Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 49

 

Ц.Э-, О.Э- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00706/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  02 дугаар сарын 28-ны өдрийн 196 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Э-, О.Э- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Д-” ХХК-д холбогдох

"Д-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, Компанийн тухай хууль зөрчиж хэзээ хийсэн нь тодорхойгүй хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэр протоколыг хүчингүй болгуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай мөн хариуцагч талын хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар “Д-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн Ц.Э-, О.Э- нарыг улсын бүртгэлээс хасч бүртгэхийг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн газарт даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагчийн төлөөлөгч Ц.Л-, түүний өмгөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Туяа нар оролцов.

           Нэхэмжлэгч О.Э-, Ц.Э- нараас:

2004 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Ц.Л-, Ц.Э-, О.Э- бид нар санаа нэгдэн Цагдаагийн газраас тусгай зөвшөөрөл авч гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагааг явуулахаар “Д-” ХХК-ийг үүсгэн байгуулж, Ц.Л- нь хувьцааны 50 хувь, Ц.Э- хувьцааны 30 хувь, О.Э- хувьцааны 20 хувийг тус тус эзэмшихээр болцгоож, компанийн ерөнхий захирлаар нь Ц.Л-ыг санал нэгтэй сонгож Улсын бүртгэлийн газар, Татварын албанд бүртгүүлснээр одоо гэрээт харуул хамгаалалтын ажиллагааг гүйцэтгэн 14 жил гаруй үйл ажиллагааг явуулж байна. Компанийн өдөр тутмын болон гүйцэтгэх захирлын ажлыг Ц.Л- нь энэ хугацаанд гүйцэтгэж ирсэн бөгөөд хувьцаа эзэмшигч бид нарт компанийн үйл ажиллагааны талаар ямар нэгэн тайлан тавьж байгаагүй, компанийн хувьцааны өөрчлөлтийн талаар ямар нэгэн хурлын тов мэдэгдэж байгаагүй, компанийн ногдол ашиг өгч байгаагүй юм. Гэтэл компанийн хувьцаа эзэмшигч Ц.Э-, О.Э- бид нарт мэдэгдэлгүй хэзээ хийсэн нь тодорхойгүй, он сар өдөр нь мэдэгдэхгүй компанийн хувь нийлүүлэгчдийн хурлыг хуурамчаар хийж, Ц.Л- компанийн нийт хувьцааны 90 хувь эзэмших, Ц.Э-, О. Э- нар тус бүр 5 хувь эзэмших хурлын протокол хөтлөн, хувь нийлүүлэгчдийн гарын үсгийг дууриалган зурсан хуурамч бичиг баримтуудыг үйлдэж, хувьцаа эзэмшигч бид нарын эрх ашгийг хохироосон байна. Иймд дээрх байдлуудыг хууль зүйн дагуу тогтоож нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Ц.Э-г компанийн 30 хувь, О.Э-ыг компанийн 20 хувь эзэмшдэг “Д-” ХХК-ийн хууль ёсны хувь нийлүүлэгч эзэмшигч нар болохыг тус тус тогтоож өгнө үү. “Д- ХХК-ийн захирал Ц.Л-ын хуурамчаар хийсэн компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын протокол шийдвэрийг хүчингүй болохыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагчийн төлөөлөгч Ц.Л-аас:

