Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2020/00301

 

 

Г.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/00633 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 895 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Г.Н-

          Хариуцагч: “ХААН банк” ХХК

          Хариуцагч: Ц.О- нарт холбогдох

          2,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Болор-Эрдэнэ, хариуцагч “ХААН банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Содном-Иш нарын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр, ХААН банк ХХК-н төлөөлөгч Ц.Шагдарсүрэн, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Би Хаанбанкны ...13369 тоот болон бусад дансыг эзэмшдэг харилцагч юм. Хаан банкны санал болгосны дагуу 2015 онд интернет банкны үйлчилгээг авах гэрээг байгуулсан. Интернет банкыг 1 жил орчим ашиглаж гүйлгээ хийсэн ба 2016-09-24-ний өдөр ....13369 тоот данснаасаа 2,200,000 төгрөгийг Ц.О- гэгчийн данс руу хулгайд алдсанаа 2016-09-28-ны өдөр мэдээд цагдаад гомдол гаргаж шалгуулсан. Хулгайд мөнгөө алдсанаа мэдээд Хаан банкны [email protected] хаяг руу хандан нууц үг сэргээлгэх хүсэлтийг удаа дараа илгээсэн боловч сэргээж өгөөгүй. Нэгэнт нууц үг блоклогдсон данснаас мөнгө гарахгүй гээд цагдаад хандсан байтал 2016-09-30-ны шөнө дахин уг данснаас 800,000 төгрөг Д.Чанцалмаа гэгчийн данс руу шилжин орсон. Миний бие Хаан банкны харилцагч, данс эзэмшигч, интернет банкны үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Миний бие Ц.О-, Д.Чанцалмаа нарыг огт танихгүй. Хаан банк сүлжээний аюулгүй байдлаа хангах үүргээ биелүүлээгүйгээс миний .....13369 тоот данснаас дээрх хүмүүсийн данс руу 2,200,000 төгрөг, 800,000 төгрөг тус тус хулгайлагдсан, эрүүгийн журмаар шалгасан боловч тогтоож чадаагүй, прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Хаан банк сүлжээний аюулгүй байдлыг хариуцахаар байгуулсан интернет банкны үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүйээс надад хохирол учруулсан гэж үзэж байна. Ц.О-гийн дансанд шилжин орсон 2,200,000 төгрөгийн 200,000 төгрөг нь түүний дансанд үлдсэн байсныг Хаан банкнаас миний данс руу буцаан шилжүүлсэн болно. Миний ....13369 тоот данснаас 2016-09-09-ний өдөр хүргэн М.Буяннэмэхийн ....57057 тоот данс руу түр зээлэхээр 2,000,000 төгрөг шилжүүлсэн ба 2016-09-28-ны өдөр буцаж 2,200,000 төгрөг шилжин орсон нь гэр бүлийн хүрээний хүмүүсийн хоорондын тооцоо бөгөөд Ц.О- руу шилжин орсон 2,200,000 төгрөгтэй ямар ч хамааралгүй болно. Уг тайлбар М.Буяннэмэх болон миний дансны хуулгаар тогтоогддог. Иймд Хаан банк ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс иргэн Г.Н- надад 2,800,000 төгрөгийн хохирлыг учруулсан тул 2,800,000 төгрөгийг Хаан банк ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч Ц.О-гаас татгалзаагүй болно гэжээ.

       Хариуцагч Ц.О- тайлбартаа: өөрт завшсөн зүйл байхгүй тул ямар нэг төлбөр төлөхгүй гэжээ.

     Хариуцагч “ХААН банк” ХХК тайлбартаа: Г.Н- нь Хаанбанкнаас өөрт учирсан хохирол 2,800,000 төгрөг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн шаардаж байгаа мөнгө хэний данс руу шилжиж орсон тухай үйл баримт дансны хуулгаар бүрэн тогтоогдсон. ..давж заалдах хяналтын шатны шүүхээс Хаанбанк уг хэрэгт хамааралгүй, буруугүй болохыг тогтоосноос гадна хэрэгт авагдсан баримтаар Хаанбанк буруутай гэдгийг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй атлаа нэхэмжлэлийн шаардлагаа Хаанбанкнаас гаргуулахаар өөрчилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг Хаанбакнаас гаргуулна гэсэн атлаа Ц.О- хариуцагч хэвээр гэдэг нь ойлгомжгүй байгаа тул үүнийгээ тодруулах шаардлагатай. Манай банкны харилцагч нь интернет банкинд нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээ хийх нууц үгээ бусдад задруулахгүй байх, алдахаас сэргийлэх үүрэгтэй байдаг. Нэхэмжлэлээс үзвэл нэхэмжлэгч өөрөө интернет банкинд нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээ хийх нууц үгээ бусдад ашиглах зөвшөөрөл өгч гүйлгээ хийлгэсэн, эсхүл өөрийн хариуцлагагүй байдлаас интернет банкаар нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээ хийх нууц үгээ бусдад алдсан байх боломжтой бөгөөд бусдад ийм боломж олгоогүй, ийм үйлдэл гаргаагүй гэдгээ баримтаар нотлох шаардлагатай. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

      Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 181/ШШ2019/00633 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Н-гийн Хаан банк ХХК-иас хохирол 2 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч Г.Н- нь хариуцагч Ц.О-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Н-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 464 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 895 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/00633 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ХААН банк” ХХК-аас хохирол 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Н-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 464 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч “ХААН банк” ХХК-аас 23 750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Н-д олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

    Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Болор-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ..Г.Н- нь интернет банканд нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц үгээ бусдад алдаагүй гэдгээ удаа дараа хариуцлагатайгаар дурддаг, алдсан гэх баримт хэрэгт байдаггүй болно. Дансан дах мөнгөө алдсанаа мэдээд Хаан банкны саllсеnter@khanbanк.соm хаяг руу хандан гүйлгээний нууц үг сэргээлгэх хүсэлтийг удаа дараа илгээсэн боловч сэргээж өгөөгүй, үзлэгээр тогтоогддог. Нэгэнт нууц үг блоклогдсон, Хаан банк нууц үг сэргээж өгөөгүйгээс интернет банкаар дахин гүйлгээ хийх боломжгүй байхад 2016-09-30-ны шөнө дахин уг данснаас 800,000 төгрөг Д.Чанцалмаа гэгчийн данс руу шилжин орсон байхад Анхан шатны шүүх “гүйлгээ хийгдсэн байдлаас дүгнэхэд банкны сүлжээний аюулгүй байдлын доголдол гэмтлээс бус, интернет банкны үйлчилгээнд нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үг алдагдсанаас болсон гэж үзэх үндэслэлтэй байна” гэж нотлох баримтад үндэслээгүй дүгнэлт хийсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байхад давж заалдах шатны шүүх уг дүгнэлтийг зөв гэсэн нь ойлгомжгүй байна. Хаан банкны интернет банк ашиглагч хэн боловч нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц үгээ блоклосон бол бүртгүүлсэн имэйл хаягаасаа хүсэлт илгээхэд Хаан банкнаас имэйл хаяг руу нь шинэ нууц үг өгдгийг интернет банк ашиглагч иргэн бүр мэдэх билээ. Н-гийн интернет банкны гүйлгээний нууц үг блоклогдсон, Хаан банк руу хүсэлт илгээхэд шинэ нууц үг өгөөгүй байхад дахин 800,000 төгрөг интернэт банкаар шилжигдэх ямар ч боломжгүй. Энгийнээр бодоход нууц үг блоклосон байхад яагаад дахин 800,000 төгрөг шилжигдэж байгааг Хаан банкны төлөөлөгч тайлбарладаггүй, баримт гаргаж өгдөггүй. Хэрэв иргэн хүнийг нууц үгээ алдсан гэж тайлбарлаж байгаа бол банкны зүгээс баримтаар нотлох үүрэгтэй, цахим банкны талаарх баримтыг иргэн гаргаж өгөх ямар ч боломжгүй. Г.Н- “интернет банкны үйлчилгээнд нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үг алдагдсан” талаар ямар ч баримт байхгүй байхад давж заалдах шатны шүүх ... 