Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 156/ШШ2019/00089

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 156/ШШ2019/00089

Хэнтий аймаг

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 156/2011/00283/И

 

            Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ....................тоотод оршин суух, Л.Н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...................тоотод оршин суух Ж.Э-т холбогдох

 

191 408 960 /нэг зуун ерин нэгэн сая дөрвөн зуун найман мянга есөн зуун жар/ төгрөгийг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ж.Э, түүний өмгөөлөгч Ж.Э, шинжээч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах тухай ямар нэг хүсэлт гаргаагүй байх ба хариуцагч талаас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч талыг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийлгүүлэх хүсэлт гаргасныг шүүх зөвлөлдөн хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай захирамж гарган шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн явуулсан болно.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Л.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Н миний бие иргэн Ж.Э-тэй 50 хувиар эрх, үүрэг хүлээн хамтран үүрэг гүйцэтгэгчээр "............." ХХК-тай 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ, 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр техник хэрэгсэл түрээслэх гэрээ байгуулан захиалагч талын техник хэрэгслийн ашиглан хөрс тээврийн болон туслан гүйцэтгэгчээр ажил үүрэг гүйцэтгэх болсон. Ажил гүйцэтгэх гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний 1.1-т тохиролцсоноор 1 рейс хөрс шороо зөөх ажлын өртгийг 1 машинд сард дунджаар 500 рейсээр тооцох, хэрэв 500-с доош рейс явбал 55 юань, 500-700 рейсд 60 юань, 7800-с дээш рейсд 65 юаниар үнэлгээтэйгээр техник хэрэгсэл түрээслэх гэрээнд заасан STEYR маркийн 12 ширхэг автосамосвал, TONLY маркийн 6 ширхэг автосамосвалуудаар гүйцэтгэж байсан. Техник хэрэгсэл түрээслэх гэрээний 1.3-т STEYR маркийн 12 ширхэг автосамосвалыг 2.5 жил, TONLY маркийн 6 ширхэг автосамосвалыг 4.5 жилээр тооцон үнэлж тээврийн ажил үүргээ гүйцэтгэж байгаад уг хугацааны дараа Ж.Э бид хоёрын өмчлөлд ирэхээр тохиролцсон. Бид гэрээний үүргээ амжилттай биелүүлж байгаад дурдсан гэрээний нэг тал болох Ж.Этэй хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Н миний бие Ж.Этэй болон ".........." ХХК-ийн зарим нэг удирдлагын зүгээс элдвээр дарамт шахалт үзүүлсний улмаас гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэх, цаашид хамтран ажиллах боломжгүй болсон тул 2010 оны 11 дүгээр сарын 01-нд гэрээг цуцлах мэдэгдлийг ".........." ХХК болон Ж.Э нарт хүргүүлж, гэрээ албан ёсоор цуцлагдсан. Нэгэнт бид гэрээг цуцалсан тул гэрээнээс гэрээг бий болсон өөрт ногдох дараах хөрөнгийг Ж.Эээс гаргуулан авахаар шаардлага гаргаж байна.

А. Ажил гүйцэтгэх гэрээ, Техник хэрэгсэл түрээслэх гэрээг анхлан байгуулахад надаас хуулбар хувь гарсан болон гэрээнд заасан ажлыг гүйцэтгэн олсон надад ногдох ашгаас худалдан авч бий болгосон дараах хөрөнгө. Үүнд: Фургон автомашин 10,000,000 төгрөг, Зил 130 маркийн автомашин 2,500,000 төгрөг, Ажилчдын орон сууц бариулсан ажлын хөлс 6,000,000 төгрөг, Ажилчдын орон сууцны модон материалын үнэ - 3,000,000 төгрөг Гал зуухны хэрэгсэл 3,000,000 төгрөг, Засварын байр бариулсан зардал - 6,600,000 төгрөг, Контейнер худалдаж авсан зардал - 1,400,000 төгрөг, Ажилчдын ор худалдаж авсан үнэ - 1,800,000 төгрөг, Ажилчдын хувцасны шкаф худалдаж авсан үнэ 500,000 төгрөг, Сэлбэгийн үлдэгдлээс надад оногдох 38,009,500 төгрөг, нийт 72,809,500 төгрөг.

