Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00146

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00146

 

 

Н.К.ЛХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18ы өдрийн 101/ШШ2021/03788 дугаар шийдвэртэйнэхэмжлэгч Н.К.ЛХХК-ийн хариуцагч Г.Б, Г.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,169,846.72 төгрөг гаргуулах, 5,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сугардалай, хариуцагч Г.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч Н.К.ЛХХК-ийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Зээлдэгч Г.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр toyota aqua маркийн 99-81 УНЕ улсын дугаартай автомашиныг барьцаалан 8,750,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэй зээлдэн авахаар зээлийн гэрээ байгуулсан. Фидуцийн гэрээг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулж, тээврийн хэрэгслийг өмчлөлдөө бүртгүүлж, Г.Бийн эзэмшилд байсан. Г.Б зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон фидуцийн гэрээ болон зээлийн хүүгийн талаар хариуцагч нар маргадаггүй. Хариуцагч нар зээл төлөхгүй байсан тул машиныг хурааж авахад буюу 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 10,735,895 төгрөг байсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүрэгт 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл 3,514,105 төгрөг, хүү 4,993,983 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,579,912 төгрөг, нийт 10,088,000 төгрөг төлсөн. Уг эргэн төлөлтөд автомашиныг худалдсан 5,500,000 төгрөг тооцогдсон. Автомашины үнэлгээг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хийлгэсэн бөгөөд үнэлгээг Г.Бт мэдэгдэх гэхэд түүний утас холбогдохгүй байсан, Г.Ггийн гэрт нь очиж уулзаж байсан. Фидуцийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3, зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т заасныг үндэслэн нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн. Иймд хариуцагч Г.Б,Г.Г нараас үндсэн зээл 5,235,894.72 төгрөг, хүү 3,256,718 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 662,234 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 9,169,846.72 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: Н.К.ЛХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь хууль тогтоомжид нийцээгүй бөгөөд нэхэмжлэгч талын удаа дараагийн хууль бус үйл ажиллагааны улмаас хохирсон. Фидуцийн гэрээнд машины хамгийн доод үнийг 10,500,000 төгрөг гэж заасан. Гэтэл уг автомашиныг хураан авсан хэрнээ дахин мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн, үүрэг зөрчсөн асуудалд маргахгүй. Зээл хариуцсан мэргэжилтэн нь 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр машины бүрэн бүтэн байдлыг шалгаж үзье гэж дуудаж мөн өдрөө машиныг маань хураасан. Машинд ямар нэгэн ноцтой эвдрэл, гэмтэл байхгүй, машиныг хурааж авахаас 2 хоногийн өмнө дугуйг солиулсан. Харин машины арын хаалга, гуфер зэрэгт бага зэргийн зураастай, хойд талын өрөөсөн гэрэл хагарсан байсан. Гэрээнд автомашиныг хамгийн хурдан худалдан борлуулах үнийг 10,500,000 төгрөгөөр тохирсон байхад 5,500,000 төгрөгөөр үнэлүүлж 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Л.Гантулгад худалдсанд гомдолтой байна. Машин авснаас хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй. Машиныг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 5,500,000 төгрөгөөр худалдаж авсан Л.