Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
Хэргийн индекс | 130/2018/00688/И |
Дугаар | 212/МА2019/00018 |
Огноо | 2019-04-04 |
Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 212/МА2019/00018
И.Е-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 130/ШШ2019/00062 дугаар шийдвэртэй, И.Е-ийн нэхэмжлэлтэй, Х.Н-нд холбогдох иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгч И.Е, хариуцагч Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч Т.Бахыт, орчуулагч А.Еркегүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлс 1.800.000.00 төгрөг гаргуулах” тухай.
Нэхэмжлэлд: “Миний бие И.Е сантехникийн ажил үйлчилгээг хоёр хүүхдийн хамт хийж гүйцэтгэдэг. Би 2013 оны 10 дугаар сард “Д” ХХК-ийн захирал болох иргэн Б.Н-тай харилцан тохиролцож Б сумын халуун усны сантехникийн ажлыг хийж гүйцэтгэхээр амаар тохиролцож, уг ажлыг миний бие хоёр хүүхдийн хамт хийж гүйцэтгэсэн. Урьд нь Б.Н-тай байнга хамтран ажиллаж байсан ба түүний бариулсан гэх Өлгий сумын 3 дугаар багт байрлах шинэ захын хажуу дахь халуун усны сантехникийн ажлыг хийж гүйцэтгэж мөнгийг нь тухайн үед авч байсан. Үүний дараа Б сумын халуун усны сантехникийн ажлыг хийж гүйцэтгэхээр болж бид 2,000,000 төгрөгөөр ажлыг үнэлэн тохиролцсон. Би түүнд итгэж ажлыг ямар нэгэн гэрээ хэлэлцээргүй, урьдчилгаа хөлс авахгүйгээр эхлүүлэн хийж гүйцэтгэсэн. Манай талын зүгээс бүх ажлыг хийж гүйцэтгэсэн. Тэрээр ажлаа хийж гүйцэтгэсний дараа төлбөрөө дараа нь өгнө гэсэн. Би түүнд итгэж дараа авна гэж бодож тухайн үед мөнгөө асуухгүйгээр хүлээцтэй хандаж ирсэн. Мөнгө асуух үед өгнө гэсээр байгаад миний бие Казакстан улсад явахаар болж мөнгөний шаардлага гарч түүнээс мөнгөө асуухад тэрээр 2015 оны зун 200,000 төгрөгийг надад өгсөн. Дараа нь өгнө хүлээж бай гэсээр байгаад өгөхгүй болохоор нь би 2015 оны 11 дүгээр сард шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан. Эвлэрүүлэн зуучлагчаас 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр уригдагч тал болох Б.Н-ыг эвлэрүүлэх ажиллагаанд удаа дараа дуудсан боловч хүрэлцэн ирээгүй гэх үндэслэлээр дуусгавар болгосон шийдвэр гаргаж байсан. Миний бие одоо хүртэл дээрх мөнгөө авч чадахгүй байгаа учраас шүүхэд хандаж байгаа. Иймд иргэн Б.Н-аас 1,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн тайлбарт: “Би сантехникч И.Е-тай 2013 онд аман гэрээ хийж, Өлгий сумын 10 дугаар баг болон Б суманд 6 хүний халуун усыг нийтэд нь 2 сая төгрөгийн хөлсөөр хийлгэхээр тохирч, уг мөнгийг бүрэн төлж барагдуулсан. Намайг 2015 оны 11 дүгээр сарын үед аймгийн шүүхээс дуудсан нь үнэн бөгөөд би тухайн үед Улаанбаатар хотод хувийн ажлаар явж байсан тул хүрэлцэн ирж чадаагүй, ямар учраас намайг шүүх дуудсаныг би тухайн үед мэдээгүй байсан. Харин И.Е нь "... би Казахстан руу явах болж байна, мөнгөний боломж байвал 200,000 төгрөг өгөөч" гэсний дагуу би түүнд гуйсан мөнгийг нь өгсөн. Орон нутгийн хөрөнгө оруулалтын сангийн мөнгөөр баригдсан халуун усны төсөвт сантехникийн ажлын хөлсийг тодорхой тусгаж өгсөн байгаа тул би уг төсөвт тусгасны дагуу цалин хөлсийг нь олгосон. Тухайн үед би ажлын хөлсийг бүрэн төлж барагдуулсан байсан, одоо олон жилийн дараа ямар мөнгө надаас нэхэж байгааг нь ойлгохгүй гайхаж байна. Барилгын төсвийн цалин хөлсний товчоог нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөх болно. Мөн Б суманд баригдсан халуун усны халаалтын шугамаас доголдол гарсан тул сумын Засаг даргын Тамгын газраас дуудсан тул бид дахин очиж, засвар, өөрчлөлт хийж, илүү зардал гаргасан. Иймд И.Е-ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 130/ШШ2019/00062 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Н-аас 1,800,000 /нэг сая найман зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Е-нд олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагч Б.Н, түүний өмгөөлөгч Т.Бахыт нарын давж заалдах гомдолд: “Хариуцагч Б.Н би иргэн И.Е-тай амаар тохироод Өлгий сумын 13 дугаар баг болон Б суманд баригдсан 6 хүний халуун усны доторх сантехникийн ажлыг 2 сая төгрөгөөр тохирч хийлгэсэн ба хөлсийг нь тухайн үед бүрэн төлж барагдуулсан. Уг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хариуцагч Б.Н нь Б суманд 6 хүний халуун усыг нийтэд нь 2,000,000 төгрөгийн хөлсөөр хийлгэхээр тохирч, уг мөнгийг бүрэн төлж барагдуулсан" гэж тайлбарлаж байгаа боловч Б.Н нь нэхэмжлэгч И.Е-д хэзээ ямар байдлаар яаж мөнгө өгснөө нотолж чадаагүй учир нэхэмжлэгч И.Е-д ажлын хөлсийг өгсөн байна гэж үзэх боломжгүй байна.” гэж миний хэлсэн үгийг огт үндэслэлгүй гуйвуулж бичсэн байна. Би 2 халуун усны халаалтын ажлын хөлсөнд 2 сая төгрөг өгсөн гэж хэлсэн ба харин И.Е нь шүүгч болон хариуцагч миний өмгөөлөгч Т.Бахытын "...та яг ажлын хөлсөнд хэдэн төгрөгийг авсан юм бэ" гэсэн асуултад "...би 2,0 сая төгрөгийг авсан" гэж хариулсан. Шүүх хариуцагчаас 1,800,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхдээ зөвхөн хариуцагч Е-ны амаар гаргасан тайлбарыг үндэслэл болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Е-ны Б сумын халуун усны барилгын сантехникийн ажлыг 2,0 сая төгрөгөөр тохиролцсон гэх тайлбарыг шууд болон шууд бус байдлаар нотлох ямар нэгэн хөндлөнгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй. Харин гэрч гэх Е.Б нь нэхэмжлэгч И.Е-ны төрсөн хүүхэд бөгөөд түүний мэдүүлэг ач холбогдолтой биш. Мөн гэрч Ө, Х, А, К нар нь зөвхөн 2 халуун усны барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн талаар шүүхэд мэдүүлсэн болохоос хэдэн төгрөгөөр тохирч ажил гүйцэтгэсэн талаар мэдүүлээгүй. Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг үл хайхран зөвхөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй байна гэж үзээд бид гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй тул уг шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч И.Е нь хариуцагч Б.Н-д холбогдуулж гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлс 1.800.000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “Б сумын халуун усны барилгын сантехникийн ажлыг хийж гүйцэтгэхэд ажлын хөлсийг 2.000.000.00 төгрөгөөр тохиролцсон. Өмнө нь Өлгий сумын 13 дугаар багт байрлах халуун усны барилгын сантехникийн ажлыг хийж гүйцэтгэж, хөлсийг нь тухайн үед бүрэн авсан учраас би түүнд итгэж, ажлыг ямар нэгэн бичгээр байгуулсан гэрээгүйгээр, урьдчилгаа хөлс авахгүйгээр эхлүүлэн, хийж дуусгасан. Манай талын зүгээс бүх ажлыг хийж гүйцэтгэсэн тул ажлын хөлс 1.800.000.00 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарлажээ. Хариуцагч Б.Н нь “Би нэхэмжлэгчтэй 2013 онд аман гэрээ хийж, Өлгий сумын 13 дугаар баг болон Б суманд байрлах 6 хүний халуун усны барилгын сантехникийн ажлыг нийтэд нь 2.000.000.00 төгрөгийн хөлс төлж гүйцэтгэхээр харилцан тохирч, уг мөнгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ буюу талуудын хооронд үүссэн “Б сумын халуун усны барилгын сантехникийн ажлыг дангаар нь 2.000.000.00 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон” гэх маргаантай үйл баримтыг тогтоолгохоор 2014 онд Өлгий сумын 13 дугаар багт байрлах халуун усны барилга, Б суманд баригдсан халуун усны барилгын ажил нь улс, орон нутгийн төсвөөс тендер сонгон шалгаруулалтаар баригдсан учраас аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс уг хоёр барилгын тендерийн баримт, төсөвт өртөгтэй холбоотой хэсгийг шүүхийн журмаар хэрэгт хавсаргуулах” тухай хүсэлт[1] гаргасныг шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 130/ШЗ2019/00067 дугаар шүүгчийн захирамжаар[2] хүсэлтийн агуулга, зорилго, үндэслэлийг нягтлан тодруулалгүйгээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ.
Учир нь зохигчийн тайлбараас дүгнэвэл, талуудын хооронд амаар хэлцэл хийгдсэн талаар маргаагүй, харин (1) Өлгий сумын 13 дугаар багт байрлах халуун усны барилга, Б суманд баригдсан халуун усны барилгын сантехникийн ажлыг талууд нийтэд нь 2.000.000.00 төгрөгөөр тохирсон, эсхүл (2) дээрх барилга тус бүрийн сантехникийн ажлын хөлсийг тус тусдаа тохиролцож байсан эсэх нь маргааны зүйл болжээ. Уг үйл баримтын талаар талууд зөрүүтэй тайлбарласан бөгөөд хэрэгт ач холбогдолтой үйл баримтын талаар хангалттай тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх зохигчийн тайлбарыг үнэлэн хэргийг хянан шийдвэрлэж, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан журмаар үнэлээгүй байна.
Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар Иргэний хуулийн 76, 79 дүгээр зүйлийг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаж хэрэглээгүй, хангалттай дүгнээгүйгээс гадна энэ талаарх Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгт байгаа баримтыг үндэслэж хэрэглээгүй орхигдуулсан нь хууль хэрэглээний алдаа болжээ.
Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх эрхийг хангаагүй, нотлох баримт үнэлэх талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй” гэх хэсгийг нь хүлээн авах нь зүйтэй байна. Харин маргааны үйл баримттай холбоотой давж заалдах гомдолд урьдчилан дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.750.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, буцаан олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 130/ШШ2019/00062 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.750.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧИД Д.МӨНХӨӨ
С.ӨМИРБЕК
[1] Хэргийн 44 дүгээр тал.
[2] Хэргийн 45-46 дугаар тал.