Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2020/00226

 

 

 

Л.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн          

          2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 156/ШШ2019/00089 дүгээр шийдвэр,

          Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 226/МА2019/00008 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Л.Н-

          Хариуцагч: Ж.Э-т холбогдох

          191,408,960 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сансартуяа, хариуцагч Ж.Э-, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие иргэн Э-тэй 50:50 хувиар эрх, үүрэг хүлээн хамтран үүрэг гүйцэтгэгчээр “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК-тай 2009-3-01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ, 2009-4-01-ний өдөр техник хэрэгсэл түрээслэх гэрээ байгуулан захиалагч талын техник хэрэгслийг ашиглан хөрс тээврийн болон туслан гүйцэтгэгчээр ажил үүрэг гүйцэтгэх болсон. Ажил гүйцэтгэх гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд тус гэрээний 1.1-т зааснаар 1 рейс хөрс шороо зөөх ажлын өртгийг 1 машинд сард дунджаар 500 рейсээр тооцох, хэрэв 500-с доош рейс явбал 55 юань, 500-700 рейсд 60 юань, 700-с дээш рейсд 65 юанийн үнэлгээтэйгээр техник хэрэгсэл түрээслэх гэрээнд заасан STEYR маркийн 12 ширхэг автосамосвал, TONLY маркийн 6 ширхэг автосамосвалуудаар гүйцэтгэж байсан. Техник хэрэгсэл түрээслэх гэрээний 1.3-т зааснаар STEYR маркийн 12 ширхэг автосамосвалыг 2.5 жил, TONLY маркийн 6 ширхэг автосамосвалыг 4.5 жилээр тооцон үнэлж тээврийн ажил үүргээ гүйцэтгэж байгаад уг хугацааны дараа Э- бид хоёрын өмчлөлд ирэхээр тохиролцсон. Бид гэрээний үүргээ амжилттай биелүүлж байгаад Э- болон “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК-ийн зарим нэг удирдлагын зүгээс элдвээр дарамт шахалт үзүүлсний улмаас гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэх, цаашид хамтран ажиллах боломжгүй болсон. 2010-11-01-ний өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК болон Э- нарт хүргүүлснээр гэрээ албан ёсоор цуцлагдсан. Нэгэнт бид гэрээг цуцалсан тул гэрээнээс бий болсон өөрт ногдох дараах хөрөнгийг Э-ээс гаргуулахыг шаардаж байна. Ажил гүйцэтгэх гэрээ, техник хэрэгсэл түрээслэх гэрээг анхлан байгуулахад надаас хуулбар хувь гарсан бөгөөд гэрээнд заасан ажлыг гүйцэтгэн олсон надад ногдох ашгаас худалдан авч бий болгосон дараах хөрөнгүүдийг гаргуулах. Үүнд: Фургон маркийн автомашины үнэ 10сая төгрөг, Зил 130 маркийн автомашины үнэ 2,5сая төгрөг, ажилчдын орон сууц бариулсан ажлын хөлс 6сая төгрөг, ажилчдын орон сууцны модон материалын үнэ 3сая төгрөг, гал зуухны хэрэгсэл 3сая төгрөг, засварын байр бариулсан зардал 6,6сая төгрөг, контейнер худалдаж авсан зардал 1,4сая төгрөг, ажилчдын ор худалдаж авсан үнэ 1,8сая төгрөг, ажилчдын хувцасны шкаф худалдаж авсан үнэ 500,000 төгрөг, сэлбэгийн үлдэгдлээс надад оногдох 38,009,500 төгрөг, Хариуцагчаас сэлбэгийн 50% болох 38,098,813 төгрөг, 2010-7-с 11-р сар хүртэлх буюу 5 сарын ашиг 306,620,294 төгрөгийн 50% болох 153,310,147 төгрөг, нийтдээ 191,408,960 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