Гантулга нь энэ өдөртөө Blue sky финанс гэх байгууллагад 8,000,000 төгрөгөөр, Blue sky финанс цааш нь 9,000,000 төгрөгөөр худалдчихсан байгаа нь баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч байгууллага хамгийн багаар тооцоход 10,500,000 төгрөгөөр зарах үүргээ зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд машиныг хурааж авах үед зээлийн үлдэгдэл төлбөр 6,937,498.7 төгрөг байсан. Хэрэв гэрээгээр тохиролцсоны дагуу машиныг 10,500,000 төгрөгөөр зарсан бол дээрх үлдэгдэл төлбөрийг төлөх боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарын агуулга: Автомашиныг 12,500,000 төгрөгөөр худалдан авч фидуцийн гэрээгээр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Санхүүгийн хүндрэлтэй байдлын улмаас 2019 оны 10 сард 1 сарын төлөлтийг хугацаа хэтрүүлэн төлсөн. Гэтэл Н.К.ЛХХК нь машиныг хураан авч, худалдан борлуулсан. Зээлийн гэрээний дагуу нийт 5,351,000 төгрөгийг төлсөн боловч үүнтэй холбоотой баримт байхгүй. Н.К.ЛХХК-аас зээлдэн авсан төлбөрийг төлөх бүрэн боломжтой бөгөөд харин автомашинаа хураалгасанд гомдолтой байна. Н.К.ЛХХК-тай байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн фидуцийн гэрээнд автомашины түргэн худалдан борлуулах үнийг 10,500,000 төгрөг байхаар тохиролцсон. Уг автомашин 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн 2019 оны 10 дугаар capын 06-ны өдөр хүртэлх хугацаанд Г.Бийн эзэмшилд байхдаа ямар нэгэн эвдрэл, гэмтэлгүй бүрэн бүтэн байсан. Гэтэл авто машиныг гэрээнд тохиролцсон үнийн дүнг баримтлалгүйгээр 5,500,000 төгрөгөөр борлуулж зээлийн гэрээний төлбөрт суутгасан нь гэрээг ноцтой зөрчсөн тул Н.К.ЛХХК-аас гэрээнээс учирсан хохиролд 5,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч Н.К.ЛХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: Зээлдэгч нар 2019 оны 05 сарын 13-ны өдөр төлбөр хийсэн, үүнээс хойш төлөлт хийхгүй байсаар 220 хоног хугацаа хэтэрсэн тул 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр барьцаа хөрөнгийг зогсоолд байршуулсан. Зээлийн гэрээний холбогдох 6.2.1 дэх заалтыг үндэслэл болгон фидуцийн гэрээний 3.1.2 дахь заалтыг үндэслэн үүргийн гүйцэтгэлийг хангасан. Энэхүү үйл ажиллагаа нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-д заасантай нийцсэн. Иймд гэрээний хохиролд 5,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 235 дугаар зүйлийн 235.1-т заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч Г.Б, Г.Г нараас зээлийн гэрээний үүрэгт 9,169,846,72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.К.ЛХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг, Н.К.ЛХХК-иас гэрээнээс учирсан хохиролд 5,000,000 төгрөг гаргуулах тухай Г.Б, Г.Г нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176,617 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214,950 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 8,750,000 төгрөгийг, сарын 2.9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгосон. Зээлдэгч О.Батбилэг, Г.Г нар зээлийн гэрээний дагуу зээл болон зээлийн хүүг төлөх үүргийг зөрчсөн талаар хариуцагч тал маргадаггүйТалуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.11-д харилцан тохиролцсон. Өөрөөр хэлбэл, гэрээний талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргаар зөвхөн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг сонгоогүй. Иймд зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгчтэй байгуулсан фидуцийн гэрээний зүйл болон зээлдэгчийн бусад хөрөнгөөс шаардах эрхтэй.