Нэгэнт Ж.Эт эдгээр хөрөнгө байгаа цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд нь үлдэх учир би мөнгөөр үнэлж гаргуулан авах хүсэлтэй байна.

Б. Ажил гүйцэтгэх гэрээ, Техник хэрэгсэл түрээслэх гэрээний санхүүжилтээр орж ирсэн ажлын хөлснөөс надад ноогдох 50 хувь нь 7-р сард ажлын хөлс- 53,245,584 төгрөг 8-р сард ажлын хөлс- 60,266,082 төгрөг, 9, 10-р сард 175,847,350 төгрөг, 11-р сарын ажлын хөлс15,692,618 төгрөг нийт 305,051,635 төгрөгийн тал хувь болох 152,525,818 төгрөг болсон. Үүнээс 128,875,818 төгрөгийг Ж.Э надад өгөх үлдэгдэлтэй.

В. ".........." ХХК-тай байгуулсан 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Тенхик хэрэгсэл түрээслэх гэрээний 1.3-т STEYR маркийн 12 ширхэг автосамосвалыг  2.5 жилээр түрээслүүлэн хугацаа дуусмагц Ж.Э бид хоёрын өмчлөлд ирэхээр тохиролцсон. Одоо уг түрээслэх хугацаа дуусч байгаа бөгөөд эдгээр автомашинаас 5ш STEYR маркийн автомашиныг Ж.Эээс биетээр гаргуулах авахаар шаардаж байна. Автомашин 1 бүрийн үнэ нь 10,000,000 төгрөг буюу нийт 50,000,000 төгрөг. Иймд дээрх үндэслэлээр надтай хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.Эээс 251,685,318 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан хүсэлтэндээ: Нэхэмжлэгч миний бие нь 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 86 292 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн билээ.

Уг нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар татгалзаж, 86 292 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч Н.Нгаас 191 408 960 /нэг зуун ерэн нэгэн сая дөрвөн зуун найман мянга есэн зуун жар/ төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь нярав, механик хоёрт хүлээлгэж өгсөн сэлбэгний 50 хувь 38 098 813 төгрөг, 2010 оны 07-11 сар буюу 5 сарын ашиг 306 620 294 төгрөгийн 50 хувь нь болох 153 310 147 төгрөг, нийтдээ 191 408 960 төгрөг болж байгаа /6 дугаар хх-ийн 11х/ гэжээ.

 