2,200,000 төгрөг шилжигдсэнд Хаан банкны буруутай үйл ажиллагаа шууд нөлөөлсөн... гэж үзэхгүй гэсэн дүгнэлт хийж 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл адилхан үйлдлийн улмаас 2 удаа мөнгөө алдсан байхад 1 үйлдэлд холбогдох 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үйл баримтад зөв дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Иргэн Г.Н-гийн “интернет банкны үйлчилгээнд нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үг, мэйл хаяг” бүртгэлтэй Хаан банкны сүлжээнд хэн нэгэн этгээд дуртай цагтаа нэвтрээд 2 удаагийн үйлдлээр 3,000,000 төгрөг хулгайлагдаад байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог ба шүүх зөв дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Хаан банк Г.Н-гийн данстай холбоотой интернет банкийг хариуцаж байгаагийн хувьд уг данснаас хууль бусаар шилжигдсэн мөнгөн хариуцлагыг хүлээх ёстой. Давж заалдах шатны шүүх 2,200,000 төгрөг шилжсэнд Хаан банкийг буруугүй гэж үзсэн атлаа 2,000,000 төгрөгийг хэн хариуцах талаар дүгнээгүйд гомдолтой байна. Мөн анхан шатны шүүхийн “нууц үг сэргээж өгөөгүй” гэх тайлбар нь дахин гүйлгээ хийхтэй хамааралгүй байна... гэсэн дүгнэлт, “Хаан банк гүйлгээний нууц үг сэргээж өгөөгүй тохиолдолд дахин гүйлгээ хийгдэхгүй байхаар байна” гэсэн дүгнэлт нь ойлгомжгүй, хоорондоо зөрчилтэй байхад давж заалдах шатны шүүх залруулаагүй. Интернет банкны хэрэглэгч Г.Н-гээс гадна гэрээний нөгөө тал болох Хаан банк нь Г.Н-гийн интернет банкны нэвтрэх нэр, гүйлгээний нууц үгийг цахим системдээ сануулсан, мэдэж байгаа тул хэн нэг этгээд / Хаан банкны ажилчид иргэдийн бүртгүүлсэн нууц үг, гүйлгээний нууц үг, мэйл хаяг зэргийг комьпютерээсээ хардаг, хянадаг тул Хаан банкны ажилтан ашигласан байхыг үгүйсгэхгүй/ цахим банканд нэвтэрч Г.Н-гийн данснаас мөнгө шилжүүлсэн гэж үзэж байгаа ба эрүүгийн журмаар хэн нэвтэрч хулгайлсныг тогтоогоогүй. Г.Н-гээс огт шалтгаалахгүйгээр буюу нууц үгээ алдаагүй, нууц үг нь блоклогдсон байхад интернет банкийг нь ашиглан данснаас нь гүйлгээ хийгдээд байгаа үйлдэл нь Г.Н-гийн тайлбар, Ц.О-, Д.Чанцалмаа нарын мөрдөн байцаалтад өгсөн тайлбар, мэдүүлэг, прокурорын тогтоол, нууц үг блоклогдсон байхад интернэт банкаар нь 800,000 төгрөг шилжигдсэн нөхцөл байдал, үзлэгийн тэмдэглэл, хэргийн үйл баримт зэргээр хангалттай тогтоогдож байхад Хаан банкны төлөөлөгчийн ... Г.Н- нууц үгээ бусдад алдсан... гэх аман тайлбарыг нэхэмжлэгчийн хэрэгт өгсөн бичгийн баримтуудаас илүү үнэлж, 2,000,000 төгрөгийг Хаан банкнаас гаргуулахгүй шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Хаан банк ХХК-ийн цахим сүлжээнд хэн нэгэн этгээд нэвтэрч буюу хакердаж, миний ....13369 тоот данснаас Ц.О-гийн .....37389 тоот данс руу 2.200.000      төгрөг, Д.Чанцалмаагийн данс уруу 800,000 төгрөг тус тус шилжигдсэнийг эрүүгийн журмаар шалгасан боловч цагдаа, хуулийн байгууллага шалгаж тогтоож чадаагүй, прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон тул гэрээний 1 тал болох Хаан банк хариуцах ёстой. Г.Н- Хаан банкны харилцагч болж, интернэт банкны үйлчилгээг авсныхаа төлөө дансанд байсан 2,800,000 төгрөгөө бэлнээр авч ашиглаж чадахгүй, 2016 оноос хойш 3 жил орчим маш ихээр хохирч байгаа бөгөөд бусад хохирлыг нэхэмжлээгүй болно. Хаан банкнаас тэтгэврийн зээл авч хүү төлж байгаа гэх мэтээр Хаан банк ХХК гэрээний үүргээ биелүүлээгүйгээс иргэн Г.