5.2 Анхан шатны шүүх хариуцагч Г.Б, Г.Г нарыг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаанаар нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн болон фидуцийн үүрэг дуусгавар болсон, зохигч талууд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож фидуцийн гэрээг сонгосон байх ба энэхүү арга нь мөнгө төлөх үүрэг, шилжүүлэн авсан хөрөнгийн үнийн зөрүүг харилцан шаардах эрхийг үгүйсгэж байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн 6.2.1-6.2.10-д заасан зээлийн гэрээг дуусгавар болгох үндэслэлд фидуцийн гэрээ дуусгавар болсноор зээлийн гэрээг дуусгавар болгох нөхцөл тусгагдаагүй буюу талууд гэрээг уг үндэслэлээр дуусгавар болгохоор сонгон тохиролцоогүй. Зээлдэгч О.Батбилэг, Г.Г нар зээлийн эргэн төлөлтийг 2019 оны 05 сараас өнөөдрийг хүртэл хийгээгүй. Хэргийн материалд авагдсанаар зээлдэгч О.Батбилэг, Г.Г нар нь зээлийн гэрээний дагуу нийт ямар хэмжээний төлбөр төлсөн болохоо баримтаар нотолж чадаагүй. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээний үүргийн зөрчлийг шаардах эрх хүчинтэй байх бөгөөд энэхүү шаардах эрх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.4, 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу үүссэн. Харин нэхэмжлэгч нь фидуцийн гэрээний дагуу 99-81 УНЕ улсын дугаартай Тоуоtа Аquа маркийн тээврийн хэрэгслийг хураан авч, худалдан борлуулснаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн тухайн фидуцийн гэрээ дуусгавар болох хууль зүйн үр дагавар үүсгэсэн гэж үзэхээр байна. Талуудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээний 3.1.3, 4.2.2, 4.2.15 дах хэсэгт тус тус зааснаас үзэхэд зээлдэгч О.Батбилэг, Г.Г нар нь зээлийн гэрээний үүргийг фидуцийн гэрээнд заасан хөрөнгөөс гадна өөрийн бусад хөрөнгөөр хангуулахаар тохиролцсон гэж үзнэ.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасны дагуу 99-81 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зээлдэгчээс гаргуулан авсан боловч, уг тээврийн хэрэгсэл нь эвдрэл гэмтэлтэй байсны улмаас гэрээнд заасан үнээр борлуулах боломжгүй бодитой нөхцөл байдал үүссэн тул Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сангийн яамны тусгай зөвшөөрөл бүхий хөрөнгийн үнэлгээчин нь тухайн хөрөнгийн бодит үнэ цэнэ нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний байдлаар 5,100,000 төгрөг болохыг тогтоолгож, 5,500,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Фидуцийн гэрээний зүйл болох 99-81 УНЕ улсын дугаартай Тоуоta Аquа маркийн тээврийн хэрэгслийн хувьд тодорхой төрлийн эд ангиуд нь эвдэрч чанар байдал, өнгө үзэмж нь муудсан болох нь хараат бус хөрөнгийн үнэлгээчний хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт болон автомашиныг хураан авах үеийн бичлэг, гэрчийн тайлбар зэргээр нотлогддог. Зээлдүүлэгч нь фидуцийн гэрээний зүйлийг хураан авч, уг тээврийн хэрэгслийг худалдан борлуулах явцад асуудал үүссэн болох нь 2020 оны 10 сараас 2021 оны 01 сар хүртэл 4 сар орчим хугацаанд түргэн борлогдохгүй хүлээгдсэн тул тухайн үеийн зах зээлийн үнээр худалдан борлуулахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Фидуцийн гэрээний 3.1.3, 4.2.10, 4.2.15, 5.1.7-д заасан үндэслэл бий болсон бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн зарим хэсгийг хангуулсан нь хууль болон гэрээний нөхцөлийг зөрчөөгүй гэж үзэхээр байна.

