Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 196

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2018/00706/И

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

  • Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суух, регистрийн дугаар ..., харилцах утас: ..., Ц.Э,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ...тоотод оршин суух, регистрийн дугаар ..., харилцах утас ..., О.Э нарын нэхэмжлэлтэй

 

  • Дархан-Уул аймаг, Дархан сумын 10-р баг, П- ХХК-ийн  байранд үйл ажиллагаа явуулж байгаа, регистрийн дугаар ..., ДС- ХХК-д холбогдох

 

  •  

 

Хариуцагчийн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, Ц.Э, О.Э-нарыг улсын бүртгэлээс хасч бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн газарт даалгуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагчийн төлөөлөгч ДС- ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Л-, хариуцагчийн өмгөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Э, Ц.Э, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2004 оны  01 дүгээр сарын 12-ны  өдөр  Ц.Л-, Ц.Э, О.Э-бид нар  санаа нэгдэн цагдаагийн газраас тусгай зөвшөөрөл авч гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагааг явуулахаар ДС- ХХК-ийг үүсгэн байгуулж, Ц.Л- нь  хувьцааны 50 хувийг эзэмших, Ц.Э хувьцааны 30 хувийг эзэмших, О.Э-хувьцааны 20 хувийг тус тус эзэмшихээр болцгоож, компанийн ерөнхий захирлаар нь Ц.Л-ыг санал нэгтэй сонгож улсын бүртгэлийн газар, татварын албанд бүртгүүлснээр одоо энэ компани нь Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэр дээр бусад компаниудтай гэрээ байгуулж, гэрээт харуул хамгаалалтын ажиллагааг гүйцэтгэн 14 жил гаруй хугацаагаар үйл ажиллагааг явуулж байна. Компанийн өдөр дутмын болон гүйцэтгэх захирлын ажлыг Ц.Л- нь энэ хугацаанд гүйцэтгэж ирсэн бөгөөд хувьцаа эзэмшигч бид нарт  компанийн үйл ажиллагааны талаар ямар нэгэн тайлан тавьж байгаагүй, компанийн хувьцааны өөрчлөлтийн талаар ямар нэгэн хурлын тов мэдэгдэж байгаагүй, компанийн ногдол ашиг өгч байгаагүй юм. Гэтэл компанийн хувьцаа эзэмшигч Ц.Э, О.Э-бид нарт мэдэгдэлгүй хэзээ хийсэн нь тодорхойгүй, он сар өдөр нь мэдэгдэхгүй компанийн хувь нийлүүлэгчдийн хурлыг хуурамчаар хийж, Ц.Л- компанийн нийт  хувьцааны 90 хувь эзэмших, Ц.Э, О.Э-нар тус бүр 5 хувь эзэмших хурлын протокол хөтлөн, хувь нийлүүлэгчдийн гарын үсгийг дууриалган зурсан хуурамч бичиг баримтуудыг үйлдэж, хувьцаа эзэмшигч бид нарын эрх ашгийг хохироосон байна. Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт Ц.Л-ын гэмт үйлдлийн талаар гомдол гаргасан боловч Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2018 оны 02 сарын 19-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн, иргэний эрх зүйгээр зохицуулагдах боломжтой гэж прокурорын тогтоолд заасан тул Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлд зааснаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд дээрх байдлуудыг хууль зүйн дагуу тогтоож нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Ц.Эг компанийн 30 хувь, О.Э-ыг компанийн 20 хувь эзэмшдэг ДС- ХХК-ийн хууль ёсны хувь нийлүүлэгч эзэмшигч нар болохыг тус тус тогтоож өгнө үү. ДС- ХХК-ийн захирал Ц.Л-ын хуурамчаар хийсэн компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын протокол шийдвэрийг хүчингүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Л- шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь ДС- ХХК-ийг өөрөө санаачлан үүсгэн байгуулсан бөгөөд тухайн үед цагдаад ажиллаж байсан Б агсанд хамтран ажиллах санал тавьсан. Би Бааар дамжуулан түүнтэй хамт ажилладаг Б-тай танилцсан бөгөөд мөн компанидаа оруулъя гэж санал гаргасан. Б, Б- нь цагдаад ажилладаг тул өөрсдөө компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлмээргүй байгаа тул эхнэрүүдийнхээ нэрээр компанийг байгуулъя гэж ярьж тохирцгоосон. Компанийг үүсгэн байгуулах хурлын протокол дээр эхнэрүүдийн нэр байгаа боловч  нэрийнх нь ард бичигдсэн утас нь нөхрүүдийнх нь буюу тухайн үед Б, Б- нарын барьж байсан гар утасны дугаар бичигдсэн байгаа нь миний тайлбар үнэн зөв болохыг нотолно. Уг протокол дээр бичигдсэн утсаар нөхрүүдтэй нь ярьж байсан болохоос биш эхнэрүүд буюу одоо нэхэмжлэл гаргасан байгаа Ц.Э, О.Э-нартай компани үүсгэн байгуулах болон компаний үйл ажиллагааны талаар огт ярьж байгаагүй болно. Б, Б- нар нь компанид харилцагч олж өгөх, миний бие компанийг удирдан зохион байгуулж ажиллуулах, хөрөнгө оруулалтыг хамтран гаргахаар тохиролцсон. Б, Б- бид гурав компанийг үүсгэн байгуулахдаа 2,0 сая төгрөгийн дүрмийн сантай байгуулах, Ц.Л- миний бие дүрмийн сангийн 50 хувьтай тэнцэх хөрөнгө оруулах, Б 30 хувьтай тэнцэх, Б- 20 хувьтай хөрөнгө оруулах, оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хувьцаа эзэмшихээр тохиролцож, компанийн дүрмийн санг баталсан. Гэвч Б, Б- нар нь харилцан тохиролцож, компаний дүрэмд заасны дагуу хөрөнгө оруулаагүй тул Ц.Л- миний бие 1,0 төгрөгийг мөнгөн хэлбэрээр, 1,0 төгрөгийн үнэ бүхий компьютер, факсын аппаратыг нийлүүлж компанийн дүрмийн санг дангаараа бүрдүүлсэн. Энэ нь улсын бүртгэл дэх компанийн бичиг баримт дотор байгаа. Компани үйл ажиллагаагаа эхэлснээс хойш компанийн үйл ажиллагааг явуулахын тулд ажиллагсдын цалин, байрны түрээс, машин, утас, ашиглалтын зардал гэх мэт дахин нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд энэ бүгдийг Ц.Л- миний бие болон манай гэр бүлийн П- ХХК-аас гаргаж байсан. Энэ бүгдийг нотлох баримтаар гаргаж өгөх ба угаасаа санхүүгийн тайлан тооцон дээр нь туссан байгаа. Компани анх Монгол алт ХК-ийн байранд байр түрээслэж байсан ба зардлыг миний бие гаргасаар ирсэн. Компани эхний үед харилцагч байхгүй тул

