Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2023/0152

 

 

 

 

 

 

 

    “Н шНҮТББ-ын нэхэмжлэлтэй

       захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урангоо, Зам, тээврийн хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхтуяа

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Н ш" НҮТББ

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга

Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн төв

Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газар

Хариуцагч Нийслэлийн Замын хөгжлийн газар

Гуравдагч этгээд “Д р” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нийслэлийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/414 дүгээр тоот эрх шилжүүлэх тухай захирамж, Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ГБМЗХ2020/16-020 дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар, Зам, тээврийн хөгжлийн төвийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дээр дурдсан Авто замын зураг төсөлд холбогдуулан гаргасан 105/2021 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн АЭЗ-21/01 дугаартай Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл зэрэг акт, шийдвэрүүдийг хууль бус захиргааны актад тооцуулж, хүчингүй болгуулах,

1.2.2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дугаар ЗТХЯ/2020 05085 тоот Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Ривер хиллс” хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх авто зам, зогсоол 1 км /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо/ ажлын гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.7-д заасан үндэслэлээр илт хууль бус захиргааны актад тооцож хүчингүй болгуулах,

1.3.Дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулан буруутай этгээдээр буюу Нийслэлийн Засаг даргаар уг нэхэмжлэлд дурдагдсан үерийн даланг сэргээн барих, урьдын байсан хэвийн ашиглалтын хэмжээг хүртэл засуулж, зөрчлийг арилгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 879 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.О

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Г

Хариуцагч Зам тээвэр хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/0044/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Н ш" НҮТББ-аас  Нийслэлийн Засаг дарга, Зам, тээврийн хөгжлийн төв, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Замын хөгжлийн газарт тус тус холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/414 дүгээр тоот эрх шилжүүлэх тухай захирамж, Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ГБМЗХ2020/16-020 дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар, Зам, тээврийн хөгжлийн төвийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дээр дурдсан Авто замын зураг төсөлд холбогдуулан гаргасан 105/2021 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн АЭЗ-21/01 дугаартай Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл зэрэг акт, шийдвэрүүдийг хууль бус захиргааны актад тооцуулж, хүчингүй болгуулах, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн дугаар ЗТХЯ/2020 05085 тоот Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Р х” хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх авто зам, зогсоол 1 км /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо/ ажлын гэрээг захиргааны гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.7-д заасан үндэслэлээр илт хууль бус захиргааны актад тооцож хүчингүй болгуулах, дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулан буруутай этгээдээр буюу Нийслэлийн Засаг даргаар уг нэхэмжлэлд дурдагдсан үерийн даланг сэргээн барих, урьдын байсан хэвийн ашиглалтын хэмжээг хүртэл засуулж, зөрчлийг арилгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 879 дүгээр шийдвэрээр: 

2.1.“Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, Хот байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 9 дүгээр зүйлийн 9.1.5, 9.2, 24 дүгээр зүйлийн 24.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 11 дүгээр зүйлийн 11.1.8, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н ш” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ГБМЗХ2020/16-020 дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн АЭЗ-21/01 дугаартай Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, Замын хөгжлийн төв ОНӨААТҮГ-ын 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 105/2021 тоот магадлалын ерөнхий дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Улаанбаатар хотын нийт иргэдийг үер усны аюулд өртөж болзошгүй эрсдэл, гамшгаас хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй үерийн даланг сэргээн барих, урьдын байсан хэвийн ашиглалтын хэмжээг хүртэл засуулж, зөрчлийг арилгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож”,

