Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 314

 

   

 

 

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2019/00314

               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Х х” ХХК -д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний алданги 54.979.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, гэрээний 4.2.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Д, өмгөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.         

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “Х” ХХК-ийн захирал Б.У-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу авто замын хөдөлгөөн зохицуулах тоног төхөөрөмжийг БНСУ-аас нийлүүлэх үүргийг манай компани хүлээж, худалдан авагч тал болох “Х х” ХХК бүтээгдэхүүнийг хүлээн авах, барааны үнийг хуваарийн дагуу төлөх үүргийг хүлээсэн. Манай компани 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 8 ширхэг авто замын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионы удирдлагын хайрцаг буюу контролёрыг нийлүүлсэн. Гэрээний 2.2 дахь хэсэгт 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 70 хувь буюу 42 мянган ам.долларын төлбөрийг барагдуулахаар тусгасан байдаг. Дээрх тоног төхөөрөмжийг манай 100 хувийн санхүүжилтээр нийлүүлэх шаардлагатай болсон тул бид БНСУ-ын олон жилийн түнш байгууллагатайгаа харилцан тохиролцож итгэлцлийн үндсэн дээр барааны үнийн зарим хэсгийг ямар нэгэн барьцаагүйгээр дараа төлөх хэлбэрээр төлөхөөр тохиролцож гэрээтэйгээ уялдуулан хугацааг тохирсон байсан. Гэтэл тохирсон хугацаандаа “Х” ХХК санхүүжилтээ хийгээгүйгээс болоод гадаад төлбөр тооцоог хуваарийн дагуу хугацаандаа төлж чадахгүй хүндрэлтэй байдал үүсч, улмаар гадаад түншийн итгэлийг хөсөрдүүлж эхэлсэн тул олон жилийн дотно түншийн харилцаанд сэв сууж одоо өөр байгууллагатай харьцдаг болсноор манай компанид бизнесийн том хохирол учраад байна. Удаан хугацаанд төлбөр хийгдэхгүй байснаас олон төлөвлөж байсан бизнесийн ажил хойшлогдон алдагдал үүсч байлаа. Мөн богино хугацаат хүү өндөртэй хэд хэдэн зээлийг энэ хугацаанд авч ашигласнаас болж тодорхой хэмжээний төлөвлөөгүй алдагдал, НӨАТ-ын өр үүсгэсэн. Алданги үүссэн талаар сүүлийн төлбөр хийгдэх хүртэл сануулж байсан ба энэ талаар харилцан ойлголцож тодорхой дүнгээр тохиролцоонд хүрэхээр манай талаас хичээл зүтгэл гаргаж ирсэн. Заримдаа энэ тал дээр анхаарал хандуулж байсан дүр эсгэдэг байснаа сүлдээ утсаа ч авахаа байж зайлсхийх оролдлого хийж байгаа тул Монгол улсад мөрдөгдөж байгаа холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдүүлэхээр шүүхэд хандаж байна. Бидний харилцан тохиролцож байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 04 тоот гэрээний 4.2.3-т худалдан авагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алданги төлнө гэж заасны дагуу тооцоолоход 72.940.170 төгрөг болсон бөгөөд алдангийн дүнг гэрээнд заасан нийт үнийн дүнгийн 50 хувиар тооцоолж 54.979.500 төгрөгийг хариуцагч “Х х” ХХК-аас гаргуулж өгнө үү” гэв.  

