Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2018/00734

 

 

 

 

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2018/00734

Улаанбаатар хот

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Н-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х банк  ХХК,

Хариуцагч: Ц.О нарт холбогдох,

 

Нийт 4,094,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Н, түүний өмгөөлөгч Д.М, хариуцагч Х банк ХХК-ийн төлөөлөгч Х.С, хариуцагч Ц.О, түүний өмгөөлөгч Б.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие******* банкны 5075013369 тоот болон бусад данс эзэмшдэг харилцагч бөгөөд 2015 оноос интернет банк ашиглах гэрээ байгуулан дансандаа орлого, зарлагын гүйлгээ хийж байсан.

2016.09.28-нд дансанд орлого орсныг шалгахаар интернет банкинд нэвтрэхэд нууц үгээ зөв хийсээр байтал блоклогдсон ба сэргээж нэвтэртэл 2016.09.24-ний өдрийн 16 цаг 16 минутад 5033037389 тоот данс руу 2,200,000 төгрөг шилжигдэн орсон байсан. 2016.09.24-ний өдөр интернет банкинд огт нэвтрээгүй ба би гүйлгээ хийгээгүй юм.

Ингээд хэн нэг этгээд интернет банкийг хууль бусаар ашигласан гэж үзээд 2016.09.28-ны өдөр орсон орлого 2,200,000 төгрөгийг дээрх байдлаар алдахаас сэргийлж хүүхдийнхээ данс руу шилжүүлэхээр гүйлгээний загвараа бөглөж гүйлгээний нууц үгээ 3 удаа зөв оруултал бас блоклогдсон.

Ингээд******* банкны эрх бүхий албан тушаалтан болон цагдаад мэдэгдсэн. Гүйлгээний нууц үгээ сэргээлгэхээр мэйл хаягаасаа хүсэлтийг******* банкны [email protected] хаяг руу явуулсан боловч ямар ч шалтгаангүйгээр гүйлгээний нууц үг сэргээж өгөөгүй. Энэ нь миний и-мэйл хаягаас харагдана. 2016.09.28, 2016.09.29-ний өдөр 3-4 удаа хүсэлт явуулсан боловч сэргээж өгөөгүй.

Нөгөө талаар интернет банкны гүйлгээний нууц үг блоклогдсон юм чинь мөнгө дахин шилжих боломжгүй гэж бодсон бөгөөд банкинд мэдэгдсэн, гүйлгээний нууц үг сэргээж өгөхгүй байгаа тул яаж ч чадаагүй ба энэ үед миний бие Солонгос улсад байсан юм.

Ингээд 2 хонож байтал 2016.09.30-ны өдрийн орой 23 цаг өнгөрсөн байхад 5075013369 тоот дансанд байсан 2,200,000 төгрөгийн 800,000 төгрөг үл мэдэгдэх шалтгаанаар интернет банк гэсэн утгаар бусдын данс руу шилжсэн байсан.

Миний бие Солонгос улсад амьдарч байсан учраас 5075073369 тоот дансны ATM-ээс мөнгөн авдаг картаа онгоцоор явуулан дансанд үлдсэн 1,400,000 төгрөгөө хүүхдээрээ 2016.10.01-ний өдөр авахуулсан.

Ингээд данснаас мөнгөө алдаж Хан-Уул дүүргийн цагдаад өргөдөл гаргасан, шалгаж байгаа учраас ирж мэдүүлэг өгөх ажлаар Солонгос улсаас 2016 оны 10 сарын 06-ны өдөр ирсэн ба эргээд 2016.10.27-ны өдөр Солонгос улс руу буцсан. Энэ хугацаанд******* банкийг миний хохирлыг барагдуулж өгөх байх гэж итгэн хүлээсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй.