5.3. Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд зээлийн гэрээ байгуулагдсан, хүү, хугацааны асуудлаар маргадаггүй. Харин нэхэмжлэгч талаас нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй гэсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгээгүй нь зээлдүүлэгчийн зээлийн гэрээний дагуу олгосон зээл, түүний зээлийн хүүг шаардах эрхийг үгүйсгэхгүй юм.

5.4 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4-д нийцсэн зээлийн гэрээ байгуулагдаж, түүний шаардах эрх нь мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 284 дүгээр зүйлийн 284.1-д зааснаар хүчин төгөлдөр байхад шүүх фидуцийн гэрээг дуусгавар болсон гэсэн хууль болон гэрээнд тусгагдаагүй үндэслэлээр зээлийн гэрээний шаардах эрхийг үгүйсгэсэн дүгнэлтийнхээ хууль зүйн болон бодит үндэслэлийг шийдвэртээ заагаагүй. Өөрөөр хэлбэл, шүүх зөвхөн Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасныг тайлбарлах замаар буюу зээлийн гэрээ байгуулагдсан талаар зохигч нар маргадаггүй үйл баримтыг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэгч талын хууль болон гэрээнд заасан шаардах эрхийг үгүйсгэж алдаатай дүгнэлт хийхэд хүргэсэн гэж үзэхээр байна. Шүүхийн шийдвэрт Үүнээс үзэхэд зээлдүүлэгч нь гэрээний зүйл болох 99-81 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүргийн гүйцэтгэлд тооцон авснаар талуудын хооронд үүссэн гэрээний үүрэг дуусгавар болжээ гэж зээлийн гэрээний зүйлийг буруу тодорхойлсон нь алдаатай дүгнэлт хийхэд нөлөөлсөн. Учир нь талуудын хооронд байгуулагдсан 406200740 тоот зээлийн гэрээний зүйл нь 8,750,000 төгрөг буюу зээлдүүлэгчээс зээлээр олгож буй монгө болохыг анхааран үзээгүй байна. Фидуцийн гэрээ дуусгавар болсноос гадна үндсэн зээлийн гэрээний үүрэг дуүсгавар болоогүй болохыг үндэслэл бүхий дүгнээгүй гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл болон хүүд 8,492,613 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч нарын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллага мөн эсэхийг тодруулах зорилгоор хүсэлт гаргаж, нотлох баримт бүрдүүлэн шалгасан боловч Санхүүгийн зохицуулах хорооноос эрх бүхий этгээд биш болох нь нотлогдсон. Гэвч нэхэмжлэлийн үндэслэлээ Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйлийг үндэслэн тайлбарладаг. Хариуцагч нарын зүгээс зээлийн хугацаа хэтрүүлэлт буюу зээлийн үүрэг зөрчсөн асуудалд маргаагүй. Гол нь 10,500,000 төгрөгөөр худалдан борлуулах асуудал нь гэрээгээр тохиролцсон байсан. Гэтэл фидуцийн гэрээгээр зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан хөрөнгийг үнэлэх боломжгүйгээр буюу бүтэн байдлыг шалгая гэж хэлээд шууд хураан авсан үйлдэл нь зээлдэгчийн эрхийг зөрчсөн. Автомашиныг худалдан борлуулах үнэ 10,500,000 төгрөг байхад 5,500,000 төгрөгөөр худалдан борлуулсан нь буруу. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харвал нэхэмжлэгчийн автомашин худалдан борлуулсан үнээс их үнээр худалдагдсан баримтууд Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн байдаг. Автомашиныг худалдан борлуулах үнийн хувьд зээлдүүлэгчийн эрх ашиг хөндөгдсөн. Анхан шатны шүүхээс зээлийн эрх бүхий этгээд зээлийн үйл ажиллагаа явуулаагүй учраас шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн фидуцийн гэрээ болон Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасны дагуу фидуцийн зүйлийг хураан авах эрхийн хүрээнд автомашиныг хурааж авснаар талуудын хооронд үүссэн харилцаа дуусгавар болсон гэх шүүхийн дүгнэлт зөв гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Нэхэмжлэгч Н.К.ЛХХК нь хариуцагч Г.Б, Г.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,169,846,72 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, гэрээний хохиролд 5,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

1.      Хариуцагч Г.Б, Г.Г нар нь нэхэмжлэгч Н.К.ЛХХК-тай байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээгээр 8,750,000 төгрөгийг, сарын 2.9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 99-81 УНЕ улсын дугаартай, Тoyota aqua маркийн авто машиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байна. /хх 8-11/

 

