Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2022/0866

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “БА*** ” ХХК,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Д.А****** ,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.И***** , М.М***** ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.А******** , Б.Б******** , Ч.Г****** ,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С*** ,

Гуравдагч этгээд: “ТТ************ ” ХХК   

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.У********** , Ж.Б*********** ,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Ө.Э********** нарын хоорондын “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаартай захирамжийн “ТТ************ ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А****** , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И***** , М.М***** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А******** , Б.Б******** , Ч.Г****** хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*** , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У********** , Ж.Б*********** , гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.Э********** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаартай “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх, шинээр баталгаажуулах тухай” захирамжаар ****** дүүргийн 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 140 га газрыг 5 жилийн хугацаагаар “ТТ************ ” ХХК-д эзэмшүүлсэн.

1.2. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 511 дугаар “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх тухай” захирамжаар ****** дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Н********* гудамж, Төв аймгийн замын уулзварын зүүн урд талд 25 га газрыг “БА*** ” ХХК-д эзэмшүүлсэн,

1.3. “БА*** ” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаартай захирамжийн “ТТ************ ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч “БА*** ” ХХК-иас тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Нийслэлийн засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаар захирамжийн “ТТ************ ”  ХХК-д холбогдох хэсэг нь дараах байдлаар илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна. Үүнд:

1. “ТТ************ ”  ХХК нь 140 га газар эзэмших хүсэлт, өргөдөл гаргаагүй,

2. Газар эзэмшүүлэхэд шаардлагатай баримт бичиггүй,

3. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ямар нэгэн төсөл хөтөлбөр, ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй буюу Нийслэлийн Газар байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд,

4. Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй,

5. Кадастрын зураглал байхгүй,

6. Тухайн 140 га газрын тодорхой хэсэг нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байхад газар олгосон байна.

Эдгээр нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйл, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 56.3, Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 9 дүгээр зүйлийн 9.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн. Монгол Улсын Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дох хэсгээр Нийслэлийн Засаг даргын газрын харилцааны талаар хэрэгжүүлбэл зохих бүрэн эрхийг тогтоосон. Гэтэл Нийслэлийн засаг дарга 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4-т заасныг зөрчиж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ямар нэгэн төсөл хөтөлбөр, ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй буюу Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршил болох ****** дүүргийн 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “ТТ************ ”  ХХК-д 140 га газрыг “Морин спорт”  зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэн хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлсэн.

Мөн энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйл, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 56.3-т заасан газар эзэмшихэд тавигдах шаардлага, газар эзэмших хүсэлт гаргах, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах нөхцөл журмыг зөрчсөн, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр хууль бусаар газар олгосон шийдвэр болсон. Цаашилбал дээрх захирамж нь Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 9 дүгээр зүйлийн 9.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дах заалтуудыг тус тус зөрчсөн.

Нийслэлийн засаг дарга нь “ТТ************ ”  ХХК-аас 140 га газар эзэмших хүсэлтийг гаргаагүй, ийм хэмжээгээр газар олгогдох бодит нөхцөл бүрдээгүй байхад хууль зөрчиж илт давуу байдал олгож дан ганц хуулийн этгээдэд их хэмжээний буюу 140 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 4.1.3 газар өмчлөх, эзэмших ашиглахад шударга ёс тэгш байдлыг хангах тухай заалттай мөн адил нийцээгүй бөгөөд Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дах заалт хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших өмчлөх өв залгамжлах эрхтэй гэсэн заалттай зөрчилдөж байна.

Нийслэлийн засаг дарга нь дээрх шийдвэрээр “ТТ************ ”  ХХК-д ****** дүүргийн 6 болон 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь бодит нөхцөл байдалд хэрэгжүүлэх боломжгүй, хууль бус үйлдлийг шаардсан шинжтэй бөгөөд энэ нь ****** дүүргийн 6, 7 дугаар хороо нь Нисэх, Яармагийн төв замын урд болон хойно байрлалтайгаас гадна 7 дугаар хорооны нутаг дэвсгэр нь тус төв замын хойд талд буюу Яармагийн гэр хороолол төлөвлөгдсөн иргэдийн өмчилсөн газартай давхацсан, замын трасс орсон хэсэгт хамаарч буй зэргээр тодорхойлогдож байна.

Түүнчлэн “ТТ************ ”  ХХК-д эзэмшүүлэхээр олгосон 140 га газрын тодорхой хэсэг нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байгаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалтын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам /Байгаль орчны яам/-ны эрх хэмжээнд хамаарах асуудлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга нь өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар эрх хэмжээгээ хэтрүүлэн 2006 оны 11 дүгээр сарын 568 дугаар захирамжаар “ТТ************ ” ХХК-д тусгай хамгаалалттай газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж хууль зөрчсөн. Гэтэл дээрх илт хууль бус шинжтэй акт нь манай “БА*** ”  ХХК-д хууль зүйн дагуу Нийслэлийн Засаг даргын 2007 оны 511 дугаар захирамжаар олгосон, газрын кадастрын зураглалтай, зөвшөөрөлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 267 дугаар тогтоолоор батлагдсан орон сууцны “Буянт Ухаа” хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, шугам сүлжээтэй, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээтэй хууль зүйн дагуу олгосон газартай давхацсан.

Мөн “БА*** ” ХХК-д 25 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн тухайн цаг хугацаанд “****** дүүргийн 10 дугаар хороо /одоогийн 8-р хороо/-ны нутаг дэвсгэр дэх Н********* гудамж, Төв аймгийн замын уулзварын зүүн урд талын байршилд ямар нэгэн нэгж талбар бүртгэлгүй байсан бөгөөд компани нь зохих журмын дагуу тус 25 га газрын кадастрын зургийг хийлгэн Газрын албанд хүлээлгэн өгч, дуудлага худалдааны анхны үнэ болох 3,3 тэрбум төгрөгийг бүрэн тооцож төлөх зэргээр хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн. Өөрөөр хэлбэл, дээрх үндэслэлээр “БА*** ” ХХК-д хууль зүйн дагуу газар олгосон байхад, “ТТ************ ” ХХК-ийн илтэд хууль бус актын үндсэн дээр газар эзэмшиж байгаа нь үндэслэлгүй юм.

Дээрх байдлаар Нийслэлийн засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаар захирамжийн “ТТ************ ”  ХХК-д холбогдох хэсэг нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна.

Хоёр. Нэхэмжлэгч “БА*** ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар:

Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 511 дугаар “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх тухай”  захирамжаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 267 дугаар тогтоолоор батлагдсан орон сууцны “Буянт Ухаа”  хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “БА*** ” ХХК-д орон сууц үйлчилгээний цогцолборын барилгын зориулалтаар 25 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү захирамжаар хууль ёсны дагуу 25,0 га газрыг манай компанид олгохдоо “****** дүүргийн 10 дугаар хороо /одоогийн 8-р хороо/-ны нутаг дэвсгэр дэх Н********* гудамж, Төв аймгийн замын уулзварын зүүн урд талд байршуулан...”  гэж газрын байршлыг тодорхой зааж өгсөн бөгөөд үүний дагуу “БА*** ”  ХХК-д 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдон, 2007 оны 11 сарын 23-ны өдөр Газар эзэмшүүлэх гэрээг Нийслэлийн Газрын албатай байгуулсан. “БА*** ”  ХХК нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 2007 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан бөгөөд тус гэрээгээр Дээрх Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгогдсон шалгаруулалтын үндсэн дээр эзэмших эрх авсан 25 га газарт Монгол улсын Засгийн газрын 40000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд “Буянт Ухаа” хорооллын иж бүрэн цогцолбор барилгыг 10 жилийн хугацаанд барьж дуусгахаар харилцан тохиролцож үүрэг хүлээсэн.

Мөн “БА*** ” ХХК нь 25 га газрын төсөл сонгон шалгаруулалтад 100,000,000 төгрөг болон Нийслэлийн Засаг Даргын 2013 оны А/307 дугаар захирамжийн дагуу дуудлага худалдааны анхны үнэ болох 3,2 тэрбум төгрөгийг бүрэн тооцож төлсөн бөгөөд Нийслэлийн Засаг Даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/975 дугаар захирамжаар “БА*** ” ХХК-ийн дээрх газар эзэмших эрхийг баталгаажуулсан бөгөөд 2 жилийн газрын төлбөрт 66,000,000 төгрөг төлсөн. Түүнчлэн “ БА*** ” ХХК нь зохих журмын дагуу тус 25 га газрын кадастрын зургийг хийлгэн Газрын албанд хүлээлгэн өгснөөс гадна Нийслэлийн Засаг даргын 511 дүгээр захирамжаар 25 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн тухайн цаг хугацаанд “****** дүүргийн 10 дугаар хороо /одоогийн 8-р хороо/-ны нутаг дэвсгэр дэх Н********* гудамж, Төв аймгийн замын уулзварын зүүн урд талын байршилд ямар нэгэн нэгж талбар бүртгэлгүй байсан. Энэ нь Авлигатай тэмцэх газрын 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг үндэслэн хийгдсэн 2020 оны 07 сарын 28-ны өдрийн А/165 дугаар “Шинжээчийн дүгнэлт”-ийн 2.“Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн архивын зурган мэдээлэлд “ БА*** ”  ХХК-д олгосон гэх газрын байршилд өмнө нь ямар нэг нэгж талбар бүртгэгдээгүй байна” гэсэн дүгнэлтээр тогтоогддог.

Дээрх байдлаар “БА*** ”  ХХК нь Нийслэлийн Засаг даргын захирамжид заасан байршилд, төсөл сонгон шалгаруулалт, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу, газрын зориулалт нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэйгөө нийцсэн, тухайн газарт орон сууцны хороолол бүтээн байгуулах тухай гэрээ хэлэлцээртэй, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, “Төсөл сонгон шалгаруулалт, газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны үнийг төлсөн зэрэг нь “БА*** ”  ХХК-д 25 га газар эзэмших эрх олгох үйл явц, шийдвэр нь анхнаасаа Монгол улсын Газрын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжиж ирснийг илтгэж байна.

Гэтэл “БА*** ”  ХХК нь өөрийн хууль ёсоор эзэмших эрхтэй дээрх 25 га газрын тухайн байршил нь Нийслэлийн Засаг даргын 2006 оны 568 дугаар захирамжаар “ТТ************ ” ХХК-д эзэмшүүлсэн газартай давхацсан гэх үндэслэлээр эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлж чадахгүй өнөөдрийг хүрч эрх, хууль ёсны ашиг сонирхол маань ноцтойгоор зөрчигдөж байна. “ТТ************ ” ХХК-д 2006 онд газар олгох үйл явц анхнаасаа хууль зүйн дагуу явагдаагүй тул уг Нийслэлийн Засаг даргын 568 дугаар акт нь хууль зүйн үр дагавар үүсгэхгүй юм. Тодруулбал,

“ТТ************ ” ХХК нь дээрх илт хууль бус шинжтэй Нийслэлийн Засаг даргын 2006 оны 568 дугаар захирамжийг үндэслэл болгон 140 га газар эзэмших эрхээ хууль ёсны мэт харагдуулах боломж нөхцөлийг олж авсан. Энэхүү илт хууль бус шинжтэй Нийслэлийн Засаг даргын 2006 оны 568 дугаар захирамжаар “ТТ************ ” ХХК-д анх 140 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэл болгон Нийслэлийн Засаг даргын 2011 оны 908 дугаар захирамж, 2017 оны 25 дугаар захирамж, 2018 оны 878 дугаар захирамжаар тус тус “ТТ************ ” ХХК-ийн тус газар эзэмших зориулалтыг өөрчлөх, хугацаа сунгах зэргээр шийдвэрлэж ирсэн бөгөөд улмаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны 1055 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг сэргээн олгосон байна. Ийнхүү “ТТ************ ” ХХК-ийн 140 га газар эзэмших эрхийн хугацаа сунгах, зориулалт өөрчлөх, эрхийг нь сэргээн олгох зэрэг үйл явц нь Нийслэлийн Засаг даргын 2006 оны 568 дугаар захирамжид үндэслэсээр ирсэн.

Дээрх шийдвэр, үйл баримт болон нөхцөл байдлуудаас үзэхэд, анх хууль зөрчин “ТТ************ ХХК-д 140 га газар олгосон Нийслэлийн Засаг даргын 2006 оны 568 дугаар захирамжийг илт хууль бус шийдвэр болохыг тогтоолгосноор уг хууль зүйн үр дагаваргүй шийдвэрт үндэслэн дараа дараагийн удаа гарсан “ТТ************ ” ХХК-ийн 140 га газрын гэрээг сунгасан, зориулалтыг өөрчилсөн, газар эзэмших эрхийг сэргээсэн зэрэг эрх зүйн актууд хүчингүй болох үндэслэл болно. Ингэснээр Нийслэлийн Засаг даргын 2007 оны 511 дугаар захирамжаар олгосон 25 га газрыг “БА*** ”  ХХК нь уг захирамжид заасан байршилд буюу ****** дүүргийн 10 дугаар хороо /одоогийн 8-р хороо/-ны нутаг дэвсгэр дэх Н********* гудамж, Төв аймгийн замын уулзварын зүүн урд талын байршилд эзэмших, газар эзэмших эрхээ сэргээлгэх үндэслэл нөхцөл болно хэмээн үзэж байна.

Дээр дурдсанаар Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаар захирамжийн “ТТ************ ”  ХХК-д холбогдох хэсгийн улмаас нэхэмжлэгч “БА*** ”  ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа болно.

“БА*** ”  ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар болон Нийслэлийн Өмчийн харилцааны газрыг хариуцагчаар тодорхойлон архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах, кадастрын бүртгэлийг сэргээх, газар эзэмших гэрээний хугацааг сунгуулах тухай шаардлага гаргаж байснаас өөрөөр өмнө нь энэхүү Нийслэлийн Засаг даргын 2006 оны 568 дугаар захирамжийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаагүй юм.

Гурав. Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан илт хууль бус захиргааны акт болох хууль зүйн үндэслэл нь:

Нийслэлийн Засаг дарга нь 2006 оны 568 дугаар захирамжаар “ ТТ************ ” ХХК-д 140 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан;”  9.1.5.хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан; 9.1.6.нийтийн ёс зүйн хэм хэмжээг илт зөрчсөн; 9.1.9.захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн гэх заалт, мөн 2015 оны захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3.тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан; 47.1.5.хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан; 47.1.6.иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй; 47.1.7.түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэсэн үндэслэлд тус тус хамаарч байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 568 дугаар захирамжийн “ТТ************ ”  ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үүгэжээ.

2.2. Нэхэмжлэгч “БА*** ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2006 оны 568 дугаар захирамжийг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэл гаргасан. Хэд хэдэн зүйл хууль бус зүйл байна. Яагаад илт хууль бус вэ гэхээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 6/34 тоот тогтоолоор морин спортын зориулалтаар 70 га газрын төсөл сонгон шалгаруулалт болон дуудлагаар худалдаагаар олгохыг Засаг даргад үүрэг болгосон. 70 га газар нь 6 дугаар хороо, 10 дугаар хороо ороод 140 га газар болсон. Иймд хууль бус байна гэж дүгнэж байна. Энэхүү захирамжийн хувийн хэрэг, архив огт байхгүй. Миний бие 2007 оноос өөрийн биеэр явсан учир бүх шүүхийн асуудлыг мэднэ. Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 37 дугаар зүйлийн 37.2, 33 дугаар зүйлийн 33.2 дах заалтад өндөр хүчдэлтэй газарт ямар ч газар олгохгүй бүтээн байгуулалт хийхгүй талаар зохицуулсан. 140 га газар дотор зэрэгцээ 110 гээд өндөр хүчдэлийн хоёр шугам явж байгаа. Түүнээс 20 метрийн зайтай газар олгох ёстой. Үүнийг зөрчсөн байна. Мөн дархан цаазат газар луу орсон. “ТТ************ ” ХХК нь шүүхээр дамжуулаад дархан цаазат газрыг хасуулсан байна. Манай маргаж байгаа асуудал нь 2006, 2007 оны асуудал юм. Манайхаас гадна 8 аж ахуйн нэгжийг давхцуулсан байгаа. Энэ асуудал шинжээчийн дүгнэлтээр тодорхой ирсэн. Хуулийн дагуу 3,2 тэрбум төгрөг төлөөд газар дээр үйл ажиллагаа хийнэ гэсэн чинь хууль бус акт гарснаас болоод биднийг 15 жил хохироож байна. Энэ асуудлыг үнэн зөвөөр шийдүүлмээр байна. Илт хууль бус акт болохыг тогтоолгоод бидний эрх ашгийг хамгаалах шаардлагаа дэмжиж байна” гэв

2.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрын гэрээ гэрчилгээ гарах асуудал дээр хэзээ гарсан гэдэг цаг хугацааны асуудал ярьж байна. Хариуцагчаас газрын гэрээ байгуулсны дараа гэрчилгээ гардаг уу, гэрчилгээний дараа гэрээ гардаг уу гэдгийг тодруулж байна. Үүн дээр будилаантай асуудал байгаа учир илт хууль бусад тооцуулах юм” гэв.

2.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шинжээчийн дүгнэлтийн 6 дугаар хуудсанд байгаа анх “ТТ************ ” ХХК-д газар олгоход ямар нэгэн хувь хүн, аж ахуйн нэгжийн газартай давхцал байсан уу гэсэн асуудалд анх 140 га газраа эзэмшихэд бусдын нэгж талбарын тодорхой дугаартай газартай давхцаж байсан гэсэн. Өөр хүний газартай давхцаж байгаа учир түүнд газар олгох боломж байхгүй, “БА*** ” ХХК-д анх газар эзэмшихэд давхцал байгаагүй гэдгийг шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа.” гэв.

2.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Г****** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц, асуулт хариултын шат, шинжлэн судалсан нотлох баримттай холбоотойгоор нилээн асуудлууд тодорхой болж байна. “БА*** ” ХХК-ийн хувьд эрх ашиг нь хөндөгдсөн гэдэг нь хангалттай яригдаж байна. 2007 онд газрыг аваад холбогдох гэрээгээ байгуулаад гэрчилгээ олгогдоод үүнтэй холбоотой дуудлага худалдааны үнэ болох 3,2 тэрбум төгрөгийг төлсөн. Ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй. Гэтэл 15 жилийн хугацаанд газраа ашиглаж чадахгүй эрх ашиг хөндөгдөөд явж байна. 2006 оны 568 дугаар захирамжтай холбоотой ямар учраас одоо нэхэмжлэл гаргаж байгаа вэ гэхээр 2007 оноос хойш “БА*** ” ХХК нь удаа дараа төрийн захиргааны байгууллагад хандсан. Үүнтэй холбоотойгоор 2013, 2018 онуудад мөн газар олгогдож байсан. Үүнтэй холбоотой шүүхийн маргаан явж байсан. “БА*** ” ХХК нь газраа эзэмшиж чадахгүй “ТТ************ ” ХХК тэр газрыг эзэмших нөхцөл байдалд хүрсэн болохоор уг үндэслэл болсон 568 дугаар захирамжийг илт хууль бус гэж тогтоолгож байж “БА*** ” ХХК-ийн эрх ашиг сэргэх нөхцөл байдалд хүрж байна. Үүнийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.5, 47.1.6, 47.1.7 гэсэн үндэслэлүүдээр илт хууль бус гэж үзэж нэхэмжлэлээ гаргаж байна.  Энэ үндэслэлүүд нь 2002 оны болон өмнө нь хэрэгжиж байсан хуулийн үндэслэлтэй мөн адил давхцаж байгаа учир ерөнхийд нь хэлье.

Нэгдүгээрт, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан бол илт хууль бус гэж тодорхой заасан. Үүнийг Засаг дарга 2006 онд захирамж гаргахдаа өөрийнхөө эрх хэмжээг хэтрүүлсэн гэж үзэж байгаа. Нийслэлийн Засаг даргын эрхийг Газрын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлд заасан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тухайн жилийн газартай холбоотойгоор саналыг өргөн дэвшүүлэх, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлагдсан газартай холбоотой шийдвэрийг хэрэгжүүлэх гэсэн  хоёр чиг үүрэг байгаа. Засаг даргад бие даагаад 140 га газар өгөх эрх нь хуулиар олгогдоогүй. 2006 онд газрыг ямар байдлаар олгох ёстой вэ гэсэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 6/34 дугаартай Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд заасан байгаа. Хоёрдугаар хавтаст хэргийн 106 дугаар хуудсанд нотлох баримтаар авагдсан баримтад Нийслэлийн Засаг даргад даалгасан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар ****** дүүрэг дэх Яармагийн дэнж орон сууцны хорооллыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулдаг. Газрын тухай хуульд зааснаар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар газрыг эзэмшүүлэх гэж заасан. Гэтэл төлөвлөгөөний дагуу газрыг авч байгаа ТТ************ гэдэг компани бол ямар нэгэн дуудлага худалдааны журмаар газрыг аваагүй. Төсөл сонгон шалгаруулах журмаар аваагүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Хоёрдугаарт, тогтоолын хавсралт хэсэгт ****** дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт морин тойруулга спорт амралтын зориулалттай 70 га газрыг олгоно гэж заасан. Ямар учраас 40 га газрыг олгосон, авах ёстой гэж маргаад байгаа нь ойлгомжгүй байна. Үүнээс эрх үүргээ хэтрүүлсэн гэж харагдаж байна. ****** дүүргийн 8 дугаар хороо дархан цаазат Богдхан уулын хамгаалалтын бүсэд холбогдох хууль дүрмийн дагуу хэрэгжилт хангуулна гэж байгаа. Богдхан уулын хамгаалалтын бүсэд газарт олгож болохгүй, үүнтэй холбоотой хууль дүрэм журамдаа хэрэгжүүлнэ гээд заагаад өгсөн. Гэтэл өнөөдөр 140 га газрын тодорхой хэсэг нь Богдхан уулын хамгаалалтын зурвас хэсэгт орсон гэж баримтаар тогтоогдож байна.  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн албан бичиг байна. Мөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн албан бичиг байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан бодит нөхцөл байдлыг биелүүлэх боломжгүй гэдэг үндэслэлээр захиргааны акт илт хууль бус байсан гэдэг нь тогтоогдож байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дугаар сарын 21-ний өдрийн 251 дүгээр магадлалд тодорхой заасан. Тус магадлалын хянавал хэсэгт “ТТ************ ” ХХК-д газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамжид 6, 7 дугаар хороо гэж заасан ч Яармаг дах хүн амын суурьшил ертөнцийн зүгээр анхнаасаа замын хойд талд үүссэн болох нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд гэр хороолол бүхий энэ хэсэгт бусдад эзэмшүүлэх 140 га газар байхгүй болох нь хэрэгт авагдсан хороодын байршлын зурагт тусгагдсанаар хангалттай нотлогддог гэсэн байгаа.

Газрыг авахдаа “ТТ************ ” ХХК нь морин спортын зориулалтаар аваагүй болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна. 2006 онд газрыг аваад 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулж авсны дараагаар Эх үйлсийн эрэл гэдэг компани 70 га газрыг шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Нийслэлийн ерөнхий төлөвлөөгөөр баталсан 60 га газраас хэтрээд явсан. Мөн морин спортын зориулалтаар эзэмшүүлээгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэж үзэж байна. Иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас өгсөн чиг үүргээр тусгай хамгаалалттай газар нутагт газар олгож болохгүй гэж заасан байхад 140 га газрыг давхардуулаад олгосон нь хууль зөрчсөн үйлдэл. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт гарсан байна. Захирамжийн хавсралтаар 6, 7 дугаар хороонд 140 га газрыг олгож байгаа нь бодит байдал дээр үндэслээгүй. 7 дугаар хороонд 70 га газар байхгүй байсан гэдэг нь хүчин төгөлдөр шүүхийн магадлалд тусгасан. Тийм ч болохоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70 га газрыг морин спортын зориулалтаар олгосон. Гэтэл өнөөдөр үүл нүүж байгаа юм шиг давхардуулан “БА*** ” ХХК-ийн газар дээр тавиад үүнийг хууль бус акт гарсан гэж маргаад явж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

2.6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б******** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 568 дугаар захирамжаар ****** дүүргийн 6, 7 дугаар хороонд морин спортын зориулалтаар газар олгож байгаа нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна. Шинжээчийн дүгнэлтээр 7 дугаар хороо бол замын хойно байна, “БА*** ” ХХК-ийн захирамж гарах үед гэрээ, гэрчилгээ давхцал байхгүй байсан. “БА*** ” ХХК нь 2007 онд газар эзэмшиж байхад “ТТ************ ” ХХК-д 6, 7 дугаар хороондоо газраа гаргаж авсан байх. Манайд давхардуулж бүртгээгүй. Ямар нэгэн байдлаар тийм асуудал үүсгээгүй байсан. “ТТ************ ” ХХК нь 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр захирамж гаргуулаад, 2006 оны 12 дугаар сарын 11-ний өдөр буюу 1 жилийн дараа гэрчилгээ гаргаж, гэрээ байгуулаад 2007 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ байгуулсан. Газрын тухай хуульд заасан дараалал хэрэгжээгүй. Захирамж гараад дараа нь гэрчилгээ аваад гэрчилгээний дараа гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсны үндсэн дээр гэрчилгээ авна гэж байхад тийм зүйл байхгүй шууд гэрчилгээ аваад дээр дурдсан гэрээгээ байгуулаагүй байхдаа газраа өөр этгээдэд шилжүүлэх тухай хүсэлт гаргасан байна. Морин тойргийн үйл ажиллагаа хийх гэж байгаад болиод тэрийгээ орон сууцны дахин төлөвлөлт хийх гээд явсан. Хавтаст хэргийн 73 дугаар хуудас, 120 дугаар хуудсанд 7 дугаар хороо гэдэг бол суурьшлын бүс болох нь тодорхой байна. Ямар нэгэн байдлаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, морин тойруулга хийх боломжгүй, айлуудын хашааг тойруулаад хийх боломжгүй. Утга агуулгын илэрхий алдаатай, хууль бус эс үйлдэхүй үйлдэл хийхийг шаардсан буюу тэнд морь уралдахыг хэн ч зөвшөөрөөгүй. 2017 онд гуравдагч этгээдээс газрын зориулалт өөрчлөх хүсэлт гаргасан байдаг. Зориулалт өөрчлөх хүсэлт гаргахдаа санаатайгаар 8 дугаар хороо гэж бичээд хугацаа автоматаар сунгагдсан мөн хугацаа сунгах хүсэлт байхгүй байна. Анх газар эзэмшихдээ хүсэлт, өргөдөл гаргаж байгаагүй. Хугацаа сунгахдаа ямар нэгэн өргөдөл хүсэлт гаргаж байгаагүй. Газрын өргөдөлд хугацаа сунгах хүсэлтийг тодорхой хугацааны өмнө бүрдүүлээд сунгуулах ёстой. 8 дугаар хороо болохдоо 7 дугаар хороог дамнуулаад “БА*** ” ХХК-ийг хохироогоод 8 дугаар хороонд оруулж байгаа бол 6 дугаар хороог давхар бичиж болно. Шууд 8 дугаар хороо гээд хуулийг илэрхий зөрчиж байна. 2011 оны захирамжийн дараа дараагийн захирамжууд гарсан. “БА*** ” ХХК-тай холбоотой захирамжууд тухайн үед гарч байсан. 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дахиад илт хууль бус захирамж гарсан гэдэг нь гэрээ байгуулахдаа гарсан. Тухайн үед хариуцаж байсан газрын байцаагч нь н.Б**** гэж хүнээр газрын гэрээг зуруулах ёстой. Гэтэл н.Баярхүүгийн өмнөөс өөр хүн зураад явсан. Учир нь н.Б**** зурахгүй, 140 га газар байхгүй гэсэн мэдүүлэг өгсөн.

Гэрээ байгуулах үеийн кадастрын зураг хавтаст хэрэгт авагдсан байгаа. н.Б**** тухайн үеийн газрын дарга байсан бөгөөд гарын үсгээ зураагүй. 140 га газар байхгүй учир кадастрыг батлах хүн байхгүй гэсэн үг. Хуулиар хувийн байгууллагаар кадастрын зураг хийлгүүлээд эргэлтийн цэг тэмдэглүүлээд хүсэлт өргөдлөө бичээд өгөх ёстой байтал тийм зүйл байхгүй. Энэ нь илт хууль бусад хамаарах ойлголт юм. Шинжээчийн дүгнэлтийн 2, 4 дүгээр хариултад маш тодорхой хариулт авагдсан ба манай компанийг газар эзэмших үед давхцал байгаагүй. Мэдээллийн санд оруулах гээд анх кадастрын зураг хийлгэсэн. Тэр кадастрын зураг нь 6, 7 дугаар хороо луу биш 10 дугаар хороо луу орж ирсэн байна гэж дүгнэсэн. Захирамж өөрөө кадастрын мэдээлэлд үндэслэн гардаг. Ямар ч кадастрын мэдээлэл байхгүйгээр шууд бүртгээд явах боломжгүй. Бусдын эзэмшил газартай давхцаж байна уу, давхцахгүй байна уу гэдгийг шалгаад газрыг олгодог. Захирамж өөрөө гэр хороололд гараагүй бол сул газар дээрээ хийх ёстой байсан. Кадастрын зургийг анхнаасаа хороо дамнуулж хийсэн нь тодорхой байна. Анхнаасаа “ТТ************ ” ХХК-ийн захирамж гарсан газар дээр мэдээллийн санд оруулаад захирамж гарсан талбайд оруулж “БА*** ” ХХК-ийг мэдээллийн санд газраа олгох боломжгүй болгоод шүүхийн асуудал үүссэн.

“ТТ************ ” ХХК-ийн газрын кадастрын зургийг оруулахын тулд хууль ёсны үйлдэл хийх боломжгүй. Хууль ёсны үйлдэл гэж хийх юм бол айлын хашаа руу байшинг гэрийн дээгүүр кадастр хийнэ. Иймд хууль бус юм. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 12 сарын 20-ны өдрийн 5/29 дугаартай тогтоол, 73 дугаар хуудсанд 2007 онд 70 га газрыг 7 дугаар хороонд хийсэн төлөвлөлт, 286 дугаар тогтоолоор 90 га газрыг өгсөн төлөвлөлт, ингээд 511 дүгээр захирамжаар “БА*** ” ХХК-д 25 га газар, “Э** ” ХХК-д 3 га газар зэргийг олгосон баримтууд байгаа. Үүнээс газрыг зориулалтын дагуу төлөвлөлтөд заасны дагуу “БА*** ” ХХК хүсэлтээ гаргаад хууль ёсны дагуу төлбөрөө төлөөд дуудлага худалдааны үнийг төлөөд төсөл сонгон шалгаруулалтаа мөн адил төлөөд, төсөл сонгон шалгаруулалтаар 100,000,000 төгрөг төлөөд газраа эзэмших захирамжаа гаргуулаад хамтран ажиллах гэрээгээ байгуулаад явж байтал 2013 онд Улаанбаатар хотын Засаг даргаар Э.Бат-Үүл ажиллаж байх үедээ А/307, А/309 дүгээр захирамжуудыг гаргаад төртэй нийлж газар эзэмшиж байгаа гэдэг байдлаар газрыг төсөл сонгон шалгаруулалтаар өгч байна гэдгийг таслан зогсооно. Дуудлага худалдааны үнийг тухайн байршилд байгаа нэгж үнээр төлсөн хэмжээгээр газрыг олгоно. “БА*** ” ХХК 3,2 тэрбум төгрөгийн үнийг 1 мкв оногдох үнээр нь төлсөн. “ТТ************ ” ХХК захирамж гарсны дараагаас дуудлага худалдааны үнийг төлөөгүй. Эхлээд төсөл сонгон шалгаруулалтаар авч явж байгаад дараа нь захирамж гарсны дараа дуудлага худалдааны үнийг төлж газрыг авсан гэж хэрэгт авагдсан баримтаар харагдана. “ТТ************ ” ХХК-ийн 568 дугаар захирамж гарах ёсгүй хууль бус гэж байгаа нь төсөл сонгон шалгаруулалт гэж нэг ч хуудас байхгүй. Дуудлага худалдааны үнэ төлөх, дуудлага худалдаанд орсон ямар ч баримт байхгүй.

Газар авахад энгийн хүн ямар бичиг баримт шаарддаг уу, тэр бичиг баримтууд ялгаа байхгүй харин ч өөр нэмэгдэл нөхцөлтэй аж ахуйнууд нэгжүүдэд байгаа. “ТТ************ ” ХХК анх газар авахдаа ямар бичиг баримт бүрдүүлж энэ газрыг авсан бэ гэдгийг харахад ямар ч бичиг баримт байхгүй. Нэг ч кадастрын зураг, хүсэлт, өргөдөл байхгүй. Сунгахдаа сунгуулах тухай өргөдөл ч байхгүй. Иймд хууль бус байдлаар газрыг авсан тодорхой байна. Нийслэлийн Засаг даргын А/359 дүгээр захирамж гараад “БА*** ” ХХК-ийн газар шүүхийн журмаар шийдвэрлээд болсон. 1055, 572 дугаартай захирамж гараад “ТТ************ ” ХХК-тай холбоотой асуудлууд шийдэгдээд явсан агуулгатай тайлбар хэлсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр талууд хүсэлтүүд гаргаад хэргийг хэрэгсэхгүй болгох тухай энэ үндэслэлүүдийг ярьж байсан. 2006 оны 568 дугаар захирамжийг хууль зүйн үндэслэлийн талаар буюу ялангуяа илт хууль бусад тооцуулах асуудлаар нэг ч нэхэмжлэл гаргаж байгаагүй. Улсын дээд шүүхээс хийж байгаа дүгнэлт бол хүчингүй болгох үндэслэлийн тухай байсан. Илт хууль бусын тухайд ямар ч нэхэмжлэл гаргаагүй. Хүчингүй болгуулна гээд нэхэмжлэл гаргаж байгаагүй учраас шүүхээр шийдвэрлэгдэхэд ямар нэгэн асуудал байхгүй. Хөөн хэлэлцэх хугацаа болон өмнөх шүүхээр дүгнэсэн гэх асуудалтай холбоотойгоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дугаар зүйлийн 54.1.6, 54.1.8, 54.1.4-д заасан асуудлыг давж заалдах шатны шүүхээс тогтоол гаргаад хянаад дүгнэлт хийсэн учраас дахин ярих шаардлага байхгүй байх.

Харин кадастрын мэдээллийн санд бүртгэхгүй байгаа гэрээг сунгахгүй үйлдлийн талаар “БА*** ” ХХК-иас Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад 2016 оны Улсын дээд шүүхийн 216 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн. Эцэслэн шийдвэрлэгдсэн Улсын дээд шүүхийн тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн. Магадлалаар тогтоох хэсгийн 1 дэх заалтаар 2013 оны 975 дугаар захирамжаар олгосон газарт газар эзэмших гэрчилгээг сунгахгүй байгаа үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож сунгахыг хариуцагчид даалгасан. 975 бол кадастртай Төв аймаг явах зам, Наадамчны гудамжны зүүн урд талд гэрээ гэрчилгээтэй маш тодорхой газар байгаа. Гуравдах заалтаараа “ТТ************ ” ХХК-ийн газартай эсвэл “ТТ************ ” ХХК-ийн газартай давхцуулаагүй гэдэг үг орж ирсэн чинь үүнийг нь өнөөдөр мушгайд өдий хүртэл явсан. Энэ нь 6, 7 дугаар хороонд “ТТ************ ” ХХК-д газар олгосон. 6, 7 дугаар хороонд олгосон газартаа “БА*** ” ХХК-ийн газрыг битгий давхцуулаарай гэдэг агуулга байгаа.

Улсын дээд шүүхийн 216 дугаар тогтоолтой холбоотой маргаан 359, 1055, 572 дугаар захирамж юм. Түүнээс биш 568 дугаар захирамжийн илт хууль бус болон хууль зүйн үндэслэлтэй холбоотой шүүхийн маргаанд 359, 1055, 572 дугаар захирамжууд ямар ч хамаарал байхгүй. Улсын дээд шүүхийн 216 дугаар тогтоолыг биелүүлэх гээд 878 гарсан, 878 дугаар захирамжийг 1055 дугаар захирамжаар хүчингүй болгосон. 1055 дугаар захирамжийг 572 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Улсын дээд шүүхийн 216 дугаар тогтоолыг 359 дүгээр захирамжаар биелүүлсэн. Энэ бол бүгд 2016 оны Улсын дээд шүүхийн 216 дугаар тогтоолтой хамааралтай гарсан захирамжууд, үүн дээр Улсын дээд шүүхийн тогтоолыг буруу хэрэгжүүлсэн гэж талууд маргадаг. Манай талд 878 дугаар захирамжид нэхэмжлэл гаргаад явсан, одоо эдний талд 1055 дугаар захирамж гарахаар бид нар нэхэмжлээд явж байгаа. Зарчмын хувьд ямар ч ялгаа байхгүй. “ТТ************ ” ХХК нь манайхтай давхцуулахгүй гэж гарсан гэдгээр тайлбарладаг. Энэ маргааныг 2006 оны 568 дугаар захирамжийн илт хууль бус буюу газрыг ямар ч үндэслэлгүй огт байхгүй газрыг Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, ****** дүүргийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ямар ч зөвшөөрөлгүй гэр хорооллын дээр захирамж гаргасантай ямар ч хамаарал байхгүй. Яаж хамаарч орж ирж байгаа вэ гэхээр зөв зүгээр дуудлага худалдааны үнээ төлөөд төсөл сонгон шалгаруулалтын үнийг төлөөд газраа ашиглаж байсан компанийг газаргүй болгоод 15 жил хүндрэл учруулж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

2.7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.А******** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 568 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болгохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага бол яалт ч үгүй нэхэмжлэгч компанийн эрх ашиг сонирхол хөндөгдсөн тухай шууд хамааралтай. Энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нийслэлийн Засаг дарга эрх хэмжээгүй этгээд биш. Газрын талаар хэрэгжүүлбэл зохих эрх хэмжээг Газрын тухай хуулиар тогтоож өгсөн. Засаг захиргаа, нэгжийн тухай хуулийн хүрээнд энэ асуудал яригдана. Одоогийн байдлаар 2002 оны Газрын тухай хууль хэрэгжээд явж байна. Нийслэлийн Засаг дарга бол Газрын тухай хуульд заасан нэхэмжлэлд дурдсан заалтуудыг мөрдөөгүй эрх хэмжээгээ хэтрүүлсэн. Газрын тухай хуульд газар олгоход тавигдах шаардлага, газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага нэг бүрчлэн тусгагдсан. Газар эзэмшүүлэх үйл явц хуулиас гадуур Засаг даргын ямар ч хэмжээгүй эрхийн хүрээнд шийдэгдэх боломжгүй. Газрын тухай хуулийн тухайлбал 21 дүгээр зүйлд Засаг дарга Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төсөл, төлөвлөгөөний дагуу бусдад газар эзэмшүүлэх эрх хэмжээтэй байгаа. Гэтэл өнөөдөр шүүх хурлаар хэлэлцсэн нотлох баримт талуудын тайлбарын хүрээнд аваад үзэхээр 140 га гэдэг бол маш их хэмжээний газрыг зөвхөн “ТТ************ ” ХХК-д олгосон. “БА*** ” ХХК-ийн 25 га газартай харьцуулаад үзэхэд газрыг олгохдоо ямар ч төсөл хөтөлбөр байхгүйгээр олгосон. 568 дугаар захирамжаар газар олгохдоо 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэж заасан байгаа нь 6 дугаар хорооноос тодорхой хэмжээ авна. 7 дугаар хорооноос хэмжээ оруулаад дамнуулахаар олгогдохоор шууд ийм байдлаар заасан. Гэтэл бодит байдал дээр зөвхөн нэг хорооны нутаг дэвсгэр дээр шууд 140 га газрыг бүхэлд нь олгосон. Жишээлбэл 7 дугаар хорооноос 70 га ч юм уу 6 дугаар хорооноос 70 га байдлаар шийдвэрлэх ёстой байсан. Засаг дарга захирамжийг маш тодорхой бусаар 6, 7 дугаар хороо гэж олгож байгаа байдал нь хууль бус гэж үзэх үндэслэл гарч ирж байна. 140 га газрыг зөвхөн нэг этгээдэд газар олгох ямар ч эрх зүйн үндэслэл байгаагүй. Гэтэл 140 га газрыг олгосон. Засаг даргын эрх хэмжээгээ хэтрүүлсэн үндэслэлийг үүнээс харж болж байна. “ТТ************ ” ХХК тухайн үед Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу бүх баримт бичгээ бүрдүүлж өгөх ёстой байсан. Гэтэл газрын байршлын тойм зураг юу ч байхгүй байхад Нийслэлийн Засаг дарга шийдвэр гаргасан. Энэ байдлаас хууль бус гэж үзэх нэг үндэслэл болж байна.

Хэрвээ тухайн үед тодорхой байдлаар газрын нэгж талбарын дугаарыг нь тодорхойлсон, нэгж талбарыг харуулсан тойм зургийг “ТТ************ ” ХХК гаргаж өгсөн бол хуулийн хүрээнд үйл явц явсан бол өнөөдөр ийм маргаан гарахгүй байсан. Нийслэлийн Засаг дарга энэ нөхцөл байдлыг бий болгосон хууль бус шийдвэр гаргасан байдлаар өнөөдрийн маргаан бий болох эх суурийг тавьсан. Энэ бол үндэслэл болж байна. “БА*** ” ХХК-ийн тухайд газрын байршлыг тодорхой зааж өгсөн. Ер нь бол ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан. Үүнийг Засаг дарга хүлээн зөвшөөрсөн. Анх хамтран ажиллах гэрээг Нийслэлийн Засаг даргын тамгын газартай байгуулсан. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үндэслэлийг тодорхой зааж өгсөн. Төсөл сонгон шалгаруулалтын 100,000,000 төгрөгийг хүлээж авсан. Хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 286 дугаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх тухай захирамж байгаа. Үүн дээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан 267 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж сонгох хамтран ажиллах гэрээ байгуулах эрхийг Нийслэлийн Засаг даргад өгсөн. Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга болон “БА*** ” ХХК-ийн хооронд гэрээ байгуулагдсан. Үүний дагуу 100,000,000 төгрөгийг Засаг дарга хүлээж авсан. Цаашилбал 25 га газар дээрээ 3 тэрбум 200,000,000 төгрөгийг төлсөн. Үүнийг мөн Нийслэлийн Засаг дарга хүлээж авсан. Энэ үйлдлээр тухайн үед 511 дүгээр захирамжаар олгосон 25 га газраа хүлээн зөвшөөрсөн гэдгийг харж болно. Энэ байдлаараа “ТТ************ ” ХХК-д тухайн үед дараа дараагийн удирдлагад ямар асуудал тулгарсан бэ гэхээр 2006 онд ТТ************ д газар олгох үйлдэл алдаатай хууль бус шийдвэрийн улмаас залруулж болохгүйн улмаас дараа дараагийн асуудал хүнд байдалд орсон. Өнөөдрийг хүртэл “БА*** ” ХХК маргааныг тасралтгүй үргэлжлүүлээд явж байгаа. Тасралтгүй үргэлжлүүлээд явж байх хооронд ямар байдал тодорхой болсон бэ гэхээр нөгөө 568 захирамжаас хойш гарсан захирамжид гомдол гаргаад яваад  байдаг. Тэр бүх шийдвэрүүд анхны удаа “ТТ************ ” ХХК-д газар эзэмшүүлэх эрх олгосон байна гэдэг үндэслэлийг бариад “БА*** ” ХХК-ийн нэхэмжлэлийг шийдвэрлэхгүй байх нөхцөл байдал бий болсон. Анх удаа газрыг эзэмших эрх авсан гэдэг үндэслэл хууль ёсоор эзэмших эрхтэй гэдгийг харуулах үндэслэл биш. Тийм ч учраас 2006 оны 568 дугаар захирамж хууль бус байсан. Олон хуулийг зөрчиж олгогдсон хууль бус шийдвэр юм. Илт хууль бус акт болохыг тогтоолгох шаардлага бол хөөн хэлэлцэх хугацаа шаардагдахгүй. Үүнээс өмнө энэ асуудлаар нэхэмжлэл гаргаж байгаагүй гэсэн үндэслэлээр эрх ашиг нь зөрчигдсөн “БА*** ” ХХК нэхэмжлэл гаргаж байгаа.

Хот байгуулалтын тухай хуулийг нэхэмжлэлийн шаардлагад дурдаж өгсөн. Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга нь хот байгуулалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасан. Ерөнхий төлөвлөгөө төслийг үндэслэж газар олгож, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж байгаа. Гэтэл огт энэ үүргийг хэрэгжүүлээгүй. 568 дугаар захирамжаар энэ ажлыг зохион байгуулаагүй. Эрх мэдлээ хэтрүүлсэн, хууль зөрчсөн үндэслэл гарч ирж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тогтоол байж байгаа. Үүнийг яагаад тодруулж байгаа вэ гэхээр тухайн 256 дугаар маргаан бүхий актаар морин тойруулга гэсэн зориулалтаар 140 га газрыг олгосон. “БА*** ” ХХК-д 25 га газрыг орон сууцны зориулалтаар олгосон. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 5/29 тоотоор ****** дүүргийн нутаг дэвсгэр, яармагийн Н********* замын урд талд орон сууцны хорооллоор 140 га хүртэл газрыг 2020 он хүртэл хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу олгож болохоор байгаа. Энэ хүрээнд “БА*** ” ХХК-д 25 га газар олгохоос хоёр жилийн өмнө гаргаж байсан. Зориулалт болон он сарын тухайд тохирч байгаа. Энэ үндэслэлээр “БА*** ” ХХК-ийн 25 га газар олгосон нь шударга ёсны дагуу олгогдсон газар юм. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу илт хууль бус акт болохыг тогтоолгохоор гаргасан. 2002 оны хууль өнөөдөр хүчингүй болсон ч гэсэн 2002 оны хуулийн 9 дүгээр зүйл болон одоогийн мөрдөгдөж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл бол утга агуулгын тухайд адилхан. Хууль хүчингүй боллоо гээд нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг дордуулах зөрчигдсөн байдлыг шүүхээс сэргээхэд саад болохгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*** шүүхэд бичгээр ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “БА*** ” ХХК-иас Нийслэлийн Засаг даргын 568 дугаар захирамжийн “ТТ************ ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлагын үндэслэлд холбогдох агуулга үйл баримтыг, мөн маргаан бүхий газарт анх 2006 онд “ТТ************ ” ХХК-ийн эзэмшил үүссэн, эзэмшил газрын анхны байршил хаана болох, тухайн дүүргийн хороодын дугаар хэрхэн өөрчлөгдсөн болох зэрэг үйл баримтыг Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 216 дугаар тогтоолоор “БА*** ” ХХК нь өөрт заагдсан байршлаас өөр газарт буюу “ТТ************ ” ХХК-ийн хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газартай давхцуулан маргаан үүсгэсэн байх тул “БА*** ” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгахдаа тус компанид 2007 онд газар эзэмшүүлсэн гуравдагч этгээд “ТТ************ ” ХХК-ийн эзэмшил 140 га газартай давхцуулахгүйгээр газрын кадастрын байршлыг тогтоох байдлаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлнэ гэж дүгнэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2-т Улсын Дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж тус тус хуульчилсан. Хуулийн дагуу дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэн Нийслэлийн Засаг дарга 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/359 дугаар захирамжаар “БА*** ” ХХК-д ****** дүүргийн 21 дүгээр хороо /хуучнаар 10-р хороо/-нд 25 га газрын хугацааг сунган эзэмшүүлсэн байна.

Мөн тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны 7876, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 321 дүгээр захирамжуудаар “БА*** ” ХХК-иас гаргасан дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснээс харахад мөн л хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, тогтоол байгаа ба дээрх нэхэмжлэлд дурдагдсан үйл баримтыг дүгнэж шийдвэрлэсэн гэжээ. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тус хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т зааснаар хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү.

Илт хууль бусад тооцуулахад бодит нөхцөл байдалд тохирохгүй үүрэг ногдуулж болохгүй гэсэн нь нийтийн эрх зүйд мөрдөгдөж байгаа зарчимд харшлах зүйлгүй гарсан. Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд үндэслэж гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагад дурдаж байгаа 47 дугаар зүйл заалтууд нь хавтаст хэрэгт нотлуулж байгаа үйл баримтыг бодит байдал дээр харвал хэрвээ нэхэмжлэгч талын гаргаж байгаа тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж үзэх юм бол өнөөдөр газар эзэмших бүх захирамж хүчингүй болно. Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд захиргааны хуулийг хэрэгжүүлж байгаа үйлдэл нь бодит нөхцөл байдалд тохирохгүй үүрэг ногдуулаагүй. Үүрэг ногдуулсан захирамж гаргаагүй. Ногдуулж болохгүй гэсэн эрх зүйн тайлбар байна. Улмаар энэ нийтийн эрх зүйн зөрчлийг зөрчиж гаргаагүй. Анх хурал эхлэхэд энэ асуудал шүүхийн шатанд дүгнэгдээд Улсын Дээд шүүхийн 216 дугаар тогтоол гарсан. Цаг хугацааны хувьд “БА*** ” ХХК нь 2007 онд, “ТТ************ ” ХХК-д 2006 онд газар эзэмшүүлэх эрх олгосон. Үүнээс харахад өнөөдөр “БА*** ” ХХК нь 2006 оны 568 дугаар захирамжийг илт хууль бусад тооцуулах үндэслэлээ бүрэн гүйцэд хуулийн хүрээнд тайлбарлаж чадаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэжээ.

 

Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар:

4.1. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У********** шүүхэд бичгээр ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар...... хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” гэж заасны дагуу “БА*** ” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгахдаа “ТТ************ ” ХХК-ийн газрын байршилтай давхцуулахгүйгээр газрын кадастрын байршлыг тогтоож, газар эзэмших эрхийг нь сэргээх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 216 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл “БА*** ” ХХК-ийн газар эзэмших эрхтэй холбоотой, нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна. Нэхэмжлэгч “БА*** ” ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлээ “Нийслэлийн Засаг Дарга нь “ТТ************ ” ХХК-д 2006 оны 658 дугаар захирамжаар газар эзэмшүүлснээр манай компани өөрийн хууль ёсоор эзэмших эрх олгогдсон 25 га газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй өнөөдрийг хүрсэн нь манай эрх, хууль ёсны ашиг сонирхол тэр хэмжээгээр зөрчигдсөн....” гэж дурдаад, нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаар захирамжийн “ТТ************ ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” гэж тодорхойлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 “Нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж хуульчилжээ. “БА*** ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “ТТ************ ” ХХК-д газар олгосон захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосноор манай компанийн газар эзэмших хууль ёсны эрх ашиг сэргэнэ гэж тодорхойлсон байна. Гэтэл улсын дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 216 дугаар тогтоолоор “БА*** ” ХХК болон “ТТ************ ” ХХК-иудын газрын кадастрын байршил нь тусдаа өөр өөр газар бөгөөд “БА*** ” ХХК нь “ТТ************ ” ХХК-ийн хууль ёсны эзэмшиж байгаа газартай давхцуулан маргаан үүсгэжээ. Нэхэмжлэгчид анх 2007 онд, гуравдагч этгээдэд 2006 онд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн захирамжуудыг захиргааны байгууллага сүүлд гаргасан захирамжуудаар хүчингүй болгосон байх тул шүүхээс маргааны үйл баримтыг зөвхөн хүчин төгөлдөр байгаа “БА*** ” ХХК-ийн 2013 оны А/975 “ТТ************ ” ХХК-ийн 2011 оны 908 дугаар захирамжуудын хүрээнд дүгнэх нь зөв юм гэж тус тус дүгнэсэн тогтоол хэрэгт авагдсан байна.

Дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээд 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 359 дугаар захирамжаар “БА*** ” ХХК нь одоогийн байдлаар ****** дүүргийн 21 дүгээр хороо,  хуучнаар 10 дугаар хороо 25 га газрын хугацааг сунгаж шийдвэрлэсэн. Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 7876, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 321 дүгээр захирамжаар “БА*** ” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Мөн хуулийн хүчин төгөлдөр тогтоол байгаа. Үндсэн хуульд зааснаар иргэн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй. Иймд шүүхийн тогтоол, шийдвэр хүчинтэй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. Захиргааны акт илт хууль бус болох тухай Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5, 47.1.7 дах заалтыг дурдаж байна. Тус зүйлийн 47.1.3-д тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан тохиолдолд актыг илт хууль бусад тооцдог. Нийслэлийн Засаг дарга Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар газрын эрх хариуцсан чиглэлээр захирамж гаргах бүрэн эрх байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардсан тохиолдолд захирамж өөрөө илт хууль бус болдог. 568 дугаар захирамжид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан хууль бус үйлдэл болон эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардсан заалт байхгүй. Мөн зүйлийн 47.1.7-д бодит нөхцөл байдал биелүүлэх боломжгүй гэсэн хуулийн заалт байдаг. 568 дугаар захирамж гарахад илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагад шаардаж байгаа үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Үүнээс дүгнэхэд Нийслэлийн Засаг даргын 2006 оны 568 дугаар “ТТ************ ” ХХК-д газар эзэмшүүлсэн захиргааны акт эрх зүйн үр дагаваргүй болсон байна. Нийслэлийн Засаг дарга Улсын Дээд шүүхийн 2016 оны 216 дугаар тогтоолыг биелүүлж “БА*** ” ХХК-д “ТТ************ ” ХХК-тай давхцуулахгүйгээр 2021 оны А/359 дүгээр захирамжаар газар эзэмшүүлсэн. “ТТ************ ” ХХК нь өөрийн эзэмшлийн газартаа хөрөнгө оруулалт хийж цахилгааны дэд станцыг барьж ашиглалтад оруулсан төдийгүй “Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн” төслийг хэрэгжүүлээд үйл ажиллагаа явуулж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасны дагуу “БА*** ” ХХК-ийн Нийслэлийн засаг даргад холбогдуулан гаргасан 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.

Захиргааны актыг илт хууль бусад тооцуулахад бодит нөхцөл байдалд тохирохгүй үүрэг ногдуулж болохгүй гэсэн нь нийтийн эрх зүйн хүрээнд мөрдөгдөж байгаа зарчимд харшлах зүйлгүй гарсан буюу Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд үндэслэж гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагад дурдаж байгаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйл заалтууд нь хавтаст хэрэгт нотлуулж байгаа үйл баримтыг бодит байдал дээр харах юм бол хэрвээ нэхэмжлэгч талын гаргаж байгаа тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж үзэх юм бол өнөөдөр газар эзэмших бүх захирамж хүчингүй болно. Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд бодит нөхцөл байдал, захиргааны хуулийг хэрэгжүүлж байгаа үйлдэл нь бодит нөхцөл байдалд тохирохгүй үүрэг ногдуулаагүй. Үүрэг ногдуулсан захирамж гаргаагүй. Ногдуулж болохгүй гэсэн эрх зүйн тайлбар байна. Улмаар энэ нийтийн эрх зүйг зөрчиж гаргаагүй. Анх шүүх хуралдаан эхлэхэд энэ асуудал шүүхийн шатанд дүгнээд 216 дугаар тогтоол гарсан. Цаг хугацааны хувьд “БА*** ХХК”-д 2007 онд, “ТТ************ ” ХХК-д 2006 онд газар эзэмшүүлэх эрх олгосон. Үүнээс харахад “БА*** ” ХХК нь 2006 оны 568 дугаар захирамжийг илт хууль бусад тооцуулах үндэслэлээ бүрэн гүйцэд хуулийн хүрээнд тайлбарлаж чадаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

4.2. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.Э********** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэгдүгээрт, энэ хэргийг хүлээж авч шийдвэрлэх ёсгүй. 2007 онд үүссэн газар эзэмших эрхийг дараа нь газар эзэмших эрхийг сунгахдаа хүчингүй болгосон шүүгчийн захирамж байгаа. Үйлчлэлгүй захиргааны акттай маргасан учир захиргааны хэргийн шүүхийн харьяаллын асуудал биш. Өмнө нь шүүхээр шийдвэрлэсэн асуудал гэдэгт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөхдөө нэхэмжлэлд заасан үйл баримт давхцалын талаар үнэлэлт дүгнэлт өгсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа гэж заасан. Улсын дээд шүүхийн 2016 оны 216 дугаар тогтоолоор нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүсэхээс өмнө гуравдагч этгээдэд газар эзэмших эрх хууль ёсоор үүссэн талаарх агуулгатай байгаа. Гуравдагч этгээдийн газартай давхцуулсан байдлаар газар олгосон гэдэг агуулга магадлал дээр ч байгаа. Нэхэмжлэлдээ хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэхгүй гэдэг           агуулга байсан шалтгаан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан агуулгаар маргаж байгаа. мөн зүйлийн 47.3-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүй гэдэг зарчим байгаа. Шүүхээр асуудлыг шийдвэрлэхдээ 47-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох юм бол цаана нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9-д заасан захиргааны акт байна уу? 10-д заасан хүчингүй болгуулах хууль бус захиргааны акт байна уу гэдэгт ялгаа байхгүй. тус хуулийн 6.1-д заасан 30 хоногийн хугацаа үйлчилнэ. 30 хоногийн хугацааг хэтрүүлээд нэхэмжлэлээ гаргасан. 2007 оны үйл баримт болон түүнээс хойш 2016 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулиар 2007 оны захирамжийг илт хууль бусад тооцно гэсэн агуулга байхгүй. Энэ бол хуулийг буцаан хэрэглэх ойлголт юм. Улмаар захиргааны эрх зүйд буцаан хэрэглэх зүйл байхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль хүчингүй болсон ч гэсэн тухайн хүчинтэй үйлчилж байсан цаг хугацаандаа материаллаг эрх зүйн асуудал шинэ хуулиар явна. Хуучин хууль 10 дугаар заалтаас хойшоо процессын эрх зүйн буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан заалтууд хүчин төгөлдөр байгаа. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэдэгт бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш зөвхөн субьектив эрхийн маргаан шийддэг болсон. Нэхэмжлэгчийн эрхэнд халдаагүй үйлдлийг шийдэхдээ зөвхөн нийтийн эрх ашгийг төлөөлж эрх бүхий этгээдийн гаргасан нэхэмжлэлийн дагуу шийднэ. Нэхэмжлэгч болохоор өөрийнхөө эрхийг зөрчсөн гэдэг агуулгаар дурдаж тайлбарладаг. Цаг хугацааны хувьд маргаж байгаа акт нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг олж авсан гэж тайлбарлаж байгаа актаас өмнө нь гарсан. Өмнө нь гарсан газар эзэмшүүлэх захирамжаар дараа нь олгосон газар эзэмшигчийн эрхийг зөрчинө гэж байхгүй. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан. Өмнөх газар эзэмших эрхийг мэтгэлцээний явцад газар эзэмших гэрээ гэрчилгээ гарсан байсан гэдэг ач холбогдол байхгүй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан. 2006 оны Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх зорилгоор газар эзэмшүүлсэн гээд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гээд бүгд Төв аймаг явах замын баруун талд гэдэгт үг үсгээр байгаа. Гэтэл захирамжид зөвхөн зүүн гэдэг үг оруулсан. Зүүн гэдэг үгийг дагаад зүүн учраас манайх зүүн талд байгаа гээд мэдээллийн санд оруулаад хожим гарсан. Ер нь бол нэхэмжлэгч байгууллагын өөрийнх нь алдаатай үйлдэл байна. Нэхэмжлэгчид зөвтгүүлээд явах боломж нь өөрт байсан. Энэ бүх боломжийг ашиглаагүй зүүн талд байх ёстой гэдэг. 2004 онд мэдээллийн санд зургаа оруулж газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхийг оролдсон. Улсын дээд шүүхээс асуудлыг шийдэхдээ захирамжид дурдагдсан газрыг сунгаж өгөхийг даалгах гэдэг агуулгатай зүйл ярьсан. Магадлалд анхны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд төлөвлөгдсөн байршил гэж дурдсан. Хорооны асуудлын тухайд хойно урд оруулаад ярьж байна. Хорооны асуудал тухайн цаг хугацаанд үйлчилж байсан хорооны газрын зураг хаана байсан бэ? нэхэмжлэгчид газар эзэмших эрх аль хороонд гарсан бэ? хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө аль хороонд зурагдсан бэ? аль хороонд зурагдаагүй вэ? гуравдагч этгээдэд аль хороонд газар эзэмших эрх өгсөн бэ? гэдэг нь гурван шатны шүүхээр шийдвэрлэсэн үйл баримт юм. Шүүхээр тогтоогдсон асуудлыг дахин дүгнэх шаардлага байхгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлж байна. Гаргах ёстой захиргааны акт болон маргах ёстой захиргааны акттай тухайн цаг хугацаандаа маргаагүй. Замын нөгөө талд хууль ёсны эзэмшигчийн газар луу маргаж байх хугацаанд төрийн орон сууцны газар тухайн газрыг өгөөд хамтран ажиллаад гэрээ байгуулаад анхны төлөвлөж байсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөө хэрэгжүүлээд Буянт Ухаа хорооллоо бариад улсын комисст хүлээлгээд өгсөн. Энэ бол өөрийнх л алдаа байгаа. Үүнийгээ хариуцагч болон гуравдагч этгээдийн газар луу дайрч орж ирж байгаа нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол гэдэг агуулга байхгүй. Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийн зөрчигдсөн буюу зөрчигдөж болзошгүй ашиг сонирхлыг хамгаалах шүүх юм. Нэхэмжлэгчийн хууль бус ажиллагааг гүйцээдэг байгууллага биш.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д илт хууль бус болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол хэрхэн яаж сэргэх вэ гэдэг агуулга хамгийн том агуулга байгаа. Нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар эрх хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй.  2002 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д 4 үндэслэл заасан. 2002 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан үндэслэлүүд хэн ч харсан ойлгомжтой заавал шүүхээр тогтоолгох шаардлага байхгүй хүчин төгөлдөр бус актыг хүчин төгөлдөр бус болохыг захиргааны байгууллага өөрөө хүлээн зөвшөөрөх тухай ойлголт юм. Шүүхээр тогтоолгох биш юм. Тогтоох агуулга Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд байгаа зарим үндэслэлүүд болохоос биш бүх үндэслэлүүд биш. Тогтоох, хүлээн зөвшөөрөх бол агуулгын хувьд өөр юм.  Агуулгаар дүйцэх зүйл байхгүй. Хуучин Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасны дагуу хугацааг тоолно. Өнөөдөр захиргааны хэргийн шүүхээр энэ цаг хугацааны дараа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтыг тогтоож шийдвэрлэх хугацаа байхгүй. Дурдагдсан үндэслэл аль ч биш. Газар эзэмших эрх гэдэг нь өөрөө гэмт хэргийн үйлдэл биш. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээж авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд нэхэмжлэгч “БА*** ” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаартай захирамжийн “ТТ************ ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзлээ. Үүнд:

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас нэхэмжлэлийн үндэслэлээ,

- Хариуцагч захиргааны байгууллага нь Газрын тухай хуулийн 21.2.3, 21.2.4, 31.2, 32, 33.1.2, 33.4, 56.1, 56.2, 56.3, Хот байгуулалтын тухай хуулийн 3.1.3, 9.1.1, 24.1.1 дэх заалтуудыг зөрчиж “ТТ************ ” ХХК нь 140 га газар эзэмших хүсэлт, өргөдөл гаргаж байгаагүй, газар эзэмшүүлэхэд шаардлагатай баримт бичиггүй, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ямар нэгэн төсөл хөтөлбөр, ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй буюу Нийслэлийн Газар байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд газар эзэмшүүлсэн, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй, кадастрын зураглал байхгүй,  тухайн 140 га газрын тодорхой хэсэг нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байхад газар олгосон нь илт хууль бус

- Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.5, 9.1.6, 9.1.9, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5, 47.1.6, 47.1.7-д заасан үндэслэлд хамаарч байгаа” гэх зэргээр тайлбарлан маргасан.

 

3. Нэхэмжлэгч“БА*** ” ХХК-ийн газар эзэмших эрх нь

3.1. нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 511 дугаар захирамжаар “****** дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Н********* гудамж, Төв аймгийн замын уулзварын зүүн талд 25 га газрыг эзэмшүүлэхээр олгогдож,

3.2. 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/878 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгагдсан,

3.3. 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/359 дугаартай захирамжаар “БА*** ” ХХК-ийн 25 га газрын байршлыг ****** дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, хугацааг 15 жил гэж тус тус тогтоосон байна.

 

4. Гуравдагч этгээд “ТТ************ ” ХХК-ийн газар эзэмших эрх нь

4.1. нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаар захирамжаар ****** дүүргийн 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 140 га газрыг зочид буудлын зориулалтайгаар анх олгогдож,

4.2. 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 908 дугаартай захирамжаар газрын зориулалтыг “орон сууцны цогцолбор, худалдаа үйлчилгээ” гэж өөрчилж,

4.3. 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/25 дугаартай захирамжаар “ТТ************ ” ХХК-ийн газар эзэмших эрхийг хугацааг 15 жилээр сунгаж,

4.4. 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/878 дугаар захирамжаар “БА*** ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасантай холбогдуулан “ТТ************ ” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 115 га болгон өөрчилж,

4.5. 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/1055 дугаартай захирамжаар ****** дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 140 га газрыг 12 жилийн хугацаатайгаар “ТТ************ ” ХХК-д орон сууцны цогцолбор, худалдаа үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрхийг сэргээн олгож шийдвэрлэжээ.

5. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т зааснаар нийслэлийн Засаг дарга нь “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна”, 21.2.4-т зааснаар “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах” нь нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарахаар заажээ.

6. Мөн иргэн, хуулийн этгээдээс газар эзэмших талаар хүсэлт, гаргах, уг хүсэлтийг эрх бүхий этгээдээс шийдвэрлэх үйл ажиллагааны журмыг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна.”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ”, 33.4-т “Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж тус тус зохицуулжээ.

7. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын,

7.1. 2005 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5/29 дүгээр тогтоолоор батлагдсан “2006 оны нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-ний “Дөрөв. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулан батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх” хэсгийн 5-д “ХУД-ийн нутаг дэвсгэр Яармагийн Н********* замын урд талд, Орон сууцны хороолол, 130.0га, Жилдээ, НГА, ХХБТХ, ХБЗТЭШХ, БХБЯ, НХОГ, ХЕТ хэрэгжүүлэх” гэж/2хх-68 дахь талд/,   

7.2. 2006 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 6/34 дүгээр тогтоолын 5 дахь заалтад “...Яармагийн дэнжид орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан, Газрын тухай хуульд зааснаар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар газар эзэмшүүлэх эрх олгох асуудлыг шийдвэрлэх”, мөн тогтоолоор батлагдсан “2006 оны нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотгол”-ын “****** дүүргийн нутаг дэвсгэрт эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ зориулалт” хэсгийн 10-т “****** дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Морин тойруулга, спорт, амралт, 70,0га, Жилдээ, НГА, ХХБТХ, ХБЗТЭШХ” гэж/2хх-110 дахь талд/,

7.3.  2006 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 6/34 дүгээр тогтоолоор батлагдсан “****** дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-ний хэрэгжих талбайг “Яармаг-Буянт-Ухаагийн авто замын хойт, урд тал, Иргэний нисэхийн удирдах газрын зүүн тал, Улаанбаатар-Төв аймгийн авто замын баруун талд 60 га” гэж тус тус баталсан байна.

8. Шүүхээс шаардсаны дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01-08/3186 тоот албан бичгээр ирүүлсэн нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/568 дугаар захирамжаар бүхий “ТТ************ ” ХХК-ийн газар баталгаажилтын хувийн хэрэгт тус компаниас 140га газрыг эзэмшихээр анх гаргасан хүсэлт авагдаагүй, харин огноо дугааргүй, “...65072 гэрчилгээ бүхий газарт газар эзэмших гэрээ байгуулах тухай хүсэлт, мөн эзэмшил газраас 70 га газрын “Их үйлсийн эрэлд” ХХК-д шилжүүлэх тухай 2007 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хүсэлт, “Их үйлсийн эрэлд” ХХК-ийн хүсэлтээр 2007 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Топ сурвей” ХХК-иас үйлдсэн 70 га газрын кадастрын зураг, эдэлбэр талбайн хил хязгаарын цэгүүдийн солбицол тодорхойлсон акт, 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн огноотой 1400000мкв газрын кадастрын зураг, бусад зэрэг баримтууд авагджээ.

9. Газрын тухай хуулийн дээр дурдсан зохицуулалтууд болон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрүүд, мөн “ТТ************ ” ХХК-ийн газар баталгаажилтын хувийн хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч талын “хариуцагч нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь заалтуудыг зөрчсөн, “ТТ************ ” ХХК нь 140 га газар эзэмших хүсэлт, өргөдөл гаргаж байгаагүй, кадастрын зураглал байхгүй,газар эзэмшүүлэхэд шаардлагатай баримт бичиггүй, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ямар нэгэн төсөл хөтөлбөр, ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй буюу Нийслэлийн Газар байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд газар эзэмшүүлсэн” гэх тайлбар үндэслэлтэй байх тул нийслэлийн Засаг даргын 2006 оны 568 дугаар захирамжийн “ТТ************ ” ХХК-д холбогдох хэсэг нь  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэж заасан илт хууль бус актад хамаарахаар, мөн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан үндэслэл байсан гэж үзэхээр байна. Тухайлбал,

9.1. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар газар эзэмшүүлэх харилцаа нь иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших хүсэлтэд үндэслэж үүсэхээр, 32.2-т хүсэлтэд хавсаргавал зохих баримтуудыг нэрлэн заасан байтал “ТТ************ ” ХХК-иас 140 га газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан, уг хүсэлтдээ газрын байршлын кадастрын зураг хийлгэж өгсөн, дуудлага худалдааны үнэ төлсөн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

9.2. Хариуцагч захиргааны байгууллага болон гуравдагч этгээдээс “ТТ************ ” ХХК нь 140га газрыг эзэмшихээр хүсэлт гаргаж байсан, кадастрын зураг гаргаж өгсөн эсэх талаар нотлох баримтын эх сурвалж зааж маргаагүй, газрыг төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлсэн, дуудлага худалдааны төлбөр үнэ төлсөн талаарх баримтыг мөн ирүүлээгүй тул байх тул нийслэлийн Засаг дарга нь 2006 оны 568 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

9.3. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан 2006 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотголд ****** дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 70га газрыг морин тойруулга, спорт, амралтын зориулалтаар эзэмшүүлж болохоор тогтоосон байхад хариуцагч нь уг хэмжээг хэтрүүлж 140га газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-т “...тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах” гэж заасан зохицуулалтад үндэслээгүй байна.

9.4. Гэвч, эдгээр нөхцөл байдлууд нь актыг илт хууль бус болохыг тогтоох шаардлагын бус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд дүгнэгдэх үндэслэл байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангах боломжгүй.

10. Харин нэхэмжлэгч талын “тухайн 140 га газрын тодорхой хэсэг нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байхад эзэмшүүлсэн, Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 9 дүгээр зүйлийн 9.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтуудыг зөрчсөн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.5, 9.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5, 47.1.6, 47.1.7-д заасан илт хууль бус акт гаргасан” гэх тайлбар үндэслэлгүй байна. Тодруулбал,

10.1. Нийслэлийн Засаг дарга нь “ТТ************ ” ХХК-д 140га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэх үед Захиргааны ерөнхий хууль/2015 оны 06 сарын 19/ болон нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа Хот байгуулалтын тухай хууль/2008 оны 05 сарын 29/ тус тус хүчин төгөлдөр болж мөрдөгдөөгүй байсан байх тул маргааны тохиолдолд хэрэглэгдэхгүй.

10.2. Энэхүү шийдвэрийн 5 дахь хэсэгт дурдсанчлан хариуцагч нийслэлийн Засаг дарга нь газар эзэмшүүлэх эрх олгох шийдвэр гаргах эрх хэмжээтэй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль/2002 он/-ийн 9.1.3-т заасан “захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан;” нөхцөл байхгүй гэж үзнэ.

10.3. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын 2006 оны 568 дугаар захирамж нь гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон, ямар нэг хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан агуулгагүй байх ба нэхэмжлэгч нь хариуцагч захиргааны байгууллагыг нийтийн ёс зүйн хэм хэмжээг хэрхэн зөрчсөн гэж үзэж байгаа тухайгаа үндэслэл нэрлээгүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль/2002 он/-ийн 9.1.5-д заасан “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан;”, 9.1.6-д заасан “нийтийн ёс зүйн хэм хэмжээг илт зөрчсөн;” нөхцөл тогтоогдсонгүй.

10.4. Нэхэмжлэгч талаас “тухайн 140 га газрын тодорхой хэсэг нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байхад эзэмшүүлсэн” хэмээн тайлбарлан маргах боловч уг давхцал нь “ТТ************ ” ХХК-ийн эзэмшил газрын урд хэсэгт байх ба уг давхцалыг шийдвэрлэсэн тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 130 дугаартай шийдвэр, уг шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 239 дугаартай магадлал хүчин төгөлдөр байна.

 

11. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын 2006 оны 568 дугаар захирамжаар 140 га газрыг “ТТ************ ” ХХК-д эзэмшүүлсний улмаас нэхэмжлэгч “БА*** ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна. Учир нь:

11.1. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 511 дугаар захирамжаар “****** дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Н********* гудамж, Төв аймгийн замын уулзварын зүүн талд 25 га газрыг нэхэмжлэгч “БА*** ” ХХК-д анх эзэмшүүлэхээр олгосон байх ба энэ цаг хугацааны хувьд “ТТ************ ” ХХК-д газар эзэмших эрх олгогдсоноос хойно байх тул өмнө үүссэн эрх нь дараа нь бий болсон эрхийг зөрчсөн гэж үзэх логикийн боломжгүй.

11.2. Нэхэмжлэгч талаас “2006 оны 568 дугаар захирамжийн хавсралтаар ****** дүүргийн 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 140га газрыг олгож байгаа нь бодит байдал дээр боломжгүй, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 70га сул газар байхгүй” гэх агуулгаар тайлбарлах боловч “ТТ************ ” ХХК-д эзэмшүүлэхээр олгосон 140га газрыг байршлыг “... Засаг даргын захирамж гаргах үед мөрдөгдөж байсан Улаанбаатар хотын Ардын депутатуудын Хурлын Тэргүүлэгчдийн 1992 оны 31 дүгээр тогтоолд 6, 7 дугаар хорооны байрлалыг хуучин 9, 10 дугаар хороо, Яармаг гэж тодорхойлсноос үзэхэд гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газар нь Яармагт буюу одоогийн байршилд олгогдсон байна” гэж дүгнэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 251 дүгээр магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 216 дугаар тогтоол хүчин төгөлдөр байх тул шүүх нэхэмжлэгчийн дээрх тайлбарт үндэслэж гуравдагч этгээдийн эзэмшил газрын байршлыг дахин дүгнэх боломжгүй, улмаар нэхэмжлэгч талын “гуравдагч этгээдийн газрын байршлыг манай газар олгогдсон газрын байршилтай давхцуулсан бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

12. Мөн нэхэмжлэгч талаас “... 568 дугаар захирамжаар “ТТ************ ” ХХК-д эзэмшүүлсэн газар нь одоогийн байгаа байршилд биш болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон” гэх агуулгаар тайлбарлан маргах боловч Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “...газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба ... улсын бүртгэлд бүртгэнэ” гэж зааснаас үзвэл, нийслэлийн Засаг даргын 2006 оны 568 дугаар захирамжийн хавсралтад газрын байршлыг 6, 7 дугаар хороо гэснийг одоогийн байршилд бүртгэсэн нь нийслэлийн Засаг даргын үйл ажиллагаанд хамааралгүй байна.

 

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “БА*** ” ХХК-ийн газар эзэмших эрхтэй холбоотой, нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар Улсын дээд шүүхийн Захиргааны хэрийн шүүх хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 216 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн” гэж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “БА*** ” ХХК-ийн газар эзэмших эрхтэй холбоотой, нэхэмжлэлд заасан үйл баримтын талаар шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй. Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 216 дугаар тогтоолыг биелүүлж Нийслэлийн Засаг дарга “БА*** ” ХХК-д “ТТ************ ” ХХК-тай давхцуулахгүйгээр газар эзэмшүүлсэн. Мөн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж тус тайлбарлах боловч,

13.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 7876 дугаартай захирамжаар “... “ТТ************ ” ХХК-д 2006 онд, “БА*** ” ХХК-д 2007 онд анх газар эзэмших эрх үүссэн, эзэмшил газрын анхны байршил хаана болох, тухайн хороодын дугаар хэрхэн өөрчлөгдсөн болох, мөн нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эзэмшил газар хэрхэн, яаж давхацсан талаарх үйл баримтыг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэсэн, ...2002 онд батлагдсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа тооцдог байжээ” гэж тус тус дүгнэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 54.1.8-д заасныг баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаар захирамжийн “ТТ************ ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 650 дугаартай тогтоолоор “өмнө нь шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчийн одоо маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаар захирамжийг хуульд нийцсэн эсэх талаар дүгнэсэн шийдвэр биш, ...Иймд нэхэмжлэгч “БА*** ” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаар захирамжийн “ТТ************ ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж үзэх үндэслэлгүй, ...2016 онд батлагдсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэх нь зүйтэй, ... тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “захиргааны акт ... илт хууль бус болохтой холбоотой нэхэмжлэлд мөн хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тооцох хууль зүйн үндэслэлгүй...” гэж дүгнэн, шүүгчийн 7876 дугаар захирамжийг хүчингүй болгож,  

13.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 321 дугаартай захирамжаар “... Үүнээс харахад цаг хугацааны хувьд маргаан бүхий газарт “ТТ************ ” ХХК-д газар эзэмшүүлэх эрх анх үүссэн байх тул актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй, ... “БА*** ” ХХК-иас урьд нь нийслэлийн Засаг даргын 2006 оны 568 дугаар захирамжийн “ТТ************ ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаагүй боловч тухайн актын агуулга, үйл баримтын хувьд дүгнэсэн магадлал хуулийн хүчин төгөлдөр байна...” гэж тус тус дүгнэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.6-д заасныг баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаар захирамжийн “ТТ************ ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг мөн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 108 дугаартай тогтоолоор “...цаг хугацааны хувьд маргаан бүхий газарт “ТТ************ ” ХХК-д газар эзэмшүүлэх эрх анх үүссэн...” гэсэн үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан хэмээн хүлээн авахаас татгалзсан нь ойлгомжгүй байна. ... захиргааны актыг хууль бусад тооцуулах, илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг адилтган үзсэн анхан шатын шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэн, шүүгчийн 321 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн,

13.3. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 4766 дугаар захирамжаар гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн захиргааны хэрэг үүсгэсэн захирамжийг хүчингүй болгуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн “...568 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд үүссэн газар эзэмших эрх үргэлжилж, эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа” гэж дүгнэсэн нөхцөл байдал арилаагүй байх тул шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, хэргийг шийдвэрлэснийг тэмдэглэв.

14. Дээрхээс нэгтгэн үзвэл, хариуцагч нийслэлийн Засаг дарга нь 2006 оны 568 дугаар захирамжаар “ТТ************ ” ХХК-д 140 газрыг эзэмшүүлэхээр олгосон нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн зарим зохицуулалтад нийцээгүй боловч уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгч “БА*** ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “БА*** ” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаартай захирамжийн “ТТ************ ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.МӨНХЗУЛ