Миний данснаас Ц.Отгондаваагийн 5033037389 тоот дансанд 2,000,000 төгрөг шилжин орсон байдаг. Иймд Ц.Отгондавааг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа учир 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Харин******* банк нь и-мэйл бичээд байхад арга хэмжээ аваагүйн улмаас данснаас дахин 800,000 төгрөг учир******* банкнаас 800,000 төгрөгийг, мөн Солонгос улсаас Монгол улсад ирж буцсан 1,294,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч******* банк ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч *******гийн манай******* банк ХХК дахь 5075013369 тоот данснаас интернет банкны гүйлгээ хийгдэж, нийтдээ 3,000,000 төгрөгийн зарлага гарсан гэх асуудалд******* банк ХХК буруугүй, банк буруутай гэдгээ нэхэмжлэгч баримтаар нотлоогүй байна. Манай банкны харилцагч нь интернет банкинд нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээ хийх нууц үгээ бусдад задруулахгүй байх, алдахаас сэргийлэх үүрэгтэй байдаг.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үзвэл нэхэмжлэгч өөрөө интернет банкинд нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээ хийх нууц үгээ бусдад ашиглах зөвшөөрөл өгч гүйлгээ хийлгэсэн, эсхүл өөрийн хариуцлагагүй байдлаас интернет банкаар нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээ хийх нууц үгээ бусдад алдсан байх боломжтой бөгөөд бусдад ийм боломж олгоогүй, ийм үйлдэл гаргаагүй гэдгээ нэхэмжлэгч өөрөө нотлох шаардлагатай.

Гэтэл нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ц.Отгондаваа, Д.Чанцалмаа нарын данс руу түүний данснаас мөнгө шилжсэн асуудалд банкийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч ******* нь данснаас мөнгө хулгайлагдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгүүлэн Ц.Отгондаваа, Д.Чанцалмаа нарыг холбогдуулан шалгуулсан атлаа уг эрүүгийн хэргийн оролцогч бус******* банк ХХК-иас онгоцны зардал гэх 1,294,600 төгрөгийг шаардаж байгаа нь үндэслэлгүй, энэ иргэний хэрэгт манай банк хариуцагч байх үндэслэлгүй байна.

Иймд уг эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулах явцад гадаад улсаас ирэх, очихтой холбоотой гарсан гэх онгоцны тийзийн зардлыг холбогдох этгээдүүд болох Ц.Отгондаваа, Д.Чанцалмаа нараас шаардах нь зүйтэй. Мөн нэхэмжлэгч ******* нь гадаад улс руу хувийн шалтгаанаар зорчсоны зардлаа цагдаад мэдүүлэг өгөхөөр болсон гэх шалтгаанаар буцаж ирсэн гэж тайлбарлан, бусдаар зардлаа төлүүлэхээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэдгийг дурьдаж байна.

*******гийн данснаас 2,200,000 төгрөг, 800,000 төгрөгөөр гарсан 2 удаагийн үйлдэл адилхан байхад 2 өөр этгээдээс шаардаж байгаа нь логикгүй байна. Эсхүл******* банкнаас, эсхүл Ц.Отгондаваа, Д.Чанцалмаа нараас шаардах нь зүйтэй.

Хаан банк нь и-мэйлээр харилцагчийн дансыг хаах эрхгүй. Иргэн өөрөө биечлэн ирж хаалгах ёстой байдаг. Энэ талаар гэрээнд ч тусгасан байгаа гэжээ.

 

Хариуцагч Ц.Отгондаваа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие 2016.09.24-ний өдөр 16:00 цагийн үед нөхөр Ц.Батсуурийн хамт 08-70 УБН улсын дугаартай машинтай нисэхийн замаар харихаар явж байтал хоёр залуу гар өргөөд зогсож байсан. Биокомбинатын цаанаас гахай авах гэсэн юм. Бид газар сайн мэдэхгүй та нар таксины үнээр хүргээд өгөөч гээд суусан.

Суугаад явж байхдаа бас картаа мартсан байна, таны данс руу мөнгө шилжүүлээд авчихаж болох уу гэхээр нь бид хоёр зөвшөөрч туслахаар шийдсэн. Машинд орж ирж суугаад утсаар яриад миний дансны дугаарыг авч тэр дороо л 2,200,000 төгрөг орж ирсэн.