орлогогүй миний болон П- ХХК-ийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж байсан болно. Дохиолол хамгаалалтын үйчилгээ нэвтрүүлэх шаардлагын үүднээс тоног төхөөрөмж худалдан авч, суурилуулахад нэмэлт хөрөнгө оруулалт хэрэгтэй болсон тул нэмж 35,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Ц.Л- миний бие мөн дангаараа хийсэн.  Компаниа хөл дээрээ зогсоохын тулд миний бие өөрийн оюун санаа, цаг хугацаа, эд хөрөнгөө 14 жилийн турш харамгүй зарцуулан уйгагүй ажилласан. Б, Б- нар компанийн үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгө оруулаагүйгээс гадна,  харилцагч олж өгөх үүргээ мөн биелүүлээгүй бөгөөд үүнийгээ Төрийн тусгай чиг үүргийн ажилтай тул цаг заваар хомс байна гэж тайлбарлаж байсан тул “бид төрийн ажил хийж байгаа учраас компанийн үйл ажиллагаанд оролцох боломж алга, хөрөнгө оруулах боломж байхгүй тул чи дангаараа компаниа авч яв, хувьцаа эзэмшигчээс бид нарыг хасчих” гэхэд нь би анх хамтраад байгуулчхаад та хоёрыг оргүй хоосон үлдээгээд яахав, та хоёрын нэр дээр 5% ,5%-ийн хувьцаа үлдээе гээд хурлын протокол үйлдэж Б, Б- нарт протоколыг өгч явуулсан тул протокол дээр эхнэрүүд нь гарын үсэг зурсан эсвэл нөхрүүд нь гарын үсэг зурсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Үүнээс хойш Б нас барсан ба энэ үйл явдлаас 14 жил өнгөрсний дараа Б- нь энэхүү хувьцаатай холбоотой асуудлыг гаргаж, компанид нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй, нэг ч удаа үйл ажиллагаанд оролцож байгаагүй атлаа миний босгосон компанийн хувьцааг эзэмших замаар үндэслэлгүй хөрөнгөжихөөр санаархаж энэхүү нэхэмжлэлийг өөрийн эхнэр О.Э, талийгаач Бын эхнэр Ц.Э нараар нэхэмжлэл гаргуулсан байна.

Дээрх 35,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаас хойш би ДС- ХХК-д өөрийн хөрөнгөө барьцаалж зээл авч өгөх, гэр бүлийн П- ХХК-ийн байранд хөнгөлөлтэй зээлийн нөхцөлөөр байгуулах зэргээр дэмжсээр ирсэн. ДС- ХХК нь 13 жилийн турш П- ХХК-ийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд түрээсийн төлбөр 155,1 сая төгрөгийн өртэй байна. Мөн миний гэр бүлийн хүн болох С.Туяагийн эзэмшлийн байранд дохиолол хамгаалалтын төвөө байрлуулан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уг байрны төлбөрийг одоо болтол төлж барагдуулаагүй байна. Энэ бүгдээс үзэхэд би болон манай гэр бүлээс ДС- ХХК-ийг хөгжүүлэхэд хөрөнгө хүч, цаг хугацаагаа харамгүй зарцуулсан нь харагдана. Энэ хугацаанд би хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр л цалин авч ажиллаж ирсэн нь компаниа хөл дээр босгохын тулд шүү дээ. Харин Эзын нөхөр болох Б- нь Аймгийн захиргаа, татварын хэлтэс, НДХ зэрэг манай олон харилцагч нарыг элдэв аргын янзаар манайхаас болиулж өөр хамгаалалтын компанид авч өгч байсныг ДС- ХХК-ийн ажиллагсад мэдэж байгаа. Манай компаний харилцагч нарыг өөр компани руу шилжүүлснээс болж Б- бид нарын хооронд зөрчил, маргаан гарсан бөгөөд намайг манай гэрийн гадаа зодсоныг миний ээж болон миний эхнэр гэрчлэхээс гадна байрны гадаа байсан хүмүүс ч гэрчилнэ. Энэ бүгдээс би Б-, Э- нарыг өөр хамгаалалтын компанитай хамтарч ажилладаг, эсвэл байгуулсан гэж үздэг юм.