 “Д-” ХХК-ийг өөрөө санаачлан үүсгэн байгуулсан бөгөөд тухайн үед цагдаад ажиллаж байсан Н.Б- агсанд хамтран ажиллах санал тавьсан. Би Н.Б-аар дамжуулан түүнтэй хамт ажилладаг М.Б-тай танилцсан бөгөөд мөн компанидаа оруулъя гэж санал гаргасан. Н.Б-, М.Б- нь цагдаад ажилладаг тул өөрсдөө компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлмээргүй байгаа тул эхнэрүүдийнхээ нэрээр компанийг байгуулъя гэж ярьж тохирцгоосон. Компанийг үүсгэн байгуулах хурлын протокол дээр эхнэрүүдийн нэр байгаа боловч нэрийнх нь ард бичигдсэн утас нь нөхрүүдийнх нь буюу тухайн үед Б-, Б- нарын барьж байсан гар утасны дугаар бичигдсэн байгаа нь миний тайлбар үнэн зөв болохыг нотолно. Н.Б-, М.Б- бид гурав компанийг үүсгэн байгуулахдаа 2.000.000 төгрөгийн дүрмийн сантай байгуулах, Ц.Л- миний бие дүрмийн сангийн 50 хувьтай тэнцэх хөрөнгө оруулах, Н.Б- 30 хувьтай тэнцэх, М.Б- 20 хувьтай хөрөнгө оруулах, оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хувьцаа эзэмшихээр тохиролцож, компанийн дүрмийн санг баталсан. Гэвч Н.Б-, М.Б- нар нь харилцан тохиролцож, компаний дүрэмд заасны дагуу хөрөнгө оруулаагүй тул Ц.Л- миний бие 1.000.000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр, 1.000.000 төгрөгийн үнэ бүхий компьютер, факсын аппаратыг нийлүүлж компанийн дүрмийн санг дангаараа бүрдүүлсэн. Компани үйл ажиллагаагаа эхэлснээс хойш компанийн үйл ажиллагааг явуулахын тулд ажиллагсдын цалин, байрны түрээс, машин, утас, ашиглалтын зардал гэх мэт дахин нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай болсон бөгөөд энэ бүгдийг Ц.Л- миний бие болон манай гэр бүлийн “Поликом” ХХК-аас гаргаж байсан. Энэ бүгдийг нотлох баримтаар гаргаж өгсөн ба угаасаа санхүүгийн тайлан тооцонд туссан байгаа. Компани анх “Монгол алт” ХК-ийн байранд байр түрээслэж байсан ба зардлыг миний бие гаргасаар ирсэн. Дохиолол хамгаалалтын үйлчилгээ нэвтрүүлэх шаардлагын үүднээс тоног төхөөрөмж худалдан авч, суурилуулахад нэмэлт хөрөнгө оруулалт хэрэгтэй болсон тул нэмж 35.000.000  төгрөгийн хөрөнгө оруулалтыг Ц.Л- миний бие мөн дангаараа хийсэн. ...бид төрийн ажил хийж байгаа учраас компанийн үйл ажиллагаанд оролцох боломж алга, хөрөнгө оруулах боломж байхгүй тул чи дангаараа компаниа авч яв, хувьцаа эзэмшигчээс бид нарыг хасчих гэхэд нь би анх хамтраад байгуулчхаад та хоёрыг оргүй хоосон үлдээгээд яахав, та хоёрын нэр дээр 5 хувь, 5 хувийн хувьцаа үлдээе гээд хурлын протокол үйлдэж Б-, Б- нарт протоколыг өгч явуулсан тул протокол дээр эхнэрүүд нь гарын үсэг зурсан эсвэл нөхрүүд нь гарын үсэг зурсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Иймд хариуцагч талаас анх компанийг үүсгэн байгуулсан хурал нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул уг хэлцлийн үндсэн дээр хийгдсэн улсын бүртгэлийг буруу ташаа гэж үзэж байгаа тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

            Хариуцагчийн төлөөлөгч Ц.Л-:

Энэ хэрэгт анхнаасаа үнэн зөв тайлбар өгсөн болох нь криминалистикийн шинжээч Ш.Бямбадоржийн шинжээчийн дүгнэлтийн 2-т шинжлэгдэж байгаа 2004.01.12 гэсэн огноотой компанийн үүсгэн байгуулах бүх гишүүдийн хурлын протокол дээр зурагдсан гарын үсэг О.Э-ын гарын үсэг биш байна гэж дүгнэснээс үзэхэд анх 2004.01.12-ны өдөр компанийг үүсгэн байгуулах хуралд нэхэмжлэгч О.Э- оролцоогүй болох нь нотлогдож байна. ...Ц.Л- миний бие компанийн дүрмийн санг дангаараа бүрдүүлсэн. Гэтэл Ц.Э-, О.Э- нар нь “Д-” ХХК-д нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй тул хувьцаа эзэмшигч гэж үзэх хуулийн үндэслэл байхгүй юм. Дээрх байдлаар анх компанийг үүсгэн байгуулахад Ц.Э-, О.Э- нар нь үүсгэн байгуулах хуралд биечлэн оролцоогүй, гарын үсгээ ч зураагүй, хөрөнгө оруулаагүй тул дүр үзүүлэн хийсэн хэлцэл, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийн үндсэн дээр Ц.Э-, О.Э- нарыг компаний үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн улсын бүртгэлд бүртгүүлсэн юм. Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар “Д-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн Ц.Э-, О.Э- нарыг улсын бүртгэлээс хасч бүртгэхийг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн газарт даалгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч О.Э-, Ц.Э- нар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан хариу тайлбартаа:

Дохиолол, гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ явуулах чиглэлээр компани байгуулах саналыг Л- өөрөө гаргасан. Энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулахад Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа та нарын туслалцаа хэрэгтэй байна гээд Ц.Л- нь Н.Б-, М.Б- нарт санал тавьж компанийн дүрмийн сангийн хөрөнгө бүрдүүлэлт, бичиг баримтын асуудлыг би хариуцан бүрдүүлье, компанийн дүрмийн сангийн 50 хувийг би өөрөө эзэмшье, та хоёр 50 хувийг нь өөрсдөө тохир гээд энэ компанийг байгуулсан. Дохиолол, гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ явуулах эрх олгосон тусгай зөвшөөрөл авсан, харуул хамгаалалтын ажилтнууддаа сонгон сургалтад хамруулсан, дохиолол холбооны тоног төхөөрөмжийг БНХАУ-аас сонгон авахад ЦЕГ-ын мэргэжлийн хүнээр зуучлан авчируулсан, харуул хамгаалалт авах байгууллагуудыг зуучлан олж өгсөн зэрэг гол ажлуудыг хийж гүйцэтгэсний үндсэн дээр энэ компани өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж байгаа гэж бодож явдаг. Тухайн үед Ц.Л-ын “Поликом” ХХК-ийн байранд “Д-” ХХК-ийг үүсгэн байгуулахаар ярилцаж бичиг баримтад Ц.Э- би гарын үсэг зурсан. Энэ үед Н.Б-, М.Б-, Ц.Л- нар бүгд байсан. Харин О.Э- нь байгаагүй. Түүнийг төлөөлж М.Б- /нөхөр нь/ байсан. ...Тэдний тусламжгүйгээр харуул хамгаалалтын ажлыг эхлэхэд хэцүү гэдгийг мэддэг учир Ц.Л- бидний нөхрүүдэд өөрөө санал анх тавьсан. Компани нь хуулийн хүрээнд бүртгүүлж үйл ажиллагаа явуулж байгаа тул бидний зөвшөөрөлгүйгээр хувьцаа эзэмшигчээс хасах хууль зүйн үндэслэлгүй, улсын бүртгэлийн газарт даалгах эрхгүй юм. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний эзэмшлийн хувийг анх Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн Ц.Э- 30 хувь, О.Э- 20 хувь байснаар тогтоож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

             Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 196 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д зааснаар Ц.Э-, О.Э- нарын “Д-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, Компанийн тухай хууль зөрчиж хэзээ хийсэн нь тодорхойгүй хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэр протоколыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5-д зааснаар Ц.Э-, О.Э- нарыг “Д-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулж бүртгэлээс хасч бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125.220 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас 70.200 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч Ц.Э-, О.Э- нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.

