Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2021/03788

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2021        11         18                                     101/ШШ2021/03788         

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Б,

 

Хариуцагч: Г.Г нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 9,169,846.72 төгрөг гаргуулах тухай үндсэн, 5,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, С.С,

Хариуцагч Г.Б, Г.Г,

Хариуцагч нарын өмгөөлөгч Ч.П,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Н” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, С.С нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Г.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр TOYOTA AQUA маркийн 0000 УНЕ улсын дугаартай 0 арлын дугаар бүхий автомашиныг барьцаалан 8,750,000 төгрөгийн зээлийг, 36 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэйгээр, NL-406200740 тоот зээлийн гэрээ байгуулж зээлсэн болно.

Фидуцийн гэрээг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т заасныг үндэслэж, талууд хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулж, тээврийн хэрэгслийг өмчлөлдөө бүртгүүлсэн, Г.Б-т эзэмшил нь байсан.    

Г.Б нь зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй, 2019.05.03-ны өдрөөс эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн, 2020.01.21-ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй, түүнд зээлээ төлөхийг удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар шаардлага хүргүүлж байсан.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон фидуцийн гэрээ, зээлийн гэрээний хүүгийн талаар хариуцагч нар маргадаггүй. Зээлийн гэрээгээр зээлдэгч нар гэрээгээр тохирсны дагуу эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хүлээсэн. Харин зээлийн барьцаанд авсан автомашиныг булааж авсан гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Хариуцагч нарт зээлээ төлөх хангалттай хугацааг олгосны эцэст арга буюу машиныг хурааж авсан, энэ үед буюу 2019.10.17-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл нь 10,735,895 төгрөг байсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүрэгт 2018.04.04-ний өдрөөс 2020.01.21-ний хүртэлх хугацаанд үндсэн зээл 3,514,105 төгрөг, хүү 4,993,983 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,579,912 төгрөг, нийт 10,088,000 төгрөг төлсөн. Уг эргэн төлөлтөд автомашиныг худалдсан 5,500,000 төгрөг орж тооцогдсон. Автомашинд үнэлгээг 2020.01.21-ний өдөр хийлгэсэн, үнэлгээг Г.Б-т мэдэгдэх гэхэд түүний утас холбогдохгүй байсан, Г.Г-ийн гэрт нь очиж уулздаг байсан. 

Г.Б нь 2019.05.03-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй, үүнээс хойш автомашиныг хурааж авсан 2019.10.06-ны өдөр хүртэлх хугацаанд, мөн автомашиныг бусдад худалдах хүртэлх хугацаанд зээлийн төлөлт огт хийгээгүй болно. Эдийн засгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн талаар бидэнд мэдэгдээгүй. Үүнээс гадна фидуцийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3-т барьцааны зүйлийг худалдан борлуулсан үнийн дүнг зээлийн төлбөр болон бусад орлогыг барагдуулахад хүрэлцэхгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийн бусад эд хөрөнгөнөөс гаргуулна гэж заасан.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т заасныг үндэслэн нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн.

Иймд хариуцагч Г.Б, Г.Г нараас үндсэн зээл 5,235,894.72 төгрөг, хүү 3,256,718 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 662,234 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 9,169,846.72 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Б, Г.Г нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон өмгөөлөгч Ч.П-ийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Б, Г.Г нар нь “Н” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

“Н” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь хууль тогтоомжид нийцэхгүй бөгөөд нэхэмжлэгч талын удаа дараагийн хууль бус үйл ажиллагааны хүрээнд бид өөрсдийн эд хөрөнгөөр хохирч үлдсэн.

Маргаж буй NL-406200740 дугаар зээлийн гэрээний дагуу өөрсдийн хөрөнгө болох 0000 УНЕ улсын дугаартай, Toyota Aqua маркийн автомашиныг хурааж авсан, гэрээнд машины хамгийн доод үнийг 10,500,000 төгрөг гэсэн байсан. Гэтэл биднээс уг автомашиныг хураан авчихсан мөртлөө дахин мөнгө нэхэмжилж байгаа нь хууль болон шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна.

Зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн, үүрэг зөрчсөн асуудал дээр маргахгүй. Мөн зээлийн эргэн төлөлтийн талаарх баримт бидэнд байхгүй. Уг нь автомашин хурааж авснаас хойш нэхэмжлэгч байгууллага дээр очиж зээлээ хэвийн болгоод, машинаа авъя гэтэл зээлээ бүтэн хаахыг шаардсан.

Зээл хариуцсан мэргэжилтэн нь 2019.10.06-ны өдөр машины бүрэн бүтэн байдлыг шалгаж үзье гэж дуудсан мөртлөө шууд машиныг маань хураагаад авсан. Бүрэн бүтэн автомашиныг хурааж авсан мөртлөө одоо болохоор ашиглалтын шаардлага хангахгүй, техникийн бүрэн бүтэн байдал дутуу гэж яриад байгааг зөвшөөрөхгүй. Машинд ямар нэгэн ноцтой эвдрэл, гэмтэл байхгүй, машиныг хурааж авахаас 2 хоногийн өмнө дугуйг нь солиулсан байсан.

Харин машины арын хаалга, гуфер зэрэгт бага зэргийн зураастай, хойд талын өрөөсөн гэрэл хагарсан байсан, өөр ямар нэгэн эвдрэл, гэмтэлгүй байсан.

Гэрээнд автомашиныг хамгийн хурдан худалдан борлуулах үнийг 10,500,000 төгрөгөөр тохирсон байсан, гэтэл машиныг үнэлүүлэхдээ бидэнд мэдэгдээгүй, уг үнэлгээг танилцуулаагүй, тэгсэн мөртлөө 5,500,000 төгрөгөөр үнэлүүлээд 2020.01.22-ны өдөр Л.Г-д худалдсанд гомдолтой байна.

Анхны худалдаж авсан үнэ 12,500,000 төгрөг байсан бөгөөд хэрэв би өөрөө машинаа худалдсан бол машины үнэ өссөн үед арай өндөр үнээр зараад зээлээ барагдуулчих бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Машин булааж авснаас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч тал машиныг хурааж авч, өөрийн эзэмшилд байлгах хугацаандаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж торгуулсныг техникийн бүрэн бүтэн байдалтай холбон тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Машиныг 2020.01.22-ны өдөр 5,500,000 төгрөгөөр худалдаж авсан Л.Г нь энэ өдөртөө Б финанс гэх байгууллагад 8,000,000 төгрөгөөр, Б финанс цааш нь 9,000,000 төгрөгөөр худалдчихсан байгаа нь баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч байгууллага хамгийн багаар тооцоход 10,500,000 төгрөгөөр зарах үүрэг хүлээсэн, гэтэл уг үүргээ зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд машиныг хурааж авах үед зээлийн үлдэгдэл төлбөр 6,937,498.7 төгрөг байсан. Хэрэв гэрээгээр тохиролцсоны дагуу машиныг 10,500,000 төгрөгөөр зарсан бол дээрх үлдэгдэл төлбөрийг төлчих боломжтой байсан.

Иймд Г.Б, Г.Г нараас зээлийн гэрээний үүрэгт 9,169,846.72 төгрөг гаргуулах тухай ”Н” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Г.Б, Г.Г нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Ч.П-ийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Б болон Г.Г бид 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Н” ХХК-тай 406200740 тоот Зээлийн гэрээ байгуулан 8,750,000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 2.9 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан юм. Зээлийн хөрөнгийн баталгаа болгон 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 406200740 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулан 0000 УНЕ улсын дугаартай 0 тоот арлын дугаартай мөнгөлөг өнгөтэй суудлын автомашины өмчлөх эрхийг түр хугацаанд ББСБ-ын нэр дээр шилжүүлсэн.

Бид автомашиныг 12,500,000 төгрөгөөр худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан ба эд хөрөнгө өмчлөлд түр шилжүүлэх фидуцийн гэрээгээр ББСБ-ын нэр дээр шилжүүлээд байсан юм. Санхүүгийн хүндрэлтэй байдлын улмаас 2019 оны 10 сард 1 сарын төлөлтийг хугацаа хэтрүүлэн төлсөн. Гэтэл тухайн байгууллагаас хүн ирж “машин чинь байгаа юу харья” гэхээр нь үзүүлтэл “зээлээ төлтөл чинь түр хугацаагаар манайх авч байя” гэж хэлээд авч явсан. Уг машин нь ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, хэвийн ажиллагаатай байсан бөгөөд “Н” ХХК нь машиныг хурааж аваад миний зөвшөөрөлгүй, надад мэдэгдэлгүйгээр худалдан борлуулсан байсан. Зээлийн хугацаа 36 сар байсан, гэтэл зөвхөн 1 сарын төлбөрийг хугацаа хэтрүүлэн төлсөн гэдэг шалтгаанаар автомашиныг хураан авч бусдад худалдан борлуулсан нь шударга бус үйлдэл юм.

Үүнийг гэрээнд заасан үүргээ ялимгүй зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд тус ББСБ-аас надад нэмэлт хугацаа тогтоож өгөх боломжтой байсан ч шууд автомашиныг минь булаан авсан нь ноцтой үйлдэл юм. Би зээлийн гэрээний дагуу энэ байгууллагад нийт 5,351,000 төгрөгийг төлсөн боловч үүнтэй холбоотой баримт байхгүй.  

“Н” ХХК-иас зээлдэн авсан төлбөрийг төлөх бүрэн боломжтой бөгөөд харин автомашинаа хураалгасан явдалд гомдолтой байна.

“Н” ХХК-тай байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №406200740 дугаартай фидуцийн гэрээнд автомашины түргэн худалдан борлуулах үнийг 10,500,000 төгрөг байхаар тохиролцсон. Мөн авто машиныг хурааж авахдаа “Н” ХХК нь бичлэг хийж баримтжуулж байсан ба 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хийсэн үнэлгээгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь авто машин 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн 2019 оны 10 дугаар capын 06-ны өдөр хүртэлх хугацаанд Г.Б-ийн эзэмшилд байхдаа ямар нэгэн эвдрэл, гэмтэлгүй, харагдах байдлын хувьд бүрэн бүтэн байсан. Гэтэл хариуцагч тал авто машиныг хүчээр хураан авч 4 cap орчим өөрсдийн мэдэлд байлгаж унаж байсан нь www.torguuli.mn сайтад илэрсэн зөрчлийн баримтууд, авто тээврийн газраас ирсэн баримтуудаар нотлогддог.

Тэд авто машиныг гэрээнд тохиролцсон ёсоор түргэн борлогдох үнийн дүнг баримтлалгүйгээр 5,500,000 төгрөгөөр борлуулж зээлийн гэрээний төлбөрт суутгасан байдаг нь гэрээг ноцтой зөрчөөд зогсохгүй биднийг хохироож байна.

Иймд “Н” ХХК-иас гэрээнээс учирсан хохиролд 5.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч “Н” ХХК нь сөрөг нэхэмжлэлд ирүүлсэн хариу тайлбартаа болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, С.С нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллагад холбогдуулан хариуцагч Г.Г, Г.Б нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Бидний зүгээс гэрээ болон хуульд заасны дагуу зээлийн гэрээний үүргээ зээлдэгч нар зөрчсөн учраас Г.Б, Г.Г нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Зээлдэгч нар 2019.05.13-ны өдөр хамгийн сүүлд төлбөр хийсэн, үүнээс хойш төлөлт хийхгүй байсаар 220 хоног хугацаа хэтэрч, манай байгууллага 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр барьцаа хөрөнгийг зогсоолд байршуулсан. Мөн зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан нь зээлдэгчтэй утсаар холбоо барьсан тэмдэглэл дээр байгаа юм. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаандаа төлөхгүй байгаа нь үүргийн ялимгүй зөрчил гэж үзэхгүй.

Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д “Зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй буцаан шаардах эрхтэй”,

284 дүгээр зүйлийн 284.2-т “Энэ хуулийн 284.1-д заасан нөхцөл байдал зээлийн гэрээ байгуулахаас өмнө бий болсон бөгөөд зээлдэгч энэ тухай гэрээ байгуулсны дараа мэдсэн бол зээлийг нэн даруй буцаан шаардах эрх үүснэ” гэж заасныг үндэслэл болгон бид барьцаа хөрөнгийг зогсоолд байршуулан худалдан борлуулсан.

Зээлийн гэрээний холбогдох заалт 6.2.1-ыг үндэслэл болгон Фидуцийн гэрээний /3.1.2 Үүрэг гүйцэтгэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү төлөх хугацаанаас 30-аас дээш хоногоор хоцорсон тохиолдолд барьцаалсан хөрөнгийг Монгол Улсын Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт заасны дагуу үл маргах журмаар энэхүү гэрээгээр тохиролцсон түргэн борлогдох үнээр худалдаж хохирлоо гаргуулан авч үүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх/ заалтыг үндэслэн Фидуцийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангасан.

Энэхүү үйл ажиллагаа нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-д заасантай нийцэж байна.

Иймд хууль болон гэрээнд заасны дагуу үйл ажиллагааг явуулсан бөгөөд бидний зүгээс хариуцагч талд хүлээх үүргээ биелүүлж, гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулж байсан тул гэрээний хохиролд 5,000,000 төгрөг гаргуулах тухай Г.Б, Г.Г нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч Г.Б, Г.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,169,846,72 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, гэрээний хохиролд 5,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Зохигч талуудын үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох дараах үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

  1. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Зээлдүүлэгч “Н” ХХК, зээлдэгч Г.Б, хамтран зээлдэгч Г.Г нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр №406200740 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр 8,750,000 төгрөгийг, сарын 2,90 хувийн хүүтэй, 2018.04.04-ний өдрөөс 2021.03.20-ны өдөр хүртэл буюу 36 сарын хугацаатай, автомашин худалдаж авах зориулалттай, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүний 20 хувь байхаар тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

/хх-ийн 8-9 тал/

 

Талууд мөн өдрийн №406200740 дугаартай “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ”-ээр дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Г.Б нь 0000 УНЕ улсын дугаартай, TOYOTA AQUA маркийн, суудлын зориулалттай, тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлжээ.

/хх-ийн 10-11 тал/

 

Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг “тээврийн хэрэгслийн түрээсийн үйл ажиллагаа, үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйл ажиллагаа” гэж тусгасан байх ба банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй болох нь Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 9/1196 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

/хх-ийн 4, 81-82 тал/

 

Үүнээс үзэхэд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасан үр дагаврыг бий болгохгүй.

 

Харин зохигч нь тэдний хооронд байгуулагдсан зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний талаар талууд маргаагүй, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа болон зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасан шаардлага хангасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. 

 

Нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,235,894.72 төгрөг, хүү 3,256,718 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 662,234 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 9,169,846.72 төгрөг шаарджээ.

 

Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.11, 2.19, 3 дугаар зүйлийн 3.9, 5 дугаар зүйлийн 5.1, 5.3, 5.11-т заасан зээл буцаан төлөх хуваарийг зээлдэгч Г.Б зөрчсөн, гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн хуваарийг эс биелүүлж, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг биелүүлээгүй, түүнд үүргээ биелүүлэхийг шаардсан боловч зөрчлөө арилгаагүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний зүйл болох 0000 УНЕ улсын дугаартай, тээврийн хэрэгслийг 2019.10.06-ны өдөр хураан авч, 2020.01.21-ний өдөр бусдад 5,500,000 төгрөгөөр худалдсан, гэрээний үүрэгт үндсэн зээл 3,514,105 төгрөг, хүү 4,3,983 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,579,912 төгрөг, нийт 10,088,000 төгрөг төлсөн, өөр төлөлт хийгээгүй гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч нь “А” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 0000 УНЕ улсын дугаартай, тээврийн хэрэгслийг мөн өдрийн байдлаар 5,100,000 төгрөгийн үнэтэй байгааг тодорхойлсон, 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөр дуусгавар болгож үйлдсэн тайланг ирүүлсэн байна.

 

/хх-ийн 108-111 тал/ 

 

Хариуцагч нар талуудын хооронд байгуулагдсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээгээр тээврийн хэрэгслийн худалдан борлуулах үнийг 10,500,000 төгрөг гэж тохирсон байтал, 5,500,000 төгрөгөөр бусдад худалдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан №406200740 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний дагуу 0000 УНЕ улсын дугаартай, TOYOTA AQUA маркийн, суудлын зориулалттай, тээврийн хэрэгслийг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгүүлсэн,

нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, уг тээврийн хэрэгслийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 5.500.000 төгрөгөөр Л.Г-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан болох нь Авто Тээврийн Үндэсний төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгслийн өмчлөлийн бүртгэлтэй холбоотой баримт, тээврийн хэрэгслийг хураан авсан бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, “Автомашин худалдах, худалдан авах гэрээ” зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.

 

/ I хавтас 83-92, 173, 209-210, 217-218 тал, II хавтас 3-5, 18-19 тал/

 

Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг заасан байх ба 231 дүгээр зүйлийн 231.1.6-д заасан “үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/аргыг талууд сонгожээ.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх буюу фидуцийн гэрээг хуульд өөрөөр заагаагүй бол бичгээр байгуулах ба бичгийн гэрээнд үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр тохиролцдог байна.

 

Хариуцагч нар 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийг эзэмшилдээ шилжүүлэн авах үед зээлийн гэрээний үүрэгт 5,351,000 төгрөг төлсөн байсан гэх тайлбараа баримтаар нотолсонгүй.

 

Өөрөөр хэлбэл 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 10,735,895 төгрөг байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг баримтаар няцаагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заасны дагуу хариуцагч Г.Б, Г.Г нарыг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаанаар нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний үүрэг дуусгавар болжээ.

 

Зохигч талууд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-г сонгосон байх ба энэхүү арга нь мөнгө төлөх үүрэг, шилжүүлэн авсан хөрөнгийн үнийн зөрүүг харилцан шаардах эрхийг үгүйсгэж байна.

 

Иймд дээр дурдсан үйл баримтаар талуудын хооронд үүссэн гэрээний үүрэг дуусгавар болсон байх тул зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Г.Б, Г.Г нараас 9,169,846,72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

  1. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Г.Б, Г.Г нар талуудын хооронд байгуулагдсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ээр 0000 УНЕ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн түргэн борлогдох үнийг 10,500,000 төгрөг гэж тохиролцсон байтал 5,500,000 төгрөгт тооцон захиран зарцуулснаас учирсан хохиролд 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаарджээ.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу эргэн төлөлт 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн зөрчигдсөн, зээлийн төлбөр төлөгдөхгүй 220 хоног буюу 7 сарын хугацаа хэтэрснээс 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр барьцаа хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, зохих үнэлгээний үндсэн дээр захиран зарцуулж, уг үнийг гэрээний үүрэгт суутган тооцсон тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Зохигч нь 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг 36 сарын хугацаатай буюу 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болохоор тохиролцсон байна.

 

Зээлдүүлэгч нь гэрээгээр тохирсон зээл, түүний хүүг эргэн төлөх хуваарьт заасны дагуу зээлдэгч нь төлөлгүй, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс хойш хуваарь зөрчигдсөн, зээлийн төлбөр төлөхийг зээлдэгч нарт удаа дараа шаардсан боловч үүргээ гүйцэтгээгүй гэж үзэн, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний зүйл болох 0000 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр  өөрийн эзэмшилд авсан, гэрээний зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 5,500,000 төгрөгөөр бусдад худалдаж, захиран зарцуулсан болох нь тогтоогджээ.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3-т “Гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө үүрэг гүйцэтгүүлэгч захиран зарцуулсан бол үүргээ гүйцэтгэсэн үүрэг хүлээгч учирсан хохирлоо шаардах эрхтэй” гэж заасан.

 

Үүрэг гүйцэтгэгч мөнгө төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитой шилжүүлэн авснаар үүрэг гүйцэтгэгдсэнд тооцох бөгөөд хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний үүргийн баталгаа болгон нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн автомашин нь зээл болон зээлийн төлөгдөөгүй үнийн дүнгээс бага байх нь түүний шаардах эрхийг үгүйсгэнэ.

 

Үүнээс үзэхэд зээлдүүлэгч нь гэрээний зүйл болох 0000 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүргийн гүйцэтгэлд тооцон авснаар талуудын хооронд үүссэн гэрээний үүрэг дуусгавар болжээ.

 

Иймд “Н” ХХК-иас гэрээнээс учирсан хохиролд 5,000,000 төгрөг гаргуулах тухай Г.Б, Г.Г нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 235 дугаар зүйлийн 235.1-т заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч Г.Б, Г.Г нараас зээлийн гэрээний үүрэгт 9,169,846,72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Н” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг,

“Н” ХХК-иас гэрээнээс учирсан хохиролд 5,000,000 төгрөг гаргуулах тухай Г.Б, Г.Г нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176,617 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214,950 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