Иймд 2004 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ДС- ХХК-ийг миний бие үүсгэн байгуулахад нэхэмжлэлд дурьдсанчлан Ц.Э, О.Э-нар надтай санаа нэгдэж энэ компанийг байгуулсан гэх үйл явдал бодит байдал дээр болоогүй. Ц.Э О.Э-нар нь надтай хамт нэг ширээний ард суун хуралдаж байгаагүй юм. Миний бие компани анх үүсгэн байгуулах протоколыг Б, Б- нарт өгч явуулсан тул тухайн үед эхнэрүүд нь зурсан уу, эсвэл нөхрүүд нь зурсан уу гэдгийг мэдээгүй бөгөөд сонирхож асууж ч байсангүй. Миний бие нь Ц.Эг зүс таних боловч компани байгуулах тухай түүнтэй ярилцаж байгаагүй ба О.Этай огт уулзаж байгаагүй тул танихгүйгээс гадна энэ 2 хүн компани байгуулахад болон түүнээс хойш нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй, үйл ажиллагаанд нь нэг ч удаа оролцож байгаагүй ба түүний дотор компанийг үүсгэн байгуулах хурал болон бусад хурлуудад нэг ч удаа биечлэн оролцож байгаагүй юм. Өөрөөр хэлбэл Ц.Э О.Э-нар нь  ДС- ХХК-тай бодит байдал дээр ямар ч хамааралгүй хүмүүс бөгөөд зөвхөн улсын бүртгэл дээр нэр нь байдаг юм. Өөрөөр хэлбэл нөхрүүд нь цагдаагийн байгууллагад ажилладаг тул хувьцаа эзэмшигчээр бүртгүүлмээргүй байна гэсэн тул нөхрүүдийнх нь оронд эхнэрүүдийг дүр үзүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн юм.

Компанийн тухай хуульд “Хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгаарласан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ” гэж заасан. Гэтэл Ц.Э, О.Э-нар нь

ДС- ХХК-д нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй тул хувьцаа эзэмшигч гэж үзэх үндэслэл байхгүй ба үүнийгээ тэд өөрсдөө сайн мэдэж байгаа тул энэ 14 жилийн хугацаанд компани дээр нэг ч удаа ирж байгаагүй, ямар нэгэн шаардлага гаргаж байгаагүй болно.