       Хариуцагч тайлбартаа: Миний хувьд “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК-ийн менежерээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. 2010 оны дунд үеэр Н- ажилдаа хариуцлагагүй хандсанаас ажилчдаас болон компанийн удирдлагын зүгээс гомдол их ирдэг болсон. Хятад монгол дарга нар Н-д гэрээгээ цуцлахыг шаардаж эхэлсэн. Н- 2010 оны 7, 8, 9 ,10 дугаар сард огт ажиллаагүй, компани дээр байгаагүй бөгөөд 10 дугаар сарын 20-доор ирж, ажил хийлгүй байж байгаад 11 дүгээр сард гэрээ цуцлагдаж тушаал нь гарч халагдаад явсан. Энэ хугацаанд машин тэрэг нэлээн эвдэрсэн, дугуй, сэлбэггүй, хөрс тээврийн 10 гаруй машин зогсонги байдалтай байсан. Компаниас эдгээр машин тэргээ ажилд оруул гэж мөнгө өгсөн бөгөөд тэр мөнгөөр шаардлагатай дугуй, сэлбэгийг авсан. Мөн гарт олгогдож байсан мөнгөнөөс ажил гүйцэтгэх үед зарцуулсан шатахуун, ажилчдын цалин хөлс, хүнсний зардлуудыг өгч байсан. Энэ нь компанийн санхүүгийн тайланд тусгагдсан байсан бөгөөд яг тухайн сард худалдаж авсан дугуй сэлбэгийн зардал нь компанийн санхүүгийн тайланд тусгагдаагүй байсан. Эдгээр зардлуудыг 50, 50 хувиар хувааж төлөх ёстой гэж Н-д тайлбарлахад хүлээн зөвшөөрөхгүй байсан тул шинжээч томилуулж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан юм. Мөн Н- бид хоёрын компаниас авсан зээлийн тухайд орчуулагч Эрдэнэбулган гэдэг залуу 308,000 юанийн өртэй нь үнэн, би орчуулж гарын үсэг зурсан гэж нотолдог. Миний зүгээс компанийн санхүүгийн тооцоо, миний өөрийн тооцоог ялгаж ойлгохыг хүсэж байна. Н-гийн надаас нэхэмжилж байгаа мөнгө үндэслэлгүй,нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 156/ШШ2019/00089 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1, 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар Ж.Э-ээс 191,408,960 төгрөг гаргуулах тухай Л.Н-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар Л. Н-гаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2,005,295 төгрөгөөс 1,114,995 төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 890,300 төгрөгийг улсын орлогоос гаргуулж Л.Н-д буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

        Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 226/МА2019/00008 дугаар магадлалаар Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 156/ШШ2019/00089 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1, 242 дугаар зүйлийн 242.3-т...” гэснийг “...Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан Л.Н-гаас төлсөн 1,075,770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийг ИХШХШТХ-н 25.2.2, 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Давж заалдах шатны шүүх Л.Н-г сэлбэгийн үнийн өөрт оногдох хэсэг 38,098,813 төгрөг, 2010 оны 7-11 дүгээр сарын ажлын хөлсний 50 хувь болох 153,310,147 төгрөг нийт 191,408,960 төгрөгийг ИХ-н 476.1-т заасны дагуу шаардах эрхтэй гэж дүгнэсэн мөртлөө нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй нь хөдөлмөрийн гэрээний харилцаа байгаа нь өөрөө утга агуулгын хувьд илт зөрчилтэй, үнэлэх ёсгүй буюу хэргийн үйл баримтад огт хамааралгүй нотлох баримтыг үнэлсэн нь магадлал хууль ёсны болоогүй гэж үзэхэд хүргэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа л хамтран ажиллах гэрээнээс өөрт оногдох хувь, ашгийг шаардаж байсан тул энэ нь онолын хувьд хамтран ажиллах гэрээнээс үүдэлтэй маргаан байсан. Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг “хамтран ажиллах гэрээ байх тул шаардах эрхтэй” гэж дүгнэсэн байгаагаас харахад хэрэв нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа бол зөвхөн тухайн гэрээний харилцааг зохицуулсан хуулийн чухам аль хэсгийг зөрчсөн эсхүл, үүргээ биелүүлээгүй, шаардах эрхээ алдсан гэх мэт үндэслэлүүдээс сонгож хэрэглэх нь зүйд нийцэх байлаа. Гэтэл маргааны үйл баримтад огт хамаагүй 2010.11.02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ цуцалсан ажил олгогчийн тушаалыг үндэслэл болгож хамтран ажиллах гэрээний шаардах эрхийг хэрэгсэхгүй болгосон нь хууль бус болсон. Шийдвэрийн үндэслэл болсон 2010.11.02-ны өдрийн “Чинхуа-Мак Нарийн сухайт” ХХК-ийн ажлаас чөлөөлсөн тушаалын хувьд: нэхэмжлэгч, хариуцагч талууд “Чинхуа-Мак Нарийн сухайт” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаагүй, харин ажил гүйцэтгэх гэрээний дагуу хамтран үүрэг хүлээж ашиг олдог байсан юм. Харин хөдөлмөрийн гэрээний хувьд зөвхөн дүр үзүүлсэн хэлцэл төдийгүй, тухайн гэрээнд заасан аль ч нөхцөл хэрэгжиж байгаагүй, хэлбэр төдий зүйл болохыг уг хэрэгт ямар нэг ашиг сонирхолгүй хөндлөнгийн этгээд болох “Чинхуа-Мак Нарийн сухайт” ХХК тодорхойлдог. Энэ тухай талууд ч маргадаггүй.Магадлалын дүгнэлтээс харахад нэхэмжлэгч 2010 оны 7-11 сарын хооронд уурхай дээр ажиллаж байсан бол нэхэмжлэлийг бүхэлд нь хангах байжээ. Гэтэл тухайн саруудад уурхай дээр биечлэн ажиллаж байсан эсэх нь ямар ач холбогдолтой болох нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч хариуцагч талуудын аль аль нь уурхай дээр ээлжилж ажилладаг, өөрийнхөө ажиллаагүй байсан хугацаанд ч нөгөө талаасаа ашгаа авдаг байсан нь тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл заавал биечлэн ажиллаж байж хувь ашгаа авдаг байгаагүй гэсэн үг юм. Харин хамтран ажиллах гэрээнээс хэзээ гарсан болох нь хэрэгт зайлшгүй хамааралтай, ач холбогдолтой байхад энэ хугацааг тогтоолгүйгээр хэлбэр төдий тушаал дээр бичигдсэн агуулгаар үйл баримтыг дүгнэж тайлбарласан нь шүүх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. ИХ-н 479.3-т: гэрээнд өөрөөр заагаагүй бол аль нэг тал гэрээнээс гарснаар хамтын үйл ажиллагаа дуусгавар болно” гэж заасны дагуу зохигч нарын маргаан нь хамтран ажиллах гэрээнээс нэг тал нь гарсантай холбоотой маргаан байх тул шүүх энэхүү заалтын дагуу нэхэмжлэгч тал нь хариуцагч талд хамтран ажиллах гэрээнээс гарах тухай мэдэгдсэнтэй холбоотой үйл баримтыг нотлох баримтын хүрээнд үнэлэж үзэх нь зүйд нийцэх байсан. Хэрэв тухайн саруудад ажиллаж байсан эсэх нь хамааралтай юм бол түүнийг ажиллаж байсанг шинжээчийн дүгнэлт “Чинхуа-Мак Нарийн сухайт” ХХК-ны тодорхойлолт, цалингийн цэс, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдал, тухайн саруудад “Чинхуа-Мак Нарийн сухайт” ХХК-тай тооцоо нийлсэн санхүүгийн баримтууд зэргээр нэхэмжлэгч хэдий хугацаанд ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлж байсан болох нь тодорхой харагдана. Ийм байхад шүүх нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэн хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарлан хэргийн үйл баримтыг хэрэгт ач холбогдолтой нотлох баримтанд тулгуурлан шийдвэрлэж чадаагүй. Хэрэгт хамааралгүй хамтран ажиллах гэрээнээс үүсэх үр дагавар болохгүй зүйлийг үндэслэж буруу шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       Л.Н- 2011-03-15-ны өдөр нэхэмжлэл гаргаж, сэлбэгний буюу 38,098,813 төгрөг, Чинхуа Мак нарийн сухайт ХХК-иас 2010 оны 07-11 дүгээр сарын хөрс тээврийн ажлын хөлсөнд хариуцагч авсан 306,620,294 төгрөгийн 50 хувь болох 153,310,147 төгрөг нийт 191,408,960 төгрөгийг Ж.Э-ээс шаардсан бөгөөд үндэслэлээ тайлбарлахдаа “.... 50:50 хувиар эрх, үүрэг хүлээн хамтран үүрэг гүйцэтгэж Чинхуа-Мак-Нарийн сухайт” ХХК-тай 2009-03-01-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ, 2009-04-01-ний өдөр Техник хэрэгсэл түрээслэх гэрээ байгуулж захиалагчийн техник хэрэгслийг ашиглаж хөрс тээврийн болон туслан гүйцэтгэх ажил гүйцэтгэсэн... олсон ашгийн 50 хувийг авах ёстой юм..” гэжээ.

