Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2021/03253

 

 

 

 

 

 

 

 

 

    2021        10         19                                    101/ШШ2021/03253         

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.О-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Ө-д холбогдох,

 

16,464,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Б.О-ийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.О миний бие У аймгийн У сумын 0 дугаар багт оршин суудаг. С.О би Улаанбаатар хотод амьдардаг Д.Ө-д итгээд өмнө нь хонь, ямаа, үхрийн мах өгч байсан. Тухайн үед авсан махны мөнгийг тасалж өгөөд тооцоогоо дуусгадаг байсан.

2018 оны 03 сард Улаанбаатарт байдаг найз Д-д ямааны махыг 1 кг-ийг нь 3,100 төгрөгөөр өгөхөөр тохиролцсон тухайгаа Д.Ө-д хэлэхэд тэрээр 1 кг-ийг нь 3,000 төгрөгөөр тооцоод өгчих гэхээр нь 96,860 кг ямааны махыг нэг килограммыг нь 3,000 төгрөгөөр тооцож нийт 290,580,000 төгрөг, мөн 737 кг ямааны махыг нэг килограммыг нь 1,200 төгрөгөөр тооцон 884,400 төгрөг тус тус өгч, нийт 291,464,400 төгрөг авахаар тохиролцсон.

Д.Ө-д 2018.03.15-ны өдрөөс 2018.03.23-ны өдөр дээрх ямааны махыг Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э” компанийн зооринд тохиролцсоны дагуу буулгаж хүлээлгэж өгсөн, тэрээр хотод байх бүх зардлыг өөрөө хариуцна гэсэн.

Ингээд тэрээр 2018.05.24-ний өдрөөс 2018.09.30-ны өдрийн хооронд ямааны махны үнэ болох 275,000,000 төгрөгийг өгсөн, үлдэгдэл төлбөр тооцоог бүрэн төлөхгүй байсаар 16,464,400 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Д.Ө нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 10,000,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 826,000 төгрөг, нийт 25,826,000 төгрөгийг ямааны махны үнэнд оруулж тооцоод байна.

Энэ нь өмнөх хонь, үхрийн махны үнэ бөгөөд 2018.05.24-ний өдрөөс эхлэн ямааны махны үнийг шилжүүлж эхэлсэн.

Мөнгөө нэхэж Д.Ө-тай удаа дараа утсаар ярихад махыг Хятадуудад худалдчихсан, мөнгийг чинь удахгүй өгнө, ирэх долоо хоногт найдвартай, түр хүлээж байгаач гэж удаа дараа худлаа хэлж хугацааг нь хойшлуулаад үлдэгдлийг бүрэн барагдуулаагүй байна.

Ингээд Цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд ямааны махыг түүнд хүлээлгэн өгсөн жолооч нарын нэр, утасны дугаарыг бүгдийг хэлсэн.

Цагдаад өргөдөл өгөхөөс өмнө Д.Ө үлдэгдэл мөнгийг өгнө гэдэг байснаа цагдаад өргөдөл өгснөөс хойш агуулахын зардал гэдэг зүйлийг ярьж эхэлсэн, уг нь бидний хооронд хадгалалтын зардлыг махны үнээс хасч тооцохоор ярилцаж тохиролцоогүй.

Хэрэв Д.Ө нь хүлээн авсан махныхаа үнээс илүү 300,826,000 төгрөг төлсөн гэвэл түүний буцааж нэхэмжлэх, бусад зардал болох агуулахын төлбөр, жингийн хорогдолтой байсан бол тухайн үед шаардлагаа гаргах боломжтой байсан гэж үзэж байна.

Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1-д: “Гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон /жигнэх, савлах, баглах гэх мэт/ зардлыг худалдагч, барааг худалдагчийн байгаа газраас өөр газар хүргэх, зөөх, тээвэрлэх, хүлээн авахтай холбогдсон зардлыг худалдан авагч хариуцна” гэж зааснаар агуулахын төлбөр тооцоо, бусад бүх зардлыг Д.Ө хариуцах үүрэгтэй, өөрсдөө ч ингэж тохиролцсон байдаг.

Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллахаар тохиролцдог, гэтэл ашиг болон алдагдлын талаар тохиролцсон зүйл байхгүй.

Иймд Д.Ө-аас ямааны махны үлдэгдэл болох 16,464,400 төгрөгийг гаргуулах тухай С.О-ы нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Ө нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Ө миний бие С.О-тай 2017 оноос эхлэн утсаар харьцаж түүний явуулсан бог, бод малын махыг хүлээн авч зарж борлуулаад буцаан мөнгийг нь шилжүүлдэг байсан. Миний бие С.О-тай биеэр уулзаж байгаагүй зөвхөн утсаар харьцаж байсан.

2018 оны 03 дугаар сард С.О залгаад “96,860 кг ямааны мах хотод байна. Үнэ нь уначихаад зарагдахгүй байна. Зоорь олж хадгалж байгаад үнэ өсөхөөр нь зараад өгөөч” гэж хэлсэний дагуу махыг “Э“ ХХК-ийн махны зооринд 1 кг махыг сарын 88 төгрөгөөр буюу нийт 8,523,680 төгрөгөөр буюу 2 сарын хугацаатайгаар 17,047,360 төгрөгөөр хадгалуулахаар 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 18/21 дугаартай Агуулахад хүнс, хүнсний бүтээгдэхүүн хадгалах гэрээг байгуулж махыг хадгалуулсан.