Гэтэл Ц.Э, О.Э-нар нь “компаний хурлыг хуурамчаар хийж хувь нийлүүлэгчийн гарын үсгийг дууриалган зурсан хуурамч бичиг баримтуудыг үйлдэж, хувьцаа эзэмшигч бид нарыг хохироосон” гэсэн байна. Гэтэл бодит байдал дээр Ц.Э, О.Э-нар нь 2004 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн компанийг үүсгэн байгуулах хуралд оролцоогүй тул хурлын протокол дээр байгаа гарын үсэг нэхэмжлэгч нарын гарын үсэг үү эсвэл нөхрүүдийнх нь гарын үсэг үү гэдгийг би мэдэхгүй байна. Ц.Э, О.Э-нар нь ёс зүйтэй хүмүүс байсан бол нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй тул өөрсдөө сайн дураар компаний хувьцаанаас татгалзах ёстой байтал миний хөрөнгө болон 14 жилийн хөдөлмөрөөр үйл ажиллагаа нь жигдэрсэн компаний 50 хувийг зүгээр авах үйлдэл хийж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл анх компанийг үүсгэн байгуулахад Ц.Э, О.Э-нар нь үүсгэн байгуулах хуралд ч оролцоогүй, гарын үсгээ ч зураагүй, хөрөнгө оруулаагүй тул Ц.Э, О.Э-нарыг компаний үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн улсын бүртгэл нь буруу ташаа болохыг мэдсээр байж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Иймд хариуцагч талаас анх компанийг үүсгэн байгуулсан хурал нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул уг хэлцлийн үндсэн дээр хийгдсэн улсын бүртгэлийг буруу ташаа гэж үзэж байгаа тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Л- нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Ц.Э, О.Э-нарын нэхэмжлэлд 2004 оны 01 сарын 12-ны өдөр Ц.Л-, Ц.Э, О.Э-бид нар санаа нэгдэн ДС- ХХК-ийг үүсгэн байгуулж, Ц.Л- хувьцааны 50 хувийг эзэмших, Ц.Э хувьцааны 30 хувийг эзэмших, О.Э-хувьцааны 20 хувийг эзэмшихээр болцгоож, энэ компани 14 жил гаруй хугацаагаар үйл ажиллагаа явуулж байна гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь миний бие Ц.Э, О.Э-нартай компани үүсгэн байгуулах болон компаний үйл ажиллагааны талаар огт ярьж байгаагүй ба Ц.Э, О.Э-нар нь компанийг үүсгэн байгуулахад хөрөнгө оруулж байгаагүй юм. Миний бие нь ДС- ХХК-ийг анх үүсгэн байгуулахдаа тухайн үед цагдаад ажиллаж байсан Б, Б- нь цагдаад ажилладаг тул өөрсдөө компанийн хувьцаа эзэмшигчээр  бүртгүүлмээргүй байгаа тул эхнэрүүдийнхээ нэрээр компанийг байгуулъя гэж ярьж тохирцгоосон. Нэхэмжлэгч Ц.Э, О.Э-нартай компани үүсгэн байгуулах болон компанийн үйл ажиллагааны талаар огт ярьж байгаагүй, хамт нэг ширээний ард суун хурал хийж байгаагүй талаар өмнө шүүхэд ирүүлсэн тайлбартаа дэлгэрэнгүй бичсэн ба миний гаргасан тайлбарт нэхэмжлэгч нарын зүгээс ямар нэгэн няцаалт өгөөгүй болно. Миний бие энэ хэрэгт анхнаасаа үнэн зөв тайлбар өгсөн болох нь криминалистикийн шинжээч Ш.Бямбадоржийн шинжээчийн дүгнэлтэд 2 шинжлэгдэж байгаа 2004.01.12 гэсэн огноотой компанийн үүсгэн байгуулах бүх гишүүдийн хурлын протокол дээр зурагдсан гарын үсэг О.Эын гарын үсэг биш байна гэж дүгнэснээс үзэхэд анх 2004.01.12-ны өдөр компанийг үүсгэн байгуулах хуралд нэхэмжлэгч О.Э-оролцоогүй болох нь нотлогдож байна. 2004.01.12-ны өдөр компанийг үүсгэн байгуулах хурлын протокол дээр “Дүрмийн сангийн хэмжээг 2 000 000  төгрөгөөр тогтоож, нэг бүр нь 1 000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 2000 ширхэг хувьцаа гаргахаар тогтов. Компанийн гишүүн Ц.Л- хувьцааны 50 хувийг эзэмшиж, дүрмийн санд 1 000 000 төгрөг, Ц.Э гишүүн хувьцааны 30 хувийг эзэмшин, дүрмийн санд 600 000 төгрөг, О.Э-гишүүн хувьцааны 20 хувийг эзэмшин, дүрмийн санд 400 000 төгрөг оруулахаар санал нэгтэй шийдвэрлэв” гэсэн нь Ц.Э, О.Э-бид хооронд хийгдсэн хэлцэл биш, харин Б, Б- бид гурвын тохиролцоог тусгасан юм. Гэвч Б, Б- нар нь харилцан тохиролцож, компанийн дүрэмд заасны дагуу хөрөнгө оруулаагүй бөгөөд Ц.Л- миний бие 1 000 000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр, 1 000 000 төгрөгийг үнэ бүхий компьютер, факсын аппаратыг нийлүүлж компанийн дүрмийн санг дангаараа бүрдүүлсэн.

Компанийн тухай хуульд “Хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгаарласан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани” гэж заасан. Гэтэл Ц.Э, О.Э-нар нь

ДС- ХХК-д нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй тул хувьцаа эзэмшигч гэж үзэх хуулийн үндэслэл байхгүй юм. Дээрх байдлаар анх компанийг үүсгэн байгуулахад Ц.Э, О.Э-нар нь үүсгэн байгуулах хуралд биечлэн оролцоогүй, гарын үсгээ ч зураагүй, хөрөнгө оруулаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийн үндсэн дээр Ц.Э, О.Э-нарыг компаний үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн улсын бүртгэлд бүртгүүлсэн юм. Өөрөөр хэлбэл 2004.01.12-ны өдөр компанийг үүсгэн байгуулах хурлын протокол нь халхавчилсан хэлцэл бөгөөд энэ хэлцлийн цаана Б, Б- бид гурвын хэлцэл халхавчлагдаж байгаа юм. Иймд хариуцагч талаас анх компанийг үүсгэн байгуулсан хурлын протокол нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул уг хэлцлийн үндсэн дээр компаний хувьцаа эзэмшигчээр Ц.Э, О.Э-нарыг бүртгэгдсэн улсын бүртгэлийг буруу ташаа гэж үзэж байна. Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасныг баримтлан ДС- ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн Ц.Э, О.Э-нарыг улсын бүртгэлээс хасч бүртгэхийг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн газарт даалгуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч О.Э, Ц.Э нар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан хариу тайлбартаа:

Дархан-Уул аймагт дохиолол, гэрээт харуул хамгаалалтын үйчилгээ явуулах чиглэлээр 2004 онд ДС- ХХК-ийг 3 гишүүнтэйгээр үүсгэн байгуулж Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуульд зааснаар бүртгүүлж одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа билээ. ДС- ХХК-ийн захирал Л- сөрөг нэхэмжлэлдээ тухайн үед Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан Н.Б, Б- нартай харилцаад хамтран компани байгуулахаар болсон. Н.Б, Б- нар нь тухайн үед төрийн байгууллагад ажиллаж байсан учраас компаний хувьцаа эзэмшигчээр өөрсдөө оролгүйгээр гэр бүлийн хүмүүсээ оруулъя гэхэд нь зөвшөөрч хувьцаа эзэмшигчээр Ц.Э О.Э-нарыг оруулсан талаараа нэхэмжлэлдээ тодорхой дурьдсан байна. Дохиолол, гэрээт харуул хамгаалалтын үйчилгээ явуулах чиглэлээр компани байгуулах саналыг Л- өөрөө гаргасан. Энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулахад Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа та нарын туслалцаа хэрэгтэй байна гээд Л- нь Н.Б, Б- нарт санал тавьж компанийн дүрмийн сангийн хөрөнгө бүрдүүлэлт, бичиг баримтын асуудлыг би харилцан бүрдүүлье, компанийн дүрмийн сангийн 50 хувийг би өөрөө эзэмшье, та хоёр 50 хувийг нь өөрсдөө тохироод хувилаад эзэмш гэсэн санал гаргасны дагуу саналыг нь дэмжиж харилцан тохиролцож энэ компанийг байгуулсан. Энэ компанийн 30, 20 хувийг эзэмшихдээ ямар ч үүрэг, рольгүйгээр эзэмшсэн юм бишээ. Компанийн эрхлэх гол үйл ажиллагаа нь дохиолол, гэрээт харуул хамгаалалтын үйчилгээ. Энэ үйл ажиллагааны тусгайзөвшөөрлийг ЦЕГ-аас олгодог байсан. Гэрээт харуул хамгаалалтын үйчилгээ нь хагас цэрэгжсэн ажилтнууд ажиллах чиглэлийг баримталдаг. Иймээс дохиолол, гэрээт харуул хамгаалалтын үйчилгээ явуулах эрх олгосон тусгай зөвшөөрлийг авах, мөн хэрэглэгдэх тоног төхөөрөмж судалж олох, ажиллах хүчин, гэрээгээр хамтран ажиллах ААН байгууллагыг олох ажлыг Н.Б, Б- нар нь хийж гүйцэтгэхээр тохиролцсон тул нөхрийнхөө хэлснийг зөвшөөрч хувьцаа эзэмшигчээр орж компани үүсгэн байгуулагч болсон. Бид компаний хувьцаа эзэмшигч болсноосоо хойш ямар нэгэн хэлбэрээр хувьцаанаасаа татгалзаагүй. Тухайн үед компани үүсгэхэд биет хөрөнгийг Л- гаргасан нь үнэн. Биет хөрөнгөөс гадна эрхлэх үйл ажиллагаагаа явуулахад гол зүйл болох: -Дохиолол, гэрээт харуул хамгаалалтын үйчилгээ явуулах эрх олгосон тусгай зөвшөөрлийг авах, бичиг баримт бүрдүүлэх, -харуул хамгаалалтын ажилтнуудадаа сонгон сургалтад хамруулах, -дохиолол холбооны тоног төхөөрөмжийг БНХАУ-аас сонгон авахад ЦЕГ-ын мэргэжилтэн хүнд зуучлан өгч цуг явуулж авчруулах /одоо АТГ-т ажиллаж байгаа хурандаа Батжаргал гэдэг хүнийг гуйж БНХАУ руу явуулж авчруулсан, -харуул хамгаалалт авах байгууллагуудад зуучлан олж өгөх зэрэг гол ажлуудыг Цагдаагийн байгуулагад ажиллаж байсны хувьд Н.Б, Б- нар нь хийж гүйцэтгэсэн. Дүрмийн сангийн хөрөнгө гэх компьютер принтерээрээ өнөөдрийг хүртэл ашиг орлоготой ажиллаж байгаа дохиолол, гэрээт харуул хамгаалалтын үйчилгээ явуулах эрх олгосон тусгай зөвшөөрлийг авч чадах уу. Энэ компани байгуулах гол зорилго эрхлэх үйл ажиллагаа нь

