Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2022/0879

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “НШ******” НҮТББ,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ц.О******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:С.Х******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: В.Г********* ,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.У****** , Д.Т******* ,

Хариуцагч: Зам тээврийн хөгжлийн төв,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ё.М******** , Д.Б******** ,

Хариуцагч: Хот байгуулалт, хөгжлийн төв,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б****** ,

Хариуцагч: Нийслэлийн Замын хөгжлийн газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Е**** ,

Гуравдагч этгээд: “ДР*** ” ХХК,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Г******** нарын хоорондын

“Нэг. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/414 дүгээр тоот эрх шилжүүлэх тухай захирамж, Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ГБМЗХ2020***** дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар, Зам тээврийн хөгжлийн төвийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дээр дурдсан Авто замын зураг төсөлд холбогдуулан гаргасан 105**** дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлт, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн АЭЗ-21/** дугаартай Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөх зэрэг акт, шийдвэрүүдийг хууль бус захиргааны актад тооцуулж, хүчингүй болгуулах,

Хоёр. 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дугаар ЗТХЯ/2020 05**** тоот Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Р****** хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх авто зам, зогсоол 1 км /Улаанбаатар, ***** дүүрэг, 11 дүгээр хороо/ ажлын гэрээг захиргааны гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.7-д заасан үндэслэлээр илт хууль бус захиргааны актад тооцож хүчингүй болгуулах,

Гурав. Дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулан буруутай этгээдээр буюу Нийслэлийн Засаг даргаар уг нэхэмжлэлд дурдагдсан үерийн даланг сэргээн барих, урьдын байсан хэвийн ашиглалтын хэмжээг хүртэл засуулж, зөрчлийг арилгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.О****** , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Г********* , хариуцагч Нийслэлийн Замын хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Е**** , хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У****** , Д.Т******* , хариуцагч Зам тээвэр хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.М******** , Д.Б******** , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г******** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Нийслэлийн засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 414 тоот захирамжаар Р****** хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх авто зам, зогсоол, 1 км авто замыг улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх ажлыг баталсан байна.  

1.2. “НШ******” НҮТББ-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 414 тоот захирамжийг хэрэгжүүлэх явцад Т*** голын үерийн даланг зарим хэсгээр буулгаж байгааг таслан зогсоогоогүй нь захиргааны албан тушаалтны гаргасан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, даланг буцааж бариулахыг даалгах” нэхэмжлэл гаргасан.

1.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа,

“Нэг. 1. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/414 дүгээр тоот эрх шилжүүлэх тухай захирамж,

2. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны даргын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01/10** тоот Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар,

3. Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ГБМЗХ2020***** дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар,

4. Зам тээврийн хөгжлийн төвийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дээр дурдсан Авто замын зураг төсөлд холбогдуулан гаргасан 105**** дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлт,

5. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн АЭЗ-21/** дугаартай Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөх зэрэг акт, шийдвэрүүдийг хууль бус захиргааны актад тооцуулж, хүчингүй болгуулах,

Хоёр. 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дугаар ЗТХЯ/2020 05**** тоот Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Р****** хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх авто зам, зогсоол 1 км /Улаанбаатар, ***** дүүрэг, 11 дүгээр хороо/ ажлын гэрээг захиргааны гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.7-д заасан үндэслэлээр илт хууль бус захиргааны актад тооцож хүчингүй болгуулах,

Гурав. Дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулан буруутай этгээдээр буюу Нийслэлийн Засаг даргаар уг нэхэмжлэлд дурдагдсан үерийн даланг сэргээн барих, урьдын байсан хэвийн ашиглалтын хэмжээг хүртэл засуулж, зөрчлийг арилгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” гэж нэмэгдүүлсэн.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч “НШ******” ТББ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х******гаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газрын 2019 оноос 2021 оны төсөвт ***** дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт Хан хиллс хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 1 км авто зам барихаар тусгаж энэ ажлын санхүүжилтийн ихэнх хэсгийг 2021 онд олгосон. Энэ зам барих ажлыг хэрэгжүүлэх чиг үүргийг Зам тээврийн хөгжлийн яамнаас Нийслэлийн засаг даргад шилжүүлж, Нийслэлийн засаг дарга 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн захирамжаар зам барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, төсөв арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахаар шийдвэрлэжээ. Хэдийгээр Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, зам барих төслийг зохион, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, бариулсан замыг өөрийн хөрөнгөд бүртгэн авч ажиллах эрх үүрэгтэй боловч энэ үүргээ хуулийн дагуу зохих ёсоор гүйцэтгээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэж байна.

            Энэ захирамжийг гаргахдаа Засаг даргын зүгээс усны ай сав газарт барьж буй зам барилгын ажлын явцад үерээс хамгаалах далангаас ямар зайд замыг барих, мод бут сөөг устаж, байгаль орчинд сөрөг нөлөө үүсэхээс урьдчилан сэргийлж бүхий л арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй байсан. Гэтэл дээрх үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргаснаас, улсын төсвийн ихээхэн хөрөнгөөр бий болсон Т*** голын үерээс Улаанбаатар хотыг хамгаалах “Үерийн далан болох инженерийн байгууламж”-ийг хэсэгчлэн устгаж, далангийн зарим хэсгийг анхны төсөвт зургаас дур мэдэн намсгаж, орчны мод бут сөөгийг устгаж, хүрээлэн байгаа орчинд аюул гамшиг учрах нөхцөл буй болгосон тул улсын болон нийтийн өмч хөрөнгийг хамгаалахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Мөн О**** хотхоны иргэдээс эрх ашгаа хамгаалуулахаар НШ****** төрийн бус байгууллагад хүсэлт гомдол байгаа болно.

            Улаанбаатар хотод 1966 оны зун болсон Т*** голын их үерийн дараа тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсын гүүр, усны байгууламжийн инженер, институт, хүрээлэнгүүд Улаанбаатар хотын оршин суугчдыг Т*** голын үерийн гамшгаас хамгаалах зорилгоор нийт 30 км үргэлжлэх далангийн байгууламжийн зураг төслийг боловсруулан өгч, даланг барьсан байдаг. Одоо барьж буй нэг км зам нь Т*** голын далангийн урд хэсгээр баригдаж, зарим хэсэгт далан зам хоёрыг огтлолцуулан давхардуулсан. Нийслэлийн засаг дарга нь өөрийн гаргасан захирамжид заасан төсөвт ажлын зураг төслийн хянах, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл байдлыг хянаагүй байна.

            Тухайлбал “ДР*** ” ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс Их Монгол гудамжнаас Зайсангийн гүүр хүртэл 1 км “авто зам тавих ажил”-ыг эхлүүлсэн. Замын ажил эхэлснээс хойш зам талбай гаргах нэрийн дор Хан хиллс хотхоноос Зайсангийн гүүр хүртэл Т*** голын сав газарт байгаа бүх бургас, мод сөөгийг бульдозер машинаар газартай нь тэгшилж устгасан. Байгаль орчны яамнаас авсан зөвшөөрөлгүйгээр мод бут сөөгийг устгаж, Усны асуудал эрхэлсэн байгууллага, Онцгой байдлын газраас зөвшөөрөл авалгүй үерийн даланг зарим газруудаар даруй 1.5-3.5 метрээр доош болгон намсгаж, далангийн өргөний зарим хэсгийг оролцуулан замын ул шороо барьж, далангийн шороог бульдозероор түрж, Т*** голын хөвөөнд энд тэндгүй овоолж Т*** голын эко систем болон голын усны тэнцвэртэй байдалд ноцтой хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлсэн. Тухайн ажлыг гүйцэтгэж байгаа компанийн зүгээс  зам барих төсөл зураг, далангаас хэдэн метр зайд зам барих тухай мэдээлэл өгөхгүй байгаа төдийгүй ажлын жагсаал гэж үзүүлсэн бичиг баримтын хуулбар дээр далан барих гэсэн ажил л дурдагдсан байдаг болно. Зураг төслийг гүйцэтгэсэн “Классикрөүд” ХХК нь зөвхөн зам тээврийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй компани бөгөөд нэхэмжлэл гаргах өдрөөр, зураг төсөл боловсруулах, батлуулах 2021 оны 08 дугаар сард тус компани усны байгууламжийн зураг төсөл боловсруулах ямар ч тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй.

            Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан “Барилга байгууламж, объект, зам, гүүр, далан болон бусад дэд бүтцийн аюулгүй, гамшигт тэсвэртэй  байдлыг хангах “Бүтцийн арга хэмжээ” гэж, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “барилга байгууламж” гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус” нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээ гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1.-т “Хүний үйл ажиллагаа болон байгалийн үйл явцаас шалтгаалан байгаль орчин, хүн ам, мал, амьтан, ургамал, тэдгээрийн удмын санд хөнөөл учруулахуйц хортой нөлөөлөл, өөрчлөлт үүссэн нутаг дэвсгэрийг байгалийн гамшиг, гэнэтийн аюул бүхий газар нутаг гэнэ”, 2-т 3 Байгалийн гамшиг, гэнэтийн аюул бүхий газар нутагт хамрах бүсийн заагийг төрийн захиргааны  төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасан бөгөөд уг хуулийн 3-т “Байгалийн гамшиг, гэнэтийн аюулаас сэргийлэх, түүний эх үүсвэрийг хязгаарлах, хор уршгийг арилгах, байгаль орчныг засаж сайжруулах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээг төрийн захиргааны төв байгууллага, иргэний хамгаалалтын алба, бүх шатны Засаг дарга, холбогдох бусад байгууллага хамтран авч хэрэгжүүлнэ” гэж тус тус заажээ.

            Нийслэлийн Засаг дарга  Т*** голын үерээс хамгаалдаг уг байгууламжийн өндрийг багасгах, бүтцэд өөрчлөлт оруулах, нураах бус харин “усны байгууламж барих эрхтэй, туршлагатай мэргэжлийн байгууллагаар зураг төслийг боловсруулж, өндрийг нэмэгдүүлж, бэхжүүлэх үүргээ зөрчсөн, гаргасан захирамжийн биелэлтэд хяналт тавиагүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэж байна. Т*** голын үерийн улмаас хамгийн түрүүнд ***** дүүргийн 1, 2, 16, 17, 18 ба 21 дүгээр хорооны иргэд, тухайн газар нутагт байрлаж буй бизнесийн байгууллага, үйлдвэрүүд, тэдгээрийн өмч хөрөнгө болон дэлхийд хосгүй үнэт үзмэрүүд  бүхий соёлын дурсгал “БХОМ***** ” бүрэн үерт автах эрсдэлд орох юм.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гэж заасан байна.

            Нийслэлийн засаг дарга нь зам барих зураг төслийн биелэлтэд хяналт тавиагүй эс үйлдэхүй гаргасан учир улс нийтийн өмч хөрөнгийн зарим хэсэг устаж үгүй болсон. Т*** гол нь далайн түвшнээс даруй 1289 (хамгийн өндөртөө 2799 метр, намдаа 770 метр) метрийн өндөрт урсдаг бөгөөд Т*** голоос хойшоо ***** дүүргийн 1, 2, 16, 17, 18, ба 21 дүгээр хороодын нутаг дэвсгэр, Туулын голын усны эрэгт нэг түвшинд байрладаг онцлогтой. Т*** голын даланг байгуулаагүй байхад 1966 оны 07 дугаар сарын 11-ний өдөр болсон их үерээр Улаанбаатар хот бүхэлдээ их үерт автагдаж Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, Улсын Их Дэлгүүр хүртэл усанд автагдсан байсныг архивын баримт, фото зургууд нотолдог. 2021 оны зун Баянзүрх дүүргийн 26-р хороо бүхэлдээ усанд автаж, Замын Цагдаагийн гүүрний туслах зам усанд урссан явдал үерийн гамшиг бодит эрсдэлтэй нотолно.

            ***** дүүргийн 17-р хорооны О**** хотхоны оршин суугчид 2021 оны 09 дүгээр сард үерийн даланд тулгаж замын ул суурь шороо тэгшилж байгаа “ДР*** ” ХХК-ийн удирдлагад шаардлага тавьж холбогдох бичиг баримтыг үзэж танилцсан. Компанийн зүгээс “үерийн даланг нураахгүй, харин өргөн өндрийг нэмэгдүүлж, бэхжүүлнэ” гэж мэдэгдсэн. Мөн зам далангаас зайтай явж байна гэж улаанаар тэмдэглэсэн дэвсгэр зураг үзүүлсэн. Тухайн үед үзүүлсэн замын төсөл зураг баримтууд дотор “ДР*** ” ХХК-д, мөн авто замын зургийг боловсруулсан “КД*** ” ХХК-д усны байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл байхгүй байсан. Мөн ажлын төсөлд далан барих тухай заасан байгаа.

            2021 оны 10 дугаар сарын сүүлээс 11 дүгээр сарын 07, 08-ны өдөр хүртэл үерийн далангийн өндрийг даруй 3.5 метр хүртэл доошлуулан ухаж, далангийн шороог зөөж, мод бутыг устгасан нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй усны  барилга байгууламж болон автозамын ажлын БНБД болон бусад стандартыг хангасан гэж үзэх боломжгүй юм. Т*** голын далан нь гүүрэнд ойрхон хэсгээрээ нэг машин ч явах боломжгүй нарийхан, хажуугийн налуу нь маш эгц байгаа тул замын ерөнхий стандартад дөхүүлэхийн тулд Гүйцэтгэгч байгууллага даланг дур зоргоор намсгаж, сэтэлж дураараа авирлаж байна. Автозамын стандартад нийцэхгүй газарт зам барихдаа зураг төсөл батлах, төсөв хэлэлцэх, мэргэжлийн байгууллага, шинжээчдээр хянуулах, иргэдэд мэдээлэл өгөх, гүйцэтгэлийг хийх, хянах зэрэг үйлдэл бүр дээр хууль дүрэм стандарт зөрчигдөж байгаа. Энэ олон алдааг бүгдийг нь засаж залруулах арга бол Засаг даргын захирамжийг хүчингүй болгох явдал гэж үзэж байна. Нийслэлийн Засаг дарга уг авто замыг барих, үерийн даланг Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.2, 73.1.3, 73.1.6 -д заасны дагуу нураахдаа аюулгүй байдал, ашиг сонирхол нь шууд зөрчигдөж байгаа ***** дүүргийн 1, 2, 16, 17, 18 ба 21 хорооны  иргэдийн дунд сонсох ажиллагаа явуулаагүй хууль дахин зөрчсөн.

            Иргэд оршин суугчдад зориудаар худал мэдээлэл өгч төөрөгдүүлсэн. Нийслэлийн Засаг даргын албан ёсны цахим хуудас болон оршин суугч иргэдэд зориулж байршуулсан самбарт 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр далангаас урдуур хэсэгт авто зам барихаар танилцуулж байсан. Нийслэлийн Засаг даргад гаргасан гомдолд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хариу өгөхдөө барьж буй зам 21м урт хэсэгт үерийн далантай давхацсан байгаа ч зураг төслийн дагуу хийгдэж байгаа гэжээ. Үүнээс үзвэл Нийслэлийн Засаг дарга Т*** голын үерийн даланг сэргээн өмнөх байдалд оруулах, Улаанбаатар хотын иргэдийг үеэр уснаас хамгаалахаар улсын хөрөнгөөр барьсан байгууламжийг сэргээхгүй гэдэг нь ойлгомжтой байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 414 тоот захирамжийг хэрэгжүүлэх явцад Т*** голын үерийн даланг зарим хэсгээр буулгаж байгааг таслан зогсоогоогүй нь захиргааны албан тушаалтны гаргасан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, даланг буцааж бариулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү.

Оросын дүгнэлт хийсэн хамгийн том бичиг баримт бол цаг уурын хайгуул хийсэн байдаг. Цаг уурын хайгуул бол гидро геологийн хайгуул гэж байгаа. Хур тунадас нэмэгдсэн тохиолдолд яах вэ? Т*** голын урсац хэдий хэмжээгээр нэмэгдсэн тохиолдолд яах вэ? Замын зургийн асуудалтай холбоотойгоор ямар нэгэн цаг уурын хайгуул хийгээгүй байдаг. Орос улсын бичиг баримт дээр манай Т*** голыг бүхлээр нь судалсан байдаг. Замын ажилтай холбоотой ямар нэгэн цаг уурын хайгуул хийгдээгүй байгаа. Үүнд юу гэж дурдсан байдаг вэ гэхээр 1903 оноос 1905 онд 1967 оны үертэй адилхан буюу тэрнээс их хэмжээний үер болсон байна гэжээ. Хариуцагчаас 500,000,000 төгрөгөөр хайгуул хийгдэх гэж байгаа гэсэн. Тэгэхээр тэр зураг төслийг хийхдээ цаг уурын байдал хийгдэнэ. Сүүлийн 60 жилийн хугацаанд дэлхийн цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор Туулын голын урсац хэдийн хэмжээгээр нэмэгддэг болсон бэ гэдэг талаар хийгдэнэ. Цаг уурын хайгуулыг хийгээд дараа нь үерийн далангийн зураг боловсруулаад, үерийн даланг барьж байж өнөөдөр үерийн далангийн бүтцийг нураагаад өөрчлөөд авто зам барих ёстой байсан. Гэтэл энэ ажиллагаа хийгдээгүй байж авто зам барьсан. Засаг дарга энэ бичиг баримтыг судлах үүрэгтэй. Т*** голын үерийг Орос улс судалсан байна. Тэрнээс хойш хийгдсэн судалгаа манай Монгол Улсад хаана байгаа вэ? Хайгуул зураг төсөл одоо хийгдэх гээд зарлагдсан гэж байна. Хайгуул хийгээгүй байж үерийн далангийн бүтэц өөрчлөөд явсан нөхцөл байдал үүссэн байгаа. Т*** гол 100, 200 жилийн дараа ч урсаж байна. Үерийн далан бол байнгын байгууламж юм. Бүтцийг өөрчлөх гэж байгаа юм бол цаг уурын судалгаа хийх ёстой. Мэргэжлийн бус хүмүүс өнөөдөр энд яриад байж болохгүй. Мэргэжлийн байгууллагын үндсэн дээр өндөрлөх ёстой гээд бүтцэд гар хүрэх ёстой байсан. Далангийн урд талын 1400 м.кв хормойг тавиагүй байгаа. Хэзээ тавих нь тодорхой бус. Ийм байхад авто зам ашиглалтад орсон. Энэ хүмүүсийн гол зорилго бол нэг өдрийн өмнө ч гэсэн ашиглалтад оруулах зорилго байсан болохоос биш гамшгаас хамгаалах буюу иргэдийг үерээс хамгаалах асуудал мартагдсан байсан. Архивын баримтаар Т*** голын судалгааг хийхдээ 3 хэмжилтээр судалж үзсэн. Хамгийн өндөр дээр буюу хэмжээ 67 гэж нэмэгдсэн тохиолдолд Зайсангийн модон гүүр урсах хэмжээ тэлсэн. Зайсангийн гүүрийг хүртэл доошоо урсах хэмжээг тогтоогоод өгсөн байгаа. 67-оос үер ус нэмэгдсэн тохиолдолд одоогийн байгаа Зайсангийн гүүрийг барьж чадахгүй. Ингээд айлуудыг урсгаад аваад явна. Манай далан бол үерийн ус нэмэгдсэн тохиолдолд Зайсангийн гүүр доогуур явах чадвар байхгүй учраас Зайсангийн гүүрний хойно байгаа айлуудыг тэр чигт нь ус авах болно. Цүнхэл хэлбэртэй даланг хүртэл хэлж байгаа. Тэр нь өөрөө өнөөдөр шороогоор дүүрсэн байгаа. Засаг дарга болохоор бидэнд хамаагүй гэж хэлдэг. Хан хиллс хотхоны шороог агуулсан гэж хэлдэг. Тэр шороо дүүрээд уул хэмжээний том байж байгаа. Тэр шороог одоо болтол арилгаагүй байгаа. Бетон авагдсан байхад дараа жилээс барих гэж байгаа талаар хэлдэг. Ирэх жил үер болсон тохиолдолд хэн ч хамгаалж чадахгүй” гэв.

2.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.О****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “НШ******” ТББ нь нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага. Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын тухайд нийтийн аюулгүй байдал, үерээс хамгаалж байсан гол байгууламж нурсантай холбоотой энэ асуудлыг 12 сар мэдүүлээд явж байгаа. Үерийн хамгаалалтын далан гэдэг бол уснаас хотыг хамгаалах гамшгаас хамгаалах байгууламж юм. Энэ нь хөдөлгөөнгүй байх ёстой. Өөрчлөгдөхгүй байх, байнгын байх ёстой гэдэг нь Хот байгуулалтын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Усны тухай хуулиар зааж өгсөн. Тэр тусам олон хүн байршиж байгаа хот суурин газрын үерийн далан гэдэг бол эргэн тойрондоо 50 метр газарт юу ч барьж байгуулж болохгүй гэдгийг 2012 онд хуульчилж өгсөн. 2021 оноос өмнө тэр хавьд амьдарч байсан хүмүүс энэ хуулийн заалтад ордоггүй. 2012 оноос хойш буюу 2021, 2020 тогтоол, шийдвэрүүд Усны тухай хуульд захирагдах ёстой. Усны тухай хуульд үерийн далангийн 50 метр орчимд юу ч барьж болохгүй гэж заасан байдаг. Ингээд үерийн далангийн дотор талд зам барьсан байгаа. Даланд хүрээгүй, эвдлээгүй гэж хариуцагчийн зүгээс удаа дараа мэдэгддэг. Бид нар далангийн дотор тал ороод ирлээ гэдэгт түгшүүр зарлаж байна. Далангийн дотор тал зөвхөн ус байх ёстой. Ус үерлээд ороод ирэхэд далан дотроо хашигдаад үлдэх ёстой. Далан дотроо явж байгаад усны дагуу урсах ёстой. Урсаад ард түмнээс хол байх ёстой. Гэтэл замаа үерийн далан дотроо барьсан. Далан дотроо халбага шиг хутгуур гэдэг зүйл тавьсан буюу нам дор газар үерийн усан дотроо замаа тавьсан. Ард талд нь хусаад хаяад, нимгэн далан үлдээсэн. Далангаас 200 метр хэсэг замтай үргэлжлээд нийлсэн байгаа. Өмнө нь далангийн дотор талд ямар ч усан гулгуур байгаагүй, усны аюулыг иргэдийн толгой дээрээс авчирч цутгасан гулгуур шиг зүйл байгаагүй. Засаг даргын захирамжийг дагаж гарсан ажлын хэсгийн даалгаврууд буюу захиргааны олон актуудаас болоод үерийн усны далан дотор зөвшөөрөгдөхгүй барилга байгууламж баригдсан.

Авто зам маш аюултай үерийн усыг улам хурдасгасан иргэдийн дээрээс давагдашгүй байгалийн гамшиг болгож хувирах учир энэ барилга байгууламж нийтийн эрх ашигт онц аюултай гэж үзэж байна. Тийм учраас нийтийн эрх ашгийг огт харгалзахгүйгээр барилга байгууламж барьсан шийдвэрүүд яаж гарсан талаар манай байгууллагын зүгээс судалж үзсэн. Үерийн хамгаалалтын далан нь нийслэлийг хамгаалж байна, энд бид нар хүрч болохгүй гэдэг сануулгыг захиргааны шийдвэрийн шатанд нэг ч хүн тэмдэглээгүй байдаг. Огт шийдвэрийн төсөл байхгүй, зургийн даалгавар, ажлын даалгавар байхгүй. Нийслэлийн иргэдийн нийтийн эрх ашгийг хамгаалах байгууламжийн тухайд хууль зөрчсөн тогтоол шийдвэрүүд гарсан байдаг. Хариуцагчийн зүгээс гол баримталсан бичиг бол Улсын төсвийн тухай хууль гэж тайлбарладаг. Улсын төсвийн тухай хууль мөнгийг баталдаг хууль болохоос биш байрлалыг тэр болгон нарийвчлан тогтоож чадахгүй. Байрлалын нарийвчлан тогтоох ажлыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу иргэдтэй ярилцаад орон нутгийн засаг захиргаа хийдэг. Орон нутгийн захиргаа Нийслэлийн Засаг даргаас захирамж гарахын өмнө Захиргааны ерөнхий хуулийг дагаад иргэдтэйгээ уулзсан байсан бол үерийн далангийн тэр хавьд амьдарч байгаа иргэд энэ далан бид нарыг аюулаас хамгаалж байгаа шүү гэж хэлэх байсан.

Гэтэл үерийн даланг хаана байгаа талаар хэн ч мэдэхгүй. Хэн ч газар дээр очиж үзэхгүй байж байгаад гамшигт өртөх хүмүүс ярихгүй улмаар гамшгийн аюулыг дэргэд нь авчирсан. Өнгөрсөн зуны ганцхан удаагийн борооноор баригдаж байсан зам тал нь усанд автсан. Энэ бол үер болоогүй үе юм. Тухайн үеэс 2 дахин их бороо орсон байсан бол тэр зам үерийн усыг тээж авчраад иргэдийн дээрээс асгах байсан. Иймд нийтийн аюулгүй байдлын үүднээс нийтийн эрх ашгийн зүгээс энэ захирамжийг хүчингүй болгоод нийтийн эрх ашгийг хамгаалах ёстой гэж үзэж байна. Захирамжийг хүчингүй болгосноор шийдвэрийг шинээр гаргуулах юм. Үерийн далангийн хамгаалалтад орсон байгаа замын шороонуудыг зайлуулах ажлыг хийлгүүлнэ. Тэр шороог зайлуулахгүй бол үерийн гамшиг Улаанбаатар хотод маш ойрхон байна” гэв.

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Г********* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Үндсэн маргаан бүхий захиргааны акт бол Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/414 дүгээр захирамж юм. Энэ нь маргааныг эхлүүлсэн үндсэн захирамж. Энэ захирамж дээр хууль зүйн ямар зүйл заалтыг зөрчсөн талаар дурдаад явъя. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 3.1.13, 22 дугаар зүйлийн холбогдох зүйл заалтууд энэ дотор 22.1, 22.2, 22.2.1. Мөн Усны тухай хуулийг хэрэгжүүлэхэд аймаг нийслэлийн сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг нийслэлийн Засаг даргын эрх үүргийг тухайлан зааж өгсөн. Энэ дотор уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, 11.1.4, 12.1.1, 12.1.3, 12.1.4, мөн хуулийн 161-т аймаг Нийслэлийн Засаг даргын эрх үүрэг байгаа.

Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.4 дэх хэсгийн 4.10 дугаар зүйл, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.3 мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.3, 9.1.4, 9.1.5, 9.2, 9.3 зэрэг хууль тогтоомжийг зөрчиж гарсан. Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалтыг хэрэгжүүлж гарсан итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сая дурдлаа усны барилга байгууламж зохиох үндсэн журам гээд 330103 гэсэн стандарт байгаа гэтэл үүнийг зөрчсөн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/230, А/127 тоот хамтарсан тушаал байгаа. Үүнд усан сан бүхий газар усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын ахуйн дүрмийн мөрдөх журам гэж байгаа. Энэ журмын тодорхой зүйл заалтуудыг мөн адил зөрчсөн.

Хариуцагчийн зүгээс А/414 тоот захирамжийг дотогш чиглэсэн захиргааны акт гэж тайлбарлаж байна. Гэвч энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны акт мөн. Гадагш чиглэсэн үр дагаврыг үүсгээд үүний дагуу бид шүүх хуралдаан хийгээд явж байна. Энэ бол нийслэлийн иргэдэд хамаарах асуудлыг үүсгэсэн. Гадагш чиглэсэн нийслэлийн эрх ашгийг хөндсөн үр дагавартай захиргааны акт байгаа. Захиргааны ерөнхий хуулийн шийдвэр гаргахтай холбоотой бүхий л зүйл заалтуудыг зөрчсөн байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.5, 4.2.6, 4.2.8 зэрэг захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчим зөрчигдсөн. Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 15 дугаар зүйлийн 15.1.5, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлүүд бүхэлдээ зөрчигдсөн.  Захиргааны ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 37 дугаар зүйлийн 37.6 дах хуулийг зөрчсөн учраас өөрөө эрх зүйн зөрчил бүхий захиргааны акт юм. Үүнийг хүчингүй болгож өгнө үү гэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан акт мөн гэсэн үндэслэлийг хэлж байгаа. Уг шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 хэрэглэх хууль нь 48 дугаар зүйлийн 48.2.2 дах заалтаа хэрэглэх үндэслэлээ бичсэн. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.2.3, 40.2.5, 43 дугаар зүйлийн 43.1, 73 дугаар зүйлийн  73.1-т заасантай холбоотой зүйл заалтууд зөрчигдсөн байх магадлалтай гэсэн үндэслэлээр үндэслэлээ тайлбарласан.

2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2020**** дугаартай түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Р*** хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх авто зам зогсоол 1 км гэсэн ажлын захиргааны гэрээг илт хууль бус болох буюу Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.7-д заасан үндэслэлээр илт хууль бус захиргааны гэрээнд зааж хүчингүй болгуулж өгнө үү гэсэн шаардлагын тухайд уг гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно гэж заасан. Энэ зохицуулалтын хүрээнд байгуулагдсан захиргааны гэрээ гэж үзэж байгаа. Уг хуулийн 52.2-т Дараах харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болно” гэж заасан. Дээр дурдсан гэрээнүүд мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.3-д “дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд”, 52.2.5-д “хуульд өөрөөр заасан бусад харилцаанд” гэж тус тус заасан. Улмаар бусад харилцаанд гэсэн зохицуулалтад хамаарч байгаа. Энэ гэрээ өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.7-д заасан илэрхий алдаатай, хор уршигтай үр дагавар бүхий захиргааны зохицуулалтын хүрээнд илт хууль бус захиргааны актад тооцож хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлагыг гаргаж байгаа.

Учир нь үерийн даланг нурааж байгалийн тэнцвэр алдагдуулж байгаа бөгөөд  иргэдийн амь насыг хохироох хор уршигтай үр дагавар бий болгож байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцвэр алдагдахаас хамгаалах нөхцөлтэй гэсэн заалтыг зөрчиж байна.

Нийслэлийн Засаг даргад даалгах, хор уршиг үр дагаврыг арилгуулах гэсэн шаардлагын тухайд, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан зүйл заалтыг үл биелүүлсэн. Гамшгийн тухай хуулийн тодорхой нөхцөлийг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан. Ийм учраас хүчингүй болгож, үр дагаврыг арилгуулж өгнө үү гэсэн шаардлагаа дэмжиж байгаа.

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд 2020 оны 5 сарын 20-ны өдрийн 2020/16*** дугаартай авто замын байгууламж төлөвлөх даалгаврыг хууль бусад тооцуулж хүчингүй болгуулах шаардлагын тухайд энэ захиргааны акт нь архитектур хот байгуулалтын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах дүрмийн хүрээнд хийгдэх шаардлагатай акт байсан. Гэтэл энэ асуудал зөрчигдсөн байгаа. Авто зам, замын даалгавар төлөвлөх асуудлаар нийтийн эрх ашигт хохирол учруулж байна. Үүнд төлөвлөх даалгаварт Усны тухай хууль болон холбогдох дүрэм журмыг зөрчиж буй байршилд авто зам барих, схем зураг тайлбараар тоон тэмдгээр дэлгэрэнгүй тодорхойлж өгсөн. Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.1.2, 73.1.3, 73.1.4, 73.1.6, 73.1.7 мөн 74 дүгээр зүйлүүдийг зөрчиж гарсан захиргааны гэж үзэж байгаа.

Зам тээврийн хөгжлийн төвд холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Р*** хотхоноос Зайсангийн гудамж хүртэл авто замын зураг төсөлд холбогдуулан гаргасан 105**** тоот магадлалын ерөнхий дүгнэлтийг хууль бус актад тооцуулж хүчингүй болгуулах шаардлагын тухайд энэ акт нь Авто замын тухай хуулийн 19.2, Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны өдрийн 168 дугаар тушаалаар батлагдсан авто замын байгууламжид дүгнэлт гаргах журмын 9.9 дэх заалтын 9.9.1, 9.9.3 дах заалтыг хянаж хуулийн шаардлагыг биелүүлж гаргах ёстой байсан. Энэ бол зөрчигдсөн гэж үзэж байна. Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 6 сарын 05-ны өдрийн А230/127 тоот хамтарсан тушаал баталсан усан сан бүхий газарт усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн дэглэмийн бүсийг мөрдөх журмын зохицуулалтыг зөрчиж гарсан. Магадлалын ерөнхий дүгнэлт нь авто замын тухай хуулийн 4.1, 4.1.20 дах заалтуудыг зөрчиж гаргасан акт учир хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлагаа дэмжиж байна.

Нийслэлийн Авто замын газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн АЭЗ21/** дугаартай авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хууль бус захиргааны актад тооцож хүчингүй болгуулах шаардлагын тухайд мөн хууль зүйн үндэслэлүүд тогтоогдож Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 24.1, 24.4-т заасныг зөрчсөн тул хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага гаргаж байна” гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У****** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэх ба Нийслэлийн Засаг даргыг эс үйлдэхүй гаргасан гэж маргаж буй нь хуульд нийцээгүй байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс  захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “НШ******” НҮТББ-ийн хувьд зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол тогтоогдохгүй байна. Нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэх боловч “НШ******” НҮТББ нь нийтийн эрх ашиг сонирхлыг төлөөлөх эрхгүй этгээд юм. Учир нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Үүсгэн байгуулагчдаас  төрийн бус байгууллага байгуулах тухай шийдвэр гаргаж байгууллагын дүрмийг баталснаар төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсанд тооцох бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ” гэж заасны дагуу төрийн бус байгууллагын дүрмийн үүсгэн байгуулагчид батална, тус дүрэмд уг Төрийн бус байгууллага нь нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заагаагүй тул “НШ******” НҮТББ нь нийтийн эрх ашиг сонирхлыг төлөөлөх эрхгүй юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.5 дахь заалтад тус тус заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.

2020 оны 414 дүгээр захирамжийн үндэслэл хэсэгт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дах заалтыг барьсан. Энэ болохоор захиалагч нь өөрийнхөө холбогдох албан тушаалтанд шилжүүлж болно гэсэн байгаа. Үүнд Нийслэлийн Засаг дарга Зам тээврийн хөгжлийн сайдаас эрх шилжүүлж авсан эрхээ буцаагаад захирагчийн ажлын албанд шилжүүлсэн. Аль хэдийн үйлчлэл дууссан. Захирамжийн дагуу гүйцэтгэгч нь сонгон шалгаруулсан. Захирамжийн хавсралтад заасны дагуу тухайн замын ажлыг хавсралтаар баталсан гэж байгаа. Захирамжаас өмнө батлагдсан байсан зүйл гэж байна. Захирамжаас өмнө батлагдсан болон Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалтай нэхэмжлэгч тал маргаагүй. Хохирлыг арилгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д зааснаар арилгуулах гэдэг шийдвэрийг захиргааны хэргийн шүүх гаргах боломжгүй. Захиргааны байгууллагад учруулсан хууль бус хохирлын хэмжээг тогтоох боломжтой гэсэн байгаа. Нийтийн эрх зүйн маргааны хувьд хамаараад нийтийн эрх ашиг зөрчиж болзошгүй тохиолдолд түүнийг хүчингүй болгуулах гэж байгаа. Ямар нэгэн байдлаар хохирол учирсан зүйл байхгүй.  Гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний тухайд захиргааны гэрээ гэж үзээд илт хууль бус болохыг тогтооно гэсэн. Захиргааны ерөнхий хуульд захиргааны гэрээг тодорхой заасан байгаа. Захиргааны байгууллага нийтийн эрх зүйн харилцаа үүсгэж өөрчлөх, дуусгавар болохтой холбоотой. Гэрээ нь ямар нэгэн байдлаар нийтийн эрх зүйн харилцааг өөрчилж үгүйсгэсэн зүйл байхгүй. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад замыг бариулах иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээ явагдаж байгаа. Үүнд захиргааны гэрээ байхгүй. Хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.7-д заасан илэрхий алдаатай хор уршигтай үр дагавар бүхий зүйл байхгүй. Гэрээ нь өөрөө захиргааны гэрээ биш. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

3.2. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн үндсэн шаардлага бол Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох гэж ойлгож байна. Захирамж нь 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улсын Их Хурлын баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжлийн чиг хандлагын баримт бичигт замын трассыг баталсан байдаг. Үүний дагуу 2018, 2019, 2020 онуудад Улсын төсвийн тухай хуулиар энэ замыг барина гэсэн шийдвэр гарсан. Үүний дагуу Улсын төсвийн тухай хуулиар Зам тээврийн хөгжлийн сайдад энэ ажлыг даалгасан байдаг. Зам тээврийн хөгжлийн сайдаас Нийслэлийн засаг даргад эрхээ шилжүүлсэн байсныг хэрэгжүүлэх тушаал, шийдвэр гарч Нийслэлийн Засаг даргын А/414 дүгээр захирамж гарсан. Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд худалдан авах ажиллагаа явагдсан. Худалдан авах ажиллагаа явагдахдаа замын ажлыг төлөвлөх асуудлаар Хот байгуулалт, хөгжлийн газраас батлуулж мөн авто замын зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас батлуулаад зураг төсөл болон барилгын ажлын түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр гуравдагч этгээд компани шалгарч зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж улмаар барилгын ажил хийгдэж байгаа. Үерийн далантай 260 метр газар давхцаж хийгдэж байгаа. Өөр хэсэгт үерийн даланг хөндсөн, өөрчилсөн асуудал байхгүй. Өнөөдрийн байдлаар замын ажил дуусаад далангийн бэхэлгээний ажил хийгдээгүй. Энэ ажлыг комисс хүлээж аваагүй хүлээгдэж байгаа. Засаг даргын захирамж өмнөх дээд шатны байгууллагын гаргасан шийдвэрийн дагуу хууль ёсны захирамж гэж үзэж байна” гэв.

3.3. Хариуцагч нийслэлийн Замын хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Е**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2013 оны Улсын Их Хурлын 23 дугаар тогтоолоор батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу энэ ажлыг хийсэн гэж байна. Энэ тогтоол батлагдсаны дараагаар Туулын хурдан замын трассны зураг төсөл хийгдсэн. 2013 оны Засгийн газрын 307 дугаар тогтоолоор Туулын хурдны замын трассын солбицлыг баталсан байдаг. Т*** хурдан замын трассад одоо байгаа үерийн даланг бүүр урагшаа шилжүүлээд ажлын зураг хийгдэж баталсан. Үүнийг Засгийн газрын 307 дугаар тогтоолоор Туулын хурдны замын солбицол батлах тухай тогтоол гаргаад баталсан. 2013 онд Т*** голын хурдан замын трасс батлагдаж байхад нэхэмжлэгч тал Засгийн газрын гишүүн байсан. Одоо эрх бүхий захиргааны актыг өөрөө үгүйсгээд сууж байна. Мөн даланг нураасан гэж байна. Даланг нураагүй. Далан дээр зам барьж болохгүй гэсэн зүйл байхгүй. Онцгой хамгаалалтын бүс биш. Үерийн хамгаалалтын далан байгаа. Зураг төсөл гаргахдаа далангийн дээд талын өнгө шаардлага хангахгүй материал аваад, буцаад замыг давхцаж байгаа хэсэгт барьсан. Бусдаар далангийн урд зураг гараад батлагдсан. Улаанбаатар хотод байгаа бүх үерийн хамгаалалтын далан гээд устай холбоотой зүйлийг Геодези усны байгууллага хариуцаж байгаа. Зураг төсөл боловсруулаад явж байхад Геодези усны байгууламжийн газраас санал аваад өөрсдийн зургийг баталж үүний дагуу ажил хийгдсэн” гэв.

3.4. Хариуцагч Зам тээврийн хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зам тээврийн хөгжлийн төвийн гаргасан 150/2021 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Зам тээврийн хөгжлийн төв бол авто замын тухай хууль болон Зам тээврийн хөгжлийн сайдын баталсан журмын хүрээнд замын байгууламжийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Зураг төслийг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй байгууллага гүйцэтгэсэн. Зураг төслийг гүйцэтгэхдээ тендерийн сонгон шалгарсан компани гүйцэтгэсэн. Зураг төслийн байгууллагын тухайд зургийг гаргахдаа геологи болон тухайн орны нөхцөл байдал, усны тооцоо зэрэг нарийн асуудлыг үндэслэж зураг зурдаг байгаа. Нэхэмжлэгч талаас мэргэжлийн ус зүйн тооцооны хүмүүс байхгүй гэж байна. Замын мэргэжлийн хүмүүсээс гадна геологи усны мэргэжлийн хүмүүс тооцоогоо хийгээд зургаа зурж байгаа. Экспертийн хувьд тухайн зураг төслийг холбогдох байгууллагаар зөвшилцсөн байгаа эсэхийг шалгаж мэргэжлийн байгууллага хянан баталгаажуулсан. Үүний дагуу тооцооллын хувьд дүгнэсэн. Ингээд Зам тээврийн хөгжлийн төв мэргэжлийн дүгнэлтээ гаргаад явсан байгаа. Барилгын хөгжлийн төвийн тухайд анх үерийн далангийн ажил явагдсан бол тухайн үед Барилгын хөгжлийн төвөөр магадлан хянагдах байх. Авто замын тухай хуулиар авто замын газар ажил хянахаар орж ирсэн тул Зам тээврийн хөгжлийн төвөөр хянагддаг. Авто замын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Зам тээврийн хөгжлийн сайдын журмын 9.9.1, 9.9.3 дах заалтын тухайд зөрчсөн гэж байна. Тус 9.9.1 дах заалтын тухайд байршил, төлөвлөлт инженер геологийн нөхцөл байдал гэж заасан ба 9.9.3-д авто замын байршил тогтоох шийдвэр, ажлын даалгавар нөхцөл байдалд холбогдох мэргэжлийн байгууллагын байдал гээд энэ бүх зүйл баримттай нотлогдсон. Зөвшилцөөд ажлын даалгавар батлагдсан. Түүний дагуу зураг төсөл боловсруулж эксперт хянасан. Барилга байгууламжийн газар болон ерөнхий архитектурын баталсан шийдвэрийг экспертийн хувьд үзэхгүй. Замын хийц шийдлийн талаар зургаа үзээд баталсан. Иймд Зам тээврийн хөгжлийн төвийн магадлалын дүгнэлтийг хүчингүй болгох асуудлыг үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

 

Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар:

4.1. Гуравдагч этгээд “ДР*** ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г******** шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Р****** хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх авто зам, зогсоол, 1 км /Улаанбаатар, ***** дүүрэг 11-р хороо Зам тээврийн хөгжлийн яамны 202005**** дугаартай гэрээ бүхий ажлыг 2020 07/27-ны тендерийн хорооны шийдвэрээр гүйцэтгэхээр болсон. Байгаль орчны болон бүх шатны төрийн байгууллагуудтай зөвшилцөж дууссанаар 2021 оны 08 дугаар сараас уг ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Трассын хэсэгт орсон бургас болон хиймэл байгууламжуудын асуудлаар төрийн чиг үүргийн байгууллагуудаар хянуулж, зөвшөөрөл баталгаажсан тохиолдолд ажлын гүйцэтгэдэг журмыг хатуу баримталсан. Цаг агаар хүйтэрсэн болон оршин суугчдын хандлагаас шалтгаалан замын барилгын ажил 2021 оны 11 дүгээр сард зогссон ба 2022 онд үргэлжлүүлэн дуусгахаар гэрээгээ сунгаж ажиллаж байгаа юм. Төр засгийн шат шатны байгууллагуудын шийдвэр гарч, тухайн салбарын хэрэгжүүлэгч байгууллага болох Нийслэлийн Замын хөгжлийн газар болон Зам тээврийн хөгжлийн төв нь хяналт, төлөвлөгөөгөөр ханган ажиллаж байгаа тохиолдолд гүйцэтгэгч компани уг асуудлаар байр суурь илэрхийлэн маргалдагч байх нь зохимжгүй боловч, "НШ******" ТББ-ын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад, өөрсдийн зүгээс доорх тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

1. Уг даланг нураах гэж байна... гэх нь угаасаа логикийн хувьд буруу юм. Далан огт нураасан болон намсгасан зүйл байхгүй бөгөөд эсрэгээрээ далан зарим хэсгээрээ өргөсөж байгаа.

2. Геодезийн хэмжилтээр даланг багасгасан буюу өндөрлөсөн гэх байдалд хариу өгч болох ба "НШ******" ТББ-ын захиалгаар "ИГ****** " ХХК-ний инженер Ц.М********** гэгч хүн геодезийн хэмжилт хийгээд явсан. (2021 оны 10 дугаар сард) тэр дүгнэлтийг яагаад хавсаргасангүй вэ? Хөндлөнгийн геодезийн байгууллага мэргэжлийн талаас хариулт өгнө.

3. Уг далангийн ашиглалтыг хариуцагч Геодези, усны барилга байгууламжийн газар нь зураг төсөл боловсруулах шатнаас нь эхлээд оролцож, ерөнхий инженер нь зураг төсөлд зөвшөөрөл олгосон байдаг. Хэрвээ далан намсах болон бусад эрсдэлт хүчин зүйл үүссэн тохиолдолд уг байгууллага эсэргүүцсэн дүгнэлт гаргах ёстой. "НШ******” ТББ-ын нэхэмжлэл нь, мэргэжлийн оролцогч болон засаг захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг хөндлөнгөөс шүүсэн, технологийн тухай нарийн мэдээлэл мэдлэггүй байдлаа анхаарахгүйгээр нэг өнцгөөс нь харж, замын салбарын нэр бүхий байгууллагууд болон төр захиргааны нэгжүүдийг хорлон сүйтгэгч мэтээр цоллон дайрч байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Зүй нь нэхэмжлэгч тал өөрсдийн амьдрах орон байр, түүний хамрах хүрээнд авто зам тавих нь.... иргэн С.Х****** болон Ц.О****** нарын амьдралын чанарыг муутгаж байна гэх өнцгөөс бодит байдлаа илэрхийлж шүүхэд хандах боломжтой атал, мэргэжлийн байгууллагуудын ажлыг хөндлөнгөөс хардаж, мэдлэггүйгээр мушгин гуйвуулж, далан нураалаа... гэх мэтээр гүтгэлэг тарааж, бусдын үйл хэрэг, нэр төрд санаатайгаар халдаж, төлөвлөгөөт ажилд саад хийж байгаа нь зохисгүй гэж үзэн эсэргүүцэл илэрхийлж байна. Одоогийн байдлаар далангийн ажил 95 хувьтай хийгдсэн байгаа ба баруун хэсэгт дахин 0,5-3м-ийн зузаантайгаар даланг нэмж барих ажил хийгдэх болно. Уг далангийн ажил 100% дууссаны дараа хэмжилт хийвэл, хуучин далангаас огт намсаагүй болохыг газар дээр нь нотлох боломжтой. Далангийн материал дүүргэлтийн ажил нь 20-30 см зузаантайгаар олон үе давхарлаж, үе тус бүрээ нягтруулах замаар явагддаг ба гомдол гаргагчид, уг ажлын дундуур, технологи ойлгохгүйгээр яаран дүгнэлт хийсэн болов уу.

Гэрээний хувьд Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулаад ажиллагаатай холбоотой асуудал явагдсан. Улмаар захиргааны гэрээ гэж үзэх үндэслэл бүхий гэрээ байгаа. Гэрээг илт хууль бус болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаад явж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргад холбогдуулж байгаа боловч гэрээг нэг талаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар байгуулсан. Гэрээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Илэрхий алдаатай буюу хор уршигтай зүйл хийгээгүй. Гэтэл илэрхий алдаатай гэдэг зүйл тогтоогдохгүй, хор уршигтай гэдэг зүйл хэрэгт авагдсан баримтын хүрээнд ямар нэгэн байдлаар зөрчсөн байна гэсэн баримт байхгүй. Хор уршигтай холбоотой магадлалын ерөнхий дүгнэлт гэдэг зүйлийг зөвшилцсөн байгууллага гэж байгаа. Үүнд Ус сувгийн газар гээд холбогдох 14 байгууллагатай зөвшилцөл хийсэн. Ингээд хор уршгийн талаар гаргасан дүгнэлт байхгүй. Эдгээр үндэслэлээр захиргааны гэрээ гэж тооцож илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. 

Т*** голын усны үерээс хамгаалах үйл ажиллагааны 1966 оны баримт бичигтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа ярьж тайлбарладаг. Зөвлөлт холбоот улсын сайд нарын зөвлөлийн 1966 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолын дагуу хийгдсэн баримт бичиг мөн Монгол Улсын захиргааны байгууллагаас гарсан ямар нэгэн норм дүрэм биш өөрөөр хэлбэл барилга замын ажил нь холбогдох стандартын дагуу ажлын даалгавар, магадлалын дүгнэлтийн дагуу хийгдсэн ажил байгаа. Зөвлөлт холбоотой улсын сайд нарын зөвлөлийн тогтоолын дагуу гарч байгаа. Энэ нь Монгол Улсын хэрэгжилттэй холбоотой баримт бичиг биш. Баримт бичигт үндэслээд үүнээс хойш Монгол Улсад холбогдох норм дүрэм гарсан. Үүнийг хангаж ажилласан. Нэхэмжлэгчээс хариуцагчаа буруу тодорхойлсон байна. Гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад эдгээр нэхэмжлэлийн шаардлагын ихэнх захиргааны акт хэрэгжээд дууссан баримт бичиг байгаа. Хэрэгжээд дууссан захиргааны актын тухайд илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “НШ******” НҮТББ-аас нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Зам тээврийн хөгжлийн төвд холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/414 дүгээр тоот эрх шилжүүлэх тухай захирамж, Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ГБМЗХ2020***** дугаартай “Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар”, Зам тээврийн хөгжлийн төвийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дээр дурдсан Авто замын зураг төсөлд холбогдуулан гаргасан 105**** дугаартай “Магадлалын ерөнхий дүгнэлт”, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн АЭЗ-21/** дугаартай “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл” зэрэг акт, шийдвэрүүдийг хууль бус захиргааны актад тооцуулж, хүчингүй болгуулах, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дугаар ЗТХЯ/2020 05**** тоот “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Р****** хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх авто зам, зогсоол 1 км /Улаанбаатар, ***** дүүрэг, 11 дүгээр хороо/ ажлын гэрээ”-г захиргааны гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.7-д заасан үндэслэлээр илт хууль бус захиргааны актад тооцож хүчингүй болгуулах, үерийн даланг сэргээн барих, урьдын байсан хэвийн ашиглалтын хэмжээг хүртэл засуулж, зөрчлийг арилгуулахыг нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ,

- гамшгаас хамгаалах бүтцийг эвдэж зам барьснаар Улаанбаатар хотын нийт иргэдийн үер усны аюул өртөх эрсдэлийг бий болгосон,

- нийтийн эрх ашигт ноцтой нөлөөлж байгаа,

- автозамын стандартад нийцэхгүй газарт зам барихдаа зураг төсөл батлах, төсөв хэлэлцэх, мэргэжлийн байгууллага, шинжээчээр хянуулах, иргэдэд мэдээлэл өгөх, гүйцэтгэлийг хийх, хянах зэрэг үйлдэл бүр дээр хууль дүрэм стандарт зөрчигдсөн,

- үерийн даланг нурааж байгалийн тэнцвэр алдагдуулж байгаа бөгөөд  иргэдийн амь насыг хохироох хор уршигтай үр дагавар бий болгосон,

- Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцвэр алдагдахаас хамгаалах нөхцөлтэй гэсэн заалтыг зөрчиж байна” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

 

3. “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/414 дүгээр тоот эрх шилжүүлэх тухай захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд:

3.1. Захиргааны хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээдээс захиргааны байгууллагын хууль шийдвэр үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлээр хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж хэргийг шийдвэрлэдэг.

3.2. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагаа”-г захиргааны акт гэж тодорхойлсон.

3.3. Нэхэмжлэгчээс хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар шаардаж буй нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/414 дүгээр тоот эрх шилжүүлэх тухай захирамж нь дээр дурьдсан захиргааны актын шинжийг агуулахгүй, захиргааны нэг байгууллагаас өөр байгууллагад эрх шилжүүлсэн, зохион байгуулалтын шинжтэй байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;”, 54.2-т “Нэхэмжлэлийг энэ хуулийн 54.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзахдаа шүүгч захирамж гарган татгалзсан шалтгааныг зааж, уг нэхэмжлэлийг дахин гаргах, эсхүл хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж, нэхэмжлэлийг буцаана” гэж тус тус заасны дагуу хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

4. “Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ГБМЗХ2020***** дугаартай “Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар”, Зам тээврийн хөгжлийн төвийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 105**** дугаартай “Магадлалын ерөнхий дүгнэлт”, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн АЭЗ-21/** дугаартай “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг хууль бус захиргааны актад тооцуулж, хүчингүй болгуулах, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Р****** хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх авто зам, зогсоол 1 км /Улаанбаатар, ***** дүүрэг, 11 дүгээр хороо/ ажил”-ын ЗТХЯ/2020 05**** тоот гэрээг илт хууль бус захиргааны гэрээнд тооцож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд:

4.1. Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ГБМЗХ2020***** дугаартай “Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар”-ыг баталж, инженерийн бэлтгэл арга хэмжээ(үерийн хамгаалалт, далан суваг, шуудуу, зайлуулах шугам сүлжээ)-г хөрсний нүүлт, гулсалтаас хамгаалах арга хэмжээг тухайн газрын геологи-гидрогеологийн нөхцөлийг иж бүрэн судалсны үндсэн дээр авахаар тусгажээ.

4.2. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Р****** хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх авто зам, зогсоол 1 км /Улаанбаатар, ***** дүүрэг, 11 дүгээр хороо/ ажил”-ын ЗТХЯ/2020 05**** тоот гэрээг “ДР*** ” ХХК-тай байгуулсан байна.

4.3. Зам тээврийн хөгжлийн төвийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 105**** дугаартай “Магадлалын ерөнхий дүгнэлт”-ээр “...Улаанбаатар хот, ***** дүүрэг, 11 дүгээр хороо, Р*** хилсс хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх автозамын инженерийн нарийвчилсан зураг төслийн баримт бичгийг холбогдох норм, дүрмийн шаардлагад нийцүүлэн төлөвлөсөн бөгөөд уг зураг төслөөр автозамын барилгын ажил гүйцэтгэх боломжтой” гэж дүгнэсэн байна.  

4.4. Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр АЭЗ-21/** дугаартай “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг “ДР*** ” ХХК-д олгожээ.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдоос ирүүлсэн,

5.1. “Улаанбаатар хотыг Т*** голын усны үерээс хамгаалах үйл ажиллагааны танилцуулга”-ын “7. Хамгаалалтын далан барихаар тогтсон төлөвлөгөө” хэсгийн “Хэсэглэл 3”-т “Сэлбэ гол дээгүүрх төмөр замын гүүрнээс Т*** дээгүүр тавьсан хурдны замын гүүрээр Нисэх явдаг хэсэг. Энэ хэсэглэлд үйлдвэрийн район, цэнгэлдэх хүрээлэн, намын сургууль, 19 дүгээр хороолол байна. Зураглалаар дээрх хэсэгт үерээс хамгаалах далан барина”, “11. Гуравдугаар хэсэглэлийг хамгаалах арга хэмжээ” хэсэгт “Нэгдүгээр арга. Сэлбэ голоо Т*** голыг өөрчлөн урсгах Паркаас зүүн тийш голдрилоор, Сэлбэ гол дээгүүрх төмөр замын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл, цааш нь үйлдвэрийн районоос өмнө талаар Нисэх хүртэл, хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар: гүүрнээс ТЭЦ 3-ын баригдаж байгаа хилийн баруун талаар Нисэх хүртэлх хурдны замын гүүр хүртэл толгод маягийн далан байгуулах ба энэ нь үйлдвэрийн районыг үерийн уснаас хамгаалах юм. Энэ далангийн урт 5,9км ба толгод маягийн далан 2,3 км...”,

5.2. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 3/471 тоот албан бичигт “... Т*** голын үерийн хамгаалалтын байгууламж нь “Геодези, усны барилга байгууламжийн газарт” ОНӨААТҮГ-ын дансанд бүртгэлтэй байна”,

5.3. Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 194 тоот албан бичигт “Т*** гол болон түүний цутгал голуудын үерээс хамгаалах барилга байгууламжийн хайгуул зураг төслийн ажлыг 1966 оны үерийн дараагаас эхлэн тэр үеийн Барилгын зургийн институтэд боловсруулж 1973 он хүртэл барьж байгуулсан”,

5.4. Замын хөгжлийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 6/531 тоот албан бичигт “...Батлагдсан ажлын зургаар Зайсангийн авто замтай нийлэх хэсэгт шинээр баригдаж байгаа авто зам нь Т*** голын эргийн далантай 280м хэсэгт давхцаж байгаа...”,

5.5. Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02/10/1070 тоот албан бичигт “... уг даалгаврын дагуу батлагдсан загвар зурагт Т*** голын үерийн далангийн урдуур төлөвлөгдсөн бөгөөд Зайсангийн гудамжтай нийлэх хэсэгт далан дээгүүр төлөвлөгдсөн байна...”,

5.6. Зам тээврийн хөгжлийн сайдыг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/64 дүгээр тушаалын хавсралтад “XIII.1.1.28. Р*** хилс хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх авто зам, зогсоол, 1км /Улаанбаатар, ***** дүүрэг, 11 дүгээр хороо” Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч” гэжээ.

6. Дээрх авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар, магадлалын ерөнхий дүгнэлт, авто зам, зогсоол барих гэрээний дагуу Р****** хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх авто замын ажлын гүйцэтгэл хангагдсан тухайд болон энэ зам нь байршлын хувьд Т*** голын хойд эргээр хуучин үерийн далангийн урдуур болон дээгүүр баригдаж байгаа тухайд хэргийн оролцогчид маргаагүй.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “уг замын 720 метр орчим хэсэг нь үерийн далангийн урдуур, 280м орчим хэсэг нь үерийн далан дээгүүр баригдсан далантай давхцал бүхий хэсгийн хаялбар нь холбогдох замын өндөршлөөс хамааралтайгаар алгуураар буурсан, Т*** голын далангийн зураг төсөл боловсруулах ажлын тендер зарлагдаж нэг хуулийн этгээд шалгарсан” гэж тайлбарласан.

 

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан дээрх баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбарыг нэгтгэн үзвэл, нэхэмжлэгч талын “гамшгаас хамгаалах бүтцийг эвдэж зам барьснаар Улаанбаатар хотын нийт иргэдийн үер усны аюул өртөх эрсдэлийг бий болгож, нийтийн эрх ашигт ноцтой нөлөөлж байгаа нь хууль бус бөгөөд автозамын стандартад нийцэхгүй газарт зам барихдаа зураг төсөл батлах, төсөв хэлэлцэх, мэргэжлийн байгууллага, шинжээчээр хянуулах, иргэдэд мэдээлэл өгөх, гүйцэтгэлийг хийх, хянах зэрэг үйлдэл бүр дээр хууль дүрэм стандарт зөрчигдсөн” гэх тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна. Учир нь:

8.1. Маргаан бүхий авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар, магадлалын ерөнхий дүгнэлт, замын барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл, түүнчлэн нэхэмжлэгчээс илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардаж буй гэрээний дагуу баригдсан авто зам нь Улаанбаатар хотын дундуур, Т*** голын урсац дагуу хойд эргээр, зарим хэсэг нь өмнө баригдсан үерийн далангийн урдуур, зарим хэсэг нь үерийн далангийн дээгүүр баригдаж ашиглалтад орсон нь нийтэд илэрхий байх ба ба энэ тохиолдолд уг замын далан нь усны барилга байгууламжид тооцогдох учиртай.

8.2. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т “..., усны үер, гамшгаас хамгаалах энгийн болон инженерийн хийц бүхий барилга байгууламж”-ийг усны барилга байгууламж гэж тодорхойлсон байх ба уг байгууламжийг барих ажиллагааны журмыг мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т нь “...усны барилга байгууламжийг барихтай холбогдсон үйл ажиллагааг зохион байгуулах” гэж зааснаар нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэхээр, 161.4.10-т “усны барилга байгууламж барих, ... төсөлд дүгнэлт гаргах” гэж зааснаар усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дүгнэлт гаргахаар, 32 дугаар зүйлийн 32.1-т “Усны барилга байгууламжийн зураг, төсөл боловсруулах, барих ажлыг зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага гүйцэтгэх”-ээр, 32.2-т “Энэ хуулийн 32.8-д зааснаас бусад улсын чанартай усны барилга байгууламж барих шийдвэрийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, сав газрын захиргааны дүгнэлт, аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргах”-аар тус тус журамлажээ.

8.3. Мөн Хот байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар хот байгуулалт, төлөвлөлтөд “хүний аюулгүй байдал, байгаль экологи, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах” үндсэн зарчмыг баримтлахаар хуульчилсны зэрэгцээ 10 дугаар зүйлийн 10.1.3-т “зураг төсөл, хайгуул, шинжилгээний ажлыг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах” бүрэн эрхийг хотын ерөнхий архитектор хэрэгжүүлэхээр, 24 дүгээр зүйлийн 24.1.4-т зааснаар “инженер-геологийн судалгаа, зураг төсөлгүй барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барих, өргөтгөх, шинэчлэх”-ийг хот байгуулалтын үйл ажиллагаанд хориглохоор заажээ.

8.4. Гэтэл Зам, тээврийн хөгжлийн сайдаас эрх шилжүүлсний дагуу “Р****** хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх авто замын ажил”-ыг гүйцэтгүүлэхдээ  хариуцагч нийслэлийн Засаг дарга болон Хот байгуулалт, хөгжлийн газар нь хуулиар хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлэлгүй, тухайн байгууламжийг зөвхөн замын байгууламж гэж үзэж төлөвлөсөн, хэрэгжүүлсэн болох нь,

8.4.1. сав газрын захиргааны дүгнэлт, усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дүгнэлт ирүүлээгүйгээр,

8.4.2. “даланг шинэчлэх зураг төслийн тендер шалгаруулалт зарлагдсан байгаа” гэх хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар,

8.4.3. “КД*** ” ХХК-иас үйлдсэн “Р****** хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх авто замын зураг төсөл”-д үерийн хамгаалалтын арга хэмжээ төлөвлөгдөөгүйгээр/Зөвхөн далантай давхцаж байгаа хэсэгт хуучин далангийн бэхэлгээг буцаан хийхээр тусгагдсан/,

8.4.4. Зам тээврийн хөгжлийн төвийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1/319 дугаартай албан бичигт “... “КД*** ” ХХК-д 2.8.1.1.-2.8.1.5 дугаар ангиллын тусгай зөвшөөрөл олгосон байна. Далангийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлийн ангилал байдаггүй” гэснээр,

8.4.5.  Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 168 дугаар тушаалаар батлагдсан “Авто зам, замын байгууламжийн зураг төсөлд магадлал хийж, дүгнэлт гаргах журам”-ийн 9 дүгээр зүйлийн 9.11.1-т зааснаар Магадлалын ерөнхий дүгнэлт нь авто зам, замын байгууламжийн сонгосон байршил, техник-эдийн засгийн үзүүлэлтүүд, зураг төслийн үндсэн төлөвлөлт, техникийн шийдэл, бүтээцийн талаар тусгасан товч тодорхойлолт”-ыг тусгахаар, 9.12-т “Магадлалын ерөнхий дүгнэлт нь авто зам, замын байгууламжийн төлөвлөлт, инженерийн шийдлүүдэд өгөх мэргэжлийн үнэлгээ байх”-аар тус тус гэж заасан байхад маргаан бүхий 105**** тоот дүгнэлтийн хавсралт №1 хэсгийн 9-д дугаарлагдсан 9.11.1 хэсэгт “Тухайн зураг төслийн захиалгаар хийгдэх ажлын бүрэлдэхүүнд тусгагдаагүй” гэснээр тус тус тогтоогдов.

            8.6. Зүй нь хариуцагч захиргааны байгууллагууд нь голын урсац дагуу, үер усны аюулт үзэгдлийн эрсдэл бүхий газарт авто замын байгууламж барих зөвшөөрөл олгож  байгаа тохиолдолд хүний аюулгүй байдлыг нэн тэргүүнд нь хангаж ажиллах нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа “... бодит нөхцөл байдалд тохирсон” байх зарчимд нийцэхээр байхад хариуцагч захиргааны байгууллагууд нь “далан дээгүүр зам төлөвлөж болохгүй зүйл байхгүй” хэмээн тайлбарлаж маргаан бүхий актуудаар усны байгууламжийн инженерийн хийцлэлийг төлөвлөлгүйгээр Р*** хилсс хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх автозамын ажлыг гүйцэтгүүлсэн нь нийтийн ашиг сонирхолд эрсдэл учруулахуйц үр дагаврыг үүсгэжээ.

            8.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “маргаан бүхий актуудыг гаргахдаа мэргэжлийн байгууллага болох Геодези, усны барилга байгууламжийн газартай зөвшилцсөн” хэмээн тайлбарлах боловч “КД*** ” ХХК-иас үйлдсэн “Р****** хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх авто замын зураг төсөл”-ийн 4 дүгээр хуудсанд тус газрын инженерээс “голын үерийн хамгаалалтын далан, сувгийн бэхэлгээ төлөвлөх, зураг төсөлд тусгах, хамгаалалтын хайс, хашлага төлөвлөх, голын үерийн хамгаалалтын байгууламжийн эрхийг бэхэлгээний зураг төсөл мэргэжлийн байгууллагаар хянуулах, авто замын ус зайлуулах шугам төлөвлөх” гэснийг хэрэгжүүлсэн талаарх аливаа баримтыг хариуцагч болон гуравдагч этгээдээс ирүүлсэнгүй. Энэ тохиолдолд тухайн зураг төслийг усны байгууламжийн шаардлага хангасан, үерийн хамгаалалтын далангийн бэхэлгээний зураг төсөл боловсруулж, мэргэжлийн байгууллагаар хянуулсан гэж үзэх боломжгүй байна.

8.8. Дээрхээс үзвэл, хариуцагч нийслэлийн Засаг дарга нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан гамшгийн эрсдэлийг бууруулах “Бүтцийн арга хэмжээ" /барилга байгууламж, объект, зам, гүүр, далан болон бусад дэд бүтцийн аюулгүй, гамшигт тэсвэртэй байдлыг хангах арга хэмжээ/ авах, 32 дугаар зүйлийн 32.1.1-т “нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх”, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д “хот байгуулалтын үйл ажиллагаа болон газар ашиглалт, хамгаалалтад хяналт тавих” гэж тус тус заасан үүргээ хэрэгжүүлээгүй, хариуцагч Хот байгуулалт хөгжлийн газар нь дээр дурьдсан “хүн аюулгүй байдлыг хангах үүргээ тус тус хэрэгжүүлэлгүйгээр “Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар”-ыг баталсан, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр АЭЗ-21/** дугаартай “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг “ДР*** ” ХХК-д олгосон нь буруу байна.

8.9. Хэдийгээр үерийн хамгаалалтын байгууламжийн зураг төсөл боловсруулах үйл ажиллагааны журам тодорхойгүй, далангийн барилга байгууламжийг барих тусгай зөвшөөрөл олгогддоггүй байх боловч хариуцагч захиргааны байгууллагууд нь үерийн хамгаалалтын байгууламжийн зураг төсөлгүйгээр, гамшгийн эрсдэлийг бууруулах бүтцийн арга хэмжээ, тодруулбал, өмнө баригдсан байсан үерийн хамгаалалтын далангийн тэсвэртэй байдлыг хангах бус харин бүтцийг өөрчилсөн, далангийн урдуурх 820м орчим хэсгээр явган хүний болон дугуйн зам бүхий авто зам төлөвлөсөн болох нь “Т*** голын эргийн хамгаалалтын байгууламжийн зураг төсөв”-ийн ажлын гүйцэтгэгчийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр сонгон шалгаруулсан, гэрээ байгуулсан байгаагаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч талын “Улаанбаатар хотын нийт иргэдийн үер усны аюул өртөх эрсдлийг бий болгож, нийтийн эрх ашигт ноцтой нөлөөлж байгаа” гэх тайлбар үндэслэлтэй байна. /https://www.tender.gov.mn/mn/result/detail/1657042566572 /

8.10. Гэвч дээрх актууд нь хэрэгжиж дууссаны зэрэгцээ Улаанбаатар хотын нийт иргэдийн үер, усны аюулаас хамгаалагдах ашиг сонирхол байх тул Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ГБМЗХ2020***** дугаартай “Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар”, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр АЭЗ-21/** дугаартай “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            9. Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д “авто зам, замын байгууламжийн зураг төслийн хийц, инженерийн шийдэл, тооцоо нь байгаль, цаг уур, газар орны нөхцөлд зохицож байгаа эсэх, замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй байдал нь авто зам, замын байгууламжийн норм, норматив, техникийн баримт бичгийн шаардлага хангасан эсэхэд мэргэжлийн дүгнэлт гаргах үйл ажиллагаа”-ыг зураг төслийн магадлал гэж тодорхойлсон байх ба 11 дүгээр зүйлийн 11.1.8-д зааснаар авто замын судалгаа, шинжилгээ, хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага нь “авто зам, замын байгууламж, төмөр зам, аэродромын зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулж иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулж шинжээчийн эрх олгох” чиг үүргийг хэрэгжүүлэхээр, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Авто зам, замын байгууламжийн зураг төслийг захиалагчийн баталсан зургийн даалгаврын дагуу тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага гүйцэтгэх”-ээр, 19.2.5-д “авто зам, замын байгууламжийн зураг төсөлд эрх бүхий этгээдээр магадлал хийлгэж, дүгнэлт гаргуулан баталгаажуулсан байх”-аар, 19.4-т “Авто зам, замын байгууламжийн зураг төслийн алдааг зураг төсөл боловсруулсан байгууллага, зохиогч хариуцаж, гарсан хохирлыг барагдуулах”-аар, 19.5-д “Энэ хуулийн 19.4-т заасан зураг төслийн техникийн шийдлийн талаар гаргасан дүгнэлтийн алдааг магадлал хийсэн этгээд хариуцах”-аар тус тус зохицуулжээ.

            9.1. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 168 дугаар тушаалаар батлагдсан “Авто зам, замын байгууламжийн зураг төсөлд магадлал хийж, дүгнэлт гаргах журам”-ийн 9 дүгээр зүйлийн 9.3.2-т зааснаар  Авто замын судалгаа, шинжилгээ хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага нь “зураг төсөлд магадлал хийх шаардлага хангасан эксперттэй гэрээ байгуулах, гэрээг дүгнэх, алдаа гаргасан экспертэд хариуцлага тооцох, эрхийг цуцлах” чиг үүргийг хэрэгжүүлэхээр,

9.2. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 126 дугаар тогтоолоор батлагдсан “Зам, тээврийн хөгжлийн төвийн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар “Үйлдвэрийн газрын үйл ажиллагааны үндсэн зорилт нь Улсын Их Хурал, Засгийн газар, Зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зам, тээврийн талаар гаргасан бодлого, шийдвэр, Авто замын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан чиг үүргийн хүрээнд Монгол Улсын авто замын сүлжээний ашиглалтын бэлэн байдалд хяналт тавих, арчлалт, засварын ажлыг удирдан зохион байгуулах, зам, тээврийн чиглэлээр эрдэм шинжилгээний ажил эрхлэх, стандарт, норм, нормативын баримт бичиг боловсруулах, авто зам, замын байгууламжийн зураг төслийн магадлалын үйл ажиллагааг зохион байгуулах, авто замын салбарын мэргэжилтэй ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын техник, технологийн хяналтыг хэрэгжүүлэх” гэж тус тус заажээ.

9.3. Маргаан бүхий 105**** тоот дүгнэлтэд ажилласан эксперт У.П****-аас “...авто замын төлөвлөлт, бусад холбогдох асуудлаар тодорхой тайлбар, дүгнэлт хийх боломжгүй, ... инженерүүдэд зөвлөмж өгч Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 168 дугаар тушаалын холбогдох зүйлийн дагуу дүгнэлт бичсэн” гэсэн тайлбарыг гаргаж, “...замын төлөвлөлт, ус зүйн тооцоо, даланг хүчитгэсэн эсэх” талаарх тайлбар гаргахаас татгалзжээ/3хх-62 дахь талд/.

10. Автозамын тухай хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, зураг төсөлд хийх магадлалыг авто замын судалгаа, шинжилгээ, хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагаас зарласан зохих мэргэжлийн чиглэлээр экспертийн эрх авсан иргэн, хуулийн этгээд хийж дүгнэлт гаргаж улмаар зураг төслийн техникийн шийдлийн талаар гаргасан дүгнэлтийн алдааг магадлал хийсэн этгээд хариуцахаар зохицуулсан байхад хариуцагч “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨААТҮГ нь маргаан бүхий 105**** тоот магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргаж, баталгаажуулсан байгаа нь хуулиар өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

11. Өөрөөр хэлбэл, авто замын судалгаа, шинжилгээ, хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага нь магадлал хийх ажлыг экспертүүдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх замаар зохион байгуулахаар хуульд заасан байхад хариуцагч нь өөрөө магадлалын дүгнэлт гаргах эрхтэй мэтээр хуулиас давсан журмын зохицуулалтыг үндэслэн тайлбарлаж байгаа нь Автозамын тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцэхгүй байх тул “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын  2021 оны 105**** тоот дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасан захиргааны илт хууль бус акт байна.

12. Дээрх захиргааны илт хууль бус актын улмаас тухайн зураг төслийн алдаа болон техникийн шийдлийг хариуцах эзэнгүй болгож, улмаар маргаан бүхий акт, магадлалын дүгнэлтийн дагуу баригдах замын байршилтай холбоотой үүсэх эрсдэл, хор аюулыг хэрхэн зайлуулах талаар зураг төсөлд тусгагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн, Улаанбаатар хотын нийт иргэдийг үер усны аюулд өртүүлэх эрсдэлийг бий болгосон байх тул 105**** тоот “Магадлалын ерөнхий дүгнэлт”-ийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

13. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Р****** хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх авто зам, зогсоол 1 км /Улаанбаатар, ***** дүүрэг, 11 дүгээр хороо/ ажил”-ын ЗТХЯ/202005**** тоот гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн тухайд:

13.1. Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2020 оны А/126 дугаар тушаалаар байгуулагдсан тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 03 тоот хуралдаанаас “... “Р****** хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх авто зам, зогсоол 1 км /Улаанбаатар, ***** дүүрэг, 11 дүгээр хороо/ ажил”-д гишүүдийн 100%-ийн саналаар “ДР*** ” ХХК-иас ирүүлсэн ... үнийг саналыг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах мэдэгдлийг хүргүүлэх”-ээр шийдвэрлэж, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01/2475дугаартай албан бичгээр “... гэрээ байгуулах эрх олгосон”-ыг мэдэгджээ.

13.2. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Р****** хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх авто зам, зогсоол 1 км /Улаанбаатар, ***** дүүрэг, 11 дүгээр хороо/ ажил”-ын ЗТХЯ/202005**** тоот гэрээг “ДР*** ” ХХК-тай байгуулж, 2020 оны 12 дугаар сарын 10 болон 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрүүдэд тус тус “...нэмэлт гэрээ” байгуулж, барилгын ажлыг ашиглалтад оруулах хугацааг сунгаж байжээ.

13.3. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээрр зүйлийн 29.1-д “Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж, 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заажээ.

13.4. Захиргааны ерөнхий хуулийн 55.1-д “Дараах тохиолдолд захиргааны гэрээ илт хууль бус байна:”, 55.1.7-д “илэрхий алдаатай, хор уршигтай үр дагавар бүхий” гэж тус тус заажээ.

14. Дээрх 8.9 дэх хэсэгт дурдсанчлан “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Р****** хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх авто зам, зогсоол 1 км ажил”-ын гэрээний дагуу “ДР*** ” ХХК-иас Т*** голын урсац дагуу авто зам барьсан нь илэрхий хор уршигтай, нийтийн ашиг сонирхолд сөрөг үр дагавар бүхий гэж үзэхээр байх боловч уг гэрээг илт хууль бус гэж үзэхээргүй байна.

14.1. Учир нь нэхэмжлэгчээс илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардаж буй гэрээний дагуу авто зам баригдсан нь гэрээ байгуулж ажилласан хуулийн этгээдийн үйл ажиллагаанаас хамааралгүй, нэхэмжлэгчийн тайлбарлаж буй үр дагавар нь гэрээнээс бус захиргааны байгууллагын төлөвлөлтөөс хамааралтай байна.

14.2. Нөгөө талаас, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдах авах тухай хуульд заасанчлан зохион байгуулагдсан тендер шалгаруулалтад оролцон шалгарч ажил гүйцэтгэсэн хуулийн этгээдийг буруутгах үндэслэлгүй.

14.3. Иймд “2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дугаар ЗТХЯ/2020 05**** тоот “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Р****** ” хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх авто зам, зогсоол 1 км /Улаанбаатар, ***** дүүрэг, 11 дүгээр хороо/ ажлын гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

15. “Буруутай этгээдээр буюу нийслэлийн Засаг даргаар уг нэхэмжлэлд дурдагдсан үерийн даланг сэргээн барих, урьдын байсан хэвийн ашиглалтын хэмжээг хүртэл засуулж, зөрчлийг арилгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн тухайд:

16. Нэхэмжлэгчээс “...даалгах” шаардлагын үндэслэлээ, нийслэлийн Засаг даргын А/414 дүгээр захирамжийн улмаас учирсан хохирлыг арилгуулах хэмээн тодорхойлсон, хариуцагч захиргааны байгууллагуудын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох гэж томьёолоогүй боловч агуулгын хувьд хариуцагч захиргааны байгууллагууд нь гамшгаас хамгаалах үүргээ биелүүлээгүй”-тэй маргаж нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна. Тодруулбал,

16.1. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ “... Усны тухай хуулийг хэрэгжүүлэх, мөрдүүлэх талаар ... Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “...үерийн аюул болзошгүй хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, уршгийг арилгах арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, хөрөнгийн хэмжээг тодощрхойлж, ... батлуулж, хэрэгжүүлэх”, 12.1.3-т “Усны барилга байгууламжийг барихтай холбогдсон үйл ажиллагааг зохион байгуулах” гэж заасныг хэрэгжүүлээгүй, Гамшгаас хамгаалах тухай хуулийн холбогдох заалтууд зөрчигдсөн, ... хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 “хөгжлийн бодлогын төлөвлөлтөд гамшгийн эрсдлийг тооцох” гэснийг анхаарч үзээгүй ...” гэсэн.

16.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...дандаа авто зам барих даалгавар өгсөн, үерийн далантай холбоотой нэг ч шийдвэр байхгүй, ... далангийн дотор талд зөвхөн ус байх ёстой байхад дотор талаар зам тавьсан, уг авто зам нь үерийн усыг иргэдийн дээрээс байгалийн давагдашгүй гамшиг болгож хувиргахаар байгаа тул энэ байгууламж нь нийтийн эрх ашигт онц аюултай болно, ... хариуцагч нийслэлийн Засаг дарга нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ хэрэгжүүлээгүй” гэх зэргээр тайлбарласан.

17. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ тайлбарлаж байгаагаас үзвэл, нэхэмжлэгчээс  “...үерийн даланг сэргээн барих, урьдын байсан хэвийн ашиглалтын хэмжээг хүртэл засуулж, зөрчлийг арилгуулахыг даалгах” шаардлагыг Улаанбаатар хотын нийт иргэдийг үер усны аюулд өртөж болзошгүй эрсдэл, гамшгаас хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйтэй маргаж байна гэж үзэхээр байна.

18. Мөн хариуцагч захиргааны байгууллагууд нь маргаан бүхий авто замыг төлөвлөхдөө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох хуулиудаар, тодруулбал энэ шийдвэрийн 8.2, 8.3, 8.6, 8.8 дахь хэсгүүдэд дурьдсан хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

19. Өөрөөр хэлбэл, хариуцагч захиргааны байгууллагууд нь хуулиар хүлээсэн голын урсац дагуу усны барилга байгууламж, төлөвлөх, ингэхдээ тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар уг инженер-геологийн судалгаа, усны барилга байгууламжийн зураг төсөл боловсруулуулах, Т*** голын сав газрын захиргаанаас дүгнэлт гаргуулах, усны барилга байгууламж барих шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн шийдвэр гаргуулах, хүний аюулгүй байдлыг хангах, бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах, гамшгийн эрсдлийг бууруулах, хот байгуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй байх тул  буруутай этгээдээр үерийн даланг сэргээн барих, урьдын байсан хэвийн ашиглалтын хэмжээг хүртэл засуулж, зөрчлийг арилгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэхлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.10, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, Хот байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 9 дүгээр зүйлийн 9.1.5, 9.2, 24 дүгээр зүйлийн 24.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 11 дүгээр зүйлийн 11.1.8, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээрр зүйлийн 29.1, 29.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “НШ******” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ГБМЗХ2020***** дугаартай “Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар”, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр АЭЗ-21/** дугаартай “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, “Замын хөгжлийн төв” ОНӨААТҮГ-ын 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 105**** тоот “Магадлалын ерөнхий дүгнэлт”-ийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Улаанбаатар хотын нийт иргэдийг үер усны аюулд өртөж болзошгүй эрсдэл, гамшгаас хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй үерийн даланг сэргээн барих, урьдын байсан хэвийн ашиглалтын хэмжээг хүртэл засуулж, зөрчлийг арилгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2-т заасныг баримтлан “НШ******” НҮТББ-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/414 дүгээр тоот эрх шилжүүлэх тухай захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. “НШ******” НҮТББ улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.МӨНХЗУЛ