      Ж.Э-ийн хувьд нэхэмжлэлийг эс зөвшөөрөн “... ашиг орлогоо 50:50 хувиар хуваахаар тохиролцоогүй.. надад сэлбэг өгөөгүй... 2010 оны 07 дугаар сараас Л.Н- ажил нийгээгүй... хөрс тээврийн ашгаас сэлбэг, хэрэгсэлд зарцуулаад дууссан.. ч 300 гаруй мянган юанийн өртэй үлдсэн...” гэж маргаж байна.

      Анхан шатны шүүх “...талууд хамтран ажиллахдаа ямар тохиролцоотой байсан нь тогтоогдохгүй байна...бичгээр гэрээ байгуулаагүй тул гэрээ байгуулагдсан гэж үзэх мөн  ашиг орлогоо тэнцүү хуваахаар тохиролцсон гэж дүгнэх бололцоогүй байна...сэлбэгтэй холбоотой шаардлага баримтаар тогтоогдоогүй...нэхэмжлэлд заасан хугацаанд ажил гүйцэтгэж байсан нь тогтоогдоогүй...” гэж дүгнээд хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан гэж үзэхгүй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

     Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлага тогтоогдоогүй гээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, Л.Н-гийн гомдлыг хангахгүй орхисон байна.

     Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...шүүх шаардах эрхтэй гэж дүгнэсэн мөртлөө нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй нь буруу болсон...шүүх хамааралгүй нотлох баримтаар үнэлсэн.... талууд “Чинхуа-Мак Нарийн сухайт” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаагүй, харин ажил гүйцэтгэх гэрээний дагуу хамтран үүрэг хүлээж ашиг олдог байсан... хөдөлмөрийн гэрээн нь дүр үзүүлсэн хэлцэл төдийгүй хэрэгжиж байгаагүй зүйл болохыг “Чинхуа-Мак Нарийн сухайт” ХХК тодорхойлсон... 2010 оны 7-11 сарын хооронд биечлэн ажиллаж байсан эсэх нь ач холбогдолгүй... уурхай дээр ээлжилж ажилладаг, өөрийнхөө ажиллаагүй байсан хугацаанд ч нөгөө талаасаа ашгаа авдаг байсан... хэргийг шийдвэрлэхэд хамтран ажиллах гэрээнээс хэзээ гарсан нь ач холбогдолтой байхад энэ хугацааг тогтоогоогүй.... нэхэмжлэгч хэдий хугацаанд ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлж байсан нь тодорхой байгаа...” гэсэн байна.

     Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй  байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

    Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ. Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно. 

   Хэрэгт авагдсан баримтаар, зохигч нар Чинхуа-Мак-Нарийн сухайт ХХК-тай “Техник хэрэгслийг түрээслэх гэрээ”-д түрээслэгчээр, “Ажил гүйцэтгэх гэрээ”-нд ажил гүйцэтгэгчээр хамтдаа нэг тал болж, үүрэг гүйцэтгэж байсан буюу хамтран ажиллаж байсан нь тогтоогдсон байх тул энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн  476 дугаар зүйлд нийцжээ.  

    Зохигч нар нь хамтран ажиллаж, олсон ашиг орлогоо харилцан тохиролцсоныхоо дагуу авдаг байсан нь тогтоогдсон боловч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн тайлбар, гаргасан баримтыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж чадаагүй байна. Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1, 478.11 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзлээ.

     Өөрийн шаардлага, татгалзлаа зохигч нотлох үүрэгтэй. Шүүх хэрэгт буй баримтын хэмжээнд шийдвэр гаргах бөгөөд магадлалын дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т нийцжээ.   

     Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 226/МА2019/00008 дугаар магадлалыг хэвээр үлдээж үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 1,075,770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