Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/00023

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/00023

 

С.О-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/03253 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.О-ы хариуцагч Д.Ө-д холбогдуулан 16 464 400 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймагт оршин суудаг С.О- нь Улаанбаатар хотод амьдардаг Д.Ө-д итгээд өмнө нь хонь, ямаа, үхрийн мах өгч байсан. Тухайн үед авсан махны мөнгийг тасалж өгөөд тооцоогоо дуусгадаг байсан. Харин 2018 оны 3 дугаар сард Д.Ө-д 1 кг-ыг нь 3 000 төгрөгөөр тооцож 96 860 кг ямааны махыг нийт 290 580 000 төгрөг, мөн 737 кг ямааны махыг 1 кг-ыг 1 200 төгрөгөөр тооцон 884 400 төгрөгөөр тус тус өгч, нийт 291 464 400 төгрөг авахаар тохиролцсон. Д.Ө-д 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр дээрх ямааны махыг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ЭТЭ ХХК-ийн зооринд тохиролцсоны дагуу буулгаж хүлээлгэн өгсөн, хотод байх бүх зардлыг өөрөө хариуцна гэсэн. Энэ ямааны махны үнэд 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 275 000 000 төгрөг өгч, үлдэгдэл төлбөр тооцоог бүрэн төлөхгүй байсаар 16 464 400 төгрөг үлдсэн. Д.Ө- нь 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 10 000 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 826 000 төгрөг, нийт 25 826 000 төгрөгийг ямааны махны үнэнд оруулж тооцож байгаа нь өмнөх хонь, үхрийн махны үнэ бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ямааны махны үнийг шилжүүлж эхэлсэн. Мөнгөө нэхэж Д.Ө-тай удаа дараа утсаар ярихад ...махыг Хятадуудад худалдчихсан, мөнгийг чинь удахгүй өгнө, ирэх долоо хоногт найдвартай, түр хүлээж байгаач гэж худал хэлж хугацаа хойшлуулаад үлдэгдэл төлбөрийг бүрэн барагдуулаагүй. Цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд ямааны махыг түүнд хүлээлгэн өгсөн жолооч нарын бүх нэр, утасны дугаар хэлсэн. Цагдаад өргөдөл өгөхөөс өмнө Д.Ө- үлдэгдэл мөнгийг өгнө гэдэг байснаа цагдаад өргөдөл өгснөөс хойш агуулахын зардал гэдэг зүйл ярьж эхэлсэн. Бид хадгалалтын зардлыг махны үнээс хасч тооцохоор тохиролцоогүй. Д.Ө- хүлээн авсан махны үнээс 300 826 000 төгрөг илүү төлсөн гэвэл түүний буцааж нэхэмжлэх, бусад зардал болох агуулахын төлбөр, жингийн хорогдолтой байсан бол тухайн үед шаардлагаа гаргах боломжтой байсан.Д.Ө-аас ямааны махны үлдэгдэл төлбөр болох 16 464 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ө- нь С.О-тай 2017 оноос эхлэн утсаар харьцаж түүний явуулсан бог, бод малын махыг хүлээн авч, худалдан борлуулаад буцаан мөнгийг нь шилжүүлдэг байсан. 2018 оны 3 дугаар сард С.О- утсаар залгаж ... Улаанбаатар хотод байгаа 96 860 кг ямааны мах үнэ нь уначхаад зарагдахгүй байна. Зоорь олж хадгалж байгаад үнэ өсөхөөр нь зараад өгөөч гэсний дагуу махыг ЭТЭ ХХК-ийн махны зооринд 1 кг махыг сарын 88 төгрөг буюу нийт 8 523 680 төгрөгөөр 2 сарын хугацаатай, нийт 17 047 360 төгрөгөөр хадгалуулахаар 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 18/21 дугаартай агуулахад хүнс, хүнсний бүтээгдэхүүн хадгалах гэрээг байгуулж махыг хадгалуулсан. С.О-аас 96 860 кг ямааны махыг нэг кг-ыг 3 000 төгрөгөөр тооцож, нийт 290 580 000 төгрөг, мөн 737 кг ямааны махыг нэг кг-ыг 1 200 төгрөгт тооцон 884 400 төгрөг, нийт 291 464 400 төгрөгийн мах хүлээн авсанд маргахгүй. Махыг 2018 оны 5, 6 дугаар сард цувуулан худалдан борлуулаад С.О-ы ХБ ХХК-ийн 5800130954 тоот данс руу:

