Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 212/МА2019/00021

 

   Т.К-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  Т.К-ийн нэхэмжлэлтэй, тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Д.А нарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.  

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч Т.К, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С,  түүний өмгөөлөгч С.Нургайып, орчуулагч А.Еркегүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх 5 сарын тахир дутуугийн тэтгэврийн мөнгө 1,215,000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлан комиссын шийдвэрийн дагуу Т.К миний хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоож 2017 оны 9 дүгээр сарын 10-аас 2018 оны 9 дүгээр сарын 10-ны хооронд тахир дутуугийн тэтгэвэр олгохоор тогтоосон. Гэтэл Т.К надад олгогдох тахир дутуугийн тэтгэврийг Нийгмийн даатгалын Сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан хугацаа болоогүй байхад 2018 оны 4 дүгээр сарын 10-аас хойш ямар ч шалтгаангүй олгохгүй байна. Нэхэмжлэгч Т.К миний бие сар бүр 243,000 /хоёр зуун дөчин гурван мянган/ төгрөгийн тэтгэвэр авч байсан ба 2018 оны 4 дүгээр сарын 10-аас 2018 оны 9 дүгээр 10-ыг дуустал 5 сард 1,215,000 /нэг сая хоёр зуун арван таван мянга/ төгрөгөөр хохирч байна. Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 10 дугаар зүйлд зааснаар Т.К надад 2018 оны 4 дүгээр сарын 10-аас 2018 оны 9 дүгээр сарын 10-ны хүртэл 5 сарын тахир дутуугийн тэтгэвэр 1,215,000 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс нөхөн гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс нь жил бүр 21 аймаг, 9 дүүрэгт байгаа Эмнэлэг хөдөлмөрийн магадлах орон нутгийн комиссын ажлын явцад хуваарийн дагуу тухайн аймаг дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын программаас тохиолдлын аргаар нийт хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн 30 хувьд нь Эрүүл мэндийн яамны нарийн мэргэжлийн салбар зөвлөлүүдийн эмч нартай хамтран орон нутгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хөдөлмөрийн чадвар алдалт тогтоох, сунгах үйл явцад хөндлөнгийн үзлэг хийдэг. Энэ нь хуваарийн дагуу энэ жил манай аймагт 2018 оны 4 дүгээр сарын 17-оос эхлэн 14 хоног үргэлжилж программаас шүүж авсан 1240 иргэн, даатгуулагчийг дахин магадлалд хамруулсан. Үүнээс ороогүй 110 иргэн, даатгуулагч үлдсэн. Бүрдмэл магадлал явуулах дүрмийн дагуу 1 сарын өмнө тухайн сум, багийн засаг дарга, Нийгмийн даатгалын болон халамжийн байцаагч нарт дахин магадлалд хамрах иргэдийн нэрсийг явуулж зар өгсөн. Тухайн үед нэхэмжлэгч нь дахин магадлалд хамрагдаагүй учраас Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1/1324 тоот албан бичгээр манайд бүрдмэл магадлалд хамрагдаагүй 110 иргэн, даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг зогсоох чиглэл хүргүүлсэн болно. Үүний дагуу Нийгмийн даатгалын сангаас болон халамжийн сангаас авч байсан тахир дутуугийн тэтгэврийг зогсоосон. Иргэн Т.К нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг зогсоосны дараа хэрэв мэдээгүй гэж үзвэл манай хэлтэст хандах ёстой байтал нэг ч удаа хандаагүй. Дээрх зогсоосон гэх 110 иргэний 30 иргэн нь хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг дахин магадалж авсан. Иймд иргэн Т.К-гийн манай байгууллагаас нэхэмжилсэн нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ.

 