Н- надад 2,800,000 төгрөгийн хохирлыг учруулсан тул 2,800,000 төгрөгийг Хаан банк ХХК-иас гаргуулахаар шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч “ХААН банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Содном-Иш хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ ХААН Банк ХХК-иас ямарч үндэслэлгүйгээр 800,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дугнэж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байгаа. Үүнийг дараах үндэслэлээр дэлгэрүүлье. Энэ хэргийг өмнө шийдвэрлэсэн СБД-н Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-03-30-ны өдрийн 181/ШШ2018/00734 дүгээр шийдвэрт “Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Г.Н-гийн эзэмшдэг ХААН банк дахь ....13369 тоот дансны хуулгаас үзэхэд 2016-09-24-ний өдрийн 16:16 цагт .....37389 тоот данс руу 2 200 000 төгрөгийн, 2016-10-01-ний өдрийн 07:17 цагт .....15381 тоот данс руу 800 000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн болох нь тогтоогдож байна. Дээр дурьдсан Хаан банк дахь ....13369 тоот данс нь иргэн Ц.О-гийн эзэмшдэг, .....15381 тоот данс нь иргэн Д.Чанцалмаагийн эзэмшдэг данс байна.” гэж дүгнэсэн байдаг. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь энэ хэргийг хоёр дахь удаагаа шийдвэрлэж байгаа бөгөөд өмнө нь уг хэргийг хариуцагч ХААН банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний гаргасан гомдлын дагуу 800,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа дараа дахин шийдвэрлэхдээ 800,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Мөн манай банкны харилцагч нь интернет банкинд нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээ хийх нууц үгээ бусдад задруулахгүй байх, алдахаас сэргийлэх үүрэгтэй байдаг. Гэтэл нэхэмжлэгч Г.Н- нь шүүх хуралдаанд “манай охин миний интернет банкны нууц үгийг мэддэг, хэдэн удаа гүйлгээ хийж байсан” гэж хэлдэг. /өмнө шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэлд туссан байгаа./ Өөрөөр хэлбэл уг тайлбараас үзвэл нэхэмжлэгч дансны нууцлалаа бусдад задруулсан нь түүний данснаас мөнгө гарах боломжийг бүрдүүлсэн байх боломжтой юм. Шүүх нэхэмжлэгчийг дансны нууц үгээ сэргээлгэхээр ХААН банкинд хэд хэдэн удаа мэйл илгээсэн байхад банк хариу өгөөгүй нь буруу гэж дүгнэсэн байдаг. Гэтэл уг мэйлд шүүх үзлэг хийсэн ба огнооны хувьд зөрүүтэйгээс гадна мэйлийн агуулгаас үзвэл өөрийнх нь оролцоогүйгээр данснаас мөнгө гарсан байна, данс түр хугацаанд хаах, эсхүл интернет банкны үйлчилгээг түр зогсоох тухай огт байгаагүй. Хэрэв нэхэмжлэгчийн данснаас түүний оролцоогүйгээр мөнгө гарсан бол энэ тухайгаа мэдэгдсэн тохиолдолд дансыг түр хугацаанд хаах хүртэл арга хэмжээ авах боломжтой, харин энэ талаараа мэйлд тусгаагүй байхад банк дур мэдэн нэхэмжлэгчийн данстай холбоотой үйлдэл хийхгүй юм. Банкнаас шаардаж буй 800,000 төгрөг Ц.О-гийн дансанд шилжин орсон нь тогтоогдож байхад шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадалгүй, хэргийг хэт нэхэмжлэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэнд гомдолтой байгаа. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд хариуцагч ХААН банк ХХК-иас 800,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