2.2.“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2-т заасныг баримтлан “Н ш” НҮТББ-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/414 дүгээр тоот эрх шилжүүлэх тухай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Анхан шатны шүүхээс үзэхдээ “16.Нэхэмжлэгчээс “даалгах” шаардлагын үндэслэлээ нийслэлийн Засаг даргын А/414 дүгээр захирамжийн улмаас учирсан хохирлыг арилгуулах хэмээн тодорхойлсон, хариуцагч захиргааны байгууллагуудын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох гэж томьёолоогүй боловч агуулгын хувьд хариуцагч захиргааны байгууллагууд нь гамшгаас хамгаалах үүргээ биелүүлээгүй”-тэй маргаж нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна” гэж, “17. ...Улаанбаатар хотын нийт иргэдийг үер усны аюулд өртөж болзошгүй эрсдэл, гамшгаас хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйтэй маргаж байна гэж үзэхээр байна” гэж тус тус үзэн, Нийслэлийн Засаг даргад “19. ...буруутай этгээдээр үерийн даланг сэргээн барих, урьдын байсан хэвийн ашиглалтын хэмжээг хүртэл засуулж, зөрчлийг арилгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн.

Анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө тайлбарлан, нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан.

Дээрх даалгах шаардлагын хувьд хариуцагчаас хуульд заасны дагуу эс үйлдэхүй гаргаж байгаагүй бөгөөд нэхэмжлэгч энэ асуудлаар хариуцагчид гомдол санал гаргаж байгаагүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсан гэж үзэхгүй байна.

Мөн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ГБМЗХ2020/16-020 дугаартай “Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар” нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн АЭС-21/01 дугаартай “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл”-ийг хууль бус, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын 2021 оны 105/2021 тоот магадлалын ерөнхий дүгнэлт зэргийг илт хууль бус байсан болохыг тус тус тогтоож шийдвэрлэсэн.

Маргаан бүхий дээрх захиргааны актууд нь хэрэгжээд дууссан бөгөөд тус “Р Х” хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх 1 км авто замын хөдөлгөөн нээгдсэн, баригдсан тухайн замыг буулгаж өмнөх байдалд оруулна гэдэг нь бодит байдалд биелэх боломжгүй юм.

Дээрхээс үзвэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 879 дүгээр шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчиж байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

4.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 105/2021 дугаараар баталгаажуулсан магадлал хийгдсэн зураг төсөл, магадлалын ерөнхий дүгнэлт Авто замын тухай хууль болон Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 168 дугаар тушаалаар “Авто зам, замын байгууламжийн зураг төсөлд магадлал хийж, дүгнэлт гаргах журам”-д заасны дагуу хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт гарсан болно.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн:

1. Авто замын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6, 19 дүгээр зүйлийн 19.3-т заасны дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 168 дугаар тушаалаар "Авто замын замын байгууламжийн зураг төсөлд магадлал хийж, дүгнэлт гаргах журам" батлагдсан. Уг журмын 9.3- т "Авто замын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.8-д заасны дагуу авто зам, замын байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг Авто замын судалгаа, шинжилгээ хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага зохион байгуулна" гэж заасан.

2. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 42 дугаар хуралдааны тэмдэглэлд Авто замын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан “Авто замын судалгаа, шинжилгээ хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага”-ын чиг үүргийг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-т хариуцуулан ажиллуулахаар тусгасан.

Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 126 дугаар тогтоолоор батлагдсан “Зам, тээврийн хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн 4.5.5-д “авто зам, төмөр зам, аэродромын инженерийн нарийвчилсан зураг төсөлд магадлал хийх ажлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулах, иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, шинжээчийн эрх олгох” чиг үүргийг хэрэгжүүлэхээр тогтоосон.

Үүний дагуу Зам, тээврийн хөгжлийн төв нь зураг төслийн магадлалын үйл ажиллагааг зохион байгуулах дээрх хууль тогтоомжоор олгогдсон чиг үүргийн хүрээнд “К р” ХХК-тай 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2021/158 дугаар Зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын гэрээ байгуулан “магадлалын ерөнхий дүгнэлт”-ийг гаргуулсан бөгөөд журмын 9.16-д заасны дагуу тэмдгээр зураг төслийн хуудас бүрийг баталгаажуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан захиргааны илт хууль бус актад хамаарахгүй.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2022/00879 дугаартай шийдвэрийн 19 дэх тал 10 дахь хэсгийн “Зам, тээврийн хөгжлийн төв нь маргаан бүхий 105/2021 тоот магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргаж, баталгаажуулсан байгаа нь хуулиар өөрт олгогдоогүй 105/2021 тоот дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэсэн нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

2. Мөн Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр баталсан №3Д-2020,093 дугаартай зураг төсөл боловсруулах ажлын даалгавар, Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ГБМЗХ2020/16-020 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаварт авто замын трассыг хавсралтаар баталсан бөгөөд эдгээр даалгаварт үерийн хамгаалалтын далангийн талаар тусгагдаагүй.

