлаж, гэрч Э.Мөнгөншагай “3 500 000 төгрөгөөр камер суурилуулахаар сургуулийн захиралтай тохиролцсон” гэж, гэрч Ц.Пүрэвжав “Өөрөө анх 3 000 000 гаруй төгрөгөөр камер тавигдана гэж хэлж байсан” гэж, гэрч Г.Болдбаатар “Тухайн үед гурван сая хэдэн зуун мянган төгрөг болно гэж хэлсэн” гэж тус тус мэдүүлжээ.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудын талаар шүүх дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д заасан зохицуулалтад нийцээгүй байна.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн харилцааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч хэргийн нөхцөл байдлыг Б тодруулаагүй, өөрчлөлт оруулах боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум Дын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 129/ШШ2018/00418 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 72 550 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Т.ДАВААСҮРЭН

ШҮҮГЧИД                                             Д.БЯМБАСҮРЭН

                                                              В.ЦЭЦЭНБИЛЭГ