дохиолол, гэрээт харуул хамгаалалтын үйчилгээ явуулах байсан тул тусгай зөвшөөрлийг авах үйл ажиллагааг Н.Б, Б- нар нь хийхээр тохирч хувьцааг Л- 50 хувь, Н.Б 30 хувь, Б- 20 хувь байхаар дүрмээ боловсруулан хийсэн. Нэг ёсондоо дээрх ажлуудыг хөрөнгөөр үнэлэх боломжгүй учир дүрмийн сангийн эзэмших хувьцаагаа 50,30,20 гэж тохирсон байсан. Дохиолол, гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ явуулах эрх олгосон тусгай зөвшөөрөл авсан, харуул хамгаалалтын ажилтнуудадаа сонгон сургалтад хамруулсан, дохиолол холбооны тоног төхөөрөмжийг БНХАУ-аас сонгон авахад ЦЕГ-ын мэргэжлийн хүнээр зуучлан авчруулсан, харуул хамгаалалт авах байгууллагуудыг зуучлан олж өгсөн зэрэг гол ажлуудыг хийж гүйцэтгэсний үндсэн дээр энэ компани өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж байгаа гэж бодож явдаг. Гараа сайн бол бариа сайн гэдэг үг байдаг. Эдгээр ажлыг хийсэн хүмүүсээс О.Эын нөхөр Б-, тухайн үед тоног төхөөрөмж авахад мэргэжлийн зөвөлгөө өгч БНХАУ руу хамт явж тусласан хүн Батжаргал /одоогоор АТГ-т ажиллаж байгаа хурандаа/ нар нь байгаа шаардлагатай бол тайлбар авч болно. Үүсгэн байгуулах бичиг баримтад Ц.Э миний бие нь гарын үсгээ зурсан. Тухайн үед Дархан сум 10-р багтбайрлах Л-ын “П-” ХХК-ийн байранд ДС- ХХК-ийг үүсгэн байгуулахаар ярилцаж бичиг баримтад Э би гарын үсэг зурсан. Энэ үед Н.Б, Б-, Л- нар бүгд байсан. Харин Эз нь байгаагүй. Түүнийг төлөөлж Б- /нөхөр нь/ байсан. Эзыг хувьцаа эзэмшигчээр оруулсан. Тийм ч учраас өөрсдийн эзэмшлийн хувиа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байгаа.

Бидний үүсгэн байгуулсан компаний дүрэмд ямар ч дүр үзүүлсэн болон халхавчилсан зүйл огт байхгүй бүх зүйл ил тод яригдаад хийгдсэн. Үүнийг Л-ын өөрийнх нь гаргасан сөрөг нэхэмжлэл дээрх Б, Б- нартай компани үүсгэхээр тохирсон өөрсдийнхөө оронд эхнэр Э, Эз нарыг хувьцаа эзэмшигчээр оруулахаар тохирсон гэх тайлбараас харж болно. Харин компани үүсгэн байгуулсны дараагаар бид хуралдаагүй ба хувьцааг Л- руу шилжүүлэх талаар хурал хийгээгүй гэрээ байгуулаагүй болно. Компаний хувьцаа хурлын протоколоор биш хувьцаа худалдах болон бэлэглэх гэрээгээр шилжигддэг ба ийм гэрээ хийгээгүй болно. Тус компани нь өөрсдийн хүсэл сонирхлоор гэр бүлийнхээ төлөө гэр бүлийн гишүүдээ оролцуулсан хуулийн хүрээнд байгуулагдсан гэр бүлийн компани юм. Л- нь сөрөг нэхэмжлэл гаргахдаа: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан дүр үзүүлсэн хэлцэл хийсэн өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хэлцэл хийсэн, улсын бүртгэлийг буруу ташаа хйисэн гэх зэргээр Эз бид хоёрыг хувьцааны ашиг хүртчихвий гэж айсандаа 14 жил ажиллуулж байгаа компаниа хүртэл үгүйсгэсэн байна. Тус компанийг үүсгэн байгуулахдаа хувьцаа эзэмшигч бид нар харилцан тохиролцож хуулийн хүрээнд дүрмээ боловсруулан хийсэн гэдэг нь доорхи баримтуудаар нотлогдох болно. Үүнд: Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар иргэний эрх үүргийг үүсгэж хүсэл зоригоо илэрхийлж өөрсдийн иргэний үнэмлэх болон гэр бүлийн анкетыг бөглөж өгсөн. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.3-т тус тус зааснаар Л- нь компаний гишүүнээр оролцох тухай бидний хүсэл зоригийг хүлээн авч бидний хооронд хийсэн хэлцэл буюу дүрэм хүчин төгөлдөр болсон нь компаний дүрэмд бүгд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, компанийг үүсгэн байгуулагчийн хуралд оролцож гарын үсэг зурсан, Л-ын төрийн байгуулагуудад гаргаж өгсөн татварын газар болон улсын бүртгэлд өгсөн бүх баримтад гурван гишүүнтэй гэж бүртгүүлж байсан бодит үйлдлээр болон нотлох баримтуудаар тогтоогдоно. Урьд нь харуул хамгаалалтын ажлыг цагдаагийн байгууллага хйидэг учир тусгай зөвшөөрлийг цагдаагийн газар олгодог. Тэдний тусламжгүйгээр харуул хамгаалалтын ажлыг эхлэхэд хэцүү гэдгийг мэддэг учир Л- бидний нөхрүүдэд өөрөө санал анх тавьсан юм байна лээ. Компани нь хуулийнхүрээнд бүртгүүлж үйл ажиллагаа явуулж байгаа тул бидний зөвшөөрөлгүйгээр хувьцаа эзэмшигчээс хасах хууль зүйн үндэслэлгүй, улсын бүртгэлийн газарт даалгах эрхгүй юм.