Хариуцагч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2009 онд миний хуучны танил ...........ХХК-ийн дэд захирал байсан Б намайг Өмнөговьт ирж ...........ХХК-д хятадуудын хөрөнгө санхүүжилтээр хөрс хуулалтын тээврийн ажил хийж гүйцэтгэх тухай санал тавьж, би тэр саналыг хүлээж аваад гэрээ байгуулж хамтран ажилласан. Явахдаа би Нг аваад явсан. Очоод компанийн ажил байдалтай танилцаад, ямар өмч хөрөнгө эзэмшдэг, ямар үйл ажиллагаа явуулдаг юм гэдгийг ерөнхийдөө харсан. Бид нарт боломжийн санал тавьсан, надаас мөнгө гаргуулахгүй, машин техник түрээсэлж өгнө, эрсдлийн сан байгуулна гэсэн. Тэгээд л бид нар ажил байдалтай танилцаад ажлаа эхэлсэн. Эхний сар техник хэрэгсэл, машин тэргээ хүлээж аваад, явж байгаа машин ч байсан, зогсчихсон асахаа байсан машин байсан, миний хувьд ...........ХХК-ийн менежерээр хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажиллаж эхэлсэн. 2010 оны дунд үеэр Н ажилдаа хариуцлаггүй хандаж, намайг сар амраад ирэхэд бөөн хэл амтай Нг архи их уудаг, эхнэрээсээ салаад тусдаа гэр орон барьчихсан, ажил дээрээ бараг ирдэггүй гэх зэргээр гомдол маш их ирдэг болсон. Би Нд ажил хийж мөнгө авч байж ингэж болохгүй гэдгийг сануулж хэлж байсан. Уурхайн дарга надад хэлсэн, танай энэ залуутай хамтарч ажиллахад хэцүү байна, ажилчдаас их гомдол сонслоо, ажилдаа хайнга хандаж байна наад хүндээ сануулж хэлээ, хамтарч ажиллахад хэцүү байна гэдгийг хэлж байсан. Тэгээд хятад монгол дарга нар Нд гэрээгээ цуцлах асуудлыг шаардсан юм шиг байгаа юм. 2010 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс хойш ер нь Н ажилдаа ирээгүй. Энэ хугацаанд машин тэрэг нилээн эвдэрсэн, дугуйгүй, сэлбэггүй, хөрс тээврийн 10 гаруй машин байсан. Компаниас энэ машин тэргээ хөдөлгө явуул гээд мөнгө өгсөн. ...........ХХК-иас өгсөн тэр мөнгөөр нь би шаардлагатай өчнөөн олон дугуй, сэлбэг авсан баримтууд байгаа. Тэр гарт олгогдож байсан мөнгөнөөс зарцуулсан шатахуун, цалин хөлс, хүнсний зардлууд санхүүгийн тайланд тусгагдаад, дугуй сэлбэгийн мөнгө нь компанийн санхүүгийн тайлан дээр тэдгээр саруудынх ерөөсөө тусгагдаагүй байдаг юм. Миний хувийн тооцоонд бүртгэгдсэн баримтууд байдаг. Хамгийн гол нь энэ гарсан зардлыг хуваах ёстой гэсэн байр суурьтай байсан. Энэ мөнгөнөөс чинь ингэж зардал гарсан шүү гэж Нд өөрт нь тайлбарлаад байхад үгүй ээ би 50 хувиа авна гээд байхаар нь шинжээч томилуулсан, шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байгаа. Мөн Н 2010 оны 7, 8, 9 ,10 дугаар сард огт байхгүй байж байгаад, 10 дугаар сарын 20 хэдэнд ирээд огт ажил хийхгүй байж байгаад 11 дүгээр сард тушаал нь гараад халагдаад явсан. Нэхэмжлэгч тал гарт олгосон мөнгөний 50 хувийг авах ёстой гэж үзэж байгаа юм. Гарт олгосон мөнгөнөөс дахиад цаана нь үйл ажиллагаагаа явуулахын тулд өчнөөн сэлбэг хэрэгсэл, дугуй авсныг ерөөсөө авч хэлэлцдэггүй. 30 гаруй сая төгрөгийн сэлбэгийн зардал нь компанийн санхүүгийн тооцоон дээр байдаг, бусад зардлууд нь над дээр байдаг. Дээр нь Н бид нарын ажиллаж байх үеийн компаниас зээл авсан өрийн тухай орчуулагч Өвөрмонгол Эрдэнэбулган гэдэг залуу 308 000 юанийн өртэй нь үнэн би орчуулж гарын үсэг зурсан гэж нотолсон байдаг юм. Миний зүгээс компанийн санхүүгийн тооцоо, миний өөрийн тооцоог ялгаж салгаж ойлгооч ээ гэж хүсмээр байна. Надаас нэхээд байгаа мөнгө нь үндэслэлгүй юм. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ маргаан 9 жил болж байна. Энэ хоёр хүн хоёулаа ...........ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэ хэрэг 2011 оноос хойш явсаар байгаад 2015 онд улсын Дээд шүүхээр орсон. Дээд шүүхийн 778 дугаар тогтоолын 5 дугаар хуудсанд маш тодорхой бичсэн. Энэ нь хавтаст хэргийн 3 дугаар ботийн 633 дугаар хуудсан дээр байгаа. Өөрөөр хэлэх юм бол зохигчдын хооронд ямар харилцаа үүсээд байгаа юм бэ гэдгийг тогтоолд тусгасан. Ингээд харахаар 2015 оноос хойш нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримт өгсөн юм юу ч байхгүй, нэхэмжлэл гаргахын тулд би шаардах ёстой гэдэг юмаа эхлээд нотлох ёстой, нотолгоо юу ч байхгүй үүнийгээ нотолж чадаагүй юм. Ингэхээр хамгийн түрүүнд энэ хүн шаардах эрхтэй юу, үгүй юу тогтоох хэрэгтэй юм. Анхан шатны шүүх 2-3 удаа шийдэхдээ энэ асуудлыг ерөөсөө авч хэлэлцээгүй. Шаардлага гаргах эрх нэхэмжлэгчид гэрээний дагуу ч үүсээгүй, хуулийн дагуу ч үүсээгүй, энэ бол тодорхой асуудал юм. Яагаад энэ маргаан өнөөдрийг хүртэл шүүх, шүүх дамжаад шийдэгдэхгүй яваад байна вэ, энэ гэрээн дээр бүх юм тодорхой байгаа юм. Ж.Э, Л.Н нар нь гэрээний нэг тал боловч тэдний хооронд ямар гэрээ байгуулсан нь тодорхой бус, энэ талаар бичиг баримт хэрэгт авагдаагүй юм. Н, Э хоёр ...........ХХК гэдэг захиалагчийн өмнө ямар хэмжээний ажил гүйцэтгэж ямар шан хөлс авдаг юм бэ гэх асуудал яригдаж байгаа юм. Энэ хоёр хөрс хуулалтын ажил гүйцэтгэнэ, тээвэрлэлтийн тоо нь тавигдчихсан, тэдэн тээвэрлэлт хийвэл тэдэн юань гэх мэт.. энэ мөнгийг гарт олгодог. Үүнээс ...........ХХК 20%-ийн эрсдлийн шимтгэл авч, тодорхой хэмжээний зардлыг санхүүжүүлдэг. Одоо гарт олгосон гээд байгаа 242 499 78100 төгрөг энэ мөнгөнөөс жолооч нарын цалин өгдөг. Энэ үйл ажиллагааг тасралтгүй явуулж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд Э энэ мөнгөнөөсөө авто сэлбэгүүдийг авч нөөцөлдөг. Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд Н нэг ч сэлбэг аваагүй байдаг. Харин Э байнга энэ машинуудыг явуулахын тулд гарт олгосон мөнгөнөөсөө байнга сэлбэг авдаг байсан юм.