Авто зам төлөвлөсөн газарт үерийн хамгаалалтын далангийн байгууламж байсан бөгөөд магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажсан зураг төслийн хөндлөн огтлолын зурагт Пко+00-Пк2+60 хооронд 260 м газар үерийн хамгаалалтын далантай тус авто зам давхацсан нөхцөл байдлыг шүүхийн шийдвэрийн 20 дахь талын 12 дахь хэсэгт “дээрх захиргааны илт хууль бус актын улмаас маргаан бүхий акт, магадлалын дүгнэлтийн дагуу баригдах замын байршилтай холбоотой үүсэх эрсдэл, хор аюулыг хэрхэн зайлуулах талаар зураг төсөл тусгагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлснээр Улаанбаатар хотын нийт иргэдийг үер усны аюулд өртүүлэх эрсдэлийг бий болгосон..." гэж дүгнэсэн нь тухайн хэрэг маргааны харьяаллын асуудал, хэрэг хянан шийдвэрлэх нөхцөл байдлыг тогтоолгүйгээр шийдвэрлэсэн нь харагдаж байна.

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 105/2021 дугаараар баталгаажуулсан магадлал хийгдсэн зураг төсөл, магадлалын ерөнхий дүгнэлт Авто замын тухай хууль болон Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 168 дугаар тушаалаар баталсан "Авто зам, замын байгууламжийн зураг төсөлд магадлал хийж, дүгнэлт гаргах журам"-д заасны дагуу хууль зүйн үндэслэл бүхий гарсан бөгөөд дээрх шалтгаан нөхцөлийг харгалзан үзэж 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2022/0879 дугаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан.

            Гэтэл “Н ш” НҮТББ-аас:

            “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Эрх шилжүүлэх тухай” А/414 дүгээр захирамж,

-Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ГБМЗХ2020/16-020 дугаар Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар,

            -Зам, тээврийн хөгжлийн төвийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 105/2021 дугаар Магадлалын ерөнхий дүгнэлт,

            -Нийслэлийн авто замын хөгжлийн газрын 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн АЭО-21/01 дүгээр Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах…” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байхад шүүхийн шийдвэрт Хот байгуулалт, хөгжлийн газар болон Нийслэлийн авто замын хөгжлийн газарт тус тус холбогдох Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар, Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус “хууль бус байсан болохыг тогтоох” байдлаар, мөн Зам, тээврийн хөгжлийн төвийн магадлалын ерөнхий дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоон хүчингүй болгох зэргээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг өөрчлөн хангаснаар хуулийн дээрх заалт зөрчигджээ.

            2.Түүнчлэн уг хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж шүүхээс гарах шийдвэрийн төрлийг тодорхойлсон.

            Гэтэл мөн л Нийслэлийн Засаг даргын ямар хууль бус үйлдэл, эс үйлдэхүй байгаа болохыг тогтоохгүйгээр үерийн даланг сэргээн барих, урьдын байсан хэвийн ашиглалтын хэмжээг хүртэл засуулж, зөрчлийг арилгуулахыг түүнд даалгаж байгаа нь ойлгомжгүй, хэрэгжих боломжгүй шийдвэр болжээ.

            Дээрх хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх”-аас гадна хэрэгжих бодит боломжтой байх шаардлагатай.