“Д-“ ХХК нь Компани 2004 онд гэрээт харуул хамгаалалтын алба гүйцэтгэх зориулалтаар үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн одоо хүртэл 15 жилийн хугацаанд 3 хувьцаа эзэмшигчтэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд хувьцаа эзэмшигч нарыг мөн, биш болон хувь эзэмшигч нарыг хасуулах талаар ямар нэгэн маргаан үүсэж байгаагүй, одоог хүртэл улсын бүртгэлийн газарт 3 хувьцаа эзэмшигчтэй гэдгээр бүртгэлтэй байгаа. Компанийг удирдан зохион байгуулж ажиллуулах, хөрөнгө оруулалтыг хамтран гаргах, компанийг 2.000.000 төгрөгийн дүрмийн сантай байгуулж, дүрмийн сангийн 50 хувьтай тэнцэх хөрөнгө оруулах, Н.Б- /эхнэр Ц.Э- / дүрмийн сангийн 30 хувьтай тэнцэх хөрөнгө оруулах, М. Б- / эхнэр О.Э- / дүрмийн сангийн 20 хувьтай тэнцэх хөрөнгө оруулах, оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувьцаа эзэмшихээр тохиролцож компанийн дүрмийн санг баталсан гэж тайлбар гаргаж байгаа, он сар нь тодорхойгүй хувь нийлүүлэгчдийн хурал хийхдээ хувьцааны хувь хэмжээг багасгаж байгаа нь нэхэмжлэгч нарын хувьцаа эзэмшигч болохыг хүлээн зөвшөөрч үгүйсгээгүй байх бөгөөд нэхэмжпэгч нарын хувьцааны тоог үндэслэлгүй багасгаж, хариуцагч Ц.Л- нь дур мэдэн өөрийн эзэмшлийн хувьцааны тоог хууль зөрчиж нэмсэн тул компанид эзэмших хувьцааны тоог тогтоолгохоор нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэдгийг шүүх анхаарч үзсэнгүй шийдвэрлэлээ. Компанийн дүрэмд зааснаар хувь нийлүүлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах, компанийн дүрмийн санд өөрчлөлт оруулах, хувьцааг нэгтгэх, шилжүүлэх зэрэг ажиллагаануудыг хийхдээ хувьцаа эзэмшигч нарт албан ёсоор мэдэгдээгүй хувьцааг гэрээний дагуу шилжүүлээгүй, хэзээ хийсэн нь тодорхойгүй хурал хийж хувьцааны талаар улсын бүртгэлийн газарт хуурамч бүртгэл хийлгэсэн зэрэг компанийн тухай хууль зөрчигдсөн болох нь тогтоогдсон тул хувь нийлүүлэгчдийн хурлын протоколыг хууль бус гэж үзэн хүчингүйд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна.       

Хариуцагч Ц.Л-ын хууль зөрчсөн дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэн компанийн хувь эзэмшигч нарыг үгүйсгэж сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг хангасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц.Э-, О.Э- нар нь хариуцагч “Д-” ХХК-д холбогдуулан "Д-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, хэзээ хийсэн нь тодорхойгүй хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэр протоколыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал анх компанийг үүсгэн байгуулсан хурал нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул уг хэлцлийн үндсэн дээр хийгдсэн улсын бүртгэлийг буруу ташаа гэж үзэж байгаа тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч талын хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар “Д-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн Ц.Э-, О.Э- нарыг улсын бүртгэлээс хасч бүртгэхийг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн газарт даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэл нар бидний зөвшөөрөлгүйгээр хувьцаа эзэмшигчээс хасах хууль зүйн үндэслэлгүй, улсын бүртгэлийн газарт даалгах эрхгүй гэж тайлбар гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдсан гомдолд хязгаарлахгүйгээр хуульд заасан эрхийнхээ дагуу хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Зөвхөн компанийг үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулах талаар тусгай зөвшөөрөл авч Улсын бүртгэлийн газар, Татварын албанд бүртгүүлснээр компаний гишүүн нь компаний хувьцаа эзэмшигч болох боломжгүй талаар Компаний тухай хуулиар зохицуулсан байна.

Учир нь:

Иргэний хууль \34.1\ болон Компанийн тухай хууль \3.1-1999 он\-д зааснаар хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, \хөрөнгө оруулагчдын оруулсан хөрөнгө нь нэрлэсэн үнэ бүхий тодорхой тооны хувьцаагаар илэрч, нийтдээ компанийн өөрийн хөрөнгийг бүрдүүлдэг\ өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэж ойлгоно.

Компанийн тухай хууль \5.1-1999 он\-д зааснаар хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ.

Компаниас гаргасан хувьцааг иргэн, хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн эзэмшиж болно. \Компанийн тухай хуулийн 12.2-1999 он/

“Компанийн хувьцаа” гэдгийг Үнэт цаасны тухай хуульд “хувьцаа компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үндсэн хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх  болон хуулиар тогтоосон хувьцаа \үнэт цаас\ эзэмшигчийн бусад эрхийг гэрчилнэ” гэж тодорхойлжээ.

Компанийн гишүүн бүр компанид дүрэм болон гэрээгээр харилцан тохиролцсон хөрөнгөө /мөнгө, эд хөрөнгө, оюуны өмч/ заавал оруулснаар компанийн хувьцаа эзэмшигч болох ёстой юм.

Үйл ажиллагаагаар туслан дэмжсэнийг хөрөнгө оруулсан гэж үзэх боломжгүй бөгөөд энэ талаар хууль болон гэрээгээр зохицуулаагүй байна.

"Д-” ХХК-ийг үүсгэн байгуулсан хурлаар баталсан дүрэмдээ Ц.Э- гишүүн тус компанийн хувьцааны 30 хувийг эзэмшиж дүрмийн санд 600.000 төгрөг, О.Э- гишүүн хувьцааны 20 хувийг эзэмшиж дүрмийн санд 400.000 төгрөг оруулахаар заасан боловч нэхэмжлэгч нар хөрөнгө оруулсан тухай баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийнхээ дагуу шүүхэд гарган өгч хөрөнгө оруулсанаа нотлоогүй байна.

Мөн дээрх хүмүүсийг компанид хөрөнгө оруулаагүй болохыг хэрэгт авагдсан аудитын дүгнэлт нотолж байна.

Компани үүсгэн байгуулсан хурлын шийдвэрээс дээрх хүмүүс нь компанийг үүсгэн байгуулсан гэдэг нь нотлогдож байна.

Компани үүсгэн байгуулсан хурлын шийдвэрээр Ц.Э-, О.Э- нар нь 20, 30 хувийн хөрөнгө оруулна гэж тохиролцсон, мөн энэ талаар дүрмэнд тусгаж, компаний дүрмийн дагуу улсын бүртгэлд бүртгэгдсэн нь хэлбэрийн хувьд бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх шаардлагыг хангасан хэлцэл байх боловч бодит байдалд хөрөнгө оруулаагүй нь агуулгын хувьд нэхэмжлэгч нарыг хувьцаа эзэмшигч гэж үзэхгүй.

Иймд хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл хангагдах хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нар нь "Д-” ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш учраас дараагийн хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгохыг шаардах эрхгүй болно.

Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаж нэхэмжлэгч Ц.Э-, О.Э- нарт компанийн хувьцааг 5, 5 хувийг эзэмшүүлсэн хурлын шийдвэрээ үгүйсгэж байна.

Ц.Э-, О.Э- нарыг хувьцаа эзэмших эрхгүй этгээд болохыг тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэх тухай шаардлага нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Э-, О.Э- нарыг "Д-” ХХК-д гишүүний хувьд дүрэмдээ тодорхойлж заасан хөрөнгөө оруулаагүй, нөгөөтэйгүүр хэзээ хийсэн нь тодорхойгүй, компанийн дүрмийн санд өөрчлөлт оруулж хийсэн хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэсэн үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангасныг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Харин анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хууль хэрэглээгүй, өөрөөр хэлбэл хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул энэхүү алдааг давж заалдах шатны шүүх залруулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах зүйтэй гэж  дүгнэв.

Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 196 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт,

“Монгол Улсын Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д зааснаар Ц.Э-, О.Э- нарын “Д-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, Компанийн тухай хууль зөрчиж хэзээ хийсэн нь тодорхойгүй хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэр протоколыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” гэснийг

“Монгол Улсын Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 11.1, 12.1, 12.2, 13.1, 13.7, 14.1, 18.1, 33.1 \1999 он\, 70 дугаар зүйлийн 70.1.1 \2011 он/ -д зааснаар Ц.Э-, О.Э- нарын “Д-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, Компанийн тухай хууль зөрчиж хэзээ хийсэн нь тодорхойгүй хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэр протоколыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүүэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгч Ц.Э-, О.Э- нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

    

                         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                            ШҮҮГЧИД                                    Л.АМАРСАНАА

                                                                                                                 С.ОЮУНЦЭЦЭГ