Нэгт: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэс шаардлагаа огт нотолж чадаагүй.

Хоёрт: Шаардлага гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Энэ асуудлаар аман болон бичгэн хэлбэрээр байгуулсан гэрээ хэлцэл байдаггүй, ...........ХХК-ийн өмнө хамтран үүрэг гүйцэтгэгч болж байгаа, гэрээний гол нөхцөл Н, Э нар захиалагч талын техник хэрэгслээр хөрс тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэнэ, энэ ажлыг гүйцэтгэснийхээ төлөө хөлс авна. Ажил гүйцэтгэх гэрээний хөлс авахдаа захиалагч талын компаниар дамжуулж авна. Дамжуулж авахдаа захиалагч компани өөрсдийн техник хэрэгслийн түрээс, хөрс суулгалтаар гарсан зардлуудаа тооцож аваад илүү гарсан ажлын хөлсийг нь Н, Эт өгч байгаа юм. Э гарт олгогдсон мөнгөнөөс хэдийг нь юунд зарцуулсан гэдэг нь санхүүгийн анхан шатны нотлох баримтаар бүхэлд нь нотлогдоод гарч ирсэн. Үүнээс гадна / 3 дугаар хх-ийн 12 тал/-д байгаа зүүн уурхайн захирал буюу Го Жин хай гэх Хятад улсын иргэнд Ж. Э нь 308 000 юанийн өртэй байна гэдгийг 2011 оны 04 дүгээр сард баталгаажуулсан байгаа энэ өр одоо ч төлж барагдаагүй явж байгаа. Зохигч талуудад хуульд заагдсан гэрээний эрх үүсэхгүй учраас Нгийн хувьд шаардах эрх байхгүй юм.

...........ХХК энэ хоёр хүнд мөнгө шилжүүлээд Н, Э хоёр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хүчин төгөлдөр хэлцлийн улмаас эсвэл гэрээний дагуу гэрээ байгуулагч этгээдэд андуурагдаад хөрөнгө шилжсэн нөхцөлд үндэслэлгүйгээр хөрөнгө олсон асуудал үүсч болох юм. ...........ХХК-ийн хувьд шд ээ, тэрнээс биш Н, Э хоёрын хооронд ийм харилцаа үүсэх ямарч үндэслэл байхгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Нэгдүгээрт нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, хоёр дугаарт хэргийн баримтаас зохигч талуудын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй байна. Шинжээчид өгсөн дүгнэлт гаргах болсон нотлох баримтын эх сурвалж дотор Н нэг ширхэг ч баримт өгөөгүй, харин Э өгсөн бүх баримт байсан боловч харамсалтай нь Нгийн дүү нар сэлбэгийн нярваар ажиллаж байсан учраас эрүүгийн хэрэг үүсээд ирэнгүүт бүх баримтыг шатаасан байсан. Харин шатаалгаагүй авч үлдсэн баримтын хэмжээнд 290 000 000 төгрөг гартаа авсан боловч тэрнийхээ 200 гаруй сая төгрөгөөр нь сэлбэг авсан 33 000 000 төгрөгийг нь суутгуулчихсан. Одоо хятадуудад 308 732 юанийн өртэй сууж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байна гэж үзэж байна гэв.

 

Шинжээч Ч.Н нь шүүх хуралдаанд шинжээчээр мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №-004 дугаартай шинжээчийн дүгнэлтийг уншиж сонсгов /6 дугаар хх-ийн 97х/,

Манай байгууллага өмнө нь Өмнөговь аймгийн шүүх дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хэргийн материалтай танилцсан. Уг хэрэгт сэлбэг хүлээлгэж өгсөн талаарх баримт байгаагүй, санхүүгийн тооллогын баримт байсан. Шинжээчийн хувьд хэрэгт авагдсан материал, нотлох баримтын хүрээнд дүгнэлт гаргах үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримтууд дотор Н гэдэг хүнээс сэлбэг гаргасан зүйл байгаагүй. 65 удаагийн худалдан авалтаар 171 661 394 32 төгрөгийн сэлбэг хэрэгслийн худалдан авалт хийсэн байсан. Энэ талаарх баримтыг Ж.Э өгсөн байсан. 2010 оны 7 дугаар сараас 10 дугаар сарын ашиг 290 927 347 төгрөг. 12 дугаар сараас 06 дугаар сарынх 292 14 160 төгрөг энэ хоёрын нийлбэрээр 2010 оны зарцуулсан дүнг шууд тодорхойлно. Гарт олгосон дүн 586 826 552 төгрөг /өмнөх дүгнэлтийн 12 дугаар хуудас/ юм. 2010 оны 01 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл нийт дүнгээр нэг тэрбум гаруй төгрөгийн ажил үйлчилгээ хийгээд үүнээс барьцаанд буюу эрсдлийн санд 629 308 113, 90 сая төгрөг тушаагаад үлдэж байгаа 586 826 552 сая төгрөгөөс сэлбэг авсан дүн 484 036 410 төгрөгийн сэлбэг хэрэгсэл авсан. Шинжээчийн дүгнэлтэд 308 000 юанийн 149 000 юань нь тусгагдсан байгаа Бид нарт хугацаа хязгаарлаад өгчихсөн учраас энэ хугацаанд хамаарах буюу 149 000 юанийн баримт байгаа. Хариуцагч Э нь 330 гаруй мянган юанийн өрийн тооцоо хийж, акт үйлдсэн гэдгийг хятадын тал Өмнөговийн шүүх хуралдаан дээр гэрчилсэн. Яагаад энэ шинжээчийн дүгнэлтэнд энэ талаар дурдаагүй юм гэж асуусан. Бид нарын шинжилгээ хийж байгаа хугацаа 2010 оны 07 дугаар сараас 10 дугаар сар байдаг. Өмнөх 2009 оноос хойш хөөгөөд явах юм бол тийм өр байгаа. ...........ХХК дээр 2011 оны 03 дугаар сар байна уу тэнд очиж хаагдсан өр байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн өгч буй тайлбар, шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Л. Н нь хариуцагч Ж.Эээс түүнд хүлээлгэж өгсөн 72 сая төгрөгийн үнэ бүхий сэлбэгийн 50 хувь болох 38 098 813 төгрөг, ...........ХХК-иас 2010 оны 07-11 дүгээр саруудад хөрс тээврийн ажлын хөлс гэж Ж. Эт өгсөн 306 620 294 төгрөгийн 50 хувь нь болох 153 310 147 төгрөг, нийт 191 408 960 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Нэхэмжлэгч Л. Н нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг миний бие иргэн Ж.Этэй 50:50 хувиар эрх, үүрэг хүлээн хамтран үүрэг гүйцэтгэгчээр ".........." ХХК-тай 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ, 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Техник хэрэгсэл түрээслэх гэрээ байгуулан захиалагч талын техник хэрэгслийг ашиглан хөрс тээврийн болон туслан гүйцэтгэгчээр ажил үүрэг гүйцэтгэж байсан тул Ж. Эийн олсон ашгийн 50 хувийг буюу 191 408 960 төгрөгийг өөрөө авах ёстой гэж үзэн маргаж байна.