Нэхэмжлэгч компани нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй этгээд болох нь Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 9/1196 дугаартай албан бичгээр тогтоогдсон. /хх 4, 81/ Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /цаашид фидуцийн гэрээ гэх/ байгуулагдсан гэж тус тус дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1а. Хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүүд 14,276,057 төгрөг төлөхөөс 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 4,588,000 төгрөг төлсөн болох нь зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол гэх баримтаар тогтоогдсон. /1хх 247/ Хариуцагч тал зээлийн гэрээний үүрэгт 5,351,000 төгрөг төлсөн боловч энэ талаар баримтгүй гэх тайлбарыг гаргасан. Иймд хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 8,729,500 төгрөг байсан гэж үзэхээр байна. Уг үүрэгт фидуцийн зүйл болох авто машиныг тооцон авсан гэж үзнэ. Учир нь авто машиныг хураан авах үед гэрээнд заасны дагуу бодит үнэлгээг тогтоогоогүй, акт үйлдээгүй байх бөгөөд талуудын тохиролцсон фидуцийн гэрээнд үнийг 10,500,000 төгрөг гэж бичсэн байна. /1хх 10-11/ Иймд үүрэг дуусгавар болоогүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй. /5.4/

 

1б. Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр фидуцийн гэрээний зүйл болох Toyota aqua маркийн авто машиныг эзэмшилдээ авсан үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. Иймд нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргаар зөвхөн фидуцийн гэрээг сонгоогүй гэх гомдол үндэслэлгүй байна. /5.1/

 

2. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар фидуцийн гэрээний зүйл болох авто машиныг хариуцагчаас бодитойгоор гаргуулан авч, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Л.Гантулгад 5,500,000 төгрөгөөр худалдан борлуулж, захиран зарцуулсан үйл баримт тогтоогдсон. /1хх 173/ Улмаар 5,500,000 төгрөгийг хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт тооцож, хариуцагчаас зээл, зээлийн хүүд 9,169,846 төгрөг гаргуулахаар шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь фидуцийн гэрээнд автомашины түргэн борлогдох үнийг 10,500,000 төгрөг гэж заасан байхад нэхэмжлэгч нь уг үнээс доогуур үнээр борлуулсан гэх тайлбарыг гаргасан байна.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар уг авто машин 5,100,000 төгрөгийн үнэтэй байсныг нотлохоор хөрөнгийн Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайланг баримтаар гаргасан. /1хх 108-109/ Уг үнэлгээний тайланг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор фидуцийн гэрээ байгуулсан тул нэхэмжлэгч нь уг гэрээний зүйлийг өөрийн эзэмшилд авсан үеэс зээлийн гэрээний үүрэг дуусгавар болж, үүссэн үүрэг фидуцийн зүйлээр хангагдах учиртай. Анхан шатны шүүх зээл, түүний хүүг үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй учир хариуцагч зээл, зээлийн хүүгийн талаар маргаагүйг шүүх анхаарч үзээгүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндслэлгүй болно. /5.3/

 

Фидуцийн гэрээгээр үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч гэрээний зүйлийг эзэмшилдээ бодитойгоор гаргуулан авснаар фидуцийн гэрээ дуусгавар болно. Тодруулбал, хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар фидуцийн гэрээний зүйл болох авто машиныг хариуцагчаас бодитойгоор гаргуулан авснаар Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан өмчлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжтой. Нэхэмжлэгч нь авто машиныг хураан авч өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлэх боломжтой болсон 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 3 сар гаруй хугацаа өнгөрснөөс хойш хийгдсэн үнэлгээгээр авто машины үнийг тодорхойлж, улмаар зээлийн үүргийн зөрүүг нөхөн төлүүлэх үндэслэл болохгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив. /5.2/

 

3. Талуудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээнээс учирсан хохиролд 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.К.ЛХХК-аас гаргуулах тухай хариуцагч Г.Б, Г.Г нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч тал гомдол гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмын хүрээнд уг асуудлаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18ы өдрийн 101/ШШ2021/03788 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэхь хэсэгт зааснаар хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,832 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