Ийм учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний эзэмшлийн хувийг анх Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн Э 30 хувь, Эз 20 хувь байснаар тогтоож өгнө үү. Тус компанид өөрсдийн хүсэл сонирхлоор гэр бүлийнхээ төлөө гэр бүлийн гишүүдээ оролцуулсан хуулийн хүрээнд байгуулагдсан гэр бүлийн компани юм. Анх ярилцаж тохирсон хүн, миний нөхөр Б- нь бүх зүйлийг гэрчлэх болно. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлдхэрэгсэхгүйболгож шийдвэрлэж өгнө үү.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э, О.Э-нар хариуцагч ДС-ХХК-дхолбогдуулан хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, Компанийн тухай хууль зөрчиж хэзээ хийсэн нь тодорхойгүй хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэр протоколыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, Ц.Э, О.Э-нарыг улсын бүртгэлээс хасч бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн газарт даалгуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

Хариуцагч нь Ц.Э, О.Э-нартай компани үүсгэн байгуулах болон компаний үйл ажиллагааны талаар огт ярьж байгаагүй, ямар ч хамааралгүй хүмүүс бөгөөд зөвхөн улсын бүртгэл дээр нэр нь байдаг, нөхрүүд нь цагдаагийн байгууллагад ажилладаг, хувьцаа эзэмшигчээр бүртгүүлмээргүй байна гэсэн тул нөхрүүдийнх нь оронд эхнэрүүдийг дүр үзүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж, нэхэмжлэгч нар нь бидний үүсгэн байгуулсан компаний дүрэмд ямар ч дүр үзүүлсэн болон халхавчилсан зүйл огт байхгүй бүх зүйл ил тод яригдаад хийгдсэн. Үүнийг Л-ын өөрийнх нь гаргасан сөрөг нэхэмжлэл дээрх Б, Б- нартай компани үүсгэхээр тохирсон өөрсдийнхөө оронд эхнэр Э, Эз нарыг хувьцаа эзэмшигчээр оруулахаар тохирсон гэх тайлбараар тогтоогдож байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Компанийн хувь нийлүүлэгч болох Ц.Э, О.Э-нар нь хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрийн дагуу компанийн дүрмийн санд тус бүртээ ногдох хөрөнгийг оруулаагүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан ЦЭСБ Аудит ХХК-ийн аудитын дүгнэлтээр тогтоогдож, талууд энэ талаар маргаагүй болно.

 

ДС-ХХК нь Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас 2004 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2006 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатайгаар Харуул хамгаалалт эрхлэх зөвшөөрлийг авч 2004 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Компани үүсгэн байгуулах бүх гишүүдийн хурлын тэмдэглэл үйлдэн Ц.Л-, Ц.Э, О.Э-нарын 3 гишүүнтэйгээр, дохиолол болон гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ, гадаад, дотоод худалдаа, үйлчилгээ, худалдааны зуучлалын чиглэлээр ажиллахаар, дүрмийн санг 2 сая төгрөгөөр тогтоож, нэг бүр нь 10 000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 2000 ширхэг хувьцаа гаргахаар, компанийн гишүүн Ц.Л- хувьцааны 50 хувийг эзэмшиж дүрмийн санд 1 сая төгрөг, Ц.Э гишүүн хувьцааны 30 хувийг эзэмшин дүрмийн санд 600 000 төгрөг, О.Э-20 хувийг эзэмшин 400 000 төгрөг оруулахаар, компанийн ерөнхий захирлаар Ц.Л-ыг сонгож тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зурж баталгаажуулж, ДС-ХХК-ийн дүрмийг баталж, энэ талаар дүрмийн санд тусгаж, 2004 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна.

 

Хэзээ хийсэн нь тодорхойгүй Компанийн дүрмийн санд өөрчлөлт оруулж хийсэн хувь нийлүүлэгчдийн хурлын тэмдэглэлд Ц.Л-, Ц.Э, О.Э-нарын бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж, компанийн үйл ажиллагааг хангалттай гэж дүгнэн 2006, 2007 онд хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөөг боловсруулан батлуулж ажиллахыг гүйцэтгэх захирал Пүрэвсүрэнд үүрэг болгож, хувь нийлүүлэгч Ц.Л- нь компанийн үйл ажиллагаанд шаардлагатай дохиоллын 35 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлсэн боловч одоо болтол компаниас мөнгөө аваагүй байгааг тэмдэглээд компанийн дохиоллын гол төхөөрөмж болох төв пультын үнэ 9 910 000 төгрөгөөр дүрмийн сангийн хэмжээг тогтоож, 10 000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1191 ш хувьцаа гаргахаар, компанийн гишүүн Ц.Л- нийт 1073 ш хувьцаа эзэмшиж 90 хувь, О.Э, Ц.Э нар нь тус бүр 59 ш хувьцаа буюу таван хувь эзэмшихээр санал нэгтэй шийдвэрлэж, протоколыг О.Э-хөтөлж, протоколтой Ц.Л-, Ц.Э нар гарын үсэг зурж баталгаажуулж дүрмийн санд өөрчлөлт оруулсан байна.