Цааш яваад Биокомбинатын******* банкны ATM-с би өөрөө бууж мөнгийг нь авч өгөх гэтэл бүгдээрээ гарч өгөөгүй. Тэгээд хоёр удаа 800,000 төгрөг, нэг удаа 400,000 төгрөг нийлээд 2,000,000 төгрөгийг авч өгсөн. 200,000 төгрөг нь огт гарахгүй байсан. Мөнгийг нь тоолж өгөөд үлдсэн мөнгөө яахав гэж асуусан. Нисэхийн ATM орж картаа дахин уншуулахад ерөөсөө болохгүй байсан. Тэд нар машинаас буугаагүй. Би үлдсэн мөнгийг нь аваад өгчих юм сан гэж их хичээсэн. Тэгээд гахай авах газар руугаа явна гээд явцгаасан. Морин даваа өнгөрөөд явж байтал зогсоорой ингээд бууя манай хүмүүс араас ирж явна гэсэн.

Тэгэхээр нь үлдсэн 200,000 төгрөгөө яаж, хэзээ авах вэ гэж асуусан. Маргааш утсаар яриад авъя 30,000 төгрөгийг таксины мөнгөнд аваарай гэсэн. Маргааш нь тэр хүмүүс ерөөсөө залгаагүй. Гэтэл тэр өдөр хөдөө амьдардаг ээжийн минь бие муудаад нөхрийн хамт Өвөрхангай аймгийн төв рүү яаралтай явсан.

Өвөрхангай аймгаас ирээд 2 хонож байхад Хан-Уул дүүргийн 2-р хэлтэс дээр намайг дуудаж байцаалт аваад дансанд үлдсэн 200,000 төгрөгийг ******* гэдэг хүний данс руу шилжүүлсэн.

Тэр залуусыг танихгүй. Гуйсан болохоор нь туслахаар шийдэж мөнгийг нь данс руугаа хийлгэсэн. Бид таксиныхаа мөнгийг ч авч чадаагүй. Нэг нь өндөр нөгөө нь намхан биетэй залуучууд байсан. Өндөр залуу нь бор царайтай, саравчтай малгай, хар өнгийн малгайтай цамц давхарлан өмссөн байсан. Нөгөө намхан залуу нь малгайгүй, бор өнгийн куртка өмссөн байсан.

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлээр нэхэмжилж байгаа гэж тайлбарласан тул энэхүү хууль зүйн үндэслэлийн талаар нэмэлт тайлбар гаргаж байна.

Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэн гэж үзэх үндсэн нөхцөл нь нэгдүгээрт бусдын эд хөрөнгө үндэслэлгүйгээр олж авсан этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжиж, түүнийг захиран зарцуулсан байдлаар илэрдэг. Тэгвэл миний үйлчлүүлэгч Ц.Отгондаваа нь тухайн мөнгийг бодитой эзэмшиж захиран зарцуулсан гэх нөхцөл байдал үүсээгүй байна.

Үндэслэлгүйгээр олж авсныг Иргэний хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасан шударга ба шударга бус эзэмшилтэй зайлшгүй холбож үзэх шаардлагатай байдаг. Учир нь үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан этгээд уг эд хөрөнгийг олж авснаа хууль бус гэдгийг мэдсэн, мэдэх боломжтой байсан уу, эсхүл мэдээгүй, мэдэх боломжгүй байсан уу гэдгийг ялган салган үзэх шаардлагатай. Энэ нь үндэслэлгүйгээр олж авсан эд хөрөнгийг шаардан нэхэмжлэх эрхтэй юу, эсхүл эрхгүй юу гэдгийн хууль зүйн гол шалгуур болдог учиртай.

Иймд Ц.Отгондаваагийн хувьд үл таних 2 залуу таны данс руу мөнгө хийгээд авъя гэж хэлэхэд нь зөвшөөрсөн, тэр 2 залуу цааш утсаар ярьж Ц.Отгондаваагийн дансыг өгснөөр мөнгө бодитой орж ирсэнийг тэр даруй өөрсдөд нь ATM-с мөнгийг авч өгсөн.

Өөрөөр хэлбэл Ц.Отгондаваагийн хувьд дансаар шилжин орж ирсэн 2,200,000 төгрөг нь ямар нэгэн шалтгаангүй, эзэн холбогдогчгүй, орох ёсгүй мөнгө гэнэт орж ирээд байгаа үйл явдал биш, харин түүнийг хариуцах ямар нэгэн хүн байсан учраас тухайн хүнд тус болсон гэж л ойлгосон. Ц.Отгондаваа үүнийг хууль бус гэдгийг мэдээгүй, мэдэх ямар ч боломжгүй зүйл юм.