 

Хариуцагч “Х х” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Манай компани 2014 оны 05 дугаар сард “Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн удирдах хороотой харилцан тохиролцож амаар гэрээ байгуулан төсвийн хөрөнгөөр Наадамчдын зам, Яармагийн гүүрнээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн замын уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замд гэрлэн дохио суурилуулах ажлыг 100 хувь өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн. Ингэхдээ манай компани тус ажлыг нийслэлээс нэг төгрөгийн ч урьдчилгаа санхүүжилт авалгүй бүгдийг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж, ажил гүйцэтгэсний дараа санхүүжилтийг авсан болно. Тус төслийг гүйцэтгэх явцад хэд хэдэн компани туслан гүйцэтгэгчээр хамтарч ажилласан бөгөөд үүний дотор “Х” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээг 2014 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулж замын хөдөлгөөний гэрлэн дохионы хяналтын самбарыг худалдан авахаар тохирч худалдан авсан болно. Бидний хооронд байгуулсан гэрээ ёсоор “Х” ХХК нь БНСУ-ийн К компанийн КЕТ2100 маркийн 8 ширхэг удирдлагын самбарыг нэг бүрийг 7.500 ам доллар, нийт 60.000 ам доллараар нийлүүлнэ гэж заасан. Гэтэл тус компани дээрх бараа бүтээгдэхүүнийг БНСУ-ийн К компаниас нийлүүлээгүй, тус компанийн дуураймал бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг үйлдвэрээс бидэнд нийлүүлсэн байсан. Энэ талаар одоогоор бид гомдол гаргаагүй байна. Бидний хувьд чанартай баталгаатай бүтээгдэхүүн шаарддаг бөгөөд дуураймал бүтээгдэхүүн гэрээнд заасан үнэ ханшаас доогуур байдаг. Гэтэл бид тоног төхөөрөмжийн төлбөрт монгол улсын мөнгөөр тооцвол 130 гаруй сая төгрөг төлсөн. Ер нь энэ төрлийн ажил дээр манай компани замын хяналтын самбарыг өөр компаниас арай хямд үнээр авдаг байсан боловч Нийслэлийн замын газрын мэргэжилтэн нөхдүүд “Х” ХХК энэ ажлын санхүүжилтийг саадгүй гаргуулж чадах учир гэрээ байгуулаач гэсэн санал тавьсны дагуу тус компаниас хяналтын самбар худалдан авсан юм. Ингээд манай компани гэрээт ажлыг гүйцэтгээд санхүүжилт авах гэсэн боловч “Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн удирдах хороо хуралдан шийдвэр гаргалгүй хойшилсоор улмаар татан буугдаж, дахин томилогдоогүйгээс бидний гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг хаанаас хэн олгох нь тодорхойгүй болсон учир манай компани болон “Х” ХХК нь тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн авто замын газарт удаа дараа гомдол, хүсэлт гаргаж байж Нийслэлийн Засаг дарга 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр А/239 тоот захирамж гарган, 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн авто замын газар болон Нийслэлийн Засаг даргын тамгын газар буюу Нийслэлийн Засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтэстэй нөхөн гэрээ байгуулан санхүүжилт авсан болно. Энэ байдлыг “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д сайн мэдэж байсан бөгөөд бид хоорондоо гэрээний 7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүслээ гэдгийг ч ярьж байсан. Мөн гэрээний үүргийг биелүүлэхэд нөлөөлөхүйц онцгой үйл явдал болж санхүүжилт олгох газар татан буугдаж хариуцах тодорхой эзэнгүй болсон тул бүгд нийслэлийн Засаг даргад гомдол гаргахаар шийдэж байсан. Гэрээний 4.2.3-т заасан нийлүүлэгч хуваарьт хугацаандаа нийлүүлсэн барааны үнийг гэрээнд заасан хугацаанд төлөх ба төлбөрийг хожимдуулсан торгууль нь төлөгдөөгүй үнийн дүнгээр хоног тутамд 0.5 хувь байхаар тооцно гэсэн энэ заалтыг мөрдөхгүй байхаар тохирсныг олон хүн мэднэ. Гэтэл тус компани гэрээний энэ заалтыг барьж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад гайхаж байна. Учир нь манай компани гэрээний дагуу нийт төлбөрийн ихэнх хэсэг буюу 45.000 ам.долларыг гэрээний хугацаанд төлж барагдуулсан. Харин нийслэлээс сүүлчийн санхүүжилт орж ирэхэд 15.000 ам.долларыг төлсөн. Гэвч алданги тооцох үндэслэлгүй, талууд хоорондоо алданги тооцох боломжгүй болсон гэж тохирсон байсан. Хэдийгээр гэрээнд хугацааг 2014 оны 07 дугаар сарын 20-ноос 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлнө гэж тохирсон боловч талууд нийслэлээс шалтгаалж байгаа санхүүжилтээс болж тус хугацааг амаар тохирч хугацаагүй хойшлуулсан байсан. Ингээд гэрээний гадуур тохирсон хугацаанд 40.000 гаруй ам.долларыг төлсөн. Үүнд гэрээний алданги тооцох ямар ч үндэслэл байхгүй юм. Сүүлийн санхүүжилт нийслэлээс тохирсон хугацаанд орж ирэхгүй бол 15.000 ам.доллар дээр алданги тооцох санал “Х” ХХК-ийн захирал Д-гаас гарсан боловч санхүүжилт тохирсон ёсоор орж ирж бид шилжүүлсэн тул алданги тооцох яриа дууссан. Үүнийг гэрээний талууд бүгд мэдэж байгаа. Гэтэл энэ бүх эрсдлийг зөвхөн манай компани хариуцах мэтээр ойлгож биднээс алданги тооцож нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн гэрээний 7 дугаар зүйлд гэрээний нөхцөл зөрчигдсөн тодорхой тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөх тухай заасан байна. Бидэнд гэрээний дагуу санхүүжилт олгох ёстой “Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн удирдах хороо хуралдан шийдвэр гаргалгүй хойшилсоор улмаар татан буугдаж, дахин томилогдоогүй нь гэрээний 7 дугаар зүйлд заагдсан бидний санал үйл ажиллагаанд хамаарахгүй, гэрээг бүхэлд нь биелүүлэхэд саад учруулсан үйл явдал болсон, хариуцлагаас чөлөөлөгдөх бүрэн үндэслэлтэй гэж бид үзэж байгаа юм. Хэрвээ манай компани өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болоод “Х” ХХК-ийг хохироосон бол гэрээний дагуу зайлшгүй алданги төлөх ёстой. Гэвч манай компанийн буруутай үйл ажиллагаанаас болж гэрээний хугацаа алдаагүй, санхүүжилт хойшлогдоогүй, харин Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн авто замын газрын буруугаас болж бүгд давхар хохирсон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч “Х” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