Хамтран хариуцагч Д.А-ны тайлбарт: “Д.А би аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2018 оны 3 дугаар сард ирүүлсэн хүмүүсийн нэрсийг тус сумын 5 багийн Засаг дарга нарт өгч, тус тусынхаа багийн иргэдэд мэдэгдэж, дуудсан хугацаанд нь аймгийн төвд байлгахыг мэдэгдсэн. Гэтэл нэр дурдсан иргэдийн зарим нь хугацаа хожимдож очсон, зарим нэг нь очоогүй байна. Тухайн үед очиж чадаагүй хүмүүс дараа нь очиж, группийнхээ асуудлыг шийдвэрлүүлж ирсэн. Хэрвээ Т.К нь үнэхээр хууль журмын дагуу групп тогтоолгосон байсан бол тухайн үед болон түүний дараа аймагт очоод асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой байсан. Т.К нь хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу бүрэн бус хэмжээгээр алдсан гэдэг нь эргэлзээтэй болоод аймагт очоогүй байх. Хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг тогтоодог хүн нь би биш, магадлах комиссын бүрэлдэхүүн хэлэлцэж шийдвэрлэдэг журамтай.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2019/00090 дүгээр шийдвэрээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн санхүүгээс Т.К-гийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх 5 сарын тахир дутуугийн тэтгэврийн мөнгө 1,215,000 /нэг сая хоёр зуун арван таван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Нийгмийн даатгалын байцаагчид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

           

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд: “Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж, хэргийн үйл баримтыг буруу тодорхойлсон талаар: 2015 оны Засгийн газрын 11 дүгээр тогтоолын дагуу магадлах комиссын дүрэм шинэчлэгдсэн. Дүрмийн дагуу магадлах комиссын төв Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дэргэдэх Монгол Улсын хэмжээнд 31 салбарын зөвлөлтэй. Салбар зөвлөлийн үйл ажиллагааг хянах зорилгоор жилд 3 аймагт салбар зөвлөлөөс группт гаргаж байгаа хүмүүсийн тодорхой хувийг санамсаргүй аргаар өвчтөнүүдийн дундаас сонгож, дахин үзлэг хийдэг. Тэрхүү үзлэгт ороогүй буюу орсон боловч тэнцэхгүй болсон хүмүүсийг хасах шийдвэр гаргадаг. Тэдний энэ шийдвэр бол заавал дагаж мөрддөг, гадагшаа чиглэсэн, төрийн эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэр. Тус зөвлөл нь Т.К-гийн тахир дутуугийн тэтгэврийг хасаж шийдвэрлэсэн тул түүний мөнгө ороогүй. Үүнийг мэдсээр байж манай хэлтсийг хариуцагчаар татаж шүүхэд гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Бид нар өөрийнхөө журмын дагуу 21 хоногийн өмнө Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст мэдэгдсэн. Танайхаас 1225 хүн магадлах комиссын дахин магадлалд хамарна гэж нэрсийг явуулсан. Бид нэрсийн дагуу аймгийн хэмжээнд групп тогтоолгосон хүмүүсийг багийн Засаг дарга нарт мэдэгдэж магадлалд дахин хамрагдах хүмүүсийг хүлээлгэж өгсөн. Харин хөдөө сумуудын хүмүүсийг Засаг дарга нарт нь албан тоот явуулсан. Т.К дахин магадлах комисст ороогүй учраас төв комиссоос 5 дугаар сарын 01-ээс 07 дугаар сарын 01-ний  өдөр хүртэл хүлээсэн. Төв комиссоос нэгэнт дахин магадлалд ороогүй учраас группийн бүрэн эрхийг зогсоох тухай акт ирж, Т.К-гийн группийг зогсоосон. Мөн дахин магадлах комисст ороогүй 110 хүн бүгд тэр жил группээс гараагүй. Сонсоогүй хүмүүс байгаа бүгд дахиж ирж группээ сонгуулаад авсан. Халамжид байсан бол сонсоогүй үлддэг тал байгаа. Яагаад гэвэл тэд нар улсын төсвөөс биш орон нутгийн төсвөөс санхүүждэг учраас хүмүүс мөнгө нь орсон ороогүйг мэдэхгүй явдаг. Бид нар сар бүр Нийгмийн даатгалын сангаас мөнгийг нь шилжүүлж байгаа. Т.К-гийн мөнгө сар бүр орж байдаг. Мөнгө нь орсон ороогүйг сар бүр мэдэж байдаг. Т.К-гийн сонсоогүй гэдэг нь худлаа байх, нөхөр нь сонсож, дахин үзлэгт хамрагдахад эхнэр нь сонсоогүй гэдэгт итгэхгүй байна.      