 

Харин хариуцагч Ж.Эийн хувьд нэхэмжлэлийг эс зөвшөөрөн Л.Нтай ашиг орлогоо 50:50 хувиар хуваана гэж би тохиролцоогүй, Л.Н нь надад сэлбэг хүлээлгэж өгөөгүй, 2010 оны 07 дугаар сараас Л.Н нь ажлаа хаяж яваад 10 сарын сүүлээр ирээд ажлаасаа халагдсан. Хөрс тээврийн ашгаас сэлбэг, хэрэгсэлд зарцуулаад дууссан. Харин ч энэ ажлаас хятадуудад 300 гаруй мянган юанийн өртэй үлдсэн гэж маргаж байна.

 

Маргааны үйл баримтаас үзэхэд Ж.Э, Л.Н нар нь .......... ХХК-тай Техник хэрэгслийг түрээслэх гэрээ /энэ гэрээнд түрээслэгчээр/, Ажил гүйцэтгэх гэрээ /энэ гэрээнд ажил гүйцэтгэгч/-г хамтдаа байгуулж, дээрх гэрээнүүдэд нэг тал болон оролцож байжээ.

 

Гэсэн хэдий боловч Ж.Э, Л.Н нар нь .......... ХХК-тай байгуулсан дээрх 2 гэрээ, бизнесийн харилцаанд хоорондоо чухам ямар эрх үүрэгтэй байх, хоёулаа ижил тэнцүү эрх үүрэгтэй байх юм уу, эсвэл ялгаатай байх юм уу, удирдлагын бүтэц нь ямар байх, хийж гүйцэтгэж байгаа ажлын ашиг болон алдагдлыг хэрхэн хуваарилах талаар урьдчилсан ямар нэг тохироо хэлцэл хийгдсэн эсэх нь тодорхойгүй байх ба нэхэмжлэгч болон хариуцагч нар нь энэ тал дээр эрс зөрүүтэй, биесээ үгүйсгэсэн тайлбар хийдэг ба өөр бусад этгээдийн зүгээс энэ хоёрын хоорондын тохироо ямар байсан талаар гэрчилсэн хүн байдаггүй, хоорондын тохирооны талаар зохигчдын хооронд бичгээр байгуулсан гэрээ хавтаст хэрэгт байхгүй байна.

 

Иймд тэдний хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, ашиг орлогоо тэнцүү хуваах ёстой байсан гэж дүгнэх бололцоогүй юм.

 

2 дугаарт: Ж. Эт хүлээлгэж өгсөн 72 сая төгрөгийн үнэ бүхий сэлбэгийн 50 хувь болох 38 098 813 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хөрс тээврийн хэсгийн сэлбэгийн агуулахын тооллогыг нэхэмжлэгч болох Л. Н, механик Б. Ч, нярав Л. Ч нар нь тоолсон / санхүүгийн баримтын 2, 102-105х/ байх ба тэд 179 нэр төрлийн 400 450 юанийн сэлбэгийг тоолсон байна. Энэхүү тооллогын баримт нь Хөрс тээврийн хэсгийн сэлбэгийн агуулах дахь сэлбэгийн үлдэгдлийг тоолж баталгаажуулсан баримт болохоос тооллогонд хамрагдсан сэлбэг хэрэгслийг Л.Н нь Ж.Эт хүлээлгэн өгсөн гэж үзэх баримт биш байна. Нөгөөтэйгүүр энэ сэлбэг хэрэгслийн тооллогонд Ж.Э байлцаагүй ба Ж. Э нь тухайн сэлбэг хэрэгслийг хүлээж авсан тухай өөр ямар нэг санхүүгийн акт баримт хавтаст хэрэгт байхгүй болно.

 

3 дугаарт: Хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Л. Н нь ...........ХХК-д тээврийн хэсгийн инженерээр ажиллаж байх үедээ 2010 оны 07 сарын 15-наас 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан болон бусад зөрчил дутагдал гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан ...........ХХК-ийн тэргүүн дэд захирал Н.Бын 2010.11.02-ны өдрийн тушаал 5 дугаар хавтаст хэргийн 22 дугаар хуудсанд байна.

 

Эндээс үзэхэд Л. Н нь 2010 оны 7-11 сар хүртэл ...........ХХК-тай байгуулсан Техник хэрэгслийг түрээслэх гэрээ, Ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байна гэж дүгнэхэд хүрч байна.

 

Нэхэмжлэгч Л. Нгийн зүгээс энэ хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байсан талаар нотлох баримтыг шүүхэд өгөөгүй болно.

 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзвэл Л. Н нь Ж. Эээс 191 408 960 төгрөгийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Ж.Эийн хувьд ...........ХХК-тай байгуулсан Техник хэрэгслийг түрээслэх гэрээ, Ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ хамтран үүрэг гүйцэтгэгч Л. Н байхгүй тохиолдолд ч зохих ёсоор гүйцэтгэж бизнесийн харилцаанд оролцож байсан явдлыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэж дүгнэх боломжгүй юм.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1-т: үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн явдал нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцсэн бол ...шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй гэж, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т: үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж тус тус заажээ.

 

Иймд нэхэмжлэгч Л.Нгийн, хариуцагч Ж.Эээс 191 408 960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан нэхэмжлэгч Л. Нгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 005 295 төгрөгөөс 1 114 995 төгрөгийг улсын орлого болгож, үлдэх 890 300 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид өөрт нь буцаан олгох нь зүйтэй болно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1, 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар нэхэмжлэгч Л.Нгийн, хариуцагч Ж.Эээс 191 408 960 /нэг зуун ерин нэгэн сая дөрвөн зуун найман мянга есөн зуун жар/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Л. Нгаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 2 005 295 /хоёр сая таван мянга хоёр зуун ерин тав/ төгрөгөөс 1 114 995 /нэг сая нэг зуун арван дөрвөн мянга есөн зуун ерин тав/ төгрөгийг улсын орлого болгож, үлдэх 890 300 /найман зуун ерин мянга гурван зуу/ төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Л. Нд буцаан олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ж.БОЛДБААТАР