1. 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 10 000 000 төгрөг,

2. 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөг,

3. 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 826 000 төгрөг,

4. 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 5 000 000 төгрөг

5. 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 55 000 000 төгрөг,

6. 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 50 000 000 төгрөг,

7. 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 60 000 000 төгрөг,

8. 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 20 000 000 төгрөг,

9. 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 20 000 000 төгрөг,

10. 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 10 000 000 төрөг,

11. 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 20 000 000 төгрөг,

12. 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 10 000 000 төгрөг,

13. 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 10 000 000 төгрөг,

14. 2018 оны 9 дүгээр сард 20 000 000 төгрөг буюу нийт 14 удаагийн гүйлгээгээр 300 826 000 төгрөг шилжүүлсэн. Махыг 2 сарын турш зооринд хадгалсан төлбөр 17 047 360 төгрөгийг С.О-тай тохиролцсоны дагуу махны үнээс суутган тооцох байсан боловч тухайн үед хадгалалтын хугацаа нь гэрээний хугацаанаас хэтэрснээс 28 000 000 орчим төгрөгийг хадгалалтын зардалд миний зүгээс төлсөн. Зооринд хадгалуулсан махнаас 5 тонн жингийн хорогдол гарсныг махны үнээс хасахгүйгээр С.О-ы мөнгийг бүрэн төлж барагдуулсан, түүнд илүү төлөлт хийсэн. Махны үнэнд шилжүүлсэн 300 826 000 төгрөгөөс 25 826 000 төгрөгийг үхэр, хонины махны үлдэгдэл гэдгийг хэрхэн нотолж байгаа нь тодорхойгүй бөгөөд худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй. Агуулахын талаар нэхэмжлэлдээ бичсэн атлаа үүнийг цагдаагийн байгууллагад гаргаж ирсэн гэж байгааг зөвшөөрөхгүй, агуулахын төлбөр гарна гэдгийг С.О- мэдэж байсан. Д.Ө- махыг айлын хашаанд буулгахгүй нь тодорхой учир агуулахад буулгасан. Энэ үед С.О- махны ханш буурсан байгаа гэдгээ өөрөө хэлсэн. Нэхэмжлэгчээс махны үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байна гэж гомдол гаргахад нь түүнд шилжүүлсэн мөнгөний тооцоог нарийвчлан үзэхэд ямааны махны үнэд 300 826 000 төгрөг шилжүүлсэн нь дансны хуулгаар тогтоогддог. Махыг агуулахад хадгалсан зардлыг Д.Ө- төлөхгүй, 1 кг махны үнэ 3 000 төгрөгийг өсгөж худалдаад үүнээс илүү гарсан нь ашиг байхаар талууд хамтран ажиллахаар тохиролцсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Ө-аас 16 464 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.О-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.Ө-аас улсын тэмдэгтийн хураамжид 240 272 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.О-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240 272 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх 14 удаагийн гүйлгээгээр 300 826 000 төгрөгийг С.О-ы ХБ ХХК дахь дансанд шилжүүлсэн баримтыг нотлох баримтаар үнэлэхгүйгээр шийдвэр гаргасан.Шүүх хуралдаанд нэхэмжлэгч дээрх мөнгөний 25 000 000 төгрөгийг үхэр, хонины мах гэж маргадаг боловч түүнийг нотолсон баримт гаргаагүй. Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг харьцуулан шинжилсний үндсэн дээр шийдвэр гаргах атал хариуцагч талын гаргасан нотлох баримтыг үнэлэхгүйгээр эсрэгээр нотлох баримтаа гаргаагүй нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээн авч хэргийг хэт нэг талыг барин хийсвэрээр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн 5 дугаар хуудсанд ...махны үлдэгдэл 16 464 400 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө номлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С.О- нь хариуцагч Д.Ө-д холбогдуулан 2018 оны 3 дугаар сард нийлүүлсэн ямааны махны үнийн үлдэгдэл 16 464 400 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хх1, 56-57/

 

2018 оны 3 дугаар сард С.О- нь Д.Ө-д 96 860 кг ямааны махыг нэг килограммыг нь 3 000 төгрөгөөр тооцож 290 580 000 төгрөгөөр, 737 кг ямааны махыг нэг килограммыг нь 1 200 төгрөгөөр тооцон 884 400 төгрөгөөр, нийт 291 464 400 төгрөгийн үнэ бүхий ямааны махыг нийлүүлсэн үйл баримт хэргийн баримт талуудын тайлбараар маргаангүй тогтоогдсон.

 

Талууд 2017 оноос мах бэлтгэн нийлүүлэх харилцаатай байсан талаар тайлбарласан, /хх56-57/ тул анхан шатны шүүх зохигчийн хооронд хуралдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн.

 

Зохигчид 2018 оны 3 дугаар сард нийлүүлсэн ямааны махны үнээс 16 464 400 төгрөг төлөгдөөгүй үлдсэн эсэх асуудлаар маргажээ. Хариуцагч нь 2018 оны 3 дугаар сард нийлүүлсэн ямааны махны үнэ бүрэн төлөгдсөн гэж баталж байгаа бол уг нөхцөл байдлыг нотлох үүрэгтэй юм.

 

Хэрэгт талуудын хоорондын тооцоо, ажил хэргийн харилцааг нотлох 2018 оны 5 дүгээр сарын 03-ны өдрөөс мөн оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хоорондын дансны хуулга, гүйлгээний баримтууд авагдсан. /хх47/ Хариуцагч нь уг баримтуудаас 16 464 400 төгрөгийг төлсөн үйл баримт нотлогдоно гэж заажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх юм. Хэдийгээр дээрх баримт хариуцагчийн тайлбарын үндэслэлд тусгагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн боловч анхан шатны шүүхээс үнэлэхгүй орхигдуулсан нь буруу байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх юм. Нотлох баримтын хамаарлын хувьд авч үзэхэд нэхэмжлэгч нь ямааны махны үнэ нэхэмжилсэн бөгөөд хэргийн 47 дугаар хуудасны баримтын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн гүйлгээний утгад ямааны махны үнэд 5 000 000 төгрөг шилжүүлжээ. Уг гүйлгээний баримтад заагдсан дансны дугаарууд С.О-, Д.Ө- нарынх гэдэгт талууд маргахгүй байна.

 

Хариуцагч нь 2018 оны 5 дугаар сарын 03-наас мөн оны 5 дугаар сарын 11-ний хооронд хийгдсэн 25 826 000 төгрөгөөр нэхэмжлэгчийн шаардаж буй 16 464 400 төгрөг бүрэн төлөгдсөн талаар тайлбарласан. Нэхэмжлэгч нь өөр хонь, үхрийн махны тооцоо байсан талаар тайлбарласан. Нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх бөгөөд хариуцагчийн дээрх хугацаанд төлсөн 25 826 000 төгрөгийн үнийн дүн нэхэмжлэгчийн шаардаж буй 16 464 400 төгрөгийн үнийн дүнгээс 9 361 600 төгрөгөөр илүү байх бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 11-нээс хойш 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 775 483 830 шилжүүлсээр байгаагаас үзэхэд 2018 оны 5 дугаар сарын 03-наас мөн оны 5 дугаар сарын 11-ний хооронд хийгдсэн 25 826 000 төгрөгөөр нэхэмжлэгчийн шаардаж буй 16 464 400 төгрөг бүрэн хаагдаж, талуудын хоорондын харилцаа дуусгавар болсон гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг хэргийн оролцогч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Хариуцагчийн өөрийн татгалзлыг үндэслэж зааж буй 47 дугаар хуудасны баримт, хэрэгт авагдсан Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоолд ямааны махны үнэ бүрэн аваагүй гэж хохирогч тайлбарласан бичгийн баримт зэргээс үзэхэд дээрх гүйлгээний баримтаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг бүхэлд нь ямааны махны үнэд төлөгдсөн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна. Иймд ямааны махны үнэд гэдэг зориулалтаар шилжүүлсэн 5 000 000 төгрөгийг 16 464 400 төгрөгөөс хасч тооцох үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр ...нэхэмжлэгч дээрх 25 000 000 төгрөгийг үхэр, хонины мах гэж маргадаг боловч түүнийг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй, харин хариуцагчийн гаргасан нотлох баримтыг үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэх гомдлыг 5 000 000 төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/03253 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 16 464 400 төгрөг гэснийг 11 464 400 төгрөг гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын хураамжид 240 272 төгрөг гэснийг хураамжид 198 380 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 272 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ш.ОЮУНХАНД