Хоёрдугаарт тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу эзэмшигч эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан этгээд хоёрын хооронд ямар нэг гэрээ, хэлцэл, хууль эрхийн үндэслэл тогтоогүй байдаг. Тэгэхдээ үүрэг гүйцэтгэгч гэрээний нөхцлийг зөрчсөн тохиолдолд үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан байж болно. Хэрэв хадгалагч зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашигласнаас олсон орлогыг үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан буюу эзэмшсэн гэж үзнэ. Эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан, эзэмшсэн нь гэм буруугийн санаатай биш хэлбэр байна. Хэрэв үндэслэлгүйгээр олж авсан нь гэм буруугийн санаатай хэлбэр байсан бол үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн бүлэг зүйлээр бус бусад зүйлээр зүйлчлэгдэх учиртай.

Иймд *******гийн данснаас мөнгө шилжээд байгаа үйлдэл нь нэгдүгээрт *******гийн өөрийнх нь данс эзэмшигчийн нууцлалаа бусдад алдсантай шууд холбоотой, хоёрдугаарт *******гийн данснаас мөнгө шилжүүлж байгаа үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэдэг нь тогтоогдсон боловч эзэн холбогдогчийг олж илрүүлэх ажиллагааны явцад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хаасан үйл баримт тогтоогдсон. Өөрөөр хэлбэл энэхүү *******гийн хохирол нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол байна гэдэг нь тодорхой байхад үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр Ц.Отгондаваагаас нэхэмжилсэн нь хууль бус юм.

Иймд *******гийн нэхэмжлэлийн шаардлагаас Ц.Отгондаваад холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь анх хариуцагч******* банк ХХК-иас онгоцны тийзний үнэ 1,294,600 төгрөгийг, хариуцагч Ц.Отгондаваа болон хариуцагч Д.Чанцалмаа нараас тэдгээрийн дансанд үндэслэлгүйгээр шилжин орсон 2,000,000 төгрөг болон 800,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.Чанцалмаагаас татгалзаж, хариуцагч******* банк ХХК-иас Солонгос улсаас Монгол улс руу ниссэн онгоцны тийзний үнэ 1,294,600 төгрөг, учирсан хохирол 800,000 төгрөг, нийт 2,094,600 төгрөгийг, хариуцагч Ц.Отгондаваагаас түүний данс руу үндэслэлгүйгээр шилжин орсон 2,000,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсан.

 

Шүүх дараах үндэслэлээр *******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч *******гийн эзэмшдэг******* банк дахь 5075013369 тоот дансны хуулгаас үзэхэд 2016 оны 09 сарын 24-ний өдрийн 16:16 цагт 5033037389 тоот данс руу 2,200,000 төгрөгийн, 2016 оны 10 сарын 01-ний өдрийн 07:17 цагт 5553115381 тоот данс руу 800,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн болох нь тогтоогдож байна.

 

Дээр дурьдсан******* банк дахь 5033037389 тоот данс нь иргэн Ц.Отгондаваагийн эзэмшдэг, 5553115381 тоот данс нь иргэн Д.Чанцалмаагийн эзэмшдэг данс байна.

 

а/.******* банк ХХК-иас онгоцны тийзний үнэ 1,294,600 төгрөг , хохирол 800,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

 

Солонгос улсаас Монгол улс руу нисэх нислэгийн тийзний үнэ 2016 оны 10 сарын 06-ны өдрийн байдлаар 1,294,600 төгрөг байсан болох нь баримтаар нотлогдохгүй, мөн эрүүгийн журмаар шалгагдаж байсан хэрэгтэй холбоотой асуудлаар нэхэмжлэгч ******* нь Монгол улсад ирсэн үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч *******гийн [email protected] цахим шууданд хийсэн үзлэгээр банкны харилцагч *******гийн зүгээс интернет банкны гүйлгээний нууц үг блоклогдсон тул энгийн гүйлгээний нууц үг явуулна уу, Интернет банкны гүйлгээний нууц үг авъя, Хариу хурдан авъяа, Наад систем чинь одоо болтол ачаалалтай байгаад байна уу хурдан хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэсэн агуулга бүхий цахим шууданг******* банк ХХК-ийн [email protected] цахим шуудангийн хаяг руу 2018.09.27 - 2018.09.28-ны өдрүүдэд удаа дараа явуулж байсан үйл баримт тогтоогдож байна.