      Г.Н- 2017-11-16-ны өдөр нэхэмжлэл гаргаж ХААН банк ХХК-с 2,800,000 төгрөг шаардаж “...данснаасаа 2,200,000 төгрөгийг Ц.О- гэгчийн данс руу хулгайд алдсан мөн 800,000 төгрөг Д.Чанцалмаа гэгчийн данс руу орсон... би Хаан банкны харилцагч бөгөөд, данс эзэмшигч, интернет банкны үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан.. Ц.О-, Д.Чанцалмаа нарыг огт танихгүй... Ц.О-гийн дансанд шилжин орсон 2,200,000 төгрөгийн 200,000 төгрөг үлдсэн байсныг Хаан банк буцаан шилжүүлж өгсөн... иймд Хаан банк ХХК-с мөнгийг гаргуулж өгнө үү ...гэсэн үндэслэл заажээ. /хх1,43/

      Хариуцагч Ц.О- тайлбартаа нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, мөнгө завшсан зүйлгүй гэжээ. 

    Хариуцагч ХААН банк ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “... мөнгө хэний данс руу шилжсэн нь дансны хуулгаар бүрэн тогтоогдсон... бид буруутайг нотлоогүй... Ц.О- хариуцагч хэвээр байгаа гэсэн атлаа биднээс мөнгөө нэхэж байгааг ойлгохгүй байна... харилцагч нь интернет банкинд нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээ хийх нууц үгээ бусдад задруулахгүй байх, алдахаас сэргийлэх үүрэгтэй...энэ үүргээ биелүүлээгүй байх боломжтой ба ийм боломж олгоогүй гэдгээ нотлох шаардлагатай...” гэжээ.

     Анхан шатны шүүх ХААН банк ХХК-иас 2,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Ц.О-д холбогдуулан шаардлага гаргаагүйг дурдаж шийдвэрлэсэн байна. Шүүх ийнхүү шийдвэр гаргахдаа “...гүйлгээ хийгдсэн байдлаас дүгнэхэд нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үг алдагдсанаас болсон гэж үзэх үндэслэлтэй байна... ХААН банк гүйлгээний нууц үгийг сэргээгээгүй нь дахин гүйлгээ хийгдсэнтэй хамааралгүй..” гэсэн дүгнэлт хийсэн байна.   

     Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, ХААН банк ХХК-с 800,000 төгрөг гаргуулж Г.Н-д олгож, нэхэмжлэлээс 2,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бөгөөд “...хэрэглэгч интернет банкны нууц үгээ солиулах хүсэлтийг удаа дараа гаргасан байхад хариуцагч арга хэмжээ авахгүйгээс мөнгө бусдын данс руу шилжсэн байх тул 800,000 төгрөгийн шаардлагыг хангана...” гэжээ.

      Шийдвэр ,магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

     1. Шүүх 2,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй талаарх Иргэний хуулийн зохицуулалтыг үндэслэжээ. 

    Үүргийн харилцаанд үүрэг гүйцэтгэгч тал үүргээ гүйцэтгэсэн болохоо нотлоогүй бол хариуцлага хүлээх учиртай юм. Гэтэл шүүх банк үүргээ гүйцэтгэсэн эсэх нотолгооны үүргийг нэхэмжлэгчид ногдуулсан агуулга бүхий дүгнэлтээр 2,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. 

    Харилцагчийн данснаас бусдад мөнгө шилжсэн асуудалд ХААН банк ХХК болон Г.Н- нарын оролцоо, гэм буруу байгаа эсэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтойг мөн уг нөхцөл байдлыг тогтооход техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдаж болохоор байгааг шүүх анхаарч үзээгүй нь дутагдалтай болжээ.

     2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч /хх58/ 2018-03-09-ний өдөр шүүхэд хандаж, ХААН банк ХХК-с Г.Н- данс эзэмшихтэй холбоотой гэрээг гаргуулж авахыг хүссэн, үүнийг шүүгч 2018-03-09-ний өдрийн 181/ШЗ2018/02948 дугаартай захирамж /хх 65/-р хангасан боловч уг гэрээ хэрэгт байхгүй байна. 

    Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзлээ.

     3. Хариуцагчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн баримтын хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2., 44.4.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх бөгөөд хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй байна. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно. Харин мөн зүйлийн 44.4.-т заасан “төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэх зохицуулалт нь талуудын тэгш эрхийн зарчмын дагуу хэргийн оролцогч талд хамааралгүй болно.

     Иймд хэргийн 47-48, 82,90-91,170 дугаар талд буй баримтыг шийдвэрийн үндэслэл болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсгийг зөрчинө. 

    Харилцагчийн данснаас бусдад мөнгө шилжсэн асуудалд ХААН банк ХХК болон Г.Н- нарын оролцоо, гэм буруу байгаа эсэх талаар дүгнэлт хийсний эцэст шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино. 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/00633 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 895 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 46,950 төгрөгийг, хариуцагч “ХААН банк” ХХК-с 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 23,750 төгрөгийг тус бүрт нь захирамжаар буцааж олгосугай. 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