Анхан шатны шүүхээс "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т "Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийг гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол байвал гараагүй, энэ талаар хариуцагч нотлох баримт гаргаж өгөөгүй учир энэхүү Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр нь хүчин төгөлдөр байна гэж үзлээ" гэж дүгнэсэн нь буруу болсон. Магадлах комиссын төв Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дэргэдэх Салбар зөвлөлөөс Т.К-гийн тэтгэмжийг зогсоох тухай шийдвэр гарсан ба хавтаст хэрэгт авагдсан. Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1/1324 дугаартай "Чиглэл хүргүүлэх тухай" албан бичигт "... иймд хавсралтад дурдсан нэр бүхий иргэдийн тахир дутуугийн тэтгэврийг түр түдгэлзүүлэх асуудлыг Засгийн газрын 2015 оны "Дүрэм шинэчлэн батлах тухай" 11 дүгээр тогтоолоор батлагдсан "Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм"-ийн 6.1.10 дахь заалт болон холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэн, арга хэмжээ авч ажиллана уу.” гэж даалгасан. Уг дүрмийн 6.1.10-т "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралд оролцоогүй, комиссын болон эмчлэгч эмчийн эмчилгээ, үйлчилгээний зөвлөмж, зааврыг удаа дараа биелүүлээгүй, нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаагүй, эмнэлгийн хяналтад ороогүй, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгахаас татгалзах, цуцлах шийдвэр гаргах" гэж заасан тул Т.К-гийн тахир дутуугийн тэтгэмжийг түдгэлзүүлсэн. Захиргааны байгууллага албан тушаалтны энэхүү түдгэлзүүлсэн шийдвэр заавал бичгийн хэлбэрээр гарах албагүй. Хэрэв Т.К өөрийгөө өвчтэй гэдгээ нотолж, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст орж, түдгэлзүүлэх үндэслэлийг арилгуулбал энэ асуудал шийдвэрлэгдэх ёстой байсан. Гэтэл шүүхээс ямар нэгэн акт гараагүй учраас Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр нь хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Хэрэв Т.К тэрхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн шүүхэд хандах ёстой байсан. Иймээс Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 90 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.К нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх 5 сарын тахир дутуугийн тэтгэврийн мөнгө 1,215,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь “.....Эрүүл мэндийн яамны нарийн мэргэжлийн салбар зөвлөлүүдийн эмч нар хамтран орон нутгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хөдөлмөрийн чадвар алдалт тогтоох, сунгах үйл явцад хөндлөнгийн үзлэг хийж, программаас сонгогдсон иргэн, даатгуулагчийг дахин бүрдмэл магадлалд хамруулдаг. Дээрх магадлалд нэхэмжлэгч Т.К нь хамрагдахаар сонгогдсон боловч хамрагдаагүй тул Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1/1324 тоот албан бичгээр ирүүлсэн чиглэлийн дагуу Т.К-гийн тахир дутуугийн тэтгэмжийг зогсоосон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлаж, талууд мэтгэлцжээ.

 

            Хариуцагчийн татгалзлын үндэслэлийг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд судлан үзвэл, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/1324 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгээр нэр бүхий иргэдийн тахир дутуугийн тэтгэврийг түр түдгэлзүүлэх асуудлыг Засгийн газрын 2015 оны “Дүрэм шинэчлэн батлах тухай” 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийн 6.1.10 дахь заалт болон холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэх талаар чиглэл ирсэн тул  Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийн 6.1.10-т заасан чиг үүргийн дагуу арга хэмжээ авч нэхэмжлэгч Т.К-гийн тахир дутуугийн тэтгэмжийг түдгэлзүүлсэн. Энэхүү түдгэлзүүлсэн шийдвэр заавал бичгийн хэлбэрээр гаргах албагүй гэж хариуцагч тайлбарлажээ. 

 

Нэхэмжлэгч Т.К нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтын группт гарч тэтгэвэр тогтоолгон, сард 243,000 төгрөг авч байсан болох нь нэхэмжлэгчийн тэтгэврийн дэвтэр дэх бичилтээр нотлогдож байх бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар тахир дутуу болсныг даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, түүний хугацааг эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс тогтооно гэснээр нэхэмжлэгч Т.К тахир дутуу болох нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон байна.

Уг магадлах комиссын шийдвэр нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр бөгөөд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын ямар шийдвэрийг үндэслэж, нэхэмжлэгч Т.К-гийн тахир дутуугийн тэтгэмжийг түдгэлзүүлсэн нь тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй учир энэхүү Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр нь хүчин төгөлдөр байна гэж үзлээ.

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.         

 

            Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2019/00090 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                                                Д.КӨБЕШ