            Гэтэл шүүхийн шийдвэрт даалгах шаардлагатай холбогдуулан нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг “…Улаанбаатар хотын нийт иргэдийг үер усны аюулд өртөж болзошгүй эрсдэл, гамшгаас хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйтэй маргаж байна гэж үзэхээр байна…” гэх зэргээр нэхэмжлэлийн үндэслэлийг нэхэмжлэгчийн өмнөөс тодорхойлсон төдийгүй хариуцагч захиргааны байгууллагуудыг учирч болзошгүй гамшгаас хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгасан атлаа зөрчлийг арилгуулахыг зөвхөн нийслэлийн Засаг даргад, ийнхүү даалгахдаа үерийн даланг сэргээн барих, урьдын байсан хэвийн ашиглалтын хэмжээнд хүртэл засуулахаар шийдвэрлэсэн нь бодитоор хэрэгжих боломжтой эсэхийг анхаарсангүй.  

            Нэхэмжлэгчээс нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг Засаг даргын 2020 оны А/414 дүгээр захирамжтай холбож тайлбарладаг. Гэтэл шүүхийн шийдвэрээр эрх шилжүүлэх тухай дээрх захирамжийг байгууллагын дотоод зохион байгуулалтын буюу захиргааны актын шинжийг агуулаагүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Засаг даргын хувьд улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжих “Р х” хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх 1 км авто зам, зогсоолын ажлыг баталж, харьяа байгууллагуудад холбогдох эрхийг шилжүүлсэн, гүйцэтгэлд болон бий болсон хөрөнгийн эзэмшил ашиглалтад хяналт тавьж ажиллахыг тус тус даалгасан дээрх захирамжаас өөрөөр ямар нэгэн шийдвэр гаргаагүй, түүнчлэн нэхэмжлэгч талаас ч Засаг даргад хэзээ хэрхэн хандаж өргөдөл, гомдол гаргаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар тухайн захиргааны акт хууль бус болох нь тогтоогдвол хүчингүй болгохоос бус “илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” шийдвэр гаргахгүй. Учир нь уг хуулийн 106.3.2-т зааснаар “захиргааны актыг илт хууль бус болохыг тогтооно, түүнээс илт хууль бус актыг хүчингүй болгох ойлголт байхгүй.

            Тухайлбал Зам, тээврийн хөгжлийн төвийн магадлалын ерөнхий дүгнэлт шүүхийн шийдвэрт дүгнэсэнчлэн илт хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хүчингүй болгохгүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасан тул эрх зүйн үйлчлэлгүй, уг хуулийн 47.1-д заасан шинжийг агуулж буй актыг хүчингүй болгох шаардлагагүй.

            4.Нэхэмжлэлийн шаардлагаас гадна бодит байдалд “Р х” хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх 1 км авто зам, зогсоол ашиглалтад орсон, иймд энэхүү төсөлтэй холбогдох маргаан бүхий актуудыг хүчингүй болгосноор нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх, үерийн далан дээгүүр баригдсан 280 метр авто замыг шилжүүлэх боломжтой эсэх, эсхүл нэгэнт баригдсан авто замын трассыг өөрчлөхгүйгээр үерийн даланг шинэчлэх, магадгүй авто зам бүхий далан байж болох эсэхийг ч тодруулах нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч талын тайлбараас үзэхэд ТББ-ын зорилго нь үерийн даланг сэргээлгэхийг хүссэн.

            Гэтэл Авто замын хөгжлийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4/2110 дугаар иргэн С.Х-д хувийг нь өгсөн хариу албан бичигт “…авто замын трасс 280 м урт хэсэгт үерийн далантай давхцаж байгаа ч зураг төсөл боловсруулагдах явцад холбогдох байгууллагуудтай зөвшилцөж зөвшөөрөл авсан болно…”,

-“К р” ХХК-ийн авто замын зураг төсөлд Геодези, усны барилга байгууламжийн газраас 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр “…голын үерийн хамгаалалтын даланг сувагласан эргийн бэхэлгээ төлөвлөх, зураг төсөлд тусгах, голын үерийн хамгаалалтын байгууламжийн эргийн бэхэлгээний зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хянуулах, голын үерийн хамгаалалтын байгууламжийн хярын өндөртэй замын түвшинг тэнцүүлж өндөрлөх…” саналыг тусгасан,

-Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мөн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “…Туул голын үерийн хамгаалалтын асуудлаар холбогдох байгууллагуудтай зөвшилцөх…” гэж санал оруулсан, 

-Геодези, усны барилга байгууламжийн газраас 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/531 дүгээр албан бичгээр нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч П.Ганзоригт өгсөн хариунд “…үерийн хамгаалалтын норм, стандартыг хангуулах тал дээр онцгой анхаарч ажиллаж байгаа...”-гаа мэдэгдсэн,

-Замын хөгжлийн газрын шүүхэд ирүүлсэн 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 6/531 дүгээр хариу тайлбарт “…хуучин далангийн өндөр багасахгүй, өргөн нь тодорхой хэмжээнд өргөсөх бөгөөд өнөөдрийн байдлаар далангийн дүүргэлтийн ажил технологийн дагуу 90 хувьтай хийгдэж байна…” гэх,

-гуравдагч этгээд “Д р” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 16/22 дугаар тайлбарт “…далан нураасан болон намсгасан зүйл байхгүй бөгөөд эсрэгээрээ далан зарим хэсгээрээ өргөсөж байгаа. Энэ талаар “Н ш” ТББ-ын захиалгаар “И г” ХХК-ийн инженер Ц.М геодезийн хэмжилт хийгээд явсан. Одоогийн байдлаар далангийн ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба баруун хэсэгт дахин 0.5-3 м-ын зузаантай даланг нэмж барих ажил хийгдэх болно. Далангийн ажил 100 хувь дууссаны дараа хэмжилт хийвэл хуучин далангаас огт намсаагүй болохыг нотлох боломжтой…” гэх,

-Зам, тээврийн хөгжлийн төвийн 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 1/132 дугаар хариу албан бичигт “…Хуучин байсан үерийн далангийн өргөн 6-8 м байсныг одоо баригдаж байгаа замын далангийн өргөн 13.22-13.68 м байхаар өргөсгөж, төлөвлөлт хийгдсэн. Тус замын зураг төсөлд Геодези, усны барилга байгууламжийн газартай зөвшилцөл хийгдсэний дагуу замын зарим хэсэгт үерийн хамгаалалтын байгууламжийн түвшинг 0.3-0.4 м өндөрлөх, бусад хэсгээр үерийн хамгаалалтын байгууламжийн өндөртэй замын түвшинг тэнцүүлэн өндөрлөхөөр төлөвлөсөн. Даланг өргөсгөж дууссаны дараа бетон бэхэлгээг дахин хийхээр зураг төсөлд тусгасан…” талаар тус тус дурджээ.

Эдгээрээс үзэхэд бодит байдалд авто зам ашиглалтад орсон тул Туул голын үерийн далангийн урьдын байсан хэвийн ашиглалт алдагдсан эсэхийг мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргаж тогтоолгох нь хэргийг нэг мөр хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг мөн өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүгчийн 1065 дугаар захирамжаар “…дараагийн урьдчилсан хэлэлцүүлгээр шинжээч томилох эсэх, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэхээр тогтсон байх боловч дараа нь актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг л шийдвэрлэснээс бус шинжээч томилуулах хүсэлт хэлэлцэгдээгүй орхигджээ.

Гэтэл шүүхийн шийдвэрт “…гамшгаас хамгаалах бүтцийг эвдэж зам барьснаар Улаанбаатар хотын нийт иргэдийн үер, усны аюулд өртөх эрсдэлийг бий болгож, нийтийн эрх ашигт ноцтой нөлөөлж байгаа нь хууль бус…” гэх нэхэмжлэгч талын тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхдээ, мөн “...усны байгууламжийн инженерийн хийцлэлийг төлөвлөлгүйгээр авто замын ажлыг гүйцэтгүүлсэн буруу” гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг харьцуулан дүгнээгүй, нотлох баримт цуглуулах үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулсны үндсэн дээр хэргийг дахин хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 879 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

    ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

    ШҮҮГЧ                                                  Д.ОЮУМАА

 

    ШҮҮГЧ                                                    Э.ЛХАГВАСҮРЭН