С.О-аас 96,860 кг ямааны махыг нэг килограммыг нь 3,000 төгрөгөөр тооцож нийт 290,580,000 төгрөг, мөн 737 кг ямааны махыг нэг килограммыг нь 1,200 төгрөгөөр тооцон 884,400 төгрөг, нийт 291,464,400 төгрөгийн мах хүлээн авсан, үүнд маргах зүйлгүй.

Махыг 2018 оны 5, 6 дугаар сард цувуулан зарж борлуулаад С.О-ы ХААН банкны 0 тоот данс руу:

1. 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөг,

2. 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөг,

3. 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 826,000 төгрөг,

4. 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг

5. 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 55,000,000 төгрөг,

6. 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 50,000,000 төгрөг,

7. 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 60,000,000 төгрөг,

8. 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 20,000,000 төгрөг,

9. 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөг,

10. 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 10,000,000 төрөг,

11. 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 20,000,000 төгрөг,

12. 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг,

13. 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 10,000,000 төгрөг,

14. 2018 оны 09 дүгээр сард 20,000,000 төгрөг буюу нийт 14 удаагийн гүйлгээгээр 300,826,000 төгрөгийг шилжүүлсэн.

Махыг 2 сарын турш зооринд хадгалсаны төлбөр 17,047,360 төгрөгийг С.О-тай тохиролцсоны дагуу махны үнээс суутган тооцох байсан боловч тухайн үед хадгалалтын хугацаа нь гэрээний хугацаанаас хэтэрснээс 28 сая орчим төгрөгийг хадгалалтын зардалд миний зүгээс төлсөн.

Мөн зооринд хадгалуулсан махнаас 5 тонн жингийн хорогдол гарсан, үүнийг махны үнээс хасахгүйгээр С.О-ы мөнгийг бүрэн төлж барагдуулсан, харин ч түүнд илүү төлөлт хийсэн гэж үзэж байна.

Түүнээс гадна махны үнэнд шилжүүлсэн 300,826,000 төгрөгөөс 25,826,000 төгрөгийг үхэр, хонины махны үлдэгдэл гэдгийг юугаар нотлоод байгаа нь тодорхойгүй байхаас гадна худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийгээгүй.

Мөн агуулахын талаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл дээрээ бичсэн байгаа мөртлөө үүнийг Цагдаагийн байгууллага дээр гаргаж ирсэн гэж байгааг зөвшөөрөхгүй, анхнаасаа  агуулахын төлбөр гарна гэдгийг С.О мэдэж байсан.

Учир нь махыг Д.Ө айлын хашаанд буулгахгүй байсан нь тодорхой байсан учир агуулахад буулгасан. Энэ үедээ С.О махны ханш буурсан байгаа гэдгээ өөрөө хэлсэн байдаг. Нэхэмжлэгч нь махны үлдэгдэл мөнгийг өгөхгүй байна гэж Цагдаагийн байгууллагад гомдол гаргахаар нь түүнд шилжүүлсэн мөнгөнийхөө тооцоог нарийвчлан гаргахад ямааны махны үнэнд 300,826,000 төгрөг шилжүүлсэн байдаг, энэ нь дансны хуулгаар тогтоогддог.

Харин махыг агуулахад хадгалсан зардлыг Д.Ө төлөх учиргүй, махны 1 кг-ийн үнэ 3,000 төгрөгийг өсгөж зараад үүнээс илүү гарсан нь ашиг байхаар тохиролцсон. Өөрөөр хэлбэл талууд хамтран ажиллахаар тохиролцсон юм.  

Иймд Д.Ө-аас 16,464,400 төгрөг гаргуулах тухай С.О-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Д.Ө-д холбогдуулан 16,464,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С.О нь 96,860 кг ямааны махыг нэг килограммыг нь 3,000 төгрөгөөр тооцож 290,580,000 төгрөг, 737 кг ямааны махыг нэг килограммыг нь 1,200 төгрөгөөр тооцон 884,400 төгрөг, нийт 291,464,400 төгрөгний үнэ бүхий ямааны махыг хариуцагч Д.Ө-д шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдож байх ба зохигч үүнтэй маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь дээрх махыг Д.Ө худалдан авч, үнийг төлөхөөр тохирсон, ийнхүү тохирсны үндсэн дээр 2018.05.24-ний өдрөөс 2018.09.30-ны өдрийн хооронд махны үнэ 275,000,000 төгрөгийг төлж, үлдэх 16,464,400 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй, 2018.05.03-ны өдрөөс 2018.05.04-ний өдрийн хоорондох 25,826,000 төгрөг нь ямааны махны үнэтэй хамааралгүй гэж,  

Хариуцагч нь талууд хамтран ажиллахаар тохиролцсон, махны 1 кг-ийн үнэ 3,000 төгрөгийг өсгөж зарснаас гарсан нь ашиг болохоор тохиролцсон, 2018.05.03-ны өдрөөс 2018.09.30-ны өдрийн хооронд 300,826,000 төгрөгийг С.О-д шилжүүлэн өгсөн, үүнээс 25,826,000 төгрөгийг хасч тооцсон нь үндэслэлгүй гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 932 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолд :

хохирогч С.О “... 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 23-ны хооронд 7 удаа ачааны машинд ...6409 ширхэг ямааны мах буюу 96 тонн 860 кг мах...Улаанбаатар хот руу явуулсан. Тухайн үед ямааны махнуудыг би Улаанбаатар хотод очсоны дараагаар танил ченж Ө-р дамжуулан, “Э” ХХК-ийн мах хадгалуулах зооринд хадгалуулсан...хадгалуулж байгаа махаа 1 кг-ийг нь 3100 төгрөгөөр хүнд зарах болсон тухайгаа хэлэхэд Ө нь “...надад 3000 төгрөгөөр өгчихөөч, би зооринд мах хадгалах мөнгө болон зөөвөрлөх зардлаа өөрөө даая” гэхээр нь саналыг нь хүлээн авсан..махны үнэ болох 291,465,000 төгрөгийг тэр даруйдаа өгөхөөр болсон. Д.Ө нь махны үнийг өгөлгүй байж байгаад 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 275,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Одоог хүртэл махны үлдэгдэл мөнгө 16,464,000 төгрөгийг өгөөгүй байна...” гэж,

Гэрч Д.Ө: “...2018 оны хавар махны ханш өсөхгүй байсан, махаа зармаар байна гэж О эгч хэлэхээр нь Эмээлт рүү 2018 оны 06 дугаар сард Хятадын С ХХК-д 1 кг махыг 3000 төгрөгөөр борлуулаад 275,000,000 төгрөгийг С.О-д хийсэн. Энэ мах хадгалсан зоорь нь хүнс, ногооны зориулалттай, сэнсэн хөргүүртэй учраас махнаас хорогдол гарсан. 2 тн махны хорогдол гарсан. Зооринд хадгалсан хөлс өгөөгүй. Би өөрөө “М” ХХК-д мөнгө өгч тооцоо хийсэн. Надад О гэх хүнд өгөх өр байхгүй. ...би зооринд хадгалсан мөнгөө 12,900,000 орчим төгрөг болсон...” гэж тусгагджээ.

/хх-ийн 34-37 тал/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д: “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаас үзэхэд С.О нь дээр дурдсан ямааны махыг Д.Ө-д шилжүүлэн өгснөөр тэдний хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч С.О нь ХААН банк ХХК дах 0 дугаартай дансыг, хариуцагч Д.Ө нь тус банк дах 0 дугаартай дансыг тус тус эзэмшдэг талаар тайлбарлаж, үүнтэй холбоотой дээрх данс хооронд хийгдсэн депозит дансны хуулгыг шүүхэд ирүүлжээ.

/хх-ийн 9-10, 47-49 тал/

 

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2021/16591 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн 99999999, хариуцагчийн 88888888 дугаарын утас хооронд бичигдсэн мессежний бичлэгт үзлэг хийлгэх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу дээрх дугаарын утас хооронд бичигдсэн мессежний бичлэгт хийгдсэн үзлэгийн явцад тогтоогдаж буй баримтаар хариуцагч Д.Ө-ы 88888888 дугаарын утаснаас махны үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх талаар тусгагджээ.

 

/хх-ийн 86-90, 95-102 тал/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан ХААН банкны депозит дансны хуулга, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 932 дугаар бүхий “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолд тусгагдсан хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад талуудын хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлэг зэргийг харьцуулан үзэхэд С.О нь 291,465,000 төгрөгийн үнэ бүхий ямааны махыг Д.Ө-д шилжүүлэн өгсөн, энэхүү хэлэлцэн тохирсон үнээс Д.Ө нь 275,000,000 төгрөгийг төлж, үлдэх 16,464,400 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

Хариуцагч нь талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж маргасан боловч тэрээр гэрээгээр талууд ямар зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажилласан болох, уг зорилгод хүрэхийн тулд хэн, хэн нь ямар үүрэг хүлээн оролцсон болох, гэрээний оролцогч нь ямар хэлбэрээр, тодруулбал хэн нь ямар хураамж төлж оролцох болон ашиг, алдагдлыг хэрхэн хуваарилах талаар тохиролцсон байдлаа нотолсон баримтыг ирүүлсэнгүй.

 

Дээрх байдлаас дүгнэхэд хариуцагч Д.Ө нь талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, үүний үндсэн дээр агуулахын болон ачааны төлбөрийг махны үнээс хасч тооцох үндэслэлтэй, тодруулбал 291,464,500 төгрөгийн үнэ бүхий ямааны махны үлдэгдэл 16,464,400 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч Д.Ө-аас 16,464,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.О-д олгож шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.Ө-аас 16,464,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.О-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Д.Ө-аас улсын тэмдэгтийн хураамжид 240,272 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.О-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,272 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