 

Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 03 сарын 09-ний өдрийн 181/ШЗ2018/02948 дугаар захирамжаар хариуцагч******* банк ХХК-иас тухайн үед *******тэй байгуулсан******* банкны 5075013369 тоот дансыг эзэмшихтэй холбоотой болон уг дансны цахим банкны үйлчилгээтэй холбоотой гэрээ, бусад бичгийн нотлох баримтыг гаргуулахаар захирамжилсан.

 

Хаан банк ХХК нь *******тэй байгуулсан данс эзэмшихтэй холбоотой болон цахим банкны гэрээ олдохгүй байгаа учир захирамжид заагдсан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжгүй байгаагаа тайлбарлан тухайн үед мөрдөгдөж байсан стандарт гэрээний загварыг шүүхэд гаргаж өгсөн ба талууд уг Данс нээх, бүтээгдэхүүн үйлчилгээ сонгох хүсэлт болон Иргэдийн цахим банкны үйлчилгээний гэрээ-ний үнэн зөвийн талаар маргадаггүй болно.

 

Хэдийгээр Иргэдийн цахим банкны үйлчилгээний гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.3-т нэвтрэх болон гүйлгээний нууц үгийг бусдад дамжуулсан, задруулсан, алдсан тохиолдолд яаралтай Банкны лавлах 1800-1917 дугаар утсаар мэдэгдэх, эсхүл банкны салбарт биечлэн ирж мэдэгдэн, үйлчилгээний эрхээ түр хаалгах талаар тусгасан байх боловч банкны харилцагч ******* нь Солонгос улсад байсан учир банкны салбарт өөрийн биеэр очих боломжгүй тул өөрийн цахим шуудангаар******* банк ХХК-д хүсэлт явуулж байсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нөгөө талаар банкны харилцагч нь интернет банкны үйлчилгээтэй холбоотой үүссэн асуудлын талаар******* банк ХХК-д ийнхүү мэдэгдсээр байтал******* банк ХХК нь гэрээний 4.1.1-д заасан Үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл, заавар зөвлөмжийг харилцагчид өгөх үүргээ биелүүлээгүй, мөн харилцагчийн данснаас дахин зарлагын гүйлгээ гаргахгүй арга хэмжээг аваагүй байна.

 

Тодруулбал******* банк ХХК нь өөрийн цахим шуудангийн хаягаас Иргэдийн цахим банкны үйлчилгээний гэрээ-ний 3.3-т заасны дагуу өөрийн биеэр банкны салбарт очих, эсхүл банкны лавлах утас руу залгаж дансаа хаалгах боломжтой талаар харилцагч *******д заавар зөвлөмж өгөх, өөрийн биеэр банкны салбарт очиж чадахгүй нөхцөл байдлыг харгалзан дансны зарлагын хөдөлгөөнийг түр хаах арга хэмжээг авах боломжтой байжээ гэж үзэв.

 

Нэхэмжлэгч *******гийн гадаад пасспортын хуулгаас үзэхэд 2016 оны 10 сарын 06-ны өдөр Солонгос улсын Инчеон олон улсын нисэх буудлаас хөөрсөн болох нь нотлогддог.

 

Банкны зүгээс харилцагч руу явуулсан цахим шууданд Танд төвөг удсанд уучлаарай. Сүлжээний ачааллаас шалтгаалан нэг удаагийн гүйлгээний нууц үг удаашралтай дамжигдаж байна. Иймд та түр хүлээнэ үү хэмээн дурьдсан байдаг учир Банкны зүгээс шалтгаалсан нөхцөл байдлын улмаас харилцагчийн дансны гүйлгээний нууц үгтэй холбоотой арга хэмжээ авагдаагүй гэж үзэхээр байна.