 

Хариуцагч “Х х” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “... “Х” ХХК-тай манай компани худалдах, худалдан авах гэрээ байгуулж 60.000 ам долларын үнэ бүхий БНСУ-д үйлдвэрлэсэн KETC 2100 маркийн 8 ширхэг гэрэл дохионы удирдлагын самбарыг худалдан авсан. Ингээд гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлсөн боловч “Х” ХХК нь 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн гэрээний 4.2.3-т заасны дагуу алданги 54.979.500 төгрөгийг манай компаниас нэхэмжилж байна. Бид гэрээ байгуулах үедээ алданги төлөх талаар тохиролцоогүй бөгөөд “Х” ХХК-ийн бэлтгэсэн гэрээний загвараар гэрээг байгуулсан, тухайн үед алданги тооцохгүй гэж талууд тохирсон байсан тул тус гэрээний заалтыг гэрээнээс хасуулаагүй болно. Гэтэл тус компани төлбөр тооцоо дууссаны дараа биднээс гэрээний алданги гэж их хэмжээний мөнгө нэхэж байгаа явдал нь алданги авахгүй гэж талууд амаар тохиролцсон хэлцлийг зөрчиж байна. Иймд бидний зүгээс тус компанитай байгуулсан хэлцлийн 4.2.3-т заасан нийлүүлэгчийн хуваарьт хугацаанд нийлүүлсэн барааны үнийг гэрээнд заагдсан хугацаанд төлөх ба төлбөрийг хожимдуулсан торгууль нь төлөгдөөгүй үнийн дүнгийн хоног тутамд 0.5 хувь байхаар тооцно гэсэн заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах хүсэлтэй байна. Иймд тус гэрээний 4.3.2-т заасан дээрх заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү” гэжээ. 

 

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “... Сөрөг нэхэмжлэлд гэрээний 4.2.3-т заасны дагуу нэхэмжилж байгаа алдангийг төлөх боломжгүй талаар дурджээ. Шалтгаан нь гэрээ байгуулах үедээ энэхүү алдангийг тооцохгүй байхаар амаар тохирсон гэжээ. Ийм ямар ч тохиролцоо байгаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Иймд гэрээний 4.2.3-т заасан нийлүүлэгчийн хуваарьт хугацаанд нийлүүлсэн барааны үнийг гэрээнд заагдсан хугацаанд төлөх ба төлбөрийг хожимдуулсан торгууль нь төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувь байхаар тооцно гэж заасан бидний бичгээр үйлдэж, тамга тэмдэг дарж, гарын үсэг зурсан гэрээний заалт хүчин төгөлдөр үйлчлэх ёстой. Мэдээж аливаа бараа бүтээгдэхүүнийг шууд бэлнээр худалдан аваагүй тохиолдолд тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцох улмаар энэ тохиролцоо биелээгүй тохиолдолд алданги тооцох заалт бол нийтэд хүлээн зөвшөөрөгдөх хэм хэмжээ л гэж ойлгож байна. Энэхүү их хэмжээний үнийн дүнтэй барааны төлбөр тогтоосон хугацаандаа төлөгдөөгүйгээс үүдэн манай компанид олон хүндрэл бэрхшээл урган гарсан. Энэхүү төлбөрөөс шалтгаалж хийх ёстой байсан гадаад төлбөр тооцоонд хүндрэл учирч хувийн хэрэгцээний зүйлсээ зарах, хүнээс тодорхой хүүтэй мөнгө зээлэх гэх мэт. Хэрвээ энэхүү асуудал сунжирвал бид ч гэсэн бодитойгоор учирсан хохирлоо нэмж барагдуулах хүсэлт тавих болно. Иймд өнөөдөр Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд хийгдсэн худалдах худалдан авах гэрээнд заагдсан гэрээний үүргийг хангуулахаар хандаж байгаа бидний хүсэлтийг бодит баримтын хүрээнд хянан шийдвэрлэж өгнө үү” гэв.  

 

Шүүх хуралдаанаар зохигч, төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “Х х” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний алданги 54.979.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч “Х х” ХХК нь нэхэмжлэгч “Х” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний 4.2.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь эсрэг талын гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.

 

Зохигчдын хооронд 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан байх ба уг гэрээгээр нэхэмжлэгч нь БНСУ-ын К компанийн КЕТ 2100 маркийн 8 ширхэг барааг нийлүүлэх, хариуцагч нь барааны нэгжийн үнэд 7.500 ам.доллар, нийт 60.000 ам.долларыг хэсэгчлэн 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ /хх-4-7/.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба энэ талаар зохигч маргаагүй.

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь БНСУ-д үйлдвэрлэсэн КЕТ 2100 маркийн 8 ширхэг авто замын хөдөлгөөний удирдлагын тоног төхөөрөмжийг хариуцагчид нийлүүлсэн, хариуцагч нь гэрээний үнэ 60.000 ам.долларыг нэхэмжлэгчид төлсөн үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон ба энэ талаар мөн маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь 54.979.500 төгрөгийн алданги төлөхийг хариуцагчаас шаардсан ба хариуцагч нь гэрээний алдангийн талаарх 4.2.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус гэж марган сөрөг шаардлага гаргаж байна.

 

Худалдах, худалдан авах гэрээний 4.2.3-д нийлүүлэгчийн хуваарьт хугацаанд нийлүүлсэн барааны үнийг гэрээнд заагдсан хугацаанд төлөх ба төлбөрийг хожимдуулсны торгууль нь төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувь байхаар тооцно гэж заасан байх ба энэхүү нөхцөл нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, мөн 232.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасантай тус тус нийцжээ.

Талууд алданги тооцохгүй талаар амаар тохирсныг зөрчсөн үндэслэлээр дээрх алдангийн нөхцөлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар гаргаж буй хариуцагчийн сөрөг шаардлага нотлох баримтаар тогтоогдоогүйн дээр хүчин төгөлдөр бус хэлцлийн талаарх Иргэний хуулийн 56-60 дугаар зүйлүүдэд заасан аль ч үндэслэлд хамаарахгүй байна. Гэрч Т.Н хариуцагчийн адил   нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан “О” ХХК-ийн төлөөлөгчийн хувьд өөрийн гэрээ байгуулсан үйл явцтай холбоотой мэдүүлэг өгчээ /хх-124-127/.   

 

Иймээс анзын талаарх талуудын тохиролцоог хүчин төгөлдөр гэж дүгнэх үндэстэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний нөхцөлийн дагуу алданги шаардах эрхтэй.

 

Худалдах, худалдан авах гэрээний 2.2-т зааснаар хариуцагч нь эхний төлбөр 18.000 ам.долларыг 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор, үлдэх 42.000 ам.долларыг 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээсэн ба Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдан авсан шонгийн үнэ 1.000.000 төгрөг, бусдад төлөх өрөнд шилжүүлүүлсэн 18.000.000 төгрөг, нийт 19.000.000 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр буюу хугацаандаа төлсөн төлбөрт тооцжээ.

 

Үүнээс гадна хариуцагч 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 7.000.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 50.000.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 1.500.000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 29.625.000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулга, мөн хариуцагчийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Хаан банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байна /хх-46, 74-77/.

 

Мөн нэхэмжлэгч бэлэн мөнгөний орлогын баримтаар 2014 оны 08 дугаар сарын 26, 27-ны өдөр 2.000.000 төгрөг болон 2.000 ам.долларыг хариуцагчаас хүлээн авсан байх боловч эдгээр баримтад мөнгө тушаагч буюу хариуцагч гарын үсэг зураагүй байх тул дээрх хугацааг эргэлзээгүй, зөв гэж үнэлэх боломжгүй /хх-128, 129/. Түүнчлэн уг хугацаанд худалдан авсан зуурмагийн үнэ 910.000 төгрөгийг төлбөрт тооцно гэх боловч худалдан авалтын огноог нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардлагын үндэслэл буюу хариуцагч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн байдлыг нотлох үүрэгтэй тул шүүх дээр дурдсан баримтуудыг зохигчдын тайлбартай харьцуулан үзээд хариуцагч 17.811,29 ам.доллар буюу 32.558.280 төгрөгийг /19.000.000₮+7.000.000₮+2.000.000₮+2.000$/ нэхэмжлэгчид төлөхдөө гэрээний хугацааг хэтрүүлээгүй байна гэж дүгнэв.

 

Харин үлдэх 42.188,71 ам.долларыг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй буюу Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх ба энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын гэрээний 4.2.3-т зааснаар алданги тооцох үндэслэл болно.

 

Хэрэгт сүүлийн байдлаар гаргасан нэхэмжлэгчийн тооцоолол /хх-130/-д алдангийг төлбөр хоорондын хугацаагаар тооцсон байх ба гэрээний хугацаа дууссан 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс дараагийн төлбөр хийгдсэн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 66 хоногт 13.922,28 ам.доллар /42.188,71*0.5%*66/, дараагийн төлбөр хийгдсэн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 117 хоногт 8.904,138 ам.доллар /15.220,75*0.5%*117/, дараагийн төлбөр хийгдсэн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 133 хоногийн хугацаанд 9.621,053 ам.доллар /14.467,75*0.5%*133/, нийт 32.447,47 ам.долларын алданги тооцогдох үндэстэй боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 42.188,71 ам.долларын 50 хувь болох 21.094,35 ам.доллараас хэтэрч болохгүй.  

 

Нэхэмжлэгч тооцоондоо ам.долларын ханшийг 1.824,14 төгрөгөөр тооцсон нь гэрээ байгуулах үеийн ханшаас их биш байгааг дурдах нь зүйтэй /хх-11/.

 

Хариуцагчийн тайлбарт дурдсан 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 25.000.000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 30.000.000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 29.125.000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 29.625.000 төгрөг тус тус нэхэмжлэгчид төлсөн /хх-47/ гэх байдал баримтаар тогтоогдоогүйн дээр нэхэмжлэгчийн дээрх баримтуудыг хариуцагч няцааж үгүйсгээгүй болно.

 

Нэхэмжлэгч тоног төхөөрөмжийг БНСУ-ын К компаниас нийлүүлээгүй, тус компанийн дуураймал бүтээгдэхүүнийг нийлүүлсэн гэх үндэслэлээр хариуцагч маргасан боловч уг татгалзалтай холбоотой баримт шүүхэд гаргаагүй, түүнчлэн Гаалийн ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн БНСУ-аас КЕТ 2100 маркийн 8 ширхэг авто замын хөдөлгөөний удирдлагын тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч импортолсон талаарх баримтыг маргаж үгүйсгээгүйг дурдах нь зүйтэй /хх-98-100/.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс худалдан авсан авто замын хөдөлгөөний удирдлагын тоног төхөөрөмжийг Наадамчдын зам, Яармагийн гүүрнээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн замын уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замд гэрлэн дохио суурилуулах ажилд хэрэглэсэн, “Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн удирдах хороо, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн авто замын газраас санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүй удаасан, тус нөхцөл байдал нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний 7.1-д заасан хариуцлагаас чөлөөлөгдөх нөхцөл болно гэж тайлбарлан 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн НАЗГ-2015-05-22/ГД-2 тоот ажил гүйцэтгэх гэрээ, мөн дээрх нийслэлийн удирдах байгууллага, албан тушаалтантай харилцаж байсан албан бичгүүдийг /хх-131-144/ шүүхэд гаргасан бөгөөд энэхүү гэрээт ажлын талаар талуудын худалдах, худалдан авах гэрээнд тусгагдаагүй байх тул тухайн нөхцөл байдлыг тус иргэний хэрэгт хамааралтай гэж үнэлэх боломжгүй юм.

 

Үүнээс гадна гэрээний 7.2-д хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдалд байгалийн гэнэтийн аюул, зэвсэгт мөргөлдөөн, гэрээний үүргийг биелүүлэхэд шууд нөлөөлөхүйц эдийн засгийн онцгой өөрчлөлт зэрэг багтахаар заасан байх ба үүнд дурдсан нөхцөл байдал хамаарахгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас гэрээнд заасан хугацаа хэтрүүлсний хариуцлага болох алданги 38.479.048 төгрөг /21.094,35*1.824,14/ гаргуулан нэхэмжлэгчид олгож, худалдах, худалдан авах гэрээний 4.2.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлд хавсаргасан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/03664 дүгээр шийдвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШЗШ2018/08143 дугаар захирамж зэргээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан болохыг тэмдэглэх нь зүйтэй /хх-9-10/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х х” ХХК-аас 38.479.048 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16.500.452 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч “Х” ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний 4.2.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч “Х х” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тус бүрээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 432.850 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х х” ХХК-аас 350.345 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, илүү төлсөн 2.150 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулан хариуцагч “Х х” ХХК-д олгосугай.

 

3. Хариуцагч “Х х” ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА