Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 156/ШШ2020/00360

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 156/2020/00276/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанд:

 

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ........ тоотод оршин суух, Н М (............)-ын нэхэмжлэлтэй,

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ........... (эрхлэгч О.Г, ...........)-т холбогдох,

ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай гомдлыг хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Н.М, түүний өмгөөлөгч Б.Жн, хариуцагч О.Г, түүний өмгөөлөгч Д.О, гэрч Б.Б, нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Мөнхзул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Би тус байгууллагад 1999 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс галчаар анх ажилд орж нийт 21 жил тасралтгүй ажилласан. Өмнөдэлгэр сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай, тушаалаар галчийн албан тушаал татан буугдсан үндэслэлээр ажлаас халсан. Энэ үйлдэл нь миний Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, цалин авах, үндсэн эрх, эрх чөлөөний баталгаа алдагдаж байна гэж үзэж байна.

 

Хэдийгээр тухайн байгууллагад албан тушаалын хувьд галч гэдэг боловч жижүүр, манаачийн ажил үүрэг гүйцэтгэдэг ... галчийн орон тоо гэж хасагдсан боловч өдөр тутам хийж гүйцэтгэж байсан жижүүрийн ажил хэвээр хадгалагдсан. Тухайн байгууллага 6 галч ажиллуулдаг байсан. Орон тоо татан буугдсан гэж 3 галчийн нэршлийг нь өөрчилж жижүүрээр, 1 галчийг цахилгаанчин, 1 галчийг сантехникчээр ажиллуулсан. Эдгээр нь бүгд мэргэжлийн үнэмлэх зэрэггүй хүмүүс байгаа.

 

Харин намайг өөр албан тушаалын орон тоо байхгүй гэж үзэж, хамгийн удаан жил ажилласан хүнээ ялгамжтай байдлаар ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Дээрх жижүүрүүдээс нэг нь 2019 онд сахилгын зөрчил гаргаж ажлын байрандаа архидан согтуурч, хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд зааснаар ажлаас халах үндэслэл бүрдсэн ч холбогдох тушаал, шийдвэр гаргалгүй хэвээр авч үлдсэн. Сахилгын ямар ч арга хэмжээ аваагүй өнгөрсөн.

Намайг цэцэрлэгтээ ажиллах сонирхолтой байхад цэцэрлэгийн эрхлэгч хувийн компанид уурын зуухны галчаар ажлуулах санал амаар тавьсан. Би энэ байгууллагад олон жил ажилласан тул цэцэрлэгтээ ямар ч хамаагүй ажил хийх сонирхолтой байна гэж эрхлэгчдээ хэлсэн. Миний саналыг хүлээж аваагүй.

6 галчаас хамгийн удаан жил тогтвор суурьшилтай ажилласан хүнээ халж, хамгийн сүүлд ажилд ороод удаагүй байгаа 4-5 сар ажилласан Д.У цэцэрлэгтээ өөр ажлын байранд авч үлдэж байгаа нь байгууллагын эрхлэгчийн хувьд ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзэж байгаа юм.

Ажлаас халах тухай тушаалыг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай гаргаж анх намайг ажлаас халсан. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан заалтыг бариагүй, ажлаас халагдсан ажилтанд халагдсан тэтгэмж олгох тухай заалтыг ноцтой зөрчиж тушаалдаа тусгаагүй.

Эрхлэгч О.Г нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ... галчийн албан тушаал татан буугдсан байгаа гэж мэдэгдэл өгсөн. Харин намайг ажлаас хална, дараагийн ажлаа хайгаарай гэж хэлээгүй, гарын үсэг зуруулаагүй тул гомдолтой байдаг.

Одоо болтол тэтгэмж өгөөгүй байгаа.

2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр халагдсан тушаалаа авсан. Гэтэл дахин 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр дахин тушаал өгсөн.

Энэ хоёр тушаалын ажлаас халсан заалтууд нь зөрчилтэй хоёулаа хуулийн хүрээнд үйлчилж байгаа тул аль тушаалыг нь үндэслэж холбогдох байгууллагад хандахаа мэдэхгүй байна.

Би ажиллаж байх хугацаандаа ажлын байрандаа зөрчил гаргаж байгаагүй. 2018 онд боловсролын үйлчилгээний шилдэг ажилтан болж байлаа.

Цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлсөн хоёр тушаалыг хүчингүй болгож, галчийн ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны 1 773 163 төгрөгийн цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. (хх-ийн 1-3 тал)

 

Хариуцагч Өмнөдэлгэр сумын цэцэрлэгийн эрхлэгч О.Г шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбартаа: Би 2009 оноос Өмнөдэлгэр сумын цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байна.

2019 оны 10 сараас манай сум нэгдсэн халаалттай уурын зуухтай болж бүх байгууллага аж ахуй нэгж төвлөрсөн халаалтанд холбогдсон тул цэцэрлэгийн нам даралтын уурын зуух ажиллахгүй болж галч нарын орон тоо 2020 оны 01 дүгээр сараас хасагдсан тул хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон тухай 6 галчид 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр албан тоотоор мэдэгдсэн юм.

 

Төсвийн шууд захирагчийн хувьд би Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан 2019 онд 35 орон тоотой, 2020 онд 36 орон тоотой байхаар тогтоосон. Нийт ажилчдын орон тоо өссөн харагдаж байгаа ч үйлчлэх ажилтан, гэрээт ажилтны орон тоо нэмэгдээгүй, гүйцэтгэх ажилтын орон тоо нэмэгдсэн.

2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тушаал гаргаж, галч нарын хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж, ажлаас чөлөөлсөн юм. Эхний тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 буюу тэтгэмжийн заалтыг орхигдуулсан тул тушаалаа засаж дахиж өгсөн.

Халаалтын нэгдсэн сүлжээнд холбогдсон тул манаачийн орон тоо нэмэх, мэргэжлийн сантехникч ажиллуулах шаардлагатай болж, ажлаас чөлөөлөгдсөн П.Эг, Б.Б, Д.Г нарыг манаачаар, О.Н сантехникчээр томилсон.

Манай цэцэрлэгт одоо 5 манаач ажиллуулах боломжгүй тул дээрх шийдвэрийг гаргаж, Н.М ажлаас чөлөөлсөн.

Н.М нь хэдийгээр улирлын чанартай галчийн ажлыг 2000 оноос хойш олон жил хийсэн ч амжилт гаргаж шагнуулж байгаагүй.

... Н.М нь ажилд хойрго ханддаг, идэвхгүй, алдаа дутагдал гаргаж байсан ч би зөөлөн хандаж байсан. Мөн түүний хувьд бүрэн бус дунд боловсролтой, сантехникчийн үнэмлэхтэй боловч Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгсөөгүй, хэд хоногийн курсэд хамрагдах байдлаар үнэмлэхтэй болсон, сантехникчээр ажиллаж байгаагүй ...

Манай цэцэрлэгийн хувьд өнөөдөр 33 ажилтны орон тоотой үйл ажиллагаа явуулж байгаа. 2019 онд манай цэцэрлэгт 1 эмч, 2020 онд цахилгаанчин, биеийн тамирын багшийн орон тоо нэмэгдсэн.

Н.М тэтгэмж нь цалингийн сангаас гардаггүй өөр зардлаас гардаг учраас олгогдоогүй байна.

 

Иймээс хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд Н.М нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. (хх-ийн 73 тал)

 

Гэрч Б.Б шүүх хуралдаанд өгсөн ... Н.М нь улирлын чанартай ажил хийдэг учраас зуны цагт жижүүр, өвлийн цагт галчаар ажилладаг байсан... Галч нарыг жижүүр манаачаар ажилуулахдаа цэцэрлэгийн эрхлэгчийн тушаал гарч байгаагүй. Амаар ярьж тохироод ажилладаг байсан гэсэн мэдүүлэг.

 

Гэрч В.У шүүх хуралдаанд өгсөн ... Н.М нь тус цэцэрлэгт 20 дахь жилдээ ажиллаж байна. Галчаар ажиллаж байхдаа жижүүр хийж байсан ... Боловсролын үйлчилгээний шилдэг ажилтан болж байсан ... гэрээт ажилтан гэдэг нь улирлын чанартай ажил хийдэг хүмүүсийг хэлж байгаа юм... гэсэн мэдүүлэг.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.М нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын цэцэрлэгт холбогдуулж ажилдаа (галч, жижүүр) эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаааны дундаж цалин 1 773 163 төгрөгийн цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Ажил олгогч тал нь манай сум нэгдсэн халаалтын уурын зуухтай болж цэцэрлэгийн нам даралтын зуух ажиллахгүй тул 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс галчийн орон тоо татан буугдсан тул Н.М ажлаас чөлөөлсөн юм.

Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Ажилтан Н.М нь 2000 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай ажил олгогч байгууллагын тушаалаар Өмнөдэлгэр сумын цэцэрлэгт галчаар томилогдон 19 жил тасралтгүй ажиллаж, ажил олгогчийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай, хоёр тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, хэрэгт авагдсан тушаалын хуулбаруудаар тогтоогдож байна. (хх-ийн 1-2, 9, 13 тал)

Ажилтан Н.М нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ... ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана ... гэсний дагуу 30 хоногийн дотор гомдлоо 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан болох нь тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 443 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжаас харагдаж байна. (хх-ийн 10-11 тал)

Ажил олгогч нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг баримтлан ... тус байгууллагын уурын зуухны албан тушаал татан буугдсан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар хоёр тушаал гаргаж халжээ. (хх-ийн 7, 9 тал)

Ажил олгогчийн ажилтанг ажлаас чөлөөлсөн тушаалын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т: аж ахуй нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж болно.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас ажил олгогч нь тус байгууллагын уурын зуухны галчийн албан тушаал татан буугдсан гэж тайлбарласан боловч шүүх хуралдааны явцад тухайн байгууллага татан буугдсан шийдвэр гараагүй, ажилтанг ажлаас халсан үндэслэл шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх баримтуудаар тогтоогдохгүй байна. Үүнд:

1. Тухайн байгууллагын галчийн орон тоо хасагдсан талаарх шийдвэр хэрэгт байхгүй.

2. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Хэнтий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас ирүүлсэн ажил олгогч байгууллагын 2018, 2019, 2020 оны бүтэц орон тоог тус аймгийн Иргэдийн хурлаар батлуулж ажилласан байв. (хх-ийн 59-62 тал)

2018 онд 34 ажилтны, 2019 онд 35 ажилтны, 2020 онд 36 ажилтны орон тоотой ажилласан байв.

Үүнээс: 2018 онд үйлчлэх ажилтан 16,

2019 онд үйлчлэх ажилтан 12, гэрээт ажилтан 4, нийт 16 хүний орон тоотой ажилласан.

2020 онд үйлчлэх ажилтан 12, гэрээт ажилтан 4, нийт 16 хүний орон тоо батлагдсан.

Ажил олгогч байгууллагын орон тоо хасагдсан, цөөрүүлсэн, татан буугдсан үндэслэл харагдсангүй.

3. Ажил олгогч нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тушаал гаргаж галчаар ажиллаж байсан Н.М, Д.У, Б.Б, П.Э, О.Н, Д.Г нарыг ажлаас чөлөөлжээ. (хх-ийн 90-95 тал)

Гэвч ажил олгогч нь тухайн өдрөө Д.Г, Б.Б, П.Э, Д.У нарыг манаачаар, О.Н сантехникчээр тус тус ажиллуулахаар тушаал гаргаж, Н.М ажилд нь эгүүлэн томилоогүй болно. (хх-ийн 98-102 тал)

Энэ үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан: Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно ... гэсэн заалтыг зөрчиж ажилтны хөдөлмөрлөх эрхэд халдсан байна гэж шүүх дүгнэв.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т зааснаар ажил олгогч болон ажилтан нь харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэх үйл баримт нотлогдсонгүй.

5. Ажилтан Н.М нь тус цэцэрлэгт 2000 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл улирлын чанартай ажил буюу галчаар тогтмол ажиллагаагүй, галлагаа зогссон үед манаач, жижүүрээр ажиллаж байсан болох нь гэрч Б.Б шүүх хуралдаанд өгсөн ... М надтай хамт ажиллаж байх үедээ зуны цагт жижүүр, өвлийн цагт галчаар ажилладаг байсан гэсэн мэдүүлэг, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хх-ийн 8 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

6. Ажил олгогч нь ажилтанг ажлаас чөлөөлөх шийдвэртээ Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.3 дахь заалтыг баримтлаагүй хууль зөрчсөн байна.

7. Ажилтанг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.3 заалтуудыг зөрчиж тэтгэмж олгоогүй эрхийг зөрчсөн байв.

8. Ажил олгогч нь ажилтанг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т зааснаар ажлаас халах тухайгаа 30 хоногийн өмнө мэдэгдэж, дараагийн ажлаа хайх талаар тайлбарлаж гарын үсэг зуруулаагүй хууль зөрчсөн байна гэж үзэв.

Ажил олгогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т: шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-д заасныг зөрчсөн байна гэж үзэж ажилтан Н.М урьд нь ажиллаж байсан галч (манаач)-ийн ажилд эгүүлэн тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн 2020 оны 01 дугаар сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай, хоёр тушаалыг хүчингүй болгохоор тогтов.

Ажилгүй байсан хугацааны дундаж цалингийн тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаартай тушаалыг үндэслэн Н.Мөнхзулын 0757361 дугаартай, нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийн сүүлийн 3 сар буюу 2019 оны 9, 10, 11 дүгээр саруудын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дундаж цалин хөлсийг 1 хоногт ногдох 23387 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны буюу 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл нийт ажлын 76 хоногоор тооцож 1 777 412 төгрөгийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин гарсан боловч нэхэмжлэгч талын ажил олгогчоос нэхэмжилсэн 1 773 163 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв. (хх-ийн 3 тал)

 

Нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т: заасныг баримтлан ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутамд шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.М нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын цэцэрлэгт даалгав.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу хариуцагчаас 14 582 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч тал нь гэрчээр Э шүүх хуралдаанд оруулахаас татгалзсан хүсэлтийг шүүхэд ирүүлсэн болно. (хх-ийн 127 тал)

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай, Н.М ажлаас чөлөөлөх тухай хоёр тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан галч (манаач)-ийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын цэцэрлэгээс 1 773 163 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.М олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Н.М эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, бичилт хийхийг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын цэцэрлэгт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 582 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгож, хариуцагчаас 14 582 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ЦЭРЭНДУЛАМ