 

Нэхэмжлэгч Ц.Э, О.Э-нар нь хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэлгүйгээр компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдэн 90 хувийн хувьцааг эзэмшсэн, ногдол ашиг өгөөгүй гэсэн гомдлыг шалгаад Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 44 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, эрүүгийн хэрэг явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна.

Компанийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Компани үүсгэн байгуулах хурлыг үүсгэн байгуулагчид зарлан хуралдуулна, 14.2-т Компани үүсгэн байгуулагчид санал нэгтэйгээр өөрөөр шийдвэрлээгүй бол үүсгэн байгуулагч бүр компани үүсгэн байгуулах хуралд саналын тэнцүү эрхтэй оролцоно гэж заасан байх бөгөөд компани үүсгэн байгуулах хурал болон, компанийн дүрмийн санд өөрчлөлт оруулж хийсэн хувь нийлүүлэгчдийн хурлыг хэзээ зарласан эсэх нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримтаар тогтоогдохгүй, компанийн үүсгэн байгуулагч болон хувьцаа эзэмшигч нарын зарим нь хуралд оролцоогүй, гарын үсгийг дуурайлган зурсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр компанийг үүсгэн байгуулсан 2004 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэл, Компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын протокол дээрх Ц.Э, О.Э-нарынх мөн эсэхийг тогтоолгохоор томилсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Компанийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д Үүсгэн байгуулагчдын хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол бүх үүсгэн байгуулагч оролцсоноор компани үүсгэн байгуулах хурал хүчин төгөлдөр болно гэж заасан бөгөөд уг хуралд оролцогчдын дийлэнх олонхийн саналаар шийдвэр гаргана гэж заасан хуулийн шаардлагыг зөрчиж компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нарыг оролцуулалгүйгээр хурлын тэмдэглэлд тусган шийдвэр гаргасан нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус гэж зааснаар дээрх хэлцлүүд нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна.

Хариуцагч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж маргаж, шүүх хуралдаанд ...Н.Б, М.Б- нартай тохиролцож компани байгуулахаар болсон боловч цагдаагийн байгууллагад ажилладаг тул эхнэрүүдийнхээ нэрийг оруулахаар болж, Н.Б, М.Б- нар нь компанид харилцагч олж өгөх, миний бие компанийг удирдан зохион байгуулж ажиллуулах, хөрөнгө оруулалтыг хамтран гаргахаар тохиролцсон, бид гурав  компанийг үүсгэн байгуулахдаа 2,0 сая төгрөгийн дүрмийн сантай байгуулах, Ц.Л- миний бие дүрмийн сангийн 50 хувьтай тэнцэх хөрөнгө оруулах, Н.Б 30 хувьтай тэнцэх, М.Б- 20 хувьтай хөрөнгө оруулах, оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хувьцаа эзэмшихээр тохиролцож, компанийн дүрмийн санг баталсан гэж тайлбар гаргасан бөгөөд нэхэмжлэгч нар нь дээрх тайлбарыг үгүйсгээгүй болох нь шүүхэд гаргасан ... энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулахад Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа та нарын туслалцаа хэрэгтэй байна гээд Ц.Л- нь Н.Б, М.Б- нарт санал тавьж компанийн дүрмийн сангийн хөрөнгө бүрдүүлэлт, бичиг баримтын асуудлыг би харилцан бүрдүүлье, компанийн дүрмийн сангийн 50 хувийг би өөрөө эзэмшье, та хоёр 50 хувийг нь өөрсдөө тохироод хувилаад эзэмш гэсэн санал гаргасны дагуу саналыг нь дэмжиж харилцан тохиролцож энэ компанийг байгуулсан гэсэн тайлбараар талуудын ашиг сонирхол нэгдэж нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор хэлцэл хийсэн болох нь тогтоогдож дүр үзүүлэн хэлцэл хийсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч нарын ДС- ХХК-ийн хууль ёсны хувь нийлүүлэгч эзэмшигч нар болохыг тогтоолгох, ДС- ХХК-ийн захирал Ц.Л-ын хуурамчаар хийсэн компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын протокол шийдвэрийг хүчингүй болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Хариуцагч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5-д энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн талаар эрх бүхий байгууллагаас хуульд заасны дагуу гаргасан шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийж, шийдвэрийг улсын бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган хадгалж, баяжилт хийх гэж заасан бөгөөд Ц.Э, О.Э-нарыг хувьцаа эзэмшигчээр тогтоосон  2004 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн шийдвэр, хэзээ хийсэн нь тодорхойгүй компанийн дүрмийн санд өөрчлөлт оруулж хийсэн хувь нийлүүлэгчдийн хурал нь хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн Ц.Э, О.Э-нарыг ДС- ХХК-ийн хувьцаа

эзэмшигчээр бүртгэсэн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулж бүртгэлээс хасч бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д зааснаар Ц.Э, О.Э-нарын ДС-ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, Компанийн тухай хууль зөрчиж хэзээ хийсэн нь тодорхойгүй хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэр протоколыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5-д зааснаар Ц.Э, О.Э-нарыг ДС- ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулж бүртгэлээс хасч бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125 220 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас 70 200 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АЛТАНТУЯА