Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 609

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/00314 дүгээр шийдвэртэй “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “ХХ” ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний алданги 54 979 500 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй

гэрээний 4.2.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд авто замын хөдөлгөөн зохицуулах тоног төхөөрөмжийг БНСУ-аас нийлүүлэх үүргийг манай компани хүлээж, худалдан авагч тал болох “ХХ” ХХК бүтээгдэхүүнийг хүлээн авах, барааны үнийг хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн. Манай компани 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 8 ширхэг авто замын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионы удирдлагын хайрцгийг нийлүүлсэн. Хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацаандаа санхүүжилтээ хийгээгүй бөгөөд алданги үүссэн талаар сүүлийн төлбөр хийгдэх хүртэл сануулж байсан. Бидний харилцан тохиролцож байгуулсан 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 04 тоот гэрээний 4.2.3-т худалдан авагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алданги төлнө гэж заасны дагуу тооцоолоход 72 940 170 төгрөг болсон бөгөөд алдангийн дүнг гэрээнд заасан нийт үнийн дүнгийн 50 хувиар тооцоход 54 979 500 төгрөг болж байгааг хариуцагч “ХХ” ХХК-аас гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд, гэрээний 4.2.3-т “нийлүүлэгчийн хуваарьт хугацаанд нийлүүлсэн барааны үнийг гэрээнд заагдсан хугацаанд төлөх ба төлбөрийг хожимдуулсан торгууль нь төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувь байхаар тооцно” гэж заасан бөгөөд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан учраас гэрээний заалт хүчин төгөлдөр гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани 2014 оны 5 дугаар сард Гудамж төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн удирдах хороотой харилцан тохиролцож амаар гэрээ байгуулан төсвийн хөрөнгөөр Наадамчдын зам, Яармагийн гүүрнээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн замын уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замд гэрлэн дохио суурилуулах ажлыг 100 хувь өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн бөгөөд тус төслийг гүйцэтгэхдээ “Х” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээг 2014 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулж замын хөдөлгөөний гэрлэн дохионы хяналтын самбарыг худалдаж авсан. Гэрээний дагуу “Х” ХХК нь БНСУ-ийн КЕТС компанийн КЕТ2100 маркийн 8 ширхэг удирдлагын самбарыг нэг бүрийг 7 500 ам.доллар, нийт 60 000 ам.доллараар нийлүүлнэ гэж заасан. Гэтэл тус компани дээрх бараа бүтээгдэхүүнийг БНСУ-ийн КЕТС компаниас нийлүүлээгүй, тус компанийн дуураймал бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг үйлдвэрээс бидэнд нийлүүлсэн байсан. Ер нь энэ төрлийн ажил дээр манай компани замын хяналтын самбарыг өөр компаниас арай хямд үнээр авдаг байсан боловч Нийслэлийн замын газрын мэргэжилтэн нөхдүүд “Х” ХХК энэ ажлын санхүүжилтийг саадгүй гаргуулж чадах учир гэрээ байгуулаач гэсэн санал тавьсны дагуу тус компаниас хяналтын самбар худалдан авсан. Манай компани гэрээт ажлыг гүйцэтгээд санхүүжилт авах гэсэн боловч Гудамж төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн удирдах хороо хуралдан шийдвэр гаргалгүй хойшилсоор улмаар татан буугдаж, дахин томилогдоогүйгээс бидний гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг хаанаас хэн олгох нь тодорхойгүй болсон учир манай компани болон “Х” ХХК нь тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн авто замын газарт удаа дараа гомдол, хүсэлт гаргаж байж Нийслэлийн Засаг дарга 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр А/239 тоот захирамж гарган, 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн авто замын газар болон Нийслэлийн Засаг даргын тамгын газар буюу Нийслэлийн Засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтэстэй нөхөн гэрээ байгуулан санхүүжилт авсан. Гэрээний 4.2.3-т заасан нийлүүлэгч хуваарьт хугацаандаа нийлүүлсэн барааны үнийг гэрээнд заасан хугацаанд төлөх ба төлбөрийг хожимдуулсан торгууль нь төлөгдөөгүй үнийн дүнгээр хоног тутамд 0.5 хувь байхаар тооцно гэсэн энэ заалтыг мөрдөхгүй байхаар тохирсныг олон хүн мэднэ. Манай компани гэрээний дагуу нийт төлбөрийн ихэнх хэсэг буюу 45 000 ам.долларыг гэрээний хугацаанд төлж барагдуулсан. Нийслэлээс сүүлчийн санхүүжилт орж ирэхэд 15 000 ам.долларыг төлсөн. Хэдийгээр гэрээнд хугацааг 2014 оны 7 дугаар сарын 20-ноос 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлнө гэж тохирсон боловч талууд нийслэлээс шалтгаалж байгаа санхүүжилтээс болж тус хугацааг амаар тохирч хугацаагүй хойшлуулсан байсан. Ингээд гэрээний гадуур тохирсон хугацаанд 40 000 гаруй ам.долларыг төлсөн. Сүүлийн санхүүжилт нийслэлээс тохирсон хугацаанд орж ирэхгүй бол 15 000 ам.доллар дээр алданги тооцох санал “Х” ХХК-ийн захирал н.Дэлгэрдалайгаас гарсан боловч санхүүжилт тохирсон ёсоор орж ирж бид шилжүүлсэн тул алданги тооцох яриа дууссан. Үүнийг гэрээний талууд бүгд мэдэж байгаа. Гэтэл энэ бүх эрсдлийг зөвхөн манай компани хариуцах мэтээр ойлгож биднээс алданги тооцож нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд, Бид гэрээ байгуулах үедээ алданги төлөх талаар тохиролцоогүй бөгөөд “Х” ХХК-ийн бэлтгэсэн гэрээний загвараар гэрээг байгуулсан, тухайн үед алданги тооцохгүй гэж талууд тохирсон байсан тул тус гэрээний заалтыг гэрээнээс хасуулаагүй болно. Иймд бидний зүгээс тус компанитай байгуулсан хэлцлийн 4.2.3-т заасан нийлүүлэгчийн хуваарьт хугацаанд нийлүүлсэн барааны үнийг гэрээнд заагдсан хугацаанд төлөх ба төлбөрийг хожимдуулсан торгууль нь төлөгдөөгүй үнийн дүнгийн хоног тутамд 0.5 хувь байхаар тооцно гэсэн заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах хүсэлтэй байгаа тул дээрх заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсэгт заасныг баримтлан 38 479 048 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16 500 452 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний 4.2.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тус бүрээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 432 850 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 350 345 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, илүү төлсөн 2 150 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэргийн оролцогчдын эрх, үүргийг эдлүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн тул үндэслэл болоогүй гэж үзэж байа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй хэмээн гэрээний дагуу алдангид 54 979 500 төгрөг гаргуулахаар шаардахдаа 2014 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн гэрээний 4.2.3-т заасныг үндэслэл болгосон боловч хариуцагчийн зүгээс гэрээ байгуулах үед алданги тооцохгүй байх талаар амаар тохиролцсон тул уг заалт нь хүчин төгөлдөр бус гэж тайлбарлан сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Талуудын хооронд 2014 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нь БНСУ-ын “КЕТ” ХК-ийн нэг бүрийн үнэ 7 500 ам.долларын үнэтэй, КЕТ 2100 маркийн 8 ширхэг барааг нийлүүлэх, хариуцагч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд буюу 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор дээрх барааны үнэд нийт 60 000 ам.долларыг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх.4-7/ Түүнчлэн, гэрээгээр тохирсон хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх талаар заажээ. Талууд эдгээр тохиролцоог бичгээр үйлдэж, гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар гэрээг байгуулсан байна.

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь нэр төрөл, тоо ширхэг бүхий барааг хариуцагч “ХХ” ХХК-д хүлээлгэж өгөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн, энэ талаар зохигчид маргаагүй.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2.3-т заасан алдангийн талаарх тохиролцоог хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл байгаа гэх нөхцөл байдлыг хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар баримтаар нотлоогүй байна. Иймд анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ. Харин нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсоны дагуу хариуцагчаас алданги гаргуулахаар шаардах эрхтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсэгт нийцнэ.

Талуудын хоорондын худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч нь төлбөрийг 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах үүрэгтэй байсан боловч 17 811,29 ам.доллар буюу 32 558 280 төгрөгийг гэрээний хугацаанд, үлдэгдэл 42 188,71 ам.долларыг хугацаа хэтрүүлж төлсөн болох нь хэрэгт авагдсан харилцах дансны хуулга /хх.74-78/, бэлэн мөнгөний орлогын баримт /хх.128-129/, алдангийн тооцоолол /хх.130/, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон.

Иймд хариуцагч “ХХ” ХХК-ийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т зааснаар хугацаа хэтрүүлж үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ. Хариуцагч нь хугацаа хэтрүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас нийт хугацаа хэтрүүлсэн үүргийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээтэй алданги болох 38 479 048 төгрөгийг шаардах эрхтэй боловч мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасан алдангийн хэмжээг давж заалдах шатны шүүхээс багасгах үндэслэлтэй байна.

Тухайлбал, “Гудамж” төслийн хүрээнд хариуцагчийн 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлын хөлс тодорхойгүй шалтгааны улмаас хоцорсон буюу Нийслэлийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн А/239 тоот захирамжийг үндэслэн 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн авто замын газар болон НЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтэстэй нөхөн гэрээ байгуулж санхүүжилтыг олгосон, үүнтэй холбоотойгоор гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан төрийн болон орон нутгийн байгууллагуудын албан бичгийн хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. /хх.131-143/

Иймд хариуцагчийг ажлын хөлс хугацаандаа төлөөгүйд нөлөөлсөн дээрх нөхцөл байдал, үндсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байдал зэргийг харгалзан нэхэмжлэгчид хуулийн дагуу олгогдох боломжтой байсан алдангийн хэмжээнээс 50 хувиар хасан хариуцагч “ХХ” ХХК-аас 19 239 524 төгрөгийг гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/00314 дүгээр шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “232.4, 232.6” гэснийг “232.8” гэж, “38 479 048” гэснийг “19 239 524” гэж, “16 500 452” гэснийг “35 739 976” гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 2 дах заалтад “350 345” гэснийг “254 147” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 350 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                              Ч.ЦЭНД

 

                                                                                               Ж.ОЮУНТУНГАЛАГ