 

Иймд нэхэмжлэгч ******* нь түүний данснаас нь 2,200,000 төгрөг бусдын данс руу шилжсэнийг мэдсэн даруйд цаашид түүний зөвшөөрөлгүйгээр дахин зарлагын гүйлгээ гарах эрсдлээс сэргийлж******* банк ХХК-д мэдэгдсэн боловч******* банк ХХК нь гэрээнд заасан үйлчилгээний талаар заавар зөвлөмж өгөх үүргээ биелүүлээгүй, тодорхой арга хэмжээ аваагүйн улмаас дахин 800,000 төгрөгийн зарлагын гүйлгээ гарсан байх тул харилцагчид учирсан хохирол 800,000 төгрөгийг******* банк ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Энэхүү шийдвэр нь******* банк ХХК нь өөрт учирсан хохирол 800,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Д.Чанцалмаад холбогдуулан гаргахад саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

 

б/. Хариуцагч Ц.Отгондаваагаас 2,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

 

Өмнө дурьдсанчлан нэхэмжлэгч *******гийн данснаас хариуцагч Ц.Отгондаваагийн данс руу 2016 оны 09 сарын 24-ний өдрийн 16:16 цагт 2,200,000 төгрөг шилжин орсон болох нь холбогдох дансны хуулгаар тогтоогддог.

 

******* болон Ц.Отгондаваа нарын хооронд аливаа эрх зүйн харилцаа үүсээгүй буюу ******* нь Ц.Отгондаваад 2,200,000 төгрөг шилжүүлэх үүрэг хүлээгээгүй болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогддож байх тул өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр 2,200,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үнэн зөв гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 11 сарын 09-ний өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 242 дугаар тогтоолын олсон нь хэсэгт 2016 оны 9 сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 10-р хороо Янгир хайрхан дэлгүүрийн замын урд талаас иргэн Ц.Отгондаваагийн автомашинд гараа өргөж суусан үл таних 2 залуу иргэн *******гийн******* банкны 5075013369 дугаартай харилцах данснаас 2,200,000 төгрөгийг иргэн Ц.Отгондаваагийн******* банкны 5033037389 дугаартай данс руу хууль бусаар шилжүүлсэн, мөн 2016 оны 09 сарын 29-ний өдөр иргэн Д.Чанцалмаагийн******* банкны 5553115381 дугаартай данс руу 800,000 төгрөгийг хууль бусаар шилжүүлж нийт 3,000,000 төгрөг хулгайлагдсан гэх хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулан шалгахад хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хяналтын камерийн бичлэг болон бусад газраас ирүүлсэн лавлагаа, албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна хэмээн дүгнэсэн байдаг.

 

Дээр дурьдсан прокурорын тогтоолоор Ц.Отгондаваагийн данс руу 2 үл таних залуугийн хүсэлтээр 2,200,000 төгрөг шилжин орсон, уг мөнгөнөөс 2,000,000 төгрөгийг Ц.Отгондаваа нь 2 үл таних залууд буцаан гаргаж өгсөн үйл баримтыг тогтоогоогүй байх бөгөөд хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулан шалгаад чухам юуг олж тогтоосон нь тодорхойгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй бөгөөд прокурорын байгууллагын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан зарим баримтыг дахин нотлох шаардлагагүй үйл баримт гэж үзэх боломжгүй юм.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бий болсон нотлох баримтуудыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглах боломжтой хэдий ч эдгээр нь иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд шууд нотлох баримт болохгүйг тайлбарлах нь зүйтэй.

 

Иймд хэрэгт авагдсан дансны хуулгаар *******гийн данснаас Ц.Отгондаваагийн данс руу 2,200,000 төгрөг шилжиж орсон, үүнээс 2,000,000 төгрөгийг Ц.Отгондаваа нь данснаасаа зарлагдсан, үлдэх 200,000 төгрөгийг Ц.Отгондаваа нь *******гийн данс руу буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх боловч Ц.Отгондаваа нь бусдын хүсэлтээр өөрийн данс руу мөнгө шилжүүлэн авч, улмаар буцаан гаргаж өгсөн үйл баримт тогтоогдохгүй байх тул Ц.Отгондаваагаас 800,000 төгрөг гаргуулах тухай *******гийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.     Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч******* банк ХХК-иас 800,000 төгрөг, хариуцагч Ц.Отгондаваагаас 2,000,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,******* банк ХХК-иас 1,294,600 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,464 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* банк ХХК-иас 23,750 төгрөг, хариуцагч Ц.Отгондаваагаас 46,950 төгрөгийг тус тус улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан нэхэмжлэгч *******д буцаан олгосугай.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР